Category: мэдээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хүлээн авч уулзлаа. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд түүнд “Женко”-д үглэж дуулах юм бишгүй байсан бололтой. Сэтгүүлчдийн нүдэн дээр төрийн тэргүүн Х.Баттулгыг буруушаахын зэрэгцээ “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг өөрийнхөөрөө залруулахыг хичээсэн байж магадгүй. Юутай ч Х.Баттулга Ерөнхийлөгчийн үгийг чимээгүй сонсч, суусаар үлдлээ. Тэр сэтгүүлчдийг өрөөнөөс гартал Ерөнхийлөгчийн үгийг хүлээж авч байгаа эсвэл эсэргүүцсэн ямар нэг үйл хөдлөл хийсэнгүй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг олон хүн үзлээ. Гурван янзаар хүлээж авах шиг боллоо. Хөгшчүүд, ахмадууд бухимдаж, залуус шууд хүлээн авч байна. Учрыг нь мэдэхгүй зарим хүн яаж хүлээн авсныг бол мэдэхгүй нь. Уг нь үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол гэх сэдвүүдээр улс төр хийж болдоггүй. Ингээд нэг хэсэг нь захиалгат нэвтрүүлэг хийж, нөгөө тал нь өөрсдийгөө өмөөрч, хариу нэвтрүүлэг хийгээд байх хэрэг үү. Иргэд талцаад зодолдоод эхэлбэл хэн салгах юм, УИХ-ын гишүүд очиж салгах уу…
…Улс төрд сайн соёл төлөвшиж байсныг өөрөө эвдэж байна. Захиалгат нэвтрүүлэг бүхэн үнэн байдаггүйг бид мэднэ. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхэд залуус үзэж харж байгааг ойлгох хэрэгтэй. Телевизийн дэлгэц, айлын хойморт “цус шинжлээд” сууж болохгүй. Зарим нь бодож болох юм, ганц нэвтрүүлэг хийгээ л биз гэж. Гэвч ийм биш юм. Үр дүн нь эерэг биш юм…” гэв.
Ерөнхийлөгч “Төмөр замын бодлогын хувьд Монгол Улс бодлоготой. Энэ асуудлыг өөрөө салбарыг нь хариуцаж байсан сайдын хувьд мэдэж байх ёстой. Өөрт чинь бүх боломж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэдэн газрын зураг үзүүлж, эвлүүлэг хийгээд асуудал шийдэхгүй. Бид зөвхөн урд хөрш рүү ачаагаа зөөх гээд байгаа юм биш. Гурав дахь хөрш рүү дамжуулан гаргах бодлого ч бий. Ямар улс руу гаргаж байгаа тэр улсынхаа царигийг тавина гэсэн… Монгол Улс бол ОХУ, БНХАУ-ын дунд байрладаг. Хөдөлшгүй үнэн бол хөрш гэдэг. Аль аль талын ашиг сонирхлыг харилцан хүндэтгээд, дээд хэмжээнээс эхлээд бүхий л түвшинд харилцаагаа үргэлжлүүлж байна. Гадаад бодлогын хувьд Монгол Улс нэгдмэл бодлоготой байх ёстой” гэлээ. Тэрбээр мөн Х.Баттулгын хэрэгжүүлж байгаа том бодлогыг нь дэмжинэ. “Түмэн хишигтэн”, “Майдар” гээд сайхан ажлыг нь дэмжиж ч байгаа” гэдгээ ч хэлэхээ мартсангүй.
Мөн уулзалтыг дамжуулж буй хэвлэлийнхэнд хандан “Олон нийтэд юм үзүүлнэ гэдэг хариуцлага. Тэр янз бүрийн нэвтрүүлэг хийгээд байгаа хүмүүс нэр алдраа бичих хэрэгтэй. Үнэхээр эх орончид л юм бол хэн юу хийж, хэн зохиолыг нь бичсэн гэдгээ мэдэгдэх хэрэгтэй” гэсэн юм. Тэрбээр энэ бүхнээ хэлчихээд “За би ийм л юм хэлэх гэсэн юм. Та бүхэнд баярлалаа” гэснээр сэтгүүлчид өрөөнөөс гарах хэрэгтэй болов. Х.Баттулга гишүүн харин суусаар үлдлээ.
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн
ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд
нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нийт 841 тээврийн хэрэгсэл
наадамчин олонд үйлчилнэ. Үүнд: 83 чиглэлд их багтаамжийн 593 , туслах
21 чиглэлд бага оврын 165, зуслангийн 7 чиглэлд бага багтаамжийн 7, их
багтаамжийн 10, баярын үйлчилгээнд 66 автобус ажиллахаар төлөвлөсөн
байна. Долдугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд Хүй 7 худаг руу явах иргэдэд
зориулан Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-ийн автобусны зогсоолоос
нэмэлт автобусны үйлчилгээ гаргана.
Дүнжингарав худалдааны төв рүү 7 дугаар
сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт их багтаамжийн 120
автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү
хотын баруун болон урд чиглэлээс нийт их багтаамжийн 54 автобус Нарны
гүүрээр очиж иргэдэд үйлчилнэ. Мөн нийтийн тээврийн үндсэн чиглэлээр явж
120 мянгатын автобусны зогсоолд зогсох 121 автобус үйлчилгээнд явна.
Дүнжингарав худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс 8, Дунд голоос 3
том оврийн автобус Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 5-10 минут
тутамд нийт 21 автобус надамчин олонд “ үнэ төлбөргүй” үйлчилнэ.
Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулаад
үнэ төлбөргүй автобусанд сууж Төв цэнгэлдэх хүрээлэн орж наадмаа үзэх
боломжтой болж байгаа юм.
Харин Хүй 7 худаг руу 7 дугаар сарын
11,12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талаас буюу Мохатма Гандийн
гудамжин дахь зогсоолоос, 7 сарын 13-нд ”МУБИС”-ийн зогсоолоос том
оврын 20 автобус, 11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”,
“5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон” гэсэн 5 чиглэлээс тус бүр 4 нийт
20 автобус наадамчин олондоо үйлчилнэ. 7 сарын 10,11,12,13-ны өдрүүдэд
Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг
руу иргэдэд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь
барианы газар хүртэл том оврын 5 автобус наадамчин олонд “үнэ
төлбөргүй”-ээр үйлчлэх бол Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун
зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд
талын зогсоолоос таксийн үйлчилгээг иргэдэд үйлчлүүлэх зохицуулалтыг
Нийслэлийн Тээврийн газраас хийж байна. Нийтийн тээвэр 07 дугаар сарын
11,12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарийн дагуу, 7 сарын 13-нд хот дотор
ердийн амралтын өдрийн хуваариар ажиллана гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Хөлбөмбөгийн ДАШТ –д Африкийг төлөөлж Гана улсын шигшээ баг оролцож байгаа билээ. Тэгвэл Гана улсын эрх баригчид тамирчиддаа эх орондоо буцах зардлын мөнгө болгож гурван сая ам.доллар илгээх шийдвэр гаргажээ.
Ганын Спорт соёлын сайд Жосеп Яамин энэ тухай орон нутгийнхаа “Citi FM” радиогоор “Бразилд байгаа тамирчид биднээс замын зардал хүссэн. Иймд Бразилаас Ганыг зорих онгоцны тийз захиалахын тулд улсын төсвөөс 3 сая ам.доллар гаргах шийдвэрийг засгийн газраас гаргасан” гэж ярьжээ.
Өнөөдрийн тоглолтоор Ганачууд Португалийн багийг хожиж байж ДАШТ-ээ цааш үргэлжлүүлэх боломжтой болох юм. Харин хожигдох юм уу тэнцсэн тохиолдолд тэдний Бразил дахь аялал нь дуусах аж. Үүнээс гадна Ганын шигшээ баг өнгөрсөн долоо хоногийн цалин мөнгөний асуудлаас болж бэлтгэлээ хийхгүй гэж мэдэгдээд байгаа ба цалингаа авахаас нааш дараагийн тоглолтоо бэлдэхгүй хэмээн дасгалжуулагчдаа хэлжээ.
Үүний хариуд Ганын хөлбөмбөгийн холбоо “Засгийн газар санхүүгийн боломжтой нөхцөл байдлыг судалж байгаа. Манай багт ФИФА-аас ДАШТ-д оролцсоны төлбөрийг өгөх үед тамирчдын цалинг тавина” гэжээ.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Б.Обамаг шүүхэд өгөх гэнэ. Учир Америкийн төрийн тэргүүн Конгрессоос зөвшөөрөл авалгүйгээр нэлээд хэдэн асуудлыг дур мэдэн шийдсэн аж. Өөрөөр хэлбэл эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна. Гэхдээ чухам ямар хуулийг зөрчсөн талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Ямар ч байсан эрүүл мэндийн тусламж үзүүлэх хөтөлбөр, цагаачлалтай холбоотой асуудал дээр Б.Обамаг нэлээд дураараа шийдвэр гаргасан гэжээ.
Ю.Дэлгэр
Алдарт “Битлз” хамтлагийн гишүүн П.Маккартнигийн бие нь гэнэт муудсанаас Японд концерт тоглохынхоо өмнөхөн эмнэлэгт хүргэгдэж АНУ-аар хийх аялан тоглолтоо хойшлуулан билээ. Харин саяхнаас түүний бие сайжирсан гэнэ. Тэрээр бичлэгээ Интернэтэд байрлуулсан бөгөөд эрч хүч дүүрэн байгаа аж. Тиймээс цуцлагдсан тоглолтуудаа нөхөн ирэх ёс, аравдугаар сард тоглох юм байна. Харин АНУ-д хийх аялан тоглолт нь ирэх долдугаар сарын 5-ны өдөр эхлэх аж.
Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр гарсан Гадаад харилцааны сайдын
2013 оны төсвийн багцын гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэлд дараах хариу
тайлбарыг өгч байна.
Гадаад
Харилцааны сайдын төсвийн багцын 2013 оны гүйцэтгэлээр нийт зардал
653.4 сая төгрөгөөр хэмнэгдсэн. Үүнд барилга байгууламж, тоног төхөөрөмж
зэрэг хөрөнгө оруулалтын зардлын хэмнэлт гол нөлөө үзүүлжээ.
Харин урсгал зардлын гүйцэтгэл төлөвлөснөөс 2 хувиар давсан байна.
Үүний дотор гадаад томилолт, арга хэмжээний зардал 558 сая төгрөгөөр
хэтэрснийг ‘’Гадаад харилцааны сайд гадаадад зугаалжээ’’ гэх мэтээр
тайлбарлаж байгаа нь бодит байдалд яавч нийцэхгүй юм.
Учир нь энэхүү хэтрэлтийн 96 хувийг гадаад дахь нийт 39 Дипломат
Төлөөлөгчдийн Газрын ажилтнуудын томилолт, эх орондоо бүрмөсөн буцах
унааны зардал зэрэг зардал бүрдүүлж байна.
Гадаад харилцааны яамны төв аппаратын томилолт, гадаад арга хэмжээний
зардал 2013 онд 9 сая төгрөгөөр давсан нь валютын ханшийн өсөлт маш
өндөр байсан өнгөрсөн оны хувьд үнэндээ ихээхэн хэмжээний хэмнэлтийн үр
дүн байсан юм. Ер нь тус салбарын нэг онцлог нь зардлын дийлэнхийг
гадаад валютаар төлдөг бөгөөд өнгөрсөн онд салбарын төсвийг батлахдаа 1
ам.долларыг 1336.1 төгрөгөөр тооцсон ч бодит байдалд жилийн дундаж ханш
1523.6 төгрөг байснаас их хэмжээний санхүүжилтийн дутагдал үүссэн.
Энэхүү бодит шалтгааны улмаас урсгал зардлын 2 хувийн хэтрэлт бий
болсон бөгөөд сайдын гадаад томилолтоос болсон зүйл биш гэдгийг дахин
тодотгож байна.
Хэдийгээр валютын ханшийн өсөлт гэсэн зайлшгүй хүчин зүйл гол нөлөө
үзүүлсэн ч гэлээ Дипломат төлөөлөгчийн газруудын томилолтын зардлын
зөрүүг төлөөлөгчийн газар тус бүр дээр дахин нягтлан шалгаж, хариуцлага
алдсан асуудал байгаа бол арга хэмжээ авах болно.
2014.6.26
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цаг гаруй хойшилж эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг танилцуулав. Хуралдаанаар нийтдээ 10 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдааны эхэнд 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудлыг хэлэлцэх юм. Дараагаар нь ЭЗХ-ийн сайд Н.Батбаярыг огруулах асуудлыг хэлэлцэх ажээ.