Categories
гадаад мэдээ нийгэм сурталчилгаа

Шакира Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр дуулна

Колумбын поп од Шакира Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр дуулахаар болсон байна. Ёслол 7-р сарын 13-нд Рио Де Жанейрод болох финалын тоглолтоос өмнө болох бөгөөд энэ төрлийн арга хэмжээн дээр 3 дахь удаагаа дуулах гэж буй тэрээр Маракана цэнгэлдэхэд La La La (Brazil 2014) дуугаа эгшиглүүлэх аж.  Өдгөө 37 настай Шакира 2010 онд Өмнөд Африк, 2006 онд Германд хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр ая дуугаа өргөж байсан юм. 

Эх орон Колумбынх нь баг Бразилтай шөвгийн 8-д учраа таараад байгаа. Энэ ч утгаараа тэрээр хаалтын ёслол дээр дуулах гэж байгаадаа сэтгэл хөдөлж байна хэмээжээ. Шакирагийн дуулсан Waka Waka (This Time for Africa) дуу ДАШТ-нд зориулан гаргасан дуунуудаас хамгийн их амжилт олсон дуу болсон тухай мэдээлэл гарч байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Мал худалдах түр цэгтэй боллоо

Улсын баяр наадмыг угтан Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа захирамж гарган Мал худалдаалах түр цэг байгуулсан байна.  Тус захирамжид “Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3а, 29.2 болон Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.4, 4.5.8, 4.5.13, Нийслэлийн Засаг даргын 2002 оны 411 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас мал аж ахуй эрхлэх журам”-ыг үндэслэн 2014 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Баянзүрх товчоо, МТ шатахуун түгээх станцын зүүн хэсэгт байгуулах. Зөвшөөрөгдсөн цэгээс бусад хэсэгт мал худалдаалах, аймаг, сумдын мал бүхий иргэдийг оруулахгүй байх, малын шилжих хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Өмч, газрын харилцааны хэлтсийн дарга нарыг тус тус хариуцан ажиллах”-ыг үүргэдсэн байна.

Засаг даргаас өгсөн үүргийн дагуу байгуулагдсан Мал худалдаалах цэгт өнөөдрийн байдлаар Төм аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар, Хэнтий, Увс, Архангай аймгийн 36 иргэн өдөрт 200-260 мал худалдаалж байгаа юм байна. Тус түр цэгт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршдог “Баяндэмбэрэл” ХХК-ний Мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч нар ажиллаж, худалдаалж байгаа малд халдварт өвчнөөс сэргийлэн үзлэг тандалт хийж, малын эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилтад хяналт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Автобусны буудлын ТҮЦ-үүдийг шинэчилнэ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж ТҮЦ-үүдийг ирэх сарын 1 гэхэд шинэчлэх бөгөөд ерөнхий загвар стандартыг Нийслэлийн төлөвлөгөөний газраас гаргаж байна. ТҮЦ-үүдийн байршлыг  өөрчилж, шилжилт хөдөлгөөн хийх шийдвэр гарчээ. Төв гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингэсийн өргөн чөлөө, Залуучуудын өргөн чөлөө гэх мэт төв зам дагуух автобусны буудлын хажуу дахь ТҮЦ-нүүдийг буулгах юм. Мөн  явган зорчигчийн зам талбай дээр саад учруулахуйц газар, сургууль, цэцэрлэгийн ойролцоо ТҮЦ-ийг байрлуулахгүй ажээ. 

Categories
мэдээ нийгэм

Оюутны 70 мянгыг авах эсэх нь голч дүнгээс шалтгаална

Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын баталгаа гаргасан үнэт цаас болох Самурай бондыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс 110.4 тэрбум хүртэл төгрөгийг арьс, шир гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төсөлд арилжааны банкаар дамжуулан зээл олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад сургалцагчийн тэтгэлэг олгох журам”-д нэмэлт орууллаа. Одоо өдрийн ангийн бүх оюутанд голч дүн хамаарахгүйгээр үндэсний тэтгэлэг олгож байгааг өөрчилж, 2.0-оос доошгүй голч дүнтэй бакалаврын өдрийн ангид суралцагчид үндэсний тэтгэлэг олгохоор шийдвэрлэлээ. Үндэсний тэтгэлгийн хэмнэгдсэн төсвөөс дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн суралцагчдын эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой болох юм.

“Үндэсний соёлын өвийг бүртгэн баримтжуулах 2 дахь шатны хөтөлбөр”-ийг баталлаа. 2006-2008 онд “Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр” хэрэгжүүлж, 35 музейн өвийг бүртгэн баримтжуулсан байдаг. Гэвч ихэнх аймаг, сумын соёлын өвийн бүртгэлийн санг хариуцах эзэнгүй, техник тоног төхөөрөмжгүй байсны улмаас хөтөлбөрт хамруулалгүй үлдээжээ. Манай Улс 1996 оноос соёлын өвөө бүртгэн баримтжуулж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 41950 дэсийн 66712 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл, 2028 дурсгалт газрын 23287 ширхэг түүх, соёлын дурсгал, 6742 соёлын биет бус өвлөн уламжлагчийн талаарх мэдээллийг бүртгэж хадгалаад байна.

Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенциболон Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эдгээр конвенцид нэгдэн орсноор санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй ба Монгол Улсын далбаа мандуулан хөвж буй хөлөг онгоцонд ажиллаж буй далайчдын хөдөлмөрийн нөхцөл сайжирч, осол зөрчлийн үед аврах ажиллагаа явуулсны шагнал урамшуулал, төлбөр, нөхөн төлбөрийг далбааны эзэн манай улсын зүгээс зохицуулдаг болох юм.

Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны Ассамблейг 2014-2016 онд даргалах болсонтой холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, холбогдох судалгааг бэлтгэн Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгалаа.

Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд шинээр сонгон шалгаруулалт явуулах тусгайлсан журам баталлаа.

“Шүлхий өвчинтэй тэмцэх стратеги”, “Шүлхий өвчинтэй тэмцэх бэлэн байдлын үндэсний төлөвлөгөө”, “Шүлхий өвчинтэй тэмцэх заавар”-ыг хэлэлцээд, эдгээр баримт бичгийг эцэслэн баталж мөрдүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгалаа. Монгол Улсын нутаг дэвсгэрийг 3 бүс болгож, бүс тус бүрт ялгаатай үйл ажиллагааг ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. “Вакцин хэрэглэдэггүй шүлхийгээр тайван бүс”-ийн статусыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас авч, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэхэд чиглэсэн арга хэмжээг эн түрүүнд баруун бүсэд, цаашид төвийн бүсэд хэрэгжүүлнэ. Харин зүүн бүсэд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэх эрсдлийг бууруулж, хяналтад авах замаар дотоод худалдааг дэмжинэ.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн 2014 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа. Тэрбээр айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, УИХ-ын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд Н Алтанхуяг, УИХ-ын дэд дарга М.Энхболд нартай тус тус уулзаж хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон юм.

“Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах 1000 орчим тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр баталлаа.

Тогтвортой хөгжилд нөлөөлөх хэмжээнд хүрч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, стратегитай уялдуулсан арга хэмжээ хэрэгжүүлэх, олон улсын дэмжлэг туслалцааг цаг алдалгүй авах талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн дэмжээд, хариуг Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар тогтлоо.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг баталлаа. Мөн өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нарын санаачлан боловсруулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсролын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд зарчмын хэд хэдэн санал тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

“Нэгэн зууны баатар хөвгүүд” баримтат кино нээлтээ хийв

Ирэх наймдугаар сард тохиох Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг угтсан олон ажил Батлан хамгаалах салбарын төдийгүй улс орны хэмжээнд өрнөж байна. Энэхүү дайны талбарт халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж, гавьяа байгуулсан Монгол Улсын нас чацуу дөрвөн баатрын тухай өгүүлэх “Нэгэн зууны баатар хөвгүүд” баримтат киног Батлан хамгаалах яамны захиалгаар нэрт найруулагч, бэлтгэл хошууч С.Болд, хмад Р.Өнөржаргал нар бүтээснээ өчигдөр үзэгч олон, баатруудын үр хүүхэд, ахан дүүс, нутаг усныханд нь анхлан үзүүлж, нээлтээ хийлээ.

Ард олноо “алаг морьт” хэмээн алдаршсан Л.Дандар, бага даргын сургуулиас Батлан хамгаалах яамны сайд болтлоо дэвшсэн Б.Дорж, Японы булаан эзлэгчдийг бут цохиход гарамгай гавьяа байгуулсан пулемётчин Ц.Олзвой, Халхын голын хөрсөнд мөнх нойрссон Л.Гэлэгбаатар нар Монгол Улсын баатар цолтон төдийгүй бүгдийнх нь мэндэлсний 100 жил энэ онд тохиож байгаа юм. Баримтат киноны нээлтэд Улсын баатар Б.Доржийн ач хүү н.Баатар, Л.Дандарын хүү Д.Дашдэндэв, Ц.Олзвойн охин О.Сувд нарын үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөл болон Халхын голын дайнд байлдаж явсан ахмад дайчид, настан буурлууд хүрэлцэн ирсэн байлаа. Батлан хамгаалах яамнаас баатруудын үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлс гардуулсан бөгөөд баатруудад зориулсан дуу хуурын дээжис энэ үдэш эгшиглэсэн юм.

Мөн эрхэм баатруудын төрөлх орон нутаг, түмэн олонд нь хүрч, тэдний алдрыг мөнхжүүлэх зорилгоор яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн маргааш нийслэл хотоос хөдлөхөд бэлэн болсоныг Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар дуулгалаа. Энэхүү баримтат киног бүтээсэн найруулагч С.Болд өмнө нь Чөлөөлөх дайны тухай “Ялалт тэмцлийн дуун” кино, Халхын голын дайны 60, 70 жилийн цуврал нэвтрүүлгүүд хийж байсан цэрэг-эх орны сэдвээр дагнан бүтээл туурвидаг туршлагатай уран бүтээлч юм.

Энэхүү киног бүтээхэд БХЯ, ЗХЖШ, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музей, Самбуу генералын тэргүүлдэг “Дайнд оролцогчдын Монголын холбоо” болон Улсын баатруудынүр хүүхдүүдийн “Үхэвч үнэн” холбоод хүчин зүтгэжээ. Сонирхуулахад, “Үхэвч үнэн” холбооны тэргүүнээр Улсын баатар Данзанваанчигийн хүү Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа ажилладаг.  Улсын дөрвөн баатрын амьдрал тэмцэл, баатарлаг гавьяаны талаар өгүүлэх энэхүү баримтат кино нь өнөөдрийн бидний аз жаргалант амьдрал ямархан их үнэ цэнээр олдсоныг залуу үеийнхэндээ ойлгуулах, эх оронч ахмад үеийнхнийхээ гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, дайнд оролцогсдын үр хүүхэд, ахан дүүст хүндэтгэл үзүүлэх зэрэг олон зорилгын биелэл болж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Монголын Сайтын Холбооноос мэдэгдэл гаргалаа

Монголын Сайтын Холбооны гишүүн AMJILT.COM сайтыг 2014 оны долоодугаар сарын 4-ний үдшийн 20 цагийн орчим Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос зөрчилтэй сайтуудын жагсаалтад оруулан хаасантай холбогдуулан тус холбооноос мэдэгдэл гаргав. Тэрхүү мэдэгдэлд ““Хаан жимс” амралтын газар нь Туул гол руу бохир усаа асгаж, байгаль орчинг бохирдуулж байгааг Монголын Сайтын Холбооны гишүүн, Монгол улсын тэргүүлэх топ сайтын нэг, Монголын анхны вэбсайтуудын нэг, зургаан жилийн түүхэн замналтай AMJILT.COM сайтын сэтгүүлчид шүүмжлэн, баримт нотолгоотой, гэрэл зураг бүхий сурвалжлага бэлтгэн олон нийтэд хүргэсэн юм.

Харамсалтай нь, тус компани хууль зөрчиж, байгаль орчин бохирдуулж байгаа үйлдлээ засаж залруулан арга хэмжээ авахын оронд ХХЗХ-г ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, дур зоргоороо авирлахыг илүүд үзжээ. Зүй нь дээрх мэдээ мэдээллийн эсрэг гомдолтой байгаа бол гомдлоо ном журмын дагуу гаргаж, шийдүүлэх учиртай. Гэтэл ХХЗХ-г вэбсайтуудын “Дээд шүүх” гэж хараад байгаа бололтой юм” хэмээн дурьджээ.

Мөн “AMJILT.COM сайтад 2014 оны долоодугаар сарын 3-ны өдөр “Хаан жимс амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай фото сурвалжлага нийтлэгдсэний дараа ХХЗХ-оос өөрийгөө Алтай гэж танилцуулсан эмэгтэй сайтын редакц руу утсаар ярьж “Энэ мэдээллийг устга, залруулга гарга. Тэгэхгүй бол сайтыг чинь нэг цагийн дотор хаана” хэмээн сүрдүүлж, улмаар хэлсэн үгээ нотлон тус вэбсайтын Монгол дахь дотоод хандалтыг хаасан байна. Энэ нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль тогтоомж, тухайлбал, Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Монгол улсын компанийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль зэргийг ноцтойгоор зөрчжээ.

Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд “Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах болон тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн, энэ гэмт хэргийг албан тушаалаа ашиглаж үйлдсэн бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай заалт бий. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болоххүний эрх, мэдээлэл олж авах, дамжуулах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд  ноцтойгоор халдаж, түүний хууль бус үйлдлийг хаацайлахын төлөө Харилцаа холбооны зохицуулах хороо сэтгүүлчдийг дарамтлан хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд нь саад хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барьж байгаад Монголын Сайтын Холбооны гишүүд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Цааш нь, “Байгуулагдаад 5 жил болж байгаа, вэбсайтуудын орчин дахь хамгийн ууган ТББ болох Монголын Сайтын Холбоо ТББ нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж шат дараатай арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллах болно” хэмээн мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг батална

Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг батлахдаа манай улсын нийгэм-эдийн засаг, байгаль орчны асуудлын цогц болох ногоон хөгжлийн бодлоготой уялдсан бодлогын баримт бичиг юм. Ойн нөөц баялаг ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах ажлыг БОНХЯ, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогыг ҮХААЯ, ойн холбогдолтой хууль, тогтоомж, стандартыг сахиулах асуудлыг Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ой хээрийн түймэртэй тэмцэх асуудлыг Онцгой байдлын ерөнхий газар тус тус хариуцдаг. Үүний зэрэгцээ аймгуудын Байгаль орчны газруудын дэргэд ойн асуудал эрхэлсэн 5 алба, сумын болон сум дундын ойн анги 36 ажиллаж байна. Эдгээр нэгжийг удирдлага, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байлгах, ойн санг нэмэх, ойн дагалт баялгийн ашиглалтыг сайжруулах, үйлдвэрлэл хөгжүүлэхэд энэ бодлого чиглэнэ.

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөрийн үр дүнгээр эрх зүйн орчин шинэчлэгдэж, үндэсний чадавхи бүрдсэн ч үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн найдвартай эх үүсвэр бий болгож чадаагүйгээс гүйцэтгэлийн үр дүн муу байна. 2000-2010 он хүртэлх 10 жилийн хугацаанд Ойн тухай хөтөлбөрийн хүрээнд 72 чиглэлийн ажлыг 80 хувийн биелэлттэй хэрэгжүүлсэн бол “Ногоон хэрэм” хөтөлбөрийн нэгдүгээр үе шат буюу 2005-2015 онд төлөвлөсөн ажлын гүйцэтгэл 13 хувь, таримал ойн амьдралт туйлын хангалтгүй байна.

Шинэ бодлогыг хэрэгжүүлэхэд 2020 он хүртэл 220 тэрбум, 2030 он хүртэл 880 гаруй  тэрбум төгрөг шаардагдах ба үүнийг улсын төсөв, гадаадын зээл тусламж, донор орнуудын хандив, хувийн хэвшлийн хөрөнгө зээлээс гаргахаар тооцож байна.

Categories
мэдээ нийгэм

Нүүрс экспорлох журмыг шинэчиллээ

Нүүрсний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газраас энэ онд баталсан 88, 89 дүгээр тогтоолын дагуу өнгөрөгч 4 дүгээр сараас эхлэн гадагш худалдаж буй нүүрсний төлбөрийг борлуулалтын гэрээний үнэд суурилан тооцож байгаа юм.

Тогтоол хэрэгжсэн 2 сарын хугацаанд компаниуд зөрчил дутагдал гаргасаар байгаа тул экспортод гаргасан нүүрсэнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг эхний ээлжинд олон улсын зах зээлийн ханшаар тооцож, тайлангаа ирүүлсний дараа гэрээний үнээр бодож залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шинэчилсэн журмыг энэ сараас эхлэн мөрдөх ба Засгийн газрын өмнөх тогтоолууд хүчингүй болж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

7-16 насныхнаар хурдан морь унуулахыг зөвшөөрнө

Хурдан морины салбар хорооноос Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж буй талаар мэдээлэл хийлээ. Энэ жил хурдан морины бүртгэл 9-нд эхлэх аж. Харин хурдан морь унах хүүхдийн тухайд хуулийн дагуу 7-16 насны хүүхдээр унуулах бөгөөд ингэхдээ даатгал, гэрээ, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах ёстой. Бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ болон бусад баримт бичгийг тулгах тул энэ тал дээр асуудал гарахгүй хэмээн Хурдан морины салбар хорооны гишүүн Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа мэдээлэв.

Уралдаанд оролцох морьдын сэрвээний өндрийг хэмжиж үзэх аж. Тодруулбал, сэрвээний өндөр

-Азарга, соёолон 140 см,

-Их нас 141 см,

-Хязаалан 137 см,

-Шүдлэн 132 см,

-Даага 127 см дээш байвал тухайн насанд уралдуулахгүй.

Мөн хурдан морины гарааны уртыг сунгасан тул гараанаас морьд олон давхарлаж гардаг явдал гарахгүй гэнэ. Түүнчлэн наадамчин олныг уйдаахгүй байх үүднээс “Морьтны тоглолт”, “Шүхрийн буулт” үзүүлбэрүүд үзүүлэх аж. Наадамчин олонд зориулан өмнөх жилүүдээс 5000 авто зогсоол илүү байхаар зохион байгуулсан билээ.

Энэ жил хурдан морины уралдаан уламжлалт ёсоор 10-нд хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз морьдын уралдаан болох юм. Мөн долдугаар сарын 13-нд уяачдын наадам, холч болон жороо морьдын уралдаан болно.

Categories
мэдээ нийгэм

Г.Буяндорж нарын хэргийг даваа гаригт шүүнэ

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчээ.

Зургаан шүүгдэгчтэй уг хэргийг энэ сарын 7-ны өдөр 09:00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хянан хэлэлцэх юм байна.

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж урьдчилан хорих төвд хэсэг хугацаанд хоригдож, батлан даалтад гараад нэг сар гаруй болж байгаа. Түүнийг иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1,2 сая ам.доллар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутган шүүж байгаа юм.