Categories
мэдээ нийгэм

Кибер гэмт хэргийн улмаас 87.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ DNN.mn

“Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс-2024” тайланд дурдсанаар Монгол Улс 194 орноос 103-т эрэмбэлэгдэж, 2020 онтой харьцуулахад, 17 байр урагшилсан. Гэвч цахим орчинд иргэдийн мэдээллийг хулгайлах, хууль бусаар ашиглах зэрэг зохион байгуулалттай гэмт хэрэг нэмэгджээ.

Төр захиргаа, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил, иргэн үл харгалзан дээрх халдлагад өртөж, сүүлийн таван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг 25,849-д хүрчээ. 2023 онд гэхэд дээрх гэмт хэргийн улмаас 87.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүний ихэнх нь энгийн иргэд рүү дайрсан халдлага байжээ. Учир нь нэр бүхий компани, төрийн байгууллагын нэрийг барьж, хуурамч өгөгдөл, линк, тоглоомоор дамжуулан иргэд, хуулийн этгээдийг хохироож байна. Ингэхдээ иргэдийн цахим шуудан, мессенжер, утасны дугаар руу мэдээллээ илгээхээс гадна реклам сурталчилгаагаар дамжуулан иргэдийг олзолдог. Энэ мэтээр цахим орчинд гэмт хэрэг үйлдэх арга барил улам хөгжиж, эрсдэл дагуулж байгааг олон улсын байгууллагуудаас  анхааруулдаг. Тиймээс Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлох хэрэгцээ үүссэн.

Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын санаачилгаар Оксфордын их сургуультай хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшний үнэлгээ”-г тодорхойлох судалгааг 2024 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс эхлүүллээ. Судалгаанд төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөллийг хамруулав. Урьдчилсан үр дүнг 2024 оны сүүлчээр зарлаж, олон нийтэд мэдээлнэ. Оксфордын их сургуулийн эрдэмтэд энэхүү судалгааг дэлхий даяар хийж байгаа бөгөөд Монгол Улс 95 дахь улс нь болж байна.

Тус судалгаанд Их Британийн Засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллага зэрэг олон талт эх сурвалжуудаас бүрдсэн 200 гаруй мэргэжилтний хамтран боловсруулсан загварчлалыг ашигладаг. Үр дүнг таван түвшнээр гаргаж, Кибер аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлыг тодорхойлдог байна. Ингэснээр цахим орчин дахь иргэдийн аюулгүй байдлыг хангах бодлого төлөвлөлтөд шийдэл олоход түлхэц болно гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Шалгалтаар 288 ширхэг тарваганы мах илрүүлжээ DNN.mn

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод НОБГ, НЦУГ, ЭЦА, НЭМГ, ЗӨСҮТ-ийн хамтарсан бүрэлдэхүүн наймдугаар сарын 15-наас эхлэн 24 цагаар хяналт шалгалт зохион байгуулж буй. Мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын хүрээнд 71 удаагийн үйлдлээр 288 ширхэг тарваганы мах илрүүлж Зоонозын өвчин судлалын үндэсний төвд өгч шинжлүүлжээ. Ингэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хяналт, шалгалтыг аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ хэмээн  Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь DNN.mn

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2024 оны аравдугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эхэллээ DNN.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төв бүхий барилгын ажлыг эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр барилгын төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрбээр эдийн засаг тэлэхийн хэрээр эрүүл мэндийн салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг тодотгоод Засгийн газраас хилийн чанадад эмчилгээ, үйлчилгээ авах, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай үйлчлүүлэгчдийг эх орондоо эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулах шийдвэр гаргаж, барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.  Монгол хүн эрүүл байх нь төрийн эрхэм зорилго. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн цөм ч үүн рүү чиглэж байгааг хэллээ. Мөн  улстөржилтөөс шалтгаалж томоохон төслүүд гацах ёсгүй. Хөрөнгө оруулалтуудын төсвийг бүтэн тавина. 2026 онд ашиглалтад орох энэ төслийн хүрээнд эмнэлгийн барилга, шаардлагатай эмчилгээ үйлчилгээний тоног төхөөрөмжид 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлэв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УНТЭ-ийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв өнгөрсөн 13 жилийн хугацаанд элэг, бөөр, ясны чөмөг, үе шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж ирсэн. Цаашид энэ төрлийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ шаардлага нэмэгдэх хандлагатай байгаа. Элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хүлээж буй 600 гаруй хүн байна. Энэ төв ашиглалтад орсноор тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад чухал ач холбогдолтой. Мөн уушги, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийдэг болох маш том боломж бүрдэнэ. 2011 оноос зураг төсөв нь хийгдэж, яригдаж эхэлсэн уг төвийн хөрөнгө оруулалт хамтарсан Засгийн газрын үед шийдэгдэж, барилгын ажил ийнхүү эхэлж байна. Эрүүл мэндийн салбарынхан болон ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Гадаадад энэ төрлийн мэс заслын өртөг 300-450 сая төгрөг орчим байдаг бөгөөд монголчууд 2023 онд 203 сая ам.долларыг хилийн чанадад эмчилгээ, үйлчилгээ авахад зориулжээ. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх нь эрүүл мэндийн салбарт төдийгүй эдийн засгийн хувьд гадаад валютын нөөцөө хамгаалж, дотооддоо эргэлтэд оруулах ач холбогдолтойг Ерөнхий сайд нэмж тодотгов. Мөн Засгийн газраас 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 31 эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид “Эрт илрүүлэг 2.0” болгон өргөжүүлж, орчин үеийн техник технологийн дэвшил, AI хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд онцгойлон анхаарахаа илэрхийлэв.

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийг гадаадад бэлтгэж, 2011 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийг дөрвөн ортой байгуулж байжээ.  Төвийн шинэ барилга ашиглалтад орсноор эсийн эмчилгээ болон шинэ технологи, инновацыг эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлж, хөгжүүлэх боломж нэмэгдэх төдийгүй бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг гадаадад хийлгэснээс 10-50 дахин бага зардлаар эх орондоо эмчлүүлэх нөхцөл бүрдэнэ. Мөн нэг жилд хоёр дахин олон хүнд үйлчлэх боломж бүрдэж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд 160-180 үйлчлүүлэгч хамруулна. Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчлөлийг 10 хувиар бууруулах ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шугамыг 41 жилийн дараа шинэчлэв DNN.mn

Дулааны IV цахилгаан станцын гол магистраль шугам болох 11гд шугам нь хотын дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг. Гэсэн ч 1983 оноос хойш 41 жил их засвар, шинэчлэлд ороогүй учраас элэгдэл, хорогдол ихээхэн үүссэн. Эрсдэл ихтэй шугам байсан. Тэгвэл Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шугамыг өнгөрсөн есдүгээр сард өргөтгөн шинэчилж дууслаа. Өргөтгөх ажлын хүрээнд 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос шугамаар шинэчиллээ.

11гд магистралийг өргөтгөн шинэчилсний ач холбогдол:

  • Дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэнэ.
  • Шинээр 52 Гкал/ц-ийн дулааны хэрэглээ бүхий 12 давхар, 1 орцтой, 80 орчим орон сууцны барилга, 6200 гаруй айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид нэмж холбох техникийн боломж бүрдэнэ.
  • Хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжирна.
  • Дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурч, хотын сүлжээний горим, найдвартай ажиллагаа дээшилнэ.
Categories
мэдээ нийгэм

Эрдмийн зэрэг хамгаална

МУИС-ийн ШУС-ийн Байгалийн Ухааны Салбарын Геологи Геофизикийн тэнхимийн докторант Нямсамбуу овогтой Одгэрэлийн “Чойр-Нялгын хотгорын доод цэрдийн Тэвшийнговь формацын палинологи, эртний уур амьсгалын судалгаа” сэдэвт докторын ажлын жинхэнэ хамгаалалт 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 10 цагт болно.

Хаана: МУИС-ийн хичээлийн 1-р байрны дугуй заал

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

11700 хүнийг судалгаанд хамруулснаар 18.4 хувь нь сэтгэл түгших эмгэгтэй гарчээ DNN.mn

Өнөөдөр тохиож буй Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

Энэ жилийг “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгоё” уриан дор өнгөрүүлж байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр “Ажил олгогчид ажлын байрны аюулгүй орчныг бүрдүүлж, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулснаараа бүтээмжтэй ажиллах боломжийг бий болгох ач холбогдолтой. Ингэснээр ажилчдынхаа эрүүл мэнд, тухайн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөл боломжийг давхар бүрдүүлдэг. Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах асуудал нь ажил олгогчид болон удирдлагын манлайлал, байгууллагын соёл, уур амьсгалаас хамааралтай. Тиймээс  ажилчдынхаа сэтгэл ханамжид байнга үнэлгээ өгч, ажлын байрны таатай орчныг  бүрдүүлж, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах нь зүйтэй” гэв.

Манай улсад 11700 хүнийг хамруулсан судалгаагаар 18.4 хувь нь сэтгэл түгших, 17.5 хувь органик бус нойр, 16.2 хувь архаг ядаргаа, 11.9 хувь тайлбарлаж чадахгүй биеийн зовуурь, 6.4 хувь нь архинд донтох, 6.2 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гэж гарчээ.

Categories
мэдээ нийгэм

“Хас”-ын Ч.Ганхуяг, түүний дүү Ч.Золбоо нарт 5.3 сая төгрөгийн торгох ял ногдуулжээ DNN.mn

Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг, түүний дүү Ч.Золбоо нар хоёр жилийн өмнө нэгэн эмэгтэйг зодож, биед нь гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан.

Тэгвэл өнөөдөр тус хэрэгт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, тэднийг гэм буруутайд тооцон Ч.Ганхуягт 1.35 сая төгрөгийн торгох ял, дүү Ч.Золбоод дөрвөн сая төгрөгийн торгох ял ногдуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна DNN.mn

Цахим орчинд цацагдсан байрны орцонд хүүхэд алгадаж, биед нь халдаж буй бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явууллаа.

Шалгалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд 16 настай “Т”-г, үл таних 15-16 орчим насны эрэгтэй хүүхэд алгадаж, зодсон нь тогтоогдсон.

Бусдын биед халдаж буй иргэнийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчидтай хамтран ажиллаж 16 настай “А” үйлдсэнийг тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Асрамж, халамжийн төвд 974 хүүхэд амьдарч байна DNN.mn

Монгол улсын нийт хүн ам 3.504.741. Үүнээс 0-18 насны хүүхэд 38.8 хувь буюу 1.360.055 байна.

Хөгжлийн бэрхшээлтэй нийт 111.228 иргэн байгаагийн 10.8 хувь буюу 12.000 нь хүүхэд байна. Мөн 974 хүүхэд асрамж, халамжийн төвд амьдарч байна. Одоогоор 50.519 хүүхэд хүнсний эрхийн бичигт хамрагддаг.