Categories
мэдээ эдийн-засаг

С.Дэмбэрэл “Bank of China”-гийн талаар байр сууриа илэрхийлжээ

БНХАУ-ын томоохон банк болох “Bank of China”-ийн салбар Монгол Улсад нээгдэхэд дэмжиж оролцож байгаа гишүүдийн дунд нэр нь багтсан С.Дэмбэрэл гишүүн хэвлэлд байр сууриа илэрхийлээ.  Тэрээр “Хуулийн дагуу Монголбанкны ерөнхийлөгч гадаадын банкны салбар нээх эсэхийг шийдвэрлэдэг.  Одоогоор Монголд салбараа байгуулах гэсэн аливаа улсын банк алга гэсэн тайлбарыг Монголбанк өгсөн. Гадаадын банкны салбар байгуулагдахдаа Монгол Улсын хуулиар тодорхой шалгууртай. Тодруулбал, дэлхийн 100 банкны нэгт орох, рейтингээрээ олон улсын зэрэглэлтэй байх зэрэг хуулиар тогтоосон шалгууртай. Би болон бүх намын төлөөлөл багтсан гишүүд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ажлын хэсгийн ахлагчаар Д.Зоригт гишүүн ажиллаж байна.  “Bank of China” гэх мэт гадаадын банкны талаархи мэдээлэл ажлын хэсгийн ярилцлагын явцад гарч байсан. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг яаж нэг оронтой тоонд барих, хүүг бууруулахын тулд банкуудын дунд өрсөлдөөн өрнүүлэх боломж байна уу гэдэг талаар ажлын хэсэг ярилцаж байсан. Ажлын хэсэгт бүх намын төлөөллөөс бүрдсэн гишүүд байхад яагаад цөөхөн хэдэн хүний нэр яриад байна вэ гэдэг нь цаанаасаа зорилготой юм болов уу гэж харж байна. Ер нь бол ажлын хэсгийн гишүүд нэгдсэн нэг байр суурьтай байгаа. Тодруулбал, гадаадын банкны салбар нээх нь хуулиараа нээлттэй байгаа ч 2016 оноос хойш ярих асуудал байна гэсэн байр суурьтай байгаа” хэмээн ярьжээ. Тус ажлын хэсгийн зүгээс зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах ямар боломжууд байгааг судалж байгаа гэнэ. Тэд   төр өөрөө зээлийн хүүг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Төрийн өмчит бүх байгууллагууд арилжааны банкуудад байгуулсан дансанд байршуулахын тулд  хүү авч байгаа аж.  Энэ хүүг авахаа боливол арилжааны банкуудын зардал багасах боломжтой юм байна. 

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэт” үйлдвэрийн орлого 19.4 тэрбумаар нэмэгджээ

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн бямба гаригт Орхон аймагт ажиллахдаа уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрдэнэт үйлдвэрийнхэн орлогоо 19.4 тэрбумаар нэмэгдүүлсэн таатай мэдээгээр УИХ-ын даргыг угтсан юм.  Монгол-Оросын  хамтарсан “Эрдэнэт vйлдвэр” ХХК нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог  үйлдвэр.  Жилд 26 сая тонн хvдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.  2000 оноос хойш үйлдвэрлэл, эдийн засгийн тогтмол өндөр үзүүлэлттэй, ашигтай ажиллаж байжээ. Харин  сүүлийн жилүүдэд үргэлжилж байгаа дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас болж  өнгөт металлын зах зээлийн үнийн өөрчлөлт орсон нь компанийн ашиг буурахад нөлөөлсөн гэнэ. Тэд энэ талаараа УИХ-ын даргад тайлбарлаж байв. 

Categories
мэдээ соёл-урлаг

“Харанга”-ын Лхагваа наадмын өмнөх өдөр тоглолтоо хийнэ

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Морин хуур, Толин хул” тоглолтоо наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-нд хийхээр болжээ.  Өнгөрсөн жилийн наадмаар тэрээр анх удаа тоглолтоо  зохион байгуулж байсан юм. Түүний энэхүү тоглолтыг жил бүрийн Үндэсний их баяр наадмын үеэр үзэж байх санал хүсэлтийг  үзэгчдээс ирүүлсэн гэнэ. Тоглолт “UB PALACE”-ын концертын их танхимд 18.00 цагаас болох аж. 

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал маргааш эхэлнэ

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Энэ айлчлал Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн хүрээн дэх хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж албаныхан хэлж буй.

Мөн ойрын хугацаанд хоёр талын хооронд хэрэгжүүлэх өндөр, дээд хэмжээний түвшний айлчлал, тухайлбал, БНХАУ-ын дарга Си Зиньпинийн манай улсад хийх төрийн айлчлалын бэлтгэлийг хангах, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр талын харилцааны болон бусад харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл, санал солилцож, нэгдмэл ойлголтод хүрэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж  байгаа юм байна. Айлчлалын үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд, Монгол Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва нарт бараалхах аж.

Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт УИХ ийм асуудал хэлэлцэнэ


НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 23-ны Даваа гарагт:

11.00 цагаас:

• Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

• Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

• Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 23-ны Даваа гарагт:

• Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

• Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;

• Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

• Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;

• “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;

• Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс холбогдох албан тушаалтнуудтай уулзах уулзалт 13.00 цагаас “Г” танхимд;

• “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

• Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;

• Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;

• Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Б” танхимд;

• Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд;

• Шүүгчийн цалин, хөлсийг тогтоохтой холбогдсон хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд;

• “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг шалгах Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас тус компанийн байранд;

• Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд шалгалт хийх Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.30 цагаас 305 тоот өрөөнд.

06 дугаар сарын 24-ний Мягмар гарагт:

• Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

• “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах үндэсний хөтөлбөрийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;

• Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;

• “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалт”-ын талаарх хэлэлцүүлэг 10.00-13.00 цагт “Б” танхимд;

•  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;

• Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;

• Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд.

06 дугаар сарын 25-ны Лхагва гарагт:

• Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “В” танхимд;

• Ноос ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10 цагаас 334 тоот танхимд;

• Улс төрийн нам, түүний санхүүжилтийн тухай болон Сонгуулийн нэгдсэн хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хамтарсан уулзалт 13.00 цагаас “Г” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

06 дугаар сарын 24-ний Мягмар гарагт:

1.Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

• Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

• “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

• “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн хэлэлцэх эсэх/;

• Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, дуудлага худалдааг зарлах хугацааг багасгах тухай, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;

• Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

• Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт, Улсын Их Хурлын 2013 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл сонсох;

• Бусад.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

• Байгаль орчны төлөв байдлын 2013 оны тайлан сонсох.

4.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйнбайнгын хорооны хуралдааны дараа “В” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

•2014 оны эхний хагас жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн болон цаашид хийх ажлын тухай.

5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай, анхны хэлэлцүүлэг/;

• Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны уялдааг хэрхэн хангаж байгаатай танилцсан ажлын хэсгийн танилцуулга.

6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн,соёрхон батлах/;

• Гадаад бодлогын шийдвэр гаргах тогтолцоог боловсронгуй болгох талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох;

• Монгол Улсаас Зүүн хойд азийн орнуудад суугаа Элчин сайд нарын зөвлөгөөний талаар Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох.

06 дугаар сарын 25-ны Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай;

• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Бусад.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

• Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

• Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай, анхны хэлэлцүүлэг/;

• Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

• “ДЦС-2 түшиглэн байгуулсан утаагүй түлшний үйлдвэрийн төсвийн зарцуулалт үр дүн”-д хийсэн аудитын тайлан сонсох.

ДӨРӨВ. ПҮРЭВ, БААСАН ГАРАГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН:

• Байнгын хорооны даргыг сонгох тухай;

• Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;

• Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

• Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

• Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн,соёрхон батлах/;

• “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

• “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

• “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

• Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

• Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

• Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай, анхны хэлэлцүүлэг/;

• Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай, анхны хэлэлцүүлэг/;

• Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гэр бүлийн асуудал хариуцсан агентлаг бий болгох тухай, хэлэлцэх эсэх/;

• Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, тамхи татах цэг байгуулах тухай, хэлэлцэх эсэх/;

• Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай”Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн хэлэлцэх эсэх/;

• Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, дуудлага худалдааг зарлах хугацааг багасгах тухай, хэлэлцэх эсэх/;

• Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс “Монгол мал” хөтөлбөрийг батлах тухай Улсын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад тавьсан асуулга”-ын хариуг сонсох.

Categories
мэдээ спорт

Монголын даамчид Азийн аваргаас 20 алт авлаа

Зуун буудалт даамын Азийн АШТ энэ сарын 10-16-нд Тайландын нийслэл Бангкок хотод боллоо. Азийн аваргад манай улсаас гурван насны ангилалд 124 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож, Монголын даамчид 20 алт, 23 мөнгө, 24 хүрэл, нийт 67 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тасархай тэргүүлжээ. Монголын шилдэг даамчин Д.Эрдэнэбилэг Азийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүлсэн байна. 

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга Монголд ирлээ

Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко  өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенког “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн О.Содбилэг, УИХ-ын гишүүн Д.Арвин, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар болон албаны бусад хүмүүс  угтан авлаа.

Хатагтай Валентина Ивановна Матвиенкогийн Монголд Улсад хийж буй албан ёсны айлчлал маргааш эхэлнэ.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, санамж бичигт гарын үсэг зурахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нар хатагтай В.И.Матвиенкод бараалхана.

 ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенко тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Холбооны Зөвлөлийн орлогч дарга, Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн дарга Умаханов Ильяс Магомед-Саламович, Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны нэгдүгээр орлогч дарга Джабаров Владимир Михайлович нарын  Холбооны Зөвлөлийн 10 гишүүн, албаны бусад хүмүүс багтсан байна.

Валентина Ивановна Матвиенко 1949 онд Украинд төрсөн. 1972 онд Ленинградын Хими, эм зүйн дээд сургууль, 1985 онд ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны Академи, 1991 онд ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломат академийн Удирдах албан тушаалтны мэргэжил дээшлүүлэх сургалтыг тус тус төгсжээ.

 Тэрбээр ажил хөдөлмөрийнхөө гарааг Залуучуудын байгууллагын ажилтнаас эхэлж, Ленинград хотын Петроград дүүргийн Комсомолын хорооны хэлтсийн даргаас хотын Комсомолын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга хүртэлх залуучуудын байгууллагын бүх шатны удирдах албан тушаалд ажиллаж байжээ. Улмаар намын ажилд шилжин 1984-1986 онуудад Ленинград хотын Красногвардейск дүүргийн Намын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1986-1989 онд Ленинград хотын Гүйцэтгэх захиргааны орлогч даргаар ажилласан байна.

 Тэрбээр 1998-2003 онд ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогчоор томилогдож, нийгмийн асуудлыг хариуцан ажиллажээ. Улмаар 2003 оны 3 дугаар сарын 19-нд ОХУ-ын Баруун-хойд холбооны тойрогт Ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр, 2003 оны 10 дугаар сард Санкт-Петербург хотын Захирагчаар сонгогдсон бөгөөд 2006 онд уг албан тушаалд хоёр дахь удаагаа тохоон томилогдож ажиллажээ.

В.И.Матвиенко 2011 оны 8 дугаар сард ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүнээр, мөн оны 9 дүгээр сард Холбооны Зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Бельгийн баг Оросын шигшээг хожлоо

2002 оноос хойш анх удаа ДАШТ-д оролцож буй Белгийн баг ОХУ-ын шигшээг 1:0-ийн харьцаатайгаар  ялжээ. ОХУ-ын баг нэг  оноотой хэвээр үлдсэн ч дараагийн шатанд шалгарах боломж байсаар байгаа юм. ОХУ-ын багийн довтлогч А.Кокорины гав ганцаараа үсрэн мөргөсөн бөмбөг болон Тоби Алдервейрелдын торгуулийн талбайд гаргасан алдааг эс тооцвол Бельгийн баг энэ тоглолтын турш илүү аюултай довтолгоо хийсэн баг байлаа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жил жилийн төгсөгчдийн сэтгэл мэдэг

МУИС-ийн 69 дэх төгсөгч оюутнууд нийллэг, цайллаганыхаа мөнгөнөөс 50 мянган төгрөг илүүчилж Хавдар судлалын үндэсний төвд зүрхний оношилгооны аппарат авч өглөө. Хэзээнээсээ хэт үрэлгэн хэмээн шүүмжлүүлж бараг төгсөлтийн баяр тэмдэглэхийг хориглох асуудал босч байхад МУИС-ийг төгсөгчид ийм алхам хийсэн нь бусдын санаа бодлыг ихэд зөөлрүүлэв. Нэг төгсөгчийн 50 мянган төгрөг бага санагдах ч нийтээрээ хөдөлж, нэгдвэл ямар хэмжээний ажил хэрэг болж байгааг монголчууд харсан байх. Нэг жарны тэртээ солонгосчууд гудамжиндаа гарч улс орныхоо эдийн засгийг аврахын төлөө өөрт байгаа бүх алт, мөнгийг Засгийн газартаа хандивлаж байсан түүхтэй дүйхүйц ажил байлаа.

Тэгэхээр төгсөгчид жил бүр ийм ухаалаг ажилд нэгдвэл ямар үр дүн гарах бол. Манай улсын их, дээд сургуулиудыг жилд 30 гаруй мянган оюутан төгсдөг юм байна. Нэг оюутнаас 50 мянган төгрөг татан төвлөрүүлбэл дунджаар 1.5 тэрбум төгрөг болох нь. Энэ мөнгөөр юу хийж болох вэ. 120 хүүхдийн цэцэрлэг, сургууль, сум дундын эмнэлэг гээд хүссэнээ худалдан авч, бүтээн байгуулах боломжтой. Боловсрол, эрүүл мэндийн болоод бусад олон зүйл дутагдалтай байхад “Тэдэн оны төгсөгчдийн нэрэмжит” хэмээгдэн сүндэрлэж, олон арван хүнд тус нэмэр болж байвал хэний ч сэтгэлд бахадлын гал дүрэлзэх буй за. Хамгийн гол нь ирээдүйн эзэд өнөөгийн залуусын Монголоо гэх сэтгэл мэдэх биз ээ.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ спорт

Х.Цагаанбаатар, Г.Отгонцэцэг нар хүрэл медаль авлаа

Унгарь улсын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн Гран при тэмцээнээс эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг нар хүрэл медаль хүртлээ.

Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний тойрогт Казахстаны Нурлан Оразалиныг, хоёрдугаар тойрогт Украины Дмитро Канивецийг ялсан юм. Ингэснээр гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зооны аваргын төлөөх барилдаанд Италийн Энрико Парлатийг ялж, медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт Г.Одбаярыг ялсан юм. Харин мөнгөн медалийн төлөөх барилдаанд Гүржийн Лаша Шавдатуашвилид ялагдсанаар хүрэл медаль хүртжээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Г.Отгонцэцэг эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанд Унгарийн Река Пуппыг ялснаар зооны аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм. Зооны аваргын төлөө Италийн Валентина Москаттад ялагдсанаар торгуулийн дагах барилдаан хийхээр боллоо. Дагах барилдаанд ОУХМ Г.Отгонцэцэг Израилын Амелие Россенеу, Их Британийн Тасиана Лима нарыг дараалан ялж, хүрэл медаль хүртлээ.   

2014 оны Будапештийн Гран при тэмцээнд Монгол Улс 13 тамирчнаа илгээсэн юм. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр хөнгөн жингийн барилдаанууд боллоо.

Энэ удаагийн Гран при тэмцээнд 53 орны 405 жүдоч уран мэхийг уралдуулж байна.