Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Улсын харцага Б.Бат-Өлзий уучлалт гуйлаа || DNN.mn

Өчигдөр болсон улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны тавын даваанд улсын харцага Б.Бат-Өлзий улсын начин Ж.Ням-Эрдэнийн шанаа руу цохьсон гэж шүүмжлүүлээд байгаа билээ.

Үүнд Б.Бат-Өлзий харцага тайлбар хийн, уучлалт гуйлаа. Тэрбээр “Сайн байцгаана уу. Өчигдөр болсон барилдааны тавын даваанд Ням-Эрдэнэ начинтай барилдах явцад барьц халах үйлдэл хүмүүст цохиж байгаа юм шиг харагдсан байна. Бөхдөө хайртай монголчуудаасаа уучлалт гуй байна. Мөн Ням-Эрдэнэ ээ, уучлаарай хө” гэжээ.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Энэ сард хүчит бөхийн таван барилдаан болно

Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаан энэ сарын 31-нд эхэлнэ

Үндэсний бөхийн холбооноос мэдээлснээр энэ сард Бөхийн өргөөнд таван удаагийн барилдаан болох нь.

  1. Хоёрдугаар сарын 18-нд 12:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
  2. Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан
  3. Хоёрдугаар сарын 20-нд 12:00 цагаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Ц.Улаанхүүгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
  4. Хоёрдугаар сарын 26-нд 12:00 цагаас Ховд аймгийн Манхан сумын харьяат, Аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Б.Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
  5. Хоёрдугаар сарын 27-нд 12:00 цагаас Бизкон аудит ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан “Монгол Улсын начин цолны хүндэтгэл” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болох аж.

Үзэгчид болон бөхчүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, эрсдэлээс сэргийлэх юм байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Э.Мөнхжаргал: Аав, ээжийнхээ ачийг бага боловч хариуллаа. Сэтгэл дүүрэн сайхан байна

Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргалтай ярилцлаа.


-Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд түрүүллээ. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сэтгэгдэл өндөр байна. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшдаа талархаж байна. Сар шинийн баярт “Бөх билэгт дэвжээ”-ний бөхчүүд сайн барилдаж ирсэн. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Д.Рагчаа гээд бөхчүүд түрүүлж байсан юм. Ах нарынхаа араас амжилттай барилдаж түрүүллээ. Энэ жилийн тухайд манай дэвжээний бөхчүүд цугларалтад хамрагдаж 10 хоногийн бэлтгэлд гарсан юм. Улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг гээд бөхчүүд залуусаа Сар шинийн барилдаанд бэлтгэсэн. Манай галаас улсын гарьд М.Бадарч, харцага Б.Зоригтбаатар шөвгөрлөө. Манайхан амжилттай барилдлаа.

-Аймгийн заан цолтой залуу “Бага наадам”-д түрүүлсэн нь Сар шинийн барилдааны онцлог байлаа. Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан Сар шинийн барилдаан маань зохион байгуулагдсан нь сайхан байлаа. Түрүүлж, үзүүрлэх талаар нэг их бодоогүй. Хэнтэй ч таарсан сайхан барилдъя л гэсэн бодолтой Сар шинийн барилдаанд зодоглолоо.

Хүнд барилдаанууд хийлээ. Нэгийн даваанд л гэхэд улсын начин Т.Дүгэрдоржтой оноолт таарсан. Даваа бүрт түргэн шуурхай барилдахыг хичээлээ.

-Энэ жилийн тухайд Сар шинийн барилдаан хоёр өдрийн турш зохион байгуулагдлаа. Дархан аварга А.Сүхбат нойр сайтай хоноод, өглөө хоол идээд гарахад л түрүүлдэг байсан талаараа хэлж байсан. Чухал барилдааны өмнө сайн унтаж амарч чадсан уу, та?

-Миний тухайд барилдаан бодож нервтээгүй. Эхний өдрийн барилдаанаа хийчихээд орой 22:00 цагийн үед л унтсан. Өглөө ээжийнхээ гарын хоол идээд л Бөхийн өргөө рүү гарсан. Нойр сайтай хоносон учраас өмнөх барилдаанууддаа төвлөрөөд л тайван байлаа. Багш, дасгалжуулагч нарынхаа зөвлөгөөг ч сайн тусгаж авсан.

-Чухал барилдааны өмнө галын дасгалжуулагч нар чинь танд юу зөвлөж байв?

-“Тэрэнтэй тэгж, энэнтэй ингэж барилдаарай, тийм мэх хийгээрэй” гэж нарийн ширийн юм зөвлөөгүй ээ. Өмнөх барилдаандаа төвлөрөөд хүний хайрцагт орохгүй, өөрийнхөөрөө шийдэмгий барилдахыг л зөвлөсөн. Энэ зөвлөгөөний дагуу л барилдаж түрүүллээ. Аль болох шийдэмгий барилдахыг л хичээсэн. Хажууд дэвжээний ах нар зоригжуулаад зогсож байхад нөмөр нөөлөг болдог юм байна. Тэр ч утгаараа зоригтой барилдлаа.

-Таны аав цэргийн начин цолтой бөх хүн. Хүүгийнхээ барилдааныг Бөхийн өргөөнд очиж үзэв үү?

-Аав маань гэртээ зурагтаар харсан. Би аав, ээж, дүүгийн хамт амьдардаг юм. Сар шинийн барилдаанд түрүүлчихээд баяраа хуваалцахаар гэр лүүгээ их яарсан. Гэр бүлийнхэн маань идээ битүүлгээ засчихсан, их сайхан хүлээж авсан. Баяраа хуваалцаад ээжийнхээ гарын цайг уух мэдрэмж үгээр илэрхийлэх аргагүй гоё байлаа. Аав минь надаас ч илүү баярласан.

Аав, ээжийнхээ ачийг бага боловч хариулсан гэж бодож байна. Сэтгэл дүүрэн сайхан байна. Энэ их баярыг минь хуваалцаж, баяр хүргэж байгаа ард түмэндээ их талархах юм. Бусдын амжилтад баярлаж талархдаг сүү шиг сэтгэлтэй түмэн юм аа, монголчууд. Энэ бүхнийг амжилтаараа хариулахын тулд илүү их хөдөлмөрлөж, өндөр амжилт үзүүлэх ёстойгоо л ухамсарлаж байна.

-Та дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгстэй таарч хүч үзсэн. Аваргын тухайд “Бага наадамд” анх удаагаа түрүүлэх зорилготой зодоглосон байх. Барилдаан ямар болов?

-П.Бүрэнтөгс аваргатай өмнө нь хоёр удаа таарч барилдаж давж байсан юм. Энэ удаа барилдааныг түргэн шийдэхийг л зорьж гарсан. Барилдаан удааширч шуудагны барьцад хүрвэл надад ашиггүйг сайн ойлгож байлаа. Гараад л шийдэмгий барилдаж давсан.

-Бүх даваанд л шийдэмгий барилдсан шүү дээ. Та сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Би спортын сууриа жүдо бөхөөр тавьсан. Жүдо бөхийн тухайд цагийн хэмжигдэхүүнтэй спорт. Таван минутын дотор л ажиллаад асуудлаа шийднэ. Олдсон барьц байрлалыг алдалгүй мэхээ хийдэг. Миний тухайд үндэсний бөхөөр барилдахдаа ч олдсон барьц байрлалыг алдахгүй, шийдэмгий мэх хийдэг юм. Магадгүй их спортоос олж авсан давуу тал байх.

-Сар шинийн барилдаанд түрүүлээд төрсөн нутагтаа очиж амжсан уу, та?

-Би Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн хүүхэд. Сар шинийн барилдаанд түрүүлчихээд нутагтаа очиж гурав хоног амарлаа. Нутгийн зон олон маань ч их сайхан хүлээж авлаа. Хэд хоног амармаар байв ч шил шилээ дарсан тэмцээн уралдаанууд хүлээж байхад аялаад яваад байж таарахгүй. Төрсөн нутгийнхаа уул овоонд гарч сэтгэлээ баясгаад эргэсэн.

-Таны тухайд жүдо бөхөөр хичээллэж байсан шүү дээ. Үндэсний бөх рүү яагаад татагдав?

-Би 14 настайдаа гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшид шавь орж байлаа. Тэр цагаас хойш жүдо бөхөөр хичээллэж байсан юм. Олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцсон. Харамсалтай нь бэртэл аваад түр завсарласан юм. Энэ хугацаанд жин ч нэмсэн. Ингээд 2018 онд үндэсний бөхөөр барилдмаар санагдаад болдоггүй. Сумын заануудын барилдаанд анх удаагаа барилдаж нэг давсан юм. Туг тойрч байхдаа онцгой мэдрэмж авсан. Тэр цагаас хойш заалны барилдаануудад зодоглох болсон. Барилдаанаас барилдаанд амжилт ахиад ирэхээр урам авдаг юм билээ. Ингээд л үндэсний бөхийн бэлтгэлээ түлхүү хийх болсон. Хажуугаар нь их спортын бэлтгэлээ орхиогүй. Ц.Шийрэв багшаасаа зөвлөгөө аваад жүдогийн бэлтгэлээ базааж л байлаа.

-Таны аавын тань талд улсын цолтой бөхчүүд байдаг гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Миний аав цэргийн начин цолтой бөх хүн. Мөн улсын харцага Ц.Юүвээ, улсын начин Ц.Ванчигцэрэн, Ц.Дуласүрэн гээд ах дүү гурван бөхтэй аав талаараа садан болдог. Удмыг нь залгаад л барилдаж байна.

-Таны тухайд аймгийн заан цолтой ч үндэсний бөхийн энэ цагийн өнгийг тодорхойлж буй аварга арслангуудтай эн тэнцүү өрсөлдөж байна. Өөртөө ямар зорилго тавьж хөдөлмөрлөж байна вэ?

-Ирэх зун том ойтой. Энэ наадмын бэлтгэлдээ сая орсон. Эхний ээлжинд АХ-ын 100 жилийн ойгоор сайн барилдаж улсын цол хүртэхийг зорьж байгаа. Цаашид үндэсний бөхийн оргил цолд хүрэх холын зорилготой бэлтгэл сургуулилтаа базааж байна. Багш дасгалжуулагч нар болон бөхөд сэтгэлтэй Монголын ард түмэндээ Сар шинийн мэнд дэвшүүлье. Итгэлийг нь алдахгүй хичээж барилдахаа энэ дашрамд уламжилъя. Баярыг минь хуваалцсан танай хамт олонд талархал илэрхийлье.


Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв: Э.МӨНХЖАРГАЛ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ ОЛЖ АВЛАА. УЛСЫН НААДАМД Ч ТҮРҮҮЛЭХ БҮРЭН БОЛОЛЦОО БАЙНА


Э.Мөнхжаргалын багш гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвтэй ярилцаж баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Олимпийн наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Отгонбаатар, жүдо барилдааны залуучуудын Дэлхийн аварга олон улсын хэмжээний мастер Л.Энхрийлэн, мэргэжлийн сумогийн их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь нар юм. Мөн улсын заан Д.Анар, улсын начин Б.Серик нар түүний удирдлагад бэлтгэгдсэн бөхчүүд билээ.


-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу, та. Таны бэлтгэсэн шавь Сар шинийн баярт зориулсан улс аймгийн цолтнуудын барилдаанд түрүүллээ. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сайхан шинэллээ. Гарын шавь маань үндэсний бөхийн энэ цагийн өнгийг тодорхойлж буй аварга, арслангуудтай сайхан барилдаж Сар шинийн барилдаанд түрүүллээ. Багш хүний хөдөлмөрийн үр дүн шавь нарын амжилтаар л тодорхойлогддог гэж ойлгодог юм. Бэлтгэсэн хүүхдүүд маань ард олноо баясгаад өндөр амжилт үзүүлээд явж байна.Шавь нартайгаа зааланд өнгөрүүлсэн цаг хугацааны үр дүнг харуулж байгаа шавь нартаа талархаж сууна. Багш хүний тухайд үүнээс илүү баяр баясгалан гэж юу байх вэ. Гэлээ гээд баярын өдрүүдэд зүгээр суусангүй. Одоо ч жүдогийн зааландаа шавь нарынхаа залгамж халааг бэлтгээд жаахан хүүхдүүдтэй ажиллаад зогсож байна. Үр дүн нь удахгүй гарах байх аа.

-Бар жилийн Сар шинийн барилдааны түрүү бөх аймгийн заан Э.Мөнхжаргал анх арван хэдтэй хүүхэд таны гар дээр ирж байсан юм билээ. Ямар хүүхэд байв?

-Арван хэдхэн настай

өндөр бор хүүг цэргийн начин н.Эрдэнэхүү анх надад авчирч байсан юм. Тухайн үед “Хүүгээ сайн бөх болгомоор байна” гээд л надад захиж үлдээсэн. Ямар ч шалтгаантай байсан бэлтгэлээс хоцорч, тасалдаггүй, жижиг дасгалуудыг ч чин сэтгэлээсээ хийдэг жаахан хүү зааланд гүйж байсан нь саяхан юм шиг санагдаж байна. Миний гарт ирэхдээ 60 орчим кг-ын жинтэй л байсан. Өдөр тутмын бэлтгэлд өөрийгөө бүрэн дайчилж их спортын сууриа зөв тавьсны үр дүн гарлаа л гэж багш хүний хувьд дүгнэж байна. Э.Мөнхжаргал спортод хөл тавьсан эхний он жилүүдэд жүдо бөхөөр тууштай хичээллэж олон улсын хэд хэдэн тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Эхлээд өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод л түрүүлж байлаа. Дараа нь залуучуудын Азийн аваргад ч мөн түрүүлж алтан медаль хүртсэн. Ер нь тивийн хэмжээнд тодорч байсан юм. Харамсалтай нь бэртэл авсан. Ингээд спортоос түр завсарлага аваад эргэж ирэхдээ жин нэлээн нэмсэн. Тэр цагаас хойш үндэсний бөхийн бэлтгэл түлхүү хийж эхэлсэн байдаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд л үндэсний бөхийн бэлтгэл хийж байна. Хажуугаар нь их спортын ачаалалтай бэлтгэлээ ч орхиогүй.

-Аймгийн заан шавийгаа ингээд Сар шинийн барилдаанд түрүүлчихнэ чинээ санаж байв уу. Энэ жилийн тухайд ямар амжилт хүлээж байв?

-Гайгүй сайн барилдах болов уу гээд л харж суусан. Э.Мөнхжаргал гэнэт гараад ирж байгаа асуудал биш л дээ. Өнгөрсөн зун МЗХ-ны 100 жилийн ойн барилдаанд өөрийнхөө чадамжийг хангалттай харуулсан залуу. Тэр барилдаанд улсын аварга С.Мөнхбатаар дөрөв давж, тавын даваанд улсын начин О.Мөнх-Эрдэнэтэй тунаж барилдаад өвдөг шороодуулсан. Өндөр чансаатай барилдааны тавын даваанд тунаж барилдана гэдэг сайн бөхийн шинж. Хэний ч танихгүй “битүү морь” гарч ирээд Сар шинийн барилдаанд түрүүлчихсэн асуудал биш. Түрүүлэх хэмжээнд бэлтгэгдээд байсан нь эндээс харагдаж байгаа биз.

-Сая шийдвэрлэх даваануудад том цолтнуудтай их шийдэмгий барилдаж байна лээ.

-Э.Мөнхжаргалын хувьд их спортоор тив дэлхийн хэмжээнд өрсөлдөж байсан хүн. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, тив дэлхийн хэмжээнд хэмжээнд л барилддаг бөх шүү дээ. Хувь тамирчны онцлог нь сэтгэл зүй их өндөр. Өрсөлдөгчийн барилдаанд зөв дүгнэлт хийж, оновчтой хувилбар боловсруулж барилддаг тамирчин. Дээрээс нь шийдэмгий. Энэ нь амжилтынх нь түлхүүр гэж хэлж болно. Ийм зан чанартай хүүхдийн их спортын суурийг зөв тавьж өгвөл ямар ч амжилт үзүүлэх боломжтой гэж хувьдаа хардаг юм.

-Сая Сар шинийн барилдаанд түрүүлчихээд багш дээрээ очсон байх. Та юу зөвлөв.

-Гарын шавь маань том барилдаанд түрүүлчихээд золгохоор ирж байгаа нь сайхан л санагдлаа. Дотроо баярлаж байсан ч дэргэд нь ил гараад байх нь зохимжгүй. Том барилдаанд түрүүлж, олны анхааралд орлоо. Хүн бүр л баяр хүргэнэ. Амжилтыг нь үнэлнэ. Ийм үед биеэ зөв авч явахыг захилаа. “Амжилт гаргаж байгаа нь ажлаа хийж байгаа л асуудал. Илүү хөдөлмөрлөж өндөр амжилт үзүүлээрэй” гэж зөвлөлөө. Амжилт үзүүлээд сагсуураад, янз бүрийн зан авир гаргаад байж болохгүй. Энэ их өв соёл тээж яваа залуу хүний тухайд нийгэмд зөв үлгэр үзүүлэхийг л анхаарууллаа. Э.Мөнхжаргалын тухайд уг хүн нь төлөв даруу, давлаа гээд баярлаад гүйгээд байдаггүй, уналаа гээд тэгж их шаналаад байхгүй. Ямар ч нөхцөлд сэтгэл зүйгээ хянаж чаддаг онцлогтой тамирчин. Хувийн сахилга бат маш сайн. Архи ууж, тамхи татахгүй. Зөвхөн амжилтын төлөө л зүтгэж яваа залуу.

-Та ирээдүйд Э.Мөнхжаргалаас ямар амжилт хүлээж байна вэ?

-Том барилдаанд түрүүллээ. Аварга, арслангуудтай бүгдэнтэй нь барилдаж эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж байна. Э.Мөнхжаргал шиг сахилга баттай, өндөр хэмжээнд барилдаж байгаа залуу улсын наадамд ч түрүүлэх боломжтой. Гол давуу тал нь сэтгэл зүй нь тогтвортой. Сая Сар шинийн барилдаанд түрүүлж өөртөө итгэлтэй боллоо. Өөрт байгаа нөөц бололцоог мэдэрнэ гэдэг хамгийн чухал.

-Э.Мөнхжаргал Сар шинийн өмнөхөн бөхийн жүдо барилдааны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Цаашид үндэсний бөхийн бэлтгэлээ дагнаж хийх үү. Жүдо бөхөөрөө барилдах уу?

-Энэ жил 26 нас хүрч байна. Цаашид үндэсний бөхөөр дагнаж хичээллээд явах байх. Биеийн жингийн тухайд ч үндэсний бөхөөр барилдахад илүү тохиромжтой болсон.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын Парис хотод жудогийн тэмцээн явагдаж өндөрлөлөө. Жудочдын дунд “Бага дэлхийн аварга” гэж үнэлэгддэг өндөр чансаатай тэмцээнд таны шавь нар амжилттай оролцсон тухай мэдээ хүлээж авлаа.

-Ё.Басхүү маань Парисийн их дуулгад анх удаагаа түрүүлж алтан медаль хүртлээ. Шигшээ барилдаанд БНСУ-ын шилдэг тамирчинг ялж. Ё.Басхүүгийн тухайд жаахан хүүхэд байхдаа миний гарт ирж бэлтгэгдэж байсан юм. Энэ цагийн жүдо бөхийн өнгийг тодорхойлж барилдаж байгааг нь харах сайхан л байна. Залуучуудын Дэлхийн аварга Л.Энхрийлэн хүрэл медаль зүүлээ. Олимпийн наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатарын тухайд ханиад тусаад бэлтгэл хийж амжилгүй Парис руу очсон юм. Гэсэн ч сайн барилдаж хүрэл медаль зүүлээ. Форм сайн байсан бол түрүүлэх боломж бүрэн байлаа. Нэг зүйлийг онцлоход Э.Мөнхжаргал, олимпийн наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар нар хамт бэлтгэлээ хийдэг байлаа. Эдний үеэс аймгийн хурц арслан Б.Лхагвадорж, аймгийн заан Б.Түвшинтөгс гээд залуус сайн барилдаж байна. Энэ үеийн шавь нар минь бие биенээ ирлээд л явдаг юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

Ц.Магалжав: Дараагийн удаа Н.Батсуурь аваргыг барилдуулахгүй бойкот хийвэл тэр хүмүүсийг барилдаанаас хасна

Мэдээ.МН

Цагаан сарын битүүний барилдааныг Монголын ард түмэн жил тойрон хүсэн хүлээдэг уламжлалтай. Сайжруулагч хэмээх усан бар жилд зориулсан сар шинийн аймгийн заан цолтон анх удаа түрүүлэв. Архангай аймгийн харьяат аймгийн заан Э.Мөнхжаргалын уран хүчит барилдаанууд хоёр жил өнжсөн сар шиний барилдааныг сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож чадсан. Харин энэ өдрийн орой МҮБХ-ны Ерөнхийлөгч Ц.Магалжав Монгол бөхийн өргөөнөөс “Улаан бал” нэвтрүүлэгт шууд оролцсон бөгөөд бөхчүүдтэй холбоотой допинг, ёс зүй, цаг үеийн бусад асуудлаар нээлттэй ярилцснаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

1. Н.Батсуурь аваргыг допингтой холбоотой асуудлаар биш, ёс зүйн асуудлаар барилдуулаагүй. Тодруулбал 1 сарын 13-нд болсон үндсэн хуулийн барилдааны үеэр Н.Батсуурь аварга бөхийн өргөөний толийг хагалсан.

2. Түүнийг цагаан сарын барилдааныг өнжүүлэх шийдвэрийг 1-р сарын 18-ний өдрийн хурлаар шийдсэн байсанн. Бөхийн холбооны 6-7 тэргүүлэгч гарын үсэг зурсан гэдгийг танилцуулсан. Н.Батсуурь аварга илүү олон хүний гарын үсэг цуглуулаад өг гэж хүссэний дагуу нэмж гарын үсэг зуруулж 11 хүн болсон. Холбооны тэргүүлэгч 15 хүн бий. 11 хүнтэй ирц хүрж хуралдаад 6 нь дэмжсэн тохиолдолд шийдвэр гаргаж болдог.

3. Н.Батсуурь аваргын эрхийг 11 сараар, бусад бөхчүүдийн эрхийг 2 жилээр хассан. Дабль стандартыг больё гэсэн эсэргүүцэл их бий. Энэ бүхэн бол шинэ, хуучин дүрэм журмын үйлчлэл, цаг хугацааны зөрүүтэй байдлаас л болж үүссэн асуудал.

4. Э.Оюунболдын эрхийг 8 жилээр хассан нь 2021 онд шинэчлэгдсэн дүрмээр шийдэгдсэн. Э.Оюунболдын асуудал шүүхээр яваад бусдаасаа хожуу бөхийн салбар холбоонд эцэслэгдсэн. Үндэсний бөхийн холбооноос өршөөл үзүүлж 2021 оны ардын хувьсгалын 100 жилд барилдуулах саналаа баяр наадмын комисст гаргаад байгаа.
5. Бөхийн холбоо олон улсын допингийн эсрэг байгууллагад 2006 онд элссэн. 2007 онд журмаа баталчих байсанн гэтэл тэгээгүй. 2021 онд л журмаа баталсан үүнээс болж заримд нь хэт чанга, заримд нь хэдэн сар шийтгэл оноосон зөрүүтэй байдал гараад байгаа. Цаашид бөхийн холбоо допингийн асуудалд хатуу байна.

6. Н.Батсуурь аваргийг барилдуулахгүй гэж бөхчүүд барилдаанд саад учруулж дүрэм зөрчсөн нь үнэн. Хэчнээн дүрэм журам гэж байгаа ч бөхийн холбоо төрийн бус байгууллага мөн Монгол бөх өөрийн гэсэн өв уламжлалтай, үндэсний дархлаатай. Хэл амаараа ойлголцох, эв эеэ хичээх асуудлыг орхиж болохгүй. Олонх бөхчүүд нь барилдахгүй гэж байхад тэдний эрх ашгийг бодолцох ёстой.
7. Дараа дараагийн барилдаанд Н.Батсуурь аварга барилдаад явна. Хэрвээ дахин барилдуулахгүй гэж барилдаанд саад учруулбал тэдгээр хүмүүсийг хасаад явахаас өөр аргагүй. Улс аймгийн цолтой 260 гаруй, сумын цолтой 500, цэргийн цолтой 7400 орчим бөх бий. Тэдгээрээс нөхөж барилдуулаад хасаад явахаас өөр аргагүй.

8. Улсын харцага Б.Бат-Өлзийд Улсын арслан цол олгохыг дэмжиж байгаа. \Өнгөрөгч 2021 онд улсын наадмыг цуцалсан. Харин улс аймгийн цолтой бөхчүүд Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” бөхийн барилдааныг зохион байгуулсан. Үүнд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлсэн\

9. 2021 онд улсын цол нөхөж олгох хэрэгтэй гэж бодож байгаа. Бид наадмаа цуцалчихсан. Гэтэл өвөр Монголын бүх хошуу наадмаа хийгээд цолоо өгсөн. Бөхгүй, наадамгүй хэн болохоо бид сайн мэдэрсэн. Энэ байдлыг хараад УОК хуралдаад аймаг, сумын наадмуудаа хийсэн. Засгийн газар наадам цуцлах шийдвэр гаргачихсан байдаг. Хуулиа зөрчсөн үү? Гэвэл зөрчсөн. Бүх аймаг, сум наадмаа хийгээд 70-80 залуу аймаг, сумын цолоо аваад түүнийг нь бид хүлээн зөвшөөрөөд өнөөдөр цоллож зарлаад явж байна. Гэтэл улсын цолтон энэ жил байхгүй. Ийм л жонхуурсан юм болчихоод байна. Тэгэхээр нэг бол бүгдийнх нь цолыг хураах, эсвэл улсын цол нөхөж олгох ийм л хоёр арга байгаа.
10. Өмнө нь допинг хэрэглэж байсан нь шинжилгээгээр илэрсэн ч нэр нь зарлагдаагүй, арга хэмжээ аваагүй өнгөрсөн гэх 38 бөхийн тухай асуудал яригдсаар байгаа. Хуулийн байгууллагаас бид мэдээлэл хүсэхээр допингийн үндэсний төвд өгчихсөн гэдэг. Энэ асуудлыг дахин шалгаж өгөөчээ гэдэг асуудлыг АТГ-д гаргачихсан байгаа.

11. Бүх бөхчүүд хүч тамир нэмэх, допингийн төрлийн бодис хэрэглэж байгаа гэдэг ташаа ойлголт. Жишээ нь О.Хангай харцагаас 2017, 2018, 2021 онд 3 удаа допингийн шинжилгээ авсан. Үнэн хүчээрээ барилдаж байгаа ийм залуусынхаа хүч хөдөлмөр, эрх ашгийг хамгаалах нь бөхийн холбооны үүрэг

12. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо жишээ нь допингийг хаячихсан байсан. Сүүлийн үед допингтой тэмцээд эхэлсэн чинь уран үзүүлбэртэй тамирчид цөөрсөн. Яг түүн шиг допингийг хаяад тэр бөх юугаа хэрэглэнэ, эрүүл мэнд нь өөрийнх нь асуудал үндэсний өв уламжлал хэрүүл уруулгүй, хэл амгүй, хэн чадаж байгаа юу дуртайгаа хэрэглээд уран мэхээ уралдуулаад явчихбал яадаг юм гэж бодож байсан үе бол бий. Гэтэл 20 мянган залуус үндэсний бөхийн спортоор хичээллэж байна. Энэ олон залуусын эрүүл мэнд, удам генийн асуудал байна. Тийм болохоор ойрын нэг хэсэгтээ допингийн асуудалд хатуу байхаас өөр аргагүй.

13. Гадаад бөхчүүдийг оруулж ирэх нь цаг хугацааны асуудал. Гадаадад ажиллаж амьдарч байгаа бөхчүүдтэйгээ хамтраад Монгол бөхийн олон улсын холбоог байгуулж байгаа. Тэгэхгүй бол буриад ч юмуу өвөр Монголд хөрөнгө бэлтэй нэг нөхөр ийм санаачлага гаргаад сахилгагүйтээд явчихбал бид дархлаагаа алдана. Цаашид Монгол туургатны эсвэл азийн Монгол бөхийн аварга гэх мэт нийтийн бөхийн тэмцээн уралдаан хийе гэж зорьж байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Сар шинийн барилдаанд аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ


XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ.

Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан, Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал нар үзүүр түрүү булаалдан барилдаж Э.Мөнхжаргал найм даван сар шинийн баярт анх удаа түрүүлэв.

Их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд М.Бадарч, Увс аймгийн Тэс сумын харьяат Т.Баасанхүү нар шалгарсан юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Цагаан сарын бөх маргаангүй, ёс төртэй болох учиртай

Цагаан сарын шинийн нэгэн бол монголчуудад жилдээ ганц тохиодог онцгой өдөр. Хүн бүхний царай гэгээн гэрэлтэй, үг бүхэн ерөөл бэлгэтэй байдаг. “Шинийн нэгний өглөө хүмүүс зүг бүхэнд мөрөө гаргадаг. Зүг бүхэн хүнд ээлтэй. Зам мөр зөв бол хаашаа ч явсан бурхны хутагт дөхнө. Хамгийн гол нь сэтгэлийн чинь зүг зөв байж зөв мөрөө үлдээсэн байх ёстой” гэж төрийн шагналт Б.Цэнддоо саяхан “Өдрийн сонин”-д бичсэн дээ. Үнэхээр энэ өдөр бид ямар нэгэн шалтаггүйгээр баярладаг. “Ууртай ууртай өвөө нарын дандаа зангилаастай явдаг хөмсөг энэ өдөр л тайлагддаг” гэдэг шиг Цагаан сар бол монголчуудын хайр талархлын баяр гэдэг нь үнэн юм. Хотын гудамжинд шүргэлцсэн жолоочид инээд алдан машинаасаа бууж ирээд хоорондоо золгочихоод “Өө зүгээр зүгээр” хэмээн хараалын үг хэлэх нь бүү хэл, хоорондоо муухай ч харалцалгүй салдаг ганц өдөр гээд бодохоор онцгой байлгүй яахав.

Цагаан сараар өвгөд хөгшдийнхөө амрыг эрэн золгох, айл хотлоороо шинэлэх үед энерги цацарсан ерөөл билгийн үгэн дунд заавал яригддаг нэг зүйл нь битүүний өдрийн бөх юм. Сар шинийн бөх ямар нэгэн маргаангүй, эрэмбэ жудагтай, ёс төртэй сайхан болоход тэр жилийн өнгө мэдрэгддэг гэж хуучцуул хэлдэг. Энэ бол зүгээр нэг мухар сүсгийн ойлголт биш байх. Гол нь Монголын ард түмний өв соёлын дархлаа болсон үндэсний их баяраа хүндэтгэсэн дээдсийн хүндэтгэл. Мөн зуун дамжиж ирсэн түүхийн уламжлал хийгээд түүнийгээ хир буртаг суулгалгүйгээр дараа үедээ өвлүүлж өгөх ухагдахуун. Түүнээс зодог өмссөн хэдэн бөхдөө ч бас биш болов уу. Цагаан сарын барилдааныг тухайн жилийн “Өнгө шинжсэн” барилдаан гэж тодорхойлдог, энэ нь дээрх ойлголттой утга дүйж байгаа юм. Сар шинийн барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ улсын наадамд түрүүлэх юм уу, дээгүүр барилдаж өндөр цолонд хүрдэг жишээг судлаачид хэлдэг. Уг барилдаан 1963 онд анх “Малчдын баяр” нэртэйгээ болоход Мөөеө аварга түрүүлж байсан, тэр жилийнхээ улсын наадамд түрүүлсэн. Дараа жил нь Цагаан сараар мөн л түрүүлсэн, төрийн наадамд ч дараалж түрүүлсэн.

Баянаа аварга Сар шинийн барилдаанд найман удаа түрүүлснээс 1972, 1975, 1977, 1979 онуудад улсын наадамд давхар түрүүлж байсан түүхтэй. Д.Цэрэнтогтох аварга далан найман оны Цагаан сарынбарилдаанд улсын заан цолтойдоо Мөөеө аваргатай үлдэж түрүүлсэн бол тэр жилийнхээ наадамд мөн л Мөөеөтэй үлдэж түрүүлэн улсын арслан цолонд хүрч байсан. Ойн одтой бөх гэгддэг Сэрээтэрийн Цэрэн аварга 1971 оны Сар шинийн барилдаанд алдарт Дамдин аваргатай үлдэж түрүүлээд тэр жилийн улс хувьсгалын 50 жилээр Баянаа аваргатай үлдэж үзүүрлэн даян аварга цолонд хүрч ойн одтой бөх гэдгээ бататгасан байдаг. Энэ мэт жишээ олныг дурдаж болох юм. Ер нь төрт ёсны баяр Цагаан сарын барилдаанд бөхчүүд үнэн хүчийг үздэг, ямар нэгэн найраа, хуурамч худлаа зүйл, аваа өгөөний асуудал байдаггүй. Бэлгэ ерөөл, хийморь лундаагаа боддог гэж ярих нь бий. Хуучны бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд битүүний өдрийн барилдаан хамгийн жудагтай нь гэж зориуд тэмдэглэдэг. Энэ нь жудаг журам, ёс төрийг эрхэмлэх учиртайг шинэ залуу бөхчүүддээ сануулж хэлж буй үг болов уу.

Цар тахлын нөхцөл байдлаас болж Цагаан сарын барилдаан сүүлийн хоёр жил цуцлагдсан. Бүтэн хоёр жил бид сар шинийн бөхөө үзэж чадаагүй. Мөн өнгөрсөн жил наадам болоогүй. Ардын хувьсгалын 100 жилийн их ой бас л цуцлагдсан.Тэгэхээр бөхөө шимтэн үзэх дуртай ард түмний хүсч хүлээсэн энэ их итгэл, хүлээлт дээр усан бар жилийн Сар шинийн барилдаан болох гэж байна. Гэхдээ үзэгч олонд цагаан сарын бөх яадаг бол, маргаан мэтгээн талцалгүй болох нь бүү хэл ер нь болдог байгаа даа гэсэн үл итгэх хандлага байна. Хамгийн жудаг журамтай болдог, тухайн жилийнхээ өнгө нь гэж хэлцэгддэг битүүний өдрийнхөө бөхөд бид яагаад үл итгэх болов. Маргаан мэтгээнгүй, жагсаал цуглаангүй, талцал хуваагдалгүй болно гэдэгт эргэлзэх болов гэдэг нь өөрөө маш том харамсал юм. Нэг хэсэг монгол бөхийн нэр хүнд өндөрт хүрэхтэй зэрэгцээд бөхчүүд маань бүх зүйл дээр улангассан амьтад шиг болсон. Нэг хэсэг нь допинг хэрэглэн бусдыгаа хуурч мэхлэх гэж улангассан, нэг хэсэг нь ерөөсөө л давахын төлөө, ялахын төлөө хамаг чадлаараа улангасан зүтгэсэн. Одоо нэг хэсэг нь допингтой нөхдүүдээ барилдуулахгүй гэж улангасан дайрч байна. Бас нэг хэсэг нь допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч шийтгэл хүлээсэн ч барилдах эрх маань сэргэсэн гээд зодог шуудгаа өмсөөд үхэн хатан тэмцэж байна.

Өнөө жилийн Цагаан сараас эхлээд бөхчүүд маань энэ бүх улангассан тэмцлээ дор бүрнээ больчихвол яасан юм бэ. Зүгээр л ном журмын дагуу эрэмбэ жудгаа сахиад сайхан барилдвал болоо юм биш үү. “Бөх гэдэг дандаа давахын нэр биш” гэж Өсөхөө аварга нэгэнтээ хэлж билээ. Ямар үнэн үг вэ. Бөхчүүд гэдэг чинь ерөөсөө ард түмнээ зугаацуулах цэнгүүлэх үүрэгтэй. Баянаа аваргын инээд наргиан болгож хэлсэн “олныг баясуулагч” гэдэг цол чимэг чинь жинхэнэ утгаараа тэр байхгүй юу. Гэтэл өнөө цагийн бөхчүүд асар хурдан нэр төртэй болохын төлөө, хүлээн авч байгаа нь “Та бүхэн монголчууд биднийгээ цэнгүүлэх, зугаацуулах үүрэгтэй” гэсэн ойлголтыг л өгч байгаа юм. Түүнээс монголчууд бөх гэхээр нэг их алдар суутай, амьд бурхан шиг тахигдсан хүмүүс гэж дээдлэн өргөмжлөөд байгаа юм биш. Басхүү дорд үзээд муу муухайгийн жишээ болгоод ч байгаа юм биш.

Харин бөхчүүд маань өөрсдөө үнэ хүндгүй байдлыг бий болгочихлоо. Өнгөрсөн жилийн наадам хойшилсон байдалд бөхчүүд өөрсдөө буруутай байсан. “Төрийн наадмаар худлаа барилдаж олны өмнө жүжиг тоглодог алиа салбадайнууд. Наадмын давааг үнэн хүчээрээ давах бус найраа хийж авлига өгч авалцаж ард түмнээ, төр засгаа доромжилдог ийм бөхчүүдийг худлаа барилдуулахын төлөө бид наадам хийх хэрэг байна уу. Түүний оронд ард түмнийхээ эрүүл мэндийг бодож амьсгалын аппарат авъя” гэж залуучууд жагссан. Тэгээд л наадам хойшилсон.

Бөхчүүдийн хоорондын хуваагдал тэмцэл хэрээс хэтэрч төрийн дээд түвшинд яригдах боллоо. Хэдхэн хоногийн өмнө Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч хүлээн авч уулзаад айхтар үг хэлнэ лээ. “Бөхчүүд ард түмнээ хүндэтгэхгүй, төрт ёсоо дээдлэхгүй бол Монголын төр өгсөн цолоо буцааж авч болно шүү” гэдгийг хэлсэн. Тэгэхээр энэ жилийн Сар шинийн барилдаан бол монгол бөхийн цаашдын ирээдүй ямар байхыг, бөхчүүд жудагтай журамтай, эв эеийг эрхэмлэсэн төрт ёс, түмэн олноо хүндэтгэсэн байхыг бөхчүүдээс өөрсдөөс нь шаардсан ийм барилдаан болох гэж буйгаараа ихээхэн онцлогтой.

Хуучин Сар шинийн барилдаан ямар гоё болдог байсан тухай ард түмэн сэтгэл сэргэм ярьдаг. Тэр жил Хадаа аварга түрүүлэхдээ эхний даваанаас л үзэгчдийг уухайлуулж, “Хадаа дүүгүүрд дүүгүүрд” гэж хэлэхтэй нь үзүүр түрүүнд Долгорсүрэн зааны монгол гутлыг сугартал дүүгүүрдэж хаян түрүүлсэн байдаг. Мөн хоёр дахиа түрүүлэхдээ Цэрэнтогтох аварга, Өвөрхангайн Ёндонгийн Ишгэн заан нарыг хэрхэн хаясныг үзэгчид кино зургийн кадр шиг тодхон ярьдаг. Мөн наяад оны сүүл ерээд оны эхээр Увсын Тулгаа заан Спортын төв ордны гадаа ЗИЛ-130 машинаа тавиад “Хархираагийн тэжээлийн аж ахуйн бөх” гэж зарлуулаад битүүний өдрийн барилдаанд аяны тоосоо гөвөөд зодоглож байсан түүхтэй. Увсын хязгаараас ирж барилдахдаа Тулгаа заан Баянаа аваргыг, Ганбаатар арсланг давж хоёр ч удаа их шөвөгт шалгарч байсан. Говь-Алтайн цахилгаан Мөнхөө гэж ерээд оны эхэн үед цагаан сарын бөхийн гол чимэг нь байлаа. Нас дээр гарсан хэрзийсэн тэр хөгшин Алтайн хязгаарт байгаа ижийдээ очиж золгож чадахгүй, амьд мэнд байгаагаа “араажив”-аар дуулгаж Сар шинийн барилдаанд зодоглодог байснаа дурссан удаатай.

Ингэж л хуучин цагийн бөхчүүд ард түмнээ зугаацуулах, үзэгч олонд сэтгэлийн цэнгэл эдлүүлэх тэр үүргээ гүйцэтгэж байжээ. Тэд түрүүлэхийн төлөө, нэр алдарт хүрэхийн төлөө үхэн хатан зүтгээгүй байна. Тиймээс одоогийнх шиг хэл ам, хэрүүл тэмцэл улангассан энэ байдал байдаггүй, бөх нь бөх шиг байж. Баянаа аварга, Дамдин аварга, Эрдэнэ-Очир арслан, Сосорбарам арслан гээд бүгд л нас өндөр болтлоо төр түмнээ хүндэтгэж сар шинийнхээ барилдаанд зодоглодог байсан, хийморь лундаа нь ч сэргэдэг байсан биз. Гурван жилийн өмнө байна уу, Өсөхбаяр аварга зүүний магнайд гарахад “Дархан аваргатай Цагаан сар сайхан юм” гэж үзэгчид баярлаж байсан. Өнөө жил Эрхэмбаяр, Мөнхбат, Санжаадамба аваргууд төр түмнээ хүндэтгэж зодоглох л хэрэгтэй. Давах унах нь дараагийн асуудал. Батсуурь аварга, Пүрэвдагва арслан нарын асуудлыг эрхбиш Бөхийн холбоо нь нэг тийш шийдчихээ болов уу. Бүдүүн хадуун нөхдүүд барилдана, барилдахгүй гэж жагсаад Цагаан сараа гутаахгүй байлгүй дээ. Сүүлд нь дахиад хэлэхэд, ямар нэгэн маргаан мэтгээнгүй, эрэмбэ жудаг, ёс төрөө эрхэмлэсэн барилдаан болно гэж хүлээж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Сар шинийн барилдаанд Даян аварга Н.Батсуурийг бүртгэхээс татгалзжээ

XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сарын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш 12.00 цагаас эхэлнэ. Одоогоор бөхчүүдийг цахимаар бүртгэж буй юм. Даян аварга Н.Батсуурь бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлэхэд Монголын үндэсний бөхийн холбооноос “Бүртгэх боломжгүй юм байна” гэсэн хариу өгчээ. Харин даян аварга цахим хуудаснаа “Хууль ёсны дагуу маргааш барилдана. 18 сарын турш удаан хүлээлээ” хэмээн мэдэгджээ. Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд /2022.01.13/ мөн түүнийг барилдуулаагүй бөгөөд “Бүртгэлээ хийлгээгүй” гэсэн тайлбарыг өгч байв. Мөн үүний дараа “Жем групп”-ын нэрэмжит Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд /2022.1.16/ Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлсэн. Гэвч тэднийг барилдахыг эсэргүүцэн бусад бөхчүүд хүндэтгэлийн барилдааны нэгийн даваанд гарч барилдаагүй. Ийнхүү хүчит бөхийн нэгийн давааг дахин барилдуулахаар болсон ч аварга Н.Батсуурь болон түүний аав, харцага Г.Намсрайжав тэргүүтэй Увс аймгийн бөхчүүд талбай дээр гарч зогсон, эсэргүүцэл илэрхийлэн барилдааныг эхлүүлэхгүй байсан учир аргагүйн эрхэнд Монголын үндэсний бөхийн холбоо тус барилдааныг цуцалж байсан билээ.

No description available.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Тарвалин” хийдийн нэрэмжит барилдаанд сумын заан С.Майнбаяр түрүүллээ

Сар шинийн баярт зориулсан Тарвалин хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 94 дэх удаагийн ээлжит барилдаанд 608 идэр залуу хүчтэнүүд барилдсанаас Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан Содномцэрэнгийн Майнбаяр 10 даван түрүүллээ.

Харин Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, сумын заан Дэлгэрийн Цэрэнням үзүүрлээд буй. Их шөвгийн гуравт Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан Х.Бумбаяр шалгарч, дунд шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Сант сумын заан Д.Бат-Эрдэнэ, Увс аймгийн Тэс сумын заан Б.Өсөхбаяр нар үлдэв. Маргааш сар шинийн баярт зориулсан Дашчойлин хийдийн нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан 12:00 цагаас МБӨ-нд болох юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

Сар шинийн баярт зориулсан барилдаан маргааш эхэлнэ

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас эхэлнэ. Хоёрдугаар сарын 01-ны өдөр 14:00 цагаас гурваас наймын даваа үргэлжилнэ. Барилдах бөхчүүдийн бүртгэл өчигдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн 17 цагт бүртгэл хаагдана. Тасалбарыг www.ticket.mn-ээр борлуулах аж.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Сар шинийн барилдаанд оролцох бөхчүүдийг бүртгэж байна

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сар, Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан нэгдүгээр сарын 31-нд 12.00 цагаас нэг хоёрын даваа, хоёрдугаар сарын 1-ний өдөр 14.00 цагаас гурваас наймын даваа үргэлжилнэ. Барилдах бөхчүүдийг өнөөдөр, маргааш 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Монгол бөхийн өргөөнд өчигдөр болсон Сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастны барилдаанд 200 шандастан зодоглосноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Г.Батмөнх түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Э.Нандин-Эрдэнэ үзүүрлэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат М.Түдэвдорж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат Л.Цэдэнсодном нар шөвгөрлөө. Харин өсвөр бөхийн барилдаанд 48 бөх барилдсанаас Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, “Энжи” клубийн Т.Мөнгөн-Эрдэнэ түрүүлж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Э.Бямбадорж үзүүрлэлээ.