-БАГШ СУДЛААЧИЙН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААНЫ ТЭМДЭГЛЭЛ-
Саяхан “Батлан хамгаалахын сэргэлт” гэсэн Батлан хамгаалахын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд цугларалт болж олон чухал, чухал асуудлуудыг хөндөн ярилцаж тодорхой шийдвэрт хүрч одоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа ид өрнөж эхэллээ.
Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцож, батлан хамгаалах салбарын шинэ сэргэлтэд Засгийн газраас онцгой анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ. Тэрбээр батлан хамгаалах салбарын сэргэлт нь удирдах бүрэлдэхүүний ажилдаа хандах хандлага, манлайлал, хүний нөөцийн чадавхыг сайжруулахаас эхэлнэ.
Түүнчлэн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сөрөн тэсвэрлэх чадавх-Батлан хамгаалах тогтолцоо”-г бэхжүүлэх зорилт туссаныг онцолж, салбарын алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх талаар засгийн газар дэмжин ажилласнаар Зэвсэгт хүчнийхний 20 жил хүлээсэн шийдвэр албажиж, алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгон нэмэгдүүлж ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжих болсныг албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн монгол хүн бүрт эх оронч үзэл төлөвшүүлэхэд энэ салбараас төсөв харамлахгүй гэдгээ ч хэлсэн. Гагцхүү батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд хүний эрхийг дээдлэн ажиллахыг удирдлагуудад анхаарууллаа.
Ингэж Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Батлан хамгаалах салбарыг чухалчлан авч үзсэн нь тохиолдлын зүйл биш юм.
Орчин үеийн дайны мөн чанар нь, үйлдвэрлэлийн хүч чадал, командлал, хяналт, харилцаа, холбоо тагнуулын системийг хослуулсан өрсөлдөөн болжээ. Орос, Украины цэргийн мөргөлдөөн нь амин чухал дэд бүтэц, хот, суурин руу чиглэсэн хэвээр байгаа төдийгүй цаашид энэ байдал улам хурцатах шинжтэй.
Олон улсын байдал тийм ч амгалан, энх тайван ч бус байна. Украин, Оросын зэвсэгт мөргөлдөөн, Ойрхи Дорнодын байлдаан, Япон улс Азид шинэ НАТО үүсгэх санаархал, хөрш Орос, Хятад улсууд цэргийн зардлаа хэд дахин нэмэгдүүлсэн төдийгүй дотооддоо ч бас шуугиантай байгаа байдал. Энэ бүхнийг илтгэн харуулж байна.
Энэ бүхнийг манай засгийн газар, Батлан хамгаалахын яам анхаарч бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байгаа нь судлаачийн хувьд нэн сайшаалтай зүйл хэмээн үзэж өөрийнхөө саналаа илэрхийлж байна.
Энэхүү Батлах хамгаалах салбарын удирдах ажилтны цугларалт, зөвлөгөөний үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт” Батлан хамгаалахын сэргэлт”-ийг жинхэнэ утгаар нь авчрахад нэн түрүүнд хугацаат цэргийн албаны сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах замаар цэргийн албаны нэр хүндийг өргөж, алба хаах, амьдрах орчныг сайжруулж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй. Түүнчлэн иргэний цэргийн үүргээ биелүүлж хугацаат цэргийн албанд ирсэн залуус маань алба хаах хугацаандаа цэргийн эрдмээс гадна англи хэл, компьютер зэрэг нийгэмд хэрэгцээт мэдлэг чадварын анхан шатны сургалтад хамрагдаж, цэргийн албанаас бүгд жолооны болон бусад мэргэжлийн үнэмлэхтэй халагддаг тогтолцоог бүрдүүлэх асуудлыг судалж ажил хэрэг болгох асуудлаар тодорхой үүрэг чиглэл өглөө. Батлан хамгаалахын сайдын энэхүү маш чухал бодлогыг дэмжиж хэрэгжүүлэхэд дэм тус болж юуны магад хэмээн үзэж хугацаат цэргийн сургалтын асуудлаар 30 гаруй судалгаа, туршилт явуулж ажилласан. Энэ чиглэлээр Эрдмийн зэрэг хамгаалсан судлаач, багш хүний хувьд доорх саналуудыг дэвшүүлэн тавьж байна.Авах, гээхийн арга ухаанаар хандана гэдэгт итгэж байна.
Нэгэн зүйл: Хугацаат цэрэг юунд суралцаж хэрхэн цэргийн алба хаах ёстой вэ? гэсэн асуултад маш товчоор хариулахад зөвхөн цэрэг-дайнд хэрэг болох зүйлд маш богино хугацаанд заавал төгс суралцаад дайчилгаанд нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, орон нутгийн хамгаалалтад цэргийн тодорхой үүрэг гүйцэтгэх чадвартай бие бялдар нь чийрэгжсэн байх ёстой. Өөр илүү дутуу олон юманд сургаж байна гэж цаг хугацаа алдаж, хөрөнгө мөнгө үрэх шаардлага байхгүй. Чадвал Монголын бүх эрчүүдийг БНСУ, Израиль шиг цэргийн алба хааж үндсэн хуульд заасан иргэнийхээ журамт үүргээ биелүүлдэг байх нь бүхнээс чухал. Швейцарь, Швед, Финланд зэрэг зарим улсын бүх иргэд дөрвөөс зургаан сарын хугацаанд цэргийн алба хааж цэргийн хэрэгт суралцаж цэргийн ямар ч үүргийг биелүүлж, сайн буудаж, 10км-д ажрахгүй гүйж, цэргийн нэг бүрийн зэвсгийг эзэмшиж чаддаг байна. Энэ мэт олон жишээ туршлагыг дурдаж болмоор байна. Энэ нь Улсаа Батлан хамгаалахад иргэдийн оролцоо эрс дээшилж иргэндээ цаг хугацаа хэмнэсэн ашигтай төдийгүй бие бялдар, эрүүл мэнд нь сайжирч иргэнлэг, эх оронч үзэлтэй болж төлөвшиж байна.
Орчин үеийн дайнд байлдаанд олон өөрчлөлт гарч бараг “Цельгүй”, “Цэрэггүй” иргэдийн амьдрал оршин ахуйд хотын дотор иргэд ихээр оролцсон байдлаар явагдаж байна.
Иймээс өнөөдөр хугацаат цэргийн алба хааж цэргийн алба хааж буй сургалтад энэ бүхнийг харгалзан үзэх учиртай. Хугацаат цэрэг нь цэргийн алба хаах энэ хугацаандаа цэрэг байлдагч нэг бүрийн зэвсэг, хэрэгслээ бүрэн эзэмшсэн чадварлаг хэрэглэж чаддаг, бие бялдрын болон гардан тулаан зэрэг хөдөлгөөнт цэрэг спортын бүх дасгал дадлагыг сайн гүйцэтгэж мэргэн буудаж 10, 20 км-ийн маршид алзахгүй гүйдэг зэргийг цэргийн мэргэжлийн тодорхойлолтод тусгаж заавал заавал сургаж дадлагажуулах шаардлага тавигдаж байгаа юм. Саяхан халагдаж байгаа нэг байлдагч (Н…) би 1 жил цэргийн алба хаахдаа 2 удаа 6 сумаар буудсан оносон оноогүйгээ мэдэхгүй юмдаа. Харин шал зүлгэж, хоосон склад манаж хог, аккурак түүж сайн сурсан шүү. За нэг иймэрхүү байдлаар цэргийн алба хаалаа. Харин танай оюутан цэрэг 100 гаруй сумаар буудаж тодорхой бага мэргэжил эзэмшдэг зав чөлөөгүй гэж сонслоо. Энэ зүгээр юм гэж манай найз ярьж байлаа гэж өгүүллээ. Энэ нь тохиолдлын жишээ мэт боловч байдаг асуудал шүү. Нэгэн аав хүүгээ цэрэгт явуулах гэсэн юм. Тэр англи хэл, компьютер сурах нь яах вэ. 3 дугаар ангиас нь англи хэлийг мэргэжлийн багш 9 жил заасан гайгүй болсон байлгүй. Угаасаа хүүхдүүд утас, кино, хүүхэлдэй үзэсээр байж одоо хоорондоо англиар ярьдаг болчихсон. Манай хүү компьютер, PC game тоглоомд донтоод байгаа юм. Цэрэгт явуулаад гайгүй болох болов уу гэсэн тэнд бас тэр тоглоом нь байх юм байна даа Цэргийн хэрэгт сургах юмаа сайн сургаад төлөвшүүлээд өгөөч, аль эсвэл цэрэгт сургах зүйл байхгүй бага болчихоод слесарь, цахилгаанчин, бас элсэлтийн шалгалтад бэлтгэнэ, магистрт сургана гээд политехникийн сургалтын болон курсээр сурчихдаг зүйл яриад байх юм. Зарим нь сайшаагаад л байна лээ. Саяхан ТV-ээр цэргийн штабын дарга энэ жилийн шинэ-цэрэг та нарыг англи хэл, компьютерт сургана бүгдийг чинь жолооч болгоно гэж ярьж байна. Тийм мэргэжлийн багш, тоног төхөөрөмж нь байгаа юм уу? Энэ нь цэрэгт тийм их хэрэг болох зүйл мөн үү? Зарим нь тэнд очоод цэргийн хуаранд англи хэл сурах биш баахан PC game тоглоомчид болчих бий. Тэр цэрэгт хэрэгтэй юмандаа сургаад бие бялдрыг нь сайжруулаад, улс орноо Батлан хамгаалах чадвартай ухамсартай төлөвшсөн хүн болгонд өгөхийг ард түмэн хүсч байна гэж их л гомдонгуй ярьсан бэлтгэл дэд хурандаа аавын яриаг тэмдэглэн авч орууллаа. Бодууштай юм.
Хугацаат цэргийн албаны нэр хүндийг өргөж олон залуусыг хамруулъя гэвэл богино хугацаанд зөвхөн цэрэг дайнд хэрэгтэй зүйлд нь сургаад дайчилгааны бэлтгэл үүрэгтнээ бэлтгэвэл богино хугацаанд хурдан яваад ирье иргэнийхээ үүргээ биелүүлье гэж залуус хошуурах байх шүү. Энэ нь хүндээ ч хэрэгтэй наалдастай, цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэж улс орны Батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх биз. Иймээс хугацаат цэргийн албыг олон хувилбартай сургалтын тогтолцоогоор цэрэг алба хаалгах эрэлт хэрэгцээ байх шиг байна.
- Орлоготой цэрэг нэг жилийн хугацаат цэргийн албаар Цэргийн эрчимтэй сургалтаар сургагдсан дайчилгааны нөөцийн бэлтгэл хүчинтэй байх. Энэ цэргийн бэлтгэл хүчнийг эхний 6 сар цэргийн эрчимтэй сургалтаар цэргийн хэрэгт сургаж үлдсэн 6 сард нь эх орны бүтээн байгуулалтад оролцуулбал “Орлоготой цэрэг” цэрэг-эх оронч хөдөлмөрч иргэнийг төлөвшүүлж, цэргийн зардлыг 2 дахин багасгах боломж байна. Цэрэг татлагын жилд 1 удаа 10 сард татаад цэргийн хэрэгт сургаж 4 сар гэхэд бүтээн байгуулалтад шилждэг байх боломжтой. Энэ цэргүүдэд зөвхөн цэрэг-дайнд хэрэгтэй зүйлд маш богино хугацаанд сургаад халдаг илүүдэл сургалт хэрэггүй, харин бүтээн байгуулалтад оролцох мэргэжлээр нэг сарын мэргэжлийн курст суралцаж болох юм.
- Оюутан цэрэг сургалтыг дөрвөн сарын эрчимтэй сургалтаар өнөөгийн мотобуудлагын цэргийн нэг жилийн турш судалж байгаа 1171 цагийн хичээлийг 658 цагт бүрэн судлуулж суралцаж буй мэргэжилд нь тулгуурлах цэргийн 11 төрлийн бага мэргэжил эзэмшүүлэн сургаж байгаа бидний 10 жилийн туршлага харуулж байна.
Энэхүү сургалтын явцад сургалтын хөтөлбөрийг бүрэн багтаасан хоёр сурах бичгээр вакумжуулсан эрчимтэй сургалтаар сургагдсан оюутан-цэрэг нь өнөөгийн Зэвсэгт хүчний хугацаат цэргийн албан хаагчдын адил түвшинд бэлтгэгдсэнийг энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй хүний хувьд ам бардам хэлэх байна.
- Орон нутгийн хамгаалалт бол Батлан хамгаалах бодлогын цөм асуудлын нэг юм. Иймээс орон нутгийн цэргийг орон нутаг, хөдөөгийн цэргийн насны залуучуудыг хийж буй ажил мэргэжлээс нь хөндийрүүлэхгүйгээр цэргийн алба хаалгаж орон нутгийн хамгаалалтаар үүрэгжүүлэн гурван сарын хугацаатайгаар цэргийн алба хаалгах боломжийг судалж хэрэгжүүлж болмоор. Орон нутагт ажиллаж байгаа багш, эмч, малчид, зарим чухал үйлдвэрийн ажилчид зэрэг цэргийн насны залуучуудыг хамруулж болох юм. Жилд хоёр, гурван удаагийн сургалтаар бэлтгэж цэргийн алба хаалгаж болно.
Ялангуяа залуу малчдыг малчин цэрэгт “Сурган бэлтгэх шаардлага байна. Монгол Улс 70 сая малтай”. Малаа маллах малчингүй шахуу байна. Надад хөдөөгийн малчдаас ирсэн 10 гаруй захидал байна. Малд жаахан дөртэй болсон залуус цэрэгт явдаг. Харин тэр малчин залуус ямар нэг мэргэжил эзэмшээд эргэж ирэхгүй, ирсэн ч малаа маллахгүй хот бараадаад дараа нь эцэг, эх, төрөл төрөгсөдөө татан авсаар хөдөө эзгүйрлээ Монгол Улс. Хятад малчидтай болох юм уу. Говийн зарим аймгууд хятад малчидтай болоод эхэлчихжээ. Малаа маллах монгол залуу олдохгүйнээ.
Залуу малчин залуусыг сайн урамшуулаад малжуулаад хөнгөлөлт үзүүлэх бодлого хэрэгтэй байх шиг. Тэр оюутан цэрэг бэлтгэдэг шигээ цэргийнхэн хэрэгт сайн сургаад 20 минутын шуурганд малынхаа хажууд зогсчихдог тэсвэр хатуужилтай эр хүн болгоод өгчих боломж нөхцөлийн талаар судалж асуудал болгон тавиач гэж хүссэн байсныг энд чухалчлан бичлээ. БХЯ-нд энэ талаар хийсэн судалгаа, хуулийн төсөл байгаа болов уу.
Ийм залуусыг орон нутагт нь ойрхон Ховд, Эрдэнэт, Зүүнбаян, Дорнодод байгаа цэргийн ангиудаа түшиглэн сургалтын төвүүд байгуулан гурван сарын хугацаагаар ийм цэргүүдийг бэлтгэж дайчилгааны бэлтгэл хүчний нөөцөө нэмэгдүүлж улс орныхоо БХ чадавхыг бэхжүүлэн олон залуусыг цэргийн алба хаалгах боломж байгаа мэт. Ингэж цэргийн алба хааж байгаа залуус ажлаасаа хөндийрөхгүй, цалин мөнгөө аваад цэргийн албаа хаах боломж бүрдэж болох юм. Яагаад гэвэл гурван сарын хугацаа бол хуульд заасан хамгаалалттай хугацаа юм. АНУ-д цэргийн хэрэгт төгс боловсорсон Рейнжер цэргийг 60 хоногт бэлтгэж байна. Эхний 20 хоногт (мөлхөх) цэргийн ерөнхий бэлтгэл 2 дахь 20 хоногт (алхах) мэргэжлийн бэлтгэл сүүлийн 20 хоногт (гүйх) жижиг бүлэг, тасаг, салаанд үүрэг гүйцэтгэх чадварт сургаж биеийн тамир, цэрэг спортын иж бүрэн бэлтгэл хийлгэж сургадаг туршлага байгааг судалж үзүүштэй. Ийм Сайн сургалтыг Монголын Зэвсэгт хүчний онцлогт тохируулсан ялангуяа мотобуудлагын цэрэгт хэрэглэх боломжтой. Тийм судалгаа, хөтөлбөр бидэнд байна.
- Дүйцүүлэх болон мөнгөн төлбөрөөр цэргийн алба хаалгаж байгаа өнөөгийн тогтолцоог үндсээр нь өөрчилж цэргийн хуарангаар цэргийн сургалтад хамруулж цэргийн алба хаасанд тооцдог баймаар байна. Хэдэн жилийн өмнө судалгаа хийж дүйцүүлэх алба дүйцэхгүй байгаа тухай сонинд бичсэн хэн ч анхаарсангүй. Дүйцүүлэх алба хааж байна гэж 2 жил цэргийн штабын даргын үүд манаж, хааяа даргынхаа гарын үзүүрт нь зарагдаж, эхнэр хүүхдэд нь үйлчилж, сургууль соёлд хүргэж өгсөн шиг, онц сурсан зүйлгүй худал, үнэн шалтаг тоочин цэргийн алба хааснаар тооцож байгаа нь харамсалтай. Ийм дүйцүүлэх албыг хуулиар зогсоох шаардлага байгаа юм шиг.
Мөнгөн төлбөрөөр 26 нас хүрээд 1 жилийн цэргийн нэг цэргийн зардлын 10 орчим хувийг төлөөд мөнгөн төлбөрөөр цэргийн алба хаасанд тооцож байгаа нь бүрч зохимжгүй. Хэрвээ цэргийн алба хаахгүй байгаа бол 1 жилийн нэг цэргийн зардлыг 2 дахин нэмэгдүүлж төлбөр аваад цэргийн алба хаасанд тооцож болох юм. Ийм байдлаар дүйцүүлэх албаны шаардлагаар цэргийн алба хааж байгаа залуусыг мөнгөн төлбөрт албанд шилжүүлэн тооцож шударга ёсыг тогтоож болох юм.
Цэрэг унтаж цэргийн алба явж байна гэдэг шиг хугацаа тоолж цэргийн алба хаах биш өндөр ачаалалтай, эрчимтэй бонино хугацаагаар цэргийн хэрэгт шамдан суралцаж эзэмшсэн мэргэжил дадлагаараа тооцуулж цэргийн алба хаадаг журамд шилжмээр байна.
Нэгэн зүйл. Цэрэгт татагдаж буй залуусын эрүүл мэнд тааруухан байна. Цэргийн эрүүл мэндийн үзлэгт орж буй залуусын бараг гуравны нэг нь эрүүл мэндээр тэнцэхгүй байгаа сурагтай. Энэ бол ноцтой анхаарах ёстой асуудал мөн. Хүүхэд залуусын эрүүл мэндийн асуудлыг бага наснаас эхлэн бодлогоор дэмжиж ажилламаар байна. Ялангуяа ахлах сургуульд сурах 3 жилд нь бүр илүү анхаарч нийтийн биеийн тамирын тогтолцоогоор тусгайлан хичээллүүлж цэргийн алба хаах бэлтгэл болгон явуулбал илүү дүнтэй болох байх.
Ахлах сургуульд сурч буй хүүхдүүдэд “Улсыг батлан хамгаалахад бэлхэн” гэсэн биеийн тамирын хөтөлбөр, болзол, нормитив гарган биеийн тамирын хичээлээр тусгай хөтөлбөрөөр судлуулж Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Батлан хамгаалах яамууд хамтран санамж бичиг байгуулж ажиллавал үр дүнд хүрч юуны магад. “Улсын батлан хамгаалахад бэлхэн” биеийн тамирын болзол хангасан залууст цэрэгт явах, цэргийн сургуульд ороход нь хөнгөлөлт үзүүлэх, элсэлтийн шалгалтад нь оноо өгдөг гэх мэт урамшууллын тогтолцоо ч хэрэгтэй байна. Ингэж хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө дээр дооргүй хамтарч ажилламаар байна.
Нэгэн зүйл. Сүүлийн үед Монголчуудын эх оронч үзэл хүмүүжлийн асуудлыг дээр дооргүй ярьдаг боллоо. Би энэ бүхэнтэй санал нэг байна. Монгол иргэдэд тодорхой үзэл, хүмүүжлийн хоосон орон зай бий болоод байна. Шавь нартайгаа хамтраад иргэд, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжлийг олгох, арга зам төлөвшүүлэх асуудлаар гурван удаа судалгааны ажил хийлээ. Бидэнд “Чингисийн Монгол” гэсэн иргэд залууст эх оронч үзэл хүмүүжил олгох зориулсан үндэсний хөтөлбөр байна. Энийг авч үзээч гэж олонтаа ярьсан боловч “За” гээд орхидог. “Монголчуудын бахархал”, “Эх оронч-суралцагч”, “Эх оронч-Монгол” зэрэг судалгаа хөтөлбөрүүд явагдаж иргэд залуучуудад эерэг нөлөө үзүүлж байгаа боловч тодорхой систем, тогтолцоо байхгүй цаг үеийн урсгал шинжтэй байна. Бидний судалгааны явцад нэг ажиглагдсан зүйл бол эх оронч хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл иргэнийхээ үүргийг яс биелүүлдэг иргэн хүнийг хэлэх ёстой юм билээ. Хуулиа биелүүлдэг, татвараа төлдөг, шударга хөдөлмөрлөдөг, үр хүүхэд гэр бүлээ сайхан авч явдаг эх оронч зүтгэл бүтээл, эх оронч үйл хэргээрээ тодорч байгаа иргэншсэн монгол хүнийг жинхэнэ эх оронч хэмээн нэрлэж болмоор. Ийм иргэнийг сургаж, хүмүүжүүлэх нь эцэг эх, сургууль, байгууллага хамт олны нэн тэргүүний зорилт болж байна. Цэргийн алба хаах нь залуусыг ингэж хүмүүжүүлж төлөвшүүлж өгч байгаа нь амьдрал практикт харагдаж байна.
Бид оюутан цэргийн сургалтын явцад 3 үе шаттайгаар эх оронч иргэн бэлтгэх соёл хүмүүжлийн ажлын тусгай хөтөлбөрөөр байнга явуулснаар нэлээд үр дүнд хүрч байна. Судалгаанаас үзэхэд, 10 жилийн хугацаанд оюутан цэргийн сургалтад 8000 гаруй залуус хамрагдсан энэ залуусаас гэмт хэрэгт холбогдсон, элдэв ёс зүйн дутагдал гаргасан оюутан бараг байхгүй. Харин ч оюутан цэргийн алба хаасан залуус хичээл сургуульдаа сайжирч, ёс суртахууны хувьд төлөвшиж хамт олноо сайн манлайлж байна гэж олон нийт, эцэг эх, сургуулийн удирдлагууд ихэд ам сайтай байна. Иймээс оюутнуудаа оюутан цэргийн сургалтад явуулах хүсэл сонирхолтой “Брэнд” цэргийн алба болон хэрэгжиж байна.
Аль ч хэлбэрээр цэргийн алба хаах явцад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил төлөвшил суух “Цөм” газар нь цэргийн анги байгууллагууд болсоор байна. Энэ уламжлалаа хадгалж цэргийн алба хаах үед нь “эх оронч Монгол” иргэн болон төлөвшүүлэхэд англи хэл комптьютерт сургахаасаа илүү харин “Монгол цэргийн түүх”, “Уйгаржин монгол бичиг” хоёрыг тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гарган судлуулж эзэмшүүлэх нь ийм үзэл хүмүүжлийн үндэс суурь болж өгнө гэж үзэж байна. Тэрчлэн цаг зав байдаг юм бол монголын газар зүй, мал маллах арга зүй гэх мэт нэмэгдэл хичээл сургалт явуулбал эх оронч үзэл хүмүүжил аяндаа төлөвшин бий болж эх орноо Батлан хамгаалах үндсэн хуулийн журамт үүргээ ухамсарлан итгэл үнэмшилтэйгээр цэргийн албаа хааж жинхэнэ эх оронч монгол иргэн болох нигууртай. Цэргийн алба хаасан хүнийг амьдралын их сургууль төгссөн гэж ард түмэн үзэж хүндэтгэн бахархдаг юмаа. Бид ингэж ажиллавал залуучууд цэргийн алба хаах гэж хошуурсан “Жинхэнэ эх оронч-Монгол” иргэнийг цэргийн хуаранд төлөвшүүлэн бүтээж чадах болмой.
Үндэсний батлан хамгаалах их сургуулийн тэргүүлэх профессор, “Оюутан цэрэг” сургалтын ерөнхий зохицуулагч, шинжлэх ухааны доктор, профессор Ардын багш, хурандаа Гэрэлийн Мягмаржав