Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 27-ноос иргэдийн дансанд шилжүүлнэ DNN.mn

Энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 10 дугаар сарын 27-ноос иргэдийн дансанд орж эхэлнэ. Өмнөх улиралд 1,281,757 иргэнд 84.6 тэрбум төгрөгийг буцаан олгож байв. 

НӨАТ-ын буцаалтаар дараах татваруудыг төлөх боломжтой. Үүнд:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар,
  • Галт зэвсгийн албан татвар,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/,
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
  • Малын тоо толгойн албан татвар,
  • Авто замын байгууламж ашигласны төлбөр тус тус орж байна.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн тэргүүний өрх, ахмад тариаланчдыг шалгарууллаа DNN.mn

Нийслэлийн 385 жилийн ойг тохиолдуулан “Нийслэлийн тэргүүний өрх”, “Нийслэлийн тэргүүний тариаланч”, “Бүтээлч ахмад”, “Ахмадад ээлтэй байгууллага”-г шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Тодруулбал, нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсан, өөрсдийн хүч хөдөлмөрөөр өрхийн аж ахуй эрхлэн, хүнсний хангамжаа нэмэгдүүлж, нийгэмд баялаг бүтээгч хойч үедээ үлгэр жишээ болж буй

  • Есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний өрх”
  • Есөн иргэнийг “Нийслэлийн тэргүүний тариаланч”
  • Есөн иргэнийг “Бүтээлч ахмад”
  • Нэг байгууллагыг “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгаруулж, Хүндэт тэмдэг, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнасан юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Ахмадууд та бүхнээсээ залуучууд бид сургамж, сургаалаа авч, туршлага солилцон ирээдүйн Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, хамтдаа зүтгэж буйдаа баяртай байна. Нийт тэргүүний өрх, ахмад буурлууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв.

Нийслэлийн тэргүүний тариаланч С.Эрхэмбаатар, М.Дагвадай “Бид 2018 оноос хойш газар тариалангийн ажил эрхэлж байна. Өнөөдрийн байдлаар хашаандаа 10 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, 400 орчим жимсний мод, бут тариалаад байна. Үүний зэрэгцээ ногоо тариалах хүсэл сонирхолтой иргэдэд заавар зөвлөгөө өгдөг. Өнөөдрийг хүртэл уйгагүй ажилласны үр дүнд хөдөлмөрөө үнэлүүлж, энэхүү хүндтэй шагналыг хүртсэндээ сэтгэгдэл өндөр байна” гэлээ.

Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан Х.Чулуунбат “Манай гэр бүлийн хувьд дүүрэг, хорооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцохыг хичээдэг. Мөн амьдарч буй орчноо эко болгох хүрээнд мод, ногоо тарих, зүлэгжүүлэх ажлыг тууштай хийдэг. Биднээс үлгэрлэн хүү маань ногоо тариалдаг болж, энэ чиглэлд ажиллаж байна. Түүнчлэн ойр орчмын иргэдийг ногоо тарих үйл хэрэгт татан оролцуулж, хашаандаа байх худгаас цэвэр ус нийлүүлэн дэмжлэг үзүүлдэг” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Загасчилж байсан иргэн тогонд цохиулж амиа алджээ DNN.mn

Ховд голын эрэг дээр загасчилж байсан иргэн тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал Ховд голоос загас барихаар очсон 35 настай иргэн өндөр хүчдэлийн шугамд өлгөгдсөн загасны уургыг татаж буулгах үедээ цахилгаан гүйдэлд цохиулж, амиа алдсан байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл тухайн өдрийн 17:00 цаг орчимд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд одоогоор шалгаж байгаа аж. Иймд иргэд амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, аливаа төрлийн болзошгүй эрсдэл, ослоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Архангай аймагт гарсан ноцтой ослын талаар эх сурвалжууд ингэж мэдээллээ DNN.mn

Орон нутгийн замд зорчиж байсан тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлээгүйгээс замын хажууд зогсож байсан мотоциклтой хүмүүс өртөж, нэг нь амь эрсэдсэн ноцтой осол өнгөрсөн долоо хоногт гарчээ. Учир нь Архангай аймагт нэг гэр бүлийн хоёр, цагдаагийн ажилтны дуудсан цагт амжиж очин жолооны үнэмлэхээ авахаар явахдаа ийнхүү амиа алдсан байна. Энэ бол хууль хүчний байгууллагын ажилтнуудын дарамт жирийн иргэд дээр ямар хүндээр тусч байгаагийн нэгэн тод жишээ гэж нутгийн иргэд ярьж байгаа юм. Хэргийн талаар эх сурвалжууд ингэж мэдээлж байна.


Шөнийн замд гэрлээ шилжүүлээгүй жолоочийн буруугаас гурван хүүхэд өнчирч үлдэв

Архангай аймгийн Чулуут сумын иргэн Ц “Манай сумын залуу гэр бүлийн төлөөлөл эхнэр, нөхөр хоёр зам тээврийн осолд өртсөн харамсалтай хэрэгт нутгийн иргэд бид туйлын гашуудаж байна. Нөхөр нь өнгөрсөн жил жолооны эрхээ хасуулсан юм билээ. Түүнээс хойш жолооны эрхээ сэргээхийн тулд байн байн сургалтад сууж байсан юм уу даа. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт үдээс хойш 16:00 цагийн орчимд аймгийн цагдаагийн газраас түүн рүү залгаад “Маргааш ирж үнэмлэхээ аваарай. Өглөө 09.00 цаг гэхэд бэлэн байгаарай” гэжээ. Манай сумаас аймгийн төв хүртэл 130 км зайтай. 65 км шороогоор явж байгаад засмал руу нийлдэг. Аймаг ортол бараг 3-4 цаг явдаг. Тэр өдөр сумаас аймаг орох машин байгаагүй тул эхнэр, нөхөр хоёр мотоциклтойгоо гарахаас өөр сонголт байгаагүй гэж нутгийн иргэд ярьж байна.

Яагаад гэвэл цагдаагийн дуудсан цагт буюу өглөө 09:00 цагт бэлэн байх ёстой. Машинтайгаа явах гэхээр жолооны эрхээ хасуулчихсан хүн мотоциклтойгоо хөдөлсөн бололтой. Ингээд тэднийг засмал руу нийлэх үеэр харуй бүрий болсон байж.

Гэтэл өөдөөс нь гэнэт мэлийсэн цагаан гэрэлтэй машин гараад ирсэн гэсэн. Тэгэхэд нөхөр нь “Мотоциклын гэрэл олигтой тусахгүй болохоор гялбаанд орох юм байна. Өнгөрөөж байгаад хөдөлье” гээд замын хажуу руу гараад дөнгөж зогсоод байтал ард нь явж байсан приус маркийн машин хамаад шидчихсэн гэсэн.

Тэр мөчид хурц цагаан гэрэлтэй машин ч хажуугаар нь өнгөрч, түүний араас явж байсан машиныг мотоциклтой хоёр мөргөөд унасан юм билээ. Ингээд эхнэр нь газар дээрээ амьсгал хурааж, нөхөр нь хүнд гэмтэл авсанд үнэхээр сэтгэл өвдөж байна. Орон нутгийн замд тээврийн хэрэгслүүд гэрлээ шилжүүлдэггүйгээс болж ийнхүү сайхан гэр бүл хагацлын зовлонд унасан нь орон нутгийн иргэдэд хүнд цохилт боллоо” гэв.

Өөр нэг эх сурвалж Б “Осол гаргасан приус машиныг 21 настай залуу жолоодож явсан юм билээ. Түүнтэй хамт 19 настай найз эмэгтэй нь, бас нэг найз нь гээд гурвуулаа явж байсан гэсэн. Тэд ч бас хурц тод гэрлийн гялбаанд орсон гэж ярьсан байна лээ. “Гэрлээ шилжүүлээгүй орж ирсэн тээврийн хэрэгсэл нь автобус байсан. Өөдөөс нүд гялбатал тусахаар нь тоормосоо гишгэж хурдаа хассан. Ингэхдээ урд мотоциклтой хоёр хүн явж байгаа даа гэж бодоод хурдаа хассан. Гэтэл яаж ч тоормос гишгэсэн зогсож чадалгүй явсаар осол гаргачихлаа” гэж ярьсан тухай талийгаачийн ойр тойрныхон нь ярьж байгаа юм. Уг нь мотоциклтой хоёр хүн замаас гараад, тээврийн хэрэгсэл хажуугаар нь хангалттай зөрөх зай тавьсан байсан гэсэн. Гэтэл тэр приустэй залуучууд тэднийг хараагүй мөргөснийг бодоход гэрлийн гялбаанд давхар орсноос гарцаагүй байх” гэлээ.

Чулуут сумын иргэн Х “Талийгаач эмэгтэй их сайхан дөлгөөхөн хүн байсан. Зан ааль сайтай. Эднийх гурван хүүхэдтэй. Том нь наймдугаар анги. Бага нь энэ жил нэгдүгээр ангид орсон. Ослын улмаас нөхөр нь хөл, гар нь хугаралттай, тархи толгой нь хүнд гэмтсэн сурагтай. Томографикийн шинжилгээгээр сайнгүй л гарсан гэсэн. Цагдаа дуудсаны дагуу цагтаа амжих гэж яваад өөрөө хүнд гэмтээд, эхнэрээ алдчихаар ямар олиг байхав. Ах дүүс нь цагдаад “Яах гэж жолооны үнэмлэх ирж ав гэсэн юм бэ. Ингэж хүнд суртал гаргах хэрэг байсан юм уу. Та нарыг ингэж ир гэж дарамтлаагүй бол энэ гэр бүл ингэж хагацаж салахгүй байх байсан” гэж хандсан юм билээ. Тэгэхэд цагдаа нь “Жолооны эрхгүй байж яах гэж мотоцикл жолоод гэсэн юм бэ” гээд бурууг тэдэнд тохох янзтай ярьсан гэсэн шүү. Үнэхээр цагдаа нар жирийн иргэдээ дарамтлаад сурчихсан нь эндээс тод харагдаж байгаа биз дээ. Бүх юм цахимжиж байгаа гэчихээд алгын чинээ цаас ирж ав гэсэн цагдаагийн албадлагаас болж бага насны гурван хүүхэд өнчирч үлдлээ шүү дээ. Автобусны ард явж байсан машинтай залуус хүртэл хохирогч болчихож байгаа юм. Тэд Увс аймгийн залуус юм билээ. Урд нь том автобус явж байсан. Гэнэт өөдөөс нь мотоциклтой хүмүүс шидэгдээд ороод ирсэн. Манай машин ч бас эвдэрсэн. Гэхдээ бид мөнгө төгрөг нэхэхгүй. Харин ослын талаар цагдаад мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа шүү гэж хэлсэн байна лээ” хэмээн хоолой зангируулан ярив.

Өөр нэгэн эх сурвалж болох иргэн О “Ийм харамсалтай осол гарсанд их цочирдож байна. Ер нь жолооч нар маш хурц гэрлүүд машиндаа нэмэлтээр тавьсан байдаг. Энэ нь эсрэг урсгалаас ирж байгаа машинд урдах зам нь харагдахгүй байх эрсдлийг үүсгээд осол гаргах хамгийн том шалтгаан болдог гэж бодож байна. Шөнийн замд орон нутгийн замд зорчиж байгаа жолооч нар ихэнхдээ холын гэрлээ шилжүүлж явдаг. Гэтэл 150 метрээс багагүй зайд явж байвал ойрын гэрлээ асаах ёстой гэдгийг жолооч нар ихэнх нь мэддэггүй. Тийм учраас бусдыгаа хүндэлж, гэрлээ заавал шилжүүлж, хол ойрын гэрлээ зөв тохируулж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдэн хүний амь нас, эрүүл мэндээр хохирч байж энэ бүхнийг ойлгох юм бүү мэд” гэсэн юм.

Ноцтой ослын талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тухайн дуудлага мэдээлэл 19:00 цагийн үед ирсэн. Цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газар очиж үзлэг хийсэн. Осолтой холбогдох тээврийн хэрэгслийг тогтоож, одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Ер нь орон нутгийн замд манай жолооч нар шөнийн цагаар ихэвчлэн гэрэл шилжүүлдэггүй тохиолдол их гардаг. Үүний улмаас гэрэлд цохиулаад, эсрэг урсгалын машин осолд өртөж хүний алтан амь хохирч байгаа харамсалтай дуудлагууд ирдэг. Замын гадаргууд гулгаа их үүссэн учраас жолооч нар тээврийн хэрэгслийнхээ дугуйг солиогүй байгаатай холбоотой ослын дуудлага мэдээлэл ирж байна. Манай аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногоос цасан бүрхүүл тогтож, даваа гүвээнд халтиргаа гулгаа их үүсээд байгаа. Үүнтэй холбогдуулан мотоциклын хөдөлгөөнийг өвлийн улиралд тодорхой хугацаагаар хязгаарлах талаарх саналаа аймгийн Засаг даргад хүргүүлэх гээд бэлтгэн ажиллаж байна. Халтиргаа үүссэн үед мотоцикл аваар осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг” гэсэн мэдээлэл өглөө.

Г.Балгармаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс, Сингапур хооронд шууд нислэг үйлдэнэ DNN.mn

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Сингапур Улсын Хүний нөөцийн сайд, Худалдаа, аж үйлдвэрийн 2 дугаар сайд Тан Сий Лэнтэй албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар тогтвортой аялал жуулчлалыг дэмжих чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон бөгөөд ирэх оноос хоёр орны хооронд үйлдэж эхлэх шууд нислэг нь хоёр орны иргэд харилцан зорчих, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх чухал түлхэц болохыг талууд онцлов. Мөн сайд Тан Сий Лэнтэй залуучуудын хөгжил болоод хүний нөөцийг чадавхжуулах асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Сингапур улсын нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх туршлагыг судалж, хамтран ажиллаж, спортын үйл ажиллагааг харилцан дэмжихээр тохиролцлоо

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хэнтийн Биндэрт 13-14 см цасан бүрхүүл тогтсон байна DNN.mn

ЦУОШГ-ын аравдугаар сарын 21-ний 08 цагаас 10 дугаар сарын 22-ны 08.00 цаг хүртэлх цаг агаарын тоймыг гаргажээ.

Цасны зузаан: 10-р сарын 21-ний өглөөний цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ, Дархан, Говьсүмэр, Хэнтийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завханы зарим газар, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр 0.0-16.0 см цасан бүрхүүл тогтжээ.

Үүнээс хамгийн их нь Завханы Цагаанчулуут, Булганы Баян-Агт, Сэлэнгийн Бугант, Баянхонгорын Баянбулагт 15.0-16.0 мм, Баянхонгорын Гурванбулаг, Архангайн Чулуут, Баянхонгорын Жаргалант, Хэнтийн Биндэрт 13.0-14.0 см, бусад хэсгээр 0.0-10.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Categories
мэдээ нийгэм

Ибупрофен-денк 400 мг шахмал эмийг жоргүй авах боломжтой болголоо DNN.mn

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эмийн бүртгэлийн мэдээний сан дахь эмийн олгох нөхцөлийн мэдээлэлд үнэлгээ хийж, үнэлгээний дүнг Хүний эмийн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит бус хурлаар хэлэлцүүллээ.

Хүний эмийн зөвлөлийн шийдвэрийн дагуу:

1. Лайсмэд мэдээний сан дахь бүртгэлийн дугаар, олгох нөхцөл, хэрэглэх заавар зэрэг мэдээллийн зөрүүтэй байгаа 61 байгууллагын 172 нэрийн эмийн талаарх нэмэлт тодруулга мэдээллийг эм бүртгүүлэгч байгууллагуудаас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд авч ажиллаж байна. Тодруулга мэдээлэлд үндэслэн зөрүүний асуудлыг тухай бүр шийдвэрлэхээр ажиллаж байна.

2. Лайсмэд мэдээний сан дахь олгох нөхцөлтэй холбоотой техник алдааны засварыг хийж байна.Тухайлбал: F20020626MO00941 бүртгэлийн дугаартай Ибупрофен-Денк 400мг жоргүй олгох шахмал эмийн олгох нөхцлийг бүртгүүлэгч байгууллага 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр жортой болгон илгээж, баталгаажуулсан алдааг засварлалаа.

Иймд тус эмийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс бүх эмийн сангаас жоргүй авах боломжтой боллоо

Categories
мэдээ нийгэм

Зэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар цөөрчээ DNN.mn

Дэлхийн төлөв байдал, нүүрлэж буй гол аюулыг тогтоох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхөд шинжлэх ухааны суурь мэдээлэл бүрдүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг (ZSL) болон дэлхийн 100 гаруй шилдэг эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд хамтарч “Амьд ертөнцийн тайлан”-г хоёр жил тутам эрхлэн гаргаад даруй 20 гаруй жил өнгөрчээ.

Амьд ертөнцийн индекс нь манай гаригийн биологийн олон янз байдлын төлөв, эрүүл мэндийг нь илтгэдэг үзүүлэлт юм. Энэ индекс анх 1998 онд хэвлэгдсэн бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн турш энэ үзүүлэлтээр дэлхий даяар олон мянган хөхтөн амьтан, шувуу, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчдын тоо толгойг тогтоож ирлээ.Үүнийг тооцохдоо 1970 оноос хойш дор хаяж хоёр жил ажиглалт, бүртгэл хийсэн зүйлүүдийн өгөгдлийг  ашигладаг. Одоогоор хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загасны 21,000 гаруй популяцид гарч буй өөрчлөлтийг тандах боломжийг бидэнд олгоод байна.

Харамсалтай нь, дэлхий дээрх олон төрлийн амьд организм, тэдгээрийн тоо толгой хурдан цөөрч, зарим нь устаж байна. Жишээлбэл, зэрлэг амьтдын тоо толгой санаанд оромгүй их хэмжээгээр буурчээ.Тодруулбал, сүүлийн 50 жилийн хугацаанд (1970-2020 он) судлагдсан зэрлэг амьтдын тоо толгой гамшгийн хэмжээнд буюу 73%-иар буурчээ. Гэхдээ зөвхөн судлагдсан амьтдын тоо гэдгийг онцолъё. Учир нь, дэлхий дээр сайн судлагдаагүй, эмзэг байдалд орсон маш олон төрөл, зүйлийн амьтад байгаа билээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс 2016 оноос хойш 4 цуврал тайланг Монгол Улсын төр засгийн байгууллага, эрдэмтэн судлаач, оюутан залуусын оролцоотойгоор олон нийтэд танилцуулаад байна.

Энэ удаа “Амьд ертөнцийн тайлан-2024”-г  10 дугаар сарын  24-ны өдөр буюу “Уур амьсгалын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Системийн гажуудал-Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон талуудтай хамтран олон нийтэд танилцуулж байгаа юм.

Эх дэлхийгээ аврах боломж

Дэлхийн гадаргын мөсөнд хучигдаагүй газрын 75хувь нь аль хэдийн үлэмж хэмжээгээр хувирч өөрчлөгдсөн, ихэнх далайн ус бохирдсон бол ус намгархаг газрын талбайн 85хувиас илүү нь устаж үгүй болжээ. Экосистемийн энэхүү сүйрэл доройтлын улмаас дараагийн зуун жилд нэг сая зүйл (500,000 зүйлийн амьтан, ургамал, 500,000 зүйлийн шавьж) устаж мөхөх аюулд тулж ирээд байна. Хэрвээ бид байгалиа хамгаалж, нөхөн сэргээж байх юм бол үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Олон арван жилийн турш хүн төрөлхтөн байгалийн нөөцийг өөрийнх нь нөхөн төлжих хурдаас илүү хурдтайгаар ашиглаж ирлээ. Өнөөгийн бидний амьдралын хэв маягаас үзвэл дэлхийн нөхөн сэргээж чадах хэмжээнээс даруй 1.6 дахин илүү хэмжээний эрэлт бий болоод байна. Жилээс жилд бид байгалиа доройтуулж, нөөцийг нь багасгаж байгаа нь хүн төрөлхтөн өөрийнхөө ирээдүйн амьдралын баталгааг бууруулж байгаа хэрэг юм.

Байгаль дэлхийгээ сүйтгэсээр, биологийн олон янз байдал алдагдсан үед өөр олон асуудал үүсдэг болохыг бид одоо л ойлгож эхлээд байна. Сүүлийн жилүүдэд гамшигт үзэгдэл бүгд байгаль дэлхийд хүний сөрөг үйл ажиллагаагаар үүссэн хохирлын үр дүн байсан бөгөөд үүнтэй төстэй асуудлууд илүү өндөр давтамжтай, илүү ноцтойгоор дахин гарч ирэхэд хүргэх аюултай билээ. Иймд, хэрвээ  бид өөрсдийгөө, оршин суугаа  эх дэлхийгээ аврахыг хүсч байгаа бол байгаль орчноо хамгаалах нь  хамгийн чухал гэдэг нь тодорхой болоод байна.Байгаль хамгаалах асуудал зөвхөн бидний хайрлаж, биширдэг гайхалтай амьтдын олон янз байдлыг хамгаалснаар хязгаарлагдахгүй. Энэ нь өргөн хүрээний томоохон асуудал юм. Тогтворгүй уур амьсгал, бохирдсон гол, ус, доройтсон газар, хоосон ой, биологийн олон янз байдал нь сүйдсэн гариг дээр бидэнд эрүүл, аз жаргалтай ирээдүй байх боломжгүй юм.

 

Categories
мэдээ нийгэм

Францын алдарт нарийн боовны сүлжээ “Paul” манай улсад салбараа нээнэ DNN.mn

“Paul” нь 1889 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 55 орчим улсад нийт 800 гаруй салбартай. “Дахин давтагдашгүй жороор чанарын шаардлага хангасан круассан, макароныг Улаанбаатар хотдоо амтлах боломжтой боллоо” хэмээн “Paul”-ын Монгол дахь салбарынхан онцолсон юм.

Эх сурвалж:  Unuudur.mn

 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дараах байршилд авто зам хааж, шинэчилнэ DNN.mn

Өнөөдөр дараах 3 байршилд авто зам хааж, шинэчилнэ.

  • Нисэхийг тойргоос Архивын Ерөнхий газар хүртэлх замыг 10 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 25-ны өдрийн 06.00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх замыг 10 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 26-ны өдрийн 06.00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Сонгинохайрхан дүүргийн 4, 5 дугаар хороо Толгойтын автозамаас далан дагасан Баянхошуу хүртэлх автозамыг 10 дугаар сарын 23-ны 05.00 цагаас мөн өдрийн 23.00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.