Categories
мэдээ нийгэм

“Монголын мистер” -ийн 11 ангилалд тамирчид өрсөлдөнө

Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо (МБФХ)-ноос  “Монголын мистер” тэмцээн зохион байгуулахаар болжээ. Өнөө жил 24 дэх удаагаа зохион байгуулж буй уг улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-ны өдөр Соёлын төв өргөөнд болох юм байна. Тэмцээнд түрүүлсэн тамирчныг Азийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах талаараа  хоблооны удирдлагууд мэдээллээ. Энэхүү тэмцээн   11 ангиллаар явагдах аж. Үүнд эрэгтэй 60, 65, 70, -75, +75 мөн 21 наснаас доош, 40-өөс дээш масстар Фитнесс, мисстер Фитнесс, буюу эмэгтэй тамирчид нь мисс Фитнесс , бодибилдинг Фитнесс, гэж тус тус ангилна. Энэ тэмцээнд 30 орчим клубын 128 гаруй залуу тамирчид оролцохоор бүтгүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс Багануур дүүрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горим тогтоох тухай” А/377 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүүргийн 2014 оны төсвийг өнөөг хүртэл батлаагүй байгаа тул тус дүүрэгт тогтоосон  санхүүжилтийн түр горимыг үргэлжлүүлэн тогтоолоо. Санхүүжилтийн түр горим тогтоосонтой холбогдуулан нийслэлээс Багануур дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 05 дугаар сард 151 103 700 төгрөг,    06 дугаар сард 96 894 800 төгрөг байхаар тогтоож, зарцуулах зардлын хэмжээг баталлаа. Санхүүжилтийн түр горимыг мөрдөн, дүүргийн төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжавд, санхүүжилтийн түр горимын биелэлтэнд хяналт тавин ажиллахыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Марш тактикт бэлтгэж буй цэрэг амиа алджээ

Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийн дунд жил бүр зохиогддог марш тактик тэмцээнд орохын тулд цэргүүд тусгай бэлтгэлд гардаг билээ. Тэгвэл тус бэлтгэлийн үеэр  цэргийн албан хаагч амиа алдсан байна. Тавантолгой дахь сургалтын нэгдсэн төвд бэлтгэл хийж байсан 120 дугаар ангийн албан хаагч Д нь энэ сарын 13-ны өдрийн 22 цагийн үед нас баржээ. Хэрэг уржигдар орой гарсан ч  ар гэрийнхэнд нь өчигдөр өглөө хэл дуулгасан гэнэ. Ар гэрийнхэн нь талийгаачийг биедээ багагүй гэмтэл авсан байдалтай, байрлаж байсан байрнаасаа 300 метрийн зайд амиа алдсан байсан гэж буй. Гэвч Тавантолгойн сургалтын төвийнхөн болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд үгүйсгэж байна. Талийгаач 21 настай, ахлагчийн сургууль төгссөнөөсөө хойш 120 дугаар ангид ажиллажээ. Ар гэрийнхэн нь талийгаачийн цогцост нарийн шинжилгээ хийлгэхээр шүүх эмнэлэгт хандсан аж.
Болсон хэрэг явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штабаас удахгүй албан ёсоор мэдээлэх гэнэ.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Хадгалах хугацааг нь буруу бичсэн бүтээгдэхүүн худалдаж байжээ

Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар худалдаа, үйлчилгээний 15 аж ахуйн нэгжийн бараа, бүтээгдэхүүнд шалгалт хийжээ. Шалгалтаар тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ихэнх дэлгүүр, цайны газрууд хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн борлуулж байсаж аж.  Хурдан мууддаг 10 нэр төрлийн 26 бүтээгдэхүүнийг устгалд оруулж,  400 гаруй мянган төгрөгийн хиамыг  шууд устгасан байна. Мөн хадгалах хугацааг буруу бичсэн зөрчил ч илэрчээ. Ийм зөрчил илэрхсэн ахуйн нэгжүүдийг нийт гурван сая төгрөгөөр торгосон талаар МХЕГ-аас мэдээллээ.
2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу бол бараа, бүтээгдэхүүний хаяг, шошгын зөрчилтэй бол аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин, албан тушаалтныг 30 дахин, иргэнийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ноогдуулах ёстой аж.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын рэйлбус автобусууд маргааш ирнэ

Зам, тээврийн салбарын томоохон зорилтууд ажил хэрэг болж эхэлж буй. Өнгөрөгч долоо хоногт МИАТ компани хоёр дахь шинэ Боинг онгоцоо, УБТЗ-ынхан шинэ суудлын вагонуудаа хүлээж авсан билээ. Тэгвэл маргааш хотын нийтийн тээвэрт үйлчлэх төмөр замын автобусаа хүлээж авахаар болжээ.  “Улаанбаатар төмөр зам”-аас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг оруулж ирж, хотын нийтийн тээвэрт явуулахаар болсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Зам, тээврийн яам болон УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхний дэмжлэгээр дээрх үйлчилгээ удахгүй эхэлнэ. Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь нийтийн тээвэрт ашиглах, авто замын түгжрэлийг сааруулах, иргэд зорчигчдын  тохь тухыг хангаж, цаг хугацааг хэмнэхийн тулд төмөр замын автобус явуулж буй юм.
Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ирэх сарын 6-наас эхлэн рэйлбус Толгойт-Амгалангийн чиглэлд зорчигчдод үйлчилж эхлэх юм байна. Шинэхэн рэйлбусыг хүлээж авах ёслолын ажиллагаа маргааш 11:30 цагт “Улаанбаатар  төмөр зам”-ын  төв буудалд болох бөгөөд энэхүү арга хэмжээнд Зам, тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны хүмүүс урилгаар оролцох  ажээ.  

Categories
мэдээ нийгэм

Хорих 461-р ангид шалгалт хийнэ

Цагдан хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд  Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан амьсгал хураасантай холбогдуулан ШШГЕГ-аас дотоод хяналтын шалгалт хийхээр болсон байна. Талийгаач өрөөндөө гурвуулаа саатуулагдаж байсан бөгөөд  өрөө бүрт бичлэг хийгдэж байдаг аж. Дашрамд дурдахад он гарснаас хойш таван хүн хорих ангид нас барсан бөгөөд өнгөрсөн онд 17 хүн хорих ангид нас барсан байдаг юм байна. Дээрх тохиолдлууд бүгд өвчин хүндэрсэн гэх шалтгаантай ажээ.

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн дүйцэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 54/115 тоот
тогтоолын дагуу жил бүрийн тавдугаар сард Бурхан багшийн дүйцэн өдрийг НҮБ-ын
Төв байранд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Бурханы шашинтай Азийн орнууд 5
дугаар сарын 13-ны өдөр Бурхан багшийн дүйцэн өдрийг НҮБ-ын Төв байранд
тэмдэглэж, уг арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы дарга
В.Аше, НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны Тусгай төлөөлөгч Н.А.Аль Нассир, БТГ-ын
ажилтнууд, шашны зүтгэлтнүүд зэрэг 600 гаруй хүн оролцсон байна.

Бусдын сайн сайхны тусын тулд аливаа
нүглийг тэвчих, сайн үйлсийг дэлгэрүүлэх, өршөөн нигүүлсэх сэтгэлийг номлодог
Бурханы шашин нь олон жилийн түүхтэй бөгөөд хүн төрөлхтөнийг гэгээрүүлэх үйлсэд
бодит хувь нэмрээ оруулж байгааг үг хэлсэн төлөөлөгчид онцлон тэмдэглэсэн
байна. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч уг арга
хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ бурхан багшийн дүйцэн өдөр нь бурханы шашныг
шүтэгч олны хувьд ихээхэн чухал ач холбогдолтой өдөр болохыг онцлоод, монгол
түмэн энэ өдөр хийсэн буян бүхэн хэд дахин дэлгэрэн арвиждаг гэж билэгшээдгийг
тэмдэглэв. Мөн тэрээр бурхан багшийн сургаал нь бусдыг хүндэтгэх, ёс
суртахуунтай байхыг дээдэлдэг зэрэг олон чухал үзлийг номлодог нь тэнцвэртэй,
тэгш, тогтвортой нийгмийн хөгжлийг цогцлооход чухал хувь нэмэр оруулна гэж үзэж
байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

Уг арга хэмжээний үеэр бурхан багшийн
дүйцэн өдрийг манай улсад хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар богино хэмжээний
видео бичлэгийг үзүүлсэн байна.  

Categories
мэдээ нийгэм

“Уянга” хөдөлгөөн эхэллээ

ШУТИС-ийн нийгмийн технологийн сургууль, “Миний ном” клубын залуус нэгдэж “Уянга” хөдөлгөөн өрнүүлжээ. ШУТИС-ийн шилдэг оюутан Г.Уянгад гэнэт тохиолдсон хүнд өвчнөө эмчлүүлэхэд нь туслах зорилготой уг хөдөлгөөнийг эхлүүлсэн байна. Г.Уянга нь “Нийгмийн ажил” мэргэжлээр суралцаж энэ жил төгсөх гэнэ. Тэрээр энэ оны дөрвөн сард “өнчин тархины хавдар” гэдэг өвчтэйгөө мэдсэн аж. Монголд өнчин тархины хоргүй хавдарыг мэс заслын аргаар авдаг боловч тоног төхөөрөмжийн дутмаг байдлаас шалтгаалж бүрэн эдгэх боломжгүй, 2-3 жилийн дараа эргээд хавдар нь ургадаг байна. Харин мэс заслын дараа гамма туяан шарлага хийлгэвэл бүрэн эдгэх боломжтой аж. Тус шарлага Монголд байхгүй тул Солонгос явах шаардлагатай болжээ. Г.Уянгын хувьд хавдарын байршил тун онцгой, харааны мэдрэлтэй маш ойр тул хугацаа алдвал хараагаа алдах аюултай юм байна. Тус хөдөлгөөнийхөн “Хаврын уянга” хандивын тоглолт зохион байгуулж, “Эзэнт гүрний туульс” номын борлуулалт номын орлого 100 хувь хандив болон орж байгаа, Тасалгааны цэцгийн худалдаа, “Varsity jacket” хүрмийн худалдаа ширхэг бүрээс есөн мянган төгрөг хандивлах зэргээр сайн үйлсын аяныг өрнүүлж байгаа юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Д.Амарсайханд эмчилгээ хийж болохгүй гэсэн заавар өгөөгүй гэв

Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан өчигдөр 17 цагийн орчимд хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд амьсгал хураасан. Д.Амарсайханы биеийн байдал муу байсан учир түүний ар гэр болон, өмгөөлөгчид нь батлан даалтад гаргахаар олон удаагийн хүсэлтийг гаргасан ч  хууль хяналтын байгууллага хүлээж авахгүй байсан талаар түүний өмгөөлөгчид хэлж буй. Тэгвэл дөнгөж сая ШШГЕГ-аас энэ хэргийн талаар мэдээлэл хийлээ. ШШГЕГ-аас хийсэн тайлбарт “Талийгаач Д.Амарсайхан нь өмнө нь нойр булчирхайн үрэвсэлтэй хэмээн оношлогдон эмчлүүлж байсан ч хэвтэрт орохоор хүнд байгаагүй. Мөн дөрөвдүгээр сарын 15-наас хойш саатуулагдан хоригдож байсан. Энэ хугацаанд найман удаа эмчийн үзлэгт орсон. Эмчийн үзлэгээр биеийн байдал хэвийн гарсан байна. Түүнчлэн нас бардаг өдрийнхөө өглөөхөн биеийн байдал нь хэвийн байсан. Хүмүүсийн яриад байгаа шиг “Дээрээс эмчилгээ хийлгэж болохгүй” гэсэн тушаал өгөөгүй”  хэмээлээ.

Одоогоор талийгаачийн биед задлан хийж байгаа бөгөөд нас барсан шалтгааныг албан ёсоор зарлах боломжгүй гэж мэдээллээ.   

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн өмчит их сургуультай болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр  МУИС-ийн Улаанбаатар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь 1992 онд технологийн сургууль нэртэйгээр байгуулагдаж 1995 онд Шинжлэх ухаан боловсролын сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар Улаанбаатар хотын Их сургууль болон өргөжсөн байна. Харин 2010 оны Засгийн газрын тогтоолоор Улаанбаатарын их сургуулийг МУИС-ийн харьяанд нэгтгэжээ. Энэ нь нь тус сургуулийн үйл ажиллагааг доголдуулахад хүргэсэн төдийгүй МУИС-ийн Улаанбаатар сургууль хэмээн өөрчлөгджээ.

Мөн МУИС-ийн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04 болон 05 тоот тогтоолоор тус сургуулийг бүхэлд нь задлах, удирдлага, санхүүгийн хувьд шууд зогсоож, салбар нэгжүүдийг тараах шийдвэр гаргасан байна. Одоогоор тус сургууль нь Технологи, Нийгмийн ухаан, Хэл зохиолын үндсэн Факультет, мэргэжлийн 11 тэнхимтэй бөгөөд  150 гаруй багш, 50-иад ажилтан ажиллагсад, 2000 гаруй оюутан сурагчтай үйл ажиллагаа явуулдаг  бөгөөд сургуулиа улам өрөгжүүлэн, нийслэлийн нэрэмжит сургууль болох хүсэлтээ сургуулийн хамт олон хотын удирдлагуудад илэрхийлжээ. Тиймээс тэдний хүсэлтийн дагуу энэхүү сургуулийн бааз суурийг түшиглэн нийслэлийн өмчит Улаанбаатар их сургуулийг байгуулахаар судалж, нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулаад байгаа юм.

Өнөөдрийн уулзалтаар тус сургууль нь хотын нэрэмжит сургууль байхаас гадна, нийслэлд шаардлагатай байгаа мэргэжилтнүүдийг бэлтгэдэг, нийслэлээс хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн туршилт,  судалгааг хийдэг байхаар  санал  солилцоо. Уулзалтын үеэр Улаанбаатар их сургуулийг нийслэлийн өмчит  Их сургууль болгох ажлыг зохих хууль, дүрмийн дагуу шийдвэрлэнэ гэдгээ хотын дарга мэдэгдлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.