Categories
мэдээ нийгэм

Монгол Улсаас Булангийн орнуудад анх удаа хонины сэврээсэн шинэ мах экспортолж эхэллээ DNN.mn

Булангийн орнуудын зах зээлд өнөөдрөөс эхлэн монгол хонины сэврээсэн мах анх удаа худалдаалж эхэлжээ. Энэ талаар Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэнгээс тодруулахад “Өнөөдрөөс эхлэн Кувейт, Иордан, Катар улсуудын томхон сүлжээ дэлгүүрүүдээр монгол хонины сэврээсэн махыг худалдаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөр, Ерөнхийлөгчийн биечлэн өгсөн үүрэг даалгавар, Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогыгудирдлага болгон Монгол Улсын Гадаад харилцааг Эдийн засагжлуулах чиглэлээр ажиллаж байна. Үндсэндээ Монгол Улс Булангийн орнууд, тэр дундаа Кувейт, Катар улстай худалдааны чиглэлд төдийлөн хамтын ажиллагаа хөгжөөгүй ирсэн хэдий ч 2022 оноос хойш идэвхтэй ажилласны үр дүнд эдгээр улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн орчин бүрдэж, экспортын ажил эхлээд байна.

No description available.

Монгол бэлчээрийн малын мах экологийн цэвэр бүтээгдэхүүнд тооцогддог.Булангийн орнуудын хувьд махны хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр ордог жишээ нь 2026 он гэхэд Кувейт Улсын махны хэрэглээний зардал 2.4 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд одоогийн байдлаар 2.1 тэрбум ам.доллар байна.

Тоо хэмжээний хувьд долоо хоногт доод тал нь 30 тонн, дээд тал нь 100 тонн хонины сэврээсэн мах тогтмол экспортлохоор төлөвлөж байгааг импортлогч талууд илэрхийлсэн. Мөн айлын талуудаас үхэр, тэмээны мах болон дайвар бүтээгдэхүүнүүд импортлох сорнирхолоо илэрхийлээд байгаа. Цаашлаад бид Саудын Арабын Хаант Улс, Оманы Султант Улс, Бахрейны Хаант Улс зэрэг Булангийн орнуудад Халал гэрчилгээгээ бүртргүүлж, зах зээлийг тэлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. Манай аж ахуй нэгжүүд махны экспортыг тогтмол хийж эхэлснээр эхний ээлжид жилд 30-40 сая ам.доллар цаашлаад манай аж ахуйн нэгжүүдийн бэлтгэл нийлүүлэлтийн хүчин чадал, бусад Булангийн орнуудад экспортолж эхлэх зэргээс шалтгаалан хангалттай хэмжээгээр өсөх боломжтой бөгөөд энэ нь Монгол Улсын Эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Тээврийн асуудлыг экспортлогч болон импортлогч аж ахуйн нэгжүүд харилцан тохиролцож, хамтран ажиллан шийдэж байгаа тул хүндрэл ихээхэн гарахгүй боловуу гэж бодож байна. Онгоцны хувьд буцахдаа Булангийн орнуудаас жимс, жимсгэн тээвэрлэн буцах боломжтой бөгөөд мах экспортлогч болон импортлогч талууд харилцан тохиролцсон тохиолдолд ЭСЯ-наас дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бүрэн нээлттэй” гэлээ.

Д.ТУЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг таван сая төгрөгөөр торгоно DNN.mn

Өнөөдрөөс эхлэн зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг таван сая төгрөгөөр торгоно.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, зөвшөөрөл авахаар хуульчилсан. Энэ дагуу зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалтыг Зөрчлийн хуульд оруулсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар шахмал түлшийг 582 гэрээт цэгээр борлуулж байгаа бөгөөд өвлийн оргил ачааллын үед 650-670 цэгээр борлуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн долоон дүүрэгт нөөцийн 42 агуулахад 80.126 тонн, үйлдвэрийн бүсэд 8243 тонн, нийт 89.000 тонн шахмал түлш нөөцлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Зуд гурван жил дараалахад эдийн засаг 20 хувиар буурна DNN.mn

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж энэ зууны дунд үе гэхэд зуд, үерийн эрсдэл улам бүр төвөгтэй болж цаг уурын эдгээр эрс тэс үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэж болзошгүйг уур амьсгалын өөрчлөлтийн төлөв харуулж буй.

Үүнд Монгол Улс анхаарал хандуулж дасан зохицох дорвитой арга хэмжээ авахгүй явсаар байвал учирч болох эрсдэлүүдтэй нүүр тулах нь. Тодруулбал, зуд гурван жил дараалан тохиолдоход л Монгол Улсын эдийн засаг 20 хувиар буурч ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ гэдийг Дэлхийн банк сануулж байна. Өнгөрсөн өвлийн зудаас шалтгаалж манай хөдөө аж ахуйн салбарын өсөлт энэ онд буурсан.

Өнгөрсөн жил Монгол оронд олон жилийн дунджаас ахиу цас орсноор ялангуяа, зүүн аймгуудад зуд болж ихэнх мал, сүрэг нь хорогдсон. Өөрөөр хэлбэл, хүйтний эрч чангарч, их хэмжээний цас орж мал сүрэг бэлчээртээ хүрч чадахааргүй болтол хөлдсөн зудын уршгаар өмнөх жилд амссан хохирол дээр энэ оныхыг нэмээд манай улсын нийт мал сүргийн 6.6 сая мал буюу 10 хувь нь хорогдоод байна. Олон малчин өрх амьжиргаанаасаа салж амьдрал нь хүнд болсон.

Тухайлбал, Хэнтий аймгийн Баянхутаг сумынхан өнгөрсөн зуднаар ор сураггүй алга болсон 10 гаруй мянган малаа олоогүй байна. 330 мянган толгой малаас 112 мянга нь хорогдсон. Өвөлжөөндөө бууж амжаагүй байхад ойрхон хоёр удаа цас орж, хүчтэй цасан шуурга тавьж, мал нь уруудан туугдаж 200 гаруй км-ын цаана очсон гэдэг.

сонин mn

Мөн 300 гаруй үхрээс хоёр үнээ үлдсэн малчных Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин Гомбосүрэнгийнх. Тус суманд зудын хүндрэлээс үүдэж 28 мянга гаруй толгой мал хорогджээ. Энэ нь нийт малынх нь 17.6 хувийг эзэлж буй.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, 92.6 хувь нь цагаан зудтай, 7.7 хувь нь төмөр буюу мөсөн зудтай, цасны зузаан 20-35 см хунгарлаж шуурсан газартаа 40-60 см-тэй байжээ. Эднийх 121 мянган толгой мал тоолуулснаас 27 орчим хувь буюу 31 мянган толгой мал хорогдсон тухай НҮБ-ын тайланд дурдсан байна. Энэ мэт олон жишээг дурдаж болохоор байна.

Тэгвэл энэ жилийн тухайд олон жилийн дунджаас илүү хүйтэн болж төв болон баруун хойд нутгаар ахиу цас орно гэдгийг УЦУОШТ мэдээлсэн. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийг дагаад 2024 онд болсон цаг агаарын эрс тэс үзэгдэл нь Монгол орны хувьд цаашид хэвийн, жил бүр тохиох үзэгдэл болж магадгүй юм. Зуд турхан тохиох давтамж нэмэгдэж Монгол орны илүү өргөн нутаг дэвсгэрийг хамрах төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар 10 малчин тутмын гурав нь ядуу амьдарч байгаа тул цаашдын төлөв байдал тэдний амьжиргаа, эрүүл мэнд, аж байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна. Ингэснээр малгүй болсон иргэд хот суурин газар руу шилжих хөдөлгөөнийг хурдасгах зэргээр нийгэмд томоохон сөрөг үр дагавар үүсгэхээр байгааг олон улсын байгууллагын судалгаа харуулсаар.

Хахир хатуу өвлийг эдийн засагтаа эерэг болгох боломжийг эрэлхийх хэрэгтэй

Энэ жил олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно гэдгийг мэргэжлийн байгууллага нь хэллээ. Монголд түгжрэл, утаа гээд олон асуудал өвлийг дагаад ирдэг. Тэгвэл бэрхшээл сорилтыг эдийн засагтаа эерэг болгох боломжийн талаар манай бодлого боловсруулагчид салбар бүрээр дорвитой арга хэмжээ авч ажиллах цаг болжээ.

Харин дэлхий даяар өвлийн улирал улс, орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг онцолъё. Зургаан жилийн өмнө хүйтэн цаг агаараас болж Их Британийн эдийн засаг өдөрт нэг тэрбумын хохирол амсаж байсан түүхтэй. Тухайн үед 2010 оноос хойш үзэгдэж харагдаагүй шуурга тохиож, нислэгүүд цуцлагдаж хүмүүс гэртээ бүгэн кафе, ресторанууд эзгүйрч байсан буюу бараг л эдийн засгийн 0 зогсолт болж байв. Түүнчлэн 2012 онд Орост хэт хүйтэрч эрчим хүчний салбарын хямрал, хөлдөж, эвдэрсэн дамжуулах хоолойнуудыг засах ажлын зардлуудаас болж эдийн засаг нь 15 тэрбум ам.долларын хохирол амсаж байжээ.

Гэхдээ зарим газар энэ бэрхшээлийг давуу тал болгосон байна. Тухайлбал, хэт хүйтэн өвөл эдийн засагт томоохон цоорхой үүсгэдэг ч өвлийн аялал жуулчлал өндөр хөгжсөн улсуудын хувьд өвөл шиг гоё улирал байдаггүй аж. Өнгөрсөн жил Хятадын Харбин хотод болсон гурван өдрийн өвлийн наадмаар гурван сая гаруй жуулчид ирж 826 сая ам.долларын орлого олж байв. Илүү том зургаараа Норвеги, Швейцар, Австри гэхчлэн Скандинавын болон баруун европын орнууд өвөл хамгийн их жуулчин хүлээж авдаг.

Харин хахир өвлийг нөгөө талд хүйтнээс зугтсан хүмүүс Зүүн Азийн улсууд руу нүүдлийн шувуу шиг л нүүдэллэдэг ажээ. Тус бүс нутагт өвөл төдийгүй ер нь л аялахад хямд төсөр байдаг нь хүйтэн өвлийг өнтэй давах гэсэн хүмүүсийг татах хөшүүрэг болдог аж. Сонирхуулахад, Зүүн Азид арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл хур бороо төдийлөн их ордоггүй учир аялахад хамгийн таатай байдаг гэнэ.

Тэгвэл дэлхийн хамгийн сийрэг газар нутагтай хүйтэн хот болох эрс тэс уур амьсгалтай Монголын өвөл эдийн засгийн алдагдлаас гадна алдагдсан боломжийн өртгөө тооцож үзвэл нэлээн нүсэр тоо гарах биз. Утаа униар, түгжрэл гээд хот даяараа өвлийн улиралд хэд, хэдэн удаа 0 зогсолт хийдэг. Бусад орноос ялгаатай нь бид жинхэнэ утгаараа зам дээр 0 зогсолт хийж харуулдаг гэдгээрээ онцлог. Жил ирэх тусам л Монголын өвлийг давахад бэрх болж, монголчууд Тайланд, Вьетнам, Өвөрмонгол, Эрээн руу нүүдэллэж байна. Гэснээс Тайландын томоохон хотод нэг сар амьдрахад дунджаар 600-900 ам.доллар, 2-3 сар амьдрахад 1.200-2.0 мянга орчим ам.доллар зарцуулдаг юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын дарга П.ЦЭЦГЭЭ: Хуульд өөрчлөлт орсон ч жороор олгохтой холбоотой шинэ зохицуулалт ороогүй DNN.mn

“Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2025 оны зургадугаар сарын 5-нд УИХ-аар батлагдаад, аравдугаар сарын 1-ний өдрөөс орон даяар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хууль мөрдөгдсөнтэй холбогдуулан “Бүх эмийг жороор олгоно” гэдэг ойлголт иргэдийн дунд тархаад байгаа юм. Энэ талаар Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын дарга П.Цэцгээ “Тухайн хуульд маш олон зарчмын өөрчлөлтүүд орсон. Жороор олгохтой холбоотой шинэ зохицуулалт бол ороогүй. Энэ хуулийг дагаж гарсан зөрчлийн тухай хууль дээр санкци нь нэлээн их нэмэгдсэн. Жороор олгодог эмийг эмчийн жоргүйгээр худалдаалсан бол өмнө нь 50 мянган төгрөгөөр торгодог байсан бол одоо 500 мянган төгрөгөөр торгох хуулийн санкцтай болсон. Тунгаасаа шалтгаалаад жоргүйгээр авч болох эмийг эмийн санчтайгаа зөвлөлдөөд авч болно” гэв

Тэгвэл бид энэ талаар эмийн санч нараас тодруулахад “Иргэдийн хувьд эмийн санч нар луу бухимдаж байна. гэтэл бид жороор олгох эмийг жоргүй өгвөл зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ” гэсэн байр суурьтай байсан юм.

Энэ тухай Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн хувийн эмийн санч “Уг нь бол жороор авах эмээ авах ёстой. Гэвч энэ хуулийн шинэчилсэн найруулгаа эхлээд эмч нарт сайн таниулах ёстой байсан. Зургадугаар сард баталсан хуулийг бид мэдээгүй байж байгаад сая аравдугаар сард мэдсэн. Гэтэл зөрчлийн хуулиар жороор олгох эмийг жоргүй олгочихвол эмийн санч, зөрчилтэй жор бичсэн эмчийг мөн 500 мянган төгрөгөөр торгоно. Яахав цахим орчин ашигладаг хүмүүс тэрийг олоод мэдчихнэ. Ашигладаггүй хүмүүст бид хэлэхээр толгойгоо хага цохиулах гэж байгаа юм. Иргэдийн зүгээс өмнө нь авч болоод байсан эмийг яагаад авч болохгүй байгаа юм, тийм зүйл гэж юу байсан юм гэх мэт хандлага гаргаж байна. Зарим эмч нар яараад онош, эсвэл он сар, тамга зэргээ дарахаа мартчихна. Зөрчилтэй жороор үйлчилж болохгүй. Хэрэв үйлчилвэл торгуулна. Тэгэхээр эмийн жорыг яаралтай цахим болгох хэрэгтэй. Түүний дараа нэг талдаа гарна. Энэ шинэчилсэн найруулгыг бол хүмүүс шууд хүлээж авахгүй. Хэвшиж, дастлаа цаг хугацаа орно. Урьд нь уг хууль байсан хэрнээ орон даяар замбараагүй хэрэглээд хэвшчихсэн, хэрэгжүүлээгүй байсан. Тэр хуулиа сая шинэчлээд зөрчлийн хуульд оруулаад торгуулийн санкцитай болгож байгаа юм билээ. Уг нь олон жилийн өмнө хийж болох байсан зүйл л дээ” хэмээлээ. Энэ талаар зарим иргэдийн хувьд “Бид улсын эмнэлэгт үзүүлэх гэж сарын өмнө оочер авч байхад, өвчин намдаах эм дээр хүртэл эмч дээр очиж жор авах хэрэгтэй болчихож байгаа нь маш их чирэгдэл үүсгэж байна” гэсэн байр суурьтай байсан юм.

Эмийг жороор олгохын тулд жор дээр эмчийн нэр, хувийн тэмдэг, харилцах утас, хаяг нь заавал байх ёстой бөгөөд хэрэв зөрчилтэй жор бол эмийг олгохгүй. Хуулийн шинэчилсэн найруулгаар эмийн жорыг стандартын дагуу бичээгүй бол эмчийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Гэтэл эмийн санч нар стандартын шаардлага хангасан жор бараг ирдэггүй талаар ярьж байсан юм. Чингэлтэй дүүрэгт байрлах эмийн санч “Өнөөдөр гэхэд ганц л шаардлага хангасан жор ирлээ. Латинаар биш монголоор бичсэн байсныг эс тооцвол.” гэв. Эмийн санчийн авсан жоруудыг харахад ихэнх нь тамгагүй, шаардлага хангаагүй жор маш их харагдлаа. Эдгээр жорыг тооцохгүй гэвэл иргэд бухимддаг уу гэхэд “Энэ болгоныг зөвтгөж авна гээд байвал иргэд бухимдалтай байна. Тэгээд эмийг нь өгөхөөс өөр аргагүй байдалд хүрдэг” гэв.

Эмийн жорын стандарттай холбоотой Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны өрхийн эмнэлгийн эмчээс тодруулахад эмч нар шаардлагын дагуу эмийн жороо бичиж байгаа, хуулийн шинэчилсэн найруулгаар жороор олгох ёстой байсан эмүүдийг иргэд бичүүлээд явж байгаа.” гэсэн мэдээллийг өгөв.

Эмийн сангууд ихэнх нь жороор олгодог эмийг жоргүй олгодог зөрчил гаргадаг байсан нь ажиглагдав. Гэхдээ тэдгээрийн дотор жороор олгох эмийг хуулийн дагуу олгодог эмийн сантай таарсан юм. Тухайн эмийн санчийн хувьд хуулийг дахин шинэчлэн найруулсныг ихэд сайшаасан байдалтай байлаа. Тэрээр “Хууль шинэчлэгдсэн нь үнэн. Тэрнээс биш жоргүй болоод, жортой эмийн жагсаалт шинэчлэгдсэн зүйл байхгүй. Үүнийг иргэд буруу ташаагаар ойлгож байна. Жороор олгох, жоргүй олгох эмнүүдийн жагсаалтаа мөрдөөч ээ, алдаа гаргавал торгоно шүү гээд зөрчлийн хууль дээр байгаа. Шинэчилсэн найруулга гэж засвар ороод зөрчлийн хуулиар торгохоор болсон. Манай эмийн сан бол хуулийн дагуу ажилладаг учраас надад бухимдах хүн байхгүй. Би энд 12 жил ажиллаж байна. Над шиг хэнхэглээд антибиотик ч өгсөн жорыг нь хураагаад, бичээд, журналдаад явдаг хүн байхгүй. Би ээлжийнхээ эмийн санчийг буруу бичээд халтардуулахад нь арилгаад, засаж авдаг хүн. Яг жороор нь өгдөг. Өдөр бүр нөгөө ээлжиндээ хүлээлгэж өгнө. Анх намайг яг хуулиараа жортой эмээ жороор олгоно гэхэд иргэд маш их доромжилдог байсан. Одоо бол хуулиараа явдаг болсонд нь баяртай байна” гэв. Хотын төвөөр байрладаг “МОНОС”-ын эмийн санч “Эмч нарт анхнаасаа ямар ч мэдээлэл очоогүй. Жортой эмийг жороор нь олго гэдэг эмийн сангуудад шууд тавьсан. Эмч нар нэг жор дээр гурван эм бичих байтал заавал дөрөв юмуу тавыг бичиж явуулдаг. Тэрнээс болоод хүмүүст маш их чирэгдэл учирч байна. Эмийг олон улсын нэршлээр бичихийг зарим нь шууд худалдааны нэршлээр бичсэн тохиолдолд эмийг өгөх боломжгүй байдаг. Тэгээд солиулж ир гэхээр иргэдийг өдөрт хоёроос гурван удаа явуулж, хүндрэл учруулж байна. Өмнө нь хүмүүс “Рингер”-ийг хордлого өгөхөөр шууд дур мэдээд авчихдаг байсан бол одоо эмчийн жороор авна гэсэн үг. Тэгэхдээ эмч нар стандартын дагуу бичих ёстой. Зарим эм зүйч нар “Ибупрофен”-ыг хүртэл жороор гээд ойлгосон байна лээ. Ибупрофен өвчин намдаах нь 100-600 мг гэх тунтай байдаг. Манай улсад 60 гаруй төрлийн ибупрофен байдаг. Үүнээс зургаан төрлийг нь жортой олгоно. “Денкфарм”-ынх жортой, Хятад, Индонез зэрэг газрынх жоргүй байгаа. Бага тунтай парацетамолын найрлагатай эмүүдийг жоргүй олгоно. Тун, найрлагаасаа жортой эсэх нь шалтгаална гэсэн үг. Энэ хуулийн хувьд бас нэг өрөөсгөл зүйл нь байнгын даралтны эм уудаг хүмүүс даралт нь ихсэхээрээ эмийн сан руу орж ирдэг. Гэтэл тийм хүмүүст өгөхгүй гэлтэй нь биш. Уг нь зохицуулалт хийх хэрэгтэй. Миний бодлоор “И Монгилиа”-аар зохицуулах хэрэгтэй” хэмээлээ.

Г.Балгармаа

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваа, гүвээнд халтиргаа үүсэхийг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: 15-ны өдөр Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваа, гүвээнд халтиргаа үүсэхийг анхааруулж байна.

2024 оны аравдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж эргэж секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.


2024 оны аравдугаар сарын 16-наас 2024 оны аравдугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн Ч:4 “5 шар-3, 4-р хороолол-Сансрын тойрог” чиглэлийн замналыг хаажээ DNN.mn

Нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг бууруулах үүднээс Ч:4 “5 шар-3, 4-р хороолол-Сансрын тойрог” чиглэлийн замналыг хааж, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс М:4 “Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад” чиглэлд тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж байна.

Иргэд та бүхэнд М:4 чиглэлийг сонгон үйлчлүүлэхийг Нийтийн тээврийн бодлогын газраас зөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар төмөр замын өртөөнөөс “Петролиум” ШТС хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ DNN.mn

Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Нарны зам буюу Улаанбаатар төмөр замын өртөөнөөс “Петролиум” ШТС хүртэлх авто замын урд эгнээг өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас хааж, 17-ны 06:00 цагт нээнэ.

Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны  06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
нийгэм цаг-үе

Нийслэлийн цэрэг татлага энэ сарын 18-20-ны өдрүүдэд болно DNN.mn

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн есөн  дүүргийн цэрэг татлагын байрууд:

-Баянгол дүүрэг 96 дугаар сургууль;

-Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль;

-Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль;

-Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль;

-Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль;

-Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль;

-Налайх дүүрэг Политехник коллеж;

-Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль;

-Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2% цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд ирэхийг анхаарна уу. Иргэн таныг иргэний цэргийн үүргээ биелүүлж ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болж байна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал,
тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга  Г.Тулгаа “Улс орондоо хэрэгтэй гэж үзсэн стандартыг боловсруулах, хэрэгжилтийг шүүмжлэх эрх хүн бүрд бий” гэснийг VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Төсвийг агуулгаар нь дэмжиж байгаа ч МАН нөгөө л иддэг, хулгайлдаг асуудлаа давтахвий гэж болгоомжилж байна” гэв.

  • Чандмань-Өндөр суманд олонх болсон бие даагчид мөрийн хөтөлбөрөө нэгтгээд засаглана

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болж байна” хэмээн өгүүллээ.

  • Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын дарга П.Цэцгээ “Хуульд өөрчлөлт орсон ч жороор олгохтой холбоотой шинэ зохицуулалт ороогүй” хэмээн ярилаа.
  • Монгол Улсаас Булангийн орнуудад анх удаа хонины сэврээсэн шинэ мах экспортолж эхэллээ

Итали орноор аялсан тэмдэглэлийг I болон VI нүүрээс уншаарай.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Европын парламентын гишүүд эсэргүүцлээ илэрхийлэв

АРЫН НҮҮР: Одоо аж амьдралаа бодоцгооё оо


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ