Categories
мэдээ нийгэм

Голд суусан иргэдийг аюулгүй болгожээ

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17 дугаар гудамжинд нүхэнд хүн унасан байна гэсэн дуудлагыг 01:35 цагт өгснөөр Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад хоёр метр гүн нүхэнд иргэн 44 настай согтуу эрэгтэй унаж хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, “Юдэгийн гол”-д Тоёото Ланд круйзер-100” маркийн автомашинтайгаа бага насны 2 хүүхдийн хамт /1, 3 настай/ усанд суусан тухай дуудлагыг 10:36 цагт өгснөөр нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 64 дүгээр ангийн албан хаагч нар аварч аюулгүй болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан машинууд наадмаар үйлчилнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолоор баталсан төсөл арга хэмжээний жагсаалтад тусгагдсан “Цахилгаан суудлын автомашин угсрах ажил”-ын гэрээний дагуу угсарч гүйцэтгэсэн таван ширхэг цахилгаан суудлын машиныг “Монгол наадам” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөх арга хэмжээ 11.00 цагаас “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-т болно.

Нийслэлийн Засаг даргын А/ 508 захирамжын дагуу ажлын хэсэг байгуулагдан хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Эдгээр цахилгаан машинууд нь наадмын үеэр хүй Долоон худагт үйлчлэх бөгөөд наадмын дараа хоёр ширхэг машиныг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГазарт шилжүүлэн өгөхөөр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын төрийн үйлчилгээний өдөр

НҮБ-ын 2003 оны нэгдүгээр сард Ерөнхий Ассамблей хуралдаж жил бүрийн зургадугаар сарын 23-ны өдрийг олон улсын төрийн үйлчилгээний өдөр болгон зарлажээ. Ардчилсан, эрх чөлөөт нийгмийг бий болгохын тулд төрийн олон нийтэд хүргэж байгаа үйлчилгээ хүнд сурталгүй, авилгагүй, ил тод байх нь хамгийн чухал бөгөөд тухайн улс, гүрэн төрийн үйлчилгээг хэр зэрэг үзүүлж байгаагаас засаглалын хэлбэр харагдах тул энэхүү өдрийг тэмдэглэж байхаар болсон юм.

Мөнхүү энэ өдрөөс эхлэн сайн засаглал болоод төрийн үйлчилгээгээр тэргүүлдэг улс, гүрнүүдийг тодруулж, шагнаж байхаар болсон бөгөөд хамгийн сүүлд 2006 онд нэр бүхий 15 улсыг шагнан урамшуулжээ. 2006 оноос эхлэн сайн засаглал болоод нийтийн үйлчилгээний индексийг гаргаж эхэлсэн бөгөөд 2013 онд Монгол Улсын төрийн үйлчилгээ дундаас дээгүүр гэсэн үнэлгээг авч байсан юм. Хэдийгээр Монгол Улс энэ өдрийг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэггүй ч НҮБ-ын сайн засаглалыг дэмжих хөтөлбөрт гишүүнээр элссэн.

Categories
мэдээ нийгэм

20 настай залуу барилгын хавтанд дарагдаж амиа алджээ

 Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхээс Төв аймаг явах автозам дагуу шинээр III Амаржих төв барьж байгаа билээ. Тэгвэл тус барилдга дээр ажиллаж байсан  хүн хавтанд дарагдаж амиа алдсан гэнэ. Дуудлагаар нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад барилгын ажилчин 20 настай эрэгтэй цутгалтын хавтанд дарагдсан байсан аж. Улмаар тухайн байгууллагын ажилчид гаргасан, биеийн байдал хүнд байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-рүү авч явах замд нас баржээ. 

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын автобус Хүй долоон худаг руу явна

Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн баасан гаригт наадмын бэлтгэл ажилтай танилцжээ. Энэ жилийн наадмын нэг онцлог нь төмөр замын автобусыг Хүй долоон худаг руу явуулж байгаа аж.  Хүй долоон худаг руу явах иргэд “Дүнжингарав”, Дунд голын буудлаас төмөр замын автобусанд сууж, Давааны өртөөнд хүрэх юм байна. Давааны өртөөнд буусан иргэд морь барих газар руу эко автобусаар үнэгүй явах гэнэ.  Тиймээс иргэд наадмын талбай руу  заавал машинтай явах шаардлагагүй аж.  Хүй долоон худаг дахь үйлчилгээний талбай, авто зогсоол хооронд дотоодод үйлдвэрлэсэн бага оврын эко таван автобус явуулж, иргэдэд үнэгүй үйлчлэхээр болсон байна. Уг автобусыг нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар “Цахилгаан тээвэр” компанид үйлдвэрлэсэн. J-800 EV маркийн уг автобус 4.6 метр урт, 1.45 метр өргөн, хоёр метр өндөртэй, 12 хүний суудалтай, цагт 80-100 км-ийн хурдтай явах чадалтай юм байна.  Хүй долоон худагт өнгөрсөн онд 5300 машины зогсоол барьсан бол энэ жил 500-г нэмэхээр болж.  Мөн 3000 сандал нэмж, шороон замуудыг асфальт болгохоор  барилгын ажил эхэлжээ. Бие засах газрыг долоогоор нэмж, 31 болгожээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд 13.600 сандал шинээр тавьж байгаа гэнэ. 

Хүй долоон худаг хүртэлх 2.4 км, худалдаа, үйлчилгээний талбайнуудыг холбосон 2.7 км автозам тавьж, 500 автомашины зогсоолыг эко хавтангаар хучиж байгаа аж. 

Мөн “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалттай холбоотойгоор нийслэлийн төсвөөс дөрөв орчим тэрбум төгрөг гаргаж байгаа юм байна.  Наадмын төсөв өнгөрсөн жил 1.5 тэрбум төгрөг байсан бол энэ жил 2.2 тэрбум болсон. Долдугаар сарын 11-ний үдэш Чингисийн талбайд Улаанбаатарын үдэш цэнгүүн зохион байгуулахад Японы компанитай хамтран шинэ технологийн шоу зохион байгуулах өртөг нэмэгдсэн учраас ийм дүн гарчээ. Валютын ханшийн өсөлт ч нөлөөлсөн гэнэ.  

Ч.МӨНХЗУЛ

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр ирэх сард ирэх гэнэ

МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ руу эмчилгээнд явснаас хойш арван сар болж байна. Н.Энхбаярын  эмчилгээ амжилттай болж бие нь сайжирсан, одоо сонирхлоо даган буддын шашныг судалж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Тэрээр эх орондоо ирэх сард ирэх гэнэ.  МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ингэж хэлжээ. 

Categories
мэдээ нийгэм

МИАТ компанийн “Боинг-767” онгоцны бүхээгт гэмтэл гарчээ

Өнгөрсөн баасан гаригийн 14.20 цагт Сөүлээс Улаанбаатарын чиглэлд ниссэн МИАТ компанийн ОМ302 аяллын дугаартай “Боинг 767” онгоц агаарт хөөрөөд цаг орчим болсоны дараа урд талын бүхээгний дээд талаас утаа гарч, зорчигчдыг нэлээд сандаргасан гэнэ. Нисэх багийнхан “Гэмтэл үндсэн эд ангид нөлөөлөөгүй болохоор аюулгүй” гээд нислэгээ үргэлжлүүлсэн байна. Нислэгийн үеэр ямар гэмтлийн талаар МИАТ компанийн дэд захирал Б.Ганболд “Техникийн дутагдлаас болж нислэгийн үед цахилгааны гэмтэл гарчээ. “Боинг 767” онгоцонд энтертайнмент системийн гурван проектор байдаг. Голын проекторт цахилгааны гэмтэл гарч, утаа гарсан. Нисэх багийнхан шуурхай арга хэмжээ авч цахилгааныг салгасан байна. Энэ гэмтэл нь нислэгт шууд нөлөөлөхөөргүй байсан тул аяллаа үргэлжлүүлжээ. Онгоц газардсны дараа бид проекторийн тэжээлийг салгасан. Гэмтэлийг шалгаад проекторийг солих шаардлагатай байсан тул шинийг захисан. Шинэ проектор иртэл голын проекторийн тэжээлгүй нислэг үйлдэх учир ахин ийм гэмтэл гарахгүй” гэж ярьжээ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Та автомашиндаа тохирсон шатахуунаа хэрхэн сонгох вэ?

Categories
мэдээ цаг-үе

Ц.Эрдэнэцэцэг: Ерөнхийлөгч дүүд минь уучлал үзүүлж шүүгчдийн алдааг заслаа

-Орон нутаг дахь шүүх, прокурорын цус ойртсон бүлэглэлийг задлах хэрэгтэй байна-

Анхан шатны шүүхийн шүүгчид хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Ц.Батцогтыг гэм буруутайд тооцож ял өгчээ. Түүнийг ялаа эдэлж байхад хуулийн байгууллагын ажилтан зодож, хүнд гэмтэл учруулсан байна. Ийн шүүгдэхгүй хэрэгтээ шүүгдэж ял эдлээд гарсных нь дараа нэг жил найман сарын дараа хуулийнхан хэргийг нь дахин сэргээж нэг хэрэг дээр хоёр дахиа ял оноожээ. Хуулийнхны хууль бус үйлдлээс болж хохирсон түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн мягмар гаригт уучлал үзүүлсэн байна. Ц.Батцогт хуулийнхны хууль бус үйлдлээс болж өдгөө Ховд аймагт хэвтэрт байгаа талаар эгч нь ярьсан. 

Түүний эгч Ц.Эрдэнэдэлгэртэй утсаар холбогдож ярилцлаа. 

-Дүү тань суллагдчихсан уу. Бие нь гайгүй юу?

-Ховд аймгийн хорих 457 дугаар ангиас өчигдөр суллагдлаа. Суллагдахаасаа өмнө Баруун бүсийн эрүүл мэндийн төвд 10 хоног эмчлүүлсэн. Тэндээсээ хорих ангийн эмнэлэгт шилжсэн. Одоо бие нь тун тааруу байна. Шоронд орсноосоо хойш 13 кг турсан. Яс арьс болжээ, миний дүү. Бөөрнийхөө өвчнөөс болоод даралт нь байнга ихэсдэг. Гэрээрээ жаахан эмчилгээ хийлгэчихээд хөдөө аваад явах санаа байна. Хөдөө хэд хонуулчихаад Тайланд руу авч явж эмчилгээ хийлгэнэ гэж бодож байна. Цэл залуу, эрүүл саруул хүүгээ хуулийнхны гарт өгөөд дөрвөн жилийн дараа тахир дутуу, эдгэх эдгэхгүй нь мэдэгдэхгүй өвчний үүр болгоод авч байна даа. Хуулийнхан өс санавал хүнийг сүг болгодог юм байна. Харин Ерөнхийлөгч тэдний алдааг олж харж уучлал үзүүлж аминд нь орлоо. Тэгээгүй бол Монголын шоронд Д.Амарсайхан агсны дараа дүү минь үхэх байлаа. 

-Ямар ч байсан уучлалаар суллагдлаа шүү дээ. Дүүдээ сэтгэлийн дэм өгч байгаа биз дээ. Эрх чөлөөтэй байхад эмчлүүлж болно шүү дээ?

-Тэгж л итгэж байна. Дүү минь манайхны бага нь. 32 настайдаа энэ хэрэгт холбогдсон. Одоо 36 настай. Тухайн үед ээжтэйгээ амь­дардаг байлаа. Бага хүүгээ хэрэгт холбогдож, шорон дамжсанаас хойш муу ээж минь сэтгэлээр унасаар байгаад бурхны оронд очсон. Арай гэж ялтан гэдэг нэрнээс салаад ирэхээр ээж нь байхгүй байхаар ямар байх билээ. Сэтгэлээр унаад бидэнтэй дуугарах ч үгүй юм. Энэ хэрэгт холбогдохоос өмнө найз бүсгүйтэй байсан. Гэтэл хоёр дахь удаагаа ял авлаа гэх үед тэр бүсгүй нь холбоогоо тасалчихсан. Одоо энэ хүн түшээд авах ээж, ханилах ханьгүй ах, эгч нараа харсан л хүн үлдлээ. 

-Анх юу болсныг та яриач. Дүү чинь яагаад шалгагдсан юм бэ?

-Эгчтэйгээ хамт 2010 оны есдүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн боомт руу ачаа ачихаар явсан юм. Тухайн үед дүү минь гадаад паспортгүй байсан болохоор эгч нь хил даваад өөрөө наана нь үлдсэн юм билээ. Ингээд найзындаа очиж хонохдоо нэг шил архи хувааж ууцгааж. Тэгэхдээ Р.Ганхүү гэдэг залуутай маргалдаж, зодуулж. Зодуулчихаад нөгөөхөө өсч зодно гээд согтуу явж байхдаа Д.Нямдорж гэдэг нөхөртэй таарч зодолдсон байна. Зодолдохдоо модоор Д.Нямдоржийн толгойг цохиж хөнгөн гэмтэл учруулсан юм билээ.

Д.Нямдоржийн эгч Д.Эр­дэнэчимэг нь өмгөөлөгч уч­раас цагдаад мэдэгдэж дүүг минь баривчлуулсан байдаг. Саяхан би хотод ирж зодоон болоход хамт байсан гэрчтэй уулзлаа. “Ер нь бол Баяраа эхэлсэн юм билээ…” гэдэг киноны үг шиг Д.Нямдорж эхэлж зодсон юм байна. Эрчүүдийн хоорондох зодоон ийм том асуудалд хүргэчихлээ. Тухайн үед Д.Ням­доржийн эгч “Бие нь зүгээр бол цагдаа, шүүх гэхгүй” гэж хүртэл хэлж байсан. Мөр­дөн байцаагч нь хүртэл “Чамаас их хэмжээний мөнгө авах гэж байгаа. Наад хэргээ прокурор дээр хаалгачихаж чадахгүй байна уу” гэж хүртэл дарамталж байсан. Тухайн үед бидэнд тийм их мөнгө байгаагүй л дээ. 

-Тэгээд дүүг тань эрүү­гийн хэргээр зүйлчилж ял оноосон юм уу?

-Ховд аймгийн прокурорын газ­раас дүүг минь зэвсгийн чанартай зүйл (Мод) ашиглан бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрсан хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг нь шилжүүлсэн. Харин сум дундын нэгдүгээр шүүх хэргийг 2011 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хэлэлцэж, дүүд минь холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, гурван сар баривчлах ял оноосон. Тухайн үед хэргийг шүүгч Б.Батсүх, Д.Дима, Л.Гэрэлмаа нар шүүсэн юм. Гэтэл Эрүүгийн хэр­гийн байцаан шийтгэх хуульд зааснаар хөнгөн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байсан юм байна. 

-Энэ тухай та нар мэдээгүй байсан юм уу?

-Орон нутгийн хуулийн ажилтнууд бүгд холбоотой ажилладаг. Хохирогч Д.Ням­дор­жийн эгч өмгөөлөгч. Түүнийг мөрдөн байцаагч, прокурор, шүүгч бүгд танина. Тийм болохоор шүүхэд нөлөөлөхгүй гэх үндэслэлгүй. Манай өмгөөлөгчөөр ажилласан хүнийг нотариат ажиллуулдаг гээд өмгөөлөх эрхийг нь хасчихсан. Тиймээс бид айгаад давж заалдаж чадаагүй. Тэгээд ч “Хүний хүүхэд зодчихоод төрөөс өгсөн гурван сар хоригдох ялыг эдлээд гараад ирэг” гээд өнгөрсөн юм. Гэтэл шүүгчид хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг анзаараагүй алдаа гаргасан гэдэг нь сүүлд тодорхой болсон. 

-Гурван сар хоригдож байхдаа зодуулсан гэсэн үү?

-Баривчилгааны ялтай хүнийг хорихын гадна гаргаж ажил хийлгэдэггүй, нийгмээс тусгаарлаж ганцаарчилсан байдлаар шийтгэдэг юм билээ. Тэгтэл хорихын ажилтнууд дүүг минь гадуур гаргаж ажил хийлгэсэн. Тэгээд зогсохгүй ажил хийж байхад нь 457 дугаар хорих ангийн төлөөлөгч Махбат “Даргын машинд хүрлээ” гэдэг шалтгаанаар зодож, хорих ангийн шалан дээр нүцгэнээр нь хэвтүүлж бороохойдоод алах шахсан. Зодуулсан шөнөө дүү минь босч чадахгүй цусаар шээж хоносон байдаг. Маргааш нь манай дүү эргэлтээр очоод зодуулсныг нь мэдсэн. Ингээд прокурорт гомдол гаргаж дүүг минь Баруун бүсийн оно­шилгооны төвд аваачихад даралт нь 180, зүрхний цохилт нь 140, цусаар шээсэн, бүх бие нь хөх няц болчихсон ухаангүй ша­хам байсан. Шинжилгээгээр бөөрнөөс их хэмжээний цус алдсан нь тодорхой болсон учраас эмнэлэгт хэвтүүлсэн. Үүнээс болж одоо даралт нь байнга ихэсдэг. Жаахан хөдөлгөөнтэй байвал цус алдчих гээд байдаг болсон. Ерөөсөө л хэвтэрт орсон доо. 

-Дүүг тань зодсон төлөөлөгчид хариуцлага тооцсон уу?

-Махбат гэдэг нөхөр “Урьд орой нь эхнэртэйгээ хэрэлдээд уурандаа чамайг зодчихлоо. Уучлаарай. Ах нь хэдэн төгрөг өгөх вэ” гэсэн байна лээ. Хуулийн байгууллагад хандсан ч хэр­гийг нь хаачихсан. Модоор хүний толгой цохиод хөнгөн гэмтэл учруулахад ял өгдөг атлаа төрийн төлөөлөгч бус­дыг нүцгэлж байгаад бороохойгоор зодож, тамлаад хүнд гэмтэл учруулахад шүүх хэргийг нь хаадаг юм билээ. Одоо тэр залуу Хэнтий аймгийн хорих ангийн даргаар ажиллаж байгаа гэсэн. Махбатын хэрэг Ховд аймгийн прокурорын газрын Цэцэгмаа гэдэг прокурор дээр байсан. Тэр прокурор миний дүүгийн зодуулсан хэргийг зургаан сар хяначихаад шүүх хуралдаанд улсын яллагчийн хувиар биш Махбатын өмгөөлөгч аятай оролцсон. Шүүх хэргийг хэ­рэг­сэхгүй болгосны да­раа Цэцэгмаа прокурор “Манайх дээрээсээ босоо удирдлагатай. Дарга нар ингэ, тэг гээд байхаар яах юм бэ” гээд Махбатыг ажлаас нь ч түдгэлзүүлээгүй. Орон нутагт хуулийн байгууллагынхан яллагч, шүүгч, хянагч гээд бүгд нэг талд байдаг юм байна. 

-Зодуулаад эмнэлэгт бай­хад гурван сар баривчлах ял нь дууссан уу?

-Ховд аймгийн эмнэл­гээс гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гээд хотод авчирсан.Хотод ирээд шинжилгээ хийлгэхэд зүүн бөөр томорсон, уураг их хэмжээгээр алдаж байна гэж оношлогдсон. Шинжилгээнд явж ирээд аймагт эмнэлэгт хэвтэж байхад ялынх нь хугацаа дуусаад суллагдсан. Суллагдсан ч бие нь дээрдээгүй. Эмнэлэг дамжаад хэвтэж бай­тал Махбатыг шүүх хурал болоод дахиад л шүүхээр явж эхэлсэн. 

-Зодуулж хэвтрийн өвчтэй болсон ч ял эдлэх хугацаа нь дуусчээ. Яагаад хоёр дахиа шүүгдэхээр болчихсон юм бэ?

-Дээр хөөн хэлэлцэх хуга­цаа нь дууссан хэрэгт ял өгсөн гэсэн шүү дээ. Тий­мээс шүүгчдийн буруутай үйл ажиллагаанаас болж ял эдэлсэн бол гурван сар хилсээр хоригдсонд тооцож хохирлоо барагдуулдаг юм байна. Амьдралын боломж тааруу хүмүүс хэцүү юм байна шүү дээ. Хэдэн төгрөг олдвол хэв­тэрт байгаа дүүгээ Тайланд руу эмчилгээнд авч явъя гэж бодсон юм. Тэгээд Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан. Тэндээс Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан юм билээ. Шүүхийн ерөнхий зөвлөл ч арга хэмжээ авч Д.Дима, Л.Гэрэлмаа нарын зэр­гийг нэг жилийн хугацаатай буу­руулсан. Б.Батсүх шүүгч өөрөө архи уугаад ажлаасаа халагд­чихсан юм билээ. Дараа нь Ерөнхийлөгч алдаа гаргасан гэдэг үндэслэлээр Д.Дима, Л.Гэрэлмаа нарыг шүүгчээр дахиж томилоогүй. Эхлээд өм­гөөлөгчийн хувийн өс хонзонгоор дүү минь хилсээр ял эдэлсэн. Хуулийнхны дараагийн өшөө авах сэдэл нь энэ. Дүүгээс минь болж шүүгчээр ажиллах эрхээ хасууллаа гээд л хонзон санаж эхэлсэн. 

-Юу гэсэн үг вэ. Тэд хэргийг сэргээхгүй биз дээ?

-Бид гэм хороо арилгуу­лахаар Ховд аймгийн анхан шатны шүүхэд хандахад анх гурван сар баривчлах ял оноо­сон шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, шүүгчдийн алдааг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл прокурор дүүг минь ялаа эдэлснээс хойш нэг жил найман сарын дараа эсэргүүцэл бичиж хэргийг задлуулахаар болсон. Хуу­лиараа бол шийтгэх тогтоол гарснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй юм билээ. Гэтэл Ховд аймгийн давж заалдах шүүх 1.8 жилийн дараа прокурорын эсэргүүцлийг хүлээж аваад 2012 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хэргийг задалчихсан. Ийм шийдвэр гаргасан М.Нямбаяр гэдэг шүүгч нь өөрөө Д.Диматай ах дүү юм билээ. Өөрөөр хэлбэл, Д.Дима шүүхэд нөлөөлсөн гэж хардах үндэслэлтэй. Ерөөсөө Д.Димаг миний дүүгээс болж ажилгүй болсон гэж хорсохдоо хэргийг нь задалсан байх.  

-Тэгээд Ховд аймгийн шүүх дахиад ял өгсөн юм уу?

-Энэ хэрэг чинь сэргэнэ, сэргэхгүй гэж Ховдын шүүхээр орсоор байгаад задарсан хэргийг нь шүүх шүүгчгүй болчихсон. Тэгээд харьяалал тогтоолгоод Увс аймгийн сум дундын шүүхээр шүүлгэхээр боллоо. Увс аймгийн сум дундын шүүх хэргийг 2013 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр хэлэлцээд дүүд минь 3.4 жилийн хорих ял оноочихсон.

-Д.Нямдоржийг зодсон гэдэг хэргээр нь дахиад ял өгчихөж байгаа хэрэг үү?

-Тийм. Нэг хэргээр хоёр дахиа ял өгч хууль зөрчсөн гэсэн үг. Ингэхдээ өмнө нь биеэр эдэлсэн гурван сарын баривчлах ялыг нь 90 хоног цагдан хоригдсонд тооцно гээд захирамж гаргачихсан. Өмгөөлөгч маань “Энэ хэрэг­тээ шийтгэлээ хүлээгээд сул­лагдчихсан шүү дээ” гэсэн ч “Зөнөчихсөн хөгшин донгос­лоо” гээд хүлээж аваагүй. 

-Та бүхэн дараагийн шат­ны шүүхэд гомдол гаргасан биз дээ?

-Гаргасан. Хяналтын шат­ны шүүхэд гомдол гаргаад хэрэг нь шийдэгдтэл дүү минь Увс аймгийн хорих ангид хэвтэж байгаа хэрэг. Эмчилгээ хийлгэхгүй л бол даралт нь ихсээд цус алдчих гээд байдаг гэж ярьсан шүү дээ. Давах болон хяналтын шатны шүүх анхан шатныхаа хууль бус шийдвэрийг хэвээр үлдээчихсэн. Хяналтын шат­ны шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2014 оны гуравдугаар сард дүү минь Ховд аймгийн хорих ангид ачигдаж ирсэн. Ирээд мөн л хэвтэрт байсан. Хорихынхон дүүг минь босгож болохгүй гэдгийг бүгд мэддэг болчихсон байсан. Хэвтэрт байсан ч бие нь муудаад болохгүй Баруун бүсийн эрүүл мэндийн төвд эмчлүүлсэн гэж дээр ярьсан шүү дээ.

-Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх эрх байхгүй. Тиймээс Ерөн­хийлөгчөөс уучлал хүссэн юм уу?

-Бид юугаа мэдэх билээ. Дүү минь үхдэл болоод Ховдын шоронд хэвтэж байсан. Бид гадна нь яахаа мэдэхээ больсон хүмүүс байлаа. Тэгж байтал Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж баруун аймгуудад ажиллах үеэрээ Ховдод ирсэн. Учир байдлыг нь хэлэхэд “Ийм хууль бус үйлдэл байж болохгүй. Хүний эрхийн ноцтой зөрчил. Ерөнхийлөгчид өөрийн биеэр хандаж уучлал хүснэ. Үүнээс өөр гарц байхгүй” гээд явсан. Тэр дагуу Ерөнхийлөгчид хандаж, үйл явдал өрнөсөөр Ерөнхийлөгч хууль бус үйл­дэл болсныг мэдэж уучлал үзүүлсэн. Эрүүгийн хуулийн зургадугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг юм байна. Тиймээс Ерөнхийлөгч төрийн алдааг уучлалаараа залрууллаа. 

-Дүү тань уучлагдсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад ял оноосон шүүгчид, шоронд зодсон төлөөлөгч, дахиад тэр хэргээр нь ял оноосон шүүгчдэд гомдолтой байгаа биз дээ?

-Гомдоод барахгүй байна. Шүүх, прокурорын цус ойртсон, мафиж­сан бүлэглэлээс болж нэг монгол залуугийн амьдрал сүйрлээ. Насаараа хэвтэрт байх өвчтэй болсон хүн амьдрал сүйрлээ гэхээс өөр яах билээ. Орон нутаг дахь хууль, шүүхийнхний цус ойртолтыг задалж өгөөч гэж бодлого барьдаг хүмүүсээс нь хүсмээр байна. Тэгэхгүй бол ах дүү, төрөл садан, найз нөхөд болсон өмгөөлөгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид хүний эрх зөрчсөөр байна шүү. Түүний нэг жишээ нь дүү минь. Тэд өөрсдийн эрх ашгийн төлөө жирийн иргэдийг яаж ч мэдэхээр юм байна. Харин Хүний эрхийн үндэсний комисст асуудал нь хүрсэн тулдаа Ерөнхийлөгч зарлиг гаргаж дүү минь шоронд үхэхээс аврагдлаа. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР 

Б.САРАНЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

В.И.Матвиенко УИХ-ын даргатай хэлэлцээ хийж байна

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог болон зарим УИХ-ын гишүүд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай Валентина Ивановна Матвиенко тэргүүтэй төлөөлөгчид хэлэлцээ хийж байна.

УИХ-ын дарга З.Энхболд, зочид төлөөлөгчдийг манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд Монголын талаас оролцож байгаа УИХ-ын гишүүдийг танилцууллаа. 

Хатагтай Валентина Ивановна Матвиенко, “Юуны өмнө бидний Монгол Улсад элэгсэг дотноор хүлээн авч буйд талархаж байна. Бид хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурь тавих зорилготой айлчилж байна” гэлээ. Тэд хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.