Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр говийн аймгуудын нутаг бороо, нойтон цас орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

2024 оны аравдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


2024 оны аравдугаар сарын 06-наас 2024 оны аравдугаар сарын 10-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 08-нд нутгийн зарим газраар, 09-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн шинэ гүүрнээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдох 8.3 км авто замыг шинээр барина DNN.mn

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Яармагийн шинэ гүүрнээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдох 8.3 км авто замыг шинээр барих бөгөөд 2025 онд бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм. Энэ талаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодрууллаа.

Тэрбээр “Яармагийн шинэ зам нь Яармагийн шинэ гүүрнээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдоно. Одоогоор ажлын зураг төслийг боловсруулж байна. Зургийн ажил энэ ондоо багтаж дуусаад, 2025 онд авто замын ажлыг эхлүүлж, 2026 онд барьж дуусахаар төлөвлөсөн. Шинэ авто зам иргэдэд тав тухтай, аюулгүй байхаас гадна хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй. Улаанбаатар хотын замын сүлжээг өргөтгөх, Яармаг орчмын замын хэт ачааллыг бууруулахад өндөр үр дүнтэй авто зам болно” гэдгийг онцолж хэлсэн юм.

“Яармагийн шинэ зам”-ын онцлог нь замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх төрлийн оролцогчийн аюулгүй байдлыг хангасан цогц гудамж, замын жишиг байдлаар баригдана. Өөрөөр хэлбэл, замын ердийн шинэчлэлээс илүү нийтийн тээвэр, явган зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламжийг авто замтай нь иж бүрэн шинэчлэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр DNN.mn

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр. Энэ хүрээнд 10 байршилд мод тарих ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өнөөдрөөс дараах байршилд мод тарих юм.

Үүнд,

  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн
  • Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас.
  • Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”
  • Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”
  • Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”
  • Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”
  • Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам.
  • Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, “УБЗАА-Мод үржүүлгийн газар”
  • Богд хаан уул ДЦГ -Уул уурхайн байгууллагууд

Дээрх байршилд өнөөдрөөс эхлэн мод тарих юм байна. Ойн газраас “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд мод тарьж, арчлан ургуулах арга хэмжээг энэ сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ныг дуустал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдүүд кофе шопоос гар утас, бэлэн мөнгө хулгайлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 3-ны өдөр Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кофе шопод хулгайч орсон байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 8-12 насны А, М, Б нар нь тус кофе шопоос гар утас болон бэлэн мөнгө хулгайлсныг шуурхай илрүүлэн Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийн хүмүүжил, хараа хяналтаа сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Өгөөмөр” захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ DNN.mn

“Өгөөмөр” захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг 10 дугаар сарын 7-ны өдрийн 23:00 цагаас  9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг сар хичээллэсэн нэгдүгээр ангийнхан DNN.mn

Хичээл эхлээд яг нэг сар болж байна. Сарын хугацаанд шинэ сурагчид болох зургаан настнууд маань сургуульдаа хэрхэн дассан бол.

Анх хаана ирж байгаагаа ч ойлгохгүй үеийнхнийхээ дунд бужигнаж явсан балчрууд хэр нийгэмшиж байгааг сонирхохоор сургуулийн зүг зорилоо. Хүүхэд байгаа газар үргэлж гэрэл гэгээ цацарч байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тиймдээ ч инээд цалгисан эрдмийн өргөө болсон сургууль хамгийн сайхан газар. Тэндээс л бид бүгд амьдралын хамгийн нандин, мартагдашгүй мөчүүдээ дурсан санаж амьдардаг.

Их хотын чимээн дундуур бодол тээн алхсаар гурван давхар цэнхэр барилгын бор модон хаалгыг татахад хүүхдүүдийн инээлдсэн, тоглосон, бужигнасан өвөрмөц ертөнц угтан авлаа.

Энэ бол 100 гаруй жилийн түүхтэй Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургууль.

Цүнхээ дааж ядсан, цүнхнээсээ жижиг гэмээр хөвгүүд, цагаан цэцэгтэй үсний боолтоор гоёсон охид сургуулийн хаалгаар найзуудтайгаа чихэлдэн байж орж ирээд инээлдсээр сургуулийн зүүн жигүүрийн хоёр дахь хаалгыг зорив. Цүнхээ ширээн дээрээ шидчихээд ангийн охиныхоо пеналыг цамцан доогуураа нууж аваад жуумалзсаар зугтааж буй хүү, гурвуулаа тойроод суучихсан нэгнийхээ хавтсыг үзэж байгаа охид гээд энэ анги адал явдлаар дүүрэн байв. 23 дахь жилдээ багшилж байгаа, эдүгээ 37 хүүхэдтэй 1 дүгээр ангийг дааж авсан Ч.Ариунаа багш бид хоёрын яриа “Хүүхдүүдийг сууж сургахын тулд 13 мэхээ хэрэглэж байна даа” хэмээн инээмсэглэснээр эхэлсэн юм.

Хүүхдүүд хичээлдээ хэр төвлөрч байгаа талаар багш “Сахилгагүйтэхдээ нүд нь сэргээд, хичээл орохоор байхгүй болчихдог хүүхдүүдийг мундаг байна, сайн байна гэж онгироовол арай дээр байдаг. Зарим нь бол мэдэж байгаа ч юм алга. Яаж ч хэлээд мэдрэмж байхгүй. Хичээл орохоор өмдөндөө бие засах энүүхэнд, мөн унтана, ер нь янз бүр л болно. Нэг нойтон, нэг хуурай сальфеткатай тэгээд нусаа татаж байгаа хүүхдийн нусыг нь нийлгэнэ. Хүүхдийн бие даах чадварыг цэцэрлэгт нь хөгжүүлмээр юм шиг санагддаг. Тэгэхгүй бол хар нялхаараа хүүхдүүд юу ч мэдэхгүй. Дүүтэй, айлын том, дунд хүүхдүүд хүний үг ойлгоод арай илүү ачаалал даах чадвартай байдаг. Одоо тэгээд хичээл орж байх дундуур “Манай дүүд гоё машин байгаа. Би тэрүүгээр тоглоно” гээд шууд хэлчихдэг. Толгойд нь тоглоом л бодогддог шиг байгаа юм. Зарим нь сургуульд орсон чинь муухай байна гэхэд нөгөө хэсэг нь гоё байна гээд ярьдаг хэмээв.

Ийнхүү биднийг ярилцаж байх зуур багш нэг хүүг хэд хэдэн удаа “Чи нааш ир суу, яагаад хүний амандаа хийсэн юмыг ам дамжуулаад байгаа юм, нэгнийгээ өвтгөж тогло гэсэн үү” ямар ч үед хүүхдүүдээсээ анхаарлаа хором ч салгахгүй байгаа нь илт байлаа. Ингээд бид яриагаа үргэлжлүүлэв. “Зургаан настнуудад худлаа ярьдаг үе гэж байдаг юм. Жишээ нь, хичээл хийх гэсэн чинь манай ээж “Чи хичээл хийж яах юм гээд миний дэвтрийг булааж аваад өөрөө авсан, мэдэхгүй. Намайг загнасан” гэж байгаа юм. За багш нь утсаар асууя даа гэхээр “За за, багш аа би ерөөсөө андуурчхаж” гэнэ. Энэ бол бараг ердийн зүйл.

Үнэхээр хөгжилтэй хөөрхөн зүйл их тохиолддог. Хүүхдүүд маань өдөр ангидаа орж ирэхдээ манарсан, гайхсан гээд янз бүрийн царайтай орж ирнэ ээ. Намар анх хичээл эхлэхэд нэг хүүхэд уйлбал дагаад бүгдээрээ уйлчихна. Одоо бол уйлалдах болоогүй байна. Үсэг үзээд ирэхээр их ч уйлалдана даа. Манай ангийн нэг хүүхэд ээждээ манай багш ууртай юм шиг мөртлөө хөөрхөн ааштай, гоё юм шиг мөртлөө муухай гэж хэлсэн байдаг юм” хэмээн инээмсэглэв.

Хамгийн урд талын ширээг тойроод дөрөвлөөд суучихсан, өнгийн цаас нугалж тоглож байгаа хөөрхөн алаг нүдтэй охиноос “Сургуульд сурах юу нь хамгийн гоё байна вэ” гэхэд “Сургуульд их гоё байгаа. Би есдүгээр сарын нэгэнд уйлаагүй. Одоо бараг жаахан хүүхдүүд надаас том харагдахгүй байгаа. Би зураг зурах, аавтайгаа хамт хичээл хийх дуртай. Бас нэг найз маань намайг загнаад байдаг, гэхдээ найзлахаараа зүгээр болчихдог. Өнөөдөр биеийн тамир орно. Хүүхдүүд биеийн тамирынхаа хувцсыг авчраад хичээлдээ ордог” хэмээн ярьж байх зуур ангийнх нь охид бидний дунд гүйж ирээд хэрэгт дурласан харцаар ширтэцгээх нь өхөөрдмөөр.

Ийнхүү ангиас гарахад зэргэлдээ ангид ээж аав нь хүүхдүүдийнхээ том цүнхийг үүрчихсэн хүргэж өгөөд гарч байгаа нь харагдлаа. Ангийн хаягийг нь хартал нэгдүгээр анги байв. Ийнхүү багшаас зөвшөөрөл авсны дараа цөөн хором ярилцаад амжлаа. “Намайг Д.Мөнхномин гэдэг. Би 13 дахь жилдээ багшилж байна. Манай анги 29 хүүхэдтэй. Нэгдүгээр ангийн багш байхад хөгжилтэй, хөөрхөн зүйлс их тохиолдоно. Хүүхдүүд заримдаа аниа, өө биш ээ багш аа гээд андуурч хэлдэг. Одоо дөнгөж тоо орж байгаа. Нэгээс дөрөв хүртэлх тоо үзсэн. Хоёр хуруугаа гаргаад за нэг хуруугаа хасаарай гэхээр дунд хуруу нь үлдэхээр өө биш ээ гээд өөр хуруугаа гаргачихдаг. Үнэхээр хөөрхөн. Одоо бол нэмж, хасаад, үржээд, зурлагаа зураад овоо зүгширч байна. Хичээл дээр барагтай бол унтахгүй. Хичээлдээ ер нь сонирхолтой. Гэхдээ зургаан настнууд чинь сууж чадахгүй, дороос нь юм хатгаад байгаа юм шиг хавчганаад, урагшаа хойшоо хараад, одоо багш аа ёстой тэгэхгүй ээ гээд ам өчиг өгсөн мөртлөө нэг минутын дараа мартчихна”.

Ийнхүү биднийг ярилцаж байх хооронд гаднаас нэг охин “багш аа баярын мэнд” гээд зүрхэн хэлбэртэй цаасан дээр өнгийн харандаагаар бичсэн мэндчилгээний үг, өөрөө нямбай гэгч нь будсан зурагтай цаас гаргаж, нүүрэндээ мишээл тодруулсаар багшдаа өглөө. Багш бүсгүй үнэхээр баярлаж байгаа нь нүднээс нь илт.

Магадгүй энэ л багш хүний хамгийн сайхан мөч байх. Цөөхөн хором ч гэсэн эрдмийн өргөөнд саатан хүүхэд насны дурсамжаа сөхөж, сургуулийн алтан босгыг анх алхан орсон тэдний гэнэн цагаахан ертөнцөөс бага ч атугай мэдэрсэн маань энэ өдрийн хамгийн гэгээлэг зүйл байлаа.

Г.Балгармаа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор Ц.Алтантуяа: Нойр булчирхайн үрэвсэлтэй хүүхдүүд үргэлж шарсан хиам өндөг, чипс, ундаа идэж уусан өгүүлэмжтэй байдаг DNN.mn

Сүүлийн үед хүүхэд багачуудын эрүүл мэнд, тэр дундаа хоол боловсруулах эрхтний өвчлөл нэмэгдсээр байгаа талаар эмч нар анхааруулах болсон. Буруу хооллолтоос үүдэж цөс, нойр булчирхай насанд хүрсэн хүнийхтэй адилхан өвчилж, бүр хүндэрч байгаа тохиолдлууд гарсаар байгаа юм. Үүний шалтгаан нөхцөл юу болох, эцэг эхчүүд эрүүл мэндийн ямар боловсролтой байх талаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, анагаах ухааны доктор, ахлах зэрэгтэй хүүхдийн эмч Ц.Алтантуяатай ярилцлаа.


-Хүүхдийн цөс, нойр булчирхай өвдчихлөө, шалтгаангүй таргалаад байна, хүүхэд хоолондоо дургүй болчихлоо гэсэн зовиурийг сүүлийн үед эцэг эхчүүд их ярьдаг болсон. Энэ нь хүүхдийг төрөх үеэс нь зөв хооллохтой холбоотой гэж эмч нар онцолдог. Тиймээс хүүхэд төрөх үеэс эхлээд хоолонд яаж анхаарах тухай эхнээс цэгцтэй ойлголт өгөхгүй юү?

-Хүүхэд эхийн хэвлийгээс гараад анхны амьсгал авахад амьсгалын эрхтэн тогтолцоо ажиллаж эхэлдэг.

Үүнтэй ижил хүүхэд ангир уургаа амласнаар хүүхдийн хоол боловсруулах зам бэлтгэгдэж, ажилаж эхэлнэ. Хүүхдийг зөв хооллох, эрүүл өсгөх, чийрэг хүн болгох үндэс нь нярайг эрт амлуулж, зургаан сар хүртэл дагнан хөхний сүүгээр хооллох, цаашид хоёр нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлэх явдал юм. Эхийн хөхний сүү бол зөвхөн тухайн хүүхдэд зориулагдсан, байнга шинэ, халдварын эрсдэлгүй, хүүхдэд хоол боловсруулах замаар хамгийн сайн шимэгддэг шим тэжээлүүдийг агуулсан хоол. Зөвхөн эхийн хөхний сүүнд хүний дархлааны шүүрлийн иммуноглобулин агуулагддаг. Мөн эхийн өвдсөн өвчнүүдийн эсрэг биеийг агуулдаг тул нэг үгээр хэлбэл, олон өвчний эсрэг вакцин гэж ойлгож болох юм. Тиймээс хөхний сүүгээр хооллож өссөн хүүхэд, бусад сүүн тэжээл хэрэглэсэн хүүхдийн өвчин даах чадвар эрс өөр байдаг.

-Зарим ээжүүд хөхний сүү багатай байгаад хүүхдээ цатгаж чаддагүй шүү дээ. Ийм үед яах вэ?

-Ямар ч эх амьтан үр төлөө хөхний сүүгээр хооллох чадвартай л даа. Хөхний сүү татрахад хүргэдэг хамгийн гол зүйл бол эхийн сэтгэл санаа таагүй байх. Тиймээс төрөхийн өмнө болон дараа сэтгэл санааг тайван, аль болох өөдрөг байх, би хүүхдээ цатгаж чадна, миний хөхний сүү хангалттай сайн гэж бодох л чухал. Мөн ус, бор цай гэх мэт шингэн хангалттай уух, хүүхдээ унтсан үед дагаж унтаж амрах, шим тэжээллэг хоол идэх хэрэгтэй. Мөн эхчүүд үлдэгдэл сүүг, эсвэл нөгөө талын хөхөө дараа хөхүүлнэ гэж хадгалах нь буруу юм. Хүүхэд хөхсөний дараа хөхийг сулартал саах нь дараагийн сүүний боловсруулалтыг нэмэгдүүлнэ. Эхний зургаан сар хөхний сүү шаардлагатай бүхий л шингэн ба шимт тэжээлээр хангана. Иймд ус, бусад шингэн өгөх шаардлагагүй.

-Нярай хүүхдийн гэдэс дүүрэх, оройн цагаар уйлах зовуурь их болжээ. Үүнд та юуг зөвлөдөг вэ?

-Ийм зовуурь ихэнхдээ хоёр шалтгаантай байдаг. Нэг бол хүүхэд эхийн хэвлийд байхдаа бүтэлттэй байсан. Энэ нь эх булчингийн чангарал их тонустай байсан. Байнга машин жолооддог, ажлын ачаалал их, өндөр стресстэй байсан зэргээс шалтгаална. Мөн эх цус багадалттай, үрэвсэлт өвчнүүдээр өвдөх, хамар байнга битүү байх, агаар салхинд гарахгүй байх зэргээс болно. Эсвэл хүй дор байрласан байх, хүй ихсийн захад, хальсан дээр бэхлэгдсэн байх, хүй хүзүүгээ ороосон байх, ургийн буруу байрлал зэрэг ч орж болдог. Мөн төрөх үеийн бүтэлтийн улмаас тархи болон бусад эрхтэнд цусан хангамж, хүчилтөрөгч дутагддаг.

Хоёр дахь шалтгаан хүүхдийг буруу хооллох. Нярайг хэт их хооллох, амлуулахаас өмнө сүүн тэжээл өгөх, сүүн тэжээлийг халуун өгөх нь гэдэс дүүрэх, гэдэс хатгаж өвдөхөд хүргэдэг.

-Тэгвэл жирэмсэн үедээ стресс бага байх, тонус өгөхгүй байх тал дээр сайн анхаарах ёстой гэж ойлголоо. Зөв үү?

-Гэр бүл жирэмслэлтээ төлөвлөж, шүд, бусад эрхтнийг эрүүл байлгаж жирэмслэлтэд бэлдэх нь нэн чухал санагддаг. Мөн жирэмсэн үедээ машин жолоодохгүй байх, ажлын ачааллыг тохируулах, сэтгэл санааг тайван байлгах, эрт унтаж амрах, агаарт алхах нь зөв юм.

Нярай төрсний дараа шүлс нь гоожиж, хөхөө хайх үеийг алдалгүй амлуулах, цаашид зөвхөн хөхний сүүгээр хооллох нь л чухал. Нярайг цагийн зайтай хооллох, хэрэв хөх чинэрсэн бол эхний хэсэг сүүг саасны дараа хөхүүлэх, хооллосны дараа хагас босоо тэвэрч хэхрүүлэх, дараагийн хооллолтын өмнө доош харуулах, хэвлийд нар зөв тойргоор зөөлөн иллэг хийх, хүүхдийг зөвхөн хөхний сүүгээр хооллох нь сэргийлэх гол арга нь.

-Хүүхдийг зургаан сартайгаас нэмэгдэл хоолонд оруулахыг зөвлөдөг. Энэ үед ээж аавуудын анхаарах гол зүйл юу бол?

-Хүүхдийг зургаан сар хүртэл хөхний сүүгээр хооллоод нэмэгдэл хоолонд оруулна. Үр тариа, жимсний нухаш, ногооны зутан, тараг гэх мэтийг 1-2 халбагаар дасгаж өгнө. Хооллох бүрд хүүхдэд зориулан хоолыг шинээр бэлтгэнэ. Өнөөдөр нэг халбага, маргааш хоёр халбага, нөгөөдөр дөрөв гэх мэт бага багаар дасгана.

Нэг төрлийн хоолонд 7-14 хоногт дассаны дараа дараагийн нэр төрлийн хоолыг өгч эхэлнэ. Мөн л бага багаар хэмжээг нэмж дасгана. Нэмэгдэл хоол өгч эхлэх цагаас хүүхдэд ус, цай зэрэг шингэнийг мөн өгнө. Хамгийн гол нь гэртээ бүх хоол, зутан, нухшийг шинээр бэлдэж өгөх нь л зүйтэй. Худалдааны бэлэн хадгалах хугацаатай хүнс аль болох бүү хэрэглээсэй гэж боддог.

-Хүүхдийн дархлааг дэмжих тухай хүн бүр ярьдаг. Амьдрал дээр хамгийн элбэг зүйл нэмэлт витамин гэж л мэдэх юм. Гэтэл сүүлийн үед дархлааг гаднаас дэмжих ямар ч боломжгүй гэж тайлбарлаж байна. Таныхаар хүүхдийн дархлааг дэмжихэд юуг зөвлөх вэ?

-Хүүхдийг эрүүл чийрэг өсгөхөд хамгийн чухал нь мэдээж эхийн сүүгээр хооллох тухай дээр ярилаа шүү дээ. Мөн эрт, чанартай унтуулах. 22:00 цагаас эрт унтуулна, ингэхдээ өрөөнд гэрэлтүүлэг дуу чимээ багатай, агааржуулалт сайн байх нь чухал. Унтахын өмнө амттан идүүлэх, шингэн хэтрүүлж уулгах, сэтгэл санаа түгшээх кино бичлэг үзүүлэх, зэмлэн буруушаах нь хүүхдийн нойрны чанарт сөргөөр нөлөөлдөг.

Мөн усыг тохируулан уух ёстой. Өглөө боссон цагаас эхлэн орой 17-18 цаг хүртэл цаг тутамд тохирсон аягаар нэг аяга буцалсан бүлээн усыг бага багаар балгалж уулгана. Мөн Д амин дэмийг урьдчилан сэргийлэх тунгаар өглөөний цагаар тогтмол уух хэрэгтэй. Хүүхдийг хэт цатгахгүй, хэт өлсгөхгүй багаар гурван орчим цагийн зайтай шим тэжээллэг хоолоор хооллох, шүд болон амны хөндийг эрүүл байлгах зэрэг нь дархлаа сайтай, эрүүл чийрэг байхын үндэс болно.

-Танай эмнэлэг дээр үзүүлж байгаа хүүхдүүдийн дунд хоол боловсруулах эрхтний өвчин хэр элбэг байна вэ?

-Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Төв эмнэлэгт хүүхдэд эрүүл мэндийн даатгалаар амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Манай эмнэлэгт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн өвчлөлийн бүтцийг харахад нэгдүгээрт амьсгалын замын өвчин, хоёрдугаарт харшлын өвчнүүд, гуравдугаарт хоол боловсруулах эрхтний эмгэгүүд орж байна.

-Ханиад, хатгаа бол хамгийн элбэг байдаг байх л даа. Хоол боловсруулах эрхтний өвчин элбэг байсан уу. Одоо ихсээд байна уу?

-Би 2011 оноос хойш хүүхдийн хүүхдийн эмчээр ажиллаж байна. Тухайн үед багш нарын маань энэ ховор тохиолддог өвчин шүү гээд үзүүлж, зааж, зөвлөдөг байсан өвчин эмгэг одоо ховор биш, элбэг болж байна. Ялангуяа хүүхдүүд хеликобактерийн халдвар, ходоодны үрэвсэл, нойр булчирхайн үрэвслээр олноор оношлогдож байна.

-Энэ өвчнүүдээр хүүхдийг өвдсөнийг эцэг эх мэдэх боломжтой юу?

-Хүүхэд өлөн үед ходоод өвдөх, аюулхай бүсэлхийгээр өвдөх, цээж хорсох, гэдэс дүүрэх, хоолны шингэц муудах, хоолонд дургүй болох. Гүйлгэж суулгах, өтгөн хатах, ам гашуу оргих, амархан ядрах, хамарны нүхнээс зэрэг цус гарах, илчлэгээ хасаагүй байхад жин буурах зэрэг хоол боловсруулах замын эмгэгүүдийн үед илэрдэг зовууриас илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Мөн гэр бүлийн гишүүд дотор хеликобактерийн халдвартай хүн байгаа бол хүүхдүүдээ шинжилгээнд хамруулах шаардлагатай. Үүний тулд эхлээд хүүхдийн эмчид үзүүлж, лаборатори болон багажийн шинжилгээ хийлгэж, оношилгоо хийлгэсэн нь зүйтэй болов уу. Шаардлагатай бол хүүхдийн эмч дараагийн шатлалд илгээж болно.

-Хүүхэд хеликобакте-рийн халдвартай байх нь элбэг боллоо гэж та ярилаа. Яаж сэргийлэх вэ?

-Гэр бүлийн гишүүд аяга таваг, халбага сэрээг тус тусдаа хэрэглэх, аль болох бэлэн, хагас боловсруулсан хүнснээс татгалзах, хэрэв гадуур хооллох бол өөрийн халбага, сэрээг авч явж хэрэглэж хэвшмээр байгаа юм. Мөн шүдийг эрүүл байлгах нь нэн чухал. Шүдний сойзыг тогтмол солих, ганцхан өөрөө хэрэглэдэг нүүр гарын алчууртай байх, аяга таваг угаахдаа аль болох нэг удаагийн алчуур, угаагч хэрэглэх, гарын ариун цэвэр сахих нь энэ бактерийн халдвар авахаас сэргийлэхэд тус болно.

Нялх балчир хүүхдийг амнаас хооллохгүй, хоолыг нь үлээж хөргөхгүй, хүүхдийн хоолыг бэлтгэхийн өмнө гарыг сайтар угаах нь зүйтэй.

-Нярайн хооллолтын талаар та ярилаа. Одоо бага насны хүүхдийн хооллолтын тухай дэлгэрүүлмээр байна. Хамгийн тохиромжтой хүнс, бас ямар хоол хүнс муу нөлөөтэй юм бэ?

-Бид бүгдээрээ л мэднэ шүү дээ. Хэрэгжүүлэх нь л янз бүр байх. Хүүхдийн насанд тохирсон, шим тэжээллэг, усанд буцалгасан эсвэл ууранд жигнэсэн хоол тохиромжтой. Мөн аль болох гэртээ бэлтгэж, болгосон хоол бол аюулгүй. Хүүхдийн өсөлт хөгжилд уураг, нүүрс ус мөн өөх тос хэрэгтэй. Уургийг дөрөв ба хоёр хөлтэй амьтан, мөн хөлгүй амьтны махнаас авч байгаа.

Хүнсний бүх төрлийн ногоонд сайн нүүрс ус агуулагддаг. Тэр дундаа ногоон навчит ногоо, ногоон алим, ногоон лийр зэрэг нь хүнсний эслэгээр баялаг тул хоолны сонголтод заавал байх хэрэгтэй. Сургуулийн насны хүүхдэд өдөрт 1-2 удаа махан хоол өгч, бусад үед зууш, салат, жимс жимсгэнэ, ааруул, ээзгий, баяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүн өгч хэвшвэл хүүхэд өөрт хэрэгтэй бүхий л амин дэмийг авч чадна. Худалдаанд байгаа бүх бүтээгдэхүүнд давс байгааг тооцож, гэрийн хоол цайг давс султай хийх нь зүйтэй.

-Хүүхдүүдийн дунд нойр булчирхайн үрэвсэл ихэссэн талаар сүүлийн үед ихээр яригдаж байгаа. Танай эмнэлэгт ийм тохиолдол гардаг уу?

-Хүүхдийн өглөөний цайнд шарсан хуурсан зүйл идүүлэх, хагас боловсруулсан, давсалсан бүтээгдэхүүн өгөх нь буруу юм. Эхлээд бүлээн ус уулгаж, хэсэг хугацааны дараа усанд буцалгасан, эсвэл ууранд жигнэсэн хоол хүнс өгөх нь зүйтэй.

Манай эмнэлэгт нойр булчирхайн үрэвсэл оношлогдож байгаа хүүхдүүдийн аав ээжээс асуухад өглөө бүр хиам өндөг шарж идүүлдэг, өглөө бүр каш чанаж өгдөг, хоол идсэний дараа амттан, зайрмаг, чипс, ундаа уудаг гэсэн өгүүлэмжтэй байна. Мөн хүүхэд өглөөний цай уухгүй яваад 11:00 цагийн үед өлсөөд гаднаас тосонд шарсан хуушуур, пирошки, хавчуургатай талх, бэлэн гоймон, чихэр амттан зэргийг иддэг гэж хариулж байна. Ер нь аав ээж юу идэж байна хүүхэд түүнийг дуурайна. Аав ээж хөргөгчинд юу авч ирж хийсэн байна, түүнийг л иднэ. Сургуулийн орчинд худалдаалж байгаа зүйл, гэрийн хөргөгчинд байгаа зүйлсэд л хянамгай хандмаар санагддаг.

Би зуны улиралд өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд алхдаг юм. Орох хэсэгт байгаа жижиг худалдааны цэгүүд цонхон дээрээ бэлэн гоймонг төрөл төрөл, өнгө өнгөөр нь өрсөн харагддаг. Бас чихэр амттан, хийжүүлсэн ундаа, жүүс, зайрмаг гэх мэт. Би дотроо Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үндэстнийг хордуулах хүрээлэн болчих бий гэж боддог. Өглөө оройн цагаар нялх биетэй эхчүүд, хүүхдүүд очиж салхилдаг газар тийм зүйл худалдаалж байгаа нь маш харамсалтай.

-Хүүхдийн хоол тэжээлийн талаар ярилцсан болохоор, хүүхдийн таргалалтын талаар асуумаар санагдлаа. Хүүхдийн таргалалт гэж юуг хэлээд байна вэ. Ямар үед эцэг эхчүүд эмнэлэгт хандах ёстой вэ?

-Эхлээд хүүхэд жингээ нэмэхэд мярайтай, эгдүүтэй хөөрхөн харагддаг. Хэсэг хугацааны дараа аав ээжүүд хэтэрхий таргаллаа гээд хожимдож эмчид хандах нь олон байх юм. Арьсан дээр язрал үүсээд, хүзүү суга харлаж халтартаад ирвэл оройтож байгаагийн шинж. Тиймээс хоол зүйч болон хүүхдийн эмчид аль болох эрт хандах нь зүйтэй.

Хүүхэд таргалж байгаа гол шалтгаан бол илчлэгийн илүүдэл, хөдөлгөөн бага байх. Ялангуяа муу нүүрс ус. Гликемийн индекс өндөр, нөгөө алаг эрээн нүд тусам цаастай амттангууд, хийжүүлсэн ундаа, түргэн хоолнууд. Ийм муу нүүрс усыг идэх тусам улам өлсөж, улам ам цангана. Цусан дахь сахарыг өсгөж, үүнийг багасгах гэж инсулин ихээр ялгарах болно. Ингээд идээд байхад өлсөх, уугаад байхад цангаж, улмаар хүзүү суга харлаж халтарддаг. Мөн арьс язарна. Жингийн илүүдэл нь хүүхдүүдийн бүх эрхтэнд маш сөрөг нөлөөтэй. Хичээл сурлага, бүтээмжинд ч муугаар нөлөөлнө. Цаашид сахарын өвчний суурь болох эрсдэлтэй. Ховор тохиолдолд хүүхдийн таргалалт нь ууж байгаа эмийн шалтгаантай, зарим өвчний улмаас байж болно.

-Өвчний улмаас таргалж байгааг аав ээжүүд ялгаж, мэдэж болох уу?

-Дааврын эм бэлдмэл хэрэглэж байгаа үед, мөн дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүдийн үед хүүхэд хоолноос хамааралгүй таргална. Өглөө босоход толгой өвдөх, өвдөлт эмэнд намдахгүй байх, булчин сулрах, нүдний хараа муудах, зураг давхардаж харагдах, бүдэг харагдах, гэнэт гэрэл гялбах, бөөлжих зэрэг шалтгаантай байж болно.

-Хүүхэд жингээ нэмж эхлэх үеэс юуг анхаарах вэ?

-Хэрэв хүүхэд жингээ нэмж эхэлбэл юун түрүүнд өдрийн тэмдэглэл хөтлөөд хүүхдийн эмч, хоол зүйчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Жин нэмж байна гээд хүүхдийн хоолны нүүрс ус хорих нь аюултай. Эрчимтэй өсөж байгаа хүүхдэд сайн нүүрс ус хэрэгтэй. Эмч өдрийн тэмдэглэлийг хараад буруу зүйлсийг хэрхэн зөв болгох талаар зөвлөнө. Мууг сайнаар, болохгүйг болох хүнсээр сольж өгнө гэсэн үг. Мөн шаардлагатай бол цусны сахар, инсулин, өөх тос, элэгний үйл ажиллагаа, цас, нойр булчирхай, өнчин тархи гэх мэт эрхтний эмгэг бий эсэхийг шинжилгээ хийж шалгадаг. Хэрэв үгүй бол зөвхөн хүүхдийг бус гэр бүлийн хооллолт, хэв маягийг өөрчлөх нь үр дүнтэй.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

2024 оны 10 дугаар сарын 4-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 4-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиу хэмжээний нойтон цас орж, хүйтрэх тул, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Хур тунадас: Аравдугаар сарын 4-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 08-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 09-нд Хараа, Ерөө, Туул голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Агаарын температур: Аравдугаар сарын 4, 5-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Аравдугаар сарын 9-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Аравдугаар сарын 8, 13-нд баруун өмнөөс хойш эргэж сезундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Аравдугаар сарын 4, 5-нд хүйтэн шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад хугацаанд өдөртөө дулаарч шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМДЕГ: Аппликейшнээр 6045 иргэн 399.7 сая төгрөгийн шимтгэл төлжээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 4-ны 14:00 цагийн байдлаарх ЭМД-ын шимтгэл төлөлтийн мэдээг хүргэж байна.

И-баримт гар утасны аппликейшнээр 6045 иргэн, 6477 удаагийн гүйлгээгээр нийт 399.7 сая төгрөгийн шимтгэл төлжээ.

И-Монголиагаар 1225 иргэн, 1381 удаагийн гүйлгээгээр нийт 83.1 сая төгрөгийн шимтгэл төлжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш бүх нийтээрээ мод тарих өдөр DNN.mn

Ойн газраас “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд мод тарьж, арчлан ургуулах арга хэмжээг энэ сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ныг дуустал зохион байгуулахаар төлөвлөсөн.

Энэ дагуу Улаанбаатар хотын хэмжээнд аравдугаар сарын 5-наас эхлэн доор дурдсан 10 байршилд мод тарих ажлыг зохион байгуулна.

Байршил:
1. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн
2. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас.
3. Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”.
4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”.
5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”.
6. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”.
7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам.
8. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, “УБЗАА-Мод үржүүлгийн газар”
9. Богд хаан уул ДЦГ -Уул уурхайн байгууллагууд
10. Тэрбум мод сан

Тухайн байршлуудад ажиллах хөтөч, мэргэжилтнүүд мод тарих арга хэмжээнд оролцогчдыг угтан авч, доор дурдсан чиглэлийн дагуу ажиллана гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.