Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна DNN.mn

 Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байх аж.

Нийслэл орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +11…+13 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн 1400 гаруй сургагч багш бэлтгэжээ DNN.mn

Олон нийтийн хүний эрхийн боловсрол, энэ талаарх мэдлэг, ойлголтыг нь сайжруулах шаардлагатай талаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон өчигдөр мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор байгууллага, аж ахуйн нэгжүүд, албан хаагч, ажилтнуудынхаа хүний эрхийн боловсрол, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх хүсэлтэй бол ХЭҮК-т албан бичиг илгээхийг зөвлөв. Тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу тус комиссынхон хүний эрхийн сургалтаа үнэ төлбөргүй явуулах боломжтой юм байна. Түүнчлэн ХЭҮК-ынхон 2022 оноос эхлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхэлжээ. Одоогоор 1400 гаруй сургагч багш бэлтгээд буй гэнэ. Тэд ажиллаж буй байгууллага, салбартаа хүний эрхийн сургалт явуулж, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах үүрэгтэй аж.

“Сургагч багш болсноос хойш хоёр жил орчмын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд 40 гаруй сургуульд 70-80 цагийн сургалт явуулсан. Өнөө цагт нийгмийн бүх харилцаанд, бүх салбарт хүний эрх зөрчигддөг боллоо. Миний хувьд хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ гэсэн зарчим баримталж ажилладаг. Бид сургалт явуулах байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыг эхлээд сургалтад хамруулдаг юм. Энэ судалгаанд оролцогчдын, ялангуяа хүүхдүүдийн 70-80 хувь нь хүний эрх гэж мэддэггүй. Харин 1-2 удаа сургалт явуулсны дараа хандлага нь өөрчлөгдөж, мэдлэг, ойлголт нь 60-70 хувиар дээшилдэг давуу талтай. Гэхдээ цаашид хүний эрхийн боловсролыг нэг удаагийн сургалтаар олгох бус, тасралтгүй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ерөөсөө үндэстнээрээ хүний эрхийн мэдлэг, ойлголтоо сайжруулах шаардлагатай байна. Үүнд бүх салбар, чиглэлийнхэн шат шатандаа анхаарах хэрэгтэй” гэж ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, сургагч багш Б.Ардак хэллээ.

 

Categories
мэдээ нийгэм

Сурагчид айдасгүйгээр хувцсаа солих өрөөтэй боллоо DNN.mn

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас энэ онд зарласан “Асуудлаас шийдэлд”  уралдаанд аймгийн “Тэмүүжин” ЕБС хамт олноороо оролцож, сурагчдынхаа хамгийн тулгамдсан гэж үзсэн спорт танхимын хувцас солих өрөөг  байгууллаа.

Сургуулийн багш, ажиллагсад зуны амралтын үеэр төсвөө тал бүрээс бүрдүүлж хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн спорт танхимын жижиг хоёр өрөөг нэгтгэн шинэчлэн тохижуулжээ. Өрөөний ханыг буулгаж, агааржуулалт тавихаас эхлээд тааз, хана, шал бүгдийг иж бүрнээр нь хүүхдэд ээлтэй, өнгөлөг дулаан тохитой байхаар тохижуулсан байна. Хүүхдүүд нэг зэрэг хувцсаа солих хана, хөшгөөр тусгаарласан тасалгаатай, тасалгаа болгон толь, зөөлөн сандал, хөшигтэй. Мөн хөл угаах, бие засах болон цэвэр усны өрөө, хувцасны 48 шүүгээ гээд биеийн тамирын хичээл, тэмцээн уралдаанд оролцож байгаа хүүхдүүд тухтай байх нөхцөл бүрджээ. Төсвөөс нэг ч төгрөг авалгүй өөрсдийн санаачилгаар шийдэж чадсан гэж багш нь нар танилцууллаа.

“Тэмүүжин” ЕБС-ийн захирал  М.Золзаяа энэ тухай танилцуулахдаа “Биеийн тамирын хичээл, секц дугуйлан гээд зөвхөн спорт танхимд өдөрт дунджаар 14 хичээл ордог. Нэг ээлжид 35 хүүхдүүд хичээллэдэг гэхээр 500-аад хүүхэд өдөр бүр энэ өрөөнд хувцсаа сольж байна. Сургуулийн хүүхдүүдийн нэн хэрэгтэй гэж тодорхойлсон хувцас солих өрөөний асуудлыг шийдэхэд сургуулийн эрэгтэй багш нар маш идэвхтэй оролцсон. Хүүхдүүд айдасгүйгээр амар тайван хувцсаа солих боломжийг бүрдүүллээ. Сурагчид маань их баяртай байгаа. Бүх багш, ажилтан сэтгэлээрээ хамтран ажилласныг ч хэлмээр байна.  Ер нь ерөнхий боловсролын сургуулиудад биеийн тамир, уралдаан тэмцээний үеэр хувцас солих тохитой орчин шаардагддаг. Тиймээс бидний туршлагаас санаа аваасай, дэлгэрүүлээсэй гэж хүсэж байна. Зорилгоо амжилттай биелүүлсэн нийт багш  ажилтнууддаа талархлаа илэрхийлье” гэлээ.

Дээрх санаачилгаараа  Хэнтий аймгийн “Тэмүүжин” ЕБС “Асуудлаа шийдэж чадсан шилдэг төрийн байгууллага” шагналыг авсан байна.

Сургууль гэхээр ногоон хана, хоосон коридор, зөвхөн хичээлийн танхимуудтай байдаг гэсэн  тогтсон ойлголтыг 2000 гаруй хүүхэдтэй тус сургууль халж чаджээ. Сул зай, хонгилын талбайг ашиглан кофешоп, орчин үеийн амрах өрөө шиг тохижуулсан нь хүүхдүүдийн сонирхол талархлыг хүлээжээ.  Мөн шинэ хичээлийн жилд  сургуулийнхаа бие засах бүх өрөөнд бидэ суултуур суурилуулаад байна.

Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн жишиг 30 сургуулийн нэг тус сургууль асуудлаа шийдвэрлэхдээ хамтаараа хэлэлцэн эрэмбэлж, бүгдээрээ оролцож өөрчилж, хийж бүтээдэг гээд  бусад газрууд авч хэрэгжүүлмээр сайн туршлага олон  байна.

Categories
мэдээ нийгэм

Гол, мөрөн, нууруудад усан зам тээвэр хийхийг хориглолоо DNN.mn

Усан замын тээврийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нийслэл, Архангай, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Увс аймгуудын Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд гол, мөрөн, нууруудад усан зам тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх хөвөлтийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон байдаг.

Энэ хүрээнд усан зам тээврийн хэрэгслийн хөвөлтийг нийслэл, Архангай, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Увс аймгуудад зогсоолоо.

Иймээс дээрх шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн үйлчилгээг бүрэн зогсоож, цаашид гол, мөрөн, нуурт ашиглах, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулав.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнэтуяа: Хүүхдийн эмч хоёр хүнийг эмчилдгээрээ ялгаатай DNN.mn

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн “Хүүхдийн анагаахын тэнхим”-ийн 70 жилийн ой энэ жил тохиож байна. Тэнхимийн ойн хүрээнд өчигдөр дэлхийн 10 орны хүүхдийн чиглэлийн 22 эмч, мэргэжилтнүүдийн хүүхдийн эмч нарт зориулсан сургалт, эрдэм шинжилгээний хурал хоёр өдөр болж өндөрлөлөө. Тус тэнхимийн түүх, хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн эмч мэргэжлийн онцлогийн талаар АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Г.Эрдэнэтуяатай ярилцлаа.


-Хүүхдийн анагаахын тэнхим хэдэн онд, ямар бүтэц бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байв?

-Манай тэнхим БНМАУ-ын Засгийн газрын 21 дүгээр тогтоолоор 1954 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр “Хүүхдийн ба халдварт өвчин судлалын тэнхим” нэртэйгээр байгуулагдсан. Тэр цагаас хойш эдүгээ 70 жил болж байна. Монголын хамгийн анхны анагаах ухааны эмэгтэй эрдэмтэн А.Намсрайжав тэнхимийн эрхлэгчтэй хоёр багш гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл тэнхимийн хүний нөөц хэдэн дахин нэмэгдсэн байна.

Бидний бахархан дуурайдаг Монгол Улсын гавьяат эмч, доктор, профессор Н.Гэндэнжамц, Ардын эмч, хүний гавьяат эмч Д.Малчинхүү, П.Батхүү зэрэг олон сайхан багш, үе үеийн эрдэмтдийнхээ ачаар манай тэнхим Монголдоо төдийгүй дэлхийн жишгээр хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахыг ямагт хичээн ажиллаж байна.

-70 жилийн хугацаанд өнөөг хүртэл хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ямар чухал шийдвэр, асуудлыг хөндөж байсан бэ?

-Хүүхдийн анагаахын тэнхим 70 жилийн түүхэндээ олон чухал зүйлийг гүйцэтгэж ирсэн. Одоогийн байдлаар Монгол Улсад 1000 амьд төрөлтөд тав хүртэлх насны эндэгдэл 15 байгаа. Дэлхийн дундаж эндэгдэл 22 байдаг. Хүүхдийн анагаахын тэнхимийн үе үеийн ахмад профессор багш нар хүүхдийн эмч нарыг бэлтгэж, сургаж, хүний их эмч нарыгаа хүүхдийн их эмчээр мэргэшүүлж байсан учраас Монголын хүн ам өсөж, хүүхдийн нас баралт буурсан. НҮБ-ын хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын дэлхийд хэрэгжүүлж байгаа хүүхдийн бодлогыг манай тэнхим манлайлж, түүчээлж, эмч нараа сургаж ирсэн. Тухайлбал, 1991 онд “Хүүхдийн амьсгалын замын өвчин, суулгалтаас сэргийлэх үндэсний хөдөлгөөн”, “Нярайн скрининг” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан нь эмч нараа сургах зөв бодлого мөн. Өнгөрсөн хугацаанд манай тэнхим нийт 15961 хүний их эмчид хүүхдийн эмчийн хичээлийг заасан.

-1996 онд хүүхдийн их эмчийн ангиа хаагаад 2019 оноос эхлэн хүүхдийн эмчийн мэргэжлийн ангийн элсэлтээ авч эхэлсэн. Энэ хугацаанд хүний их эмчийн хөтөлбөрт хүүхдийн эмчийн хичээл орж байсан уу?

-Хамгийн анх 1965 онд төгсөлтийн өмнөх сургалтаар хүүхдийн эмчийг бэлтгэж байсан. Нийтдээ 2300 гаруй хүүхдийн их эмчийг төгсөлтийн өмнөх болон дараахь сургалтаар төгсгөж байгаад 1996 онд дэлхий нийтийн чиг хандлагыг дагаад хүүхдийн их эмчийн ангиа хаасан. Гэвч энэ хугацаанд хүүхдийн их эмчийн зарим хичээлээ хаагаагүй. 2019 онд БСШУЯ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Хүүхдийн их эмчийн ангийг төрийн өмчийн сургуулийн дэргэд нээх” гэсэн шийдвэр гарсан. Тухайн үед би АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн захирлаар ажиллаж байсан юм. Үүнийг бид маш зөв бодлого гэж үзэн өмнөх 60 жилийн туршлага дээрээ үндэслэн хөтөлбөрөө магадлуулаад, хүүхдийн их эмчийн ангиа нээж 2024 онд эхний 21 төгсөгчөө өлгийдөж авсан.

-Бага насны, нярай хүүхэд юу нь өвдөж байгааг мэдэрч, эцэг эх, эмчдээ ойлгуулж чадахгүй учраас маш нарийн ур чадвар шаардах нь гарцаагүй. Магадгүй энэ мэргэжлийн тань онцлог мөн үү?

-Хүүхдийн эмч гэдэг бол том хүний эмчээс нэг л зүйлээрээ ялгаатай. Хүүхдийн эмч дандаа хоёр хүнийг эмчилж байдаг. Эцэг эхээс нь итгэл олж харьцааны ур чадвар байхгүй бол хүүхдийг дан ганц эмчилж чаддаггүй. Ер нь эмч хүнд мэдлэг, чадвар, хандлага гэсэн гурван зүйл заавал байх ёстой. Өөрөөр хэлбэл багш, эмч, судлаач болдог гэсэн үг. Бид үзлэг хийхдээ бүтэн биеэр нь үздэг. Арьснаас нь эхлээд яс, булчин гэх мэтээр бүх эрхтэн тогтолцоог шинжилж байж сая оношоо тавьдаг. Түүний ачаар алдахгүй оношлох боломжийг бүрдүүлж байна гэсэн үг.

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимийн доктор, профессор Р.Отгонбаяртай цөөн хором ярилцлаа.


-Монголын нийгэмд сүүлийн жилүүдэд ямар өвчлөл нэмэгдэж байна. Түүнд юу хамгийн их нөлөөлж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой харшлын өвчлөл, өсвөр насны хүүхдийн өвчлөл бол хамгийн их анхаарал татаж байгаа асуудал. Яагаад гэвэл бид олон жилийн турш тав хүртэлх насны хүүхэд дээр илүү анхаараад ирсэн. Гэтэл өсвөр насны хүүхэд өсөх явцад үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхал, эсвэл нийгмийн асуудал болох тамхи, согтууруулах ундаа гэх мэт зүйлд өртөх эрсдэл их байдаг. Тиймээс өсвөр насны хүүхдүүддээ анхаарах ёстой. Хүүхдийн цогц тусламж үйлчилгээг дэлхий нийт ярьж эхэлсэн. 0-6 насны хүүхдийн цогц тусламж үйлчилгээг дэлхийн эрүүл мэндийн байгууллага санаачлаад 2020-2023 онд зургаан улсад судалгаа хийсэн. Энэ судалгаанд Монгол Улсыг хариуцсан судлаачаар нь би ажилласан юм. Тэр зургаан тусламж үйлчилгээний чиглэл нь хүүхдийн хөгжил, боловсрол, хөгжлийн бэрхшээл, агаарын бохирдол, цэвэр усаар хангагдах, агаарын дотоод орчны бохирдолд өртөхгүй байх зэрэг маш өргөн хүрээтэй болсон учраас салбар хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг хөндмөөр байна.

-Танай салбарт тохиолдож буй бэрхшээл ямар байна. Ямар арга замыг эрэлхийлж байна вэ?

-Бидэнд тохиолдож буй бэрхшээл юу гэвэл зонхилон тохиолдож байгаа эмгэгүүдээс гадна ховор тохиолдох эмгэгүүдийг оношлох асуудал дээр манай тэнхим илүү ачаа үүрч байгаа. Түүний нэг жишиг нь “Нярайн скрининг”. Нярайг дөнгөж төрөнгүүт нь анх харахад хэвийн харагдаж байгаа боловч цаашдаа бие махбод болоод оюун ухааны эргэж буцашгүй өөрчлөлтөд орохоос өмнө эрт илрүүлээд эмчилдэг ийм аргыг хэрэгжүүлж байна.

-Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг судлаач, эмч хүний үүднээс хэрхэн харж байна вэ?

-Амьдралын хэв маяг буруу болсон учраас хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Нийт хүн амын 67 хувь нь илүүдэл жинтэй буюу таргалалттай. Ээж, аав нь амьдралын буруу хэв маягтай бол хүүхэд давхар амьдралын буруу хэвшилтэй болж төлөвшинө. Хийжүүлсэн ундаа, түргэн хоол, маш их чихэрлэг юм идэж байгаа нь өвчлөлийн суурь үндэс болж байгаа юм. Энэ бол хүүхдийн тусламж үйлчилгээний чанарт нөлөөлж байгаа дээр дурдсан зүйлс буюу зөвхөн эрүүл мэндийн биш бусад хүчин зүйлийн нөлөөг цогцоор нь харах хэрэгтэй.

-Эцэг эхчүүд маань хүүхдээ хайрлаж байна гээд амттан их авч өгдөг ч энэ нь эсрэгээрээ хүүхдээ хордуулж байгааг эцэг эхчүүд төдийлөн анзаардаггүй. Тиймээс энэ талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөөч?

-Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ хоол хүнсэнд анхаараасай гэж хэлмээр байна. Бэлэн бүтээгдэхүүнээс татгалздаг болоосой. Өдөр болгон нарийн жимс ногоо зөвлөж чадахгүй ч Монголынхоо хөрсөнд ургасан ногоо, зэрлэг жимсээрээ шүүс нухаш, цагаан идээгээр хүүхдээ хооллоосой гэж хэлмээр байна. Өдөр бүрийн үйлдэл чинь насан туршийн дархлааг бий болгодог гэдгийг санах хэрэгтэй.

-Мэргэжлийнхээ хамгийн сайхан зүйлээс дурдаач?

-Хамгийн сайхан нь хүүхэд бүр хөөрхөн. Хүүхдийн эмч хүмүүс гэнэн цайлган, хүүхдээрээ, хамт байхад эерэг, дулаахан, тухтай мэдрэмж өгдөг хүмүүс байдаг. Хүүхэд бол архаг хууч өвчин байхгүй учраас эмчилгээ нь таарвал нэг хоёр хоноод л сэргээд ирдэг. Түүнчлэн эрүүл болж байгаа хүүхдээ харах л хамгийн сайхан мэдрэмж дээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сониноор хэр сайн сурталчилна, тэр хэрээр ялалт авчирна DNN.mn

Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл өмнөх жилүүдийнхээс илүү хүчтэй сэргэж байгаа тухай олон улсын судалгаануудад дурдсан байдаг. Нэг ёсондоо сонин сэтгүүл, радио, телевизэд судалгаанд хамрагдагсдын 70-аас дээш хувь нь итгэл үзүүлдэг талаар тухайн судалгаануудад өгүүлжээ. Тоо хэзээ ч худлаа хэлдэггүй гэдэг. Тэгэхээр уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэргэлтийн үе ирж байгаа гэж ойлгож болох нь. Хэдийгээр дижитал, олон нийтийн сүлжээний мэдээллүүд хүчтэй байдлаа хадгалж байгаа ч хиймэл оюуны хэт хөгжил нь эргээд дижитал мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байгаа аж.

Ер нь яг одоогийн цаг үед аналог эргэн ирэлтээ итгэлтэйгээр хийж байгаа тухай бүхэл бүтэн ном, хэдэн арван судалгааны бүтээлүүд бий. Харин уламжлалт хэрэгслийн нэг болох сонины цахим хувилбар зах зээл дээр эрэлт нь нэмэгдэж байгаа гэнэ. Учир нь цаасаар хэвлэгдэж гардаг хувилбар нь тэр чигээрээ цахим системд ордог болохоор дижитал цаас гэж болох юм. Цахим сонин болон сайтын мэдээлэл нь хоорондоо эрс ялгаатай платформууд.

Энэ онд дэлхий дахинд маш олон сонгууль болж өнгөрлөө. Монголд ч ялгаагүй их хурлын сонгууль болж өнгөрсөн. Одоо удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. 8000 орчим мандатын төлөө 16000 гаруй нэр дэвшигч өрсөлдөнө. Ийм ширүүн өрсөлдөөнөөс шалгаран гарч ирнэ гэдэг тун хэцүү. Тэр тусмаа шинэ залуу горилогсдод. Тиймээс илүү хүртээмжтэй, итгэл үнэмшилтэй, тухайн хүнийг шууд илэрхийлж чадах цаасан хэвлэл, тэр дундаа сонин гэдэг зүйл л олонд танигдахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болно. Нэг ширхэг сонинг дор хаяж таван хүн ямар нэгэн байдлаар уншдаг тоо баримт бий. Нэгэнт хэвлэгдсэн сониныг шууд шатаахгүй л бол ямар нэгэн байдлаар гар дамжаад, эсвэл тухайн айл өрхөд байгаад байдаг давуу талтай. Тийм л болохоор шат шатны сонгуульд нэр дэвшин өрсөлдөгчид заавал сонин хэвлүүлж сурталчилгаандаа ашигладаг. Хэн нь сониноор өөрийгөө сайн сурталчилж чадна тэр хүн илүү танил болж, сонгогчдод хоногшдог, сонгуульдаа ялалт байгуулж чаддаг. Нэр дэвшигчид эртхэн нэгийг бодсон нь дээр байх аа.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хоум плаза”-гаас Дүнжингаравын уулзвар хүртэлх замын урд эгнээг өнөөдөр 23.00 цагт хаана DNN.mn

“Хоум плаза”-гийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг өнөөдөр буюу аравдугаар сарын 5-ны 23:00 цагаас хааж, шинэчилнэ.

Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 7-ны 06:00 цагт нээгдэх юм.

Харин тус авто замын хойд эгнээг аравдугаар сарын 7-ны 23:00 цагаас 8-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчлэхээр төлөвлөжээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн эмч нар Архангайд осолдсон иргэний аварчээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Эрчимт эмчилгээний тасгийн их эмч О.Гантогтох, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Э.Одонтунгалаг, жолооч н.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй алсын дуудлагын баг энэ сарын 01-ний өдөр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангитай хамтарч Архангай аймагт авто осолд орсон биеийн байдал маш хүнд өвчтөнд яаралтай тусламж үзүүлэн, амь насыг нь аварчээ.

Тухайлбал, авто ослын улмаас цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл болон олон хавирганы тогтворгүй хугаралтай, амьсгалын дутагдалд орсон уг өвчтөнд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Б.Нацагдорж, эрчимт эмчилгээний эмч н.Эрдэнэхүү, мэдээгүйжүүлэгийн сувилагч н.Даваажаргал, мэс заслын сувилагч н.Буяндэлгэр, н.Сосорбурам нартай хамтран яаралтай мэс засал эмчилгээ хийсэн байна.

Улмаар маргааш өдөр нь Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ахмад, нисэх багийн дарга, багш нисгэгч Yann Capitaine, нисгэгч Б.Сүх-эрдэнэ, инженер, дэслэгч Б.Төгөлдөр нартай хамт хүнд өвчтөнийг хот руу тээвэрлэж, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэжээ.

Одоогоор дээрх өвчтөний биеийн байдлыг тогтворжуулах болон бусад шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн дараах чиглэлийг өөрчилжээ DNN.mn

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болжээ.

Тодруулбал, Баянгол дүүрэг гуравдугаар хороо, Нарны зам, Барс захын уулзвараас Улаанбаатар төмөр замын өртөө хүртэлх авто замын хойд хэсгийг аравдугаар сарын 6-ны өдрийн 06:00 цагаас аравдугаар сарын 7-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж зам засварын ажил хийхээр болсон байна. Үүнтэй холбоотой зам хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн дараах гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ:

  • Ч:17а “Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам /их тойрог/”
  • М:5 10-р хороолол-Нарны зам-Ботаник
  • Ч:42 “Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блокыг ашиглалтад орууллаа DNN.mn

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг ашиглалтад орууллаа.

May be an image of 9 people and text

No photo description available.

May be an image of satellite dish and oil refinery