Өнгөрсөн баасан гаригт бараг бүх байнгын хорооны хурал зэрэг шахуу зарлагдаж хуралдав. Нэг байнгын хороонд арав хүрэхгүй гишүүн сууж олон хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахаар тогтсон. Харин өнөөдөр гурван байнгын хороо хуралдах бөгөөд залгаад УИХ-ын чуулган ч орж магадгүй байгаа.
УИХ-ын хаврын чуулганыг маргааш завсарлуулах тов гарсан учраас ийн шахуу ажиллаж, хууль “бөөндөж” байгаа гэнэ. Гэнэт чуулганыг завсарлуулах болсон нь Н.Батбаяр сайдыг ирэх намар хүртэл авч үлдэхээр шийдсэн эрх баригчдын бодлого гэх нь байна. Эх сурвалжийн өгүүлж буйгаар эрх баригчид Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөрийн хэрэгжилт дуусч, үр дүнг нь хэлэлцсэнээр Н.Батбаяр сайдыг хэрхэхээ шийднэ гэж үзэж байгаа юм байна. Шууд хэлбэл ирэх намрын чуулган болтол эдийн засаг доривтой дээшлэхгүй бол Н.Батбаяр сайдыг явуулах Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг АН-ынхан хөндөх юм байна.