Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өгий нуурын загасыг хэдэн солонгос дуусгаж байна

-ХӨДӨӨ ОРОН НУТАГ
ЭЗЭНГҮЙДЭЖ, ГАДААДЫН ИРГЭД ХУУЛЬ ЗӨРЧИН  ЮУ
ДУРТАЙГАА ХИЙДЭГ БОЛЖЭЭ-

Устаж үгүй болох дээрээ тулаад байсан Өгий нуурын загас сүүлийн хэдэн
жилийн дотор тоо толгой нь нэмэгдэх болсон гэнэ.  Өгийнуур сумын иргэд нуурынхаа загасыг тор тавиад
тонн тонноор нь бариад хятадуудад өгдөг байсныг Амьтны тухай хуулийн 10.1.7-д ахуйн
хэрэгцээнд загас барихад тор хэрэглэхийг хориглоно гэсэн заалт хэрэгжиж эхэлснээс
хойш таслан зогсоож чаджээ. Өгий нуурын загасыг аялагчид болон загасчлах сонирхолтой
цөөн хэдэн хүмүүс дэгээ шидэж барьж байгаа гэнэ. Гэтэл сүүлийн үед солонгосчууд
нууранд тор тавьж  Өгий нуурын загасыг үй
олноор нь барих болсон байна. Долоо хоног бүр ирээд тор тавьж нуурын загасыг хууль
зөрчин бариад явдаг байна. “Ланд круйзер-80”, “Лексус-470” маркийн автомашин хөлөглөсөн
зургаан солонгосын хууль зөрчсөн үйлдлийн талаар нутгийн иргэд мэддэг болжээ. Бүр
хууль зөрчин загас барьж байгаа солонгосчуудыг андахгүй таньдаг болсон байна. Энэ
талаар Өгий нуур сумын иргэнтэй холбогдож цөөн асуултад хариулт авсан юм. Тэрбээр
сонин дээр нэр гарвал сумын цагдаагаас эхлээд дарамтлах хүн олон байгаа хэмээн нэрээ
хэлэхээс татгалзсан юм.  

 

САР ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД ТОР ТАВИХАД ӨГИЙ НУУР ШИРХЭГ Ч ЗАГАСГҮЙ БОЛНО
ГЭВ

-Өгий
нуурын загасыг хэдэн солонгос тороор бариад дуусаж байна гэж сонслоо. Танд сонсож
дуулсан зүйл байна уу?

-Манай сумын хүн болгон л Өгий нуурын загасыг хэдэн солонгосчууд
бариад дуусаж байгааг мэддэг. солонгосчууд долоо хоног болгон манай энд ирээд загас
бариад явдаг.  Үүнийг мэдэхгүй хүн байхгүй
шүү дээ. Манай Өгий нуурын загасыг хотын солонгос хоолны газар болгон авч хоол хийдэг
гэсэн. Гэхдээ бүр шинэ загас гээд өндөр үнэтэй хоол бодог гэсэн. Тэр үнэтэй хоолыг
нь хотынхон худалдаж аваад л иддэг гэж байсан. Солонгосчууд Өгий нууранд ирээд тор
тавиад олон загас бариад явдаг.

Уг нь тэдний хууль зөрчиж байгааг сумын байгаль
орчины байцаагч мэдэж байгаа. Тэр хүн Өгий нууранд аялахаар, загас барихаар хүн
болгоныг сайтар шалгаж явдаг хүн. Ирсэн хүн болгон муухай ааштай хүн байна гэж хэлээд
явдаг. Гэтэл манай сумын байгаль орчны байцаагч нөгөө хэдэн солонгосчуудад хөл алдаж
гүйгээд байдаг болчихсон. Тэднийг тор тавиад загас барьж байгааг огт анзаарахгүй
яваад өгдөг. Бүр нөгөө хэдэн Солонгосчуудын 
тарьсан хогыг өөрөө цэвэрлэж байгаа харагддаг.

-Солонгосчууд
загас бариад байхад сумын цагдаа огт мэдээгүй сууж байх юм уу?

-Сумын цагдаад хэд хэдэн хүн очиж хэлсэн гэж байна лээ. Бид шалгаж
байгаа гэж өөдөөс нь хэлдэг гэсэн.  Өгий нуурын
ус өдрөөс өдөрт багасч байгаа. Загас нь ч гэсэн цөөрсөн. Цөөн хэдэн загасыг солонгосчууд
бариад дуусаж байна. Хэрэв хууль хяналтынхан анхааралдаа авахгүй бол Өгий нуур ширхэг
ч загасгүй болох аюул нүүрлээд байна. Хэрэв хууль хэрэгжихгүй байсан юм бол нутгын
иргэд тэр загасыг нь солонгос хоолны газруудад зарж мөнгө олмоор байна. Солонгосчууд
манай Өгий нуурыг өөрсдийнхөө загасыг барьж байгаа юм шиг л эрх дураараа аашилж
байна. Сар хүрэхгүй хугацаанд тор тавихад Өгий нуур ширхэг ч загасгүй болно гэв.

Өгий нууранд солонгосчууд загас бариад байгаа хууль бус ангийн талаар
Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчины гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөгч нараас
тодруулахад “Хөдөө орон нутагт гарч байгаа хууль бус ангийн гэмт хэргийг нутгийн
иргэд цагдаагийн байгууллагад хандаж мэдээлэл өгөх ёстой. Сумын анхан шатны газрууд
шалгах ёстой. Байгаль орчны байцаагч, сумын хэсгийн төлөөлөгчид. Тэгээд шат шатаараа
дээшээ явсаар манайд ирдэг юм” гэв. Хууль хяналтынхан энэ мэт  ямар ч мэдээлэлгүй сууж байна.

 

ЭЗЭНГҮЙДСЭН ХӨДӨӨ НУТАГТ ГАДНЫ ОРНЫ ИРГЭД ЭРХ ДУРААРАА ААШИЛЖ БАЙНА

Сүүлийн үед гадаадын иргэд манай улсад аялал жуулчлалын чиглэлээр
ирээд хууль бусаар ан хийх гэх мэтээр олон бусармаг үйлдэл гаргах болсон гэнэ. Зохион
байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар Гадаадын иргэдэд хууль бус ан хийлгэх,
баавгай агнах, гөрөөс, буга, хулан, хавтгай, цоохор ирвэсийг өндөр үнээр агнуулдаг
. Мөн охид, бүсгүйчүүдэд зуучилж өгдөг компани, хувь хүмүүс бий болоод байгаа талаар
мэдээлэл иржээ. Үүний дагуу хэргийн араас шалгаж эхлээд байгаа аж. Гадаадын иргэд
манай оронд  аялахаар ирэхдээ хууль журмыг
уландаа гишгэж юу дуртайгаа хийдэг болсон. Хотоос гарангуутаа л хогоо замбараагүй
хаяж тэр ч бүү хэл ил гал түлээд түүнийгээ унтраалгүй явсан тохиолдол ч хэд хэдэн
удаа гарчээ. Хөдөө орон нутаг эзэнгүйдэж анхан шатны байгууллага ажлаа хийхгүй байгаагаас
үүдэн гадны орны иргэд манай улсад өөрийнхөө эх оронд байгаагаас илүүтэй  эрх чөлөөтэй байдаг болсон. Тэд усны эх бохирдуулж,
дуртай ан амьтнаа агнаж, байгалийн баялгийг хүртэл өөрсдийнхөө дураар судалж шинжилж
байна. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутгаар сүүлийн үед урд хөршийн иргэд алтны
судалгаа хийгээд явдаг болсон талаар ч мэдээлэл ирэв. Өгий нуурнаас загас бариад
явдаг БНСУ-ын иргэд Улаанбаатарын Солонгос хоолны газруудад загас нийлүүлдэг шинэ
бизнесийг эхлүүлжээ. Тэд хуулийг уландаа гишгэж байгааг зогсоох хүн Монголд алга
байна. Анхан шатны байгууллага ажлаа хийхгүй байгаагийн гор энэ мэтээр илэрч байна.
Солонгосчууд энэ долоо хоногийн бямба гаригт загас ирж барина гэж хэлээд явсан гэнэ.

Э.БААТАР   

 

Categories
мэдээ цаг-үе

Төрийн есөн хөлт цагаан туг залах бэлтгэл Шажин хурахын аманд болж байна

Монгол төрийн их баяр наадмаар есөн хөлт цагаан туг залах торгон
цэргүүд бэлтгэлдээ гарчээ. Богд уулын энгэр Шажин хурахын аман дахь бэлтгэл эхлээд
долоо хонож байгаа юм байна. Төрд данстай адуу Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд
байдаг бөгөөд наадам эхлэхээс нэг сарын өмнө энд авчирдаг. Төрийн их сүлдийг өмнө
нь есөн шарга мориор залж, урд нь яваа хонжин (хөтөчлөн яваа хүн) ганцаараа цагаан
морь унадаг байсан. Тэгвэл өнөө жилээс их тугийг цагаан мориор залах болжээ. Учир
нь 1992 онд баяр наадмаар төрийн есөн хөлт цагаан тугийг залахдаа найман шарга,
хоёр цагаан морь байна гэж заасан байдаг гэнэ. Чингэсийн эр хоёр загалыг бэлгэдэж
хоёр цагаан байхаар хуульчилж. Уг хуулийг өнөө жилээс хэрэгжүүлж буй ажээ. Тиймээс
шарга морьдын сүрэгт цагаан морь шинээр орж байгаа гэнэ. Төрийн наадмын хамгийн
хүндтэй энэхүү ёслолыг зэвсэгт хүчний 032 дугаар ангийнхан гүйцэтгэдэг. Тэд бэлтгэлдээ
гараад удаагүй байгаа ч туг залах, мориндоо мордох гээд бүх гүйцэтгэл ерөнхийдөө
жигдэрчээ. Өмнө нь уг ажилд шинэхэн цэргүүд голдуу дайчлагддаг байсан бол энэ жилээс
тус ангид ажиллаж байгаа офицерууд түлхүү байна. Сонгож авахдаа хамт олноо манлайлдаг,
үлгэр жишээч алба хаагчийг сонгож авдаг гэсэн. Энэ жилийн тухайд тус ангиас энхийг
сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн офицеруудаар туг бариулахаар болжээ.

Биднийг очих үед цэргүүд хоёр эгнээ болон жагсаад гар дээрээ суниаж
байсан юм. Удалгүй морьтой бэлтгэлээ эхлэхээр боллоо. Туг залах морьдоос гадна морин
салааны нийт бүрэлдэхүүн хамт бэлтгэл хийнэ. Яг л Төв цэнгэлдэх хүрээлэнд байгаа
мэтээр туг залж орж ирэх, нэг эгнээнд жагсан мориноосоо буух, эргээд мордох, есөн
хөлт цагаан тугийг залах зэрэг бэлтгэл хийнэ. Морьтой бэлтгэлээ өдөрт гурван удаа
хийдэг гэсэн. Бусад үед морьтой байна гэж бодоод ажиллана. Мориндоо гэвэл нэг хөлөө
дөрөөн дээрээ тавилаа, өндийлөө, мордлоо гэж төсөөлөөд дотроо тоолоод л хийчих юм.

Торгон цэргүүд өглөө 06 цагт босно. Эхлээд өглөөний гүйлттэй. Дөрвөөс
таван км гүйгээд анги дээрээ ирж өглөөний цайгаа ууна. Үргэлжлээд биеийн хүчний
бэлтгэл хийдэг. Өөрсдийнхөө бие хааг ингэж бэлдсэний дараа морьтой бэлтгэлдээ гарна.
Хоёроос гурван цаг морьдоо дасган бэлтгэл хийсний дараа өдрийн хоолтой. Тогооч нар
хээрийн бэлтгэлд хамт гардаг учраас нэг, хоёрдугаар хоол хийж өгнө. Дараа нь бас
л бэлтгэлээ хийнэ. Морьтой бэлтгэлийг өдөржин хийгээд байж болохгүй. Адуу хэт удаан
бэлтгэл хийвэл залхуураад байдаг гэсэн. Ер нь энд байгаа адуу өвөлдөө Хэнтийд байх
цэргийн ангийн адуун сүрэгтэй нийлдэг учраас хүн амьтан барьж унаад байхгүй. Тиймээс
энд ирэхдээ нэлээн эмнэгшчихсэн ирдэг ажээ. Түүнийг нь цэргүүд унаж номхруулах ажилтай
болдог юм байна. Гэхдээ олон жил туг залж яваа морьд үүргээ сайн мэддэг болчихдог
гэнэ. Бэлтгэлийн үеэр ийш тийшээ өвс зулгаагаад явчихгүй. Яг л уяан дээрээ байж
байна. Харин наадам дөхөөд ирэх үед буюу долдугаар сарын 9, 10-ны үед Туул гол дээр
аваачин усанд оруулж өнгө зүсийг нь сэргээдэг гэж байлаа. Мал угаадаг тусгай шампунь
гарчихсан учраас түүгээр угаана. Өнгө ороод л явчихдаг гэсэн. Харин хоол тэжээлийн
тухайд тусгай идэш тэжээл хэрэглэхгүй. Бэлчээрлэнэ. Яг наадмын өдөр харин гэдсээ
татчихдаг гэсэн. Цэнгэлдэх дотор ороод учиргүй бааж шээгээд байхгүй. Ялангуяа олон
жил болж байгаа хөгшин морьд ийм асуудал гаргахгүй. Ганц нэг жил болсон шинэ морьд
л цэнгэлдэх дотор “асуудал” гаргадаг юм байна. Морьтой цэргүүдийг 032 дугаар ангийн
захирагч, хурандаа Л.Батболд командлахаас гадна цэргүүдийн бэлтгэлийг ахмад Д.Хашхүү
удирдан явуулдаг ажээ. Д.Хашхүү их тугч бөгөөд зургаа дахь жилийнхээ бэлтгэлийг
хийж байгаа юм байна.

Хүндэт харуулын гэгддэг зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 90 жилийн
ой өнөө жил болж байгаа ажээ. Ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн гэсэн. Бас
алба хаагчид ангийнхаа ойн жилд зориулан олон бэлэг барьж байгаа. Тэдний нэг нь
Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байр. Бас оны мэргэжлийн аварга
салаа, рот, бательоны захирагч шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Өнгөрсөн
жил Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилсан
“Монгол цэргийн жавхаа” анхдугаар уралдааны тэргүүн байрын шагналт. Энэ мэтчилэн
салбарынхаа хүрээнд зохион байгуулагдсан бүхий л уралдаан тэмцээнд тэргүүлдэг нь
тус ангийн жагсаалтай холбоотой. Тэд жагсаалын бэлэн байдалд байнга байдаг. Шаардлагатай
тохиолдолд жагсаалын бэлтгэлийг өдөрт 4-6 цагаар хийнэ. Жирийн үед өдөрт гурван
цагаас доошгүй хугацаагаар бэлтгэл хийдэг ажээ. 90 жилийн түүхтэй тус ангиас 10
генерал төрөн гарсан. Мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, далай даян дархан аварга
Дарийн Дамдин, Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат, гарамгай баатар
Л.Дандар, гавьяат багш, хурандаа Б.Түмэн зэрэг алдартнууд 032 дугаар ангид алба
хааж байжээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Эмнэг булгиулагчид наймдугаар сард аваргаа тодруулна

Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын 2014 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 1-3-нд Увс аймагт болно.

Залуу үеийнхэн мал аж ахуйгаас хөндийрөх, уламжлалт ахуй, соёлоо гээх хандлага гарах болсон 1980-аад оноос адууг уургалах, бугуйлдах, эмнэг хангал бугуйлдах, хазаар, ногт, эмээл, түүний хэрэгсэл, уурга, бугуйлаа бэлтгэж уралдаан, тэмцээний төрөлд оруулах хөдөлгөөн өрнөж байсан юм. Энэ үед сум, аймаг, хот, улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах шийдвэрийг Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төв зөвлөл /БХТНТЗ/-ийн анх санаачилж уг тэмцээнийг Булган аймгийн Могод суманд 1989 онд зохион байгуулж байсан түүхтэй.

Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын тамирчид 1989 оноос жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. УАШТ-нд түрүүлсэн тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, улсын уран уургач, бугуйлч, шилдэг булгиулагч цол олгож ирсэн. Одоогийн байдлаар уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын төрлөөр спортын мастер 25, дэд мастер 10 тамирчин хүртээд байна.

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Буриад Монголын нийслэл Улаан-Үдийн зун

8Түрүүч нь ¹ 154 (4794) дугаарт8

Улаан-Үдэд ирсэн хүмүүсийн заавал ч үгүй очдог газар нь Ринбүчи багшийн
дацан. Хотын хойморт байрлах уг дацанд буриадууд амралтын өдөр, баяр ёслолын үеэр
байнга ирнэ. Дацан цагаан сараар, шинийн хоёронд олны хөлд дарагдана. Цагаан сараар
хүн бүр тусгайлан зассан газарт хийморийн дарцгаа өлгөнө. Дацангийн баруунтаа дарцаг
уяж байрлуулдаг газар бий. Салхин талдаа болохоор дарцгууд бүтэн жилийн турш намирна.

Эндхийнхэн цагаан сарыг тийм ч өргөн тэмдэглэдэггүй юм байна. Шинийн
нэгний өглөө ахан дүүсээрээ нэгний­дээ цуглана. Айл болгон хүн тус бүрт бэлэг зэхэж,
сүү авчирцгаана. Нэг нэгэндээ сүүгээ барьж, бэлэг сэлт өгнө. Орой болтол ууж дуулж,
сайхан зүйлсээ хэлэлцээд тарцгаана. Түүнээс биш айл айл хэсч хамаатан, садан, танилуудынхаараа
орно гээд яваад байдаггүй гэсэн. Гэхдээ сүүлийн үед Улаан-Үд гэлтгүй Буриадын бусад
аймгуудад монголчууд цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэх хандлагатай болжээ. Түүгээр
ч барахгүй 25-аас дээш насныхан буюу залуу эцэг эхчүүд үр хүүхдэдээ монгол нэр өгөх
болсон гэнэ. Залуус эцэг эхдээ хандан “Надад яагаад монгол хэл заагаагүй юм бэ.
Яагаад та буриад хэл мэддэг мөртлөө буриадаар ярьдаггүй юм бэ” гэж асуух болсон
гэсэн. Буриадууд гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхдаа аль болох буриадаараа
ярихыг хичээх юм. Гэхдээ хэлж байгаа арван
үгний гурав дөрөвхөн л буриад байх жишээний.

Нэгэн бяцхан охин эмээ­дээ “Эмээ би та нарыг буриа­­даар ярихыг сонсоод
ойлгоод байдаг хэрнээ өөрөө ярихаараа оросоор ярьчихаад байх юм. Миний чих буриад,
хэл орос байх аа” хэмээн гайхжээ. Үүнээс нь үзэхэд буриадуудад монгол хэл, буриад
аялгуу яс маханд нь шингээстэй ч орчин нь орос учир оросоор сэтгэхээс өөр арга ч
үгүй юм уу гэж бодогдох.

Улаан-Үдэд ямарваа нэг байгууллага, тэр дундаа соёл урлаг, шашны
байгууллагууд нь буриад, орос гэсэн хоёр тодотголтой. Буриадын сонгодог урлагийн
театр гэж байхад Оросынх гэсэн тодотголтой том сайхан театр ч байна. Буриадын түүхийн
музей, буриадаар гардаг сонин, хүүхэлдэйн театр гээд буриадуудад зориулсан газрууд
олон байдаг аж.

Пүрэв, баасан гаригуудад хотын төв талбай хүнээр дүүрнэ. Талбайн
баруун талд хосуудыг бүртгэж, гэрлэлтийн баталгаа олгодог газар бай­даг. Батлуулаад
гарч ирсэн хосуудыг найзууд нь угтан сар­найн дэлбээ, задгай зоос шидэж баяр хүргэнэ.
Шинэхэн гэрлэсэн хосууд тагтаа нисгэдэг уламжлалтай. Тагтаа үржүүлж, тагтааны ийм
төрлийн бизнес эрхлэгчид, цэцэг зардаг хөгшид хурим хийж байгаа газрын ойр хавьд
нь зогсоцгооно. Эхний хоёр хос батлуулаад гарч байхад дараагийн хосууд нь машин
дотроо хүлээж сууна.

Төв талбайд хурим болж байхад хүүхдийн хувцасны дэлгүүр гэсэн тодотголтой
байсан том барилгын хойд талбай хүүхдээр дүүрчихнэ. Паркт байдаг эргэлддэг элдэв
төрлийн тоглоомуудад хүүхдүүд сууна. Одой моринд хөлөглөсөн сүйх тэрэг, одой морь
унуулах үйлчилгээ ч байна.

Улаан-Үдийнхэн ихэвчлэн Эрээн болон Улаанбаатараас бараагаа татдаг.
Барааны зах, дэлгүүрээр нь явбал манай “Бөмбөгөр”, “Нарантуул” захаар явж байгаагаас
ер ялгагдахгүй, барааны үнэ нь манайхаас үнэтэй. Улаан-Үдийн буриадууд “Монголд
бараа хямдхан гэдэг үнэн үү. Монголоос дуучид, уран бүтээлчид ирж тоглолт хийж болдоггүй
юм байх даа. Ирвэл бид үзмээр байна. Бас яармаг, худалдаа зохиогоосой. Улаан-Үдэд
монгол дэлгүүр байгуулж болох уу. Далай лам Монголд ирнэ гэнэ үү. Ирнэ гэвэл тосч
золгохсон” гэх мэтээр сураглаж байлаа.

Эндхийн брэнд бараа бол булган шуба, малгай, унты буюу цаа бугын
арьсан гутал.

Зун боллоо гээд шуба, малгай, гуталныхаа үнийг навс буулгачихдаггүй.
Зун ч гэсэн гүйлгээтэй. Наймаачид өдийд гутал их хэмжээгээр худалдан авч дараад
намар гаргаж үнэ хүргэнэ. Тийм болохоор үнийг нь хямдруулахгүй. Саяхан Монголоос
хэсэг наймаачид ирээд гутал бөөндөөд яваад явжээ.

Төв зах дээр нь булган малгай загвар, хийцээсээ хамаарч
5500-13000 рублийн үнэтэй байна. Харин шубанууд 75 мянган рублиэс эхлэх аж. Гэхдээ
улирлаас хамаарч хямдарчихаад байгаа нь энэ гэнэ.

Харин цаа бугын арьсан гутал сувдан чимэглэлтэй бол 11000 рубль,
сувдан чимэглэлгүй, энгийн нь 10000 рублийн үнэтэй байлаа. Өвөл бол ийм гутлуудыг
13-15 мянган рублиэр худалдана. Цаа бугын шилбэний арьсаар гутал хийдэг юм байна.
Эмэгтэй хүний нэг гутланд дөрөв буюу нийт найман шилбэний арьс ордог бол эрэгтэй
хүний гутал хийхэд арав хэрэгтэй.

Арьсыг нь технологийн төвд өгч боловсруулдаг аж. Гут­лын гадар, дотор,
ул, чимэг­лэлийг тус бүрт нь мэр­гэш­сэн оёдолчид оёж шиддэг бөгөөд гутлыг хэвлэж
бэлэн болгоход таван өдөр зарцуулдаг гэсэн. Бор арьстай гутал бол гэрийн тэжээмэл
цааны арьсаар хийсэн нь. Харин цагаан нь уулын зэрлэг цааных. Эдэлгээний хувьд бор
цааны гутал ус, чийг даахдаа сайн, илчээ алддаггүй, бөх юм байна.

Унты зардаг хүмүүс ихэвч­лэн гэр бүлээрээ энэ бизнесийг эрхэлнэ.
Унтыны наймаачид “Бид чинь олон монгол найз­тай. Байнга ирж гутал авдаг найз олон
шүү. Тэд чинь нэг ирэхээрээ бөөндөөд аваад явчихдаг. Улаанбаатартаа цаа бугын арьсан
гутлын дэлгүүр нээчихсэн байдаг гэсэн” гэцгээнэ. Нутгийнхан “Унтытай өвөлжсөн хүн
өөр гутал өмсөх дургүй болчихдог” хэмээн ярих дуртай.

Жимсний худалдагчид “Дол­дугаар сарын эхээр ихэнх жимс боловсорчихдог
юм. Гэхдээ одоо жимснүүд түүхий гэсэн үг биш. Лийр боловсорч гүйцэхээрээ ямар эмзэг
зөөлхөн болдог гэж санана. Тэр үед нь амтархвал дахиж идмээр санагдаад байдаг” гэлээ.
Хүнсний зах нь жимс, ногоогоор элбэг. Зүсэн зүйлийн жимстэй.

Буриад улсын газар нутгийн 90 орчим хувь нь ой модтой учир модны
эх орон гэж хэлж болно. Бүх эд зүйлс нь мод, модтой холбоотой. Модны давирхайнаас
гаргаж авсан бохинд Улаан-Үдийнхэн дуртай. Чанаж, жигнэсэн гээд боловсруулсан аргаасаа
хамаарч бохины өнгө хул шар­галаас кофены бор хүр­тэл өнгөтэй. Эрхийн чинээ хэмжээтэй
бохь 10 рублийн үнэтэй байлаа. Модны давхир­хай амтагдах бөгөөд шүдэнд наалдахгүй.

Эндхийн мал яагаад ч юм айхавтар тарга авдаггүй гэнэ. Монголын малтай
харь­цуул­бал өөхөн давхарга багатай. Буриадууд зуны цагт хааяа нэг ах дүүстэйгээ
нийлж хонь гаргаж, шинэ шөл ууна. Төлгийг 6000-7000 мянган рублиэр авдаг аж. Энд
хонины нэхий, өлөн авдаг ченж гэх хүмүүс байдаггүй болохоор нэхий, шийр, толгой
зэргийг нь хаячихна.

Хүнсний захын махны тасгаар нь оров. Хүмүүс ихээр дугаарлаж зогссон
хэсэг нь дайвар бүтээгдэхүүний тасаг. Үхрийн уушги, гүзээ, сархинаг, цус, адууны
умс, китаа, гахайн шийр, чих зэргийг ангилаад таваглачихаж. Борлуулалт сайтай байдаг
гэсэн.

Захын гадуур цэцэг, урга­­мал, үр зарна. Оросууд цэцгэнд их дуртай.
Ямар ч баяр ёслол, цайллагад оролцсон бай цэцэг барьж очно. Оросуудын хурим найр,
баяр цомхон хүрээнд болж өнгөрдөг бол буриадууд өргөн дэлгэр тэмдэглэнэ. Оросууд
“Танайд хурим хийгээд “шатна” гэж байхгүй шүү. Зарснаасаа илүүг л олно уу гэхээс
биш дутаана гэж байдаггүй байх” гэдэг гэнэ. Буриадууд ямар ч баярт  очсон бүгдээрээ бэлэг бэлдэнэ. Эсвэл бултаараа
нийлээд ядруухан яваа нэгэн­дээ тусламж үзүүлж “Дараа тэднийд тийм юм авч өгнө”
гэж төлөвлөдөг аж. Бие биенээ гэдэг энэ занг нь оросууд ихэд магтдаг гэнэ лээ.

Д.ГАНСАРУУЛ

Үргэлжлэл
бий

Categories
мэдээ цаг-үе

Д.Сосорбарам: Надад багахан төсөв өгсөн ч Монгол төрийн наадам омогшмоор сайхан болно

Үндэсний их баяр наад­мын нээлт, төрийн их ёсло­л хүндэтгэлийн
тоглолтын ерөнхий най­руулагч, Монгол Улсын төрийн шагналт, гавь­яат жүжигчин Д.Сосор­барам­тай
уулзаж ярилцлаа.

-Үндэсний
их баяр наад­мын нээлт болоод төрийн хүн­дэт­гэлийн ёслолын ерөн­хий найруулагчаар
та ажил­лах юм байна. Та өмнө нь хэд хэдэн удаа төрийн энэ их ёслол хүндэтгэлийн
баярыг найруулсан байх аа?

-Наадмын ерөнхий най­руу­лагчаар хоёр дахь удаа­гаа ажиллах гэж байна.
Өмнө нь төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар, хөгжмийн зохиолч, “On
&  of”-ын Ононбат хоёрын зөвлөхөөр ажиллаж
байсан. Өнгөрөгч жилийн наадмыг өөрийнхөө багийнхантай, шавь нартайгаа хийсэн. Энэ
жилийн Төв цэн­гэл­­дэх хүрээлэнгийн ёслолын ажиллагаа, төрийн хүндэтгэлийн уран
бүтээлийн цэнгүүн хоёрыг ерөнхий най­руу­лагчаар зангидаж ажиллах болсон. Ноднин
надтай хамт ажилласан багийнхан, авьяастай уран бүтээлчид ажиллана. Тайз болоод
төв цэнгэлдэхийн уран бүтээлийг найруулан дэглэхээр соёлын тэргүүний ажилтан, бүжиг
дэглээч Д.Баярбаатар, Сономын Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн” дээд шагналт
бүжиг дэглээч Энх­гэрэл хоёр ажиллах боллоо. Би энэ хоёрт энэ жил илүү итгэл хүлээлгэж
“Бүжиг дэглэхээс гадна найруулагчаар ажилла. Та нарын найруулгын галбирыг харж өөрийнхөө
санаа оноог нэмнэ” гэсэн болохоор хүүх­дүүд маань урамтай ажиллаж байгаа. Ажил маань
харин түрүү жилийнхээсээ овоо өмнө эхэлчихлээ. Ноднин Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар
сарын 26-нд бол­сон. Тиймээс бидний бэлтгэл үндсэндээ долдугаар сарын 2-ны өдрөөс
эхэлж байсан. Төв цэнгэлдэхийн нээлтийн ажиллагааг тав хоног дотор найруулж, гурван
мянга орчим хүн оролцсон. Энэ жил нээлтийн ажиллагаанд таван мянга гаруй хүн оролцоно.

-Энэ
жилийн баяр наад­мын нээлтэд урлагийн ямар төрлийг гол болгон най­руу­лан барих
бодолтой байна?

-Сонгодог, үндэсний гэсэн Монголд үүсэн хөгжиж байгаа урлагийн бүхий
л төрөл орол­цоно. Ер нь цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн ёслолыг олон хүмүүсээр
дүүр­гэх­гүй бол горьгүй байдаг. Тиймээс Батлан хамгаалах яамтайгаа хамтарч ажиллаж
байгаа. Ноднин ч хамтран ажилласан. 

Батлан хамгаалах яамнаас дэлхийд Монголын нэрийг
гаргаж байгаа мянган хүнээ надад өгч байгаа. Ямар мянган хүнийг нь би хэлэхгүй.
Наадмын өдөр үзэцгээг. Цэргийн сүрт жагсаалд дээд байр эзэлсэн багуудаа өгч байгаа.
Мэдээж, төрийн есөн хөхөлт цагаан тугаа залах ёслол болно. Нууцаа би тэр бүр дэлгэхийг
хүсэхгүй байна. Харин нэг зүйлийг ард түмэндээ дэлгэх учиртай гэж бодож байна.

-Таны
дэлгэхийг хүсэж байгаа тэр зүйл чинь юу билээ?

-Ноднин наадмын соёл урлагийн үйл ажиллагаанд нэг тэрбум төгрөг зарцуулсан
гэж зарласан. Тэрбум төгрөгөөр дэндүү аятайхан наадам хийж болно. Харамсалтай нь
нэг тэрбум төгрөг зарцуу­лаагүй л дээ. Энэ жил 900 сая төгрөг зарцуулна гээд зар­лачихлаа.
Энэ чинь Чингис хааны талбай, Хүй долоон худагт болох урлаг соёлын тоглолтуудын
нийт зардал ороод тэр. Миний багийнханд Төв цэнгэлдэхийн нээлтийн үйл ажиллагаанд
250 сая төгрөг, Соёлын төв өргөөнд болох төрийн хүндэтгэлийн тоглолтод 50 сая төгрөг
л төсөвлөсөн байгаа. Үүнийг олон түмэн наадамчдадаа зориудаар зарлахгүй бол “Сосорбарам
гэдэг хүн тэрбум төг­рөгөөр наадам хийсэн нэртэй зулаад байна” гэж ойлгож магадгүй
юм. Таван мянган хүн цэнгэлдэхэд, мянга гаруй уран бүтээлчид тайзан дээр ажиллана.
Энэ жилийн тайзны уран бүтээлийн нэг онцлог нь 21 эмэгтэй уртын дууч, 21 эрэгтэй
хөөмийч, арав гаруй товшуур хөгжимчин оролцохоос гадна 33 биелээч урьд өмнө бүжиглэж
байгаагүй их хурдтайгаар биелнэ. Эвэр бүрээ, цордон, бишгүүр зэрэг жаран хүний бүрэлдэхүүнтэй
Монголын жинхэнэ үндэсний их үлээвэр найрал хөгжим тоглоно. Үүнийг би шинээр бий
болгож анх удаа тавьж байгаа юм. Цаашдаа Монгол үндэстний төрийн их найрал хөгжмийн
эх үндэс энэ болно. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Соронзонболдын судалгаа ч их
нэмэр болж байна. Төрийн их найрал хөгжим 500-800 хүний бүрэл­дэ­хүүнтэй байсан
гэдэг. Энэ наадмын уран сайхны удир­дагчаар “Хөсөгтөн” хамт­ла­гийн хөөмийч Ариука
буюу Ариунболд, туслах най­руу­лаг­чаар Божо, миний туслах найруулагчаар Жавхлантөгс
гэсэн авьяаслаг залуус ажиллаж байна. Би эд нартаа “Өөрсдийн шавь нараа бэл­дээд
ажилла” гэж итгэл үзүүлж байгаа. Энэ жилийн наадам сайхан болно. Монгол хүн бүхэн
монголоороо бахадтал “Босоо заяатай Монгол” гэсэн цогц ёслол хүндэтгэл байх болно
гэж би ам бардам хэлж чадна.

-Оролцох
уран бүтээлч­дийг сонгох тал дээр бэрх­шээл гарч байна уу?

-Онцгойлж хэлэхэд АНУ, Японд урилгаар ажиллах гэрээтэй, дэлхийд нэртэй
балетчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Алтанхуяг маань “Ах аа, би “Алтан бур­хан”
гэдэг бүжгээ төрийнхөө наадамд бүжиглэж болох уу” гэж саналаа ирүүлсэн. Болохуугаар
барахав дээ, би үнэн зүрхнээсээ баярлаж хүлээж авсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн
Баатаржав гэж манай урдаа барьдаг алдартай удирдаач байлаа. Бурхан болооч найз маань
“Миний хүүгийн найрал хөгжим удирдахыг чи хараасай, уран бүтээлдээ оруулаасай” гэж
хүсдэг байсан. Найзынхаа хүсэлтийг амьдад нь биелүү­лээгүй ч энэ жил хүүг нь урьж
байгаа. Дэлхийн шилдэг арван удирдаачид багтсан Баатаржавын Энхбаатар гэж мундаг
хүү бий шүү дээ. Долдугаар сарын 2-нд ирнэ гэсэн. 

Тэр хүүг би урьд нь харж байгаагүй
л дээ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Хангал, Нацагдорж нарын шилдэг бүтээлүүдийг
удирдаж тог­луулна. Удирдаачдаас Бүтэн­баяр, ҮДБЭЧ-ын удир­даач Ганбат, “Баян Монгол”
чуул­гын дагшаа найрал хөгж­мийн удирдаач Нямдорж нарын сэтгэлтэй, сэтгэлгээтэй
удирдаач нартай хамтран ажиллана.

-Таны
удирдлагад урлаг соёл, олон нийтийн олон байгууллага хамтран ажиллах уу?

-Улсын филармони, ДБЭТ, ҮДБЭЧ, ҮДЭТ зэрэг манай улсын мэргэжлийн
урлагийн байгууллагуудаас гадна Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас орон
нутгийн бүжигчдээ оролцуулахаар болоод байна. Тэрчлэн олимпод ордог цэнгээнт бүжгийн
төрлийн 500 гаруй бүжигчид оролцоно. Тиймээс миний багцад байгаа 300 сая төгрөгийн
төсвөө мөчиг тачигхан л хүргэнэ дээ. Өөр яалтай билээ.

-Ноднингийнхоос
энэ жилийн наадамд зарцуулах таны богцон дахь мөнгө тийм ч их өсөөгүй юм байна.
Та болохоор бараг хоёр дахин олон хүн хүчээр наад­мыг “зодох” гээд байна шүү дээ.
Гэтэл өнгөрөгч нэг жилийн хугацаанд аливаа зүйлийн үнэ хэд дахин нэмэгд­сэн байгаа.
Яаж болгоно гэж бодож байна. Уран бүтээлчдийн үнэ ханш эсвэл навс уначихсан юм уу?

-Уран бүтээлчдийн үнэ цэнэ гэдэг мөнхөд гайхамшигтай байсаар байх
болно. Ер нь би уран бүтээлчдийн авьяасыг өндөр үнэлэх гэж оролддог. Омог бардам
хэлэхэд ямар ч найруулагчдаас миний бүтээл орсон уран бүтээлчид нэлээд дөнгүүр үнэлгээ
авдаг. Гэхдээ миний багцад 900 сая төгрөг байгаа гэж бодоод байвал үнэхээр хэцүү.
Тэгж сонссон манай зарим нэг хамтлаг, дуучид “Нэг дуугаа зургаан сая төгрөгөөр дуулна”
ч гэх шиг том том үнэ ханш хэлж байна лээ. Тэгж тооцвол миний биш төрийн бяд хүрэхгүй.
Хэрвээ миний хувийн тоглолт байсан бол энд тэндхийн дүү нараасаа мөнгө цуглуулж
байгаад хэлснийг нь өгч болно. Монгол төрийн наадам учраас төр л санхүүжүүлэх учиртай
биз дээ. Тийм учраас энэ жилийн уран бүтээлчид тодорхой хөөрхөн урамшил шагнал авах
нь авна, гэхдээ хуучин шиг өгч чадахгүй нээ гэдгийг би эртхэн дуулгахгүй бол горьгүй.
Миний багц бол ердөө 300 сая төгрөг. Таван зуун сая төгрөгийг гэхэд Чингис хааны
талбайд болох шөнийн цэнгүүнд зарцуулж байгаа юм билээ. Нэг зуун сая төгрөг нь бодвол
Хүй долоон худаг руугаа явах байх л даа.

-Уран
бүтээлчдийн хув­цас хунар гэхэд ноднингийнхийгоо ашиглаж болохгүй юу?

-Энэ жил шинээр бас хувцас хунар шинээр хийх нь. Ноднин 999 хүний
хувцас хийж байсан. Санаанд орж байгаагаар монгол цэргийн хувцас хунар байна. Богд
хаант Монгол Улсын үеийн мянга гаруй туг далбаа гээд зөндөө зүйл байна. Тэр бүх
эд зүйлсийг БХЯ-ны харьяа Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын мэдэлд өгсөн. Тэрийг
чинь янз бүрийн үйл ажиллагаанд улсын нэрийн өмнөөс ашигласаар байгаа. Миний нэг
бодол бол уран бүтээлчдэд өөрсөнд нь өгөөжтэй хувцасхийлгэх юм.

-Танаас
Монгол наадмын ерөнхий дэглээчийн чинь хувьд нэг зүйл асууя гэж бодлоо л доо. Сүүлийн
жилүүдийн наадмын нээлт, хүндэтгэлийн ёслол, урлагийн тоглолтыг хараад байхад Баруун
Монгол чиг­лэ­лийн хөөмий, товшуур, бий бийлээ зэрэг урлагийн төрлүүд зонхилоод
байх шиг. Гэтэл хөөрөлдөж суугаа та бид хоёроос өгсүүлээд монголчуудын дийлэнх нь
халх монгол гэсэн тодор­хойлолтод багтдаг. Төр барьж байгаа эрхмүүд арай өөрийн
ястныхаа урла­гийг сурталчлах гээд найруулагчдыг шахдаг юм биш биз. Ноднингийн наадмын
нээлтээр “Харанга” хамтлагийн гавьяат дуу­чин Х.Лхагвасүрэнг “Ар хал­хынхаа дэнж
дээр торгоор уралдсан наадам” гэж “Толин хул”-аа дуулахад цэнгэлдэх даяар түрхрэн
дэмжиж байсан даа?

-Хүмүүс нарийн анзаарах­гүй байна. Ноднин манай монгол туургатны
торгууд, хотон, буриад гээд бүх ястан, үндэстний бүжиг биелгээнүүд тус тусдаа араншин
гаргаж ороод жаргасан байгаа. Энэ жил арай ондоо төрхтэй явна. Сонгодог, үндэсний,
орчин үеийн, цэнгээнт гэсэн тэр олон төрхийг наадмын талбайд л хараг. Түрүүлээд
ярьчихвал монголчууд наадам үзэхээ больчихно шүү дээ. (инээв.сур)

-Наадам
үзэх гэснээс монголчууд маань зурагтаа ширтсэн шиг нааддаг болчихсон шүү дээ?

-Зурагт араажавынхан наа­дам эхэлсэн өглөө цэнгэл­дэхэд шууд яваад
оччихдог. Найруулагчийн тавьсан шийдлийг ганцхан өнцгөөс үзүүлдэг учраас суваг бүхэн
хоорондоо ялгарахгүй нэг л зүйл үзүүлээд байдаг нь үзэгчдийг залхаадаг. Тиймээс
намайг наадмын ёслолыг найруулж байх үед зурагтын найруулагчид маань эртхэн үйл
ажиллагаатай танилцаад өөрсдийн зураг авах шийдлээ олчих хэрэгтэй. Ямар ч цэнгэлдэхэд
болж байгаа сайхан үйл явдлыг хажуугаас нь харуулах утгагүй байдаг. Уг нь цэнгэлдэхийн
дээрээс ч юм уу, сонирхолтой шийдлээс үзүүлэх хэрэгтэй л дээ. Хүнээсээ олон зурагт
араажав байгаа мөртлөө нэг л янзын юм үзүүлнэ гэдэг гунигтай. Тиймээс “Өдрийн сонин”-оороо
дамжуулаад телевизийн найруулагчдад хаанаас нь зургаа авбал юу нь сайхан харагдах
вэ гэдгийг би заагаад өгч чадна шүү гэж хэлье дээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Монголд үр шилжүүлэн суулгах аргаар 19 хүүхэд мэндэлжээ

Монгол Улсын “Баянгол” эмнэлэг үр шилжүүлэн суулгах лабораториор 2011 оноос хойш 16 эхээс 19 хүүхдийг амжилттай төрүүлсэн бол одоо 20 гаруй эмэгтэй ээж болох бэлтгэлээ базааж байна.

Манай улсад үр шилжүүлэн суулгах оношилгоо, эмчилгээ хийдэг хувийн хэвшлийн “Баянгол”, “Анухай” гэсэн хоёр эмнэлэг байгаа юм. Тэд үр шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүсийн 20 хувьд  хүрч үйлчилж байна. Харин цөөнгүй эмэгтэйчүүд БНСУ, Тайландад үр шилжүүлэн суулгуулж байгаа юм. “Баянгол” эмнэлэгт үр шилжүүлэн суулгуулсан нэгэн эх энэ сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт эсэн мэнд амаржлаа. Хорвоод дөнгөж мэндэлсэн хүүгийн биеийн байдал сайн, 3.8 килограмм жинтэй төржээ. Харин эх орондоо үр шилжүүлэн суулгах аргаар төрсөн 19 хүүхдийн дунд эмэгтэй эрэгтэй хоёр ихэр нэг, гурван ихэр нэг байна.

Categories
мэдээ нийгэм

4*5=18, 4*7=26, 8*7=58 болчихсон юм уу

Манай боловсролын салбарын шинэчлэлийн дүн арай ч дэлхий нийтээр хэрэглэдэг тооны хүрдийг өөрчилсөн юм биш биз. Сургуулийн босго алхаж эрдмийн далайд сэлүүрдэн яваа бяцхан дүү нар хүрдийг энэ чигээр нь цээжилчихнэ. Түүнээсээ болж багшдаа загнуулах нь тодорхой. Хүүхдийн буруу биш энэ дэвтэр үйлдвэрлэж байгаа нөхдүүдэд ч гэсэн буруу байх юм. 4*5=18, 4*7=26, 8*7=58 гэсэн хүрд бүхий дэвтрийг Номингийнхон хийлгэсэн байна. Шинэ цагийн хүрднээс бид хоцрогдоод байна уу. 

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Садар самуунд уруу татагч этгээдийг баривчилав

Хуурамч фэйсбүүк хаяг ашиглаж насанд хүрээгүй охидтой танилцаж садар самуун үйлдэлд уруу татаж байсан “Ч” гэгчийг баривчилсан байна. Тэрбээр ганцаардсан болон эцэг эхийн хяналт сул байж болзошгүй охидыг урьдчилан судалж тэдэнтэй харилцаж сэтгэл зүйн эмзэг байдлыг ашиглан өөртөө татдаг байжээ. Түүний хувьд энэ үйлдлээ эцэг эхдээ хэлэхгүй байхыг сануулж, садар самуун агууламжтай үйлдэлд уруу татан, охидыг зургаа авч үзүүлэхийг шаардах зэргээр сэтгэл зүйн хүнд дарамт шахалтанд оруулдаг ба сүүлийн тохиолдлуудад 16 насанд хүрээгүй хоёр охиныг ийнхүү дарамт шахалтанд оруулж байжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэхь Цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байна.

Үүнээс үүдэн энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хяналт хамгийн чухал бөгөөд хүүхдийн онлайн ертөнц дахь найз нөхөд, харилцаж байгаа хүмүүсийн талаар эцэг эхчүүд маань тодорхой мэдээлэлтай байх шаардлагатай байгаа юм.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийн нисэх буудлын зурвасын хучилт хийгдэж эхэллээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд барьж буй Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын аэродромын хөөрч, буух зурвасын бетон хучилтын ажлыг өчигдрөөс эхэлжээ.

Герман улсад үйлдвэрлэсэн, олон улсад бетон зам тавихад ашигладаг “Вертген” технологийн автомат машиныг ашиглан зурвасын хучилтыг хийж байгаа аж. Тус машин нь бетон замыг 15 метр хүртэл өргөнтэй, 50 см өндөр хүртэл хучиж, зогсолтгүйгээр 24 цагийн турш бетон зам үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Олон улсын нисэх буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн Аэродром хариуцсан менежер Д.Цогням ярихдаа, “Дээрх технологийг манай улсад анх удаа аэродром барихад ашиглаж байгаа. Монгол орны цаг агаарын онцлогийг харгалзан төмөр хүчитгэсэн торыг дэвсэж байгаа. Ингэснээр 40 жил ашиглаад дахин шинэчлэн засварладаг бетон замын эдэлгээний хугацааг 10 жилээр уртасгах юм” гэлээ.

Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудлын аэродромын хөөрч буух зурвас нь 3600 метрийн урттай, 45 метрийн өргөнтэй байх бөгөөд 7.5 метрийн асфальт бетон хөвөөг хоёр талаар нь дэвсэх гэнэ. Зурвасын хучилтын ажлыг Япон, БНСУ-ын инженер-техникийн багийнхан гүйцэтгэж байгаа бөгөөд гурван сарын хугацаанд хийж дуусгах гэнэ. 

Л.Гүндээ

Categories
гадаад мэдээ

Гар утас эзнийхээ нянг тээдэг

Вашингтон /ВВС/. Ухаалаг гар утаснууд эзнийхээ нянгаар дүүрэн байдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ.

Судалгаагаар, бидний “хурууны хээ”-нд байдаг нянгуудын 80-аас илүү хувь нь гар утасны дэлгэцэн дээр үлддэг байна.

Хувийн эд зүйлс, ялангуяа, гар утсаар дамжин нян тархдаг байж магадгүй гэж “Peer J” цахим хуудаст нийтэлжээ.

Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 гаруй удаа утсандаа хүрдэг гэсэн судалгаа байдаг.  Бидний биед байдаг бүх төрлийн бичил организмууд гар утасны дэлгэцэн дээр мөн байдгийг эрдэмтэд тогтоожээ. Эдгээр нь цаашдаа хүний бие дэх  нууцлагдмал нянгуудыг олж илрүүлэхэд тус дөхөм болно гэж судлаачид үзэж байна.

Эрчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь гар утаснаасаа нян авч, мөн утсандаа нян халдаадаг ч энэ нь эмэгтэйчүүдэд илүү ажиглагддаг ажээ.

Л.Самбуу