Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчид донор болно

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын гишүүд өнөөдөр сайн дураараа цусаа өгч, доноруудын эгнээнд нэгдэхээр болжээ. Тэд Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Ц.Батбаярт 2,1 жилийн хорих ял оноолоо

Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжиглэгдэж буй Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүний шүүх хурал өчигдөр өдөржин үргэлжилж, тэдэнд ял оноолоо.

Нийслэлийнг Засаг дарга асан Ц.Батбаярт 2,1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, НИТХ-ын дарга Т.Билэгтийг гэм буруутай гэж үзэж, ял оноосон боловч өршөөлийн хуулинд хамрагдан хорих ялаар шийтгээгүй байна.

Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарыг цагаатгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Хоригдож байгаа Ц.Мөнхбаяр нарт нөхөд нь санаа зовж байна

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг Хархорины хорих ангиас бие нь муу байгаа шалтгаанаар Зайсан руу шилжүүлэхээр болов. Эмчийн тусламж авахаас татгалзсаар байгаа ба Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эмнэлэгийн үйлчилгээ үзүүлнэ хэмээн мэдэгджээ. Мөн л хоригдож буй   “Гал үндэстэн” холбооны гишүүн С.Дашцэрэнд  саяхан ямар нэртэй нь мэдэгдэхгүй тариа тарьж бие нь тааруу байгаа аж. Хархорин, Амгалан, Ганц худаг, Дархан зэрэг газруудад хоригдож байгаа тус холбоодын гишүүдтэй ар гэрийнхнийг  нь тав хоногийн турш уулзуулаагүй гэнэ. “Хэрэв манай гишүүдэд ямар нэгэн зүйл тохиолдвол төр хариуцлага хүлээх хэрэгтэй” хэмээн “Гал үндэстэн”  холбооны гишүүд “Зууны мэдээ”-д хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдэв.

С.Энэрэл

Categories
мэдээ нийгэм

Маргааш гандангийн дэнжийг албан ёсоор нээнэ

БГД-ийн 16 дугаар хороо, Гандангийн дэнжийн гэр хороололд “Гудамж” төсөл хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн хүрээнд нийт 31 гудамжийн дэд бүтцийг цогц байдлаар шийдэж байгаа юм. Гэр хорооллыг хөгжүүлэх томоохон ажлын эхлэл болсон энэхүү гудамжийг маргааш 12.00 цагт албан ёсоор нээх юм. Цаашид үлдсэн 30 гудамжийг яг энэ загвараар тохижуулах бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, инженерийн бусад дэд бүтэцтэй болгох аж. Эдгээр ажлын зураг төслийг “Нью Урбанизм” ХХК боловсруулж байгаа бол эхний гудамжны зам барилгын ажлыг “Их зам Бүтээн байгуулалт” ХХК гүйцэтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Тайлангаа өгөхгүй бол эрхийг нь цуцална

Нийслэлд хувийн хэвшлийн 986 эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн эрүүл мэндийн газарт бүртгэлтэй эдгээр эмнэлгээс 2014 оны эхний зургаан сарын байдлаар 223 эмнэлэг буюу 22.9 хувь нь статистикийн сарын мэдээ, тайлангаа огт өгөөгүй байна. Эдгээрээс 110 эмнэлэг нь 2013 онд мөн тайлангаа ирүүлээгүй аж.

Эрүүл мэндийн байгууллагууд нь Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 9-р зүйлийн 6-р заалтын дагуу “Статистикийн мэдээлэл, судалгааг батлагдсан буюу зөвшөөрөгдсөн үзүүлэлт, аргачлалын дагуу тогтоосон хугацаанд vнэн зөв гаргаж өгөх”, Эрүүл мэндийн тухай хуулийн 20-р зүйлийн 2.6-р заалтын дагуу “Үйл ажиллагааныхаа тайлан, мэдээг хугацаанд нь гаргаж өгөх, бусад байгууллага, иргэнийг эрүүл мэндийн асуудлаар өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах” үүргийг тус тус хүлээдэг байна.

Иймд холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангаагүй, 2013 он, 2014 оны эхний хагас жилийн мэдээ, тайланг тус тус ирүүлээгүй нэр бүхий 110 эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Эрүүл мэндийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комисст хүргүүлжээ.

2014 оны эхний хагас жилийн тайлан мэдээг ирүүлээгүй нэр бүхий 123 эмнэлгийн удирдлагуудад үйл ажиллагааныхаа мэдээ, тайланг тогтоосон хугацаанд үнэн бодитой гарган ирүүлж байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Их аварга Д.Дагвадоржийг бөхийн дүрэм зөрчсөн гэжээ

Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 80 жилийн ой тохиосон. Энэ үеэр Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж амлаж байсныхаа дагуу нутгийнхаа бөхийн барилдаанд зодоглож, аавынхаа хүсэлтээр нутгийнхаа зон олныг баясгасан аж. Тэрээр барилдахдаа аавынхаа зааны малгайг өмсөөд гарчээ. Улсын манлай зааны олон шөвгөрсөн малгайтай залуу бөх Д.Дагвадоржийн наадамчдыг баясгасан барилдааныг харсан олон түмэн “Аавынхаа малгайг өмсөх нь зөв. Хүн аавынхаа эдэлж хэрэглэж байсан зүйлийг өмсөж эдлэх учиртай” гэж ярилцсан байна. Гэвч цөөнгүй хүн “Монгол бөх ёс жудгаа алдлаа. Улсын зааны малгайг өмсөж болохгүй. Танихгүй хүмүүс улсын заан гэж андуурна” гэх мэтээр цэц булаалдсан сурагтай.

Тэр ч бүү хэл “Монгол бөхийн дүрэм журмыг зөрчлөө. Улсын зааны малгайг хийх стандарт байдаг. Тийм дүрэм журмаар хийсэн малгайг ингээд өмсөөд олны өмнө барилдаад байж болохгүй” гэж нилээд маргалджээ. Эх сурвалжийн мэдээлснээр МҮБХ энэ үйлдэлд тун таагүй хандаж байгаа аж. Тус холбооны цэцдийн зөвлөлийн зарим хүмүүсийн яриагаар “Б.Бат-Эрдэнийн малгайг охин нь өмсөөд явж болохгүй. Х.Баянмөнхийн малгайг Б.Гантогтох өмсөөд гараад ирвэл олон нийт дургүйцнэ. Тийм л зүйл боллоо. Энэ асуудалд хариуцлага ярих болно” гэжээ. Сонирхуулахад, Дагваа аварга нутгийнхаа 80 жилд зориулан сумын хаалгыг барьж байгуулж, бөхийн барилдааны бүх байг даажээ. Мөн сумынхаа хүн эмнэлэгт түргэний машин, төрөхийн тоног төхөөрөмж зэрэг олон бэлэг гардуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Шувуудын жиргээн буюу байгалийн нууцлаг үзэгдлийн учрыг тайлжээ

Шувууд хэдэн мянгаараа цуглан жиргэх байгалийн өвөрмөц үзэгдэл олон жилийн турш судлаачдын анхаарлыг татсаар иржээ. Шувуу судлаачид уг үзэгдлийн учрыг тайлсан гэнэ. Эрдэмтэд график дизайн ашиглан энэ үзэгдэл хэрхэн өөрчлөгдөн хувьсаж болохыг тооцоолон гаргасан бөгөөд виртуал болон байгаль дахь шувууд хөдөлгөөн хоёрын хооронд нарийн холбоо хамаарал байгааг тогтоожээ. Мөн тус график судалгааны аргаар дамжуулан шувуудын талаарх мэдээлэл, сүрэг доторхи шувуудын зохион байгуулалт зэрэг нарийн мэдээллийг олж авах анхдагч нөхцөл бүрдэж байна гэдгийг Варвикийн их сургуулийн судлаачид онцолсон байна.

Мөн шувуудын үүсгэсэн гэрэл, сүүдрийн тусгал нь дараагийн удаад үүсгэх хэлбэржүүлэлтийн дохиог сүргийн дотор манлайлж буй шувуунд өгдөг аж. Өөрөөр хэлбэл сүрэгт багтсан шувуу нэг бүр тус тусын үүргийг гүйцэтгэж байж дүрс нэгэн цул болох гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Ахуй үйлчилгээний уулзварыг хаана

Нийслэлийн хэмжээнд авто замыг өргөтгөн шинэчлэх, мөн “Гудамж” төслийн хүрээнд уулзваруудыг өргөтгөх зэрэг ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор маргааш Баянгол дүүргийн Ахуй үйлчилгээний ордны уулзварыг түр хугацаагаар хаахаар болжээ. Ингэхдээ тухайн өдрийн 05.00-07.00 цагт хүртэл  түр хаах аж. Энэ хугацаанд гүйцэтгэгч компани суурь хучилтын ажлыг хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Харилцаа холбооны зохицуулах хороо мэдэгдэл гаргажээ


Мэдэгдэл

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд Монгол Улсын болон Олон Улсын эрхзүйн баримт бичгийн дагуу хяналт, зохицуулалт хийх эрх бүхий бие даасан, 19 жилийн түүхтэй байгууллага юм. Гэвч сүүлийн үед вэб сайт, мэдээлэх хэрэгсэлээр www.amjilt.com вэб сайтын Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласантай холбоотойгоор тус хорооны удирдлага, хамт олон, үйл ажиллагааны талаар олон нийтэд сөрөг мэдээлэл ихээр цацагдсан.

Энэхүү мэдээлэлд тус байгууллагын хуулиар олгогдсон бие даасан байдлыг болон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг үгүйсгэж, хэн нэгэн эрх бүхий  байгууллага, албан тушаалтанд үйлчилдэг мэтээр олон нийтэд сөрөг мэдээлэл түгээсэнд тус хорооны зүгээс харамсаж байна. Иймд тус хорооны зүгээс өөрийн байр суурийг илэрхийлж байна. Үүнд:

1. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 12.3-д заасны дагуу тус хороо нь веб сайтын үйл ажиллагааг бүртгэж, хуулинд заасан эрх хэмжээний хүрээнд холбогдох зохицуулалтыг хийдэг. Уг хуулийн хүрээнд 2011 онд “Тоон контентийн үйлчилгээний ерөнхий нөхцөл шаардлага”, 2013 онд “Монголын сайтын холбоо” болон “Мэдээллийн сайтуудын ассоциаци”-тай хамтран тус хорооноос “Сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-ыг батлан гаргасан. Энэхүү үндсэн зохицуулалт нь вэб сайтууд контентоо бэлтгэх, түгээхдээ Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллах, цахим орчинд зөв, соёлтой хэрэглээг нийтэд дэлгэрүүлэх, хэвшүүлэхэд чиглэсэн.

Тус хороо нь Оюуны Өмчийн Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”, “Садар самуунтай тэмцэх тухай хууль”, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Зар сурталчилгааны тухай хууль”, Эрүүгийн хууль”, “Өрсөлдөөний тухай хууль”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, тус хорооноос баталсан дээр дурдсан журам, нөхцөл, шаардлагыг зөрчсөн нь холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлтээр 2012,  2013 онуудад зөрчил гаргасан веб сайтуудын Монгол улсаас хандах хандалтыг хязгаарлах хүртэл арга хэмжээг авч байсан.

Гэсэн хэдий ч зарим нэгэн вэб сайт, мэдээлэх хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, нөхцөл шаардлагыг биелүүлэхгүй олон нийтэд мэдээлэл түгээхдээ бодитой бус, нотлох баримтгүй, сэтгүүлчийн ёс зүйгүй, аливаа асуудалд нэг талыг баримталж, хэт туйлшрах, улс төржүүлэх хандлага гаргах зэрэг хууль, журамд үл нийцэх үйлдлүүдийг хийж байгаа нь нууц биш юм.

Холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зохицуулах хороо нь дээр дурьдсан хуулиуд болон тус хорооноос батлан гаргасан нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллах тухай анхааруулгыг 2013 онд хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахгүй байсан нэр бүхий веб сайтууд болон www.amjilt.com веб сайтад удаа дараа хүргүүлж байсан болно.

amjilt.com сайт нь 2012 онд Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийг зөрчсөн тул Монгол улсаас хандах хандалтаа хязгаарлуулж байсан.

2. Түүнчлэн тус хороо нь Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон холбогдох эрх зүйн баримт бичгийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллага, иргэд, үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн зүгээс ирсэн аливаа өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажилладаг. Энэхүү ажлын хүрээнд  зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны талаар amjilt.com сайтад гүтгэлгийн чанартай ташаа мэдээлэл нийтэлж байгаа талаарх гомдлыг холбогдох байгууллагын дүгнэлтийн хамт тус хороонд ирүүлсэн. Иймд Зохицуулах хороо нь amjilt.com сайтын удирдлагуудтай холбогдон энэхүү мэдээллийн үнэн бодитой эсэхийг нягтлан үзэх, хэрэв баталгаатай эх сурвалжгүй мэдээлэл бол уг мэдээллийг залруулах талаар шаардлага тавьсан боловч уг тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Иймд тус хорооны зүгээс гомдлыг хоёр тал эцэслэн шийдвэрлэж, холбогдох хууль хяналтын байгууллагаар нотлогдох хүртэл энэхүү сайтын Монгол улсаас хандах хандалтыг түр хязгаарласан болно. Гэвч өдий хүртэл amjilt.com веб сайтаас өөрийн гаргасан мэдээллийн талаарх тайлбар мэдээллийг тус хороонд ирүүлээгүй байгаа болно. Сүүлийн үед олон нийтийн зүгээс вэб сайт, мэдээлэх хэрэгсэлийн нийгэмд түгээж буй мэдээллийн агуулга нь хэн нэгнийг гүтгэн доромжилсон, улс төржсөн, сөрөг мэдээлэл ихтэй, ерөнхийдөө нийгэмд сөрөг хандлага төрүүлэхүйц агуулгатай байна гэсэн гомдол байнга гарч байгаа ба цаашид ч энэ төрлийн гомдол нэмэгдэх хандлагатай байна.

3. Хүн бүр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө эдлэх эрхтэй байдаг хэдий ч энэ эрх чөлөөг эдлэхдээ бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, ёс суртахуунд халдахгүй байх үүрэг, хариуцлагыг давхар хүлээдэг ба энэ нь ардчилсан нийгмийн үндсэн зарчим юм. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг чухал үүрэг хариуцлага нь олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, үнэн бодит мэдээллээр хангах байдаг.

Тус хорооны хувьд цахим орчин дахь мэдээллийн хэрэгслийг зохицуулахдаа дээрх зарчмыг баримталж, Монгол Улсын холбогдох хуулиудын дагуу нийтийн ашиг сонирхлын төлөө ажилладаг. Зарим улс орнуудын хувьд хэвлэл мэдээллийн зохицуулалтыг өөрийн зохицуулалтаар буюу хэвлэл мэдээллийн байгууллага эсхүл дундын холбооны баталсан дүрэм журмаар шийдвэрлэх зарчимд тулгуурладаг ч энэхүү зохицуулалтын болон өөрийн зохицуулалтын үндсэн зарчим нь нийгмийн хариуцлага, нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай байдаг. Иймээс төр нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс ямар ч зохицуулалтын зарчим мөрдөгдөж байсан ч тодорхой хүрээнд хяналт тавьж ажиллах үүрэгтэй байдаг.

Энэхүү өөрийн зохицуулалт нь өндөр хөгжилтэй, хууль эрхзүйн болон хэвлэл мэдээллийн орчин нь тогтвортой улс орнуудад амжилттай хэрэгждэг. Харин буурай болон хөгжиж буй улсуудын хувьд, хууль эрх зүйн орчин нь харьцангуй төлөвшөөгүй нөхцөлд өөрийн зохицуулалтад даатгаж орхих нь дэндүү хариуцлагагүй үйлдэл болох бөгөөд энэ нь эргээд нийгэмд ялангуяа хүүхэд, өсвөр залуу үеийнхэнд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс цахим орчны мэдээллийн хэрэгслийн зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг мөрдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Categories
мэдээ нийгэм

Метилийн спиртэд хордсон залуу эмчлүүлж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Баян-Эрч” ХХК-ий нүүрсний уурхайн хамгаалалтын албаны ажилтан 22, 32, 62 настай гурван хүн архины хордлогоор нас барсан хэрэг гарсан. Тэдэнтэй хамт байсан 18 настай нэг иргэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэж байгаа аж. Нас барсан иргэдийн уусан зүйл нь хүнсний зориулалтын бус, метилийн спирт болох нь тогтоогджээ. Энэ хэрэгтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллага хууль хяналтынхантай хамтарч хяналт шалгалтаа үргэлжлүүлж буй юм байна.