Categories
мэдээ нийгэм

Хүмүүжигчдийн хүүхдүүдийг баярлууллаа

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж санаачлан  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан  хамтран ажилладаг ажил олгогч байгууллага, бүртгэлтэй байгаа ажил хайгчдын хүүхдүүд, “Манай гэр” асрамжийн газарт өсөн, хүмүүжиж байгаа бяцхан үрс болон хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудын хүүхдүүдийг “Хөх хулганы орон” тоглоомын төвд үнэгүй тоглуулж бэлэг барьжээ. Тус үйл ажиллагааг “Их монгол жуулчин” ХХК,  “Хөх хулганы орон” тоглоомын төв дэмжин хамтран ажилласан байна. 

Дашрамд дурдахад, анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас зургадугаар 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ. Харин  Монгол Улс 1952 оноос эхлэн 6-р сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. 

Categories
мэдээ нийгэм

Залуус 3500 мод тарьжээ

Монголын залуучуудын холбооны гүйцэтгэх хорооны бүх ажилчид, МЗХ-ны дэргэдэх клубууд мөн Эрдэнэ сумын МСҮТ-ийн 100 гаруй залуус өнгөрсөн баасан гаригт нийлж мод тарьжээ. Тэд Багануур дүүрэгт 3500 мод тарьж нийслэлийн ногоон байгууламжинд хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин суулгасан  моднуудыг нь зун намрын турш 35 залуучууд услаж, тордож, цаашдын ургах үйл явцад хяналт тавьж ажиллах гэнэ. 

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Автомашингүй өдөр ирэх сарын 07-нд болно

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн автомашингүй өдөр ирэх сарын 07-ны өдөр тохиож байна. Мөн эл өдөр бүх нийтээр  биеийн тамир, спортыг дэмжих өдөр болгон “Улаанбаатар-марафон” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жил уг  тэмцээнийг марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр төрөлд явуулах ажээ. Марафоны төрөлд нь тогтмол гүйлтээр хичээллэдэг хүмүүс оролцох бол сонирхогчдын гүйлтийг  дөрвөн насны ангилалд явуулах юм байна. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

“Буянт Ухаа2” хорооллын шавыг тавилаа

Нисэхэд байрлалтай “Буянт Ухаа-2” орон сууцны хорооллын шав тавих ёслол өнөөдөр боллоо. “Буянт Ухаа-1”-ээс хоёр дахин том тус хорооллыг “Буянт-Ухаа” спорт цогцолборын баруун урд барихаар болжээ. Энэд  7500 айл багтах бололцоотой юм. Барилгын ажлыг удахгүй эхлүүлэх юм байна.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Нөгөө л эсгий углааш, модон хүүхэлдэйгээ үзэсгэлэнд дэлгэв

Жуковын талбайд өчигдөр Баянзүрх дүүргийн хэмжээний жижиг, дунд үйлдвэрлэгчид үзэсгэлэнгээ дэлгэлээ. Үзэсгэлэнг дүүргийн Засаг даргын дэргэдэх жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс зохион байгуулжээ. Энэ талаар сурвалжлахаар очлоо. Нөгөө л  монгол дээл, эсгий тавчик,  арьсан улавч, бэлэг дурсгалын сувинерүүд лангуу бүрд дэлгээстэй харагдав. Гоц гойд, ашиг өгөхөөр, хүмүүс худалдаад авчихаар шинэ бүтээгдэхүүн харагдсангүй. Хөл хөдөлгөөн ч алга. Бүтээгдэхүүнээ дэлгэсэн үйлдвэрлэгчид “Орлого муу, юм худалдаж авах хүн ховор байна” гэцгээж байлаа. Баянзүрх дүүргийн XIX хорооны иргэн Л.Цэцэг-Өлзий “Өглөөнөөс хойш нэг ч юм зарсангүй. Хүмүүс ганц нэгээрээ ирээд үнэ асуучихаад буцаад байна. Ер нь эсгий улавчийг гадны жуулчид л их авдаг юм. Эсвэл гадаадад хүүхдүүд нь байдаг хүмүүс худалдаж аваад явуулдаг. Манайх “Цагаан алт” дэлгүүрт улавчаа худалддаг юм. Жуулчид ирж эхэлж байгаа учраас сардаа арваас хорин ширхэгийг борлуулчихаад байна” хэмээн ярив. Үзэсгэлэнд дэлгэсэн бараануудыг сонирхож явсан Г.Энхмэнд  “Сонирхохоор шинэ юм байхгүй болохоор хэн ирэх вэ дээ. Дэмий цаг үрсэн ажил болчихлоо. Арай шинэлэг, хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй гэж бодож байна. Бас чанар дээрээ анхаарах хэрэгтэй. Би өнгөрсөн жил монгол түрийвч авсан юм. Гэтэл энэ жил хэрэглэх аргагүй болчихсон. Эндээс авах юм гэвэл гутал л байна. Гэхдээ их үнэтэй юм. Гаднаас орж ирсэн гуталнууд илүү хямдхан байгаа шүү дээ” гэж саналаа хуваалцлаа. 

Үзэсгэлэнгээс тэр гээд онцолчихоор бүтээгдэхүүн хайгаад олсонгүй. Уг нь төрийн дэмжлэгийг жил бүр хүртдэг хэсэг бол жижиг дунд үйлдвэрлэгчид. Тэдэнд хэдэн тэрбумаар нь хөнгөлөлттэй нөхцөлтэй мөнгө зээлдэг.  Гэтэл үр дүн нь нэг иймэрхүү. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд нэг хүн дор хаяж дунджаар 30 сая төгрөг зээлдэг гэсэн статистик бий. Үүнээс ч их хэмжээний мөнгө зээлсэн  үйлдвэрлэгчид байгаа. Энэ бол бага мөнгө биш.  Хүн амынхаа тоогоор нийслэлд дээгүүрт давхидаг Баянзүрхийн жижиг, дунд үйлдвэрлэгчид лав онцлохоор зүйл хийгээгүй  нь дэлгэж тавьсан бүтээгдэхүүнээс нь л илт байна. Зохион байгуулалт нь муу болсон уу, эсвэл манай жижиг, дунд үйлдвэрлэгчид ийм сэтгэлгээ муутай, залхуу болсон юм уу гэж чамлангуй ярих хүмүүс ч олон таарсан юм. 

Хуруу зай, машины шил арчигчаас эхлээд  хүмүүст хэрэгцээтэй маш олон бүтээгдэхүүн бий. Эрэлттэй, гаднаас доллар зарж авчирдаг ийм бүтээгдэхүүнийг дотооддоо хийж яагаад болохгүй гэж. Эрэлт нь бэлээхэн байгаа бүтээгдэхүүнийг хийгээд зарвал сардаа арван углааш зарж авдгаас их мөнгө олох нь тодорхой. Өчнөөн төгрөг зарж дэмждэг жижиг дунд үйлдвэрлэл эсгий углааш, модон тоглоомноос хэтрэхгүй байгаагийн өөр нэг шалтгаан нь төслийн шалгаруулалт. Зах дээр борлуулагддаггүй, зуны гурван сард жуулчид л сониучирхаж авдаг улиг болсон бүтээгдэхүүнд дахин зээл өгөхөө больчих хэрэгтэй. Харин зах зээл дээр эрэлт ихтэй, хийлээ л бол шажигнатал борлуулагдчихдаг бүтээгдэхүүн хийх төслийг л дэмжинэ гэчихвэл илүү бодитой дэмжлэг болно. Малын гаралтай арьс шир, эсгийгээр  ч гэсэн маш олон төрлийн хэрэгтэй зүйл хийж болдог. Мал аж ахуй эрхэлдэг гадны улс орнууд арьс ширээр түмэн зүйлийн хүнд хэрэгтэй зүйлийг үйлдвэрлэдэг гэсэн. Тухайлбал, саяхан Унгер улс үндэснийхээ баяраар  жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнг  гаргажээ. Энд арьс ширээр хийсэн хэдэн мянган төрлийн хүнд хэрэгтэй, сонирхолтй зүйл хийж бодлогийг харуулсан гэсэн. 

Х.Цэнд

Categories
мэдээ нийгэм

Салхин цэцэг өвчнийг ингэж эмчилнэ

Сүүлийн өдрүүдэд салхин цэцэг өвчний тархалт цэцэрлэгийн насныханы дунд нэмэгдэж байгаа аж. Салхинцэцэг өвчин нь агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Ихэвчлэн 1-7 насны хүүхэд өвчилдөг байна. Өвчний нууц хугацаа 10-21 хоног  байдаг гэнэ. Өвчний нууц хугацаа гэдэг нь  хүүхэд халдвар авсан өдрөөс хойш  өвчний анхны шинж тэмдэг илрэх хугацааг хэлдэг юм байна. Салхин цэцэг өвчний үед  өндөр халуурах, толгой нь өвдөх, хоолны дуршил муудах, нүд улайж, бага зэрэг загатнаж, нулимс гоожих шинж илэрдэг байна. Эхлээд нүүр, их биеэр жижиг улаан тууралт гардаг байна. Цаашид  бүх биеэр тууралт гардаг. Тууралт нь хэсэг хугацааны дараа тууралт цэврүү маягтай болж туурдаг аж. Цэврүү нь хоёр хоногийн дараа хагарч тавшина. Мөн үүнээс гадна амны хөндийн салст бүрхэвчид тууралт гарч хагаран шархлаа үүснэ. Энэ үед хүүхдэд амны хөндийн шархлаанаас болж хоол ундаа ууж идэхэд хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр гарах, шүлс гоожих, хорсох, өнгөр тогтох, халуурах  зэрэг шинж тэмдэг илэрнэ. Таны хүүхдэд дээрх шинж тэмдгүүдийн аль нэг илэрвэл яаралтай эмчид үзүүлж эмчилгээ хийлгээрэй. Салхинцэцэг өвчнөөр өвчилсөн хүүхдийн биеийн дархлаа ихээр сулардаг учир ханиад, ларингит, хатгаа болон өөр бусад өвчинтэй хавсарч өвчилөх магадлал их байдаг аж. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Тухайлбал гэртээ болон  өрөөндөө өдөрт 2-3 удаа салхивчаа нээж агааржуулалт хийх, гэр болон өрөөгөө тогтмол 18-20 хэмийн дулаантай байлгах, чийгтэй цэвэрлэгээ хийх, хүүхдээ дулаан хувцаслаж 14 хоног тусгаарлаж гэртээ болон эмнэлэгт эмчлүүлэх, витаминаар баялаг халуун аарц, төрөл бүрийн  жимс жимсгэний шүүс, чанартай халуун хоол, халуун цай уулгаж, идүүлэх, ам хоолойг нэг хувийн содын, давсны уусмалаар өдөрт 2-3 удаа зайлуулах зэргээр хүүхдэдээ анхаарахыг эмч нар зөвлөж байна. Аманд тууралт гарсан тохиолдолд амны хөндийг буцалсан ус ба  ам зайлах тамедины уусмалаар өдөрт 2-3 удаа зайлж асгуулаарай. Эмчийн заалтаар өгөх вирусын эсрэг болон  халуун бууруулах эмийг цаг тухайд нь уулгаж,  түрхлэгийг заавал түрхэж, эмчийн зөвөлгөөг дагаарай.  Ингэвэл таны хүүхэд хурдан хугацаанд хүндрэлгүй эдгэх болно. Энэ өвчний үед хориглох зүйлүүд бий. Хүйтэн хоол, цай уулгаж идүүлэх хэрэггүй.  Халуун бууруулах зорилгоор  аспирин өгч болохгүй. Тогтсон тавыг арилтал гадуур салхинд битгий гаргаарай.  Цэцэрлэгт нь явуулах бол  шархны тав бүрэн эдгэрсний дараа эмчийн магадалгаа, шинжилгээний бичигтэйгээр хүргэж өгөөрэй. 

Ц.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар талбай дээр 100 орчим хүүхэд төөрдөг

Монголчууд бүгд л жилд нэг удаа хүүхдийн баяраар хүүхдээ баярлуулдаг юм шиг л төв талбайд хүүхдээ дагуулсан хүнээс их юмгүй болдог. Хүүхдийн баярын хөтөлбөр зарлагдахтай зэрэгцэн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга Б.Баатархүү “Хүүхдийн баяраар талбай дээр 100 орчим хүүхэд төөрдөг” хэмээн өвөрмөц статистик хэллээ. Аав, ээж нараа хүүхдээ гээчихэв ээ, анхааралтай наадаарай. 

Зургадугаар сарын 01-нд Чингисийн талбай өвөрмөц чимэгтэй байх юм гэсэн. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулах баярын хөтөлбөрийн үеэр 12 жилийн амьтдыг байрлуулж, өртөө бүр дээр  удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулахаа мэдээлээд байгаа.  Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний орчимд байрлуулах аж. Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор, МУГЖ Т.Ариунаа нар оролцон ая дуугаа өргөх юм. Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломжтой. Хүүхдийн баярын албан ёсны арга хэмжээ 6 дугаар сарын 1-нд 11:00 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарын гэрийг хулгайлжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар олимпийн медальт тамирчдад олгодог тэтгэлгийг хүртдэг. Тэгвэл Цагаанаа гавьяат хүүхдүүдээ цэвэр агаарт гаргах зорилготойгоор Ерөнхийлөгчийн тэтгэлэгт цалингаараа  таван ханатай гэр худалдан авчээ. Тэрээр гэрээ Нисэхэд байдаг хашаан дотроо барьсан юм байна. Гэтэл өнөөх гэрийг нь хулгайлаад аваад явчихсан гэнэ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хүний хөдөлмөрөөрөө олсон зүйлийг зүгээр ингээд хулгайлаад явахаасаа санаа нь зовдоггvй юм байх даа. Хулгай хийх бас хөдөлмөр юм болов уу. Гар нь татаасай. ХУД цагдаа нар минь сайн ажиллаж хулгайчийг олж өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн бичжээ. 

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайдыг цагтаа онгоцондоо суусанд талархжээ

11-11 төвд нэгэн иргэн хандаж, “Ерөнхий сайд бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлж байгаа”-д талархсан байна. “Саяхан 5 сарын 22-нд Сөүл рүү нисэх 8:45 цагийн нислэгтэй байсан бөгөөд, Ерөнхий сайд цагаас өмнө 8:37 болж байхад онгоцондоо суугаад, түвэг чирэгдэл болоогүй нь бусдад үлгэр жишээ боллоо. Урьд өмнө нь аль нэг УИХ-ын гишүүн явах гэж дандаа хоцорч ирнэ, дор хаяж онгоц 20-30минут саатдаг байсан гэж мөнөөх иргэн өгүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Халуун усны хязгаарлалт хийх хуваарь

“Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас  зуны урсгал болон их засварын ажилтай холбогдуулан халуус ус хязгаарлах хуваарийг гаргасан. Одоо халуун усгүй байгаа орон сууцнуудад 28-29-нд халуун ус ирэх бол  энэ сарын 27-ноос ирэх сарын 10-ны хооронд дараах газруудад халуун ус тасрах юм байна шүү.

-УБТЗ-ын удирдах газар, түүний ойролцоох бүх орон сууц, Гранд плаза төв, Рамада зочид буудал, Цагаан өргөө зочид буудал, Гандан хийд, Максын орон сууц, ТЗ-ын хоёрдугаар хорооллын орон сууцнууд, Наран их дэлгүүрийн орчим, Богда Асар хороолол, Түндэмүн саун, Гурван билэг ХХК-ийн үйлчилгээтэй орон сууц, 3,4 дүгээр хороолол, 6 дугаар бичил хорооллын бүх орон сууц, Ганданхийд, Цагаан өргөө зочид буудал, Эх нялхас, МҮОНРТХЭГ орчмын орон сууц,албан газрууд, “Ган зам” зочид буудал,  ТЗ-ын 50 дугаар байр, Баянгол дүүргийн шүүх, ТЗ-ын цагдаагийн хэлтэс, ЦТП-9-ийн дараах орон сууцны бүх байр, 4 дүгээр хорооллын ЦТП-6-ын дараах орон сууцны бүх байр, АТС-33, Аянчин зочид буудал орчмын хэрэглэгчид.

/ОСНААУГ-ын Ганзам-өргөө ,Ганга өргөө, Батбаян бүрд,  Хүрээ дэнж өргөө, Гандан дэнж өргөө ОНӨААТҮГ-ын харьяа бүх орон сууц /