Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс эхэлнэ DNN.mn

“Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн.

Тодруулбал,

• Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг дараах байдлаар хөнгөлнө:   – 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь   – 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь

• Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурингийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлнө.

Харин эл хөнгөлөлтөд хамрагдахдаа,

• Өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрх

• Цахилгааныг зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар хэрэглэх

• Цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх нөхцөлийг хангасан байх бөгөөд хөнгөлөлт 11 дүгээр сарын дараа оны 4 дүгээр сарын 01 хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

“Хятадыг танин мэдэх нь” Өмнөд Монголын соёлын өдрүүд болно DNN.mn

2024 онд Монгол-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан Хятад орныг танин мэдэх нь Өмнөд Монголын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо 2024 оны 11 дүгээр сарын 3 өдрөөс 7 өдрийн хооронд болно.

Уг үйл ажиллагаа нь Монгол-БНХАУ-ын хооронд байгуулсан бүрэн түншлэлийн гэрээний хүрээнд хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын салбарын харилцааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

Хятадыг танин мэдэх нь” Өмнөд Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Шаолины үзүүлэх тоглолт Соёлын төв өргөөнд болно. Мөн Монгол анагаах ухааны өвөр Монгол эмч нарын үзлэг, эмчилгээ Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт зохион байгуулагдана. Тэнгис кино театрт хятадын кино өдрүүд болж, үзэгчдэд онц сонирхолтой киног үнэ төлбөргүй үзүүлэх юм. Мөн хятадын ном уншлагийн танхим Хөдөө аж ахуйн их сургууль дээр байгуулна. Өсөхийн урт аянд цуврал номыг холбогдох байгууллагад хүлээлгэн өгнө. Мөн телевизийн олон ангит киног монголын зарим телевизэд хүлээлгэн өгнө. Хятадын танин мэдэх нь Өмнөд Монголын соёлын өдрүүдийн нээлт 2024 оны 11 сарын 4 өдрийн 19:00 цагт соёлын төв өргөөнд болох бөгөөд уг нээлт дээр шаолины үзүүлэх тоглолт болно.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах “Хоосон таваг” аян эхэллээ DNN.mn

Хот байгуулалт, хотын стандартын газраас нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газартай хамтран 2022 онд НИТХ-аар баталсан “Хог хаягдлын менежмент” бүлгийн хотын стандартыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах зорилгоор “Хоосон таваг” аяныг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Өнгөрсөн онуудад “Хог хаягдлын менежмент” бүлгийн UCS 1701A:2022 хотын стандартын хэрэгжилтийн хангах чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагууд болон ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж байсан. Харин энэ онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд руу чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна. Хүнсний органик хаягдал нь хурдан хугацаанд муудаж өөрөөсөө үнэр, шингэн ялгаруулдаг бөгөөд бусад хог хаягдлыг урвалд орох, ялзрах химийн хорт бодис ялгаруулах үндсэн шалтгаан нөхцөл болдог. Иймээс хүнсний органик хог хаягдлыг тусад нь хадгалах, эх үүсвэр дээр нь бууруулах нь өндөр ач холбогдолтой гэдгийг Хот байгуулалт, хотын стандартын газрын Агаарын чанарын стандарт хариуцсан мэргэжилтэн Б.Болороос онцолж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хилийн боомтуудын энэ сард ажиллах хуваарь DNN.mn

Хил хамгаалах ерөнхий газраас Хилийн боомтуудын 2024 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцууллаа.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болох арваннэгдүгээр сарын 2-нд болон Бүгд найрамдах Улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд зарим боомтууд түр хаана.

Хилийн боомтуудын XI сард ажиллах хуваарь

Categories
мэдээ нийгэм

Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа DNN.mn

Санхүү, эдийн засгийн их сургуулийн 100 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, худалдаа, эдийн засаг, санхүүгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх болон дээд боловсролын салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж, тус сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Тэр бээр эрдэмтэн багш, судлаачид, ажилтан, албан хаагчид, оюутнууд болон үе үеийн төгсөгч нарт түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүллээ.

1991 онд Санхүү, эдийн засгийн техникумын суурин дээр байгуулагдсан Эдийн засгийн коллеж нь зах зээлийн эдийн засгийн боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэж, сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, оюутан, төгсөгчид нь Хөрөнгийн бирж, хоёр шатлалт банкны тогтолцоо, татвар, гааль,  даатгал бизнес зэрэг зах зээлийн эдийн засгийн суурь тогтолцоог хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.

Цаашид эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа ханган бэхжүүлэхэд үндэсний чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, шинжлэх ухаан,  технологи, инновацад суурилсан дээд боловсролыг хөгжүүлэхэд Санхүү, эдийн засгийн их сургууль манлайлж ажиллана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Санхүү, эдийн засгийн их сургууль нь дээд боловсролын салбарт түүчээлэгч байж, нийгмийн салбарын хувьчлалын үлгэр жишээ болон сайн засаглалыг бэхжүүлж, их сургуулийн хөгжлийн шинэлэг загварыг 30 гаруй жилийн турш хэвшүүлэн ажиллаж байна.

Мөн гадаадын их, дээд сургуулиудтай багш, оюутан солилцооны шинэлэг хэлбэрүүд нэвтрүүлэн, хамтарсан төсөл, судалгаа хийж, сургалтын хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлж, их сургуулиудын тогтвортой хөгжилд үзүүлж буй нөлөөллийн олон улсын эрэмбэлэлд орж чаджээ.

Тус сургууль анх 1924 онд хоёр багш, 40 суралцагчтай “Гаалийн түр сургууль” нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш худалдаа, эдийн засаг,  санхүүгийн салбарыг хөгжүүлэх, түүн дотроо үндэсний боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

1929 онд “Нягтлан бодохын жинхэнэ сургууль”, 1935 онд “Санхүүгийн техникум”, 1946 онд “Санхүү, эдийн засгийн техникум” болон өргөжиж, 1949 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байжээ.

Тус сургуулийг 55 мянга гаруй хүн, түүний дотор Ерөнхий сайд асан Цэнгэлтийн Жигжиджав, Юмжаагийн Цэдэнбал, Думаагийн Содном, Ринчиннямын Амаржаргал тэргүүтэй төр, нийгмийн олон арван зүтгэлтэн, гавьяатан, урлаг, соёл, утга зохиолын алтан үеийн алдартнууд, үндэсний болон олон улсын спортын дэвжээнд нэр алдраа дуурьсгасан олон аварга цолтон төгсөн гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Гэрэлцэцэг: Урлагийн байгууллага хамтын оролцоотой хамтын хүч хөдөлмөрөөр босдог DNN.mn

Жил бүрийн аравдугаар сард Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын хамт олон улирлын нээлтээ нээдэг уламжлалтай. Уламжлал ёсоор 62 дахь нээлтээ П.И.Чайковский “Хунт нуур” балет, Ж.Верди “Риголетто” дууриар нээж үзэгчдэдээ тун саяхан бэлэг бариад удаагүй байтал залгуулаад Монгол Улсад орчин цагийн найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ой болох гэж байна. Ойн үеэр ‘Orchiestra Night II’ концерт болохтой холбогдуулан тус театрын СТА, удирдаач Т.Гэрэлцэцэгтэй уулзаж, шинэ уран бүтээл болон түүний ажил амьдралын талаар цөөн хором ярилцсанаа толилуулъя.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Туулайхүүгийн Гэрэлцэцэг гэдэг. 26 дахь жилдээ театртаа ажиллаж байна. Анх 17 настайгаасаа эхлэн балетын төгөлдөр хуурчаар ажлын гараагаа эхлээд хориод жил балетын төгөлдөр хуурчаар ажиллаж дэлхийн болон үндэсний гуч гаруй уран бүтээлд тогложээ. 2014-2018 оны хооронд СУИС-ийн удирдаачийн ангид суралцаж найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсөж удирдаачаар ажиллаж байна. Өнгөрсөн жил ОХУ-ын Улан Үдэ хотын дуурийн театрт хоёр ч удаа уригдаж “Дон Кихот” балетыг удирдсан.

-Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

-Бөмбөгөр ногоон театраас үндэсний шанз хөгжимчин эхлэлтэй миний эмээ Ц.Ханджав хийл хөгжимчнөөр дөчөөд жил ажиллаж тэтгэвэртээ гарсан ээж Ц.Дэлгэрмөрөн мөн хийл хөгжимчнөөр гучаад жил, аав Н.Туулайхүү ерөнхий удирдаачаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарч одоо СУИС-д багшаар ажиллаж байна. Нөхөр А.Өлзий-Орших балетын дасгалжуулагч багшаар, дүү Т.Оргилцэцэг флейт хөгжимчнөөр ажиллаж ингээд миний гэр бүл бүгд энэ театртай холбоотой. Дүү бид хоёр гурав дахь үе нь болж байна. Бага наснаасаа л аавынхаа дэргэд оркестрыг удирдаж байх үйл явцыг байнга харж суудаг байлаа.

Аав өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх шавь хайж байсан юм болов уу даа, надад удирдаачаар хичээллээд үзэх үү гэж анх санал тавихад нь чадах болов уу яадаг бол гэж их эргэлздэг л байлаа. Одоо бол эргэлт буцалтгүй удирдаач мэргэжилд татагдсан. Удам дамжсан урлагийн хүрээлэлд багаасаа өсөж урлагаар хүмүүжиж энэ мэргэжлийг сонгосон минь ийм учиртай. Бүх насаа сонгодог урлагт зориулсан эмээ, аав, ээжийнхээ үйлсийг залгуулаад өөрийн үр хүүхдүүдээ урлагаар хүмүүжүүлэх үйлсдээ шамдан ажиллаж явна.

-Удирдаач хүний ажил мэргэжлийн онцлогийн тухайд?

-Удирдаач мэргэжил бол хүнд мэргэжилд тооцогддог. Бүх талын мэдрэмж, анхаарал, сонсгол, биеийн хүлэмж, гарын хөдөлгөөн, хамт олныг удирдах гээд олон талын авьяас, биеийн эрүүл мэндийн хувьд чанга тэсвэр тэвчээрийг шаардана. Олон цагийн тоглолтыг зогсоогоороо удирддаг. Би голчлон балет удирдан тоглуулдаг. Дэлхийн болоод үндэсний хориод балет удирдан тоглуулсан байдаг юм. Театрын бүтэн жилийн тоглолтын 50 хувийг удирджээ. Ажлын ачаалал их. Нэг тоглолтоос нөгөө тоглолтын бэлтгэлд явсаар нэг мэдэхэд зун болж амралт эхэлдэг, намар нь дахиад л эхлэх ийм амьдралын тойргоор үргэлжилнэ.

Театр гэдэг ойлголт нэг хүний уран бүтээл биш, хамтын уран бүтээл юм.Урлагийн мэргэжил ганц хүн ажиллаж тоглодог биш, бие биеэсээ хамааралтай. Нэг л хөгжимчин дутуу байхад хөгжмийн дуугаралт доголдож сонсогдоно. Удирдаач хүн оркестрын бүх хөгжмийн дуугаралтыг мэдэрч чаддаг байхыг хэлнэ. Урлагийн хүмүүс бие биеэсээ хамааралтай. Урлагийн байгууллага хамтын оролцоотой, хамтын хүч хөдөлмөрөөр босдог. Удирдаач нь олон жилийн туршлага шаарддаг мэргэжил.

Тоглолтын турш ардаа 500 гаруй үзэгчтэй, урдаа оркестр гээд 50-70 гаруй хүнийг удирдан хоёр цаг гаруй хугацаанд зогсоогоор удирдана. Алдах, залхуурах эрхгүй ажил. Уран бүтээлдээ сэтгэл зүрхээ зориулдаг. Хөгжимчин нэг нотыг буруу тоглохыг андахгүй.Нотыг толгойндоо бүжигчид, дуучид хөгжимчдийг бүгдийг хянана гэсэн үг. Үүнээс үүдээд удирдаач гэж амаргүй ажил гэдэг нь ойлгогдоно. Монголын анхны эмэгтэй удирдаач гэхээр хүмүүс гайхдаг. Монголын хувьд анхдагч юм даа.

-Монгол Улсад орчин цагийн найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойн тоглолтын талаар тодруулахгүй юу?

-Энэ жил симфони найрал хөгжимд онцгой үйл явдал тохиож байна. Ойн хүрээнд арваннэгдүгээр сарын 2 -нд “Найрал хөгжмийн 100” хүндэтгэлийн концертод ахмад уран бүтээлчтэйгээ хамтарсан дэлхийн сонгодгоос тоглоно. Удирдаачаар Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх, Урлагийн гавьяат зүтгэлтэн ерөнхий удирдаач Н.Туулайхүү нар удирдана. Дараагийн өдөр орчин үеийн одоо байгаа бүрэлдхүүнээр “Orchiestra Night II” тоглолтоо хийнэ. Тоглолтын бэлтгэл ажил хангагдсан байгаа.

Манай театр 62 дахь улирлын нээлтээ “Хунт нуур”балет “Риголетта” дууриар хийлээ. “Учиртай гурван толгой” дуурь тоглоно. Дэлхийн сонгодог дууриудыг урьд нь монгол хэл дээр дуулдаг байсан бол одоо эх хэл дээр нь тоглож байгаа нь бас бидний ололт амжилт юм.

-Алтан үеийнхэнтэй хамт ажиллаж байсан уу?

-Алтан үеийнхэнтэй хамт ажилласандаа би өөрийгөө их азтай хүн гэж боддог.Тэднээсээ их ч зүйлийг сурсан. Ааваасаа ч их зүйл сурч явна даа. Аав маань 30 жил театрын удирдаачаар ажилласан.Театр маань миний амьдралын салшгүй хэсэг болсон. Театраасаа гэр бүлтэй болсон, балетын гоцлооч А.Өлзий-Орших гэж хүн бий. Одоо балетын дасгалжуулагч багшаар ажилладаг. Бид нэг хүү, хоёр охинтой. Том охин Монгол Улсын Консерваторын төгөлдөр хуурын ангийг төгссөн. Хүү балетын ангид суралцаж, бага охин одоо хоёр настай, бидний удмын дөрөв дэх үеийн залгамж халаа хөгжимчин, бүжигчин бэлтгэгдэж л байна. (инээв)

-Боловсон хүчний хувьд?

-Монгол Улсын Консерватори төгссөн залуус байдаг. Мэргэжилдээ сонирхолтой бүжигчид, дуучид, хөгжимчидтэй. Балетын бүжигчид их хурдтай, чадварлаг залуус бий. Зарим нь гадаад улс руу яваад эргэж ирэхгүй тохиолдол ч бий. Манай театрын боловсон хүчин нэг үеэ бодоход залуужсан гэхэд хилсдэхгүй. Бараг бүтэн үе солигджээ. Театрт маань дэлхийн бусад театруудад тоглогддог бүх л дуурь, балетууд тоглогдож байна. Залуу уран бүтээлч бид энэ олон жилийн нөр их хөдөлмөрөөр уламжлагдаж ирсэн бүтээлийг цааш нь хөгжүүлж хувь нэмрээ оруулж хичээн ажиллахыг бид зорьдог.

-Та юугаар бахархдаг вэ?

-Гэр бүл, эзэмшсэн мэргэжлээрээ маш их ба-хархдаг. Эмээгээс эхлээд бүгд л Монголдоо ганц сонгодог урлагийн анхдагч хамгийн ууган байгууллага болох дөрвөн давхар ягаан байшингаас ажил амьдралын гараагаа эхлүүлж байжээ. Эмээ, өвөө, аав, ээждээ намайг урлагаар хүмүүжүүлж ажил мэргэжлийг минь сонгож өгсөнд үнэхээр талархаад баршгүй. Миний үлгэр дуурайл бахархал болсон хүн аав, үнэнч зөвлөгч ээж, амьдралын багана түшиг тулгуур халамжит хань гээд театрынхаа алтан үе, уран бүтээлч хамт олноороо бахархдаг даа.

Ярилцсан сэтгүүлч Ц.Отгонсүрэн

 

Categories
мэдээ нийгэм

Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна DNN.mn

Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Томуу, томуу төст өвчний үед хоол хүнсээрээ дархлаагаа дэмжээрэй.

  • Та ус уух хэрэгтэй. Өглөө босоод 1-2 аяга бүлээн ус ууна. Чийгшсэн салст бүрхэвчийн вирусын эхний хамгаалалт болно. Өдөртөө 6-8 аяга ус уу.
  • Өглөөний цайгаа тогтмол уух
  • Халуун бүлээн шингэн зүйл сайн уух
  • Махан хоолоо тохируулж хэрэглэх. Аль болох олон төрлийн ногоотой, шөлтэй хоол идэх
  • Сүү, тараг, айраг, аарц, өрөм, зөөхий, шар тос, ааруул, ээзгий ээдэм аль болох түлхүү хэрэглэ
  • Хүүхдээ хангалттай хооллож буйд байнга хяналт тавиарай.
Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн эмч нар үений гадаргуу мөгөөрсийг шилжүүлэх технологийг нэвтрүүллээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч нар дунд чөмөгний булуу шаант ясны тавцанд нэг моментоор үений гадаргуу мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээг анх удаа хийлээ. Тус тасгийн хамт 2020 оноос үений гадаргуу мөгөөрс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд өдгөө эмчилгээний аргыг улам боловсронгуй болгон цогц байдлаар хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ технологийг нэвтрүүлж байна. Энэхүү шинээр нэвтрүүлсэн мэс засал эмчилгээ нь үений мөгөөрсний элэгдэл /ОА II-IV зэрэгтэй/ болон үхжилт үүссэн хэсгийг авч, шилжүүлэн суулгах буюу тромбинатор /үений гадаргуу мөгөөрсийг хусаж аван үүдэл эстэй хольж, үений гадаргууг нөхөх/-ийг ашиглан сэргээснээрээ хиймэл үе суулгах мэс заслыг 5-10 жилээр хойшлуулах чухал ач холбогдолтой юм.

Мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн мэргэжилтэн, Төрийн соёрхолт эмч С.Сүхбат, мөн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Б.Оргил болон Мэдээгүйжүүлгийн эмч, Төрийн соёрхолт эмч Ж.Түмэн-Өлзий, мэдээгүйжүүлгийн сувилагч П.Хулан, мэс заслын сувилагч Ө.Оюунчимэг, Г.Баасанжаргал нар багтсан байна.

Categories
мэдээ нийгэм

Төрд учирсан 144.9 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ DNN.mn

Дорнод аймгийн прокурорын газраас энэ оны эхний арван сарын байдлаар  төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 74 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төр нийтийн ашиг сонирхолд учирсан 144.9 сая төгрөгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллажээ.

Тодруулбал, тус аймгийн хэмжээнд Засгийн газрын тусгай сангуудаас олгосон 74.8 сая төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сан”- д учирсан 50.5 сая төгрөг, Гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 19.6 сая төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.

Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах төрийн байгууллагын хүсэлт нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 оны шалгалтын бүртгэл дуусахад ес хоног үлдлээ DNN.mn

2024 оны шалгалтын бүртгэл дуусахад 9 хоног үлдээ.

Та eyesh.eec.mn цахим хуудсаар Монгол хэл, бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх боломжтой.

Бүртгэл 2024 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18:00 цагт дуусах ба бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.

Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжуулан шалгалт өгөх хичээлээ нэмж болно гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.