Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Бразилийн фанатууд ууртай байна

Бразилийн хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод 1:7-гийн харьцаатай Германы шигшээ багт ялагдсан. Уурлаж бухимдсан бразилчууд Сан Паулу хотод эмх замбараагүй байдал үүсгэж, долоон автобус шатаасан байна. Мөн тэмцээн өндөрлөсний дараа герман иргэний биед хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ. 

Тоглолтын 29 дэх минутад бразилчууд таван гоол алдсаны дараа хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг орхиж, гадна талбайд эсэргүүцлээ илэрхийлжээ. Зарим хөгжөөн дэмжигч дэлгүүрээс хулгай хийж, Германы өмсгөлтэй жуулчдыг дээрэмдэхийг завджээ.

Бразилийн шигшээ багийн тамирчид 1:7 харьцаатай ялагдал хүлээсэндээ хөгжөөн дэмжигчдээсээ албан ёсоор уучлалт гуйсан ч фанатууд нь бухимдсан хэвээр байгаа аж

Д.САР






Categories
мэдээ нийгэм

Нотариатчид зөвшөөрлөө авав

Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.4 дэх заалтыг тус тус үндэслэн Хууль зүйн сайд олгож байна.

Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан, ял шийтгэлгүй, мэргэшлийн шалгалтад тэнцсэн, нотариатын үйлдэл хийх ажлын байртай иргэнд нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно.

“Нотариатчийн мэргэшлийн шалгаруулалтын журам”-ыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 214 дүгээр тушаалаар баталсан.

2012 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 251 хуульч тусгай зөвшөөрөл авсан байна. Тэдгээрийн 191 нь нийслэлийн нотариатын тойрогт ажиллахаар, 82 нь орон нутгийн нотариатын тойрогт ажиллахаар тус тус тусгай зөвшөөрөл авчээ.

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн шагнал гардуулж хэлсэн үг

Мянганаар өртөөлсөн Тулгар төрийн их ой, Их Монгол Улсын 808 жил тохиож, Үндэсний их баяр наадмын урь дэлгэрч, эх орны дөрвөн зүг найман зовхист хурдан морины гийнгоо цангинасан энэ мөчид Монголын төрт ёсны их Хүндэтгэл Есөн хөлт цагаан тугийнхаа өмнө хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан эрхэм иргэддээ төрийн өндөр дээд цол, одон медаль гардууллаа.

Нэгэнт цагт “Чингисийн чулууны бичиг” хэмээх Монгол туургатны гайхам сууг дархалсан дурсгалын бичээст “Есүнхэй мэргэн 335 алд” буюу одоогийнхоор бол 500 хол метрт харван онож, дэлхийд дайчин алдраа мандуулсан Монгол эрсийн домгийг бүтээж байсан түүхтэй. Чухамдаа монгол хүн бүр морьтон адил монгол хүн бүр харваач байсан.

Өнөөдөр тэр түүхийн үргэлжлэл болж, Дорнод Монголын алдарт харваач, эх орныхоо төлөө амь бие үл хайрлан дайтаж явсан ахмад дайчин Аюушийн Цэвээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Монголчууд гойд чадварлаг харваач байснаараа дэлхийн цаг тооны бичгийн үлэмж хувийг үндэстнээрээ овоглож чадсан. Харваа бол улс үндэстний тэсэн үлдэх хийгээд мандан бадархуйн түшиг тулгуур байсан, эдүгээ Монгол түмний наадмын үндсэн төрөл юм.

Аюушийн Цэвээн гуай улсад дөрвөнтээ түрүүлж, найм үзүүрлэн, Монгол соёлынхоо бахархалт өв болсон нум сумыг олон жил урлаж, алдар цуутай олон шавь төрүүлсэн нь түүний Монгол Улсын төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсний үр өгөөж юм. Танд чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Мөн улсынхаа нэр алдрыг дэлхийн дэвжээнд дуурсгасаар байгаа дэлхийн энтэй шүүгч, спортын зүтгэлтэн Адуучийн Басхүү, Санхүү, эдийн засгийн салбарт хоёр түмэн шавь төрүүлсэн ахмад багш Жамъяны Нямсүрэн, сонгодог урлагийн тайзнаа тод мөрөө дархалсан манай нэртэй уран бүтээлч Адилбишийн Дашпэлжээ нар ардын цолтон боллоо.

Энэ мөчид Монгол Улсын гавъяат цолтнууд ч хүрээгээ тэллээ. Хүн төрөлхтний спорт гэгдэх Хөлбөмбөгийн ДАШТ ид өрнөж буй энэ мөчид Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд олон жил хөдөлмөр зүтгэлээ зорилуж ирсэн Лувсандоржийн Сандагдорж Гавъяат дасгалжуулагч боллоо.

Энд нэгэн хүний гавъяаг онцгойлон дурьдах хэрэгтэй. Манай ахмад үеийн шалгарсан нисгэгчдийн нэг Далайн Баатар Монгол Улсын гавъяат нисгэгч боллоо. Тэрээр агаарт 17 мянган цаг нисч, 6 сая км туулан 111 мянган зорчигч тээвэрлэн мөнгөн цагаан хөлгөөр 4000 гаруй цаг хөөрсөн нэртэй нисгэгч юм.

Түүнийг 1975 онд Улаанбаатар –Дундговийн чиглэлд нисч байсан АН-24 онгоцны нисгэгчээр нислэг үйлдэж явахад нь тас шувуу онгоцны урд шилийг мөргөж онц аюултай нөхцөл үүссэн үед авхаалж гарган онгоцоо аюулгүй газардуулж 50 шахам зорчигчийн амь насыг аварч байсан түүхтэй. Хожим мөн 1983 онд 42 зорчигч тээвэрлэж явсан онгоцных нь баруун хөдөлгүүр агаарт унтарч гарцаагүй ослын аюул нүүрлэхэд мөн л мэргэжлийн самбаа, чин зориг, өндөр чадвар гарган онгоцоо амжилтай газардуулж байжээ. Энэ бол яахын аргагүй гавъяат, эрэлхэг үйлс юм.

Мөн өнөөдөр энэ танхимд мянга мянган шавь төрүүлсэн багш нар, буянт малынхаа тоо толгойг өсгөж, монгол ухаанаа өвлүүлэн яваа малчин ардын маань төлөөлөл гээд механикжуулагч, төмөр замчин, хөгжим судлаач, дуучин, зураглаач, алтан гартай эмч, геологич нарын мэргэжил мэргэжлийн эзэд гавъяатын алдраа хүртлээ.

“Дуудах нэрийг эцэг эх заяаж, дуурсах алдрыг өөрөө олдог” ардын сайхан сургааль бий. Алдар цуугийн торгон хүндэтгэлийг ард олны дэмжлэг, олон жилийн зүтгэл, хөлс хүч, хөдөлмөр туурвил түшиж явдаг аа. Үүний зэрэгцээ хариуцлага, улам илүүг бүтээх итгэл ч дагалдаж байдаг.

Энэ танхимд шагнал хүртсэн болон орон даяар хөдөлмөрөө үнэлүүлсэн нийт иргэддээ, Та бүхний гэр бүл, хамт олон, үйл хэргийг тань түшиж ирсэн тэр эрхэм хүмүүст гүн талархал дэвшүүлье.

Та бүхэн сайхан наадаарай.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Месси мөрөөдөлдөө хүрэхэд нэг алхам үлдлээ

Өнгөрөгч
шөнө Бразил улсад зохиогдож байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөө тоглох
хоёр дахь баг тодорлоо. Нидерланд-Аргентиний шигшээ багууд үндсэн ба нэмэлт
цагуудад  бие биенийхээ хаалганд гоол
оруулж чадахгүй байсаар хугацааг дуусгасан. Ингээд хүвь заяагаа торгуулийн
цохилт гээч азын сугалаанд даатгахаар болж энэ сугалаанд аргентинчүүд илүү
азтай байлаа. Нидерландын дасгалжуулагч ван Гаал энэ удаа урьдах тоглолтод
хаалгачаа сольж байсан шигээ тактикыг ашигласангүй. Үүнийгээ тайлбарлахдаа
“Мартинс шар хуудастай дээр нь Пересийг гүйцэхгүй байсан. Де Йонгын гэмтэл
сэдрэх аюул бодиттой болсон, ван Перси хэтэрхий сульдсан гээд иймэрхүү
шалтгаануудын улмаас гурван сэлгээгээ хийхээс өөр арга үлдээгүй ээ”гэжээ. Мөн тэрээр
хаалгач нарын талаар “ хэрвээ надад сэлгээ хийх болж байсан бол би Крулыг
талбайд гаргах л байсан . Гэвч боломжит сэлгээгээ нэгэнт хийчихсэн байсан тул
яалтай ч билээ. Ингэхэд Аргентиний хаалгач Ромерог торгуулийн цохилтыг хэрхэн
хаах аргыг би анх түүнд зааж байлаа шүү дээ” гэж хэлсэн байна. Нэмээд
тодотгоход Нидерландын үндсэн хаалгач Силессен мэргэжлийн тоглогч болсноосоо
хойш нэг ч удаа 11 метрийн цохилтыг хааж байгаагүй азгүй нэгэн юм байна лээ.

 Аргентинчүүдын хувьд аз жаргалдаа умбасан үдэш
байлаа. Тэд 1990 оноос хойш финалд шалгарч үзсэнгүй, бүр ойрхон дөхөж ч бараг
үзсэнгүй. Гэтэл одоо шигшээд шалгараад зогсож байна. Месси “ ямар гайхамшигтай
өдөр вэ. Аргентиний бүх ард түмнийг тэвэрье. Одоо мөрөөдөлдөө хүрэхэд нэгэн
жижигхээн алхам хийх л үлдлээ.” хэмээн сэтгүүлчид хариулсан нь энэ багийн
бүгдийнх нь сэтгэлийн сэвэлгээ байсан биз ээ.

 Нидерланд – Аргентин 0:0, торгуулийн
цохилт – 2:4

 7 сарын 10.
04.00 цаг, «Арена Коринтианс» цэнгэлдэх хүрээлэн

Нидерланд –
Силессен, де Врей, Влар, Мартинс Инди (Янмат, 46), Кюйт, Н. де Йонг (Класи,
62), Вейналдум, Блинд, Снейдер, ван Перси (Хунтелар, 96), Роббен.





Аргентин –
Ромеро, Сабалета, Гарай, Демичелис, Рохо, Энцо Перес (Паласио, 81), Маскерано,
Биглия, Месси, Лавесси (М. Родригес, 101), Игуаин (Агуэро, 82).

Торгуулийн
цохилт гүйцэтгэсэн дараалал-1:0, 1:1,
2:1, 2:2, 2:3, 2:4

 

Д.Бат

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг, Буянт гол Ховд хот, Орхон голын дунд хэсэг, Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул гол Улаанбаатар хот, Туул гол Алтанбулаг сум, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг, Хэнтэй нурууны арын Онон гол Дадал сум, Хурх гол Өмнөдэлгэр сум, Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Хангайн нурууны өврийнБайдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд үерийн түвшинг даван тус тус үерлэж байна. Баяр наадмын өдрүүдэд түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа тул гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна. 

Categories
мэдээ нийгэм

Хувьсгалчдын гудамжны замын хөдөлгөөнийг нээлээ

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг “Экспресс зам” ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм. 7 метрийн өргөнтэй байсан тус замыг өргөтгөснөөр зорчих хэсэг 14 метр, явган хүний зам хоёр талдаа тус бүр 2.25 метр, хөвөө 0.5 метр, мөн далангийн өргөнийг оруулан нийт 21 метрийн өргөнтэй болно. 5 дугаар сарын 09-нөөс эхлэн хөдөлгөөн хязгаарласан зүүн хэсгийн 2.2 км замыг баяр наадмын өмнө хучилт хийж нээлээ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ

Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэнэ.

  Төв цэнгэлдэх хүрээлэнд үйл ажиллагаа эрхэлж байгаа гэр, майхан бусад газруудад галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын байцаагчид, Хүй долоон худагт нийслэлийн аврах ангийн  шуурхай бүлэг, Аврах гал унтраах ангиуд бэлэн байдалд тус тус үүрэг гүйцэтгэнэ.

Мөн иргэд зуслангийн чиглэлд баяр амралтын өдрүүдийг өнгөрүүлдэг тул галын аюулгүй байдлыг хангахаар Сүхбаатар, Чингэлтэйн зусланд  Аврах гал унтраах 18 дугаар ангийг түр сэлгэн байршуулаад байна.  

Нийслэлийн Онцгой байдлын газарт сүүлийн үед иргэд автомашинтайгаар гарц гарамгүй газраар  голыг гатлахыг оролдож машин нь усанд суусан дуудлага ихээр ирж байна. Баярын өдрүүдэд Туул голд завьт эргүүл үүргээ гүйцэтгэх бөгөөд голын усны түвшин үерийн аюултай түвшинд хүрээд байна.

Иймд Ус цаг уур орчны хүрээлэнгээс энэ сарын 9-12-ны өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороотой гэсэн  мэдээллийг ирүүлж байгаа тул иргэд, олони нийтийг цаг агаарын тухай мэдээллийг тухай бүр хүлээн авч, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлаа сайтар хангаж,  бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгаж, голын усны түвшин үерийн аюултай түвшинд хүрсэн тул голын эрэгт зорчихгүй байх, автомашинаар гол гатлахгүй байх, орон нутагт баталгаат зам гүүрээр зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна. 

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын “Төрийн далбааны өдөр”-т зориулсан ёслолын жагсаалд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

 Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ!

Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоороо омогшсон элэг нэгт Монгол ахан дүүсээ!

Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Эрхэм генерал, офицер, ахлагч, сонсогч, түрүүч, байлдагч нар аа!

Эрхэм хүндэт  зочид төлөөлөгчид өө!

Төрт ёсны эрхэм нандин баялаг уламжлалтай Монголын ард түмэн эх оронч, эрэлхэг баатарлаг өвөг дээдсийнхээ хөлс, цус нэвчсэн ариун дагшин газар шороон дээр  туурга тусгаар төр улсынхаа ариун голомтыг бадрааж мөнх тэнгэрийн хүчин дор Монголын төрт ёсны гурав дахь мянганы  түүхийг бүтээж байна.

Монголчууд бид эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн ялалт, амжилт бүхнээ, төрөлх эх орныхоо мандал бадралыг  мөнх хөх тэнгэрийн хүчин, төрийн сүлдний өршөөл буян, Монгол хүн болж төрсний хувь заяа хэмээн эрхэмлэн дээдлэж ирсэн ард түмэн.

Манай улсын төрийн алтан соёмбот сүлд, эрдэнийн далбаа тэргүүтэн нь Монголын төрт ёсны нандин уламжлал, гүн утга санааг агуулан өнгөрсөн, өнөө, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ холбоонд мөнхөд мандан бадарч байхыг бэлгэддэг юм.

Ертөнцийн умард, өмнөд туйл, дэлхийн дээвэр Хималай, сансрын уудам, НҮБ-ын  ордон, олимп, тив дэлхийн аваргын дэвжээнээ Монголын Төрийн алтан соёмбот эрдэнийн далбаа монгол хүний эрэлхэг зориг, тэсвэр хатуужил, авьяас билгийн бэлгэдэл болон мандаж байдаг нь  ард түмэн, төр, улсын маань  жинхэнэ бахархал билээ.

Монголын ард түмний Төрийн их баяр наадмын босгон дээр эрдэнийн соёмбот далбаагаа Алтай, Хангай, Говь, Тал нутгийнхаа халуун хээлэнд  мандуулж, эх орноо батлан хамгаалах цэргээ жагсаан сүлд хийморио бадруулдаг нь Монголын төрт ёсны сайхан  уламжлал болон тогтлоо. Энэ эрхэм ёслолыг Монгол төр зарлигаар тогтоож, хуулиар бататгасныг онцлон хэлэхэд таатай байна.

Монголчууд та бид “Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа” хэмээн туурга тусгаар төр улсынхаа ариун гал голомтыг сахин хамгаалагч цэргээ хүндлэн дээдэлдэг. Монгол цэрэг өнөөдөр эх орон, ард түмэн, төрийнхөө итгэл хүндэтгэлийг дааж, зөвхөн эх орноо хамгаалагч төдийгүй улс түмний энхийг сахиулагч цэрэг, дэлхийн цэрэг болон яруу алдраа дуурсгаж байна.

Улс орны хөгжил дэвшлийн онцгой хариуцлагатай энэ цаг үед бидний монголчууд хэзээ хэзээнээс илүү эе эвтэй байж, хойч үеийнхээ сайн сайхны төлөө оюун билгээ шавхан дайчилж, чин шударгаар хичээн зүтгэх учиртайг Төрийн алтан сүлд, эрдэнийн далбаа  маань  ухааруулан сануулж байна.

Өвөг дээдсээс үе дамжуулан өвлүүлсэн Төрийн алтан сүлд , тусгаар тогтнол, гал голомт, ариун дагшин газар шороо, эрдэнэт мал сүрэг, үндэсний их түүх соёл, хэл бичиг, үе үеийн эрдэмт иргэд, цэрэг эрсээ төрүүлэн бойжуулж, тэтгэн дэмжиж ирсэн манай ухаант ард түмний  өлмий бат оршиг.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, ард түмнийхээ эв нэгдлийн илэрхийлэл, тусгаар тогтнолынхоо баталгаа нь байж, эх орон ард түмнийхээ мөнхийн язгуур эрх ашгийг хамгаалагч байх ариун үүргээ урьдын адил нэр төртэй биелүүлэх болно.

Монгол Төрийн сүр хүч мөнхөд оршин, Монгол Төрийн алтан соёмбот далбаа эгнэгт мандан намирах болтугай.  

Монголын ард түмэн, монгол цэргийн цог хийморь улам бадартугай.

Та бүхэндээ Монгол Улсын “Төрийн далбааны өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

ХУРАЙ,  ДАЙЧИД АА!

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ийм үйл явдлууд болно


Хүй долоон худагт

[08.00-11.00] Хязаалан насны морьдын уралдаан

________________________________________

Шагайн асарт

[08.00] Шагайн харвааны хэсгийн харваа

________________________________________

Сурын талбайд

[10.30] Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг

________________________________________

Их эзэн Чингис хааны талбайд

[10.00-11.00] Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол

________________________________________

Их эзэн Чингис хааны талбайд

[12.00-12.30] Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол

________________________________________

Хүй долоон худагт

[14.00-16.20] Шүдлэн насны морьдын уралдаан

________________________________________

Соёлын төв өргөөнд

[15.00-18.00] Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт

________________________________________

Нийслэлийн соёлын төв өргөө

[15.00,18.00] Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн  концерт

________________________________________

Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

[10.00-18.00] “Монголын сайхан орноор” дүрслэх урлагийн уран бүтээлийн үзэсгэлэн  

07/10-07/19-ны өдрүүдэд

________________________________________

Богд хааны ордон музей

[09.00-18.00] “Дашингийн цуваа” сэдэвт үзэсгэлэн

07/10-07/13-ны өдрүүдэд

________________________________________

Монголын уран зургийн галерей

[9.00-18.00 ] “Гранд арт” Монгол – Солонгосын залуу уран бүтээлчдийн уралдаант үзэсгэлэн

Монгол Солонгосын зураачдийн хамтарсан үзэсгэлэн

07/10-07/13-ны өдрүүдэд

________________________________________

Монголын театрын музей

[10.00-17.00] “Хаадын хаан” лааны барималын үзэсгэлэн

07/10-07/13-ны өдрүүдэд

________________________________________

Сурын талбайд

[14.30-18.30] Үндэсний сурын хана харвааны дунд өрөг

________________________________________

Хүй долоон худгийн бага цагаан хөтөлд

[16.00,19.00] Холч морьдын уралдаан

________________________________________

Төрийн ордон

[20.00] Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол

Categories
мэдээ нийгэм

Баруун дөрвөн замд ”Хайрын төгөл” байгуулжээ

Улсын их баяр наадмыг угтан хотын гудамжинд шинэ өнгө төрхийг нэмэх тохижилтын ажлууд хийгдсээр байна. Өнгөрсөн удаад гэрэлтүүлгийн шонгуудыг гэгээлэг өнгөөр, траншейны тагнуудыг инээмсэглэж буй хүний дүрс/smile/-ээр чимсэн нь олны талархлыг хүлээсэн юм. Тэгвэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас залуу хосууддаа зориулан “Хайрын төгөл” байгуулсан байна.

Баруун дөрвөн замд байрлах энэхүү “Хайрын төгөл”-ийн үүдэнд  хайрын бурхан Амур сахиусан тэнгэр байрлах бөгөөд сахиусан тэнгэр залуу хосыг хөтлөн оруулах билэгдэлтэй аж. Харин зүрх болон гацуур хэлбэртэй модонд хосууд үүрдийн хайр дурлалаа бататган цоож зүүх боломжтой.