Categories
мэдээ нийгэм

Далайд гарцгүй орнууд Улаанбаатарт чуулна

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн алба хамтран “ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: ДГХБО-дад үзүүлэх нөлөөлөл”сэдэвт олон улсын хурлыг 2014 оны 6 дугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна.
ДГХБО-дын бүлгийн 32 улс, хандивлагч болон дамжин өнгөрөх улсуудын төлөөлөл оролцох энэхүү хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Г.Ч.Ачариа, Замби Улсын Худалдаа, үйлдвэрийн сайд Роберт Сичинга, Болив Улсын Гадаад худалдааны дэд сайд Уолтер Эндара Вера, ДГХБО-дын бүлгийн дарга, Замби Улсын Элчин сайд Муаба Бота, ДГХБО-дын бүлгийн зохицуулагч НҮБ-ын Женев дэх төвд суугаа Элчин сайд Хуан Мартинез нар оролцохоо мэдэгдээд байна.
Мөн хуралд Дэлхийн Гаалийн Байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, Олон улсын худалдааны төв зэрэг олон улсын  10 шахам байгууллага, зарим орны худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөл, манай улсаас худалдааг хөнгөвчлөх  чиглэлээр ажилладаг төр, засгийн газрын байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцоно.
Улаанбаатар хотноо байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Олон улсын судалгааны төв “Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: ДГХБО-дад үзүүлэх нөлөөлөл”  зэрэг судалгааны дүнг далайд гарцгүй орнуудад танилцуулах,  ирэх оны 11 дүгээр сард болох НҮБ-ын ДГХБО-дын II Бага хуралд бэлтгэх,  2015 оноос хойшхи хөгжлийн зорилтод ДГХБО-дын хөгжлийн сорилтуудыг тусгахад ач холбогдолтой арга хэмжээ болно гэж  мэргэжилтнүүд үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын сэтгүүлчдийн эвлэл мэдэгдэл гаргав

Уг мэдэгдэлд “Манай салбарын нэр хүндтэй холбоотой асуудал сүүлийн үед нэлээд яригдаж буйтай холбогдуулан Монголын Сэтгүүлчдийн Эвлэл мэдэгдэл хийх нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-аар эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх явцад “Хаалтын гэрээ”-ний тухай асуудал хүчтэй яригдаж, Монголын сэтгүүлзүй бүхэлдээ ийм асуудалд ороолдсон мэт ойлголтыг нийгэмд төрүүлснийг буруушааж байна. МСЭ сэтгүүлчдийн ёсзүйн асуудалтай холбоотой аливаа мэдээллийг нээлттэй хүлээн авч шийдвэрлэнэ гэдгээ албан ёсоор зарлаад хоёр жил гаруй болоход “Хаалтын” гэж  томъёолсон гэрээтэй холбоотой гомдол санал нэг ч удаа ирээгүй болно. МСЭ, эсвэл хууль хяналтын байгууллагад хандаагүй атлаа ийм яриа цуу нийгэмд цацах нь  сэтгүүлзүйн салбарыг бүхэлд нь харлуулж нэр хүндийг нь унагах, үнэн үгийг үнэгүйдүүлэх, саармагжуулах зорилготой үйлдэл, эсвэл хэн нэгэн өөрийгөө баатар болгож харуулах гэсэн тоглолт гэж үзэж байна.
Монголын хэвлэл мэдээллийн зах зээл нь ашиг багатай, эрсдэл ихтэй эмзэг салбар бөгөөд улс орон нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэн сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд энэ салбарын ачааны хүндийг хувийн хэвшлийнхэн үүрсээр ирсэн бөгөөд төрөөс тэднийг цогц бодлогоор дэмжиж чадахгүй байлаа гэхэд жам ёсны хөгжилд нь чөдөр тушаа болсон шийдвэр шийдлээр саад тээг тавихгүй байх нь чухлыг мөн сануулж байна.
Монголын сэтгүүлзүй бол сүүлийн хорин жилд хамгийн хурдтай хөгжсөн, эрчтэй тэлсэн салбарын нэг яалтгүй мөн. Ийм хөгжил хөдөлгөөнийг дагасан  гэрэл сүүдрийн аль аль нь манайд бий. Тэгээд ч салбарын онцлогоос болоод сэтгүүлзүйн алдаа оноо нь нийгэмд үргэлж ил тод, нээлттэй байдаг. Энэ нээлттэй байдал нь хэн дуртай нь сэтгүүл зүй рүү нулимах шалтаг болох ёсгүй.
Манай салбарын онцлог нь нэг хэсэг асуудлыг хуулиар зохицуулдаг, нэг хэсэг асуудлыг ёсзүйгээр зохицуулдагт оршдог. Бид өөрсдийн алдаа оноог сайтар мэдэж байгаа бөгөөд сэтгүүлчдийн ёсзүйн асуудлыг шийдвэрлэх өөрийн зохицуулалтын оновчтой арга механизмыг сүүлийн үед идэвхтэй эрэлхийлж, зөв сайн эхлэлүүд нэгэнт тавигдаж байгааг тэмдэглэхийг хүсч байна.
Манай салбартай холбоотой аливаа асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэр гаргахдаа МСЭ болон сэтгүүлзүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хөрөнгө оруулагчид, менежерүүд, ажилтан ажиллагсдын байр суурь, санал бодлыг ямагт харгалзан үзэж, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.
Бурууг бусад руу чихэхийн золиос нь Монголын сэтгүүлчид, сэтгүүлзүй болох ёсгүй бөгөөд ийм хандлагын эсрэг тууштай тэмцэж, мэргэжлийн болоод салбарын нэр хүндээ хамгаалах нь нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхэм үүрэг болоод байгааг сануулж, эв нэгдэлд уриалан дуудаж байна” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Орос Хятадад хий нийлүүлэх гэрээ байгууллаа

Оросын “Газпром”, Хятадын CNPC компанид хий нийлүүлэхээр болж энэ тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр улсын төрийн тэргүүнүүд уг гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон тухай Интерфакс уламжилсан байна. Оросын “Газпром” 30 жилийн хугацаанд 30 тэрбум куб метр хийг Хятадын CNPC-д хий нийлүүлэхээр боллоо. 

Уг гэрээ нь 400 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд “Газпром” компанийн түүхэн дэх хамгийн том гэрээ хэмээн тус компанийн тэргүүн А.Миллер мэдэгджээ.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн чуулганд үг хэллээ

-Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үгийг б¿рэн эõýýð íü õ¿ðãýæ áàéíà-

(Шанхай, 2014.5.21)
– Хуралдааныг даргалагч, БНХАУ-ын дарга, Эрхэмсэг ноён Си Зиньпин,
– Эрхэм хүндэт төлөөлөгчид,
– Хатагтай, ноёд оо!
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын (АХАИББХ) даргын хүндтэй албыг залгуулан авч, гишүүн орнуудын Дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж буй БНХАУ-ын дарга, Эрхэмсэг ноён Си Зиньпин Танд гүн талархал илэрхийлье!
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын олон улсын нэр хүнд өсч, үйл ажиллагааны цар хүрээ өргөжихийн хэрээр хамрагдах орны тоо нэмэгдэж байна.
Үүний зэрэгцээ Ази тивийн энх тайван, тогтвортой бөгөөд аюулгүй байдлыг хангах бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, итгэлцлийг бэхжүүлэхэд тус бага хурал чухал үүрэг гүйцэтгэн төлөвшиж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын “Залуучуудын зөвлөл”, “Ажил хэргийн зөвлөл байгуулагдлаа.
Мөн тус бага хурлын Нарийн бичгийн дарга нарын газар НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага хийгээд Казахстаны ард түмний Ассамблей зэрэг нэр хүндтэй олон улсын байгууллагтай харилцан ойлголцлын Санамж бичгүүд байгуулсанд баяртай байна.
Энэ дашрамд, шинээр гишүүн болж байгаа Катар, Бангладеш улсуудад баяр хүргэе.
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал нь Ази тивд итгэлцэл, аюулгүй байдал, байгаль хамгаалал, терроризм зэрэг дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг ярилцаж шийдвэрлэх үндсэн механизм болох өөдрөг ирээдүй байгаа гэж бид үзэж байна.
Эрхэм хурлын дарга аа,
Азийн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүс нутгийн интеграцид оновчтой оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт юм.
Ази тивийн, цаашлаад дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөө Монгол Улс хүчин чармайлт гаргаж ирсэн.

Цөмийн зэвсэгтэй хоёр гүрэнтэй хил залган оршдог Монгол Улс 20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарлаж, энэ статусаа механизм болгохоор шаргуу ажиллаж байна.
2012 оны есдүгээр сард цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү статусыг хүндэтгэх, түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ тунхагласан.
Энэ нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг байгуулахад манай улс  өөрийн хувь нэмрээ оруулах боломжтойг нотлон харуулсан явдал юм.
Миний бие Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлсэн.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь тус бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой хөгжил бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулахад чиглэх бөгөөд талуудыг яриа хэлэлцээнд оролцуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Мөн бүс нутгийн эдийн засгийн интеграци, хүрээлэн буй орчин хамгаалал, уламжлалт бус заналхийлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлыг нэн тэргүүнд эрдэм шинжилгээний аргаар таниулан, хамтран ажиллахад чиглэх юм.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд эрдэмтэн, судлаачдын анхны хуралдааныг энэ оны зургаадугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд олон эрдэмтэн судлаачид оролцохоо илэрхийлээд байна.
Манай улс далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын нэгэн адил олон улсын худалдаа, тээвэртэй холбоотой хүндрэлүүдийг багасгах асуудалд анхаарал тавьж ирсэн.
Тухайлбал, Далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай манай улсын саналыг Азийн далайд гарцгүй олон улс дэмжиж, Засгийн газар хоорондын олон талт Хэлэлцээрт нэгдсэнд талархал илэрхийлж байна.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын орнуудын асуудал эрхэлсэн алба хамтран “Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын өндөр түвшний хурлыг энэ оны 6 дугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Эрхэм хурлын дарга аа,
Монгол Улс Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнууд, түүний дотор манай хөршүүд болох БНХАУ, ОХУ-тай дэд бүтэц, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай, бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн
Манай улсын эдийн засгийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт Ази, Номхон далайн бүс нутгийн бүхий л орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэж буйг тэмдэглэхийг хүсч байна.
Монгол Улс “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт”-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” төслийн хүрээнд “Монгол Улсын хөгжлийн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
Энэхүү уулзалт нь Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтанд нээлттэй  орон гэдгийг бататгасан бөгөөд 2016 оны “Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах саналыг тавиад байгааг энэ дашрамд та бүхэнд сонордуулъя.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг өргөжүүлэх, улмаар бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, байгаль орчин, соёл зэрэг олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган ажилласан Турк Улсад талархал илэрхийлье.
Ингээд, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг даргалах хүндтэй үүргийг хүлээн авч буй БНХАУ-д дахин баяр хүргэж амжилт хүсье.
Монгол Улс, Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулж буй тус бага хурлын гишүүн, ажиглагч орнуудтай цаашид ч улам бүр идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг дахин илэрхийлье.
Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Согтуу хүнээс болж зарим дүүрэг цахилгааны хязгаарлалтад оров


Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Гурвалжингийн гүүрний ойролцоо байрлах “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харьяа 110 кВ-ын агаарын шугамын тулгуурт согтуу хүн авирсантай холбогдуулан Баруун, Умард, Сэлбэ 110 кВ-ын дэд станцуудын хүчдэлийг бүрэн салгав.
Эдгээр станцаас цахилгаан хангамжийн үүсвэртэй 1, 10, 3, 4-р хороолол, Хайлааст, Яргайт, Чингэлтэй, Долоон буудал, Дэнжийн мянга, Дамбадаржаа орчмын бүх хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдаад байсан юм.
Цахилгааны шугаманд авирсан хүнийг буулгаж аврахаар Онцгой байдлын аврах алба, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн ажилтнууд, Яаралтай түргэн тусламжийн төвийнхөн газар дээр нь ажиллаж, шугам дээр гарсан хүнийг буулгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Гавьяат жүжигчин Т.Цэвээнжавт зориулж хөшөө босгоно

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав буюу “Сэрэлт” киноны Бумаад зориулан хөшөө босгохоор болжээ. Энэ талаар өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын дэд захирал, төрийн соёрхолт жүжигчин Н.Сувд, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Тунгалаг нар хэвлэлийн хурал хийж, мэдээлэв. Цэвээнжав гуай 1944 онд Улсын драмын эрдмийн  театраас  уран бүтээлийн гараагаа эхэлж байжээ. Тэрээр Монголын кино урлагт өөрийн байр суурийг эзэлсэн, олон арван кинонд гол болон туслах дүрийг гайхалтай бүтээсэн хүн юм. Түүнийг “Сэрэлт”, “Хүргэн хүү”, “Энэ хүүхнүүд үү” кинонд бүтээсэн дүрээр нь хүмүүс анддаггүй.
Т.Цэвээнжав 1916 онд Дорнод аймгийн Матад суманд мэндэлсэн бөгөөд энэ жил түүний төрж өссөн Матад сумын 90 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд нутгаасаа төрөн гарсан алдартны хөшөөг босгохоор болсон байна. Түмэн олондоо хайрлагдсан олон дүр бүтээсэн түүний хөшөө босгоход зориулж Голомт банкинд  2020001478 тоот хандивын данс нээжээ.

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

Өмгөөлөгчид үнэгүй зөвлөгөө өгнө

Энэ сарын 25-нд Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүссэн өдөр тохиож байгаа. Эл өдрийг угтан Өмгөөлөгчдийн холбооноос “Өмгөөлөгч-иргэн таны төлөө” өдөрлөгийг хийхээр болжээ. Өдөрлөг баасан гаригт Тусгаар тогтнолын талбай буюу Ялалтын талбайд болох бөгөөд  иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, эрх зүйн туслалцаа үзүүлэх аж. Мөн энэ өдөр бүх дүүргийн Иргэний танхимд мэргэжлийн өмгөөлөгчдөөс сонирхсон асуудлаараа хууль зүйн зөвлөгөө авах боломжтой.

Э.НОМИН

Categories
мэдээ улс-төр

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүргийг Д.Ганхуяг сайдад хариуцуулжээ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны тавдугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын тухай хуулийн 21.4, 23.1.5, 30.1-д заасныг тус тус үндэслэн 63 дугаар захирамж гарган, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын үүргийг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягт хариуцуулжээ. 

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар бол миний гэр” гэдэг сэтгэлээр хандахыг уриалав

Тэрээр иргэдийн асуусан асуултад хариулахдаа “2013 оны 2 дугаар сард Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг УИХ-аар баталсны дагуу НИТХ-ын шийдвэрээр төлөвлөлт хийгдсэн 52 байршилд 2013 оны 5 сарын 30-наас эхлэн газар өмчлөхөөр болсон. Өнөөдрийн  байдлаар 1.3 сая иргэдийн 93.000 нь газраа өмчилсөн байна. Үлдсэн иргэддээ чирэгдэл үүсгэхгүйн тулд  захиалгыг цахимаар авч байна. Гэхдээ  шийдвэр гарсан өдрөөс өмнө Улаанбаатар хотын харьяат болсон иргэд хүсэлт гаргах эрхтэй” гэсэн юм.
Бүтээн байгуулалтын хувьд энэ жил 230 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөр дулаан бохирын асуудлыг шийдэх, зам тавих, уулзваруудыг өргөсгөх, “Гудамж” төслийг үргэлжлүүлэх зэрэг ажлуудыг хийнэ. Тухайлбал ойрын үед Богд уулын араар зам тавих, мөн улсын баяр наадмаас өмнө Яармагийн замын сүүлийн хучилтыг тавих зэрэг ажлууд хийгдэж байна.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний зам талбай хийгдээгүй газруудад шинээр зам, гарцуудыг  хийж байна. Гэхдээ зам барилгын ажлыг аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүй байх үүднээс урьдчилан мэдээлэл өгч байна гэлээ.
Нийслэлийн гудамж талбайг цэцэрлэгжүүлэх ажлыг эрчимжүүлж өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их цэцэгжүүлэлт ногоон байгууламж тарихаар төлөвлөсөн байна.
Ногоон байгууламжийг устгаад байшин барилга барьдаг асуудлыг бүрэн зогсоожээ.
Туул голын эрэг дагуу аялал зугаалгын бүс бий болгохоор төлөвлөж байгаа ба энд дугуйн зам, худалдаа үйлчилгээний газруудыг нээхээр төлөвлөсөн байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд нийслэлийн бүхий л хэсгийг дэд бүтцээр бүрэн хангаж дуусгана. Ингэснээр 80-100 мянган орон сууц ашиглалтад орох аж.
Нийтийн тээвэр, авто зогсоолын хувьд ч багагүй шинэчлэлтийг хийж байгаагийн дээр зогсоолын хомсдолыг арилгах зорилгоор газар доорх зогсоол, автомашины давхар зогсоол барихыг дэмжиж байгаа аж.
Ирэх намраас компанийн ашгийг бус иргэдийн тав тухтай зорчих эрхийг эрхэм болгож нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу явах, мөн суудлын тооноос 10- аас илүүгүй хүн тээвэрлэхгүй байх зэрэг заалтуудыг мөрдөхөөр болжээ.
Эцэст нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн иргэн бүрийг хог хаягдалтай тэмцэхийг уриаллаа. Тэрээр нийслэлийн ихэнх хөрөнгө хүч  хог хаягдлыг цэвэрлэхэд зориулдаг. Улсынхаа нийслэлд хоноцын сэтгэлээр хандалгүй миний гэр, миний амьдрах газар гэсэн сэтгэлээр хандаач ээ” гэж уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хятад мотоциклийг Монголд оруулахгүй байхыг хүсчээ

Хятад мотоцикль унаж байгаад осолд орсон хэрэг их гарах болжээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд 88 мотоциклийн осол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 34 хүн амиа алджээ. Тиймээс Замын цагдаагийн газраас ГЕГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хятад мотоциклийг оруулж ирэхгүй байх албан бичиг хүргүүлжээ.
Одоогоор тухайн байгууллагуудаас албан ёсоор хариу өгөөгүй аж. Мотоциклийн осолд судалгаа явуулахад дийлэнх нь хятад мотоциклиос болж осолдсон байжээ. Хятад мотоцикль нь засмал замд зориулагдсан учир хадтай газар битгий хэл жаахан хайрга чулуутай газар явахад дугуй нь хагарах, дундуураа салах тохиолдол их гардаг байна.
Гэтэл хятад мотоциклийг хөдөө орон нутгийн иргэд хамгийн ихээр хэрэглэдэг. Энэ нь ослын тоон мэдээллээс тодорхой харагдаж байна. Он гарсаар мотоциклийн ослоор амиа алдсан 34 иргэний 32 нь хөдөө орон нутгийн иргэд байжээ. Мөн осолд өртсөн иргэдийн дийлэнх нь үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөөгүй байсан аж. Ослыг бууруулах үүднээс Замын цагдаагийн газраас олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь цэргийн алба хааж буй иргэдийг сургалтад хамруулж А ангиллын үнэмлэх олгох юм.

Э.НОМИН