Categories
мэдээ нийгэм

Жолоочийг саатуулжээ

Энэ сарын 21-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны замд Сүхбаатараас Улаанбаатарын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус осолдон зургаан хүн нас барж, 40 гаруй хүн гэмтэж бэртсэн харамсалтай хэрэг гарсан.

Өдгөө гэмтэж бэртсэн зорчигчдыг ГССҮТ-д эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь эхнээсээ сайжирч эмнэлэгээс гарч эхэлсэн билээ.

Ослын шалгааныг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа гэж байсан. Тэгвэл “Дайчин сүх” ХХК-ний “Hyundai Bus” маркийн 0522 СҮА дугаарын автобусны үндсэн жолоочийг саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлнэ.

Categories
мэдээ нийгэм

Зайсан орчмын барилгуудаас олон төрлийн зөрчил илэрчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн аманд газар ашиглан барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар ашиглах гэрээ, зориулалт, батлагдсан ерөнхий төлөвлөгөө болон зураг төсөл, барилга угсралтын ажлын явц, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, баримт бичгийн бүрдүүлэлт зэргийг шалгажээ.

Удирдамжийн хүрээнд 31 иргэн, ах, ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг газар дээр нь шалгажээ. Үүнээс 17 нь ирж холбогдох бичиг баримтыг шалгуулсан бол 3 нь газрын зориулалтын дагуу /аялал жуулчлал/ ашиглаж байгаа, Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд ахуйн зориулалтаар 3 иргэнд олгосон газар дээр барилга баригдаж байгаа, үлдсэн 25 иргэн, аж ахуйн нэгж байгууллага зориулалт өөрчлөн барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан аж.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд ахуйн зориулалтаар 3 иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, олгосон газар дээр барилга байгууламж баригдаж байгаа, 2 иргэн Туул голын онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барьж байгаа, 11 иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг аялал жуулчлалын зориулалтаар хийлгэсэн боловч барилга байгууламж барьсан, 2014 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, байгаль орчныг хамгаалах тухайн жилийн төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлээгүй, 2013 оны байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн биелэлтийг гаргаж холбогдох газарт тайлагнаагүй, гүний худгуудад тоолуур байршуулж баталгаажуулаагүй, ус ашиглах зөвшөөрөлгүй, дүгнэлт, гэрээгүй, орчны цэвэрлэгээ хангалтгүй, хатуу хог, хаягдлыг ил задгай хаясан, ахуйн бохир цуглуулах зориулалтын цооноггүй, бие засах газрыг ил задгай газарт нүх ухаж, бохирыг хөрсөнд шингээж байгаа зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар улсын байцаагчийн хамтарсан албан шаардлагыг 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлжээ.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар албан бичгийг хүргүүлсэн байна.

Энэхүү шалгалтын хүрээнд 7 аж ахуйн нэгж байгууллагад 1750,0 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ тооцон барагдуулаад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Иргэний хөдөлгөөнийхөн нэгдэнэ гэв

 “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын таван хүн холбогдсон хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 27-нд болох гэж байна. Энэ талаар “Гал үндэстэн” холбооны дэд  тэргүүн Я.Хундаганай болон тус холбооны гишүүд мэдээлэл хийж, дээд шатны шүүхэд ялахын төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

Я.Хундаганай “Ц.Мөнхбаяр ард иргэд, эх орон, газар шороо, гол усныхаа төлөө тэмцсэнийхээ хариуд торны цаана суух ёсгүй. Ямар үндэслэлээр хориод байгааг нь гайхаж байна. Магадгүй эрх баригчдын алдаатай бодлогыг олж харан эсэргүүцсэнийх нь төлөө биз. Тэр эх орон, газар шороогоо өмөөрч уул уурхайн компаниудын техник хэрэгсэл рүү буудаж, Чингисийн талбайд морьтой жагсаал хийж эх орныхоо төлөө тууштай тэмцэж байсан нь түүний хоригдох шалтгаан болж байгаад харамсаж байна” гэж онцлов.

Мөн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт тэдэнтэй нэгдэж байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Гэмт хэрэг гэдэг бол хэн нэгнийг хохирооё гэсэн муу бодлыг хэлдэг. Харин Ц.Мөнхбаярт ямар муу бодол байсан юм бэ? Эх орон газар шороогоо бүрэн бүтэн авч үлдэе гэсэн нь эрх баригчдын хувьд муу бодол болж таарч байна уу” гэлээ. Тэд цаашдаа Ц.Мөнхбаяр болон бусад тэмцэгчдээ, эх орон газар шороогоо хамгаалж харийханд элэгтэй эрх баригчидтай тууштай тэмцэхээр шийджээ. Үүний тулд иргэний хөдөлгөөнүүдийг нэгтгэж “Хүслээ нэгтгэе” хэмээх үндэсний хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, энэ сарын 28-нд албан ёсоор хурал хийхээр товлосон байна.

Categories
мэдээ нийгэм

450 мянган мод, сөөг тарьжээ

 

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” болон хувийн хэвшил, аж ахйун нэгж байгууллагууд хамтран  энэ жил нийтдээ 700 мянган м.кв талбайн зүлэг, 90 мянган мод, 800 мянган сөөгөнд арчилгаа тордолгоо хийж байгаа аж.

Нийслэлийн гудамж, цэцэрлэгүүдэд 450 мянган ширхэг мод, сөөг тарьжээ. Зүлэг тарих ажил энэ сарын нэгний өдрөөс эхэлсэн ба ирэх долоодугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх аж. Зүлэг шинээр болон нөхөн тарих ажил 200 мянган м.кв талбайд хийгдэх юм байна.

Харин цэцэгжүүлэлт энэ сарын 5-аас эхэлж, 500 мянган ширхэг цэцгийг 30 мянган м.кв талбайд суулгахаас 70 хувийг нь тариад байна. Ногоон байгууламжийн хөрсийг ариутгах ажил 152 м.кв талбайд хийгджээ. Мөн ургамлын өвчин, хортонтой тэмцэх ажлын хүрээнд 88150 ширхэг   мод бут сөөгийг энэ сарын 25-наас ирэх сарын 10-ны хооронд ариутгах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчид оюутан-цэргүүд талархлын захидал илгээв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн анхдагчдаас талархлын захидал илгээсэн байна.

Төв аймгийн Алтанбулаг суман дахь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид алба хааж буй Ш.Түвшинбаяр, Б.Есүхэй нарын зэрэг “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн анхны оюутан-байлдагчдаас ирүүлсэн захидалд “Бид бол азтай оюутан. Ингэж өөрсдийгөө тодотгосон нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын хамтарсан тушаалын дагуу “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн анхны оюутан, цэрэг болсон явдал юм.

Оюутнууд биднийг суралцахын зэрэгцээ цэргийн жинхэнэ алба хаах боломж олгосон явдалд бид чин сэтгэлээсээ талархаж байна. Учир нь эх орноо батлан хамгаалах эрхэм үүргийг минь эдлүүлэхэд дорвитой дэмжлэг үзүүлж буй явдал юм. Ингэснээр маш их цаг хугацаа хэмнэж, асар их мэдээллийг залуус бидэнд олгосоор байна.

Цэрэг эрс бид оюутан байх хугацаандаа цэргийн жинхэнэ албаа нэр төртэй хааж, улмаар их, дээд сургуулиа амжилттай суралцан төгсөж, эх орныхоо өмнө хариуцлага хүлээсэн төрийн жинхэнэ албан хаагч болж чадахаа эх орон, багш, сурган хүмүүжүүлэгчид, аав ээж, найз нөхдийнхөө өмнө андгайлан тангараглая” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгийн биржийн даргаар Д.Ангарыг томилов

 “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл Д.Болормааг үүрэгт  ажлаас чөлөөлж,  Д.Ангарыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Даваасүрэнгийн Ангар нь 1978 онд төрж, 1995 онд Нийслэлийн Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр дунд сургуулийг төгссөн. АНУ-ын Төв Арканзасын их сургуулийг санхүүч мэргэжлээр бакалавр, Ливерпүүлийн Их сургуулийг Олон улсын санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ШУ-ны магистрын зэрэгтэйгээр төгсчээ.

2002 онд Сангийн Яаманд мэргэжилтнээр ажилд орсноор ажлын гараагаа эхэлсэн байна. 2008 онд тус яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж Засгийн газрын үнэт цаасны арилжаа, өрийн удирдлага, үйлчилгээ, эрсдэл зардлын шинжилгээ, Засгийн газрын дамжуулан зээл, төсвийн зээл, мөнгөн хөрөнгийн удирдлага, хугацаа хэтэрсэн өрийн хэлэлцээ зэрэг асуудлуудыг хариуцан ажиллаж байсан. 2011-2014 онуудад Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яаманд худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхийн албан тушаалыг хашиж байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Их аварга Д.Дагвадорж: Тэмка минь амьтны алаг үрийг арайчдээ найзаа

Хар тамхины хэргээр сэжигтнээр татагдаад буй 19 настай Г.Сарангэрэл гэх охиныг хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй амрагийн холбоотой гээд зогсохгүй  хар тамхины хэргээр дөрвөн сар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байсан Г.Сарангэрэл батлан даалтад гарчээ. Тэрээр суллагдсан даруйдаа албан ёсны мэдээлэл хийж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон. Тэрээр хэлэхдээ “Бид хүмүүсийн яриад байгаа шиг дотно харьцаатай байсан. Би Тэмүүжинг сайн хүн гэж хүндэлдэг байсан” хэмээн энэхүү ярилцлагадаа хэлсэн нь олон хүний анхаарлыг татаж байна. Энэ тухай Их аварга Д.Дагвадорж өөрийн твиттер хуудаснаа “ Энэ охин их л тайван байна даа! Аль эсвэл ийм сэтгэлийн тэнхээтэй юм уу! Аль эсвэл тоглоод байна уу! Тэмка минь амьтны алаг үрийг арайчдээ найзаа!” гэж жиргэжээ.

Categories
мэдээ нийгэм

ХДХВ-ийн халдвартай гурван эх амаржжээ

Манай улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдснээс хойш 2014 оны 6 дугаар сарын 04-ний  байдлаар ХДХВ,ДОХ-ын нийт 168 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдаж бүртгэгдсэн байна. 2013 онд хийгдсэн шинэчилсэн тооцооллоор Монгол улсад 2013 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 659 хүн, 2014 онд 771 хүн байж болох тооцоолол хийгджээ.

Монгол улсад албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл ХДХВ-ын халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага, харин  2011 онд хийсэн “ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын тандалтын судалгаа”-ны  дүнгээр эрсдэлт бүлгийн хүн ам буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн (ЭБЭ) дунд ХДХВ-ын халдварын тархалт 7.5 хувь байсан нь манай улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ын халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд шилжсэн байна.

Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.2 хувь буюу 165-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байгаа ба бусад тохиолдлуудын хувьд судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байгаа аж.

Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдэлийг үгүйсгээд байна. Халдвартай 8 эхээс төрсөн 9 хүүхдэд /1 эх давтан төрсөн/ ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээг хийж эхээс хүүхдэд ХДХВ-ын халдвар дамжаагүй болохыг баталсан. 2014 оны тавдугаар сард ХДХВ-ын халдвартай 3 эх төрсөн ба эхээс хүүхдэд ХДХВ-ын халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж буй аж.

ХДХВ,ДОХ-ын нийт тохиолдлын 81.4 хувь буюу 136-г эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний 82.3 хувь буюу 112 нь эрсдэлтэй бүлгийн эрчүүд байна. ХДХВ-ын халдвартай нь тогтоогдсон нийт тохиолдлын 21нь нас барсан ажээ.

Categories
мэдээ нийгэм

Өвлийн бэлтгэл ажлыг нэгдсэн байдлаар хангах үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл хангах тухай А/512 дугаар захирамж гаргалаа. Захирамжид нийслэлд 2014 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлаа уялдуулан зохион байгуулж, биелэлтийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн хангуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох байгуулагуудын удирдлагуудад даалгасан байна. Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлын жагсаалтыг баталж, жагсаалтын дагуу  бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.

 Тодруулбал, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа их засварын ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах,  өөрийн хөрөнгөөр хийх  их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах, өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерийн бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрт шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах, Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Таван шар, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, офицеруудын ордны орчим дулаан, цахилгаан хангамжийн доголдол гарах эрсдэл их байгаа тул эдгээр байршлуудад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нарт , шинээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилга угсралтын ажлыг дуусгуулан байнгын ашиглалтанд хүлээн авах ажлыг зохион байгуулах, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн  барилга байгууламжийн дулааны алдагдлыг багасгах ажлыг хийж гүйцэтгэх, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн халаалтын зуухнуудын засвар шинэчлэлтийн ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгаж байнгын ашиглалтанд оруулах,  халаалтын улирал эхлэхээс өмнө гэр хорооллын айл өрхөд сайжруулсан зуух тараах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх зэрэг үүрэг өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Парк шинэчлэлт хийх тухай” А/514 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн тавдугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтэд зориулан угсраа автобус 40 хүртэл, их багтаамжийн автобус 120 хүртэл, дунд багтаамжийн автобус 40 хүртэл ширхэгийг урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгээр худалдан авахаар боллоо. Энэ худалдан авалтад зарцуулах хөрөнгийг “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гаас гаргана.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний автобус худалдан авахад шаардлагатай техникийн нөхцөл, бичиг баримт боловсруулахыг нийслэлийн Тээврийн газар, “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөнөөс тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдэл төлбөрийг автобус авсан аж ахуйн нэгж, байгууллагуудаар эргэн төлөгдөх нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгалаа. 

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас гаргасан урьдчилгаа төлбөрийг эргэн төлүүлэх талаар автобус авсан аж ахуйн нэгжүүдтэй гурвалсан гэрээ байгуулан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Тээврийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.