Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр батлагдан гарсан бөгөөд наадам долдугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхлэх юм. Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа долдугаар сарын 11-нд 11:00 цагаас эхлэх бол энэ жилийн наадмын нээлтийг “Босоо заяатай Монгол” зохиомжоор толилуулахаар Монгол Улсын төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам бэлтгэл ажилдаа ороод буй билээ. Наадмын нээлт үзэх тасалбарыг äîëäóãààð сарын 6-наас Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхэлнэ. Тасалбар Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамраач 16 000, 20 000, 24 000 төгрөгийн үнэтэй байна.
Category: мэдээ
Монгол Улсын даян аварга, гавьяат тамирчин Агваансамдангийн Сүхбатыг өнөө жилийн баяр наадмаар зодоглоно гэсэн яриа гараад буй. Энэ талаар аварга байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй ч шавь нар болох улсын цолтой бөхчүүд, “Олимп” сургуулийн хамт олон, найз нөхдөөс нь уг асуудлыг үгүйсгэхгүй байгаа юм. Түүгээр ч зогсохгүй шавь нар нь “Сүхбат багш энэ жилийн наадмаар зодоглох байх шүү” хэмээн ойр тойрны хүмүүстээ ам алдсан сурагтай.
Мөн даян аварга өөрийн хүүхдүүдийн ээж Б.Баясгаланд “Миний хүсэн хүлээж байсан дархан аварга цолыг өгөхөөр боллоо, хууль батлагдчихлаа. Тэгэхээр би энэ жилийн наадмаар барилдана” гэсэн утга бүхий үгсийг хэлсэн дуулдана. Сүүлийн үед бөхийн ертөнцөд өрнөж буй гол дуулианы нэг яалт ч үгүй энэ болоод байна. Угсраа мэхний гайхамшгийг үзүүлэн, уран хурц эрмэг дайчин барилдаанаараа үзэгч түмнээ байлдан дагуулж, сэтгэлийн цэнгэл эдлүүлж ирсэн аварга зодоглох эсэх нь наадамчдын сонирхлыг татаж байгаа нь мэдээж. Тэрээр нэгэнтээ “Бөхийн амжилтыг минь цаг тухайд нь үнэлж байгаагүйгээс миний бие зодог тайлсан. Хэрвээ гаргасан амжилтыг минь үнэлж, надад дархан аварга цол олгох юм бол төрийн наадамдаа дахин зодоглоно” гэж мэдэгдэж байсан удаатай.
Харин А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт хуулийн дагуу дархан аварга цолыг хэзээ өгөх нь тодорхойгүй байна. Энэ талаар үндэсний бөхийн салбар хорооны дарга Х.Золжаргалаас тодруулахад “Комиссын гишүүдтэйгээ зөвлөлдөж байгаад шийдэлд хүрнэ. Нэр бүхий бөхчүүдэд цол олгох асуудлыг бөхийн салбар хороо, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст танилцуулах шаардлагатай бол Д.Тэрбишдагва даргад танилцуулж таарна. Д.Тэрбишдагва дарга хуулийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлнэ. Тэгэх шаардлагагүй гэж үзвэл бөхчүүдэд цолыг нь шууд олгоно” хэмээх хариултыг өгсөн. МҮБХ-ны тэргүүн, бөхийн салбар хорооны дэд дарга Р.Нямдорж “Тогтоолоор цол олгож байгаа учир Ерөнхийлөгчийн Тамгын газар, Их хурлаас чиг өгөхийг хүлээж байна” гэв. Ямар чиг байсан наадмын өмнө хуулийн дагуу А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт дархан аварга цолыг нь өгөх байх. Тэгвэл Сүхбат аварга хэлсэн амлалтдаа хүрч төрийнхөө наадамд зодоглох болов уу. Хэрвээ аварга зодогловол цолныхоо эрэмбээр зүүний магнайд босох юм. Үндсэндээ наадмаар зодоглох 512 бөхийг магнайлж дархан аварга хэмээн цолоо дуудуулна аа.
Н.Гантулга
Арилжааны банкууд хөнгөлөлт үзүүлнэ
Авто Худалдааны Цогцолборт зогсоол авах иргэдэд арилжааны банкууд хөнгөлөлт үзүүлнэ
Нийслэлийн “Авто Худалдааны Цогцолбор” ОНӨААТҮГ, Зээлийн Батлан Даалтын сан, арилжааны 6 банк хамтран шинээр байгуулагдах “Авто Худалдааны Цогцолбор”-т зогсоол худалдаж авах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд, авто худалдаа эрхлэгчдэд зээлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн төрөл бүрийн туслалцааг түргэн шуурхай үзүүлэх тал дээр хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Авто зогсоол худалдан авах сонирхолтой иргэд тус цогцолборт зогсоол авахдаа 100 хувь төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байгаа юм.
Авто худалдааны цогцолбор нь Голомт банк, Капитрон банк, Төрийн банк, Хаан банк, Хас банк, Худалдаа Хөгжлийн банктай хамтран ажиллах юм. Эдгээр банкууд нь Зээлийн Батлан Даалтын Сантай хамтран ажилладаг бөгөөд “Авто Худалдааны Цогцолбор”-т зориулан тусгай бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөл бүрдүүлэх юм.
Санамж бичгийн хүрээнд ажлын байртай болох, ажлын байрныхаа нөхцөлийг сайжруулах, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болох зорилгоор зогсоол худалдан авч буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг Зээлийн батлан даалтын сангаас дэмжиж, өөрийн баримталдаг хууль, дүрмийн хүрээнд зээлийн батлан даалтыг түргэн шуурхай гаргах үйлчилгээ үзүүлнэ. Мөн зогсоол өмчлөх хүсэлтэй бизнес эрхлэгчдэд болон нийт иргэдэд зээлийн хүү, урьдчилгаагаа буулгана.
“Авто Худалдааны Цогцолбор”-ын бүтээн байгуулалт, зам талбайн барилгын ажил 7 дугаар сард эхлэх бөгөөд эхний ээлжинд хамгаалалтын хашаа, цогцолбор дотох зам, талбай зэргийг 10 дугаар сарын 01-н гэхэд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүд яг одоо сэтгүүлчидтэй “Ухаалаг төрийн хүрээнд боловсруулж буй зарим хуулийн төслийн танилцуулга” сэдвээр ярилцаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаа Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Нийтийн сонсголын тухай, Захиргааны ерөнхий хууль, Шилэн дансны тухай хуулийн төслүүдээр ярилцах юм.
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод баригдаж дуусаагүй 11 давхар барилга гэнэт нурсаны улмаас 11 хүн амиа алдсан тухай CNN агентлаг мэдээллээ. “Барилгын 4-5 давхарт өнгөлгөө шавар хийж байсан есөн барилгачин болон барилгын дэргэд явж байсан гурван хүн нурангид даруулж амиа алдсан” гэж Шуурхай албаны дарга Хаун Масон мэдэгджээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлээд, барилгын эздийг нөхөн төлбөр өгөхийг шаардсан байна. Ерөнхий сайд дээрх үйл явдлын дараа орон даяар гашуудал зарлаж, амиа алдсан хүмүүсийн ардаас гэрэлт зул өргөхийг хүсчээ.
-Охид цахим гэмт хэргийн хохирогч болох нь ихэсчээ-
Интернэтээр насанд хүрээгүй охидтой танилцан, гэмт хэргийн хохирогч болгох нь ихэсчээ. Хамгийн сүүлд Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хуурамч facebook хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, садар самуун үйлдэлд татаж байсан Ч гэгчийг баривчиллаа. Тэрбээр ганцаардсан болон эцэг эхийнх нь хяналт сул байж болзошгүй охидыг судалж, танилцах хүсэлт илгээн сэтгэл зүйн эмзэг байдлыг нь ашиглан өөртөө татдаг аж. Дараа нь охидыг садар самуун агууламжтай үйлдэлд уруу татаж, нүцгэн зургаа авч үзүүлэхийг шаардах зэргээр сэтгэл зүйн хүнд дарамтад оруулдаг байжээ. Хамгийн сүүлд 16 нас хүрээгүй хоёр охиныг ийнхүү дарамт, шахалтад оруулаад байхад нь цагдаагийнхан саатуулж, шалгаж эхэлсэн байна. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж.
Энэ нь цахим гэмт хэргийн нэг л тохиолдол гэдгийг цагдаагийнхан хэлсэн юм. Интернэтээр бусдыг дарамталдаг, шахдаг, садар самуунд уруу татдаг, заналхийлдэг этгээдүүд цөөнгүй байгааг анхааруулсан юм. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс тэдний үйлдлийг тоймлон хүргэж байна.
Зургаа дэлгэж, зовлон тоочсон охид олз болдог
Гэмт хэрэг үйлдэгчид facebook-тээ овог нэр гэхээс илүүтэй зохиосон нэрээр бүртгүүлдэг. Мөн байгалийн эсвэл гадаадын оддын зургаар facebook хуудсаа чимдэг аж. Тэдний хувьд өдөр тутмын амьдралаа facebook хуудастаа тоочдог охид олз болдог. Ихэвчлэн гадуур зугаалж яваа, найзуудтайгаа байгаа болон ганцаараа хэвтэж, суугаа зургаа тавьдаг охидыг тэд анхаарч эхэлдэг байна. Харин аав ээжтэйгээ хамт даруулсан зургаа дэлгэсэн охидоос болгоомжилдог гэнэ. Хаана яваагаа үргэлж зарлаж, “Өнөөдөр уйтгартай байна”, “Ганцаардаад байна”, ”Хамт зугаалах хүн байна уу” гэх мэтчилэн бичсэн охидод тэд найзлах хүсэлт илгээдэг. Найзаараа бүртгэж авсных нь дараа “Ийм хөөрхөн охин ганцаардлаа гэхэд сонин байна”, “Би ч мөн уйтгартай байна” гэхчилэн яриа өдөж танилцдаг гэнэ. Ингээд багагүй хугацаанд охинд санаа тавьж, интернэтээр халамжлан өөртөө дасгадаг аж. Харин дараа нь нэгийнхээ биеийн өө, сэвийг нуухгүй хэлцгээе гэх мэтээр нүцгэн зургийг нь харж, өөртөө хадгалж авдаг байна. Үүнээс эхлэн охидыг дарамталдаг гэнэ. Тэд “Нүцгэн зургийг чинь интернэтээр дэлгэлээ” гэж дарамтлан дахин садар самуун байдлаар зургаа харуулахыг шаардан, “Тэнд найзуудтайгаа байна. Ирэхгүй бол зургийг чинь дэлгэнэ” гэх мэтээр шахаж эхэлдэг байна. Охид ч үеийнхнээсээ, аав ээжээсээ айхдаа гэмт хэрэгтний хүссэн бүхнийг биелүүлж хохирогч болох ч тохиолдол гарчээ. Зарим нь шаардлагыг нь биелүүлээгүйгээс нүцгэн зургаа facebook-ээр тараалган, түүнээсээ ичин амиа хорлохыг завдсан ч тохиолдол гарсан байна.
Facebook хуудсаар байсхийгээд л “Монгол охид ингэх ч гэж” гэсэн утга бүхий тайлбартай охидын нүцгэн зураг тардаг. Үүний цаана охид гэмт хэргийн хохирогч болсон байх магадлал байдгийг кибер гэмт хэрэг судлаачид хэлсэн. Тиймээс охидыг элдвээр зүхэхээс илүү цагдаагийн байгууллагад мэдэгдэх, мэдээлэл өгөхийг тэд сануулсан юм.
Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хяналт хамгийн чухал гэдгийг цагдаагийнхан сануулсан. Хүүхдийнхээ онлайн ертөнц дэх найз нөхөд, харилцаж байгаа хүмүүсийн талаар эцэг эхчүүд тодорхой мэдээлэлтэй байж, найзуудтайгаа юуны талаар ярилцдаг, шөнө орой юу хийж байгааг нь анхаарч байхыг анхааруулсан юм.
Хоол хүргүүлдэг халамжлагч нь мөнгө нэхжээ
Охидын хувьд интернэтэд хэтэрхий их мэдээллээ дэлгэдгээс үүдэж садар самуунд уруу татагдаж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог бол насанд хүрсэн, тодорхой ажилтай бүсгүйчүүд ч хохирох нь ихэсчээ. Тэд мөн л цахим хуудастаа бусдад олз болохуйц мэдээлэл үлдээж, зургаа дэлгэдгээс хохирогч болох зам нь нээгддэг байна. Facebook-ээр танилцсан боловсон залуу нь эхний үед халамжилж, ажил сургууль руу нь хоол хүртэл хүргүүлж байсан тохиолдол гарчээ. Сар гаруй ингэж халамжилсныхаа дараа араас нь мөрдөж, мөшгиж байна гэж айлгаж “Бусадтай уулзвал…” гэх мэтчилэнгээр дарамталсан байна. Эцэст нь мөнгө нэхэж, өгөхгүй бол бүх харьцаагаа дэлгэнэ гэх мэтээр сүрдүүлдэг болжээ. Ийм хэрэг үйлдэж байсан этгээд гурван бүсгүйг зэрэг дарамталж байсан нь ил болж, шалгагдаж байгаа аж.
Энэ төрлийн хэргийн хохирогчид тогтсон ажил, тодорхой орлоготой байдаг аж. Тиймээс өөрийн нэр хүндэд нөлөөлөхүйц зураг, харилцаж байсан цахим захидал зэргийг нь олонд дэлгэхээс айж гэмт этгээдэд мөнгө өгдөг гэнэ. Харамсалтай нь гэмт этгээд мөнгө аваад салах нь ховор. Дахин элдвээр дарамталдаг аж. Тиймээс хохирогч болж байгаагаа мэдсэн даруйдаа гэмт этгээдтэй тохиролцох биш цагдаагийн байгууллагад хандахыг сануулсан.
Танихгүй хүний найзлах хүсэлтээс татгалз
Хүн амьдрал дээр 100 хүрэхгүй найзтай байдаг. Харин цахим ертөнцөд 5000 найзтай, тэдэн дагагчтай гэж баярлах хүн цөөнгүй. Бүр интернэт дэх олон найзтай, хөөрхөн охид гэх жагсаалт ч харагддаг. Үнэндээ танихгүй хүн найзлах хүсэлт илгээвэл болгоомжтой байх, аль болох хүсэлтээс татгалзах нь хохирогч болохоос хамгаалдаг байна. Сүүлийн үед цагдаагийн байгууллагад “facebook, twitter-ээр танилцсан хүн маань дарамтлаад сүрдүүлээд байна” гэх гомдол их ирдэг болжээ. Ийм гомдлыг ихэвчлэн охид, бүсгүйчүүд өгдөг аж. Ихэнх нь найзын хүсэлт явуулсан танихгүй хүнийг бүртгэж, харилцсанаас гэмт хэргийн хохирогч болсноо мэдүүлжээ. Зарим “танихгүй” найз нь нүцгэн зургийг нь авчихаад олон нийтэд цацна гэхээс эхлээд онлайнаар секс хийсэн бичлэгээ найз залуу, гэр бүлийнхэнд нь үзүүлнэ гэж дарамталдаг аж. Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хуурамч хаяг нээж, бусдыг дарамталсан этгээдүүдийн хаягийг ил болгож, сэрэмжлүүлэг түгээдэг ч хохирогч өссөөр байгааг мэдэгдсэн. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид “Тэр хүн надтай өөрөө танилцсан. Би тусалсан” гэх мэтээр үйлдлээ далдлахыг хичээдэг учраас буруутгахад хүндрэлтэй байдаг аж.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
2014 оны эхний 6 сард хилийн чанадад манай улсын нийт 158 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чанад дахь ДТГ-уудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн байна.
Дээрх иргэдээс:
Хэргийн төрлөөр авч үзвэл хулгай 87, хүний амь нас хохироосон 1, хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн 22, оршин суух журам зөрчсөн 14, биеэ үнэлсэн 8, танхай 13, замын хөдөлгөөний журам зөрчсөн 7, хүчин 5, хар тамхи биедээ авч явсан хэргээр 1 иргэн тус тус саатуулагдан шалгагдаж байна. БНХАУ-д 99, БНСУ-д 21, Хонконгод 6, Туркэд 6, АНУ-д 11, ОХУ-д 5, БНЧехУ-д 3, Польшид 2, Сингапурт 3, Австри, Унгарт тус бүр 1 иргэн шалгагдаж байна.
Консулын газрын удирдлага БНХАУ-ын Гуанжоу хотод ял эдэлж буй 5 эмэгтэй, Хонгконгт ял эдэлж буй иргэдтэй очиж уулзан санал хүсэлтийг сонссон бөгөөд 6 дугаар сарын 26-нд тэдний ар гэрийнхэнтэй нь уулзаж холбогдох мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулав.
Манай иргэд гадаадад зорчиж явахдаа суугаа орны хууль тогтоомжийг чанд сахиж, аливаа хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар анхаарах шаардлагатай байна гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.
“Ирак, Левантегийн исламын улс” (ИЛИУ) гэх суннит бүлэг өнгөрсөн хугацаанд халдан эзэлж, хяналтаа тогтоосон Сири, Иракийн газар нутагт Халифын вант улсыг байгуулснаа зарлажээ. Түүнчлэн исламын вант улсынхаа тэргүүнээр суннит бүлгийн лидер Абу Бакр аль-Багдадиг нэрлэсэн байна. Үүний дараа Абу Бакр аль-Багдади бүх мусульман шашинтнуудад хандан “Ардчилал гэх мэт Барууныхны хогийг үгүй хийнэ” хэмээн мэдэгджээ.
Үүнтэй зэрэгцэн эсрэг талд Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Курдын тусгаар улс байгуулахыг уриалсан байна. Тэрээр “Курдууд бол дайчин ард түмэн, тэд улс төрийн итгэл үнэмшилээ хамгаалсан, тусгаар улс байгуулах эрхтэй үндэстэн” гэж мэдэгджээ. Түүнчлэн Ирак дахь Курдын тэргүүн Массоуд Барзани “Курдууд өөрсдийн ирээдүйгээ шийдэх цаг ирсэн” хэмээн мэдэгдсэн байна. Курд нь Сирийн Халеб хотоос хойд хэсгийн Дияла муж, Иракийн зүүн хэсэг болон Турк, Иранд тархан суурьшсан ард түмэн гэнэ. Курдууд удаан хугацаанд тусгаар улс байгуулах эрмэлзлэлээ хадгалсаар ирсэн аж.
Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн бүлгийн мэдэгдсэнээр, Баруун Африкт “Эбола” вирусын тархалт хяналтаас гарлаа. Энэ өвчнөөр хэдийн 300 гаруй хүн нас баржээ.
Үхэлд хүргэдэг энэ вирусын тархалттай тэмцэхэд бидний хийж чадах бүхэн хязгаартаа тулсан гэж “Хил хязгааргүй эмч нар” ТББ мэдэгдсэн юм.
Энэ өвчин анх өнгөрсөн гуравдугаар сард Гвинейн өмнөд нутагт гарч, тэр цагаас хойш хөрш Сьерра-Леон болон Либерид тархжээ.
ДЭМБ-ын мэдэгдсэнээр, тус гурван улсад энэ өвчний вирусын халдвар авсан, авсан байж магадгүй 600 гаруй тохиолдол бүртгэгдсэн аж. 338 хүн нас баржээ.
“Эбола” вирусын халдвар авсан тохиолдолд эрхтнүүд болон арьснаас цус гоожиж, тамирдуулдаг бөгөөд амь насаа алдах эрсдэл 90 хувьтай байдаг. Одоогоор эмчлэх үр дүнтэй ямар ч арга байхгүй байна.
Энэ жилийн баяр наадмаас эхлэн анх удаа Railbus буюу төмөр замын автобус Хүй долоо худаг руу тээвэрлэлт хийхээр болсон юм. Төмөр замын автобус нь 7 сарын 10,11,12,13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу зорчих бол Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус наадамчин олонд “үнэ төлбөргүй” үйлчилнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр, наадмын үеэр хурдан морь барианы “Хүй долоон худаг” хүрч үйлчлэх автобусаар зорчих жишиг үнэ
№ |
Чиглэлийн нэр |
Тээврийн хэрэгслийн төрөл |
Зорчих үнэ /төгрөг/ |
|
том хүн |
хүүхэд |
|||
1 |
Хүй долоон худаг-Офицерүүдийн |
Бага багтаамжийн автобус |
1000 |
300 |
2 |
Хүй долоон худаг-7 буудал |
Бага багтаамжийн автобус |
1000 |
300 |
3 |
Хүй долоон худаг-III, IV хорооллын |
Бага багтаамжийн автобус |
700 |
300 |
4 |
Хүй долоон худаг-5 шар |
Бага багтаамжийн автобус |
700 |
300 |
5 |
Хүй долоон худаг-Ханын материалын |
Бага багтаамжийн автобус |
700 |
300 |
6 |
Хүй долоон худаг-Төв цэнгэлдэх |
Их багтаамжийн автобус |
800 |
300 |
7 |
Хүй долоон худаг-Давааны өртөө |
Их багтаамжийн автобус |
Үнэ төлбөргүй |