Categories
гадаад мэдээ

Дональд Трамп Аризона мужид ялснаар сонгуулийн коллегийн 312 саналтай болов DNN.mn

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп энэ жилийн сонгуулийн  хувьд сүүлийн гол муж болох Аризонад ялалт байгуулжээ. Ассошиэйтед Пресс (AP) Бүгд найрамдах намаас нэр дэвшигч саналын хуудасны 87 хувийг тоолсны дараа тус мужид 52,6 хувийн санал авч, Ардчилсан намын өрсөлдөгч Камала Харрисыг 6,2 хувийн саналаар илүү байгааг мэдээлсэн байна.  Хэдийгээр саналын хуудсыг гүйцэд тоолж дуусаагүй байгаа ч одоогийн зөрүү нь энэ муж дахь сонгуулийн үр дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрөх боломжийг олгож байна гэсэн байна.

Аризона дахь ялалт нь хэд хэдэн шалтгааны улмаас Трампын хувьд чухал гэдгийг америкийн хэвлэлүүд бичжээ. Нэгдүгээрт,  2020 оны сонгуульд Америкийн одоогийн удирдагч Жо Байден энэ мужид ялалт байгуулж байжээ. Тиймээс Аризона нь “хөх”, “улаан”-ны алин руу нь ч савлаж  мэдэх “дүүжин” гэдэг ангилалд багтаж байсан.  Хоёрдугаарт, Аризонагийн ялалт нь Бүгд найрамдах намаас нэр дэвшигчид 11 санал нэмж, сонгуулийн коллщгийн нийт 312 саналтай болж байна. Энэ дүн нь Дональд Трампын хувьд болон 1992 оноос хойш Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бүх хүний хувьд дээд амжилт болж байна.

Невада мужид Трамп  ялалт байгуулсан нь 2024 оны арваннэгдүгээр сарын 8-нд тодорхой болсон. Энэ нь Америкийн хэвлэлүүдийн хувьд бас нэгэн онцлох мэдээ байсан билээ. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ мужид 20 жил ялж байгаагүй аж.  Тодруулбал, хамгийн сүүлд 2004 онд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жорж Буш төрийн эрхийг авч байжээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 12-ны шөнө 00:00 цагаас эхлэн хэсэгчлэн хаана DNN.mn

Зайсангийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдөр хааж, бохирын шугамыг шилжүүлэхээр төлөвлөж байсан. Харин төлөвлөгөөг шинэчлэн гаргаж хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-ны 00:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийн энэ сарын 30-ны 06:00 цагт нээхээр төлөвлөж байна. Энэ хугацаанд хуучин, шинэ гүүрний хөдөлгөөнийг хаахгүй юм.

Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх хүрээнд энэ сарын 8-12-ны өдрүүдэд шөнийн цагаар шинэ гүүрний хэсэг болох баруун хэсгийн шугам холболтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд өдрийн цагаар хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж байна. Харин маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-ны 00:00 цагаас эхлэн Зайсангийн гүүрний хот чиглэл буюу хуучин гүүрнээс урагш уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн тал хэсгийг 20 метр орчим хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийнэ. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг сөрөг хөдөлгөөнөөр зорчуулах бөгөөд хоёр гүүрний хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ” хэмээв.

Дашрамд, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон юм. Энэ хүрээнд Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, хоёр эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчилнэ. Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусна. Одоо гүйцэтгэгч бэлэн, ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Categories
мэдээ нийгэм

Мөрөн-Улиастай чиглэлийн замд элс, хайрга цацах ажил хийгдэж байна DNN.mn

    Мөрөн-Улиастай чиглэлийн 487-493 км-т бага зэргийн цас орсны улмаас халтиргаа үүссэн хэсэгт элс, хайрга цацах ажил хийгдэж байна.

+3
Like

Comment
Share

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Олон улсын найзуудын өдөр” тохиож байна DNN.mn

Өнөөдөр “Олон улсын найзуудын өдөр” тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас арван нэгдүгээр сарын 11-ний өдрийг “Олон улсын нөхөрлөлийн өдөр” буюу (International Day of Friendship) болгон тэмдэглэх тухай шийдвэрийг 2011 оны дөрөвдүгээр сарын 27-ны 65 дугаар чуулганаар гаргасан байдаг.

Categories
гадаад мэдээ

Маяачуудын хоёр дахь том хот олдов DNN.mn

Ширэнгэн ойд амьдарч байсан Маяачуудын бас нэгэн асар том хот олон зууны дараа Мексикийн ширэнгэн ойгоос “санамсаргүй” байдлаар олджээ. Уг хотыг нээж олсон археологичдын нэг АНУ-ын Тулейн их сургуулийн төгсөх ангийн оюутан Лук Олд-Томас интернэтээс мэдээлэл хайж байхдаа Google-ийн хуудсанд байсан Мексикийн байгаль орчны хяналтын байгууллагын хийсэн лазерын судалгааг олж харсан байна. Энэ бол LiDAR ашиглан хийсэн судалгаа байсан аж. Li­DAR нь хэдэн мянган лазер импульсийг онгоцноос илгээж, эдгээр импульсийн буцаж ирж буй хурдыг ашиглан тухайн орчны дүрслэлийн зураг гаргадаг арга юм байна. Иймээс Томас археологичдын ашигладаг аргыг ашиглан уг өгөгдлүүдийг дахин боловсруулж МЭ 750-850 оны хооронд 30.000-аас 50.000 хүртэл хүн амьдардаг байсан асар том эртний хот ширэнгэн ойд байгааг илрүүлжээ. Энэ нь өнөөдөр тус бүс нутагт амьдарч буй хүмүүсийн тооноос ч их байгаа ажээ. Уг хотыг нээсэн Томас болон түүний хамтрагчид хотыг ойролцоох нуурын нэрээр нь Валериана гэж нэрлэжээ. Энэхүү судалгаанд оролцсон профессор Марселло Кануто “Бидний олдвор нь энд соёл иргэншил халуун оронд мөхөх гэж ирсэн гэсэн үзлийг үгүйсгэж байна. Бодит байдал дээр дэлхийн энэ хэсэг баялаг, нарийн төвөгтэй соёлын өлгий байсан. Хотыг сүйрүүлж, эцэст нь орхиход юу нөлөөлснийг бид тодорхой хэлж чадахгүй ч археологичид уур амьсгалын өөрчлөлт үүнд голлон нөлөөлсөн гэж үзэж байна” гэж тайлбарлажээ. Археологичдын үзэж байгаагаар энэхүү хот барилга байгууламжийн хувьд Майяачуудын хамгийн том хот гэж тооцогддог, эндээс 100 км-ийн зайд орших тансаг Калакмул хотын дараа орох бөгөөд эндээс пирамид, бөмбөгний талбай, далан, амфитеатруудыг олж илрүүлжээ.

Томас, Кануто нар ширэнгэн ойн хотын янз бүрийн хэмжээтэй нийт 6474 барилга байгууламж олж, эдгээрээс гурван цогцолборыг судалжээ. Харин уг судалгаанд оролцоогүй Лондонгийн их сургуулийн коллежийн профессор Элизабет Грэм “Энэхүү нээлт нь Майяачууд тусдаа жижиг тосгонуудад бус хөгжингүй хотуудад амьдардаг байсан гэсэн онолыг баталж байна. Уг хот гарцаагүй олон хүн амтай, өөрөөр хэлбэл өмнө нь оршин суучидтай байсан нь тодорхой харагдаж байна. Энэ нь уг хотыг өөрийн нүдээр харсан хэнд ч ойлгомжтой байна. LiDAR технологи нь халуун орны ширэнгэн ойн газар нутгийг судалж буй археологичдын хувьд хувьсгал болж, алдагдсан соёл иргэншлийн бүхэл бүтэн ертөнцийг нээж байна. Энэ аргыг Өмнөд Америкийн бүс нутагт ашиглаж эхэлснээс хойших 10 жилийн хугацаанд археологичид өмнөх зуун жилээс 10 дахин олон нээлт хийсэн” гэж хэлжээ.

Судалгаагаар Маяачуудын соёл иргэншил МЭ 800 онд мөхөж эхэлсэн. Энэ нь тэд маш нягт амьдарч байсан учир уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ургац алдагдлыг даван туулж чадаагүй гэж үздэг байна. Иймээс Олд-Томас “Энэ олдвор ган гачиг болох үед энэ хотод шигүү суурьшсан хүн ам нь өөр газар нүүхээс өөр сонголтгүй болсныг харуулж байна. Хүмүүс тухайн бүс нутгийг орхин явах болсон нь байгаль орчны эрс өөрчлөлттэй холбоотой байх өндөр магадлалтай байж магадгүй. XVI зуунд Испанийн түрэмгийлэгчид энэ бүс нутгийг байлдан дагуулж байсан нь Майяачуудын хот-улсуудыг устахад мэдээж нөлөөлсөн. Би хэзээ нэгэн цагт Валериана руу очих нь гарцаагүй. Хот хурдны замтай маш ойрхон, энэ нь мэдээж давуу тал. Гэхдээ бид тэнд төсөл хэрэгжүүлнэ гэж би хэлж чадахгүй. Учир нь LiDAR-ын технолгийг археологичид хэрэглэх болсноор аль хэдийнэ маш олон археологийн дурсгалууд олдсон тул эрдэмтэд бүгдийг нь судална гэж найдах аргагүй” гэжээ.

Энэхүү судалгааны дүн эрдэм шинжилгээний “An­tiquity” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөвсгөлийн уулсаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.


2024 оны арваннэгдүгээр сарын 12-ноос 2024 оны арваннэгдүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 

12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-10 метр, 12, 14-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг бууруулах тухай нэг ч хуулинд өөрчлөлт оруулаагүй DNN.mn

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг нийгмийн даатгалаас тусдаа буюу Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулж, үүнд зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг 10 байгууллагын цолтой алба хаагчид хамаардаг.

Харин нийгмийн даатгалын байгууллага цэргийн тэтгэврийг тогтоон, олгох ажлыг цэргийн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэж байна.

Цэргийн тэтгэвэрт зарцуулж байгаа зардлыг нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сангаас биш, улсын төсвөөс санхүүжүүлдэг болно.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар буюу цэргийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох жилийг өсгөх, нэг удаагийн тэтгэмжийг зогсоох, бууруулах тухай ямар ч шийдвэр гараагүй болохыг мэдэгдэж байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуультай дагалдан өргөн мэдүүлсэн хуульд цэргийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой ямар нэг хууль байхгүй бөгөөд цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд ямар нэг өөрчлөлт ороогүй гэсэн үг юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 859 хэрэг шалгаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 11 дүгээр сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 84 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 892 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 15 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 859 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлжээ.

Эх сурвалж: АТГ

Categories
гадаад мэдээ

Гаагийн шүүхийн өмнө ардчилсан улс гэдгээ нотлоход 30 хоног үлдлээ DNN.mn

Германы дэлхийн нэр хүнд бүхий DW агентлаг “Оросын ерөнхийлөгч 2024 оны есдүгээр сарын эхээр Монгол Улсад хоёр өдрийн албан ёсны айлчлал хийсэн. Албан ёсоор уг айлчлалыг 1939 онд Халхын голд Зөвлөлт, Монголын цэргүүд Японы Зэвсэгт хүчний эсрэг ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа гэж мэдээлж байсан ч үнэндээ бол уг айлчлалын үеэр В.Путин, Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Тэгвэл НҮБ-ын Эрүүгийн хэргийн олон улсын шүүх өөрийн Урьдчилан сэргийлэх танхимаас аравдугаар сарын 24-ний пүрэв гаригт гаргасан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Улаанбаатарт айлчлах үеэр баривчлах тушаалыг биелүүлээгүй хэмээн Монгол Улсыг албан ёсоор буруутгасан мэдэгдлийг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Уг албан мэдэгдэлд “Монгол Улс В.Путиныг нутаг дэвсгэртээ байхад нь баривчилж, шүүхэд шилжүүлэх тухай хүсэлтийг биелүүлж, энэ талаар хамтран ажиллаагүй нь тус шүүхийг хуулийнхаа 87 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан чиг үүрэг болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан. Олон улсын эрүүгийн хуулийн харьяаллыг хүлээн зөвшөөрч буй улсууд гэмт хэрэгтний албан тушаал, харьяаллаас үл хамааран баривчлан, шилжүүлэн өгөх үүрэгтэй, Энэхүү шүүх нь аль ч улсаас хараат бус үйл ажиллагаа явуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн чиг үүргийг гүйцэтгэдэг” гэдгээ сануулав. Бас энэхүү мэдэгдэлд “Монгол Улс шүүхтэй хамтран ажиллахаас татгалзсан ноцтой байдалтай холбогдуулан Улаанбаатартай холбоотой ямар арга хэмжээ авахыг ОУЭХШ-ийн гишүүн орнуудын Ассамблейд оруулж, шийдвэрлүүлэхээр болов гэсэн байна” гэж мэдээлсэн. Шуудхан хэлэхэд, энэ бол төр, засгаас эхлүүлээд англи хэл үнэгүй сурах гэж байсан хүүхэд гээд монгол хүн бүрийн хувь заяанд шууд хамаарах асуудал. Иймээс бид юуны түрүүнд хэн нэгнийгээ буруутгах гэж цаг алдалгүй атгасан гар шиг нэгдэх хэрэгтэй байна. Мөн төр, засгийнхан энэ шүүхийн хуулийн заалтуудтай зууралдаж цаг алдах хэрэггүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт ОУЭХШ-ийн дүгнэлт гарчихсан учир бидэнд одоо ямар ч хууль хэрэг болохгүй. Энэхүү Ассамблейн 124 улсын олонхын саналаар шийдвэр гарна гэсэн үг. Иймээс нэгэнт дээд чуулганы шийдвэр гарчихвал бид юу ч гэж ярьж гүйгээд “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг нь болно гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй! Маш товчоор Монгол Улс дарангуйлагч уу, эсвэл ардчилсан тогтолцоотой улс уу гэдгээ нотлох шаардлагатай болчихоод байна! Яагаад гэвэл Европын Холбоо “Сонгууль луйвардаж өөрийгөө гаргаж ирсэн В.Путиныг ОХУ-ын ерөнхийлөгч гэж тооцохгүй” гэж дэлхий нийтэд албан ёсоор зарлачихсан. Иймээс бид Европын Холбооны хувьд хууль бус албан тушаалтантай гэрээ хийж, олон улсын гэмт хэрэгтэнг баривчлах үүргээ биелүүлээгүй болж таараад байгаа юм. Иймээс Европын Холбооны гишүүн 27 улсаас биднийг Оросын дарангуйлагчийн гарт орж, ардчилсан улс гэхэд эргэлзээтэй болсон гэсэн нотлох баримтуудыг энэхүү шүүхийн Ассамблейд оролцох улсуудад танилцуулж, шийдвэр гаргуулах гэж байгаа хэрэг. Тэгвэл Монгол Улс яах ёстой вэ?

Юуны өмнө ОУЭХШ-ийн дээрх мэдэгдэлд “манай хүсэлтийн дагуу” гэж бичсэн байгаа учир юуны өмнө манай УИХ өөрөө санаачилж “Хүний эрх буюу нийтийн эрх ашигт хамаарах олон улсаас ирсэн мэдээллийг нийтэд зарлаагүй, эсвэл удааж цаг алдсан албан тушаалтанд ингэж хариуцлага тооцно” гэсэн заалтыг яаралтай хуульчлах шаардлагатай байна.

Европын Холбооны хамгийн их анхаарал татаж буй асуудал нь өнөөдөр Кремль өөрийн талын нам, тодорхой хүнээр дамжуулан ардчилсан тогтолцооны амин сүнс болох ардчилсан сонгуулийг луйвардаж, утга учрыг нь алдагдуулан том аюул учруулж буй явдал. Тэгээд ч Оросууд өөрийн авлигалын тогтолцоог Путин өөрийн улсад Монгол, Молдова, Гүрж гэх мэт ЗХУ-ын нөлөөнд байсан улсуудад хуулбарлан хэрэгжүүлж, иргэдийг нь хэргээр ядууруулж, саналыг нь өөрийн талын нам, олигархуудаар дамжуулан маш хямдхан худалдан авч буй нь тодорхой болоод байна. Иймээс Болгарын парламентын сонгуулиар авлигалын эсрэг эвсэл Оросын талын намаас хамаагүй олон санал авав. Харин Монгол Улсад Оросын талын бие даасан нам байхгүй ч намын фракц бол бий. Иймээс манай ерөнхий сайд Молдавын ерөнхийлөгч шиг Тагнуулын Ерөнхий газраар ажлыг нь хийлгэж, хийхгүй бол удирдлагуудыг нь яаралтай сольж, “Татвар төлөгчдийн мөнгөөр малчдын өрийг тэглэнэ” гэж амлан хууль зөрчиж УИХ-д сонгогдсон нөхрийг “ОХУ-ын эрх ашигт тохируулж, Монгол Улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх”, хэрэв өөрийн хөрөнгийг бусдад шилжүүлсэн бол “Бүлэглэж луйвар хийсэн” гэсэн эрүүгийн хэрэг үүсгэхэд буруудахгүй болоод байна. Харин хүний эрх зөрчин тэр нөхрийг шууд аваачаад шоронд хийж бол болохгүй. “Улсад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй гэмт хэрэгтэнг улсынхаа эсрэг террорист ажиллагаа явуулсан гэж үзэн хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг хуульчлах асуудлаар иргэдээсээ санал авах нь зүйд нийцнэ. Хамгийн гол нь үүнийг уншиж байгаа хүн бүр интернэт рүү ороод өөрийн улсыг авлигалын индексээр хэд дүгээрт, харин Европын Холбооны 27 улс хаана жагсаж байгааг нэг харчих даа! Энэ бол үнэхээр манай шударга иргэн бүрийн санааг зовоосон маш яаралтай шийдэх ёстой асуудал! Иймээс гүйцэтгэх засаглал болох манай Засгийн газар хүний эрхийг хангасан жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хамгийн гол нь амьдралд шууд хэрэгжиж эхлэх Авлигалын эсрэг хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор батлуулах шаардлагатай байна. Учир нь монголчууд бидэнд энэ бүхнийг хийж амжих буюу алдаагаа засахад яг 30 хоног байна. Цаана нь үлдсэн хэдхэн хоног нь Европын Холбооны 27 улс бидний хийж амжсан эдгээр зүйлээс үүдэн ОУЭХШ-ийн Ассамблейд танилцуулах баримтаа өөрчилж, зөөлрүүлэхэд зориулагдах болно. Учир нь Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн гишүүн 124 улсын Ассамблей ирэх 12 дугаар сард Нидерланд улсын Гааг хотноо хуралдана. Хэрэв энэ бүхнийг бид хийж амжихгүй бол Монгол Улсад дарангуйлал давамгайлж буй нь тодорхой болж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудал ганхаж, хамгийн гол нь монголчууд дотроо хуваагдан тэмцэлдэж үр дүнд нь манай улсын ардчилал улмаар тусгаар тогтнолд аюул учирна! Харин амжвал “Сохорсон биш завшив” гэгч нь болж ардчилсан тогтолцоо, иргэдийн амьдрал сайжирна.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ховд-Өлгий чиглэлийн замд цас орж, үзэгдэх орчин хязгаарлагджээ DNN.mn

Ховд-Өлгий чиглэлийн Бураатын даваанд хүчтэй цасан шуурганы улмаас авто замд цас ихээр хунгарлагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.

Шуурхай ажлын хэсэг ажиллаж байгааг Зам тээвэр хөгжлийн яамнаас анхаарууллаа. Цасан шуурга намжтал тус чиглэлд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхааруулж байна.