Categories
мэдээ нийгэм

Их аварга Д.Дагвадорж: Тэмка минь амьтны алаг үрийг арайчдээ найзаа

Хар тамхины хэргээр сэжигтнээр татагдаад буй 19 настай Г.Сарангэрэл гэх охиныг хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй амрагийн холбоотой гээд зогсохгүй  хар тамхины хэргээр дөрвөн сар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байсан Г.Сарангэрэл батлан даалтад гарчээ. Тэрээр суллагдсан даруйдаа албан ёсны мэдээлэл хийж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон. Тэрээр хэлэхдээ “Бид хүмүүсийн яриад байгаа шиг дотно харьцаатай байсан. Би Тэмүүжинг сайн хүн гэж хүндэлдэг байсан” хэмээн энэхүү ярилцлагадаа хэлсэн нь олон хүний анхаарлыг татаж байна. Энэ тухай Их аварга Д.Дагвадорж өөрийн твиттер хуудаснаа “ Энэ охин их л тайван байна даа! Аль эсвэл ийм сэтгэлийн тэнхээтэй юм уу! Аль эсвэл тоглоод байна уу! Тэмка минь амьтны алаг үрийг арайчдээ найзаа!” гэж жиргэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ИНЕГ-ын хуучин удирдлагуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр эрүүгийн зарим хэргийн шийдвэрлэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэд ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат нарын мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар ярилаа.

Тодруулбал мөрдөн байцаалтын явцад дээрх хүмүүс тус газрын харъяа “Чингис Хаан” олон улсын буудлын “Оператор”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Электрон системс” ХХК-нийг тендерт хууль бусаар шалгаруулсан болохыг тогтоосон аж. Үүний улмаас улсад 1.062 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэд “Медиа саммит Лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон Системс” ХХК-ний Голомт банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан хүлээн авсан байна. Мөн “Трэшур космо лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153 мянган ам.доллар, 202 мянган ам.доллар, 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасангийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар дамжуулан М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдсон нь илэрчээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Мянганбаярын хэрэг шүүхэд шилжжээ

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн зарим хэргийн шийдвэрлэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус газраас “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашигласан, олборлосон эсэх хэргийг энэ сарын сарын 23-нд шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад Ц.Мянганбаяр нь Өвөр­хангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг 18 хүнтэй бүлэглэн энэхүү хэргийг үйлдсэн болохыг тогтоосон аж. Энэ хэрэгт  “Монгол газар” болон тус хамтарч ажилладаг Өвөрхангай аймгийн “Зул мөнх”, “Бадмаараг”, “Шар зүлэг”, “Шинэ уянга” зэрэг ком­панийг шалгаж байгаа юм байна.

www.medee.mn

Categories
мэдээ эдийн-засаг

“Оюутолгой” 130 сая ам.долларын татвар дутуу төлсөн гэж үзжээ

 “Оюутолгой” төслийн эхний шатны бүтээн байгуулалтын явцад албан татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад зөрчил гаргасан хэмээн Татварын ерөнхий газраас өнгөрсөн баасан гаригт “Turquoise Hill Resources” компанид албан мэдэгдэл хүргүүлжээ.

Гэвч тус компани бүхий л татварыг төлсөн хэмээн татварын шалгалтын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүйгээ өчигдөр мэдэгдлээ.

“Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчид үүссэн асуудлыг Монгол Улсын татварын хууль, тогтоомж, Хөр өнгө оруулалтын гэрээний дагуу маргаан таслах журмаар шийдвэрлэнэ” хэмээн тус компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Кэй Пристли мэдэгдэлдээ тодотгожээ.

Эцсийн шатанд олон улсын Арбитрын шүүхэд хандан, хянан шийдвэрл үүлэх магадлалтайг ч дурдсан байна.

2010- 2012 онд буюу төслийн эхний шатны үйл ажиллагааны явцад нийт 130 сая ам.долларын татвар, хураамж дутуу төлсөн хэмээн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд даваа гаригт ярьжээ.

Одоогоор тус компанийн холбогдох албан тушаалтнууд дотооддоо санхүүгийн хяналт, шалгалт хийж эхлээд байгаа гэнэ. Нийт 6.6 тэрбум ам.долларын өртөг бүхий эл төслийн асуудлаар хувь нийлүүлэгчдийн хийж буй хэлэлцээ үр дүнтэй байгааг талууд өнгөрсөн долоо хоногт онцолж байсан бөгөөд ТЭЗҮ-ийг энэ сарын эцэст боловсруулж дуусна хэмээн мэдээлж байсан билээ. Гэвч татварын энэхүү маргааныг энэ сарын 30 гэхэд цэгцлэхгүй бол ТЭЗҮ-ийг ч хойшлуулж магадгүй нөхцөл үүсчээ.

Хэрвээ товлосон хугацаандаа амжиж батлахгүй бол гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд дөрвөн тэрбум ам.доллар татах тухай хэлэлцээр ч удаашрах төлөвтэй юм.

Санхүүжилт олгохоо илэрхийлсэн банкуудын амлалт ирэх есдүгээр сарын 30 хүртэл хүчинтэй. “Оюутолгой”-н ил уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч гүний уурхайн хөрөнгө оруулалт сүүлийн нэг жил орчим хугацаанд зогсоод байгаа.

“Оюутолгой” компанийн цахим хуудаст тэмдэглэснээр дэлхийн уул уурхайн салбарт хоёрдугаарт эрэмбэлэгддэг “Rio Tinto” компани өнгөрсөн сарын байдлаар Монгол Улсад 1.2 тэрбум ам.долларын татвар болон бусад төлбөр хураамж төлжээ.

Компани энэ онд 135-160 мянган тонн баяжмал дахь зэс, 600-700 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэхээр зэхэж буй.

Өчигдрийн байдлаар Торонтогийн хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны үнэлгээ өмнөх өдрөөс 3.18 хувиар суларч, нэгж нь 3.96 канад долларын ханштай байв. Харин “Rio Tinto”-гийнх Лондонд 1.61 хувиар чангарч, 3127 пенсээр үнэлэгджээ

Categories
мэдээ нийгэм

ХДХВ-ийн халдвартай гурван эх амаржжээ

Манай улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдснээс хойш 2014 оны 6 дугаар сарын 04-ний  байдлаар ХДХВ,ДОХ-ын нийт 168 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдаж бүртгэгдсэн байна. 2013 онд хийгдсэн шинэчилсэн тооцооллоор Монгол улсад 2013 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 659 хүн, 2014 онд 771 хүн байж болох тооцоолол хийгджээ.

Монгол улсад албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл ХДХВ-ын халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага, харин  2011 онд хийсэн “ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын тандалтын судалгаа”-ны  дүнгээр эрсдэлт бүлгийн хүн ам буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн (ЭБЭ) дунд ХДХВ-ын халдварын тархалт 7.5 хувь байсан нь манай улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ын халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд шилжсэн байна.

Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.2 хувь буюу 165-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байгаа ба бусад тохиолдлуудын хувьд судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байгаа аж.

Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдэлийг үгүйсгээд байна. Халдвартай 8 эхээс төрсөн 9 хүүхдэд /1 эх давтан төрсөн/ ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээг хийж эхээс хүүхдэд ХДХВ-ын халдвар дамжаагүй болохыг баталсан. 2014 оны тавдугаар сард ХДХВ-ын халдвартай 3 эх төрсөн ба эхээс хүүхдэд ХДХВ-ын халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж буй аж.

ХДХВ,ДОХ-ын нийт тохиолдлын 81.4 хувь буюу 136-г эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний 82.3 хувь буюу 112 нь эрсдэлтэй бүлгийн эрчүүд байна. ХДХВ-ын халдвартай нь тогтоогдсон нийт тохиолдлын 21нь нас барсан ажээ.

Categories
гадаад мэдээ

М.Шумахерын өвчний түүхийг 67 мянган ам.доллараар худалдана гэв

Өнгөрсөн оны сүүлчээр Швейцарьт цанаар гулгаж байхдаа гэмтсэн “Формула-1” тэмцээний алдарт нисэгч Михаэль Шумахерын өвчний түүхийг Греноблегийн эмнэлгээс хулгайлсан байна.

М.Шумахер ухаангүйгээр ха­гас жил орчим хэв­тэж эмчлүүлсэн та­лаар мэдэгдсэн аж. Харин хулгайч өвч­төний картыг 60 мянган швейцарь франк буюу 67 мян­ган ам.доллараар ху­­далдана гэсэн зар тавь­­жээ. Тиймээс ни­сэгчийн менежер С.Кем “Өвчтөний картыг худалдан авах эсвэл өвчний түүхээс задруулсан тохиолдолд шүүхэд өгнө. Энэхүү картнаас ямар нэгэн баримт нийтлэхийг хориглож байна. Ер нь эмнэлгийн картны мэдээллийг задруулдаггүй” гэжээ.

Тэрбээр хууль хяналтын байгууллагууд хулгайчийг хэзээ нэгэн цагт барина гэдэгт итгэлтэй байгаагаа ч нэмж хэлсэн байна. Саяхан ухаан орсон М.Шумахерийг Лозанна хотын эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Өвлийн бэлтгэл ажлыг нэгдсэн байдлаар хангах үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл хангах тухай А/512 дугаар захирамж гаргалаа. Захирамжид нийслэлд 2014 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлаа уялдуулан зохион байгуулж, биелэлтийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн хангуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох байгуулагуудын удирдлагуудад даалгасан байна. Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлын жагсаалтыг баталж, жагсаалтын дагуу  бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.

 Тодруулбал, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа их засварын ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах,  өөрийн хөрөнгөөр хийх  их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах, өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерийн бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрт шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах, Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Таван шар, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, офицеруудын ордны орчим дулаан, цахилгаан хангамжийн доголдол гарах эрсдэл их байгаа тул эдгээр байршлуудад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нарт , шинээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилга угсралтын ажлыг дуусгуулан байнгын ашиглалтанд хүлээн авах ажлыг зохион байгуулах, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн  барилга байгууламжийн дулааны алдагдлыг багасгах ажлыг хийж гүйцэтгэх, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн халаалтын зуухнуудын засвар шинэчлэлтийн ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгаж байнгын ашиглалтанд оруулах,  халаалтын улирал эхлэхээс өмнө гэр хорооллын айл өрхөд сайжруулсан зуух тараах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх зэрэг үүрэг өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Парк шинэчлэлт хийх тухай” А/514 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн тавдугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтэд зориулан угсраа автобус 40 хүртэл, их багтаамжийн автобус 120 хүртэл, дунд багтаамжийн автобус 40 хүртэл ширхэгийг урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгээр худалдан авахаар боллоо. Энэ худалдан авалтад зарцуулах хөрөнгийг “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гаас гаргана.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний автобус худалдан авахад шаардлагатай техникийн нөхцөл, бичиг баримт боловсруулахыг нийслэлийн Тээврийн газар, “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөнөөс тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдэл төлбөрийг автобус авсан аж ахуйн нэгж, байгууллагуудаар эргэн төлөгдөх нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгалаа. 

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас гаргасан урьдчилгаа төлбөрийг эргэн төлүүлэх талаар автобус авсан аж ахуйн нэгжүүдтэй гурвалсан гэрээ байгуулан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Тээврийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Фракцын шийдвэрийг тулгаж байгаа бүлгийн удирдлагууд солигдоосой

Дөнгөж сая Хууль зүйн байнгын хороо хуралдаж байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Ш.Түвдэндорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар  томилогдсоноор тус байнгын хорооны даргын суудал  эзгүйрээд байгаа. Түүний оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал АН дотор багагүй зөрчил үүсгээд байгаа юм.

АН-ын бүлгээс Д.Ганбатыг ХЗБХ-ны даргаар санал болгож байгаа боловч УИХ-ын гишүүн О.Баасанхүү танхимаас УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлсэн. Гэтэл Ж.Батзанданг нэр дэвшингүүт Ардчилсан намын бүлгээс “Нэг намын бүлгээс хоёр хүн нэр дэвшиж байгаа тул бүлгээр ярилцах шаардлага үүслээ” хэмээн завсарлага авсан.

Харин өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-аас нэр дэвшсэн хоёр гишүүний талаар бүлгийн хурлаар онцгойлон хэлэлцэж байр сууриа нэгтгэсэн. Гишүүд хоёулаа хуульч мэргэжилтэй, гэсэн хэдий ч АН-ын бүлгийн зүгээс энэ удаад Д.Ганбат гишүүнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхээр санал нэгдлээ, Ж.Батзандан гишүүний хувьд дараагийн удаад бол” гэв.

Бүлгийн даргын энэхүү тайлбарын дараа Ж.Батзандан гишүүн үг хэлсэн бөгөөд тэрээр “Бүлгийн хурлаар ийм шийдвэр гарсан нь үнэн. Нэг талдаа бүлгийнхээ шийдвэрийг хүндэтгэж байгаа хэдий ч нөгөө талдаа хуулийн дагуу би байнгын хорооны даргад нэр дэвшиж өрсөлдөнө” хэмээсэн юм. Тэрээр мөн өөрт нь бүлгийн шийдвэрийг дагах эсвэл Үндсэн хуулийг дагах гэсэн хоёр сонголт байсан гэдгийг хэлсэн. Намынхаа шийдвэрээс зөрж Байнгын хорооны даргад өрсөлдөнө гэдгээ хэлснийхээ дараа Ж.Батзандан гишүүн “Манай улс бол парламентын тогтолцоотой улс, тиймээс улс төрийн аливаа томилгоо фракцын, тулгалтын бус ардчилсан зарчмаар хэрэгждэг байгаасай гэж хүсч байна” гэлээ. Түүнчлэн өөрт нь  фракцын шийдвэрийг тулгаж байгаа бүлгийн удирдлагуудаа солигдоосой гэж хүсч байна гэв.

Ийнхүү санал хураалт явуулах болоход МАН-ын бүлгийн зүгээс ажлын тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдлээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ талаар “Эрх баригчдаас нэр дэвшүүлсэн хүнийг дэмжинэ гэж бодож байсан. Гэтэл ингээд хоёр хүн өрсөлдөхөөр болж байгаа учраас цөөнхийн бүлэг хэнийг нь дэмжихээ бүлгийн хурлаар хэлэлцэж байж шийдэх шаардлагатай байна. Тиймээс ажлын тав хоногийн завсарлага авч байна” гэсэн юм. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны даргын асуудлыг ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Авлигын эсрэг чуулна

Авлигагүй, эрүүл бизнесийн орчин бүрдүүлэхэд хувийн хэвшил, иргэний нийгэм, ТББ-аас санаачилан үндэсний хэмжээнд авлигыг бууруулах чиглэлээр сурталчлан таниулах зорилгоор “Авлигагүй эрүүл нийгмийн төлөө хамтдаа” үндэсний чуулганыг өнөөдөр зохион байгуулахаар болжээ.

Чуулганыг МҮХАҮТ, Азийн сан, АТГ, НҮБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, МОНПАК бүлэг, Танхимын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв хамтран зохион байгуулах юм байна.