“Монгол Улс 2025 он гэхэд тарифын шинэчлэл хийхгүй бол цахилгаан эрчим хүчний салбарт 825 тэрбум төгрөгийн санхүүгийн алдагдал хүлээхээр байна” гэж Дэлхийн банк мэдээлсэн. Иймд ирэх сарын нэгнээс цахилгааны үнийг 30 хувь, дулааны үнийг 50 хувиар нэмэхээр болсон тухай яригдаж байна. Хэрэв энэ шийдвэр хүчин төгөлдөр болбол та сард тогны мөнгөнд 50 мянган төгрөг төлдөг байсан бол 65 мянган төгрөг төлнө. Дулаанд 200 мянган төгрөг төлдөг байсан бол 300 мянгыг төлдөг болох нь. Энэ асуудлаар гэр хорооллын айл өрхүүдээс сурвалжилга бэлтгэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны иргэн Б.Ганчимэгийн гэрт очлоо. Тэрээр тог цахилгааны үнэ нэмэгдэнэ гэх мэдээллийг хэдийнэ авчээ. “Ард иргэд бид чинь үнийн өсөлтөд сөхөрч туйлдлаа. Яасан иргэдээ боддоггүй хатуу харгис төр засаг вэ. Юм л бол татвар нэмнэ, юмны үнэ нэмнэ гэж иргэдээ чангалж байх юм. Ийм төр засагтай байгаадаа гутарч байна.
Энэ өвөл өмнөх жилүүдээс хүйтэн болох байдал мэдрэгдээд байна. Намрын сэрүүн их эрт унасан. Хүйтэн өвөл айсуй энэ баргар өдрүүдэд цахилгааныхаа үнийг бүр 30 хувиар нэмнэ гэж ярьж байгаа нь яс янгинамаар санагдаж байна” хэмээн ихэд бухимдан угтсан юм. Тэднийх хоёр өрөө байшинтай. Байшинд ороход гал түлсэн, дулаахан байлаа. Цаад талынх нь өрөө рүү ороход дээрээ хоёр ширэмтэй халдаг плитка, мөн та бидний нэрлэж заншсанаар тень буюу цахилгаан халаагуур хоёрыг өрөөний голд зэрэгцүүлэн тавьжээ.
Өмнөх жилүүдэд тэднийх гал түлэхгүйгээр плитка, тень хоёроо залгаад л өвлийг өнтэй давдаг байж. Эднийх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 135, арванхоёрдугаар сард 180, энэ оны нэгдүгээр сард 170, хоёрдугаар сард 125 мянган төгрөгийг цахилгааны төлбөрт төлжээ. Эдгээр мөнгөн дүн нь Засгийн газрын зүгээс үзүүлдэг цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтийг хасаж тооцсон дүн гэдгийг хэлэх нь зүйтэй.
Харин энэ жил цахилгааны тариф нэмэгдэх гэж байгаа учраас гал түлэхээр шийдсэнээ гэрийн эзэгтэй хэлсэн юм. Тэднийх сургуулийн насны гурван хүүхэдтэй. Гэрийн эзэгтэй өвлийн улиралд 06:30 цагаас ажилдаа гардаг. Өмнө нь цахилгаанаар гэрээ халаагаад ажил руугаа явдаг байсан бол энэ жилээс эхлэн хүүхдүүдээ босохоос өмнө гал түлэх хэрэгтэй болж байна. Гэрээ цахилгаанаар халаадаг байхад хүүхдүүд маань гэртээ дулаахан байгаа гэж бодон санаа амар ажлаа хийдэг байсан. Харин энэ жил цахилгаан халаагуураа шаардлага гарсан үедээ л ашиглахгүй бол тогны мөнгийг нь төлж дийлэхгүй юм байна. Цахилгааны тарифаа сар бүрийн 25-наас өмнө төлөхгүй бол тог тасалчихна. Тасарсан тогоо тав, арван цаас төлөөд мэргэжлийн хүн ирж залгаж өгдөг хэмээн тэрээр ярьсан юм.
Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны иргэн Д.Амарсайхан “Цахилгааны тарифыг 30 хувиар нэмж байгаа нь туйлын буруу шийдэл. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар 10 мянган айлыг орон сууцжуулна, цахилгааны үнийг нэмэхгүй гэсэн ч юу ч хийгээгүй. Удахгүй аймаг, дүүрэг, сумдын ИТХ-ын сонгууль болох гэж байна. Цахилгааны асуудлыг хөндөж байгаа ганц ч хүн алга. Бүгд эрх мэдэл, албан тушаалын тухай л бодож байгаа. Дөрвөн жилийн дотор тэтгэвэр нэмснээс өөр дорвитой, бодитой ажил бага хийлээ. Цахилгаан, дулааны үнэ нэмэгдчихвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бензин шатахууны үнэ бүгдээрээ өснө. Энэ нь нэг талаараа хувийн компани, ААН-үүдэд хүнд цохилт болно. Засгийн газар цахилгааны үнийг нэмэхгүй байх тал дээр нөөц бололцоогоо дайчилж ажиллаасай гэж хүсэх байна” гэсэн юм. Мөн гал түлэхийн тулд сайжруулсан түлш, түлээ худалдаж авах хэрэгтэй болно. Нэг өрхөд долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш өгдөг. Нэг шуудай түлш 3750 төгрөг. Нэг шуудай нүүрс нэг өдөртөө л дуусчихдаг. Идэр есийн үеэр долоо хоногт зургаан шуудай нүүрс хаанаа ч хүрдэггүй гэж иргэд ярьж байсан юм. Үүнээс гадна түлээний үнэ хүйтрэх тусам нэмэгддэг талаар иргэн н.Арилды хэлэв. Тэрээр “Энэ зун Хангай захаас нэг шуудай модыг 7000 төгрөгөөр авсан. Гэтэл 14 хоногийн өмнө 7500, долоо хоногийн өмнө 8000 төгрөг болж нэмэгдсэн. Өвлийн улиралд түлээний үнэ 15000 хүрдэг. Нэг шуудай мод өвлийн улиралд ихдээ 2-3 хоног л хэрэглэгддэг. Эндээс нэг тооцоолол гарч байгаа юм. Нэг айл сарын хэрэгцээндээ зориулан 24 шуудай сайжруулсан түлшийг 90 мянган төгрөг, 15 шуудай модыг нэг бүрийн үнийг 15 мянган төгрөгөөр тооцож авбал 225 мянган төгрөг, нийт 315 мянган төгрөгөөр худалдан авна. Энэ мөнгө айл өрх бүрийн хувьд харилцан адилгүй хэмээн өгүүллээ.
Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны ахмад настан Б.Оролзод “Энэ шийдвэрийг би огт зөвшөөрөхгүй байна. Энэ асуудлаар ард түмнээс санал асуулга авбал нэм гэх хүн ховор л байх. Амьдрал хэцүү байна шүү дээ. Манайх өвөлдөө галладаг. Сард 45 мянга гаруй төгрөгийг цахилгааны төлбөрт төлдөг. Хэрэв үүнийг 30 хувиар нэмбэл сард 60, 70-аад мянган төгрөгийг төлнө гэсэн үг. Манайд хөгшин бид хоёр л амьдардаг. Тэтгэврийн зээл авах хэрэгцээ шаардлага гардаг ч огт авалгүй өдийг хүрсэн. Баяр наадмын үеэр тэтгэврийн мөнгө маань хаанаа ч хүрэлцдэггүй. Цагаан сар тэмдэглэх гэж үйлээ үздэг. Бид чинь үр хүүхдээ зулгааж чадахгүй юм байна шүү дээ. Хөгшин бид хоёр тэтгэвэр буухаар 25 кг-ын нэг шуудай гурил авчихдаг. Тэр гурилаараа талх, боорцогоо хийгээд идэхээр ядаж л талханд мөнгө үрэхгүй юм даа. Би ходоодны шархтай учраас аргагүйн эрхэнд энэ сард 14 хоног эмнэлэгт хэвтлээ. Эмчлүүлээд гарахад эмч 316 мянган төгрөгийн эм бичиж өгсөн. Энэ мөнгөө жаахан ч болов хөнгөлүүлэх санаатай өрхийн эмч дээрээ очиход ганцхан эм нь л хөнгөлөлттэй байсан. Манай ард түмэн дэндүү номхон юм даа” гэсэн юм.
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Ариунаа “Цалингаас хуримтлал үүсэхгүй байна. Саяхан миний цалин буулаа. Ингээд би лизинг, тог, телевиз гээд бүх төлбөрөө төлчихөөд дэлгүүр ороод охиныхоо дуртай “Өгөөж”-ийн Жимст боорцогийг авах гэтэл 7500 төгрөг байсан боорцог найман мянга хэдэн зуу болчихсон байсан.
Манай тогны мөнгө дулааны улиралд 50 мянга гаруй төгрөг, хүйтний улиралд 70 мянган төгрөг болдог. Хэрэв нэмэгдвэл 100 мянга хүрэх нь байна шүү дээ. Охин маань ханиадтай байгаа. Өвөл эхлээгүй байхад л нөхцөл байдал ийм байна шүү дээ. Би хүүхдээ эмнэлэгт ч үзүүлж чадахгүй байна. Хэвт гэх юм болов уу гэж айгаад. Хэрэв эмнэлэгт хэвтвэл ажил тасалдаад цалин мөнгөө бүтэн авч чадахгүй. Тиймээс гэрээр эмчлээд л байж байна. Нэг хүүхэд ханиад хүрвэл бусад нь бас ханиад авчихна. Эмийн сангаас нэг хүүхдэд ханиадны эм авахад багадаа л 30 мянган төгрөг болдог. Манайх амралтын өдрүүдээр байранд амьдардаг эгчийндээ очиж усанд орж, хувцсаа угаадаг. Гэтэл одоо цахилгаан, дулааны мөнгө нэмэгдчихээр очихоосоо ч санаа зовж байна. Гэр хорооллын хүмүүс яг үнэндээ амьжиргаагаа яая даа гэж байгаа хүмүүс байдаг. Хоолгүй хонож байгаа хүмүүс олон байгаа. Цахилгааны үнэ нэмэгдвэл ард иргэдийн нуруун дээр ямар их ачаалал ирэхийг шийдвэр гаргагчид доторлох битгий хэл гадарлах ч үгүй байна гэж харж байна” гэсэн юм.
Чингэлтэй дүүргийн иргэн Д.Доржхүү “Манайх Баянхошуунд хоёр давхар амины орон сууцтай. Өвөлд байшиндаа галлагаа хийхгүйгээр цахилгаанаар халаадаг. Тэгэхэд 400 мянга гаруй төгрөгийг тогны мөнгөнд төлдөг. Ажил хийж байгаа юм хойно өвчин зовлонд өгөхгүй байгаа юм байна гэж бодоод нүдээ аниад л төлдөг. Гэтэл энэ өвлөөс 500 мянга гаруй төгрөг төлөх шаардлагатай болох юм байна” гэв.
Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны иргэн Б.Болдбаяр “Цахилгааны тариф хямдхан байдаг бол халаалтаа тогоор шийдмээр байна. Тогны мөнгө нэмэгдээд
халаалтаа цахилгаанаар шийддэг болбол амь зуух мөнгө үлдэх юм уу. Манайх зургаан ам бүлтэй. Өрхийн нийт орлогоо ам бүлийн тоондоо хуваавал нэг хүнд үнэндээ тураалд орохоор мөнгө оногдож байна. Сарын өмнө дэлгүүрээс 100 мянган төгрөгөнд хүнс авахад тор дүүрдэг байсан бол одоо тор дүүрэхгүй байна. Байгууллагууд ч ажилчдадаа хугацаанд нь цалинг нь өгч чадахааргүй нөхцөл байдал үүсэхэд ойрхон байна. Ийм нөхцөлд цалингаа нэм гэж хэлэх арга алга. Цалин нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсчихдөг болохоор нэмэгдээд ч нэмэргүй дээ. Манай гэрийн ойролцоох дэлгүүрүүд талх хувааж зараад эхэлчихсэн байна лээ” гэсэн юм.
Бидний уулзсан хүмүүс дотор баяртай байгаа хүн ганц ч байсангүй. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлбэл олон айл өрх цахилгаан халаагуураа хэрэглэхээ больж сайжруулсан түлшээ түлж эхлэх нь мэдээж. Үүнийг дагаад хүүхэд гэлтгүй ханиад томууны дэгдэлт өснө. Мөн тог, дулаан ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэрүүд урсгал зардлаа нөхөхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ үнэ өртгийг нэмэх нь гарцаагүй. Нийгмийн
бүх хэсэгт ачаалал очно. Энэхүү хүнд нөхцөлд энэ шийдвэрээ дулааны улиралд хэрэгжүүлээд өвөлд нь цахилгаан, дулааны тарифаа нэмэхгүй байж болдоггүй юм болов уу гэж цөхөрсөн иргэд ам асууж байлаа.
Гэр хороололд гурван хүүхдийнхээ хүүхдийн мөнгө болох 300 мянган төгрөг, “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50 мянга, нийт 350 мянган төгрөгөөр амьдардаг өрх толгойлсон ээжтэй таарлаа. Нөхөр нь сар хагасын өмнө салаад явчихсан. Түүнийг хөдөлмөрийн чадвартай гэж үзээд төрөөс хүнсний талон өгөхөө больчихсон гэнэ. Дөрвөн сартай хүүхдээ хараад гэртээ суудаг энэхүү ээж сард 315 мянган төгрөгөөр түлш, түлээгээ аваад үлдсэн 35 мянган төгрөгөөр нь яаж амьдрах юм бэ гээд хоолой нь зангирч байсан юм.
Ө.АНХЗАЯА