Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: “Цахилгааны үнэ нэмэгдвэл бид улам сөхөрч туйлдана” гэж иргэд бухимдаж байна DNN.mn

“Монгол Улс 2025 он гэхэд тарифын шинэчлэл хийхгүй бол цахилгаан эрчим хүчний салбарт 825 тэрбум төгрөгийн санхүүгийн алдагдал хүлээхээр байна” гэж Дэлхийн банк мэдээлсэн. Иймд ирэх сарын нэгнээс цахилгааны үнийг 30 хувь, дулааны үнийг 50 хувиар нэмэхээр болсон тухай яригдаж байна. Хэрэв энэ шийдвэр хүчин төгөлдөр болбол та сард тогны мөнгөнд 50 мянган төгрөг төлдөг байсан бол 65 мянган төгрөг төлнө. Дулаанд 200 мянган төгрөг төлдөг байсан бол 300 мянгыг төлдөг болох нь. Энэ асуудлаар гэр хорооллын айл өрхүүдээс сурвалжилга бэлтгэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны иргэн Б.Ганчимэгийн гэрт очлоо. Тэрээр тог цахилгааны үнэ нэмэгдэнэ гэх мэдээллийг хэдийнэ авчээ. “Ард иргэд бид чинь үнийн өсөлтөд сөхөрч туйлдлаа. Яасан иргэдээ боддоггүй хатуу харгис төр засаг вэ. Юм л бол татвар нэмнэ, юмны үнэ нэмнэ гэж иргэдээ чангалж байх юм. Ийм төр засагтай байгаадаа гутарч байна.

Энэ өвөл өмнөх жилүүдээс хүйтэн болох байдал мэдрэгдээд байна. Намрын сэрүүн их эрт унасан. Хүйтэн өвөл айсуй энэ баргар өдрүүдэд цахилгааныхаа үнийг бүр 30 хувиар нэмнэ гэж ярьж байгаа нь яс янгинамаар санагдаж байна” хэмээн ихэд бухимдан угтсан юм. Тэднийх хоёр өрөө байшинтай. Байшинд ороход гал түлсэн, дулаахан байлаа. Цаад талынх нь өрөө рүү ороход дээрээ хоёр ширэмтэй халдаг плитка, мөн та бидний нэрлэж заншсанаар тень буюу цахилгаан халаагуур хоёрыг өрөөний голд зэрэгцүүлэн тавьжээ.

Өмнөх жилүүдэд тэднийх гал түлэхгүйгээр плитка, тень хоёроо залгаад л өвлийг өнтэй давдаг байж. Эднийх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 135, арванхоёрдугаар сард 180, энэ оны нэгдүгээр сард 170, хоёрдугаар сард 125 мянган төгрөгийг цахилгааны төлбөрт төлжээ. Эдгээр мөнгөн дүн нь Засгийн газрын зүгээс үзүүлдэг цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтийг хасаж тооцсон дүн гэдгийг хэлэх нь зүйтэй.

Харин энэ жил цахилгааны тариф нэмэгдэх гэж байгаа учраас гал түлэхээр шийдсэнээ гэрийн эзэгтэй хэлсэн юм. Тэднийх сургуулийн насны гурван хүүхэдтэй. Гэрийн эзэгтэй өвлийн улиралд 06:30 цагаас ажилдаа гардаг. Өмнө нь цахилгаанаар гэрээ халаагаад ажил руугаа явдаг байсан бол энэ жилээс эхлэн хүүхдүүдээ босохоос өмнө гал түлэх хэрэгтэй болж байна. Гэрээ цахилгаанаар халаадаг байхад хүүхдүүд маань гэртээ дулаахан байгаа гэж бодон санаа амар ажлаа хийдэг байсан. Харин энэ жил цахилгаан халаагуураа шаардлага гарсан үедээ л ашиглахгүй бол тогны мөнгийг нь төлж дийлэхгүй юм байна. Цахилгааны тарифаа сар бүрийн 25-наас өмнө төлөхгүй бол тог тасалчихна. Тасарсан тогоо тав, арван цаас төлөөд мэргэжлийн хүн ирж залгаж өгдөг хэмээн тэрээр ярьсан юм.

Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны иргэн Д.Амарсайхан “Цахилгааны тарифыг 30 хувиар нэмж байгаа нь туйлын буруу шийдэл. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар 10 мянган айлыг орон сууцжуулна, цахилгааны үнийг нэмэхгүй гэсэн ч юу ч хийгээгүй. Удахгүй аймаг, дүүрэг, сумдын ИТХ-ын сонгууль болох гэж байна. Цахилгааны асуудлыг хөндөж байгаа ганц ч хүн алга. Бүгд эрх мэдэл, албан тушаалын тухай л бодож байгаа. Дөрвөн жилийн дотор тэтгэвэр нэмснээс өөр дорвитой, бодитой ажил бага хийлээ. Цахилгаан, дулааны үнэ нэмэгдчихвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бензин шатахууны үнэ бүгдээрээ өснө. Энэ нь нэг талаараа хувийн компани, ААН-үүдэд хүнд цохилт болно. Засгийн газар цахилгааны үнийг нэмэхгүй байх тал дээр нөөц бололцоогоо дайчилж ажиллаасай гэж хүсэх байна” гэсэн юм. Мөн гал түлэхийн тулд сайжруулсан түлш, түлээ худалдаж авах хэрэгтэй болно. Нэг өрхөд долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш өгдөг. Нэг шуудай түлш 3750 төгрөг. Нэг шуудай нүүрс нэг өдөртөө л дуусчихдаг. Идэр есийн үеэр долоо хоногт зургаан шуудай нүүрс хаанаа ч хүрдэггүй гэж иргэд ярьж байсан юм. Үүнээс гадна түлээний үнэ хүйтрэх тусам нэмэгддэг талаар иргэн н.Арилды хэлэв. Тэрээр “Энэ зун Хангай захаас нэг шуудай модыг 7000 төгрөгөөр авсан. Гэтэл 14 хоногийн өмнө 7500, долоо хоногийн өмнө 8000 төгрөг болж нэмэгдсэн. Өвлийн улиралд түлээний үнэ 15000 хүрдэг. Нэг шуудай мод өвлийн улиралд ихдээ 2-3 хоног л хэрэглэгддэг. Эндээс нэг тооцоолол гарч байгаа юм. Нэг айл сарын хэрэгцээндээ зориулан 24 шуудай сайжруулсан түлшийг 90 мянган төгрөг, 15 шуудай модыг нэг бүрийн үнийг 15 мянган төгрөгөөр тооцож авбал 225 мянган төгрөг, нийт 315 мянган төгрөгөөр худалдан авна. Энэ мөнгө айл өрх бүрийн хувьд харилцан адилгүй хэмээн өгүүллээ.

Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны ахмад настан Б.Оролзод “Энэ шийдвэрийг би огт зөвшөөрөхгүй байна. Энэ асуудлаар ард түмнээс санал асуулга авбал нэм гэх хүн ховор л байх. Амьдрал хэцүү байна шүү дээ. Манайх өвөлдөө галладаг. Сард 45 мянга гаруй төгрөгийг цахилгааны төлбөрт төлдөг. Хэрэв үүнийг 30 хувиар нэмбэл сард 60, 70-аад мянган төгрөгийг төлнө гэсэн үг. Манайд хөгшин бид хоёр л амьдардаг. Тэтгэврийн зээл авах хэрэгцээ шаардлага гардаг ч огт авалгүй өдийг хүрсэн. Баяр наадмын үеэр тэтгэврийн мөнгө маань хаанаа ч хүрэлцдэггүй. Цагаан сар тэмдэглэх гэж үйлээ үздэг. Бид чинь үр хүүхдээ зулгааж чадахгүй юм байна шүү дээ. Хөгшин бид хоёр тэтгэвэр буухаар 25 кг-ын нэг шуудай гурил авчихдаг. Тэр гурилаараа талх, боорцогоо хийгээд идэхээр ядаж л талханд мөнгө үрэхгүй юм даа. Би ходоодны шархтай учраас аргагүйн эрхэнд энэ сард 14 хоног эмнэлэгт хэвтлээ. Эмчлүүлээд гарахад эмч 316 мянган төгрөгийн эм бичиж өгсөн. Энэ мөнгөө жаахан ч болов хөнгөлүүлэх санаатай өрхийн эмч дээрээ очиход ганцхан эм нь л хөнгөлөлттэй байсан. Манай ард түмэн дэндүү номхон юм даа” гэсэн юм.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Ариунаа “Цалингаас хуримтлал үүсэхгүй байна. Саяхан миний цалин буулаа. Ингээд би лизинг, тог, телевиз гээд бүх төлбөрөө төлчихөөд дэлгүүр ороод охиныхоо дуртай “Өгөөж”-ийн Жимст боорцогийг авах гэтэл 7500 төгрөг байсан боорцог найман мянга хэдэн зуу болчихсон байсан.

Манай тогны мөнгө дулааны улиралд 50 мянга гаруй төгрөг, хүйтний улиралд 70 мянган төгрөг болдог. Хэрэв нэмэгдвэл 100 мянга хүрэх нь байна шүү дээ. Охин маань ханиадтай байгаа. Өвөл эхлээгүй байхад л нөхцөл байдал ийм байна шүү дээ. Би хүүхдээ эмнэлэгт ч үзүүлж чадахгүй байна. Хэвт гэх юм болов уу гэж айгаад. Хэрэв эмнэлэгт хэвтвэл ажил тасалдаад цалин мөнгөө бүтэн авч чадахгүй. Тиймээс гэрээр эмчлээд л байж байна. Нэг хүүхэд ханиад хүрвэл бусад нь бас ханиад авчихна. Эмийн сангаас нэг хүүхдэд ханиадны эм авахад багадаа л 30 мянган төгрөг болдог. Манайх амралтын өдрүүдээр байранд амьдардаг эгчийндээ очиж усанд орж, хувцсаа угаадаг. Гэтэл одоо цахилгаан, дулааны мөнгө нэмэгдчихээр очихоосоо ч санаа зовж байна. Гэр хорооллын хүмүүс яг үнэндээ амьжиргаагаа яая даа гэж байгаа хүмүүс байдаг. Хоолгүй хонож байгаа хүмүүс олон байгаа. Цахилгааны үнэ нэмэгдвэл ард иргэдийн нуруун дээр ямар их ачаалал ирэхийг шийдвэр гаргагчид доторлох битгий хэл гадарлах ч үгүй байна гэж харж байна” гэсэн юм.

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Доржхүү “Манайх Баянхошуунд хоёр давхар амины орон сууцтай. Өвөлд байшиндаа галлагаа хийхгүйгээр цахилгаанаар халаадаг. Тэгэхэд 400 мянга гаруй төгрөгийг тогны мөнгөнд төлдөг. Ажил хийж байгаа юм хойно өвчин зовлонд өгөхгүй байгаа юм байна гэж бодоод нүдээ аниад л төлдөг. Гэтэл энэ өвлөөс 500 мянга гаруй төгрөг төлөх шаардлагатай болох юм байна” гэв.

Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны иргэн Б.Болдбаяр “Цахилгааны тариф хямдхан байдаг бол халаалтаа тогоор шийдмээр байна. Тогны мөнгө нэмэгдээд

халаалтаа цахилгаанаар шийддэг болбол амь зуух мөнгө үлдэх юм уу. Манайх зургаан ам бүлтэй. Өрхийн нийт орлогоо ам бүлийн тоондоо хуваавал нэг хүнд үнэндээ тураалд орохоор мөнгө оногдож байна. Сарын өмнө дэлгүүрээс 100 мянган төгрөгөнд хүнс авахад тор дүүрдэг байсан бол одоо тор дүүрэхгүй байна. Байгууллагууд ч ажилчдадаа хугацаанд нь цалинг нь өгч чадахааргүй нөхцөл байдал үүсэхэд ойрхон байна. Ийм нөхцөлд цалингаа нэм гэж хэлэх арга алга. Цалин нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсчихдөг болохоор нэмэгдээд ч нэмэргүй дээ. Манай гэрийн ойролцоох дэлгүүрүүд талх хувааж зараад эхэлчихсэн байна лээ” гэсэн юм.

Бидний уулзсан хүмүүс дотор баяртай байгаа хүн ганц ч байсангүй. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлбэл олон айл өрх цахилгаан халаагуураа хэрэглэхээ больж сайжруулсан түлшээ түлж эхлэх нь мэдээж. Үүнийг дагаад хүүхэд гэлтгүй ханиад томууны дэгдэлт өснө. Мөн тог, дулаан ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэрүүд урсгал зардлаа нөхөхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ үнэ өртгийг нэмэх нь гарцаагүй. Нийгмийн

бүх хэсэгт ачаалал очно. Энэхүү хүнд нөхцөлд энэ шийдвэрээ дулааны улиралд хэрэгжүүлээд өвөлд нь цахилгаан, дулааны тарифаа нэмэхгүй байж болдоггүй юм болов уу гэж цөхөрсөн иргэд ам асууж байлаа.

Гэр хороололд гурван хүүхдийнхээ хүүхдийн мөнгө болох 300 мянган төгрөг, “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50 мянга, нийт 350 мянган төгрөгөөр амьдардаг өрх толгойлсон ээжтэй таарлаа. Нөхөр нь сар хагасын өмнө салаад явчихсан. Түүнийг хөдөлмөрийн чадвартай гэж үзээд төрөөс хүнсний талон өгөхөө больчихсон гэнэ. Дөрвөн сартай хүүхдээ хараад гэртээ суудаг энэхүү ээж сард 315 мянган төгрөгөөр түлш, түлээгээ аваад үлдсэн 35 мянган төгрөгөөр нь яаж амьдрах юм бэ гээд хоолой нь зангирч байсан юм.

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Өмгөөлөгч М.Хандармаа: Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг заавал шүүхээр орж шийдэгддэг болсон DNN.mn

2024 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 32.492 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаагийн 87 хувийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэг эзэлжээ. Сүүлийн үед цахим сүлжээнд олон нийтийн газар танхайрч, бухимдлаа илэрхийлэх хүчирхийллийн үйлдлүүд ихээхэн тархаж байна. Энэ нь ямар шалтгаантай, нийгэмд хэрхэн нөлөөлж буй талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч М.Хандармаатай ярилцлаа.


-Сүүлийн үед бусдын биед танхайрах зэрэг хүчирхийллийн үйлдлүүд олон нийтийн сүлжээнд ихээхэн харагдах боллоо. Эдгээр үйлдлийг таслан зогсоох, бууруулахад хууль эрх зүйн тогтолцоо ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Зөрчлийн шинжтэй маргаан нийт гэмт хэргийн ихэнх хувийг эзэлдэг. Сүүлийн үед цагдаагийн газраас камержилтыг ихээхэн байрлуулж байгаа. Иргэд байнга утастай явж буй учраас нийгмийн болж бүтэхгүй, ёс суртахуунгүй асуудлыг шууд бичлэг хийж, цахим орчинд нийтэлдэг болсноороо энэ асуудалд хүмүүс илүү их анхаарч байгаа. Бусдаар бол зөрчлийн болон хөнгөн гэмт хэргийн шинжтэй маргаан байнга гарч байдаг. Хүмүүс уурласан үедээ сүүлд гарах үр дагаврыг тооцоолоогүйн улмаас бусдын биед халдах, ёс суртахуунгүй байдлаар өөрийгөө харуулах үйлдлүүдийг гаргаж байна. Хууль эрх зүйн хүрээнд хохирогчийн бие болоод сэтгэл санаад хэр их хохирол учирсан эсэхээс шалтгаалан зөрчлийн тухай хуулиар зохих хэмжээнд торгож, хэргийг хянан шийдвэрлэдэг.

-Зөрчлийн хуулиар шийдвэрлээд дахиж ийм асуудал гаргахгүй гэсэн үндэслэл байдаг уу?

-Тухайн хүний ухамсар, уураа барих чадвараас л шалтгаална. Дахиад хөнгөн гэмтэл, гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн үндэслэл байхгүй. Ухамсаргүйн үүднээс бие биедээ түргэн зуурын уур бухимдлаас болж гэмтэл учруулах нь тухайн хүний тэвчээр, ухамсраас шалтгаална.

-Хүний амар тайван, аюулгүй амьдрах эрхэд халдаж байгаа цаад шалтгаан нь юу вэ. Хүмүүсийн сэтгэл зүй, орчны стресс бухимдал нөлөөлж байна уу?

-Хүмүүс маш их ууртай байна. Хоёр машин хоорондоо шахалдсан байсан ч гарч ирээд зодолдох хэмжээний ийм бухимдалтай байна. Энэ бухимдлын үр дагавар өөрт нь хохирол учруулж байгаа учраас багахан хэмжээний уураа тэвчиж асуудлыг эергээр харж сурах хэрэгтэй. Мэдээж нийгмийн асуудал болох түгжрэл, утаа, хүмүүсийн хандлага нөлөөлж байгаа ч өөрийн эрхийн төлөө бусдыг эрхийг зөрчинө гэдэг бол хамгийн том анхаарах ёстой асуудал.

-Өнгөрсөн сард цахим орчинд тараад байсан Манлай уяач Т.Галбадрах олон нийтийн газар бусдыг зодсон гэх бичлэг цахим орчинд тархсан. Цагдаагийн байгууллагаас хохирогч иргэний биед гэмтэл учирсан гэж үзэн яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Энэхүү кейс гэхэд уур бухимдлаа тэвчиж чадалгүй, эцэст нь өөрт хохирол учрахыг мэдэхгүй бусдад гэмтэл учруулсан жишээ болж байна?

-Танхайрах зөрчил нь хариуцлагын хэмжээнд зөрчлийн тухай хуулиараа 100 нэгжээр торгодог. Зарим хүмүүст бол хэтэрхий бага мөнгө санагдаж байгаа. Гэхдээ энэ зөрчил нь бусдын биед гэмтэл учруулсан учраас хуулийн дагуу хариуцлага хүлээх хэрэгтэй. Энэхүү хэрэг юунаас үүдэлтэй вэ гэвэл тухайн хүний ухамсар, үг, үйлдлээ захирч чадахгүй байгаагийн үр дагавар болж байгаа юм. Зарим тохиолдолд хохирогчийн биед ямар нэгэн хохирол учирсан нь тодорхойгүй байдаг. Хохирогчийн биед гэмтэл учраагүй улмаас эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол гэж тооцож авах боломжгүй. Сэтгэл санааны хохирол бол гэмт хэргийн улмаас учирсан тохиолдолд хохиролд тооцдог. Зөрчлийн хэрэг дээр бол хохирогчид холбогдогчоос мөнгө авах хуулийн зохицуулалт байхгүй. Хуулиараа 100 нэгжээр торгоод, төрийн санд мөнгөө тушаагаад явчихаж байгаа.

-Энэ талаар иргэдийн анхан шатны хуулийн мэдлэг хэр байдаг вэ?

-Иргэд хуулийн мэдлэг маш багатай байдаг. Гэмт хэрэг, зөрчилд холбогдсоныхоо дараа хуулийн мэдлэггүйгээсээ боллоо гэж ямар ч маргаан дээр ярьдаг. Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс иргэдэд байнга хууль эрх зүйн боловсрол олгох аяныг зохиодог. Үүн дээр тухайлан иргэд анхаардаггүй. Орчин үетэйгээ хөл нийлүүлсэн байдлаар иргэдийн хууль эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа хөтөлбөрүүд хийвэл зүгээр байх. Төрийн байгууллага, Хууль зүйн яамнаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар үйл ажиллагаанууд хийгээд байгаа боловч иргэдэд дорвитой хүрэхгүй байна.

-Бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг заавал шүүхээр орж шийдэгддэг болсноороо цагдаагийн мэдээллийн санд бүртгэл үүсдэг болсон. Энэ нь тухайн хүний цаашдын хувийн амьдралд нөлөөлж байгаа байх?

-Өмнө нь цагдаа, прокурор дээрээ хаагддаг байсан бол одоо заавал шүүхээр орж шийдэгддэг болсон. Тэр утгаараа цагдаагийн мэдээллийн санд гэмт хэрэгт холбогдож байсан гэсэн бүртгэл үүсдэг болсон. Хэдийгээр торгуулийн ялтай ч тухайн хүний гэмт хэргийн мэдээлэл орж байгаа учраас дараа дараагийн эрх зүйн байдалд нөлөөлж байгаа. Төрийн албанд ажилд орох, визэнд орох, гадагшаа сурах гэх мэт хувийн байдал дээр маш их нөлөөлж байгаа. Тиймээс хүмүүс энэ төрлийн зөрчлийг аль болох гаргахгүй байх хэрэгтэй.

-Хамгийн их үйлдэгддэг зөрчил маргаан юу байдаг вэ?

-Гэмт хэргийн хувьд танхайрах, хөнгөн гэмтэл учруулах, машинаараа хүнийг шүргэх, гэр бүлийн маргаанууд их тохиолддог. Эдгээрээс хамгийн их ирж байгаа хэрэг нь гэр бүлийн маргаан, дараа нь хүний биед хөнгөн гэмтэл учруулах байдаг. Стресс, уур бухимдалтай байна гээд хүнд гэмтэл учруулж, бусдад халдаад байвал өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулаад “адгийн зарга арав хоног” гэдэг шиг шүүхээр явна.

Г.Балгармаа

 

Categories
мэдээ нийгэм

Аппликейшнээр 5009 иргэн нийт 320.5 сая төгрөгийн шимтгэл төлжээ DNN.mn

ЭМД-ын шимтгэл төлөлтийн статистик мэдээллийг танилцуулж байна. Өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны аравдугаар сарын 5-10-ны өдрийн 14:00 цагийн байдлаар:

И-баримт гар утасны аппликейшнээр 5009 иргэн, 5328 удаагийн гүйлгээгээр нийт 320.5 сая төгрөгийн шимтгэл төлжээ.`

И-Монголиагаар 992 иргэн, 1090 удаагийн гүйлгээгээр нийт 62.9 сая төгрөгийн шимтгэл төлсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Олон улсын охидын өдөр” DNN.mn

Өнөөдөр Олон улсын охидын өдөр бөгөөд 2012 онд энэхүү өдрийг тэмдэглэж байхаар НҮБ-аас тунхагласан юм.

НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан статистик мэдээллээр дэлхийн 20-24 насны бүсгүйчүүдийн гуравны нэг нь хүчээр айлын эхнэр болж тэднийг 15 нас хүрээгүй байхад нь эрд гаргасан байдаг аж. Мөн 20-49 насны эмэгтэйчүүдийн 41 хувь буюу 400 сая нь 18 нас хүрээгүй байхдаа айлын эхнэр болсон байдаг гэнэ. Ийм тохиолдол ихэвчлэн Өмнөд Азид /46 хувь/, Африкийн Сахарын цөлөөс урагш орших орнууд /37 хувь/, Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын орнуудад /29 хувь/ бүртгэгдсэн байна.

Харин Европын Холбоо болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад ийм тохиолдол 11 хувьтай байдаг аж. Насанд хүрээгүй эмэгтэйтэй гэрлэхийг НҮБ-ын гишүүн 193 орны 103 нь хоригложээ. Гэсэн ч жил бүр 10 сая охид, бүсгүйчүүд насанд хүрээгүй байхдаа хүчээр гэр бүлийн амьдралаа эхлэхэд хүрдэг байна. Зарим оронд охидоо найман нас хүрэнгүүт хүний эхнэр болгох явдал өнөөдөр ч байсаар байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Татвараас зайлсхийж 470 тэрбум төгрөгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэргийг шалгаж байна DNN.mn

Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаагаа явуулсан гэмт бүлэглэлийг илрүүлэн шалгаж байна. Татварын ерөнхий газрын ажилтан нь урьд татварын байгууллагад ажиллаж байгаад халагдсан иргэдтэй бүлэглэн Монгол Улсын төсөв бүрдүүлэлт, засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуй нэгж үүсгэн байгуулж, 300 орчим аж ахуйн нэгжид 470 орчим тэрбум төгрөгийн хий бичилт бүхий санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн зохион байгуулалттай гэмт бүлгийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Тус бүлэглэл нь 2018 оноос хойш үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж, их хэмжээний хууль бус орлого олж улсад ногдох татварын хэмжээг бууруулан, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэргийг тогтмол үйлдэж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрснийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйл /Татвар төлөхөөс зайлсхийх/-д татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Өмнөд Солонгосын зохиолч Хан Канг Нобелийн утга зохиолын шагнал хүртлээ DNN.mn

Энэ жилийн Нобелийн Утга зохиолын шагналын эзнээр Өмнөд Солонгосын зохиолч Хан Кан тодорсныг энэхүү нэр хүндтэй шагналыг олгодог Шведийн академи өчигдөр зарлалаа. Ийнхүү Хан Кан Нобелийн Утга зохиолын шагналыг гардан авсан анхны ази эмэгтэй болж түүхэнд бичигдэж байна. Мөн энэхүү шагналыг хүртсэн 18 дахь эмэгтэй юм.

1970 онд төрсөн Хан Кан 1993 оноос уран зохиолыг сонирхож эрчимтэй уран бүтээл туурвиж эхэлсэн. 2007 онд “Цагаан хоолтон” номыг нь бичсэн нь дэлхийн уран зохиолын өв санд томоохон шинэчлэл хийсэн онцлох бүтээл болсныг утга зохиол судлаач, шүүмжлэгчид дүгнэдэг.Энэхүү зохиол нь түүний хувьд англи хэлнээ орчуулагдсан анхны бүтээл боловч асар их амжилт дагуулж 2016 онд International Booker Prize олон улсын шагналыг анх удаа эх орондоо авчирч байжээ. Хан Канг “Цагаан хоолтон”-оос гадна “The White book”, “Human acts” зэрэг бүтээлийг туурвисан нь хүний бие мах бодь, сэтгэл зүй, оюун санааны хоорондын холбоо хамаарлыг өвөрмөцөөр илэрхийлсэн онцгой ач холбогдолтой хэмээн үнэлэгддэг.

Шведийн Академийн Нобелийн хороон дарга Андерс Олссон “Хан Канг бие ба сүнс, амьд ба үхэгсдийн хоорондын уялдаа холбоог өвөрмөц ухамсарлаж, яруу найргийн болон туршилтын хэв маягаараа орчин үеийн зохиолд шинийг санаачлагч болсон” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Зохиолч Хан Нобелийн шагналтан болсноо мэдэх үедээ оройн хоолоо идэж байсан бөгөөд ихэд гайхаж бас талархалтай хүлээн авсан тухайгаа “”Ройтерс” агентлагт ярьжээ. Сонирхуулахад, түүний аав Хан Сьён Вон мөн алдартай зохиолч аж.

 

Эх сурвалж: zms.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын нүхэн эвдрэлийг халуун асфальтбетоноор нөхөж байна DNN.mn

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 138-131 км-т зорчих хэсгийн нүхэн эвдэрлийг халуун асфальтбетоноор нөхөх ажил хийгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Сүнжин Гранд”-ын хойно байрлах үерийн хамгаалалтын далангийн ажил 90 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Өнгөрсөн 2023 оны үер болон энэ зуны хүчтэй борооны улмаас Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын зарим даланд эвдрэл үүссэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийт есөн байршилд үерийн хамгаалалтын даланг үе шаттай засварлаж байна. Энэ талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.

Тэрбээр “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Сүнжин Гранд”-ын хойно байрлах үерийн хамгаалалтын босоо түшиц хана өнгөрсөн зуны үерийн улмаас нурсан. Уг хэсэгт 40 метр өндөр, 30 метр өргөн, 20 см зузаан босоо түшиц ханыг барьж, ажил 90 хувьтай үргэлжилж байна. Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил нийт есөн байршилд үерийн хамгаалалтын даланг засварлаж, зарим байршилд шинээр барьж байгаа. Бид далангийн ажлуудыг хүйтрэхээс өмнө буюу арваннэгдүгээр сарын 10-наас өмнө дуусгахаар шуурхай ажиллаж байна” гэв.

Мөн энэ жилдээ үерийн байгууламжийн ажлуудыг бүрэн дуусгахгүй бол ирэх хаврын шар усны үерийн үеэр нэмж эвдрэх эрсдэлтэй. Тэгвэл засвар үйлчилгээнд ч зардал их орох учраас аливаа эрсдэлээс сэргийлж энэ ондоо багтааж ажлуудыг дуусгахыг албаны хүн онцолж хэллээ. Үргэлжлүүлэн Соёмботой хөшөөний хойно, Энхтайвны гүүрний доод талд, 25 дугаар эмийн сангийн хойд талд, Ганц худаг, Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоох үерийн далангуудыг яаравчлан засаж, шинэчилж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмийн бүртгэлд бүртгэгдсэн 4110 эмээс 1100 гаруйг нь жоргүйгээр олгож байна DNN.mn

Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт, Зохицуулалтын Газраас мэдэгдэл гаргажээ.

Хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор “бүх эмийг жороор олгоно” гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд бий болж байна гэж Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт, Зохицуулалтын Газар (ЭЭХХЗГ)-аас залруулга гаргажээ.

May be an illustration of text

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр зургаан байршилд зам хааж, засварлана DNN.mn

Өнөөдөр /2024.10.11/ орой 23:00 цагаас нийслэлийн дараах зургаан байршилд зам засварын ажил эхэлж, хөдөлгөөнийг хаах юм байна.

  1. Хөшигийн хөндийн хурдны замаас Архивын ерөнхий Газар хүртэл
  2. Яармагийн “Food city”-гээс баруун тийш замын
  3. Гадаад Харилцааны Яамнаас Олимпын гүүр хүртэл
  4. Хоум плазагийн уулзвараас Имартын уулзвар хүртэл
  5. Вокзалын уулзвараас Барс захын уулзвар хүртэл
  6. Налайхын уулзвараас Скай ресорт хүртэлх замуудын хөдөлгөөнийг хааж, засвар, шинэчлэл хийнэ.