Categories
мэдээ үндэсний-бөx

Н.Баярмагнайн нэрэмжит барилдаанд аймгийн арслан М.Баяржавхлан анх удаа түрүүллээ DNN.mn

Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хос шаргатан” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Баатар Дулаан Хан” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваадоржийн Төрболд үзүүрлэлээ.

Дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Дархан Үржих” ХХК, “Ар Жи Ти Эл” ХХК, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Ганбаатар, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “ОСНААУТ”, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх аймгийн арслан Ш.Отгонтөгс нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан Д.Цэнд-Аюуш, Ц.Төмөрцоож, аймгийн заан С.Доржпалам, аймгийн харцага Б.Ганзолбоо нар үлдэв.
Нэрэмжит барилдаан зохион байгуулж буй аймгийн арслан Н.Баярмагнайн гэр бүлээс “Уран барилдааны шагнал”-ыг Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, аймгийн заан С.Доржпаламд гардуулсан юм.

Дараагийн барилдаан 11 дүгээр сарын 14-нд 13:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа сайтай 128 бөхийн барилдаан, 18-нд 11:00 цагаас “Нээлттэй Сэлэнгэ түмэн” өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, 19-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар тус тус үргэлжилнэ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

“Монгол бахархлын өдөр” 128 бөх барилдана DNN.mn

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 14-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр” тохиож байна.

Энэ өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой, чансаа сайтай 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 13 цагаас болно.

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг байна. Энэ дагуу маргааш бүх нийтээр амрах юм.

Эх сурвалж: Монгол үндэсний бөхийн холбоо

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

М.Бадарчийн цолыг хураахгүй. Э.Оюунболд нар ч цолоо эргүүлж авах боломжтой DNN.mn

Өнгөрсөн ням гаригт Спорт ба допинг хэлэлцүүлэг Монгол бөхийн өргөөнд болов.

Хэлэлцүүлэгт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Улсын аварга О.Балжинням, Монголын боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр нар оролцов. Хэлэлцүүлгээр бөхчүүдээс явцын шинжилгээ авах уу, допингийн зөрчил гаргасан тамирчдын эрхийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцлээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд туулж ирсэн асуудлуудаа нэгтгэн хэлэлцэв.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав бөхчүүдээс явцын шинжилгээ авах эсэх талаар “МҮБХ-ны зүгээс цаашид допингийн шинжилгээ авна гэсэн байр суурьтай байна. Үүний тулд нэг л асуудал бий. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (МОНАДА)-ын бүтэц зохион байгуулалт, засаглалыг өөрчлөх. Явцын үеийн шинжилгээ, бэлтгэлийн үеийн шинжилгээг авахад тусдаа комисс байх ёстой. МҮБХ-ны дэргэд ч тусдаа комисс байх шаардлагатай. Өмнө нь бид бөхийн дэвжээдээр явж нэрс цуглуулаад, олон санал авсан бөхийг допингийн явцын шинжилгээнд хамруулж байлаа.

Түүнчлэн МҮБХ-нд ирсэн саналыг харгалзаж шинжилгээ авч байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 148 бөхийг допингийн шинжилгээнд хамруулахад есөн бөх зөрчил гаргасан. Цаашид шинжилгээ авахаас өөр арга байхгүй” гэв.

Түүний онцолж байгаагаар МОНАДА болон МҮБХ-ны дэргэд комисс байгуулсны дараа допингийн явцын шинжилгээ авах гэнэ. Тухайн комисс эмч, хүний эрхийг хамгаалагч, хуульчийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдгээр бөхчүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх гэнэ. Тухайн баг явцын шинжилгээг хэнээс авах, допингийн зөрчил гаргасан тамирчинд хариуцлага оногдуулах үүрэгтэй байх гэнэ. Хэн нэгний хатгаасаар допингийн шинжилгээ авдаг, өрсөлдөгчөө намнадаг зэрэг үзэгдэл цэгцэрнэ гэдгийг бөхчүүд онцолж байна. МОНАДА-ын бүтэц зохион байгуулалтыг өөрчилж комисс байгуулагдтал бага биш хугацаа орох нь. Ямартаа ч ойрын хоёр жилийн хугацаанд бөхчүүдээс явцын шинжилгээ авахгүй юм байна.

Энэ асуудлын хүрээнд хуульч Э.Бат-Энхээс зарим зүйлийг тодрууллаа.

– Хэн дуртай тамирчнаасаа допингийн шинжилгээ авах эрх зүйн орчин бий юу. Энэ нь тамирчны эрхийн зөрчсөн асуудал уу. Зарим бөхчүүдийн зүгээс үүнийг хүний эрхийн зөрчил гэх байр суурийг илэрхийлж байна л даа?

– Манайх олон улсын допингийн эсрэг байгууллагад 2007 онд элссэн байдаг.

Ингэснээрээ ВАДА-ын стандартыг мөрдөх үүрэг хүлээсэн гэсэн үг. Допингийн шинжилгээ авахад нарийн стандарт бий. Энэ бүхнийг манайд мөрдөж ажиллахгүй байна. Зүгээр барилдахаар ирсэн бөхөөс шууд шинжилгээ авах нь тухайн тамирчны эрхийг зөрчиж байгаа үйлдэл мөн. 2007 онд нэгдсэн ВАДА-ын дүрмээ зөрчиж байгаа үйлдэл.

– Яагаад зөрчил боддог юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

– Допингийн шинжилгээ авч байгаа байгууллага дэргэдээ үр дүнгийн удирдлагын багтай байх ёстой. Тухайн багт нь тамирчдаас хараат бус гэж гарын үсэг зурсан хүмүүс байх талаар Допингийн эсрэг үндэсний дүрэмд тодорхой заасан байдаг. Энэ хүмүүс допингийн шинжилгээнд хамрагдах тамирчдыг тодорхойлдог. Үүнд үндэслэж допингийн шинжилгээ авдаг. Үүнээс биш зүгээс нэг тамирчнаас хэн нэгний хатгаасаар ч юм уу шинжилгээ авдаг, өнөөх нь өвчин намдаах эм уусан явж таараад асуудал дагуулдаг. Ингээд шууд шонд өлгөдөг асуудал байж таарахгүй. Энэ бол тамирчны эрхэд халдсан ноцтой үйлдэл.

– МҮБХ-ны зүгээс өнгөрсөн хугацаанд 148 бөхийг явцын шинжилгээнд хамруулсан талаар Ц.Магалжав тэргүүн хэлж байна. Үүний тодорхой хувь нь Баяр наадмын бус үеийн шинжилгээ. Энэ үйл ажиллагааг дотоод журмаараа явуулсан талаараа онцолж байна л даа?

– Би дахиад хэлье. Манайд ВАДА-д элссэн. Үүгээрээ дүрэм, стандартыг нь мөрдөх үүрэг хүлээсэн. Үндэсний бөхийн холбоо дотоод журам баталж бөхчүүдээс шинжилгээ авдаг субъект биш. ВАДА-ын дүрмийг зөрчиж, тамирчдын эрхэд халдсан үйлдэл. Хэрэв МҮБХ бөхчүүдээс явцын шинжилгээ авах бол үр дүнгийн удирдлагын багтай байх ёстой.

Хэн нэгний хатгаасаар ч юм уу хэдэн бөхөөс нэр цохож шинжилгээ аваад зөрчил гаргасан бөхийг тэргүүлэгчид нь өөрсдөө шийтгэж байгаа нь ноцтой ажиллагаа. Тэдэнд ийм эрх зүйн чадамж байхгүй. Шууд хэлэхэд энэ бол хэлмэгдүүлэлт.

– Э.Оюунболд, Б.Лхагвадорж. Ц.Мөнхбаяр нараас авхуулаад олон бөх ийм жишгээр эрхээ хасуулсан шүү дээ. Тэд хэлмэгдсэн гэсэн үг үү?

– Дүрмийн бус үйл ажиллагааны хохирогч болсон гэсэн үг.

– Тэд эрхээ яаж хамгаалах вэ?

– Үндэсний спортын арбитрт хандаад л сэргээх боломжтой. Арбитрын шийдвэр эцсийнх.

Энэ үеэр Олон улсын болон Азийн буудлагын холбооны Эмнэлэг, Допингийн эсрэг комиссын гишүүн Н.Цогтсайхан олны анхаарал татсан зүйлийг онцолсон. Тэрбээр “Өнгөрсөн зуны наадмаар М.Бадарч тэргүүтэй 16 бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй гэж сонссон. Үүнийг би үндэслэлтэй гэж бодож байна. Допингийн эсрэг байгууллагатай зөвхөн М.Бадарч тохиролцож чадаагүй учраас нэр нь зарлагдсан. Улсын арслан М.Бадарч арбитрт хүсэлт гаргасан байдаг. Ингэхдээ шинжилгээ өгсөн бүх бөхийн шинжилгээний хариуг арбитрын журмаар татуулах хүсэлт гаргасан гэж сонссон. Энэ асуудал шударга байдлаар шийдэгдвэл маш ноцтой асуудал” гэв.

Өнгөрсөн зуны баяр наадмын түрүү бөх М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн. Улмаар Баяр наадам зохион байгуулах хорооны зүгээс түүний улсын арслан цолыг хурааж, барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасах шийдвэр гаргаж Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлээд байгаа. Гэсэн ч М.Бадарчийн зүгээс Үндэсний спортын арбитрт хандсан байна. Үндэслэл нь өнгөрсөн жилийн наадмын шинжилгээний хариуг татан төвлөрүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл дээрх шинжилгээний үйл явц шударга явагдсан эсэхийг нягтална гэсэн үг. Хэргийг Үндэсний спортын арбитраас шалгаж байгаа юм байна.

Энд онцлоход МОНАДА-ын тэргүүнээр ажиллаж байсан Ж.Хатанбаатарыг АТГ-аас шалгаж байгаа. Түүний ар гэр болон ажлын байранд шалгалт оруулахад бэлнээр 140 сая төгрөг олдсон байдаг. Түүнчлэн бөхчүүдийг допингийн шинжилгээний хариуг БНСУ дахь лабораториос хувийн и-мэйл хаягаараа хүлээж авдаг, үүнийгээ устгасан зэрэг нь эхний байдлаар тогтоогдсон. Яг одоо АТГ устгасан и-мэйлийг сэргээх, БНСУ дахь допингийн шинжилгээний лабораториос дахин авах ажлыг шат дараатай зохион байгуулж ажиллаж байгаа. Үүний ард Допингийн эсрэг комиссын гишүүн Н.Цогтсайханы онцолсон допингийн зөрчил гаргасан гэх 16 бөхийн асуудал тодорхой болох нь

Ж.Хатанбаатар нь допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг, үүнийхээ шанд авлигал авдаг байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа. Үүнд нь зарим нөлөө бүхий улстөрчид ч холбогдсон гэх мэдээлэл бий.

Нэр бүхий этгээдүүд допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдээс мөнгө нэхэж хариуг далдалдаг, шээсийг сольдог асуудал өнгөрсөн хугацаанд явж ирсэн, үүнд нь тухайн бөхийн нутгийн зөвлөл, УИХ-ын гишүүд хутгалдаж ирснийг эх сурвалж онцолж байна. Зөвхөн өнгөрсөн наадмаар л гэхэд 16 бөх допингийн зөрчил гаргасан ч үүнийгээ аргалуулж, зөвхөн М.Бадарч л ойлголцож чадаагүйгээрээ “туг тахиулсан” асуудлыг мэдээллийн хамгийн ойр эх сурвалж Н.Цогтсайхан онцолж байна.

Тэрбээр “Допингийн шинжилгээний үед ямар нэгэн процессын алдаа гарахад тухайн шинжилгээ тэр чигээрээ хүчингүй болдог. Тухайн шинжилгээнд процессын алдаа гарсан эсэхийг арбитр тогтоодог. Спортын арбитрын шийдвэр эцсийнх” гэдгийг онцолж байна. М.Бадарчийн зүгээс Үндэсний спортын арбитрт хандаад байгаа. Энэ өдрүүдэд шалгалтын үйл явц үргэлжилж байгаа.

Допингийн шинжилгээний завхралтай холбоотойгоор Улсын арслан М.Бадарчийн цолыг хураахгүй өнгөрөх боломжтой тухай хуульчид хэлж байна. Бүр цаашлаад 2019 онд допингийн зөрчил гаргаж Улсын аварга цолоо хураалгасан Э.Оюунболд ч хуулийн байгууллагаар эрхээ хамгаалуулж буцаан авах боломжтой гэнэ.

Б.Сайнбаяр

Categories
мэдээ үндэсний-бөx

Нийслэлийн өдрийн барилдааны түрүү бөхийн шагнал 10 сая төгрөг DNN.mn

Нийслэлийн өдрийн барилдаан” маргааш буюу 2023 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 13:00 цагт эхэлнэ.

Энэхүү уламжлалт 256 бөхийн барилдааны түрүү бөх 10,0 сая, үзүүр бөх 8,0 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5,0 сая төгрөгний бай шагнал гардах бөгөөд шагналын сан өндөртэй энэ намрын хамгийн том барилдааны нэг юм.

Маргааш 13:00 цагт эхлэх уг барилдааны цахим бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаах бөгөөд тасалбараа www.ticket.mn-ээс захиалан авах боломжтой.

Categories
мэдээ үндэсний-бөx

Нийслэлийн өдөрт зориулсан 256 бөхийн барилдаан энэ бямба гаригт болно DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохиогдох бөхийн барилдаан болон нээлттэй хурлын товыг танилцууллаа.

Аравдугаар сарын 27-ны Баасан гарагт 11:00 цагаас сумын цолтой залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно. Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 25, 26-нд цахимаар бүртгэх юм.

Харин энэ долоо хоногийн Бямба гарагт 11:00 цагаас Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно. Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 26, 27-нд цахимаар бүртгэх аж.

Ирэх долоо хоногийн даваа гаргийн 13:00 цагт Монголын Үндэсний бөхийн холбооны “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн нээлттэй хурал Монгол Бөхийн Өргөөнд болно. Тус хурлаар барилдааны дүрмийн зарим заалт ба допингийн асуудлыг хэлэлцэнэ. Хуралд бөхчүүд, бөхийн багш, дасгалжуулагчид болон бөхийн зүтгэлтнүүд, үзэгчид оролцоход нээлттэй юм.
Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын аварга О.Хангай Замын-Үүдийн Гаалийн газрын барилдаанд түрүүлжээ DNN.mn

Замын-Үүд дахь гаалийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр тохиов. Тус ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Дорноговь аймгийн Замын-Үүд хотын “Соёл, спортын ордон”-д энэ сарын 16-ны өдөр зохиогдож өндөрлөлөө. Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын даян аварга Намсрайн Батсуурь, аварга Оргихын Хангай, гарьд Цэдэнсодномын Бямба-Отгон, заан Баярхүүгийн Бат-Өлзий тэргүүтэй улс, аймаг, сумын алдар цолтой 64 бөх зодоглов.

Үүнээс Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат “Аврагч” спорт хороо, “Од групп”, “Их Монгол” сан, “MGO trans” ХХК-ий бөх Монгол Улсын аварга Оргихын Хангай 6 даван түрүүллээ. Тэрбээр нэгийн даваанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат залуу бөх У.Мөнхтулгыг давсан. Үргэлжлүүлэн аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн заан Х.Бөхбаяр, улсын начин Э.Сумъяабат, Б.Түмэндэмбэрэл, улсын харцага Н.Золбоо нарыг өвдөг шороодуулсан юм.

Шөвгийн дөрвөн бөх:

Улсын аварга О.Хангай

Улсын харцага Н.Золбоо

Улсын начин Б.Түмэндэмбэрэл

Улсын заан Б.Бат-Өлзий

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

МҮБХ: Барилдааны дүрмийн зөвлөлийн нээлттэй хурал болно DNN.mn

Монголын Үндэсний бөхийн холбооны “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн нээлттэй хурал 2023 оны аравдугаар сарын 28-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Энэ талаар МҮБХ-ноос “Хуралд бөхчүүд, бөхийн багш, дасгалжуулагчид болон бөхийн зүтгэлтнүүд, үзэгчид нээлттэй оролцох боломжтой” гэж мэдээллээ.

Сонирхуулахад, Монголын үндэсний бөхийн холбооны есдүгээр их эе хурал 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр болсон. Их эе хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, тэргүүн, тэргүүлэгчдийг нууц санал хураалтаар сонгосон юм. Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Барилдааны дүрмийн зөвлөл, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийг байгуулан ажиллахаар болсон.

Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ-ны Барилдааны дүрмийн зөвлөлөөс нээлттэй хурал зарлажээ DNN.mn

Монголын Үндэсний бөхийн холбооны Барилдааны дүрмийн зөвлөлийн нээлттэй хурал зарлагджээ.

Хурал 16 хоногийн дараа буюу аравдугаар сарын 28-ны Бямба гарагт 13:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болох аж.

Бөхчүүд, бөхийн багш, дасгалжуулагчид болон бөхийн зүтгэлтнүүд, үзэгчид уг хуралд оролцож болох юм байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Алтан цом”-ын төлөөх хоёр дахь удаагийн барилдаан энэ сард эхэлнэ DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос тэгш тоотой сар болгоны эхний 14 хоногт “Алтан цом”-ын барилдааныг зохион байгуулахаар болсон.

Тэгвэл хоёр дахь удаагийн “Алтан цом”-ын барилдаан энэ сард эхлэх юм. Энэхүү барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцож байгаа аж.

Энэ жилийн “Алтан цом”-ын барилдааны онцлог нь эхний “Алтан цом” буюу өнгөрсөн жилийн барилдааны шигшээ наймд шалгарсан багууд эхний тойрогт барилдалгүй шууд дараагийн тойргоос оролцох юм. Тэмцээний шагналын сангийн тухайд өнгөрсөн жилийнхтэй ижил байх бөгөөд давааны мөнгө болон 1-4 дүгээр байр эзэлсэн багуудад 20-200 сая төгрөг олгоно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Наадмаар М.Бадарч начин төрүүлсэн юм бол түүнээс дээш давааны бөхчүүд нь хэнтэй барилдаж цол ахисан байх вэ? DNN.mn

Монгол наадамд түрүүлсэн бөхчүүд жил бүр допингийн шинжилгээнд бүдэрдэг болов. Тэгээд л төрийн наадам түрүү бөхгүй болж бүтэн жилийн хэрүүл тэмцэл эхэлнэ. Энэ жилийн баяр наадмын түрүү бөх М.Бадарч метенолон гэх допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь БНСУ дахь албан ёсны лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо. Энэ нь булчингийн масс нэмэх зориулалттай, бүх цаг үед хориглосон бодис гэнэ. Үүнийг хэрэглэснээр булчин томорч тэр хэрээр тэнхээтэй болдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна. М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрснээр түүнд олгосон цол, тансаг зэрэглэлийн байр, машинууд ямар ч утга, учиргүй болж хувирав. Зарим хуульчдын зүгээс ард түмнийг хуурч допинг хэрэглэж наадамд түрүүлээд бай шагнал хамдаг үзэгдлийг луйврын шинжтэй гэмт хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Энэ нь ч зарим талаараа ортой. Хэдэн өрөө байр, бандгар жийпний төлөө улайрч допинг хэрэглэж ард түмнийг мэхэлж байгаа нь дэндүү хударгагүй үйлдэл. Дээрээс нь бөх болохоороо л ингэдэг юм байх даа гэсэн гайхширал дагуулах юм. Өөр хэвийн ухаантай хүн бол түрүүлчихээр допингийн шалгалтад ордог гэдгийг эрх биш мэдмээр юм.

Ийм луйврыг таслан зогсоох цаг тулж ирснийг М.Бадарч, Э.Оюунболд нарын жишээ тод харууллаа. Наадамд түрүүлсэн бөхийг халуун хөлсөн дээр нь индэрт залж зарлиг дуудаж цол олгодог явдлаа эргэж харъя. Долдугаар сарын 12-ны орой батламж гардуулаад допингийн шинжилгээний хариу ирэхэд нь цолны үнэмлэх тэмдгийг нь гардуулдаг байхаар Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг болжээ. Бөхчүүдийн допингийн шинжилгээний дээж аваад 40-50 хоног ор сураггүй алга болдог үзэгдэл манайхаас өөр хаана ч алга. Энэ нь хор уугаад ч хамаагүй түрүүлчихээд шагналаа хамчих. Цаадуул чинь нэгэнт өгсөн юм чинь буцааж нэхэж чадахгүй. Нэхвэл ийм нүнжиггүй хүмүүс бас байдаг аа гээд л орилчиход яаж ч чадахгүй гэсэн аминдаа их нарийн ухааны ажил юм шиг байна. Бодвол нөгөө ам авна гэж хөгшид, хүч чадал нь харьчихсан хүмүүсээ амладаг дэлхийд хаана ч байдаггүй жудаггүй үйлдэлээ боддогтойгоо адил бодож гаргалгааг нь гаргаа биз.

Одоо энэ нарийн ухааны юмыг нь таслан зогсоохын тулд шинжилгээний хариу нь тэр дороо гардаг олон улсын жишигт шилжих болсныг түрүүлээд шагнал хамдаг бөхчүүд тодорхой харуулав. Иймд бөхчүүдээ долдугаар сарын 12-ны өдөр шинжлээд маргааш нь хариу гаргадаг болъё. Ингээд уяачдын наадмаар цолны үнэмлэх тэмдгийг нь албан ёсоор гардуулж байя. Цол авсан бөхчүүд тэнд цуглаж нутгийн зөвлөлөөсөө байр, машин авдаг уламжлалтай. Яг энэ үеэр нь л цолыг нь өгч баталгаажуулъя.

Үгүй бол допингийн хэрэглээг нь сул тавья. Бөхчүүдийн шээсийг хаа байсан Солонгос руу зөөж зуу зуун сая төгрөг үрдэг ажлаа зогсооё. Сумо шиг хэрэглэх нь хэрэглээд барилдаг. Хамгийн ойрхон жишээ Өмнөд Монголын бөхөд ч допинг хэрэглээд л барилддаг. Ийм жишигт шилжье. Энэ жил тэр бөх хүчтэй допинг хэрэглэж түрүүллээ гээд л сууж байдаг.

Баяр наадмын тухай хуулийн өөр нэг гажуудал нь допингийн хохирогч бөхчүүдэд нөхөж цол олгодог асуудал байна. Энд ямар ч логик алга. Энэ гажуудлыг зөвхөн М.Бадарчийн жишээнд л авч үзье. Өнгөрсөн наадмаар түүнийг тавын даваанд аймгийн хурц арслан Б.Баянмөнхөд өвдөг шороодсон гэж үзсэн. Улмаар Б.Баянмөнхөд Улсын начин цолыг нөхөж олгохоор болоод байна. Өөрөөр хэлбэл М.Бадарчийн наадам тавын даваанд өндөрлөсөн гэсэн үг. Гэтэл үүнийг зургаа, долоо, найм, есийн даваанд гарч барилдсанд тооцсон нь гажуудал. Э.Даш, С.Сүхбат, О.Хангай, Ц.Бямба-Отгон нар цол ахих болоод байгаа. Тэд аль дээр тавын даваанд унасан бөхтэй барилдаж цол ахиж байгаа нь ямар ч утгагүй. Мөн М.Бадарч О.Хангайгаас бусад өрсөлдөгчөө давахгүй гэх баталгааг хаанаас гаргаж бөхчүүдэд цолыг нь нөхөж олгоод байна вэ. М.Бадарч тавын давааны өрсөлдөгч Б.Баянмөнхийг бол алчуур шиг л сэгсрээд л чулуудна. Яаж ч бодсон давна. Зургаагийн давааны учраа Э.Дашид ч М.Бадарч унаж байсан удаагүй. Таарахаараа л давдаг. С.Сүхбатыг ч тэр дугтраад л унагана. Улсын аварга О.Хангай л эн тэнцүү өрсөлдөнө. М.Бадарчийг унана гэх баталгааг хаанаас гаргаж цол нөхөж олгоод байгаа нь хачирхалтай.

Их спортод түрүүлсэн тамирчнаас допинг илэрвэл ялагдсан тамирчид нь урагшаа байр огшдог дүрэм бий. Үүнийг монгол үндэсний бөхөд хэрэгжүүлж байгаа нь зохимжгүй байна

Монгол үндэсний бөх шиг есөн даваатай тэмцээн өөр хаана ч байхгүй. Энэ дүрэм нь манай тэмцэлдээний хөрсөнд бууж өгөхгүй байна. Яаж ч үзсэн М.Бадарч Б.Баянмөнх, Э.Даш, С.Сүхбат нарыг дийлнэ. Наанадаж л наадмын их шөвөгт шалгарна. Тэгэхлээр тавын даваанаас хойших барилдааныг комисс гаргаж байгаад тэр нь тэрийг давна, энэ нь үүнд унана гээд хийсвэр барилдаан хийлгээд үзүүр түрүүн дээр аваачих хэрэгтэй болчихоод байна. Тэгж байж цол үнэмшилтэй болно. Ийм учраас дээр дурдсан цол олголт утга учиргүй болчихоод байгаа юм. Тэгээд ч аль тавын даваанд уначихсан хүний юутай нь барилдаад даваад байгааг ойлгохгүй байна. Сүнс сүлдтэй нь барилдаад байгаа юм уу. Ийм худал зүйлээр цол ахисан бөхчүүдийг тэгээд зааны сүнс цолтой, арслангийн сүнс цолтон гэх болж байна уу.

Бид сүүлийн үед үндэсний бөхчүүдээ өв тээгч гэж дээдэлж хоймортоо залж ирлээ. Одоо үүнийгээ больё. Тэд хэтэрхий увайгүй байна. Ц.Бямба-Отгон гарьд цолны найраа өнгөрсөн наймдугаар сард хийж “Нутгийн буян” группээс таван өрөө орон сууц, нутгийн зөвлөлөөсөө тансаг машин бэлгэнд авсан. Тухайн үед “Арслан болохоо мэдээд бушуухан гэгч цолны мялаалгаа хийлээ” гэж ярьж байв. Удахгүй Ерөнхийлөгчийн зарлигаар улсын арслан цол аваад дахиад найр хийж наашаа гэсэн болгоноо холгох уу. Иймэрхүү л юм бодож явдаг хүмүүсээр монгол эрчүүд бахархаж, тэднийг даган дууриах нь зохимжтой гэж үзэж байгаа юм уу . Монгол эрчүүд ийм шуналтай, авахаас өөр юм мэдэхгүй зан ааштай болох нь зөв үү. Бөх тайлбарлагчдын өв тээгч гэх яриаг хориглох хэрэгтэй. Монгол бөх шашин мэт бүх зүйлийн тэргүүнд залрах зохимжгүй нь олон жишээгээр амьдрал дээр батлагдлаа. Шуудхан хэлэхэд социализмын үед бөхчүүдийг тэргүүндээ залдаггүй байв. Асуудлыг хүч, бяраар шийдэхээр дайрдаг муйхардуу улс л гэж тодорхойлдог байсан. Биеийн хүчээр гурвыг билиг оюуны хүчээр мянгыг дийлнэ гэх цэцэн үг бий. Сэлмээр тулалддаг үед бяртай улс шүтээн байсан байж магадгүй. Орчин үед энэ нь орхигджээ. ОХУ, Украины дайнаас ажиглахад биеийн хүч тэнэг зориг шинжлэх ухаан технологийн өмнө юу ч биш гэдэг нь харагдлаа. Оюун ухааныг тэргүүндээ залж тэтгэх цаг болжээ. Аль ч талаас нь яаж ч харсан бөхчүүд өв тээгч биш байна.

Сүүлд нь онцлоход байгаагаа хэдэн бөхчүүдэд барьдаг, тэднийг оройн дээд шүтээн мэт залдаг, хэлсэн ярьсаныг нь бишрэн дагадаг шашинлаг байдлаа зогсооё оо. Энэ бол байдаг л нэг хувь хүний тулааны спорт билээ. Тэмцэлдэхдээ өмсдөг өмсгөлийг нь л соёлын өв гэхгүй юм бол өөр соёл уламжлал тээгээд дамжуулаад байгаа юм өчүүхэн ч байхгүй. Ялалтын үр шимийг зөвхөн ялагч хүртдэг, бусдад падлий ч байхгүй спорт юм.

О.ДАШНЯМ