Гэрэл зургийг
Ц.МЯГМАРСҮРЭН
Category: мэдээ
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд манай улсад албан ёсоор айлчилж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал /ТУҮИХ/-ын дарга ноён Жемил Чичек, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нар өнөөдөр /зургадугаар сарын 24/ албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Үндэсний Их Хурал хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагез, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга А.Бакей, ТУҮИХ-ын гишүүн, ТУҮИХ-ын даргын дэргэдэх Удирдах зөвлөлийн гишүүн, Турк-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Фехми Күпчү нар болон хоёр талын албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Төрийн ордны “А” танхимд хаалттайгаар хуралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Зоригт хаалттай хэлэлцэх санал гаргасан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Нууцын зэрэглэлтэй асуудал ярих болоход хуралдаанаа хааж, бусад асуудлыг нь нээлттэй хэлэлцэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлснээр хуралдааныг нээлттэй байдлаар хийхээр болсон ч Зам тээврийн сайд А.Гансүх “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар асуудлыг хэлэлцсэн, зарим зүйл нууцын зэрэглэлд хамаарах учраас байнгын хороог хаалттай хийх шаардлага байна” гэснээр хаалттай хуралдаж байна.
Мөн дээрх байнгын хорооны хуралтай давхцан УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж байна. Тус байнгын хороогоор Байгаль орчны төлөв байдлын 2013 оны тайлан сонсч байгаа юм.
Э.ЭНХ
25-нд баруун, төв, зүүн зүгийн нутгаар, 26,27-нд нутгийн баруун хагаст, 28-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Газрын тухай хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлж Б.Гарамгайбаатар ажлын хэсгийг нь ахалж Г.Баярсайхан байнгын хороог даргалж ажиллалаа. Уг хууль нь асар их ач холбогдолтой байсан. Дэгсдүүлээд хэлчихэд Үндсэн хуулиас ч томд тооцогдож, дээгүүрт тавигдах боломжтой.
Тиймээс хууль дээр маш том мэргэжлийн баг, хашир туршлагатай улстөрчид ажиллах шаардлага байсан юм. Гэтэл Газрын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх явцад Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нар ахалж ажилласнаас үүдэн зарим алдаа дутагдал, буруу ойлголт гарч бидний амьдралд шаардагдаж байсан хууль юу ч биш боллоо. Тэдний оронд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан шиг луугарууд тойрч суугаад хуулийг боловсруулж, хэлэлцүүлсэн бол өнөөдөр асуудал өөрөөр яригдаж байх байсан. Энэ хууль ямар их ач холбогдолтойг ойлгоогүй дэгдэгнэсэн залуусын байр суурь буруу байснаас болж Засгийн газар хуулиа буцаан татахад хүрсэн гэж болно. Шууд хэлбэл хуулийнхаа, улс орныхоо язгуур эрх ашгийг ойлгоогүй шахуу хүмүүс хуулийн төслийг ахалж байсан нь олны дургүйг хүргэсэн байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Газрыг гадаадын иргэдэд 100 жилээр өгнө гэнэ. 100 жилийн дараа энэ нөхдийн хэн нь ч байхгүй байна. Тэгэхэд юу болох вэ” гэж өгүүлсэн нь голтой л асуудал. Үнэн хэрэгтээ монголчуудад ч ийм боломжийг хуулиар бараг олгоогүй гээд хэлчихэж болохоор байна билээ. Хуульд 183 хоногоос дээш хугацаагаар Монголд амьдарсан гадаадын иргэн 60 жилээр газрыг эзэмшиж 40 жилээр сунгаж болно гэж байгаа. Товчхондоо гадаадын иргэд Монголд хагас жил амьдраад л 100 жилээр газар эзэмших визийг авчих хямдхан босго юм. Уг нь энэ мэт асуудлаа ажлын хэсгийн ахлагч, байнгын хорооны дарга нь эрт харж, засч залруулсан бол монголчуудын хувьд агаар ус шиг хэрэгтэй байсан Газрын тухай хууль батлагдах магадлал өндөр байлаа. Хууль гарч газрыг эдийн засгийн эргэлтэд оруулсан бол улс орны хувьд асар том шинэчлэл, алхмыг хийх байсан. Газрыг эргэлтэд оруулбал мөнгө, эргэлтэд оруулж чадахгүй бол гишгэхэд мөр гардаг шороо шүү дээ.
Л.ТӨР
Монгол Улсын хүчит заануудын нэг Дамирангийн Бумбаярынд өнжлөө. Урьд¬чилан тохирч, ярьж зөвлөлдсөний дагуу Бумаа зааныг Төр хурхын аман дахь наадмын бэлтгэлээс нь авчирч, Увс аймаг руу алба ажлаар явах гэж байсан гэргийнх нь нислэгийг түр хойшлуулж юм юм л болоод авсан. Наадам найр дөхсөн энэ өдрүүдэд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүчтэнийд өнжье гэх бодол төрөх нь дамжиггүй. Тэгээд Бумбаяр зааныхыг бараадъя гээд зүтгэчихсэн нь энэ л дээ.
“Их Монгол” хороололтой хаяа зэргэлдээ “Crystal town”-ы гэрт нь очлоо. Аавтай нь андуурам өндөр биерхүү охин хаалга тайлж өгөв. Заан бэлтгэлийн хувцастай том өрөөнийхөө хойморт ханайтал сууж байна. “Аа миний дүү хүрээд ирэв үү. Би чиний өмнөхөн орж ирээд байна” гэв. Энэ сацуу гэргий нь нөгөө өрөөнөөс орж ирлээ. Бумаа зааны гэргий Цогтоогийн Одонтунгалагийг манайхан “Автобус-1” компанийн захирал гэдгээр нь мэднэ. Саяхан даа, автобус баазынх нь жаран жилийн ой болж, ойн нэрэмжит бөхийн барилдааны хүндэт зочдын индэрт тод өнгийн цэнхэр дээлтэй бүсгүй нүдээрээ инээмсэглэн суусан нь Тунгаа захирал. Тэрээр Баянгол дүүргийн Ардчилсан намаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн. Үндсэндээ “Нийслэлийн Засгийн газар”-ын кабинетийн гишүүдийн нэг. Идээ цагаа болох зуур гэрийн эзэнтэй наадмын бэлтгэлийнх нь талаар ярилцаад авлаа.
Бумаа заан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Биеийн тамир, соёлын төвийн даргын албатай учир тус газрын бөхчүүдээ ахалж Төр хурхын аманд бэлтгэлд гараад байгаа аж. “Цолтой бөхчүүд маань бүгд аймаг аймгийнхаа гал руу явчихсан. Хэдэн үрээхэн “морьд”-той л би зууралдаж байх шив дээ” гээд хүд хүд инээж байлаа. Гэрийнх нь хоймрын шүүгээний дээд талд давхарласан судар ном харагдана. Түүний доод талд зааны улаан залаа бүхий хоёр ч малгай нүднээ тусах аж. “Та сүүлд шинэ малгай хийлгэжээ дээ” гэхүйд, “Намайг заан болдог жил аав ээж, ах дүү нар нийлж оройг нь мөнгөөр чимэглэсэн энэ малгайг хийлгэж бэлэглэсэн юм. Барилдахдаа заан цолны дүрс бүхий тэмдэгтэй хуучин малгайгаа өмсдөг. Харин хүндэтгэлийн ёслол юм уу, гангараанд шинэ малгайгаа өмсдөг” гэлээ.
Зурагтны дээд талын тавиур дээр хоёр буурлынхаа зургийг залсан байна. Нэг нь Тунгаа захирлын аавынх нь хөрөг аж. Нөгөө нь Бумаа зааны өвөөгийн зураг ажээ. “Манай хүн чинь өвөө эмээ дээрээ өссөн шүү дээ” хэмээн гэргий нь тодотгосноо “Өвөөгийнх нь ном эрдмийн хүч байдаг биз ээ. Манай гэр бүл тэгш сайхан явна. Өвөр дээр нь эрхэлж өссөн хүү нь төр түмний хайртай бөх боллоо. Бумаа их шүтлэгтэй. Мэргэн өвөөгөө, Баянаа багшаа, аав ээжээ, ус нутгаа дээдлэн шүтнэ” хэмээн өгүүлэв. Хоймрынх нь шүүгээний өмнүүр эргэлдэн энэ тэрийг сонирхох зуураа гэргийнх нь хэлсэн дээр дөрөөлөөд “Баянаа багшаа шүтнэ гэснээс таныг чинь сумандаа тракторын жолооч байхад “Бөх болох хүү байна” хэмээн Баянмөнх аварга хотод авчирсан гэдэг” гээд асуугаад авлаа. Заан “Өө тийн” гэж айван тайвуухан хэлээд “Энэ түүхийг хүмүүс ер нь мэддэг юм” хэмээн цааш өгүүлсэн нь энэ. “Наян зургаан онд миний бие аравдугаар ангиа төгсөөд илгээлтийн эзэн болж Тэс сумынхаа тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байлаа. Хүүхэд байхын л барилдах дур сонирхолтой. Барилдаан бүгдэд л оролцдог байсан. Аав ээжийн талд бөхийн удамтай. Аав маань аймгийн заан цолтой, Баруунтуруун суманд долоон удаа түрүүлсэн бөх. Авга ах Юнрэн мөн аймгийн цолтой, сумын наадамд 19 удаа түрүүлсэн байдаг. Наян найман оны гуравдугаар сард Баянаа аварга Увсад очихдоо Тулгаа заан, Төрмөнх начин нараас “Бөх болчихоор ирээдүйтэй хүү байна уу” гэхэд нь, тэд намайг заагаад өгчихөж. Тухайн үед багш маань Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа өгчихсөн, бөхийн шинэ клуб байгуулахаар зорьж явсан юм билээ. Ингээд бага балчраасаа алдар сууг нь дуулж, биширч дээдэлж явсан домогт аваргатай уулзах хувь илгээлтийн эзэн бандид тохиосон доо. Миний гар хөлийг барьж, барилдааныг харж багагүй шинжсэний дараа “Их сайхан хүү байна. Чамайг дуудна шүү” гэчихээд яваад өгсөн. Хоёр сарын дараа “Бумбаярыг хот руу ирүүлнэ үү” гэх захидал Баянаа аваргаас ирж 1988 оны тавдугаар сарын 28-ны өдөр миний бие тракторын тос масло, шороо тоос ханхлуулсан залуу Улаанбаатарт бууж байлаа. Өвөрхангайн чөлөөтийн Баярсайхан, манай Намжилдорж, за тэгээд Сүхбат, Гантогтох биднийг цуглуулж бөхийн “Шонхор” клуб анх байгуулагдаж байсан түүхтэй. Тэгж л залуучуудын шигшээ баг бүрдэж байлаа.
Наян найман онд ирснийхээ дараа тэр жилийн наадамд зодоглолоо. Хоёр давчихдаг юм байна. Гурвын даваанд хэн авдаг бол гээд сууж байтал, Бат-Эрдэнэ заан авлаа хэмээн дуулдлаа шүү” гэж Бумаа заан Баянаа багшаасаа улбаалаад анх зодоглосон наадмынхаа хуучийг дэлгэх нь тэр ээ. Амнаас нь гарах үг бүр нь сонин сайхан хийгээд монгол бөхийн домог болсон аваргуудтай холбогдож, энгийн нэг түүх сөхөхдөө хүртэл энгүй хүчтэнүүдийн алдар замналыг хүүрнэх нь бахадмаар. Энэ л үүх түүх, он жилүүд нь Дамирангийн Бумбаяр гэж хүнийг улам тодотгож байлаа. Баянаа аваргын урилгаар хотод ирж, Бат-Эрдэнэ аваргатай төрийн наадамд анх таарч, Сүхбат, Гантогтох нарын идэрхэн хүчтэнүүдтэй ах дүүгийн барилдлагатай явж, “Залуу зургаан заан”-ы түүхийг бичилцэж, Сүхбат, Өсөхбаяр аваргуудын залгамж халаа Сүхбаатарын Мөнхбат залуу хүчтэнүүдийг өөрийнхөө галаас төрүүлсэн гээд Монгол бөхийн хичнээн ч үе Бумбаяр заантай холбогдож байгаа юм бэ дээ, бүү мэд. “Наян найман он бол Бат-Эрдэнэ аваргын түрүүлдэг жил. Үндсэндээ бөхийн дэвжээнд түүний хаанчлал эхэлсэн үе нь. Гэтэл тэрхүү торгон зааг дээр та хүч үзсэн байх юм. Түрүү бөхтэй таарах ямар байв” хэмээн шалгаалаа. Заан нүдэндээ инээмсэглэл тодруулан гоёмсог модон хийц бүхий цагаан цэнхэр буйдангаа налж сууснаа “Түрүү бөхтэй таарсандаа маш их бэлгэшээж билээ. Нэг л сайхан санагдаад явчихсан. Барилдаан яаж өнгөрснийг бараг мэдээгүй дээ. Их л хурдан өрнөж, их чанга унасан санагддаг юм” гэв.
Заантай ийн хуучилж суутал бага охин нь зургийн цомгууд авчирч өглөө. Түүнд ээж нь хэлсэн бололтой. Одонтунгалаг эгч нөхрийнхөө хажууд ирээд суучихсан “Ойрд ингэхэд альбом ч үзээгүй юм байна ш дээ” хэмээн бага залуугийнхаа зургуудыг, нөхрийнхөө улсын цолонд дөнгөж хүрч байсан, бие галбир нь ёстой л зурсан, зорсон юм шиг явах үеийн зургуудыг үзэж суулаа. Мань хүн нэг хөлөө нөгөө дээрээ аччихсан таашаалтай нь аргагүй сууж харагдсан. Тэрхүү зузаан гэгч хэд хэдэн цомгийн наян хувь нь Баянаа аваргын зураг байна лээ.
“Манайхан зургаан залуу зааны үе” гэж ярьдаг. Тэднийг гарч ирэхэд Доржсамбуу, Батзориг та хэдийн нөлөө их байсан даа” гэхүйд “Тэр зургаа биднээс арай түрүүлж заан болсон. 1994-1999 оны хооронд бүгд жил дараалаад заан болчихсон. Ерэн есөн онд Ганбат сүүлд болсон байх. Тэгээд 2000 оноос зургаан заан гэж яригдсан шүү дээ. Гэвч 2001 онд Доржсамбуу, Батзориг, Одгэрэл бид дөрөв заан цолонд хүрсэн. Дараахан нь манай Мягмарсүрэн заан болсон. Хэдий зургаан зааны үе гэж яригддаг ч бид хэд нэмэгдээд арваад зааны үе байсаан. Бид л хоорондоо тунадаг, нэгнээ амладаг байв” гэв. Бумаа ахын наадмуудыг манайхан сайн мэднэ. Хэн хэнээр хэзээ улсын цолонд хүрснийг хэлүүлэлтгүй мэднэ. Харин та хоёрын танилцсан түүх, хайр дурлал сонин байх болов уу гэж би гэдэг хүн палхийтэл асуугаад авлаа. Хоёулаа хэн хэн рүүгээ сүрхий харснаа инээд алдаж байна. “Заяаны хань зам дээр гэдэг үнэн юм билээ. Тэс суманд болох суварганы барилдаанд зодоглохоор Увс аймагт онгоцоор буутал яг зам дээр, өөдөөс тосч буй мэт алаг нүдэн охин ээж аавтайгаа ирсэн нь хань маань байсан даа. Надад анх чацаргана захиж билээ” гээд Бумаа заан гэргий рүүгээ юу гэж хэлэх нь вэ гэсэн янзтай харц шидлэв. Гэргий нь “Бумаа эхлээд одоогийнх шигээ ийм сайхан залуу харагдаагүй. Нүдэнд тусаагүй гэхүү дээ. Өндөр туранхай бор залуу л байсан. Барилддаг юм байна даа гэж анх бодож байлаа. Ээж аавтайгаа Улаанбаатар орохоор онгоцны буудал дээр иртэл Бумаатай таарсан нь тэр. Харин чацаргана захьсан билүү, Тэс сум руу явна гэхээр тэгсэн байх л даа. Гэхдээ манай хүн чинь нутаг явж ирснийхээ дараа оюутны байранд манай нутгийн залуучуудтай уулзана гээд их ирдэг байсан” гэлээ. Энэ зуурт Бумбаяр заан “Би Бат-Очир болоод бусад хүүхдүүдтэй уулзах гэж очдог байсан нь үнэн. Гэхдээ тэднээр далимдуулж чамайг харах гэж очдог байсан байхгүй юу” хэмээн сая л нэг үнэнээ хэлэв үү гэлтэй инээмсэглэж суусан.
Ерэн оны намар тийнхүү танилцаж, ерэн хоёр онд том охин нь төрж их сургуулийн оюутны байрнаас Бумбаярынх гэдэг айлын амьдрал эхэлжээ. “Бид хоёр гэр бүл болоод гурав, дөрвөн жил оюутны байраар явсан. Дараа нь түрээсийн байранд амьдарч байлаа” гэж Тунгаа эгч хоол унд болох зуураа хэлэв. Тэрээр залгуулаад ханийнхаа начин болсон жилийн наадмын дурсамжаас хуваалцсан юм. “Манай хүнийг начин болдог жил нь буюу ерэн гурван оны наадмаар Балжаа аваргын гэргий Мягмар эгч ягаан дээл хийж өгсөн. Наадмын бэлтгэл дээр нь очиж оёж өгсөн. Аваргын гэргийгээр хийлгэсэн дээлтэй очиж начин цолны тэмдэг энгэртээ зүүгээд ирж байлаа. Тэгэхэд манайх мөн л оюутны байранд. Хөдөө гадаанаас хүмүүс ирчихсэн, Бумаагийн найзууд гээд бөхчүүд ирчихсэн, оюутны байрны ганц өрөө чинь зай завсаргүй юм болно биз дээ. Манайхны хэлдгээр “Дүлий цагаан” дээрээ (плитка) зогсоо зайгүй цай хоол хийгээд халуун гэж жигтэйхэн, ирсэн зочдын хөлс нь урсаад ярих юм биш. Тэгж л начин цолныхоо найрыг хийсэн түүхтэй” хэмээн ямар нэгэн хачиргүй дурсамжаасаа хуваалцлаа. “Оюутны байранд олуулаа тэгж бужигнаж байсан үе маань гоё байжээ. Хоёр хүүхэдтэйгээ дөрвүүлээ ганц умгар өрөөндөө багтаж ядаж байхад хөдөөнөөс хоёр гурван оюутан, Бумаагийн дүү нар ирээд байчихна. Одоо эргээд бодоход яаж болж байсан юм гэж санахаар. Гэвч болдог л байсан. Сүүлд бид хоёр хорооллын эцэст зургаан давхар байшин барьж түүндээ аав ээж, ах дүү нараа бүгдийг нь оруулсан даа” гэж гэрийн эзэгтэй өөх мах алагласан хонины хавирга сэлт чанан лавшаа хийх зуураа сонирхуулаад авсан. “Ганц өрөөнд олуулаа багтаж ядаж байсан бол одоо хэдэн өрөө том байранд хоёр, гурвуулахнаа л байж байна” гэснээ “Манай хүн чинь мах чанаж сайхан гэгч ясны шөл гаргаад лавшаа хийх дуртай. Элдэв янзын ногоо цагаа хэрэглэхгүй” хэмээн гал тогоо хавиас дуулгаж байв.
Бумаа ах хэсэг хугацаанд чимээгүй сууснаа манай аав их мундаг хүн. Намайг бөхийн өндөр цолонд хүрэхэд их нөлөө үзүүлсэн. Миний сэтгэл зүйг их өөрчилж, хат суулгаж өгсөн гээд аавынхаа тухай ийн өгүүлсэн юм. Ерэн гурван онд тэрээр Довчингийн Нэгдэл начингаар гурав, Жамбалын Хайдав арслангаар дөрөв давж, 1963 оноос хойш төрийн наадамд зодоглохдоо тав бүү хэл, долоогийн даваанд цөөн унасан Хорлоогийн Баянмөнх аваргаар тав давж улсын цолонд хүрсэн билээ. Начин авчихаад аав дээрээ иртэл огтоос тоосон шинжгүй “За миний хүү, ус нутгийн минь бахархал болсон домогт бөхчүүдээр цолонд хүрлээ. Чи өөрийнхөө хүчээр начин болсонгүй. Цаашдаа сайн барилдаж энэ хүмүүсийн итгэлийг даах хэрэгтэй” гэжээ. Дараа жил нь Увс аймгийн харьяат улсын начин Нямжавын Мөнхжаргалаар тав давж өсөх идэр чимэг нэмэхэд аав нь мөн л баяр хүргэсэнгүй. Увсын бөхөөр давсан гээд тэр. Харин ерэн найман онд залуу заан Гэлэгжамцын Өсөхбаяраар тав давж гурвантаа шөвгөрөхөд нь машид баярлаж, одоо л миний хүү аавдаа улсын цолтой бөх болсон гэдгээ баталлаа. Гэхдээ чи ханах хэрэггүй, чамд заан цол элбэгхэн байгаа шүү гэж хэлж байсан удаатай гэнэ.
“Манай Тунгаа миний хор шарыг их малтана аа” гэж гэрийн эзэн хэлээдэхэв. Сүхбат аварга, Гантогтох гарьд хоёр Бумаагийндаа гэр бүлээрээ ирчихсэн бүгд хөзөр тоглоод сууж байжээ. Ер нь үе үе тэр хэдтэйгээ нийлж хөзөр тоглож баахан инээлдэж, хөхрөлдөж байсан үеийнхээ дурсамжийг ярих дуртай юм билээ. Тийн хөзөрдөж байтал Тунгаа эгч “Бумаа чи, Сүхбат, Ганаа хоёроос биеэр хамаагүй том. Хэн ч харсан энэ хоёроос том цолтой бөх гэж бодохоор. Тэгтэл чи начин, энэ хоёр заан байдаг. Чамаас хамаагүй жижиг биетэй хоёр дүү чинь заан болчихоод чи ичдэггүй юм уу” гэх утгатай үг хэлж шарыг нь малтаж байсан гэдэг. “Би чинь өвгөнийгөө үе үе шургуу хийнэ шүү дээ. Тэс сумаас баахан л бөх байна. Арав гаруй начин байна. Энэ дундаас заан болчих магадлалтай хүн чинь чи биз дээ гэнэ. Манай хүн бас зөрүүдэлнээ, би ямар Тэс суманд төрсөн юм уу, Баруунтуруунд төрсөн гэж өөдөөс сөргөнө”. Ийм л яриа хөөрөө өрнүүлсэн шигээ бага охиноор нь чихэр жимс, ундаа жүүс дөхүүлүүлж, уран барилдаант ханагар заандаа ус нутаг, найз нөхдийнх нь дурсгасан эмээл хазаар, морин хуур, өөрийнх нь дүрс бүхий баримал, өөдөө цойлсон цалин цагаан морин цом зэргийг нь сонирхож, зузаан зузаан ботиуд шиг зургийнх нь цомгийг эргүүлсэн шигээ суулаа даа.
Бумбаяр заан эхээс наймуулаа юм билээ. Дүү нарынх нь нэг Монгол Улсын мэргэн Норжмааг манайхан мэднэ. Монгол сурын алтан зурхайд сум тавьж, төрийнхөө наадмын түрүүг хүртэн, төрийн тэргүүнийхээ зарлигаар улсын мэргэн цол хүртсэн нэгэн. Одоогоор улсад нэг түрүүлж, хоёр удаа үзүүр булааж хэд хэд шөвгөрөөд байгаа. Увс аймгаас тодорсон анхны мэргэн гэдэг. Тэгвэл Норжмаа мэргэний дүү Баатархүү гэж аймгийн алдарт уяач залуу бий гэнэ. Аймаг, сумандаа айраг түрүү хүртэхээс гадна бүсийн даншиг наадамд мөн л түрүү, айраг хүртээд буй нэгэн ажээ. Бумаа ах Баатархүү дүүгээ улсын алдарт уяач болгох зорилго тавиад байгаагаа дуулгасан. Ийнхүү Увсын Баруунтуруун сумын унаган иргэн Дамиран гэж эгэл жирийн айлынхаас Монгол эрийн гурван наадам төрөөд байгаа ажээ. Үндсэндээ Баатархүү улсын алдарт уяач болох юм бол Дамиран гуайн гурван хүүхэд улсын заан, улсын мэргэн, улсын алдарт уяач болох өндөр хувь энүүхэнд байна.
“Миний хань ижий ааваа машид хүндэтгэж хайрладгийн нэгэн илэрхийлэл бол энэ гэр бүлээс монгол эрийн гурван наадам тодорсон явдал. Норжмаа анх манайд ирээд охиныг минь хардаг байлаа. Адилхан бүсгүйчүүд учир миний бие түүнээс ямар мэргэжилтэй хүн болох вэ гэхэд, нум сум харвадаг харваач болмоор байна гэсэн. Тэгээд тухайн үед багагүй хэдэн төгрөг зарж байж Бумаа бид хоёр Норжмаад нум сум авч өгч байлаа. Одоо Баатархүүгээ улсын алдарт уяач болгоно гээд бас л энд тэндээс хурдан удмын адуу авч өгөөд зүтгэж байна” хэмээн гэргий нь хэлж байна. Сайхан хувь заяа гэхээс өөр юу гэх билээ. Дамиран гуай хөгшнийхөө хамтаар Бумбаяр хүүгийнхээ зургаан давхар байшинд хүүхдүүдийнхээ хамт, ач зээ нарынхаа “ангирын ганганаа” дунд тэнхлүүн аж төрж буй гэнэ. Зааных одоогийн байранд нүүж ирээд жил гаруй болж байгаа аж.
Анх “Багануур” компаниас байртай болж байснаа гэр бүлийн хоёр баяртайгаар дурссан. Бумаа ах Багануурын уурхайн компанийн бөх болсон түүх нь сонин юм билээ. Тэрээр 1996 онд Увс аймгийн Хяргас сумын Цогт-Очирын Баянмөнхийг дагуулаад Багануур компани дээр, нутгийн ах Хөхөөгийн Балсандорж дээр яваад очиж л дээ. Баянмөнхийгөө тэдний бөх болгох санаатай очсон нь тэр. Баянмөнх нь ерэн таван онд Ховдын Батзоригоор тунаж тав давж начин болоод байсан үе. Балсандорж захирал Бумбаярын хүсэлтийг хүлээж аваад төд хоногийн дараа хариу өгнө, над руу утасдаарай гэжээ. Хэлсэн хугацаанд утасдахаар Баянмөнхөө дагуулан Төв шуудан дээр яваад очжээ. Тэгтэл “Манай хамт олон ярилцаад Баянмөнх начинг биш харин өөрийг чинь компанийнхаа бөх болгохоор боллоо” гэсэн хариу өгөх нь тэр. Хажууд Баянмөнх нь хараад зогсож байдаг. Тэр шийдвэрийг начинд хэлэхэд их хэцүү байлаа гэж Бумаа заан инээвхийлэв. Түүнээс өмнө Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн менежерээр ажиллаж байсан Түмэнбаяр гэж бөхөд элэгтэй, Бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн гишүүн байсан хүн “том” Сүхбат гарьд, Бумбаяр хоёрын улаан фен нь байжээ. Тэгээд өөрийн компанийн бөх болгож, Бумаа зааныг сургууль соёлыг нь төгсгөж, улсын цолонд хүргэсэн ач буяныг мартдаггүй юм билээ. Мөн Дүгэржав гэж нутгийн ах, сүүлд овоглож барилдсан “Увс хүнс”-ийн хамт олноо ч дурсаад авсан.
Тэднийх хоёр охинтой. Том охин Шижиртуяа нь өнөө жил Их сургуулийн хуулийн ангийг төгсч байгаа аж. Саяхан хонхны баяр нь болж төв талбай дээр Бумбаяр заан гэргий, бага охиныхоо хамт очин том охиндоо цэцгийн баглаа барьж баяр хүргэжээ.
Бага охин Идэрмаа нь мөн Их сургуулийн оюутан аж. 1994 онд аавыгаа өсөх идэр чимэг авахад төрсөн учир Идэрмаа гэж нэр өгснөө ээж нь сонирхуулж байсан. Тунгаа захирал Их сургуулийн хуулийн ангийг төгссөнөөсөө хойш хорь шахам жил өмгөөлөгч, нотариатчиар ажилласан байна. Төрсөн эгч Алимаагаа Тэс сумаас аймгийн Иргэдийн хуралд хоёр ч удаа төлөөлөгчөөр сонгогдоход нь хамт явж, дараа нь 2009 онд үйлчилгээний газраа АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийн сурталчилгааны байр болгон бусад нөхдийн хамт зүтгэж зүрхнийхээ дуудлагаар улс төрд хөл тавьжээ. Аливаад чин шударга хандаж, хийж бүтээхийн тэмүүлэл, хэлсэн л бол түүндээ хүрнэ гэх чин эрмэлзэл зааны гэргийгээс илхэн харагдаж байлаа. Үнэхээр дайчин эрэмгий бүсгүй юм билээ. “Автобус-1” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрынхаа 700 гаруй ажилчдыг түүчээлэн яваа эмэгтэй. “Манай хүний дайчин эрэмгий, хор шартай чанар миний барилдааны амжилтад бас л нөлөөлдөг байсан. Ямар сайндаа л Сүхбат, Гантогтох хоёрын хажууд “Жижигхээн биетэй энэ хоёр заан болчихоод байхад…” гэж миний шарыг малтаж байхав дээ” хэмээн гэрийн эзэн яриан дундаа хэдэнтээ хэлээд авсан юм.
Бумаа заантай хуучилж суухад гэргийгийнх нь утас зогсоо зайгүй хангинана. Ажлын газрынхан, Иргэдийн хурлынхан, Баянгол дүүргийнх нь сонгогчид, за тэгээд найз нөхөд нутаг усныхан гээд ярих хүн бишгүй бололтой. Харин Баянаа аваргын охин, Сүхбат аваргын хүүхдүүдийн ээж Баясаа ярьж таарсан. Тэрээр нөхөртөө “Баясаа ярьж байна” гэж дуулгаж байлаа. Гантогтохын гэр бүлийнхэнтэй ойр байдгаа дурсаж байв. “Сүхбат залуу эхнэртэй болоод өөр амьдрал зохиочихсон, Намжилдоржийн маань бие жаахан тиймэрхүү байгаа зэргээс ойрд уулзалдсангүй дээ” гэв. Ховдын Мөнхбаатар, Увсын Мөнхжаргал, Говь-Алтайн Баатар гээд начингуудтай гэр бүлийн найзууд ажээ.
Тунгаа эгч хоёр охиныхоо өрөөнд хэсэг зуур удсанаа гарч ирэн “Ингэхэд эгч нь, Бумааг заан болох жил л төв цэнгэлдэх орсон гээд боддоо” хэмээн урт хар сормуусаа дэрвүүлэн нүдээрээ инээд алдсан юм.
Хэн ч юм бэ дээ, нэг ахмад цолтой бөх л наадмын дэвжээнд нөхрийгөө дагаж очиж болохгүй, барилдаан гардаггүй гэсэн зүйл хэлчихсэн байгаа юм. Тэгээд л Тунгаа эгч дандаа гэртээ үлддэг, наадмын бэлтгэлээс ирэхэд нь тусдаа унтаж, хол хөндийхөн байдаг байснаа инээдэм наргиан болгож хэлсэн юм. 2001 оны наадмаар нөхөр нь “Миний хань хамт оч л доо. Алдар цолтой бөхчүүдийн гэргий нар хамт очоод болоод л байна” гээд дагуулаад явсан гэдэг. Тэгээд тэр жилээ долоо давж хүсэн хүлээсэн заан цолондоо хүрчээ. Орой нь гэртээ бөөн баяр хөөр болон ирээд гэргий нь “Би хэдэн жилийн өмнө л хамт явдаг байж. Аль эрт цолонд хүрчихгүй юу. Намайг л хүлээгээд байсан юм биш үү” гэж тоглоом шоглоомын завсарт хэлж байснаа дурслаа. Харин энэ зуурт Бумаа заанаас Гантогтохоор долоо даваад тугийн мандал нулимстай тойрсныг нь асуулаа.
“Долоогийн даваанд Ганаа намайг амлах нь гарцаагүй байсан. Шаагдаж ам авна гэдэг тэр. Өсөхбаяр, Сумъяабазар, бид гурваас ам сонсч байгаа. Гарахын өмнөхөн Ганаад хэллээ. “Ах нь өнөө жил л заан цолонд хүрэх найдвар байна. Миний дүү нэг юм бодохгүй юу” гэхэд өөдөөс “Бумаа ах аа, та мэдэж байгаа. Манай аав 50, 60 жилийн түүхт ойн түрүү авсан. Далан жилийнхийг Балжаа аварга авсан. Энэ жил би түрүүлэхийн төлөө барилдаж байна” гэдэг юм. Тэгээд л гарлаа. Хоёул үзлээ, би хонгодож дайраад давлаа. Сонин юм шүү. Монгол төрийн наадамд ааваар нь тав давж начин болсон бол хүүгээр нь долоо давж заан болох хувь надад байсан шүү. Яалт ч үгүй уйлчихсан даа. Өөрөө баярлахын зэрэгцээ түмэн олны хүсэл хүлээлтийг биелүүлнэ гэдэг маш том баяр бахдал байдаг юм билээ. Олон хүн баяр хүргэж баярласнаа илэрхийлж байсан”.
Ийнхүү “Уур хүрмээр олон бөхтэй Увсын Тэс”-ийнхний хүчтэнүүдийн манлай Дамирангийн Бумбаяр заантай өдрийн турш хуучилсаар үдшийн бүрийтэй золголоо. Өнөө жилийн наадмаар хэнийг харж байна гэхэд, Содномдорж, Гончигдамба хоёр дээшээ барилдана байх. “Увс нуур” галыг манай Гантогтох ахалж байгаа, ноднин би ахалсан. Мөнхбат аварга, Бүрэнтөгс нар түрүү бодож л байгаа. Санжаадамбыг хэлэхгүй өнгөрч болохгүй. Өнгөрөгч жилийн аварга маань байна. Олон шинэ цолтон төрсөн сайхан наадам болно доо гэсээр хоцорсон юм.
Н.ГАНТУЛГА
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 24-26-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна. Уг айлчлалын талаар Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягтай ярилцлаа.
-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг Та хэрхэн дүгнэж байна вэ. Айлчлалын гол онцлог юунд оршиж байна?
-Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2014 оны зургадугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын энэ оны нэгдүгээр сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм. Хятадын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажилла¬гааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн хүрээн дэх хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлэхэд оршиж байна. Үүгээрээ энэ удаа¬гийн айлчлал чухал ач холбогдолтой болох юм.
Гадаад харилцааны сайд Л.Болд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг олон салбарын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар са¬нал солилцоно. Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар хэлэлцэж, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар хоёр талын баримталж буй бодлого, байр суурийн талаар нухацтай ярилцана. Түүнчлэн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагвад тус тус бараалхаж, хоёр талын өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Мөн ойрын хугацаанд хоёр талын хооронд хэрэгжүүлэх өндөр, дээд төвшний айлч¬лалын бэлтгэлийг хангах, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажил-лагааг гүнзгийрүүлэн хөгжүү¬лэх, хоёр талын харилцааны болон бусад харилцан сонирхсон асуудлаар мэдээ¬лэл, санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэхэд чухал ач холбогдолтой болно.
-Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа. Хоёр та¬лын харилцааны хэтийн төлөвийг Та хэрхэн харж байна вэ?
-Монгол, Хятадын хооронд 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрч байна. Тэгэхээр энэ он тэмдэглэлт ойн жил бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 20 жилийн ой мөн тохиож байгаа юм. Эдгээр тэмдэглэлт ойг хамтран тэмдэглэн өнгөрүү¬лэх зорилгоор хоёр тал энэ оныг Найрсаг солилцооны жил болгон зарлаж олон ажил арга хэмжээ хамтран зохион явуулахаар тохиролцож шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Үүнд, харилцан соёлын өдрүүд зохиох, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, урлагийн тоглолт хийх, кино өдрүүд зохиох, хүүхэд, залуучуудын солилцоо хэ¬рэгжүүлэх зэрэг баялаг ар¬га хэмжээнүүд тусгагдсан байгаа. Эдгээр ажил арга хэмжээний дотор дээд, өндөр төвшний харилцан айлчлал багтаж байна. Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалын дараа БНХАУ-ын даргын хийх төрийн айлчлал, мөн оны сүүлчээр УИХ-ын дарга З.Энхболдын өмнө хөршид хийх айлчлал төлөвлөгдөж байна.
Сүүлийн жилүүдэд БНХАУ, Монгол Улсын бүх та¬лын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирлээ. Өдөр, дээд төвшний харилцан айлчлалууд тогт-молжиж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Хоёр тал бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны механизмуудын хүрээнд ам-жилттай хамтран ажиллаж байна. Соёл, боловсрол, шинж¬лэх ухаан, техник, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа нь хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол, найрамд¬лыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.Энэ бүхний үндсэн дээр 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улам эрчимжин гүнзгийрч, өндөр дээд төвшний харилцан айлчлал, салбар хоорондын, иргэд, хүүхэд залуучуудын харилцаа, со¬лилцоо идэвхтэй хэрэгжих сайхан төлөв бүрэлдээд байна.
Өнөөдөр Монгол, Хята¬дын харилцаа түүхэн дэх хамгийн таатай үедээ явж байна. Хятадын тал ч ингэж дүгнэдэг. Улс хоорондын харилцааны дээд төвшин болох стратегийн түншлэл хэрэгжиж байна. Улс төрийн харилцаанд ямар нэгэн маргаантай асуудал байхгүй, бүс нутаг, олон улсын асуудлаар үзэл бодол, байр сууриа тогтмол солилцож, дэлхий дахин, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын төлөө идэвхтэй хамтран ажиллаж байна. Газар нутаг, хилийн маргаантай асуудал байхгүй. Монгол, Хятадын хилийн зурвасыг хамтран бүрэн тодотгож тогтоосон. Нэг үгээр хэлбэл энхийн хил болсон. БНХАУ олон жилийн туршид манай худалдааны хамгийн том түнш, хамгийн том гадаад хөрөнгө оруулагч байсаар ирлээ.
Өнгөрсөн тавдугаар сард Шанхай хотод болсон Азид хамтын ажиллагаа, итгэлц¬лийг бэхжүүлэх бага хурлын дээд төвшний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар са¬нал солилцож ярилцсан. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин “БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Хоёр улс харилцан ашигтай харилцаж, хамтран хөгжиж, хамтдаа хожих ёстой” гэсэн БНХАУ-ын албан ёсны байр суурийг дахин нотолсон юм. Түүнчлэн Монгол Улстай хамтран ажиллахдаа “Монголын талд илүү ашигтай байхаар хандана” гэсэн нь манай улсад хөгжлийн боломж, давуу талыг бий болгох таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
-БНХАУ бүс нутагтаа хамгийн олон хөрштэй орон. Тус улс хөрш орнуудын бодлогоо дахин тодорхойлж, хамт¬даа хөгжье гэдэг үзэл баримтлалыг гаргасан гэсэн. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Өнгөрсөн 2013 оны 10 дугаар сард Хятадын төр засаг хөрш зэргэлдээ улс орнууддаа чиглэсэн гадаад бодлогынхоо асуудлаар хурал хийж, хөрш орнуудтайгаа тогтоосон га¬даад харилцаагаа шинэчлэн идэвхжүүлэх, онцгой анхаарах талаар тусгай шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу он гарсаар хэдхэн сарын хугацаанд хөрш орнууддаа чиглэсэн Хятадын гадаад харилцаа ихээхэн эрчимжиж, хэд хэдэн оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр, чөлөөт бүсийн хэлэлцээр байгуулж, мөн өнөөгийн харилцааны төвшин¬гээ дээшлүүлэх, шинэ алхам хийх зэргээр идэвхтэй харилцах боллоо. БНХАУ-ын удирдлага хөрш орнууддаа “илүү дотно, илүү чин сэтгэлээсээ, илүү нээлттэй, хүртээлтэйгээр хандаж, хамтын ажиллагаанаас хөрш орнууддаа илүү ашиг тус хүртээх” гэсэн шинэ үзэл санаагаар хандаж буй нь Монгол-Хятадын хоёр талын харилцаа болон бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү таатай нөхцөл бүрдүүлж байна гэж Монголын тал үзэж байгаа. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Гадаад харилцааны сайд Л.Болдыг энэ оны нэгдүгээр сард Хятадад айлчлах үеэр БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао хүлээн авч уулзан дээрх бодлогоо тайлбарлан танилцуулж, Хятадын хөгжлийн энэ таатай боломжийг хөрш зэргэлдээ улс орнууд онцгойлон анхаарч ашиглаж эхэлснийг дурдаад Монгол Улс ч бас Хятадын хөгжлийн энэ боломжийг алдалгүй ашиглаасай, хамтдаа хөгжье гэж хүсч байгаагаа илэрхийлсэн байдаг.
-Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн өрнөж байна вэ. Тэр дундаа томоохон төслүүдийн хамтын ажиллагаа ямар шатандаа явж байгаа вэ?
-Монгол Улс 2011 онд БНХАУ-тай стратегийн түншлэ¬лийн харилцаа тогтоо¬сон. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2013 онд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр байгуулсан. Энэ үндсэн дээр хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд дээр хамтран ажиллаж, түрүүчээс нь зарим тодорхой үр дүнд хүрэх сайхан төлөв бий болж байна.
Монгол, Хятадын страте¬гийн түншлэлийн харилцааны гол тулгуур нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа гэж талууд үздэг. Хоёр талын аж ахуйн нэгжүүд уул уурхай, барилга, зам, тээвэр, ХАА, банк, санхүүгийн салбарт эрчимтэй хамтран ажиллаж байна. БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш, бас хамгийн том хөрөнгө оруу¬лагч билээ. Манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад БНХАУ сүүлийн 14 жилийн турш тэргүүлэх байр эзэлж ирснийг дурдах нь зүй.
Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол, Хятадын харилцааны ойрын жилүүдийн явц байдлыг дүгнэж, цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх хоёр талын сонирхлыг нотолж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцох юм. Өнгөрсөн онд хоёр улсын удирдагчдын хүрсэн чухал тохиролцоонууд болон “Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийн талаар, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор нүүрс хийжүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг томоохон төслүүдийн хамтын ажиллагааны талаар ярилцах болно.
Монгол Улс нийт 5600 км шинэ төмөр зам барихаар төлөвлөсөн бөгөөд 2013 онд эхний ээлжинд баригдах 1800 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Шинэ төмөр замын болон түүнтэй уялдаатай хөгжүүлэх аж үйлдвэрийн бусад төслүүдэд Хятадын нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүд, банк санхүүгийн байгууллагууд зах зээлийн зарчмын дагуу оролцох асуудал нээлттэй.Хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх зорилгоор урьд нь ажиллаж байсанМонгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүчний зөвлөлийг өргөтгөн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл болгохоор талууд тохиролцоод байна.
Монгол Улсад нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц хамтран байгуулж, БНХАУ-д эрчим хүч экспорт¬лох сонирхолтой байдаг. Энэ яриа хэлэлцээг үргэлжлүүлж өндөр, дээд хэмжээний айлчлалын үеэр ахиц гаргах боломж бий.Нүүрс хийжүүлэх төслийн хамтын ажиллагаа нэлээд ахицтай байгаа бөгөөд ойрын үед бодит үр дүнд хүрэхээр ажиллаж байна. Энэ төсөл нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны түү¬хэнд хамгийн том төсөлд тооцогдох бөгөөд манай эдийн засгийн хөгжилд болон агаарын бохирдлыг бууруулахад маш чухал ач холбогдолтой юм.
-Олон нийт Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар ойлголт, мэдээлэл багатай байдаг. Ялангуяа төмөр зам, уул уурхайн хамтын ажиллагааны талаар янз бүрийн сэтгэгдэл, байр суурь илэрхийлэх нь бий. Үүнийг Та юу гэж үздэг вэ?
-Өнөөдөр дэлхийн улс орнууд маш түргэн хурдацтай хөгжин өөрчлөгдөж байна. Бүс нутгууд эрчимтэй хөгжин даяарчлагдаж, хөгжлийн боломжуудыг алдалгүй ашиг¬ла¬хыг зорьж, хамтын хөгж¬лийн төлөө гадаад харилцаа, аюулгүй байдлын таатай, найдвартай орчныг бүрдүүлэхийн төлөө улам бүр идэвхтэй хамтран ажиллах боллоо. Цаг ямагт өнгөрснийг эргэн харж, түүнтэй жишиж харьцуулах нь урагшлан хөгжихөд төдийлөн эерэг үр нөлөө үзүүлэхгүй байх нь бий. Өнөөдөр бид урагшаа харах, хөгжил цэцэглэлийн боломжийг алдахгүй ашиглах, хамтын аюулгүй байдлын найдвартай орчныг бий болгохыг илүү их анхаарах нь зүйтэй юм.
Өнөөдөр шинээр тавих төмөр замыг өргөн, нарийн царигаар тавих асуудлаар янз бүрийн хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд хамт-ран хэлэлцэж УИХ, Зас¬гийн газарт оруулж шийдүүлнэ. Өөрөөр хэлбэл, монголчууд бид өөрсдөө л шийднэ. Шийдвэр гаргахад улс төрийн аюулгүй байдал, эдийн засгийн бодит үр өгөөж, бусад олон талын нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдэх нь мэдээж. Үүнд гадны ямар нэгэн нөлөө байх боломжгүй.
Ярилцсан А.СҮНДЭР
Сүүлийн жилүүдэд компанийн сайн засаглал хэмээх Монгол улсын хувьд шинэхэн ойлголтын талаар багагүй ярих болсон. Энэхүү ойлголтыг байгууллагынхаа үнэт зүйл болгоод зогсохгүй бусаддаа үлгэрлэн түгээж яваа ХасБанкны гүйцэтгэх захирал Д.Бат-Очиртой ярилцсанаа хүргэж байна.
-Юуны өмнө танай хамт олонд баяр хүргэе! Танай банкийг олон улсын байгууллагаас компанийн сайн засаглалтай банкаар шалгаруулсан гэж сонслоо. Яг ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм бол, танай банкнаас нэрээ дэвшүүлсэн үү?
-Баярлалаа. Олон улсын хөрөнгийн зах зээл болон санхүүгийн салбарын чиглэлээр хэвлэмэл сэтгүүл болон цахим хэлбэрээр мэдээлэл гаргадаг Лондонд төвтэй Capital Finance International байгууллагаас сайн засаглалаар манлайлж байгаа банкуудыг шалгаруулдаг юм байна. Шалгаруулалтыг хийхдээ олон улсын нэр хүнд бүхий Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, Европын холбоо зэрэг байгууллагуудаас санал авч нэр дэвшигчдийг тодруулаад дараа нь тусгайлсан ярилцлага хийх замаар эцсийн шалгаруулалтыг хийдэг юм билээ.
Монгол улсаас энэхүү шагналд нэр дэвшсэн нь анхны тохиолдол бөгөөд тэр дундаа ХасБанк ази тивийн шилдэг сайн засаглалтай банкаар шалгарсан нь бидний хувьд бахархалтай хэрэг юм.
– Тухайн байгууллагаас танай банктай холбогдсон уу, эсвэл олон улсын байгууллагуудаас нэр дэвшүүлсэн л бол өгдөг шагнал уу?
-Нэр дэвшүүлж байгаа байгууллагууд нь олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд байдаг болохоор нэр дэвшүү¬лэхдээ хүртэл өөрс¬дийн¬хөө нэр хүндэд сэв суулгах сонголт хийх магадлал бага байдаг байх. Нэр дэвшигчдээсээ уг байгууллага нь дахиж сонгоод 30 минутын ярилцлагыг банкны Гүйцэтгэх захиралтай хийн, банк¬ны гүйцэтгэх засаглалын чана¬рын талаар мэдээлэл аван дахин хороогоороо оруу¬лаад эцсийн сонголтоо хийдэг гэж ойлгосон. Тэгэхээр нэр дэвшүүлсэн болгонд өгдөг шагнал биш гэдэг нь харагдаж байгаа байх.
– Компанийн засаглал гэж үүнийг хэлнэ гэсэн албаны тодорхойлолтоос илүү ХасБанкны хувьд компанийн засаглалыг яаж хардаг нь сонирхол татаж байна?
– Компанийн засаглал бол тухайн орны эдийн засаг ямар төвшинд явж байгааг харуулдаг үзүүлэлтүүдийн нэг л дээ. Хувийн хэвшил дөнгөж бий болж байх үед бид компанийн засаглалын тухай ямар ч ойлголтгүй байсан. Харин эдийн засаг хөгжих хэрээр энэ ойлголт өргөжиж тэлсэн. Хүссэн хүсээгүй бий болдог зүйл гэж хэлмээр байна. Манай банкны хувьд анхнаасаа, сууриас нь компанийн засаглалын зарчмаар явсан. Анх байгуулагдахдаа суулгасан компанийн сайн засаглалын үр өнөөдөр соёолж, ургаж, цэцэглэж эхэлсэн учраас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага бидэнд энэ нэр хүндтэй шагналыг хүртээсэн байх. Мөн бичил санхүүгээс бизнесээ эхэлсэн ХасБанкны хувьд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахуйц өндөр түвшинд хүрч чадсаны нэг том баталгаа гэж харж байгаа.
Санхүү, бизнесийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй уялдаж ажиллах шаардлагатай бүх талуудын ашиг сонирхолыг жигд тэнцвэртэйгээр хамгаалж чадаж байгаа байгууллага л урт удаан хугацаанд тогтвортой амжилттай ажиллаж чадна гэдэгт бид анхнаасаа итгэн энэ зарчмаар ажиллахыг хичээж ирсэн. Манай банкны хувьд гэхэд л харилцагчид, зээлдүүлэгчид, хувь нийлүүлэгч, ажилчдаас гадна бидний харилцдаг түнш байгууллагууд болон татвар, нийгмийн даатгал, зохицуулах байгууллагууд гээд олон талуудтай холбогдон ажиллах шаардлагатай учир аль нэгнийх нь ашиг сонирхлыг сөргөөр хөндөөд эхлэх л юм бол бизнесийн тогтвортой байдалд муугаар нөлөөлөх эрсдэлтэй. Энэ зарчмыг ялангуяа ХасБанкны үе үеийн хувь нийлүүлэгчид маш сайн ойлгон өөрсдийн эрх ашгаа хэт дээгүүр тавин бусад талуудын эрх ашгийг хөсөрдүүлэхгүй байх тал дээр засаглалын зарчмыг хатуу баримталж ирсний үр дүнд ХасБанк жижиг төслөөс олон зуун мянган харилцагчтай системийн хэмжээний банк болж, өсөн дэвжиж чадсан гэж боддог. Энэ олон ашиг сонирхлыг тогтвортой хангахын тулд Хувь нийлүүлэгчид, ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын багийн эрх үүргийг зохистой хуваарилах, мэргэжлийн хараат бус байдлыг нь хангах нь чухал гэдгийг анхнаасаа хүлээн зөвшөөрөн ажиллаж ирсэн нь бидний нэг давуу тал гэж бодож байна. Миний санаж байгаагаар 2001 оноос хойш өдийг хүртэл арваад банк дампуурсан. Гэтэл бид хамгийн жижиг банкаас системийн хэмжээний дөрөв дэх том банк болж чадсан. Шалтгаан нь маш тодорхой. Олон ашиг сонирхлыг жигд барьсны л хүч. Ингэж чадсан учраас л хувь нийлүүлэгчид хөрөнгөө оруулж, харилцагчид мөнгөө хадгалуулж, зээл авч, ажилчид тогтвортой ажиллаж байгаа хэрэг.
– Компанийн засаглалаар бусдаас ялгарах давуу тал гэвэл та үүнээс өөр юуг онцлох вэ?
– Санхүүгийн салбарын засаглалын онцлогийг түрүүлж мэдрээд хэрэгжүүлж чадсан нь бидний бусдаас ялгарах давуу тал байх. Санхүүгийн салбарын засаглал өөрөө их онцлогтой. ХХК-ийн хувьд дийлэнх хөрөнгө нь эзнээс ордог учраас эзний эрх ашиг тэргүүн ээлжинд тавигдахаас аргагүй байдаг. Харин санхүү¬гийн байгууллагын хувьд хадгаламж эзэмшигч, гадны зээлдүүлэгчийн мөнгийг эзний хөрөнгөтэй хольж эдийн засагт эргэлтэд оруулдаг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулах нийт хөрөнгийнхөө 10 хувийг эзнээс, 90 хувийг нь бусдын итгэлийг олж татан төвлөрүүлдэг онцлогтой. Нийт мөнгөний 90 хувийг бүрдүүлж байгаа талын эрх ашгийг хамгаалах тусам банкны бизнес зөв замаар өргөжин тэлдэг. Хамгаалахгүй бол хөгжихгүй, эсвэл дампуурна. Тэр утгаараа манай банкны хувь нийлүүлэгчдийн бодлого тодорхойлох болон хэрэгжүүлэх түвшинд оролцох орол¬цоо нь хэт давамгайлсан биш. Одоо ч тийм хэвээрээ. Зарим байгууллагын хувьд зөвхөн өөрийн ашгийг илүүд үзэж ТУЗ болон гүйцэтгэх удирдлагаа хараат болгох хандлагууд анзаарагддаг. Хас¬Банкинд анхнаасаа мэргэж¬лийн хараат бус байдал нэ¬лээд сайн хөгжсөн. Аль нэг хувь нийлүүлэгч ТУЗ-д дуртай үедээ хүн тавиад, дургүй үедээ хөөгөөд гаргадаг бололцоо байдаггүй. Гүйцэтгэх удирдлагын хувьд ч ялгаагүй. Дурын нэг хувь нийлүүлэгч гүйцэтгэх удирдлагын багт шалт¬гаангүйгээр хүн томилж, сугалж авах боломжгүй. Мэ¬дээж хараат бус гэдэг нь дур зоргоороо аашилна гэсэн үг биш. Ашиг сонирхлыг хэт нэг талд нь гаргахгүй, тогтвортой хөгжлийг хангахын тулд тэргүүн ээлжинд мэргэжлийн ажлаа хийгээд явна гэсэн л санаа. Товчхондоо, мэргэжлийн ха¬раат бус байдал манай гол ялгаа.
– Тэгэхээр ТУЗ, гүйцэтгэх удирдлагын баг хувь нийлүүлэгчдээс үл хамаарч чухал томоохон шийдвэрүүдийг гаргаад явах боломжтой гэсэн үг үү?
– Хувь нийлүүлэгчдээс үл хамаарах гэдэг утгаараа биш харин тус тусдаа үүрэх ёстой хариуцлага, энэхүү хариуцлагаа хэрэгжүүлэх эрхийн хүрээнд үл хамааран хараат бусаар шийдвэрээ гарган хэрэгжүүлэх боломжтой гэж ойлгох нь илүү зөв байх. Банкны салбарт нэг гашуун туршлага байдаг. Нэг бол зээл хэт төвлөрч олгогдсон, эсвэл холбоотой компаниуддаа зээл өгсөн жишээ олон бий. Дэд бүтэцдээ хангалттай хөрөнгө оруулалт хийдэггүй нь ч сөргөөр нөлөөлдөг. Банкны гол үүргүүдийн нэг бол эдийн засагт иргэд байгууллагуудын төлбөр тооцоог найдвартай шуурхай хийх явдал байдаг.Үүний тулд мэдээллийн технологийн дэд бүтэц нь сайн байх шаардлагатай. Ийм юманд мөнгө зарахаас хойшоо суувал төлбөр тооцооны тогтолцооны аюулгүй байдал алдагдаж, харилцагчдад эрсдэл учирна. Жишээ нь үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг гүйцэтгэх удирдлага, ТУЗ хоёр шийдэх үүрэгтэй, хувь нийлүүлэгчид оролцох эрхгүй байдаг.
– Capital Finance International-ийн сайн засаглалтай компанид тавьдаг нэг шалгуур нь гүйцэтгэх удирдлагын хараат бус байдал гэж онцолсон байсан. ХасБанкны хувьд энэ шалгуурыг хангаж чадсан гэдэг ойлголтыг таны ярианаас авлаа. Хараат бус ТУЗ, хараат бус гүйцэтгэх удирдлагатай байх зайлшгүй шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?
– Нийгэм, эдийн засаг, бизнес хөгжөөд ирэхэд зайлшгүй тавигдах шаардлага, нөхцөл л дөө. Бизнес эрийн цээнд хүрч байгаа эсэхийг хэмждэг нэг гол үзүүлэлт гэж хэлж болно. Монголд хувийн сектор хөгжиж байх эхэн үед нэг, хоёр хүний, гэр бүлийн бизнес гэж байсан бол өнөөдөр өчнөөн оролцогчтой, олон ашиг сонирхлыг нэг уулзвар дээр нэгтгэсэн том бизнес хөгжих нь гарцаагүй болж байна. Ийм нөхцөлд хэн гүйцэтгэх удирдлагыг хийх вэ гэдэг бол анхаарал татахаар том асуулт. Маш өндөр мэргэжилтэй, тавьж байгаа шаардлагын босгыг давсан мэргэжлийн баг хэрэгтэй гэсэн үг. банк анхнаасаа зөв хүмүүсийг удирдлагынхаа багт тавьж, зөв хүмүүсээр удирдуулж ирсэн. Энэ зарчим өнөөдөр ч өөрчлөгдөөгүй. Харин ч илүү олон чиглэлээр бэлтгэгдсэн банк, санхүүгийн мэргэжилтнүүд удирдлагын багт ажиллаж байна. Дараагийн удирдагч хэн байх вэ гэдэг залгамж халааны асуудал ТУЗ-ийн анхаарлын төвд байсаар ирсэн. ТУЗ нь удирдлагын багтаа “та нар энэ зорилгыг ийм эрх мэдэлтэйгээр хэрэгжүүлж энд хүргэнэ шүү” гэж чиглүүлээд тодорхой эрх өгсөний дараа өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Мэргэжлийн баг ч тэр чиг замаар нь ажиллаж, хийснээ үнэлүүлж чаддаг. Бид ийм зарчмаар ажилладаг. Дахин хэлэхэд хараат бус ТУЗ болон гүйцэтгэх удирдлага олон оролцогчтой том бизнес хөгжиж байгаа өнөө үед зайлшгүй хэрэгтэй бүтэц.
– Засаглалын нэг хэлбэр бол яах аргагүй нийгмийн хариуцлага. Манай компаниуд нийгмийн хариуцлагыг хүүхдийн баяраар хүүхдэд бэлэг тараах төдийгөөр ойлгоод байх шиг санагддаг. ХасБанкны хувьд нийгмийн хариуцлага гэж юу вэ?
– Мэдээж бид бүх хүнийг мөнгө хөрөнгө, элдэв зүйлээр тэтгэж чадахгүй. Сэтгэлгээнд нь өөрчлөлт хийх замаар нөлөөлөхийг л нийгмийн хариуцлага гэж ойлгодог. Нийгмийн хариуцлагатай байх тусмаа банкны бизнес цэцэглэнэ. Учир нь бид нийгмийн бүх давхаргын хүмүүст үйлчилгээ үзүүлдэг. Тэдэнд хүлээн зөвшөөрөгдөж байж л итгэлийг нь олж авна шүү дээ. Олж байгаа ашгийг хувь нийлүүлэгч аваад байх биш тэр ашгаасаа нийгмийн сайн сайхны төлөө хуваалцах нь нэг талаасаа бидний үүрэг. Бид энэ нийгэмдээ үйлчилгээ үзүүлээд ашигтай ажиллаж байгаа бол эргээд нийгмийн сайн сайханд боломжоороо хувь нэмрээ оруулах учиртай. Ийм зорилгоор төрийн бус байгууллагуудыг, нийгэмд хэрэгтэй ажлуудыг тасралтгүй дэмжиж ирсэн. Амьдралын боломж тааруу ч авъяастай хүүхдүүдийг дэмждэг “Хөгж¬лийн алтан сан” төрийн бус байгууллага бий. Аймаг бүрт “Хас төгөл” гээд цэцэрлэг байгуулсан. Одоо ч үргэлжилж байгаа ажил. Багийн спортыг дэмжих зорилготой заалны хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээнийг анхлан санаачилж, жил бүр нэлээд идэвхтэй спонсорлодог. Хөл бөмбөг, сагсан бөмбөг, хоккейн спортын “Хасын хүлгүүд” багийг дэмждэг, хүүхэд залууст нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох Афлатон хөтөлбөр гээд олон ажлуудыг дурьдаж болно.
– Эдийн засаг хэцүүхэн байгаа энэ үед эрсдлээс хамгаалсан бодлого нэгдүгээрт тавигдаж таарна. Нөгөө талаараа компанийн сайн засаглалын нэг гол шалгуур үзүүлэлт гэж бодож байна?
– Банк хүмүүсийн олон жилийн хөдөлмөрийн үр ши¬мийг хадгалж эдийн засагт зуучилдаг байгууллага учраас зээлийн үйл ажиллагааг аль болох болгоомжтой явуулах үүрэгтэй л дээ. Тийм учраас төвөгтэй барьцаа шаарддаг. Хүнд өгсөн 100 төгрөгийн 90 төгрөг нь хүний, 10 төгрөг нь эзний мөнгө байдаг учраас тэр. Их л өөриймсөг хандахгүй бол хүний итгэлийг алдана. Зээлдэгчийн эрх ашгийг хадгаламж эзэмшигчийн эрх ашигтай жингийн туухай дээр тавихад хүссэн хүсээгүй хадгаламж эзэмшигчийн эрх ашиг дийлэхээс аргагүй. Энэхүү зарчмыг мөрдлөг болгон ажиллаж ирснээрээ манай банкны зээлийн багцын чанар банкны салбартаа харьцангуй сайн байсаар ирсэн. Системийн банк учраас орон даяар үйл ажиллагаагаа явуулдаг харилцагчид манайхаас зээл авдаг. Эдийн засаг хумигдахаар тэр хүмүүсийн мөнгөн урсгал хумигдаж, төлөвлөж байсан зээл төлөх чадвар нь багасдаг тал бий. Бидний хувьд ч тэр байдлыг нь ойлгож, зээлийн эргэн төлөгдөх нөхцөлийг нь өөрчлөх ажлуудыг зохистой түвшинд хийдэг. Гэхдээ анхнаасаа ирээдүйн эдийн засгийн таамагт үндэслэж зээлийн үйл ажиллагаагаа болгоомжтой явуулдаг тул ийм бэрхшээл гарсан ч гэсэн ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрдэггүй. Уул уурхайн салбарт гэхэд манай зээлийн төвлөрөл маш бага. Цөөн хэдэн том зээлдэгчид олгосон зээлийн төвлөрөл бас бага хэмжээтэй. Зээлийн үйл ажиллагаа ихэвчлэн жижиг дунд руу чиглэсэн. Эрсдлийн удирдлага хариуцсан нэгжүүд, түүн дотроо зээлийн эрсдэл хариуцсан тусгай нэгж үйл ажиллагаа явуулдаг. Зээлийн шийдвэр гаргалтанд дөрвөн нүдний зарчим үйлчилдэг буюу аль нэг хүн дангаараа давамгайлж шийдвэр гаргадаггүй гэсэн үг.
-Компанийн засаглалаа сайжруулахын тулд цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Гүйцэтгэх удирдлагын түвшинд эрх мэдлийг төрөлжүүлж тусгаарлах ажлууд хийж байна. Өмнө нь гүйцэтгэх захирал бүх шийдвэрийг гаргадаг байсан бол одоо гүйцэтгэх захирлын дор хариуцсан захирлууд гэж ажиллана. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захи¬рал эрх мэдлээ хувааж өгөөд, хариуцсан захирлуудаа илүү зорилго, чиглэл өгөх, гүйцэтгэлийг нь хянах замаар удир¬дан, тэдэнд тухайн чиглэ¬лээрээ илүү мэргэ¬шин үйл ажиллагаагаа өргө¬жүүлэх боломжийг олгоно гэсэн үг. Гүйцэтгэх захирал хэт олон шийдвэрт оролцохоо бо¬лин бизнесийнхээ хөгжлийн явц, чиглэлд тавих хяналт, ойрын болон хэтийн зорилтоо илүү оновчтой тодорхойлоход голлон анхаарах боломжтой болно.
– Ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!
– Баярлалаа.
Тэмүүжинг сайд болсноос хойш манай хууль зүйн салбар сэрүүн дотортой орчин байхаа болилоо. “Ногоон
малгайт” гэдэг муу нэрээ хусаж, цагдаа нар энгийн нарны малгай өмсчихлөөр нүдэнд
дулаахан харагдаж байна шүү. Үүгээр хэрэг
төвөг тарьдаггүй хүмүүс үзэгдэн, өрнөж буй
хуулийн шинэчлэлийг сонирхох боллоо. Залуу насны харгайгаар танхайрч хальтрагсад, угийн балмад хоёрт тохирсон
шийтгэл оноодог болсноор хожмын зам мөр өш хонзонгоор үргэлжлэх нь татрах өнгөндөө
оров. Энэ мэтчилэн өөрчлөх маш чухал заалтууд зөндөө бий.
Мөн түүнээс гадна уг хаалттай
ертөнцийг нээгээд орхитол дотроос нь цулайтлаа
баяжсан цагдаагийн хурандаа, шоронд хийдэг “борхиор”, авлигачин шүүхийн авгай нар
гээд эрүүгийнхээсээ илүү гарахааргүй есөн шидийн өт хорхой дүнгэнэлдэн гарч ирж
үнэр танар нь найгаа алдав. Хүмүүс хамар
амаа таглан бушуухан буцаагаад тагла, яршиг зүгээр, Тэмүүжинг ч болиулъя хэмээн
хэсэг шуугив. Архаг хулгайчаас “Ингээд шургаад үз” гэсэн зөвлөгөө авсан мэт.
Дотоод яам дотоод явдлаа адилхан монголчуудаасаа чадлынхаа хэрээр
нуудаг байсан даа. Бидний нүдэн дээр тэдний хонь ямаа, орд харш ил харагдах нь ямар
хэцүү байдаг бол. Өмнөх “До, НАХ”-ын үеэс
энэ том шинжлэх ухааныг битүүмжлэн үл ойлгогдом орооцолдсон үг хэллэг, бичлэгтэй
болгон, албатуудаа харь гаригийн мэт гаж сэтгэхүй, хөрзгөр дүрэнд хэвлэсээр ирсэн.
Ингээд зогсохгүй олон нийтэд үсчин, цахилгаанчин, дугуй нөхдөг газартай адил байнгын
хэрэгцээтэй бүхэл бүтэн үйлчилгээний салбарыг аваачаад хүнд суртлын үүр уурхай болгож орхижээ. Одоо шинэ
ба хуучин хуулиудаас өөртөө хамаатай хэсгийг цаг завандаа дахиж эргэж хармаар л
байгаа юм. Хэрэв шударга нийгэм цогцлоож байгаа бол хуулийг иргэдээ өмөөрч засаглалыг
нүд үзүүрлэсэн чиг хандлагатайгаар засварласан байх ёстой. Тэгж үү, үгүй юу. Цаашилбал
байгаль нийгмийг өөрийнхөө эрхшээлд ягштал оруулдаг сонирхолтой зүй тогтлууд байдаг
нь эдэнд ч бараг хамаагүй асуудал байх. Мөн л ялгаагүй зөрчишгүй хууль дүрэм, ёс
суртахуунтай. Байгаль ч яахав өөрийн гэсэн билэг танхай хуультай. Харин хүний нийгмийн
амьдралд айхаа байг гэхэд анхаарч явбал аминд өлзийтэй элдвийн цондон ямар их тааралдана
вэ. Тэрний нэг болох энэхүү “Паркинсоны” гэгч зүй тогтолууд Тэмүүжин, Нямдорж хоёрын
хэрүүлийн хажуугаар барьцалдан “Намайг ч бас сонс. Намайг дагаад цэнгэ цэнгэ…”
гээд байх юм.
Хууль зүйн ертөнц талаасаа нэн саяханд тооцогдох ХХ зууны
дунд үед Английн Н.Паркинсон гуай төрийн ба хувийн байгууллага, иргэдэд байнга тохиолддог
хуульд тусгагдаагүй хүнд суртал бас бус зөрчлүүд дээр тогтож ажилласан байна. Энэ
хүний тухай товч танилцуулахад Кембрижид сурч түүхч болсон. Арав гаран жил Британийн
усан цэрэг явж хоёрдугаар дайн дуусгаад хошууч
болоод халагдсан дайчин эр. Дараа нь Ливерпуль,Харвард, Иллинойс,Калифорни,
Сингапурийн их сургуулиуд гээд дандаа ланжгар газруудаар удирдахуйн ухааны багш хийжээ. Улс төрийн өндөр алба хаших
боломжуудаас сайн дураараа татгалзан оронд нь дуулиан тарьсан олон нийтлэл бичсэн
юм.
Түүний бичсэн нийтлэлүүд нийтдээ жар орчим боть болон хэвлэгдсэн
гэхээр Ленинээс дутахааргүй нөхөр болоод байгаа юм. Дэлхийд хамгийн алдаршсан нь
“Паркинсоны хуулиуд”-ыг гэдэг. Тэрээр олон жилийн турш тэвчээртэй цуглуулсан шинжилгээ
судалгаагаа нэр алдар бүхий эрдэмтэдтэй хамтарч математик загварчлалд оруулсан
нь эдүгээ “Паркинсон судлал” гэсэн шинэ чиглэл хөгжих суурийг тавьжээ.
Ингээд “Паркинсоны хуулиуд”-аас гуравхан хундагыг татчих уу? Ер нь хууль зүгийн юм гэхээр огт наргиангүй
байх ёстой ч биш аж.
ИХ МӨНГӨ БУЮУ СОНИРХЛЫН УНАЛТ
…За одоо цөмийн реакторийн төслийг хэлэлцэцгээе. Дэлгэрэнгүй мэдээллийг
бичгээр өмнө нь тараасан байгаа. Бодвол эрхэм ноёд сайтар тунгаагаа биз ээ. Юутай
ч Сангийн эрхлэгч профессор Мак Фишн сайшаасан шүү. Нийтдээ 10 сая доллар …Гишүүдээс
лавлах зүйл байвал дуртайяа хариулахад бэлэн байна.
Ноён Исааксон:-Төсөл хэрэгжүүлэгчдэд ихээхэн найдлага тавьж буйгаа
юуны өмнө илэрхийлье…Гэхдээ профессор Левигийн зөвлөгөөг даган Давид, Голиаф
нарыг гүйцэтгэгчээр сонгосон бол хамаагүй дээр байсийм…
Хурал даргалагч: -Ажлын төлөө таны санаа зовж байгааг ойлгож байна
аа. Бид бүр эрт гэрээ байгуулаад чамгүй их
мөнгө зарцуулаад байгаа юм л даа. Одоо дахиад санал унавал дахиад л мөнгө урсана
гэсэн үг…(Энэ үед бусад гишүүд амандаа бувтнан толгой дохицгоож байв)
-Исааксон миний үгийг протоколд тэмдэглэхийг шаардаж байна.
-Тэгэлгүй яахав. Харин одоо ноён Брикворф ямар бодолтой байгааг сонсъё.
Энд байгаа Брикворф, Исааксон хоёроос бусад нь цөмийн реактор гэж
юуг хэлээд байгааг ч мэдэхгүй нөхдүүд аж. Брикворфийн хувьд яривал их л юм байх
санж. Даанч түүний хэлснийг хэн ч сонсохгүйгээс
гадна ойлгохгүй. Уг нь бол ганц өрөөг тохижуулахын тулд бүхэл байшин нурааж
тэрэндээ 10 саяыг ичих ч үгүй цохих гэж байгааг хэлмээр л…
-Надад хэлэх үг алга аа.
Хурал даргалагч:
-Гишүүдээс өөр хэлэх хүн байна уу? Байхгүй бол батлах уу. За баярлалаа.
Одоо 11 дүгээр зүйлийг хэлэлцэх ажилдаа орцгооё.
Ажилчдын унадаг дугуйнд зориулсан зориулсан саравч барих төсөлд
2350 доллар төсөвлөчихөж. Энэ тухай тараасан материалыг хоёр минутад багтааж уншаад шийдчихэж болохоор байсан. Гэвч цөмийн реактор
дээр үг хэлж чадаагүйдээ санаа зовж, хурал өндөрлөхөөс өмнө өөрийгөө бага сага ч
атугаа харуулах хэрэгтэйгээ мэдэрч байв.
Унадаг дугуйны саравч гэхээр ямархуу юм байхыг муухан төсөөлөөд байнаа. Одоо л маргаан
эхлэх нь. Энэ талаар 45 минут мэтгэлцсээр 300 доллар хэмнэн 2000-д багтаан барихаар
тохиролцож гишүүд сая нэг юм санаа амарч суудалдаа тухлав. Ёох ёх.
Хурал даргалагч: Эрхэм гишүүдээ
12 дугаар зүйлд анхаарлаа хандуулна уу. Хуримтлалын фондын хуралдааны зардал.
Сар бүр 4.75 доллар.
-Ямар зардлын тухай яриад байгаа юм бэ?
-Кофены тухай юм л даа.
-Сар бүр ийм зардал гаргана гэдэг чинь одоо жилдээ 57 доллар болно
гэж ойлгох нь зөв үү?
-Яаг зөв байна.
-Ойлгомжтой байна. Гэхдээ үүнийг зөвшөөрч болно гэж үү.Тэр фонд
чинь тэгээд хичнээн жил хураагддаг юм бэ?… Маргаан цааш улам ширүүсэв. Кофе гэж юу, хаанаас худалдаж авах, ер нь худалдаж
авах нь зөв эсэх дээр дурын дурак ярьж чаддаг
юм байна. Цаг гаран үзэж тараад мэдээлэл хангалттай бус байна гэж үзээд санал унаж дараагийн хурал хүртэл хойшлогдохоор
болов. Уг асуудал дээр хаширууд гэнэ алдаж бүгд ам амандаа хашгиралдан босч ирцгээжээ.
Мөн цэцэрхэх юмаа олов оо. Английн парламент дээр болсон уг адал явдал хожим дэлхийгээр
нэг амны зугаа болон онигоонд орчих юм гэж яаж санахав.
Хэрэв үүнээс бага 20, бүр 10$-ын түвшний асуудал гарч ирсэн бол хэлэлцэх
хугацаа пропоцианалиар өсөх байсан эсэхэд ноён Паркинсон нар жуумалзан судалгаандаа тооцож загвар гаргажээ. Энд тодорхой
болсон юм нь гэвэл явж явж арван саяыг шийдэх асуудал арав хүрэхгүй 4.75 долларын
хэрүүлээс ч амархан байсан. Хууль тогтоогчид Паркинсоны хуулийг л ягштал баримталсан
болохоос татвар төлөгчдийн үлэмж их хуримтлалыг эрүүл саруул зохицуулах чадамжгүйг
олж харав. Ард түмнийг төлөөлж шийдвэр гаргагчдын цагийн гарзад тооцох мулгуу тохиолдлуудыг
цуглуулаад үр дүн гаргахад хэрэггүй ч юм биш. Юутай ч хүний л оролцоотой үйлдлээс
хойш хүн төрөлхтөнд хамаатай нь эргэлзээгүй хэмээн бахтайяа тавалсан байдаг. Манай
парламент дээр эмэгтэй гишүүд тамхидалтыг зохицуулах хуулиа хэрхэн баталж байсан
нь энийг уншихаар санагдлаа байна. Нийтлэлийн төгсгөлийн үгийг одоо санасан дээрээ
хэлэхэд жинхэнэ хууль мөн бол түр зуурын арга хэмжээ биш дараагийн үеүдэд ч хуучирдаггүй
мөнх эд ажээ. Паркинсоны жишээнүүд гэхэд л саяхан ийм явдал хаа боллоо гэж эндүүрмээр
ойрхон.
ИНЖЕЛИТИТ ГЭХ БАЙГУУЛЛАГЫН САА ӨВЧИН
Төр, бизнесийн олон байгууллага дээр босс нь сөхөртлөө ажиллаж
байхад дараагийн шатныхан нь хов ярьцгааж тэрний доод тушаалтнууд дүрсгүйтэж тоглон
өдрийг өнгөрөөдөг нийтлэг дүр бий. Энд бидний мэдэхгүй бас юу гээч өөр хэмжээс бүхий
хууль үйлчлээд унав. Байгууллага “Инжелитит” гэдэг өвчин тусчээ. Оношлох амархан
эмчилэхэд хэцүү дээ.
Мэргэжлийн боловч чадваргүй нөхрийг тэр жил ажилд авснаас хойш
хамаг муу юм эхэлж орон гэр бузартжээ.Ер
нь ямар нэгэн төрөлхийн гоц авьяасгүй нөхрийг өөрийгөө томд тооцогсодтой цуг удаан
байлгаж болдоггүй. Аяндаа л цаанаасаа атаа жөтөө нь хөдлөөд нөгөөдүүлээ ёстой алж өгдөг. Аливаа муухай ааш зангууд үйлдлээсээ
хамаарч салангид илэрдэг ба тэр нь бусдад төдийлөн нөлөөгүй, тэгээд ч хүн бүр л
их бага хэмжээгээр аашилж л байдаг даа. Атаархагч өөрөө хичээвэл бусдаас дутахааргүй
хөөрхөн хоолойтой бол хамт олныг гойд бусниулахгүй болоод л байдаг. Харин атаархуу
чадваргүй хоёр нэгэн биед давхацчихлаар инжелитэнс гэгч шинэ бодис үүсч аюул тарьдаг
гэнэ.
Муу үйл хийх угаасаа амархан
агаад жаахан увайгүй байхад л болоо. Энийг олоод мэдчихсэн Инжелэнттэй этгээд хажуудахаа элдвээр матаж, удирдлагын
итгэлийг хүлээн төв аппарат руу дэвшсэнээр
хагарлын үрийг тарьжээ. Тийм хүмүүст дээрээсээ тоологдох чухал хэргэм зэрэгний аз
яагаад таараад байдаг нь судлууштай. Энэ хооронд аль шударга сайн гэгдэх боловсон
хүчнүүд ганц нэгээрээ цувран алга болсоор л, босс огт хар аваагүй анзаараа ч үгүй.
Харин нөгөө этгээд энгийн царайлж хамт олонтойгоо гольф ярин, чанга чанга хөхрөн,
заримдаа бичиг баримтаа мартана. Тэгээд нэг сайхан нартай өдөр том албанд очлоо
л бол хамаг багаа хуу татан хаяж шулмын дүрд хувилан бусдыг хүүхэлдэй болгон тоглож
эхлэнэ дээ. Байгууллагын бүтцийг оюунлаг талаас нь дөрвөн зэрэглэлд хуваадаг бол
төв аппаратаас бусдыг нь манай хампаан нэг нэг шатаар бууруулж амьтан болгож орхив.
Түрүүчээсээ даргадаа таалагдах гэж зориуд
тэнэгийн дүр эсгэж ивээлд нь багтжээ. Байгууллага
ийм болчихоод байгаад л байна. Ажилчид Топранк
даргын мэдлийн цайны газрыг магтаад л бидэндээ болж л байна ш дээ. Яахав жаахан
заваан л байх юм. Сүүлдээ хүмүүс гэрээсээ идэх юмаа авчран цайны газрынхаа ширээн
дээр овоолон хээ шаагүй амьдралд дасацгаана. Конторын үүдэнд дөрвөн жилийн өмнө
хадсан зарлал солигдоогүй хэвээрээ, крантнаас ус гоожоод тогтохоо байсан, ноён Брауны
хаалган дээр Смит гэсэн нэр хадаастай, Смитийнх дээр Робинсон гээд эв хавгүй биччихсэн.
Түүнийг солих санаа хэнд ч төрөхгүй. Хагарсан цонхоо картоноор таглажээ. Цахилгаан
шат эвдрээд удаж байна. Доод подвалийг ашиглалгүй хаячихсан түүнээс зэрлэг муур
чарлалдах нь зэвүүн.
Төв аппаратад тушаал дэвшсэн дэд захирал ноён Топранк удирдлагын
түвшинг өвчлүүлэн мунхаг ой санамжиндаа тохирсон өчүүхэн зорилго тавьдаг болсон
тул хурган дарга нар бүгд биелэлтээ давуулан сэтгэл хангалуун явах боллоо.”Манай
дарга тулаад нөхөрлөвөл гайгүй хүн шүү” гэцгээнэ. Хараа нь больж байгаа Топранкад
тааруулж буудлагын байг алд дэлэмээр тэлж томруулж өгөв. Бүгдээрээ л мэргэн цэцэн
болцгоож яг “арав”-т оносноо харилцан магтацгаана.
Яаж ч өөрсдийгөө хуурсан байгууллага цаагуураа биш болоод байгаад
үе үе цухалдан шалгалт шүүлэг хүртэл авч
үзэв. ДДТ гэдэг ялааны хор цацсан. Хэсэг намжаад л бахь байдгаараа. Янз бүрийн л
эм тарилга гадуур дуулддаг. Тэр бүр нь компанийг
аварч байсан тохиолдол тун цөөн. Накиформ Сак, Катлер Валпоул нар өвчилсөн хэсгийг
мэс засал хийн авч хаясан нь хамгийн шалгарсан арга байлаа.
Нэгэнт дампуурах шинжиндээ орчихсон компани удирдлагын хяналтнаас
бүрэн гарч үйлчлэгч манаач нь хүртэл муугийн халдвар авчихсан тул цөмийг нь үлдээлгүй
сольж цоо шинээр эхлэхээс өөр аргагүй болжээ.
Эдийн засгийн хэллэгээр темп хожих гэгч арга хэмжээ аван хуучин нэрийг ашиглах,
зарим ажилчнаа авах гээд ч хэрэггүй. Хуучин байгууллагынхаа боловсон хүчнүүдэд
гайгүй тодорхойлолт бичиж өгөөд өрсөлдөгч байгууллага руугаа явуулаад эд хогшлоо
бөөгнүүлэн шатаа. Байшин үнс нурам болсны дараа л өвчний нян дарагдлаа гэж амсхийж
болно.
Манайдаа танил болсон гадаад,
дотоодын тоотой хэдэн группуудээр орж гарч явахад кадруудаа зүгээр шахуу байхад нь байсгээд л “цус
сэлбэж” халж сольж байгаа харагддаг. Ийм л учиртай юм байна л даа. Ялангуяа хамгийн
илүүтэй долигоногчид эхний сэлгээгээр чөрхөө эвхүүлэх зуураа “Монголын (юу) зүтгэсэн
хүндээ хатуу гэж үнэн юм даа” гэхийг сонсоод
өрөвдөж явлаа. Яаж ч сайдаж муудахад аливаа юманд “Арай ч тэгтлээ юу юм бэ” гэсэн
хэмжээс зааг байдаг гэсэн шүү. Энэ нөхөр цаад хамтрагчдаасаа энийг хүртэл надад
нуулгүй хэлдэг яасан эвгүй гар вэ. Хэрэв дараагийн ээлжинд намайг бас ийн мурьж
таарна гээд”Топранк”-аасаа үтэр салчихдаг аж.
Паркинсон сартваахи захихдаа “Хэт найдвартай хүний эрэлд хатаж өөрөө
тулж ажиллахаас халширч буйг тань чадваргүй атаачид анаад сууж байдаг юм. Тэд гарын
чинь үзүүрээр гүйх дашрамдаа байр сууриа авч хадгалахын эрхэнд өөртэйгөө таарсан юмнуудыг өөд татсаар байгаад
хамаг соруудыг чинь хөөгөөд явуулчихдаг. Энэ тохиолдолд ямар ч хүчирхэг байгууллага
эгшин зуур эргэлт буцалтгүй сүйрдэг” гэжээ. Бодлогоор л мандуулж өгөхгүй бол бор
зүрхээрээ гавихгүй дуучид манайд юусан билээ гээд санахад илүүдэхгүй л юм.
ТЭТГЭВРИЙН НАС
Тэтгэвэрт гарах насыг 55-75-ын хооронд янз бүр тогтоосон байна. Хүний
цог хийморь энэ хооронд буурдаг ч гэлээ яг 55-уу, эсвэл 57-тойгоосоо юу гэдгийг
хаа ч судалж барьсан юм байхгүй. Ерөнхий хандлагын хувьд бол голдуу л насыг наашлуулсаар
ирсэн уламжлалтай. Энд тэтгэвэрт гарах гэж байгаа нь биш харин түүний ажлыг горилогчид
л тэтгэврийн нас хэд байвал зохимжтой талаар илүүтэй санаа тавьдаг нь сонирхолтой.
Яахав хөөрхий компанийн ноён нуруу болсон эсвэл болсон ч юм шиг имижтэй буурлуудыг
хэн орлож чадах тухай үгүй ядаж цуу явж л байдаг. Гэтэл өвгөн дал гарчихаад
сэмбэлзэж байхад бэлдэж байсан “бодлого”-ын
хүн маань аль хэдийнэ тавь гараад жар руу шааригдаж явбал яана вэ. Компанид удахгүй
хоёулаа хэрэггүй болох нь. Сая сургууль төгссөн нялзрайд хамаг ажлаа даатгаж орхивол аж ахуйг шулуухан тараана гэсэн үг.
Ажлын эгзэгтэй хэсгийг хэн гуайгаас өөр төгс хийчих хүн байхгүй.
Харин хэн гуай насандаа суухгүй удах тусам хожим хэнээр үргэлжлүүлэх нь улам бүрхэг
болсоор л. Байгууллагын удирдлага сэтгэлийн хөөрөлдөө автан залуусыг зоригтой дэвшүүлэх
эсвэл хэт хаширлаад “үнэр” ортол нь нэг суудалд хадах аль аль нь уршиг тарьдаг.
Паркинсоны хуулинд хэмжээ тоо томьёотойгоо бичээстэй байгаа “ажил алба өгсөх шат”-аар
бодлогын хун тайжийг анги үсэргэлгүй, улираалгүй зугуухан явуулах ёстой. Орчин цагийн
Хятадын төрийн бодлого ийм зарчим барьснаараа коммунист нийгмийг хүртэл амжилтанд
хүргэсэн гол нууц нь энэ юм. Хүнд тушаал дэвших, ажил хариуцах, шийдвэр гаргах,
амжилтанд хүрэх, туршлага суух, хүндэтгэл хүлээх, ухааны оргилд хүрдэг нас цаг үеүд
эрэмбэ дэс дараатай ирдэг. Энэ расписанаар “Хүн”-ээ явуулж байтал замд нь “Өвгөн”
өтөлдөг ч үгүй, паакталдаг ч үгүй шавар хаачихлаа.
Одоо цагт бол бүр залуу авгай аваад үсээ будчихсан цохиж явна гээч. Шийдвэр гаргах
насан дээрээ ирсэн мэргэжилтэн маань “дарга болох”-ыг хүлээсээр байгаад гүйцэтгэх ажилдаа түүртэн шилжилтийн
насны охин шиг ааштай болчихов. Юм хийхээ байж хамаг цагаа харандаа үзүүрлэхэд зарцуулж
ч байх шиг, хажуудах пацаануудад наад поорчик хаа одоо нээ гэхчилэн даргадаа гаргасан уураа энд
гаргана. Ингээд дамжих ёстой ажил амьдралын шат нь сэтгэлээр унах, атаархах, сайн
дураараа ажлаа хаях, хэнд ч тоогдохоо байх нас болон өөрчлөгддөг. (Энд архинд орох,
одон тэмдэг зүүх бол үүнтэй огт хамаагүй асуудал) Тэгэхлээр компани нь эзэн өөрийгөө ч бодсон, хамт олноо ч бодсон гэмгүй
яваа хөөрхий настанг бушуухан золигт гаргаж нүгэл хийх л болох нь. Харин яажшуухан
цэвэр аргаар ах хүүгээс салах арга бол бий бий.
…Даргаа сая зөвлөл хуралдаад таныг энэ сард Хельсинкид бага хуралд,
дараа нь Оттавад форумд, тэгээд Манилад бас нэг арга хэмжээнд оролцуулахаар боллоо.
Дарга дотроо “Байгууллагын нэр хүнд аргагүй л миний нэр хүнд дээр
тогтдог болж дээ. Өөр хэн явах юм” гэж онгироод нисч гарна даа. Цагийн зөрөө, элдэв
маягт бөглөх, бараг дэлхийг бүтэн тойрох онгоцны тамын нислэг, буунгуутаа хүлээн
авалт, хэрэгтэй хэрэггүй хурал цуглаанаар хижээл эрийг сар орчим бөмбөгдчихлөөр
яаж бие нь дийлэхэв. Ирэнгүүтээ л мань эр “За даа ах нь ч барахаа байжээ” гээд өргөдлөө өөрөө бичээд унана. Харин
ингэж байгаад нэгэн чулуу шиг биетэй хөгшний доозыг хэтрүүлээд чад болгочихсон тохиолдол
гарсан гэсэн шүү. Сураг сонсоход гадаадад хүлээн авалтын дараа нарийн бичгээрээ
түшүүлчихсэн яваа дуулдсан. Тэгээд ирээд удаагүй. Амьдралаа гэж. Ахмад үеэ бид иймэрхүү маягаар тэтгэвэрт нь гаргачихдаг
л юм байна. Харин бидний ээлж ирэхэд хойч үе маань өөрсдийн бэлдсэн бэлгийг барих
байх даа.
(Б.Баясгалангийн эрхлэн гаргадаг математикийн “Олонлог” сэтгүүлд
“Паркинсон” бүрэн эхээрээ бий)