Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт сураггүй алга болсон 96 хүнийг олж тогтоожээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.09.30-аас 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд) 43805 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 600 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс,

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр 40 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 177 этгээд , сураггүй алга болсон 96 хүн, шүүхээс даалгасан 79 хүн, зөрчил үйлдсэн этгээд 35 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Categories
мэдээ нийгэм

Цахим мөрийтэй тоглоом тоглож, их хэмжээний мөнгө алдсан 27 настай эрэгтэй амиа хорложээ DNN.mn

Гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай байсан 27 настай эрэгтэй өөрийгөө боомилж, амиа егүүтгэжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагын утсанд “Жаргалант сумын дугаар тоотод манай хүргэн боомилсон байдалтай нас барсан байна” гэх дуудлага аравдугаар сарын 6-ны 15:40 цагт иржээ.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 27 настай эрэгтэй, Б нь байшингийн хөндлөвч модноос боомилж, нас барсан байдалтай байжээ. Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Талийгаач цахим орчинд мөрийтэй тоглож 10 орчим сая төгрөг алдсан асуудлаас болж гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай байсан байж болзошгүй аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад 517 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожэээ DNN.mn

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд  малчдад одоогийн байдлаар 517 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 6300 гаруй хоршоо байгуулагдаж, 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр хоршоонд элсэж зээл авсан байна.  Хөдөлмөрөөрөө хоршсон малчдын зээлийн жилийн хүү 6 хувь бөгөөд хоршоонд элссэн малчин 10-50 хүртэлх сая төгрөгийн зээлийг 3-5 жилийн хугацаатай авах боломжийг малчдад олгоод буй.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулан малчдад 2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ.

 

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК: 738 иргэнд 198 цагийн хүний эрхийн зөвлөгөө өглөө DNN.mn

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2024 оны эхний хагас жилийн байдлаар иргэдийн хүний эрхийн боловсрол, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 207 удаагийн 404 цагийн сургалтад 12023 оролцогчийг хамруулж, 738 иргэнд 198 цагийн хүний эрхийн зөвлөгөө өглөө.

Улмаар нийслэл, дүүргээс 701, аймаг орон нутгаас 194 буюу нийт 939 өргөдөл, гомдол хүлээн авав.

Энэ хүрээнд гомдол, мэдээллийн мөрөөр 25 удаагийн, Комиссын гишүүний санаачилгаар 41 буюу нийт 66 хяналт шалгалт хийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах чиглэлээр Комиссын гишүүний 3 зөвлөмж холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.

Түүнчлэн хууль тогтоомж, эрх зүйн 32 актад 162 санал хүргүүлсэн бол 17 судалгаа, 16 дүн шинжилгээний 10 ажил гүйцэтгэлээ гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтрэхийг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 8-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 09-нд Орхон-Сэлэнгийн сав газраар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтрэхийг анхааруулж байна.


2024 оны 10-р сарын 07-ны 20 цагаас 10-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг Үүр голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Монгол-Алтайн уулархаг нутгаар 7-12 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.


2024 оны 10-р сарын 09-нөөс 2024 оны 10-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 9-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Онон, Улз голын хөндийгөөр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 09-нд нутгийн зүүн хагаст, 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан байна. Аравдугаар сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар дулаарна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш гэр хороололд 405 удаа байшин шатсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Айл, өрхүүдийн пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой үнс нурам, яндангийн цонолтоос үүдэлтэй шатгаан нөхцөл зонхилж байгаа юм.

Гэр хорооллын айл өрхийн галлагаа ихэсч, гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.

Иймд

  • Пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засах
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх
  • Халуун үнс нурмыг тагтай төмөр саванд хийж таглах
  • Цахилгаанны хэт ачаалал үүсгэхгүй байх, цахилгааны утасны хэвийн ажиллагааг тогтмол шалгах
  • Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгаж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Урсгал сөрсөн жолоочийн эрхийг 3 сар хасаж, 50 мянгаар торгожээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.09.30-аас 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд) 43.805 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 600 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс дурдвал,

Цахим орчинд өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдөр “Иргэнээс ийм орк байж болохгүй, урсгал сөрөөд” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Улмаар уг мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Улмаар иргэн “Н”-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар жолоодох эрх хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Т.Доржханд: “Миний нутгийн дэгдээхэй” аянд хүүхдүүд идэвхтэй оролцож байна DNN.mn

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс экоклубын сурагчидтай хамтран 2020 оноос эхлэн зохион байгуулж буй “Миний нутгийн дэгдээхэй” аян амжилттай үргэлжилж олны талархлыг хэдийнээ хүлээжээ. Энэ аяны талаар тус байгууллагын Зүүн бүсийн салбарын Мэдээлэл харилцааны мэргэжилтэн Т. Доржхандтай  ярилцлаа.


-Энэ ямар учиртай аян вэ, дэгдээхэй гэхээр шувуу хамгаалдаг гэсэн үг үү?

– Тиймээ, хүүхдүүдийн оролцоотойгоор тогоруу хамгаалах ажил юм.

-Яагаад заавал хүүхдүүд гэж?

– Монголчууд хүүхдийг багаас нь зэрлэг амьтан, ургамлыг таньж мэдэх, хайрлан хамгаалах,  байгалийн баялгыг зохистой ашиглах арга ухаанд сургах замаар хүн байгалийн харилцан шүтэлцээг хангаж ирсэн  уламжлалтай. Олон зуун жил үргэлжилсэн энэ уламжлалыг сэргээх нь байгаль хамгаалалд маш чухал юм.  Тиймээс манай байгууллага байгаль хамгаалах экоклубын сурагчдын аливаа санаачилга, үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг. Үүний нэг нь “Миний нутгийн дэгдээхэй” аян юм.

-Гоё нэр өгсөн байна шүү?

-Тийм байгаа биз, сэтгэлд дотно, гоё сонсогдож байна гэж хүмүүс хэлдэг. Энэ санаачилга олны талархал, дэмжлэгийг хүлээж байгаа нь өөрөө том амжилт, үр дүн юм. Нэрийн санаа нь тогоруу шувууны амьдралын хамгийн онцлог үе гэж хэлж болох хосоо олж, үржилд орж, дэгдээхэйгээ бойжуулах бүх үйл явцэнд Монголд өрнөдөг. Иймд бид өөриймсөг сэтгэлийн илэрхийлэл болгож “Миний нутгийн дэгдээхэй” гэсэн нэр өгсөн юм.

-Аяны хүрээнд ямар ажил хийгдэж байна вэ, мэдээж хүүхдүүдийн оролцоо их байх?

-Тиймээ, хүүхдүүдийн оролцоо маш чухал. Манай мэргэжилтнүүд нүүдлийн ховор шувуудыг хамгаалахын ач холбогдол, шувуудад учирдаг аюул заналын талаар хүүхдүүдэд дэлгэрэнгүй танилцуулсан нь үр дүнд хүрч тэд хамгааллын ажилд  идэвхтэй оролцох болсныг онцлох нь зүйтэй болов уу.

-Тухайлбал?

– Хэнтий аймгийн Дадал сумын экоклубын сурагчдын үйл ажиллагааг онцолж болно. Тэд Эхэн бүрдийн нууранд шувуудын өндөг хамгаалах ажлыг сүүлийн гурван зуны турш  идэвхтэй хийж байна. Усны ховор шувуудын үржлийн үед, ялангуяа өндгөнд гэрийн мал, нохой сөрөг нөлөөтэйг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс сурагчид маань энэ сэдвээр малчин өрх айлуудад сурталчилгаа хийх, ажиглалт хийж тэмдэглэл хөтлөх зэргээр энгийн мэт санагдавч их  тус дэм өгч чадаж байна. Үүний ачаар малчид нүүдлийн ховор шувуудын, ялангуяа тогорууны талаар мэдлэгтэй болж хамгааллын ажлыг дэмжих болсон.

-Нохой бас сөрөг нөлөөтэй байх нь ээ?

– Тиймээ, хүмүүс энэ талаар сайн мэддэггүй. Мэдээлэлгүй байх нь өөрөө эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сул явж байгаа нохой өндгийг идэх, гэмтээх эрсдэлтэй. Тиймээс хүүхдүүдийн хийж байгаа сурталчилгаа маш чухал юм.  Тэд нуурын эргэн тойронд амьдардаг айлуудад очиж нохойгоо уявал ховор шувуудад ямар ач тустайг тайлбарласан нь тодорхой үр дүнд хүрч байгаа. Хүүхдүүд эхлээд өөрсдөө гэрийнхээ нохойг уядаг болсон нь бусдад зөв үлгэр дуурайлал болсон байх. Тиймээс зарим айл нохойгоо уях болсныг дурдаж болно. Бас нуур орчмын малын болон нохойны тоог гаргаж хэрхэн сурталчлах арга, хэлбэрээ тодорхойлдог. Хүүхдүүд ингээд сэтгэл гаргаад, идэвхтэй яваад байхаар эцэг эхчүүдийн хандлага ч сайнаар өөрчлөгдөж байна.

-Хүүхдүүд тогорууны хоёр дэгдээхэйг нисч чаддаг болтол нь ажиглаж, хамгаалсан гэж сонслоо?

-Тэгэлгүй яахав, хүүхдүүд үнэхээр идэвхтэй байгаа. Тэд нэн ховор цэн тогорууны хоёр дэгдээхийг зуны турш ажиглаж, нисч чаддаг болтол нь хамгаалж чадсан.

Ер нь зэгстэй нуур бол зөвхөн тогоруу гэлтгүй олон зүйлийн нүүдлийн шувуудын үүрлэж, үр төлөө бойжуулдаг маш чухал амьдрах орчин болдог. Тодруулбал, голын хөндийд гүехэн усаар хүрээлэгдсэн дов сондуул бүхий чийглэг газар, мөн бургасан дунд багахан тогтоол ус бүхий довцогтой орчинд үүр засдаг онцлогтой. Шувуудын үржлийн үед нууранд олон тооны мал удаан хугацаатай байлгах нь шувуудын амар амгалан байдлыг алдагдуулдаг. Тиймээс шувууд үүрлэж өндөгөө дараад эхлэхэд зэгс рүү адуу, үхрээ оруулж болохгүй, үүрийг нь сүйтгэж мэднэ, бас нохойгоо уяхгүй бол эрсдэлтэй гэдгийг тэд малчдад сайн сурталчилж байгаа.

– Эко клубын сурагчдад зориулсан “Тогоруу шувуугаа үдье” арга хэмжээг саяхан зохион байгуулжээ, энэ талаар яривал сонин байх болов уу?

– Тиймээ, эко клубын сурагчдад зориулсан нэгдсэн арга хэмжээ гэж ойлгож болно. Энэ удаа Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд дэгдээхэй хамгаалагч хүүхдүүд өнгөрсөн зун хийсэн ажлаа ярилцаж, туршлагаа хуваалцлаа. Мөн Шувуу хамгаалах төвийн мэргэжилтнүүд нүүдлийн ховор шувуудын онцлог, ач холбогдол, үнэ цэнийн талаар тайлбарласан нь хүүхдүүдийн сонирхлыг татаж чадлаа.

Ус намгархаг газар түүний ойролцоох тариан талбай бүхий газрууд нь хонин тоодог, тогоруу шувуудын хавар, намрын нүүдлийн үедээ цуглардаг, идээшилдэг гол түшиц газар байдаг.

Иргэд шувуудын эдгээр чухал амьдрах орчны талаар шинжлэх ухаанд суурилсан үнэн, зөв бодит мэдлэг, мэдээлэлгүй байгаагаас шалтгаалж сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Иймд эко клубын сурагчид болон дэгдээхэй хамгаалагч хүүхдүүдэд энэ талын мэдлэг, мэдээллийг системтэй олгох нь чухал байгаа юм.Тэд дараа нь талуудад мэдээлэл өгөх боломжтой болно.Арга хэмжээний үеэр үүнд анхаарч ажиллав.

-Хүүхдүүд шувуу ажигласан гэсэн?

-Норовлин сумын хойно Улз голын эрэг, Цагаан нуур, тариан талбай орчимд намартаа тогоруу шувууд алсын нүүдэлд бэлтгэж цуглардаг. Хүүхдүүд ажиглалтаараа тэнд 300 орчим цэн тогоруу, 700 орчим хархираа тогоруу, 30 орчим хар тогорууг бүртгэж тэмдэглэсэн байгаа. Энэ нутаг бол шувуудын хувьд намрын нүүдлийн үедээ цуглардаг, идээшилж тарга тэвээрэг авдаг түшиц газар юм.

-Хэдэн хүүхэд оролцов?

“Тогоруу шувуугаа үдье” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн хувьд “Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр”-тэй давхцсанаараа онцлог байв. Өмнөх жилд Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Батширээт сумдын дэгдээхэй хамгаалагч хүүхдүүдээс гадна “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлыг хамгаалах” төслийн зарим сумдын хүүхдүүд оролцсон. Харин энэ жил Улз гол дагуух Эрээнцав, Баян-Уул, Дашбалбар, Баяндун сумдын экоклубын сурагчдыг урьж оролцуулсан нь зүүн бүсийн хэмжээнд “Миний нутгийн дэгдээхэй” аяныг өргөжүүлэх алхам болсон ач холбогдолтой юм.

-Сонирхож асуухад, өвөг дээдэс маань нүүдлийн шувуудыг нууранд нь тайван байлга гэж захиж ирсэн гэдэг. Энэ ямар учиртай юм бол?

-Бид олон зуун жил байгальтайгаа харилцан шүтэлцэж ирсэн ард түмэн. Үүнийгээ дагаад байгаль, зэрлэг амьтдаа хамгаалах ёс уламжлал сайтай байсан. Ер нь нүүдлийн шувууд наймдугаар сар гараад алсын аянд бэлддэг. Тэгээд дэгдээхэйгээ дагуулж нуураас нисээд оройдоо буцаж ирэх нь бий. Ингэж ойр зуур нисэх  нь дэгдээхэйнд маш чухал дадлага сургуулилт болдог. Шувуудын нүүдэл бол улирлын шинжтэй хийгддэг томоохон шилжилт хөдөлгөөн учир сайн бэлдэх хэрэгтэй байдаг. Нүүдэллэх замдаа олон саад бэрхшээлтэй таарч, их зүдэрч байж зорьсон газартаа хүрдэг. Тиймээс л эцэг, өвгөд маань нүүдлийн шувуудыг нууранд нь тайван байлга гэж захиж ирсэн уламжлалтай. Энэ утгаар нь харвал “Миний нутгийн дэгдээхэй” аяны ач холбогдол их юм.

Аяныг амжилттай өрнүүлэхэд талуудын дэмжлэг маш чухал. Сум орон нутгийн удирдлагын зүгээс тодорхой хэмжээнд дэмждэг. Түүнчлэн Дадал, Норовлин, Батширээт сумдын байгаль хамгаалагчид, экоклубын багш нар идэвхтэй оролцож байгаа.Энэ аян маань цаашид олны дэмжлэгээр улам өргөжиж, амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Одбаяр: Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургуулийн уулзвар хүртэлх замыг 4 эгнээ болгож, шинэчилж байна DNN.mn

Баянзүрх дүүргийн 17, 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж байна. Үүний дараа Цагдаагийн гудамжны авто замыг шинэчлэх юм. Тодруулбал, эхний ээлжинд “Оргил” худалдааны төвөөс Хилчингийн уулзвар хүртэлх 800 метр авто замыг шинэчилнэ. Хоёрдугаарт, хилчингийн уулзвараас Офицеруудын тойрог хүртэлх авто замыг шинэчилнэ. Эдгээр замын талаар болон ойрын өдрүүдэд хийж дууссан авто замуудын талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр ““Да хүрээ” зах 1 дэх өдөр амардаг. Энэ өдрийг ашиглан Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж байна. Энэхүү 14 метр өргөн, 4 эгнээ авто замыг аравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд шинэчилж дуусахаар төлөвлөсөн. Бид аль болох хугацаанаас нь өмнө ажлыг дуусгаад хөдөлгөөнийг нээнэ. Тиймээс иргэд та бүхэн зорчих замаа төлөвлөж, хүлээцтэй байхыг хүсье. Бид зам засварын талаар мэдээллийг тогтмол хүргэж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанхуарангийн 1.5 км урт, 4 эгнээ авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ. Циркийн уулзвараас “Барс” захын уулзвар хүртэлх авто зам, Хүннүгийн гудамжны авто замын урд эгнээг шинэчилж дууслаа. Өнөөдөр Хүннүгийн гудамжны хойд эгнээг хааж, засвар, шинэчлэлт үргэлжилнэ. Ойрын өдрүүдэд нийт засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилнэ. Тиймээс хаасан замуудын талаар мэдээллийг Улаанбаатар мэдээ пэйж хуудсаас авч байгаарай” гэв.

Түүнчлэн цаг агаар шөнөдөө хасах хэм рүү орж байгаагаас шалтгаалж өдрийн цагаар замын хучилтыг хийж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

600 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.09.30-аас 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд) 43.805 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 600 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 12, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 169, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19, Өмчлөх эрхийн эсрэг 249, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 28, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 100, бусад 16 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 88.091 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 87.407 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 86.467 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 940 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2.996, Танхайрах 142, Хүний биед халдах 379, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 200, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 82.058, бусад 1.632 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 70 иргэнд 21.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 200 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 40, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 177, сураггүй алга болсон хүн 96, шүүхээс даалгасан хүн 79, зөрчил үйлдсэн этгээд 35 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх:

– Өнгөрсөн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэн “Т”-н фейсбүүк хаягт түүний хувийн мэдээллийг ашиглан зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж “З” гэгчийн хууль бус үйлдлийг тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан энэ оны 10 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

– Мөн иргэн “Х”-ийн фейсбүүк хаягийн нүүр зураг болон фейсбүүк дэх бусад мэдээллийг ашиглан 2023 оны 10 дугаар сараас “H” гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн цахим орчинд “Санхүү өгнө, авна”, “Нүцгэн зураг бичлэг зарна, чат бичээрэй…” гэх утга бүхий зарыг нийтэлж, нэр хүндэд халдсан гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж “М” гэгчийн хууль бус үйлдлийг тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай энэ оны 10 дугаар сарын 04-ны өдөр прокурорын байгууллагад шилжүүлсэн.

– Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт байх ойгоос иргэн Ж нь энэ оны 06 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр “Шинэс” төрлийн  хэрэглээний, хуурай 4,127 метр куб модыг бэлтгэж, сумын ойн санд 2.401.515 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

– Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт иргэн Б нь энэ оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “Дэрвэгэр жиргэрүү” ургамлыг түүж бэлтгэн, 2.300.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

– Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт иргэн Б нь энэ оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, 11.637.223 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

– Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрт иргэн Б нь хууль бусаар “Нэн ховор ургамлын жагсаалт”-д орсон арц ургамал түүж, бэлтгэн 32.944.920 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

– Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтад энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Иргэнээс ийм орк байж болохгүй, урсгал сөрөөд” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч иргэн “Н”-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар жолоодох эрх хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.