Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Худлаа ярьсан чинь баригдаад…

Фэйсбүүк, твиттер хоёроос болоод захиралдаа, эхнэртээ, нөхөртөө худлаа яриад баригдсан жишээ олон байна шүү. Багын найз маань саяхан найзуудтайгаа салхинд гарахаар болж дарга руугаа “Бие өвдөөд босч чадахгүй халуураад байна. Өнөөдөр эмнэлгээр явахаас” гэж амьсгаадаж ярагласан хүн ярьжээ. Дарга нь ч сандарч “Яаж туслах уу. Мөнгө төгрөг байгаа юу. Таньдаг эмчдээ хэлж өгье” гээд сүйд болж. Гэтэл тэр өдөр нь даргаас дуудлага ирж гэнэ. Манай хүн ч яахав өрөвдүүлэх санаатай нам дуугаар ярьж эхэлтэл захирал нь ууртайгаар “Чи худлаа ярьснаа нууя гэвэл найзаасаа нэг зүйл гуй. Фэйсбүүктээ миний зургийг битгий тавиач гэж хэл дээ” гээд утсаа салгачихаж. Мань эрийн найз амралтанд олуулаа авахуулсан зургаа фэйсбүүктээ тавьчихсан байсныг дарга нь харсан хэрэг. Их сургуулийн найзтайгаа таарсан чинь бас нэг хөгтэй явдал ярьж байна. Ажлынхантай ресторанд суухдаа эхнэртээ “Хуралтай байна” гээд худлаа ярьчихсан гэнэ. Ресторанд ид дундаа суутал эхнэр нь залгажээ. Дуу нь нэг л янзгүй сонсогдохоор нь хар авалгүй “Хурал дээр их чухал асуудал ярьж байна” гэж ажил хэрэгч царайлаад утсаа тавьчихаж. Орой юу болсон нь тодорхой. Эхнэр нь худлаа ярьж ресторанд суусныг нь мэдчихсэн байжээ. Найзыг маань худлаа хэлсний дараахан ажлын газрын бүсгүй нь фэйсбүүктээ “Ажлынхантайгаа гоё сууж байна” гэсэн тайлбартайгаар бөөнөөрөө сууж байгаа зургаа оруулсан байж. Энэ мэтээр худлаа ярьсныг нь фэйсбүүк, твиттер илчлээд байдаг болж дээ, цаана чинь.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахыг уриаллаа

“Хүүхдийн төлөө өндөрт нисье” нэртэй дэлхийг тойрсон агаарын бөмбөлөгтэй аялал өнөөдөр монголд ирлээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа тус аялалыг Шинэ Зеланд улсын иргэн Эндрью Паркер анх санаачилжээ.

Тэрээр дэлхийн 100 гаруй улсад халуун агаараар ажилладаг нисдэг бөмбөлөгийг хөөргөх бөгөөд ингэхдээ НҮБ-ын Хүүхдийн сангаас боловсролын салбарт хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөрийг сурталчилан тус хөтөлбөрүүдэд зориулан нэг сая долларын хөрөнгө босгох төлөвлөгөөтэй ажээ.
Харин энэ удаагийн Монгол Улсад болж буй арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахын төлөө “Хамтдаа сурч, хөгжье” уриан дор өнөөдөр Чингисийн талбайд болж байна. Тус аждыг БШУЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбоо, “Түгээмэл хөгжил” ТББ, “Монголын Дауны холбоо” ТББ, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, 29, 70-р дунд сургууль, ШИнэ эрин сургуулиуд хамтран зохион байгуулж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 32 мянган хүүхэд байгаагийн тал хүрэхгүй хувь нь л сургуульд сур байгаа гэсэн судалгаа байдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд сургах биш ердийн сургуульд бусад хүүхдүүдийн хамт суралцуулах нь тэднийг хөгжиж боловсроход илүү үр дүнтэй гэдгийг албаныхан онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Дугуйн парад хойшлогджээ

Монголын залуучуудын холбооноос “Унадаг дугуйн парад”-ыг аравдугаар сарын 11-нд зохион байгуулна хэмээн мэдээлж байсан юм. Гэвч өчигдөр болох байсан дугуйн парад цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан түр хойшилжээ. Чухам хэдий болтол хойшлуулсан талаар холбогдох албаны хүнээс тодруулахад “Одоогоор бид дугуйн парадыг цагийг нарийн товлоогүй байна. Парадад сайн дураараа олон хаүмүүс нэгддэг. Тэдний дунд хүүхэд багачууд цөөнгүй. Гэтэл хүүхдүүд дугуй унахдаа хамгаалалтын малгай, зориулалтын хувцастай ирдэггүйгээс хаьтрах гулгах, бэртэж гэмтэх авулд өртөх вий гэж болгоомжлоод цас орсон өдөр парад хийсэнгүй. Цаг агаар харж байгаад аль нэг амралтын өдрөөр парадаа хийнэ” гэлээ.

Энэ намрын хаалт “Ногоон гудамж-Унадаг дугуйн зам” унадаг дугуйн парад “Гоё мэдээ, гоё парад” гэсэн уриатайгаар зохион байгуулагдах юм байна. Парад дээр Эдийн Засгийн Хөгжлийн Яам “Гудамж” төслийн санаачлан хэрэгжүүлэхээр төвөвлөж байгаа “Ногоон гудамж-Унадаг дугуйн зам” төслийг таницуулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн өргөтгөлийг нээнэ

Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт маргааш болно. Цэцэрлэгийн нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар оролцох ажээ. Энэхүү цэцэрлэгийн өргөтгөлийг Дэлхийн банкны хөрөнгөөр барьж байгуулсан юм. Тус цэцэрлэгт Сүхбаатар дүүргийн VIII хорооны хүүхдүүд хүмүүждэг бөгөөд цэцэрлэгийн шинэ өргөтгөл барилга ашиглалтанд орсноор 400 хүүхэд нэмэгдэж, энэ онд шинээр элсэх хүүхдийн тоо 1526 болжээ.

Categories
мэдээ нийгэм

ТЭЦ-3 станцад хоёр дахь шатны шинэчлэл хийнэ

Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дулааны III цахилгаан станцад хоёр дахь шатны шинэчлэл хийх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. Тус ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мВт-аар нэмэгдүүлсэн эхний ээлжийн өргөтгөлийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, энэ оны долдугаар сарын 1-нээс турбин-генераторыг сүлжээнд залган бүрэн хүчин чадлаар ажиллуулж байна.

Харин хоёр дахь шатны шинэчлэлээр 2×125 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна. Бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг Хөгжлийн банкны зээл болон бусад эх үүсвэрээс 2014 оноос гаргаж эхлэхийг Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Хөгжлийн банкинд даалгалаа. Санхүүжилтийг 2015-2019 онд үе шаттайгаар эргэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Хоёр дахь шатны шинэчлэлийн үр дүнд хүчин чадал нэмэгдэхээс гадна тус станцаас агаарт ялгаруулж буй хорт бодисын хэмжээг 98 хувь бууруулж чадна гэж мэргэжлийнхэн тооцоолжээ. Хотын төв буюу Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн хэрэглэгчдийг дулаанаар хангадаг гол эх үүсвэр ТЭЦ-3 шугам сүлжээний горимын хувьд хамгийн оновчтой байршилтай ч хэт хуучирсан тоног төхөөрөмж дээр суурилсан учир байгаль орчинд их хэмжээний бохирдол үүсгэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бөмбөлөг хөөргөнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахын төлөө агаарын бөмбөлөг хөөргөх ёслол өнөөдөр 15 цагт Чингисийн талбайд болно. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай дунд сургууль ажилладаг хэдий ч хүүхдүүд сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чадахгүй хэвээр байгаа билээ. Эцэг эхчүүд болоод бусад хүмүүсийн хувьд ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд жирийн их, дээд сургуульд эрүүл хүүхдийн нэг адил суралцаж чадахгүй гэж үзсэн хэвээр байна. Тусгай сургууль төгссөн хүүхдүүдийн ирээдүй ч бусдаас тусдаа мэт сэтгэдэг хэвээр байгаа юм. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд мужаан, дарханаас өөр хийж чадах зүйлгүй, харааны бэрхшээлтэй иргэд сайндаа л массажист болдог. Тэгвэл тусгай сургууль төгссөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цаашид их, дээд сургууль төгсөх боломжтой, бусадтай адил дээд боловсрол эзэмших эрхтэй гэдгийг сануулж энэ удаа бөмбөлөг хөөргөх ажээ. Хүүхдүүд хөгжлийн бэрхшээлээсээ үл шалтгаалан жирийн сургуульд сурч боловсрох эрхтэй гэдгийг олон нийтэд таниулах үүднээс бөмбөлөг хөөргөнө гэж зохион байгуулагчид хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн яам нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөг 11.00 цагт Сүхбаатарын талбай дээр нээлтээ хийсэн бөгөөд 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэдийг үнэ төлбөргүй, даатгалын дэвтэргүй үзлэг хийж зөвлөгөө өгнө.

Нээлттэй хаалганы өдөрлөгт Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүд болон Нийслэлийн харьяа 16 эмнэлэг үйл ажиллагаагаа иргэдэд тайлагнаж, үзлэгийг хийж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Эмчийн үзлэг дараалал ихтэй байна

Эрүүл мэндийн салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Улсын клиникийн нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын төв болон дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гээд нийслэлд байрлах бүхий л эмнэлгүүд хоёр өдрийн турш Чингисийн талбайд байрлан иргэдэд үйлчилж байна. Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд эрүүл аж төрөх, эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөхөөс гадна чих, хамар, хоолой, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн системийн үзлэг хийж, артерийн даралт үзэж байлаа. Эмчийн үзлэг хоёр өдрийн турш дараалал ихтэй байгаа бөгөөд иргэд шууд зорьж очоод үзүүлэх боломжгүй хоёр дахь шатны эмнэлэг буюу клинликийн эмнэлгийн эмч нарын үзлэг илүү их дараалалтай байна. Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор ханиад, хоолойн өвчлөл их байгаа болохоор чих, хамар, хоолойн эмчид үзүүлэхээр илүү олон хүн дараалан зогссон байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдөр болж байна

Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” өнөөдөр, маргааш Чингэсийн талбайд болно. Өдөрлөгт ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон 1,2,3 дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлан үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх аж. “Нээлттэй хаалганы өдөр” 10.00-17.00 цагийн хооронд үргэлжлэнэ.

Categories
мэдээ нийгэм

Охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа ажээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. Энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалдаг юм.

Манай улс энэ өдрийг “Охид хүчирхийллийн бай биш”, “Биднийг сонс”, “Бид хүүхэлдэй биш” зэрэг уриатай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа юм байна.