Categories
мэдээ нийгэм

Харшлыг дур мэдэн эмчилж болохгүй гэж эмч нар зөвлөв

Ургамлын харшилтай хүмүүс нэмэгдсэн гэх мэдээллийг эмч нар хэлж буй. Модлог ургамлын харшилтай хүмүүс дөрөвдүгээр сарын дунд үеэс зургадугаар сарын эх хүртэл, үет ургамлын харшил зургадугаар сарын нэгнээс долоодугаар сарын дунд үе хүртэл хөдөлдөг байна. Харин шарилж, лууль гэх мэт хог ургамлын харшил долоодугаар сарын дунд үеэс эхэлдэг аж. Ямар ургамлаас харшаад байгаагаа тодорхойлохын тулд хамгийн түрүүнд сорилын шинжилгээнд хамрагдах хэрэгтэйг эмч зөвлөж байна. Энэ шинжилгээг хйихдээ арьсан дор хатгаж сорил тавьж үздэг аж. Гэхдээ тодорхой заалттай, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, хүүхдэд тэр бүр сорил тавьдаггүй байна.  Сорилын шинжилгээний дараа эмчийн заавраар эмчилгээгээ хийлгэх учиртай гэнэ. Эмийн сангаас дураараа эм, дусаалга авч хэрэглэх нь эмийн гаж нөлөөнөөс эхлээд сөрөг үр дагавартай аж. Хүүхдүүдээ харшлаас хамгаалахын тулд  харшил төрүүлдэг хоол хүнс болох гаазтай ундаа, шар өнгийн ундаа, жимс,  халуун ногоо, амтлагчтай хоолыг хэрэглүүлэхгүй  байх ёстой гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

Тавь, жаран онд барьсан орон сууцнуудад шалгалт хийнэ

Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э.Бат-Үүлийн А/632 дугаар захирамжаар 1950, 1960 онд барьсан орон
сууцны барилга байгууламжийн чанар аюулгүй байдлыг шалгах, эрсдлийг тооцох
 үзлэг шалгалтыг 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын
20-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар боллоо.  Шалгалтыг Улаанбаатар
хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн
Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар Цахилгаан
түгээх сүлжээ ХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын холбогдох албан
тушаалтан нар тус тусын үүрэг чиглэлийн хүрээнд хамтран явуулах юм байна.

Тухайлбал,
нийслэлийн Онцгой байдлын газар орон сууцны барилга байгууламжийн 1 дүгээр
давхар болон барилгын зоорийн давхарт өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулж буй
байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилгын ажлын зургийг мэргэжлийн
байгууллагуудаар хянуулж, зөвшилцсөн байдал, объектын цахилгаан шугам сүлжээний
монтаж, цахилгаан тоног төхөөрөмжийн төлөвлөлт нь стандартын шаардлагын дагуу
хийсэн байдал, орон сууцны барилгын гал тэсвэршилтийн зэрэглэл норм дүрмийн
шаардлагад нийцэж байгаа эсэх зэргийг шалгах бол нийслэлийн Ерөнхий
төлөвлөгөөний газар нь орон сууцны барилга байгууламжийг паспортжуулах,
тэдгээрийн чанар, насжилтыг тодорхойлох, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт
хянан баталгаажуулалт хийх, эрсдэлтэй объектуудын зориулалтыг өөрчлөх, хүчитгэх
эсхүл буулгах дүгнэлт гаргах зэрэг  ажлыг зохион байгуулах юм байна.
 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь олон жилийн өмнө баригдаж,
ашиглагдаж байгаа барилга байгууламж, тэдгээрийн хийц бүтээц, инженерийн шугам
сүлжээний ашиглалтын хэвийн байдлыг шалгаж дүгнэлт гаргах юм байна. Шалгалтын
эцсийн дүнг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн цаашид авах
арга хэмжээний санал боловсруулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Багшаар ажиллах эрх олгох шалгалтыг ирэх сард авна

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй, багш мэргэжлээр их, дээд сургууль төгсөгчдөд эхний нэг жил багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах ажил явагдаж байна.  Шалгалтад шинээр ажилд орох хүсэлтэй багш мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчид хамрагдах боломжтой аж. Багшаар ажиллах эрхийн шалгалтад орох хүсэлтэй иргэдийг энэ сарын 20 – ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн www.itpd.mn цахим хуудсаар бүртгэх юм байна. Шалгалт онлайн хэлбэрээр наймдугаар сарын 10-ны өдөр орон даяар болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.itpd.mn цахим хуудсаар болон 70140056, 97000730, 97008088 дугаарын утсаар лавлаж болох гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлаас сэргийлэх хяналтын цэг ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Хүн, малын гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/634 дүгээр захирамж гаргалаа.

 Захирамжаар нийслэлд байгалийн голомтот болон мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор долоодугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсэг болон 24 цагаар хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулах бүрэлдэхүүнийг баталлаа.  

 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Замын цагдаагийн газрын хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн Сонгинхайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн “Цайз трейд” түүхий эдийн захууд, Баянзүрх, 22, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх-Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад 24 цагаар гурван ээлжээр ажиллах юм.  Мөн хяналтын хөдөлгөөнт эргүүлийг Чингис хаан нисэх онгоцны төв буудалд Иргэний нисэхийн ерөнхий газрын Хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба, Төмөр замын төв буудалд Төмөр замын Мэргэжлийн хяналтын алба, Долоон буудал, Гачууртын нутаг дэвсгэрт дүүргийн цагдаагийн суурин пост хариуцан гүйцэтгэнэ.

Энэ хугацаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар Авто техникийн шалган бүртгэх товчоогоор нийслэлд орж ирэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, тарваганы арьс түүхий эд илэрсэн тохиолдолд хураан авч Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ хийлгэхээр хүлээлгэн өгч, машин тээврийн хэрэгслийг зохих зааврын дагуу халдваргүйтгэл хийсний дараа очих хаягийг тодруулан бүртгэж оруулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврээр үйлчлүүлэх “сарын тасалбар” гаргана

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн давхцал, авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний замналын сүлжээг шинэчлэн сүлжээ-үйлчилгээний зарчимд оруулахаар нийслэлээс төлөвлөж байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөх тогтолцоог боловсронгуй болгож цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэл ажил эхэлжээ. 

Өнөөдрийн байдлаар Энхтайвны өргөн чөлөө, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх авто замаар 26 чиглэлийн 350 их багтаамжийн автобус үйлчилж байгаа бөгөөд нийтийн тээврийн хэрэгслүүд цагийн хуваарийн дагуу явдаггүй, орлогын төлөө тэмцэлддэг гэх шүүмжлэл иргэдийн дунд байсаар байгааг Нийслэлийн тээврийн газраас мэдээлж байна.  

Тиймээс Улаанбаатар хотын төв гудамж замаар давхцан явж байгаа их багтаамжийн автобусны чиглэлийн тоог бууруулах, хотын төвөөр явах чиглэлүүдийг хотын захын болон хот орчмын суурьшлын цэгүүдтэй богино эргэлтээр холбож, замын нөхцөл, оршин суугчдын нягтрал, зорчигч урсгалтай уялдуулан дунд, их багтаамжийн автобусны аль нэг төрлийг сонгон явуулахаар төлөвлөлт хийжээ. Мөн цахим төлбөрийн системийн  эхлэл болгож “Сарын зорчих тасалбар” гаргах юм байна. Сарын зорчих тасалбарын үнийг том хүн 30 000 төгрөг, хүүхэд 10 000 төгрөг байхаар  урьдчилан тооцоолж байна.  Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг төвлөрүүлж, орлогын  төлөөх өрсөлдөөн буурах төдийгүй, нийтийн тээвэр яг цагтаа үйлчилгээндээ гардаг болно гэж үзэж байгаа юм.  

Цаашид нийтийн тээврийн зорчигч бодлого, сүлжээ төлөвлөлт, үйлчилгээний зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, үнэ тариф, санхүүгийн асуудал зэргийг хамтран хэлэлцэн шийдвэрлэх үүрэг бүхий Нийтийн зорчигч тээврийн зөвлөлийг байгуулахаар төлөвлөж байна  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Боом өвчний 60 гаруй тохиолдол бүртгэгджээ

Энэ оны эхний хагас жилд Хөвсгөл аймгийн Мөрөн, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом, Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Булган аймгийн Хишиг-Өндөр зэрэг найман аймгийн найман суманд боомын 60 гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоос гурав дахин их үзүүлэлт аж. Цаашид боом өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Голууд олон жилийн дунджийг давж үерлэжээ

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 65 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 55 см, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эх буюу Мөнгөнморьт сум ба Багануур дүүрэг мөн түүнчлэн Чойбалсан хот, Онон гол Дадал сум орчимд болон Алтай нурууны Ховд гол Мянгад сум, Хангай нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн түвшинг 5-35 см давсан байдалтай байна. Туул гол Лүн сум орчмоор усны түвшин өмнөх өдрүүдэд хоногт 10-15 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 20 см даван тус тус үерлэж байна. Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар авто машинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. 

Ус цаг уур, орчны хүрээлэн   

Categories
мэдээ нийгэм

Залуу монгол судлаачдын сургалт маргааш эхэлнэ

МУИС-ийн дугуй танхимд маргааш 10:00 цагт гадаадын залуу монгол судлаачдыг бэлтгэх, монгол судлалыг хөгжүүлэх зорилгоор зохион явуулдаг “Залуу монгол судлаачдын зуны сургууль” сургалтаа эхлүүлэх гэж байна. Нийт найман орны 45 судлаач сургалтад оролцох юм байна. Нээлтийн арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцох аж.  

Categories
мэдээ нийгэм

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн замыг энэ онд ашиглалтад оруулна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорнод аймагт ажиллаад ирлээ. 2009 онд ажил нь эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад оролгүй таван жилийн турш сунжирсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 288 км замын бүтээн байгуулалтын ажилд Шинэчлэлийн Засгийн газар гүйцэтгэгч компаниуд нэмж оруулан ажиллуулсан юм.

 Ийнхүү өнгөрсөн оноос эрчимжсэн Дорнодын замын бүтээн байгуулалтын явцтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан нар танилцлаа. Энэ замд гүйцэтгэгч таван компани тус бүр 10-143 км зам хариуцан барьж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил нийт дүнгээрээ 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Дорнодын замын 145 км нь ирэх 9 дүгээр сард ашиглалтад орно гэж холбогдох албаныхан Засгийн газрын тэргүүнд танилцууллаа.

 Хэнтий, Дорнодыг холбох замын бүтээн байгуулалтыг өмнө нь дангаараа хариуцаж байсан “Насны зам” компани өнгөрсөн онд авсан 143 км замын ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа тул гэрээг нь цуцлах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу дээрх замыг гурван гүйцэтгэгчид хуваан хариуцуулахаар болж, Зам тээврийн яам, Хөгжлийн банк хамтран ажиллаж байна. Бүтэн таван жил сунжирсан Дорнодын замыг энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хакүхо өнөөдөр ирнэ

Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башёд түрүүлж,  30 дахь түрүүгээ хүртээд буй их аварга Хакухо өнөөдөр эх орондоо ирэх юм байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр мэргэжлийн сүмогийн 69 дахь Их аварга Хакүхо 70 дахь аварга Харүмафүжитэй /10-5/ барилдаж давснаар долдугаар сарын башёг 13 ялалтаар тэргүүлсэн билээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал ийнхүү амжилтаараа домогт их аварга Чиёонофүжи (31), Тайхо (32) нарын ард бичигдэж байгаа аж.