Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Ч.Даваасүрэн: МҮБХ Э.Оюунболдын асуудлыг шийдвэрлэхдээ огт тайлбар мэдүүлэг аваагүй. Эрхийг нь шууд хасчихсан || DNN.mn

Улсын арслан Э.Оюунболдын өмгөөлөгч Ч.Даваасүрэнтэй ярилцлаа.


-МҮБХ-ны зүгээс улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасах шийдвэр гаргасан. Э.Оюунболд энэ асуудалтай холбоотойгоор хуулийн байгууллагад ханджээ. Таны тухайд өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаа юм байна. Таны үйлчлүүлэгч анх ямар үндэслэлээр хуулийн байгууллагад хандсан юм бэ?

-2021 оны наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан МЗХ-ны 100 жилийн ойд зориулсан наадамд улсын арслан Э.Оюунболд допингийн зөрчил гаргасан. Энэ зөрчилд МҮБХ-ны Цэцдийн зөвлөл шийдвэр гаргаж Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан. Үүнийг бөх сонирхогчид бүгд мэдэж байгаа. МҮБХ-ны Цэцдийн зөвлөлөөс гарсан энэ шийдвэр нь Дэлхийн допингийн эсрэг дүрмийг зөрчиж, хүний эрхийг хаслаа гэх агуулгаар Монголын үндэсний спортын арбитрт маргаан үүсгэсэн. Дэлхийн допингийн эсрэг байгууллагын ямар заалт зөрчсөн юм бэ. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Улсын арслан Э.Оюунболдын гомдлын талаар ярихын өмнө допингийн эрх зүйн зохицуулалтын талаар ярих нь зөв байх. Допингийн эсрэг дүрмийн зөрчил буюу допинг хэрэглэсэн гэх хэргийг Дэлхийн допингийн эсрэг дүрэм гэх цогц бичиг баримтаар зохицуулдаг. Энэ дүрэмд допингийн эсрэг зөрчил гэж юу болох, шинжилгээг хэрхэн авах, өгөх, хэрэв зөрчил илэрсэн бол ямар шийтгэл оноох, допинг хэрэглэсэн тамирчин ямар үүрэг хүлээх, түүнчлэн ямар эрх эдлэх гэх мэт бүх зохицуулалтыг багтаасан байдаг. Үүнийг спортын ертөнцийн Үндсэн хууль нь гэж ойлгож болно. Манайх олимпийн хөдөлгөөний гишүүн болохын хувьд хуулиараа энэ дүрмийг дагаж мөрдөх, улсдаа хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улс олон улсын гэрээнд нэгдэж соёрхон баталснаар үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх талаар заасан нь бий. Үүгээр юу хэлэх гээд байна гэхлээр Монгол Улс спорт дахь допингийн эсрэг конвенцид нэгдсэнээр допингийн эсрэг тэмцэлд нэгдэж байгаа үйлдэл. Допингийн зөрчлийн маргааныг допингийн эсрэг дүрмээр л шийдвэрлэнэ гэсэн үг.

-Улсын арслан Э.Оюунболдын асуудлыг шийдвэрлэхдээ ямар зөрчил гаргасан болоод Үндэсний спортын арбитрт хандсан юм бэ?

-Допингийн эсрэг зөрчил гаргасан тамирчин гэм буруутай ч учир шалтгаанаа тайлбарлах, нотлох баримт гаргаж өгөх, сонсгох ажиллагаанд оролцох, хэргээ шударгаар шүүлгэх, тамирчин болон иргэний үндсэн эрхээ эдлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, чиний биеэс допинг илэрвэл “Яагаад илрээд байна вэ” гэдэг талаар тайлбар мэдүүлэг өгөх ёстой. Тайлбар мэдээллийнхээ нотлох баримтаа гаргаж өгнө. Нотлох баримтад тулгуурлаж МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүд дүн шинжилгээ хийнэ. Сүүлд нь эрх хасах асуудал яригдах ёстой. Өөрийг нь оролцуулж тайлбарыг нь сонсох ёстой. Э.Оюунболдын жишээнд ийм үйл явц болоогүй. МҮБХ-ны Цэцдийн зөвлөл хуралдаад л шууд эрхийг нь хасчихсан.

-МҮБХ-ны зүгээс допингийн шинжилгээ авахдаа Дэлхийн допингийн эсрэг дүрмийг баримтлаагүй гэж хэлж байна уу, та?

-Баримталсан. Энэ дүрмийн хүрээнд шинжилгээгээ авчихаад хариуцлага тооцохдоо дүрмийн заалтыг баримтлаагүй. МҮБХ-ны зүгээс хариуцлага тооцсон үндэслэлээ тайлбарлахдаа Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3 гэсэн заалтыг баримтласан гэж хэлдэг. Энэ заалтад эхлээд хэрэглэвэл дөрвөн жил, давтан бол найман жил барилдах эрхийг нь хасах талаар заасан байгаа юм. Энэ нь Дэлхийн допингийн эсрэг байгууллагын дүрэмд нийцэхгүй байна гэж манай зүгээс үзэж байгаа. Хоёрдугаарт, оролцоог хангуулах ёстой байсан. Биенээс нь илэрсэн бодис яагаад биед орсон тухай тамирчнаас өөрөөс нь тодруулах ёстой байсан юм. Энэ эрхээр хангаагүй.

-Таны үйлчлүүлэгчийн допингийн шинжилгээнээс ямар бодис илэрсэн юм бэ?

-Зөвхөн тэмцээний үед хэрэглэхийг хориглосон бодис илэрсэн. Тухай хориглосон бодисыг тэмцээнд оролцоогүй байхдаа эмчилгээний зорилгоор хэрэглэж болно гэсэн үг. Дэлхийн допингийн эсрэг зохих байгууллагын дүрмэнд зааснаар тамирчин эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй бөгөөд өвчнөө эмчлүүлэхдээ зохих дүрмийн дагуу хориглосон жагсаалтад багтсан бодисыг хэрэглэж болно. Допингийн эсрэг байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө ийм зөвшөөрөл байгаа эсэхийг нягталж үзэх үүрэгтэй. Гэвч үндэсний бөхийн холбоо энэ арга хэмжээг авсангүй.

-Та бүхний зүгээс шүүхийн байгууллагад бус үндэсний спортын арбитрыг сонгож хандсан нь анхаарал татаж байна л даа.

-Үндэсний спортын арбитр нь Монгол Улсын хэмжээнд спортын салбарт гарч байгаа аливаа маргааныг таслах үүрэгтэй мэргэжлийн байгууллага. Спортын салбар дахь маргааныг мэргэжлийн хүмүүс нь өөрсдөө шийдэж байна л гэсэн үг. Хоёрдугаарт, Дэлхийн допингийн эсрэг дүрэмд допингийн эсрэг дүрмийн зөрчлийн асуудлыг арбитраар шийдвэрлүүлэх, арбитрын шийдвэрийг спортын холбоод шууд хүлээн зөвшөөрөх зохицуулалтыг тусгагдсан байдаг. Арбитрийн хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу нотлох баримтуудаа гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

-МҮБХ-ны зүгээс асуудлыг дотоод журмаараа шийдвэрлэхдээ Дэлхийн Допингийн эсрэг дүрмийг зөрчсөн байна гэж ойлголоо.

-МҮБХ-ны дүрэмд зөвхөн эрх хасна гэсэн заалт л байгаа юм. Допинг гэдэг өөрөө олон янз. Эмчилгээний зориулалтаар хэрэглэж болох, болохгүй, тэмцээний үед хориглодог юм уу, бүх цаг үед хориглодог юм уу, зөвхөн тухайн спортдоо хориглодог юм уу гээд маш олон талт асуудлууд бий. МҮБХ-ны дотоод дүрэмд энэ бүхэн тодорхой бус байгаа юм. Дахин онцлоход, гаргасан зөрчилтэй нь холбоотой тайлбар мэдүүлгийг Э.Оюунболдоос авалгүйгээр энэ асуудал шийдэгдсэн. Зөрчилтэй холбоотойгоор Э.Оюунболдыг дуудаж тайлбар мэдүүлэг авсан бол асуудал яаж шийдэгдэх нь эргэлзээтэй. Энд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Монгол Улс допингийн эсрэг гэрээ, конвенцод нэгдсэн бол энэ нь Үндэсний хууль тогтоомжийн хүрээнд нь яригдана. Нэг үгээр хэлбэл хууль л гэсэн үг. Хуулиас давж журам гарвал хууль зөрчсөн гэдэг ойлголтод очно. Хууль давж журам гарахгүй гэдэг үндсэн зарчим бий. Гэтэл ийм дүрмээр асуудлыг шийдсэн. Гэхдээ маргаан таслагдаагүй учраас шууд дүгнээд хэлэх боломж алга. Үүнийг ойлгоно биз.

-Төрийн бус байгууллага дотоод дүрмийн хүрээнд л асуудлыг шийдэж хүний эрхэд халдаж барилдах эрхийг нь найман жилээр хасч байгаа нь “том толгой” гаргасан үйлдэл гэх улс байна л даа. Энэ асуудалд таны байр суурийг сонсъё.

-МҮБХ-оо бол дотоод дүрэм журмаа боловсруулаад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллага. Үндэсний бөхийн спортоор 30.000 орчим хүн спортоор хичээллэдэг. Энэ хүмүүсийн эрх ашиг яригдаж байхад ийм шийдвэр гаргаж болох уу гэдэг өөрөө асуудал. Гэхдээ хуульчийн үүднээс МҮБХ-ноос гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахаас өөр арга байхгүй. Энэ шийдвэр нь харин хуульд нийцэж байна уу гэдэг нь эргэлзээ дагуулж байна. Монгол Улс нэгдээд орчихсон гэрээ, конвенцыг харахад арай өөр зохицуулалттай байдаг, МҮБХ-ны зүгээс Э.Оюунболдын эрхийг хасахдаа үндэслэсэн дүрмийн заалтыг харахад энэ дүрэмд нийцээгүй байх үндэслэлтэй. Допингийн эсрэг дүрмийн зөрчил гэдэг зөвхөн хэрэглэсэн тамирчныг хэлээд байгаа асуудал биш. Дэлхийн Допингийн эсрэг дүрмээр тамирчны биед хориглосон бодис илэрснээс эхлээд, шинжилгээ өгөхөөс санаатайгаар зайлсхийх, хориглосон бодисыг хэрэглэхийг ятгах, зоригжуулах зэрэг 11 тохиолдлыг допинг хэрэглэсэн буюу допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан гэж үздэг. МҮБХ-ны дүрмээр хянан шийдвэрлэх, сонсох ажиллагаа явуулж түүндээ тамирчны оролцоог нь хангаж, эрхийг эдлүүлэх ёстой байсан

Энд өөр нэг асуудал байгаа нь МҮБХ-ны дүрэмд давтан хэрэглэвэл найман жилээр эрх хасна гэж тусгасан байгаа юм. Дэлхийн допингийн эсрэг дүрэмд давтан хэрэглэсэн тохиолдолд шийтгэл нь арай өөр байдаг. МҮБХ-ны зүгээс Дэлхийн Допингийн эсрэг дүрэмд нийцсэн гэх тайлбарыг л хэвлэл мэдээллээр ярьдаг. Хоёр талаас уулзаж дүрэм хараад ярилцвал өөр л агуулга харагдана. Дашрамд дурдахад, Дэлхийн допингийн эсрэг дүрэм нээллттэй эх сурвалж учир сонирхсон хүн бүр интернэтээс олж унших боломжтой. Энэ дүрэмд давтан хэрэглэсэн тохиолдолд ямар шийтгэл оноодог вэ гэдэг талаар мэдээлэл авч болно.

-Энэ асуудлыг шийдвэрлэх хурлын тов гарсан уу?

-Урьдчилсан хурал өнгөрсөн долоо хоногт зарлагдсан боловч хариуцагч МҮБХ ямарч тайлбар хийлгүй таг болчихсон. Дараагийн хурлын тов удахгүй гарах байх. Бидний зүгээс тамирчныхаа эрхийг аль болох түргэн хугацаанд сэргээх агуулгаар л ажиллаж байна. Арбитрын давуу тал нь тэгж их цаг авахгүй. Спортын салбарын мэргэжлийн улс ажиллаж байгаа учраас илүү ойрхон л доо.

-Үндэсний спортын арбитраас таны үйлчлүүлэгчийн талд шийдэгдлээ гэж үзье. МҮБХ-ны зүгээс барилдуулахгүй гэх байр суурийг илэрхийлэх боломжтой. Энэ тохиолдолд хэрхэх вэ?

-Арбитрын шийдвэр эцсийнх. Олон улсын допингийн эсрэг дүрэмд ч спорт холбоод арбитрийн шийдвэрийг гүйцэтгэх талаар тусгасан байдгийг дээр хэлсэн. Удахгүй хуралдаж асуудал нэг талдаа гарах байх гэж найдаж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Д.Данзан: Допингийн нөлөөгөөр үндэсний бөхөөр хичээллэж буй олон мянган залуус хохирч болохгүй || DNN.mn

Нийгмийн гэгээрлийн холбооны дэд тэргүүн, МУСГЗ, Физикийн ухааны доктор (Ph.D) Довдонгийн Данзантай ярилцлаа.


-Р.Нямдорж гуай та хоёр МҮБХ-ны тэргүүнээр ажиллаж байх үед үндэсний бөхөөр хэд орчим залуус хичээллэж байв. Энэ талаар танд судалгаа байгаа байх?

-Үндэсний бөхийн тамирчдыг бэлтгэдэг гурван ч дээд сургууль байлаа. 21 аймаг 365 сумтай. Аймгийн наадамд 128-256, сумын наадамд 64-128 бөх барилддаг. Ингээд тооцоход 30 орчим мянган бөх барилдаж байна гэсэн тооцоог гаргаж байсан. Энэ дунд амны хүүхдүүд ч бий.

-2000-аад оны эхэн үед бөхчүүд байгалиас заяасан биеэрээ уран, хурц барилдаан гаргадаг байж. Үзэгчид ч үндэсний бөх рүү хошуурна. Өнөөдрийн тухайд нөхцөл байдал өөр байна л даа. Нэмэлт тэжээл, допингийн нөлөөгөөр бөхчүүд хүчний бэлтгэлийг түлхүү хийдэг болжээ. Уран тансаг барилдаан ховор болсон байна. Үзэгчид ч сонирхохоо больсон юм уу гэх хандлага анзаарагдах юм. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-1970-аад оны үед Ч.Бээжин аварга гэж жигтэйхэн уран барилддаг хүн байж. Дархан аварга Д.Цэрэнтогтох, заан Д.Мягмар, харцага Ч.Өвгөнхүү гээд бөхчүүд уран дайчин барилдана. За тэгээд шинэ мянган гарахад зургаан залуу зааны өрсөлдөөн үзэгчдийг татдаг байлаа. “Жижиг” Сүхбат уран барилдана. Дээхнэ үед барилдаан ховор болдог байсан тул бусдынхаа барилдааны арга барилыг мэдэхгүй учраас мэхээ өрсөж хийгээд л хаях нь хаяад, унах нь унаад явдаг байж л дээ. Өнөөдөр долоо хоног бүр барилдаан болж байна. Бие биенийхээ барилдааныг маш сайн судалдаг болж. Бөхчүүд барилдаан бүрд л давахын төлөө зүтгэж байгаа. Ингэхлээр уран барилдаан ховордож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бөхчүүдийг шүүмжлээд, муу хэлээд байх аргагүй. Давахын төлөө барилдаж байгаа учраас юу ч хамаагүй хийгээд унахыг бодохгүй шүү дээ. Гэтэл бөхчүүдээ элдэв янзаар л хэлдэг. Холбооны дэд тэргүүнээр ажиллаж байхдаа бөхчүүдээ өмөөрч их бичдэг, ярьдаг байлаа. Нэг зүйлийг онцлоход, аль ч цаг үед цөөн тооны төрөлхийн мах мариатай бөхчүүд барилдсаар л ирсэн, сүүлийн үед байнгын бэлтгэл, барилдааны дүрэм зэрэгтэй холбоотойгоор бөхчүүд их жинтэй болж байгаа нь ч үнэн.

-Сүүлийн 10 жилд бөхчүүд уураг, цаашлаад допингийн төрлийн бодис нийтлэг хэрэглэдэг болжээ. Энэ нь бөхчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байх шиг.

-Ер нь допингийн эсрэг тэмцэл бол тамирчдын эрүүл мэндийг хамгаалах, спортын шударга өрсөлдөөний нөхцөлийг хангахад л чиглэдэг юм шүү дээ. Тийм болохоор допингийн хор хөнөөлтэй холбоотойгоор судалгаа хийж цуврал нийтлэл бичиж, ном гаргаж байлаа. 2005, 2006 оны л үед тэр. Үндэсний бөхөд допингийн хэрэглээ нэвтэрч эхэлж байсан үе. Нэмэлт бүтээгдэхүүн уургийн тухайд допингоос тусдаа асуудал. Мууг нь ялгаж үлдээгээд, эрүүл мэндэд тус дэмтэйг хэрэглэх нь тухайн хүний ухамсар, хариуцлагатай холбоотой. Үнэн сэтгэлээсээ жигшээд явж байгаа бөхчүүд ч олон бий. Биднийг бөхийн холбоонд ажиллаж байхад улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар орж ирээд “Допингийн эсрэг арга хэмжээ авахгүй бол барилдахад хэцүү байна” гэдгээ илэрхийлж байлаа.

Барилдаж байгаа улс нь допинг хэрэглээд байгаа нь тэдэнд мэдрэгдээд байж л дээ. Бидний тухайд тухайн үед өөрсдийн эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ аваад л явж ирсэн. Бөхчүүдийн дунд соён гэгээрүүлэх ажил ч мундахгүй хийсэн. Би гэхэд “БӨХ” сониндоо 2006 оны сүүл үеэр дараалсан гурван томоохон нийтлэл бичиж, допингийн төрлийн бодисын жагсаалтыг дахин дахин гаргадаг байлаа. Доктор О.Амарцэнгэлээр бөхчүүддээ допингийн асуудлаар лекц уншуулж байлаа. Ч.Санжаадамба тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл допингийн эсрэг тууштай тэмцэж, энэ талын хүчтэй дуу хоолой болж яваад нь хувийн зүгээс талархдаг юм.

-Улсын наадамд барилдсан 512 бөхийн 16-г нь допингийн шинжилгээнд хамруулахад 3-4 бөх асуудалтай гарч байна. Энэ нь үндэсний бөхөд допингийн хэрэглээ хавтгайрсныг харуулж байх шиг. Үндэсний бөхөөр идэвхтэй хичээллэж байгаа олон мянган залуусын эрүүл мэндэд эрсдэл учирч байна уу гэх айдас төрж байна.

-Хортой учраас л дэлхий нийтээр хорьж байгаа юм. Допингийн нөлөөгөөр уралдааны замд нас барсан дугуйчин байдаг. Штангаа өргөж байсан тамирчны гар хугарсан жишээ ч бий. Энэ бүгд допингийн хэрэглээний гор. Үндэсний бөхөд допингийн хэрэглээ даамжирвал ийм л зүйл тохиолдоно. Цаашлаад допингийн хэрэглээ янз бүрийн хорт хавдруудын суурь ч байж болно. Үндэсний бөхөөр хичээллэж яваа эрүүл чийрэг залуус маань үүнд хордоод байвал юу болох вэ. Залууст допингийн нөлөөгөөр янз бүрийн өвчин тусаад байвал эмгэнэл шүү дээ. Мөн допингийн төрлийн бодис үргүйдэлд хүргэдэг. Бөхчүүд удам дамжиж барилддаг шүү дээ. Цаашид энэ их өв соёлыг хэн тээж авч явах вэ. Допингийг үндэсний бөхөөс нэн даруй л арилгах шаардлагатай байна. Өнөөдөр сумын цолтнуудын барилдаанд 600 гаруй бөх барилддаг. Нэгэн том цолтой бөхтэй уулзахад “Өнөөдөр захын сумын заан залуутай барилдахад л маш хатуу болсон” гэж онцолж хэлж байсан. Залуус маань “Би улсын наадамд шөвгөрөх биш” гэсэн хандлагаар янз бүрийн юм хэрэглээд байх вий дээ гэж санаа зовох юм.

-МҮБХ-ны удирдлагууд допингийн эсрэг хатуу байр суурь илэрхийлдэг. Гэсэн ч хэрэглээ байсаар л байна шүү дээ.

-МҮБХ-ны зүгээс тууштай тэмцээд л байна. Допингийн эсрэг үндэсний төвд асуудал байна гэж ярих юм. Энэ байгууллагын үйл ажиллагаа их далд хэлбэрт, хаалттай байдаг бололтой. Допингийн эсрэг байгууллага БНСУ-аас ирсэн шинжилгээг задлахдаа сэтгүүлчдэд нээлттэй байх хэрэгтэй гэж боддог юм. Сэтгүүлчид ч үүнийг шахаж шаардаасай гэж хувийн зүгээс уриалж байна. Хүний нэр төртэй холбоотой л гэдэг. Допинг хэрэглэсэн бөхийн нэрийг өнөөдөр зарлах, маргааш зарлах ямар ч ялгаагүй биз дээ.

-Допингийн төрлийн бодис борлуулдаг сүлжээ байдаг талаар бөхчүүд ил далд хэлбэрээр ярьдаг. Энэ асуудалд таны байр суурийг сонсъё.

-Допинг оруулж ирдэг, бизнес болгодог нөхдүүд байх шиг байна. Бөхчүүд өөрсдөө үүнийг илчлэхгүй болохоор нь гайхдаг юм. Хэдхэн бөхийн клубээр яваад л зарж байхад нь яагаад бариад авч болдоггүй юм бэ. Залуу бөхчүүдийн толгойг эргүүлж, янз бүрийн төрлийн хортой бодис зараад байгаа хүмүүсийн үйлдлийг нэн даруй таслан зогсоох ёстой гэж боддог. Энэ нь цаагуураа үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй байж болох асуудал. Янз бүрийн допингийн төрлийн бодис хилээр оруулж ирэхэд ч хатуу хяналт тавих хэрэгтэй. Манайхан зах зээлийн нийгэм гэж орчуулсан. Үүнийг чөлөөт эдийн засгийн нийгэм гэж орчуулах хэрэгтэй юм шиг. Ашиг олохын тулд чөлөөт эдийн засгийн талбарт чөлөөтэй ажиллана. Ашгийг ариун цагаан хөдөлмөрөөр олж болно. Хамгийн муу нь хүн хорлож олдог юм байна. Үүний нэг нь допингийн бизнес. Допингийг хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэх ухуулга ч хийдэг байна. Энэ асуудалд анхаарал хандуулах цаг нь болсон. Энэ ашиг хонжоо хайсан хүмүүс бөхийн спортоор хичээллэж байгаа залуусын эрүүл мэндийг хорлоод байна шүү дээ. Бөхчүүд маань ухамсартай, хариуцлагатай байж элдэв төрлийн зүйлээс хол байх хэрэгтэй.

-Допингийн төрлийн бодисын мэдлэггүйгээс шалтгаалж нэр, төр эрүүл мэндээрээ хохироод үлдэх тохиолдол байгаа нь анзаарагддаг.

-Гэнэдэж байж болно. Хүчний багш нар нь ч юм уу итгэл хүлээсэн нэг нь допингийн төрлийн бодис санал болгодог. Тухайн бөх хар муу саналгүй өнөөхийг нь хэрэглэчихдэг. Ингээд л асуудал үүсч болно. Үндэсний бөхөөр хичээллэж байгаа бол идэж, хэрэглэж байгаа зүйлийнхээ талаар маш сайн мэдлэгтэй байх шаардлагатай цаг үе ирсэн. Үүнээс гадна бөхчүүд бэртэл авна. Бэртэлдээ ямар эм тан хэрэглэснээ эмчээр бичүүлж авах ёстой. Наадмаар тав даваад допингийн шинжилгээнд хамрагдахад ямар эм тан хэрэглэснээ бичиж өгдөг журамтай. Бөхчүүд маань юу ч хэрэглээгүй гээд л бөглөчихнө. Гэтэл шинжилгээний хариу асуудалтай гараад ирдэг. Ингээд л асуудал үүснэ. Бэртэлдээ хэрэглэсэн эм бэлдмэлийнхээ жагсаалтыг шинжилгээ өгөхдөө авч очоод үзүүлэх хэрэгтэй. Энэ тохиолдолд анхаарч үзэх журам бий. Манайхан хариуцлагагүй, хэнэггүй байдлаасаа болоод үүнийг тоодоггүй, тэгээд л хохирдог.

-Допингийн зөрчлийн асуудалд хариуцлага тооцоход хууль эрх зүйн орчин асуудалтай байх шиг. Бөхчүүдийн дунд допингийн хэрэглээ түгээмэл байгааг үүнтэй холбож тайлбарлах хүмүүс ч байдаг шүү дээ.

-Энэ асуудалд улстөрчдийн гар орж завхруулдаг муухай жишиг бий. Заримд нь огт арга авч чадахгүй, заримд нь ёс төдий, заримд нь хуулийн дагуу зохих хариуцлага тооцох жишээтэй. Допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрөөд л зогсож байсан хүүхэд маргааш нь допингийн шинжилгээний хариу зарлах болоход “Намайг хорлож байна. Би допинг хэрэглээгүй” гээд л босоод ирнэ. Хэн нэгэн улстөрч үг зааж өгөөд явуулж байгаа нь тэр шүү дээ. Асуудал цэгцрээд хэн нь ямар хариуцлага хүлээх нь тодорхой болчихвол улстөрчид гараа татна. Хоёрдугаарт бөхчүүд өөрсдөө хэн нэгэнд найдахгүй, гэнэдэхгүй болно.

-Үндэсний бөхөд хавтгайраад буй допинигйн хэрэглээг арилгах хамгийн оновчтой шийдлийг та юу гэж үзэж байна вэ?

-Үндэсний их баяр наадмын тухай хуулийг яаралтай шинэчлэх шаардлагатай. МҮБХ төслөө өргөн барьсан байна. Хуульд энэ асуудлыг их тодорхой заах ёстой. Тэгээд олон улсын журамд нэгдчихвэл нэг мөр шийддэг шударга ёс тогтоно. Допингоос ангижирч, бөхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах нэг сайн арга нь явцын шинжилгээ. Бид ажиллаж байхдаа бөхчүүдээс явцын шинжилгээ аваад, арга хэмжээг гаргасан журмынхаа дагуу аваад явж байлаа. Одоогийн удирдлага энэ ажлыг үргэлжлүүлэх байх. Жилд 5-6 удаагийн шинжилгээ л аваад байж болно. Зардал, санхүүжилтийг нь ямар нэг аргаар шийдээд, допинг илэрсэн бөхчүүдээр нь төлүүлдэг байж болох шүү дээ. Ийм гарц гаргалгаа байж болно. Энэ тохиолдолд хэн нэр төрөөрөө хохирохыг хүсэх билээ дээ. Допингийн хэрэглээ аяндаа л цэгцэрнэ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Наурызын барилдаанд Улсын гарди М.Бадарч дахин түрүүллээ || DNN.mn

Казак түмний үндэсний “Наурыз” баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр, өсөх идэр начин Ч.Батчулуун тэргүүтэй 256 бөх зодоглосноос: Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” СХ, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт“ дэвжээний бөх, улсын гарди Мягмарын Бадарч түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хилчин” СХ, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Цэрэнбатын Сандагдорж үзүүрлэв.

5 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Их шөвөгт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” СХ, “Ажнай” корпораци, “Таван толгой” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Алдар” СХ, “Сод Монгол” групп, Булганхангай дэвжээний бөх, улсын начин Д.Амаржаргал нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Д.Анар, улсын харцага Х.Гантулга, аймгийн харцага Б.Нямсамбуу нар үлдэв.

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Г.Эрхэмбаяр: Мөөеө аварга холыг харж намайг цолны босго алхуулсан болов уу гэж ойлгодог || DNN.mn

ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга, Онцгой байдлын хурандаа, Монголын Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяртай ярилцлаа.


-Сайхан хаваржиж байна уу, та?

-Сайхан хаваржиж байна аа. Хаврын дунд сарын энэ сайхан өдөр “Өдрийн сонин”-ы уншигчидтай уулзаж байгаадаа сэтгэл өндөр байна.

-Өнгөрсөн зун хамаг Монголын хүчтэнүүд чуулсан том наадам Хүй долоон худагт болсон. Таны тухайд залуу бөхчүүдтэй тэнцүүхэн барилдаж шөвгийн даваанд гарсан шүү дээ. Энэ зун АХ-ын 100, 101 жилийн ой хамт тохионо. Бэлтгэл сургуулилтдаа орж амжив уу?

-Миний тухайд 1997 оноос хойш л үндэсний бөхийн бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. 2000-аад оны эхэн үеэс заалны барилдаануудад аманд гардаг болсон. Тэр цагаас хойш 20 гаруй жил болжээ. Одоо ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны даргаар ажиллаж байна. Ажлынхаа чөлөө заваар л залуу бөхчүүдтэйгээ бэлтгэл сургуулилтаа базаагаад явж байна.

-Анх аймгийн начин Г.Эрхэмбаяр гэж залуу олонд танигдаж байсныг тань мэдэх юм. Аймгийн начин цолоо та хаана, ямар наадамд зодоглож авч байв?

-2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор залуу бөх зодоглож гурав даваад Д.Бумбаяр заанд унаж байлаа. Дараахан нь Хөвсгөл аймгийн 70 жилийн ойн их баяр наадамд зодоглож улсын начин Б.Бадралаар зургаа давж аймгийн өсөх идэр чимэгтэй начин цол авсан юм. Одоогийнхоор бол аймгийн харцага юмуу даа. Тухайн үед их өндөр чацтай бөхийг даваад л аймгийн цол авч байсан санагддаг юм.

-Г.Элбэг багшийнхаа нутагт зодоглож аймгийн цол авч байжээ та.

-Тийм. Г.Элбэг багш “Их шавь”-ийн дээд сургуулийн оюутан байхад л манай ангийг дааж авсан юм. Тэр цагаас хойш багш шавийн барилдлагатай явсаар өнөөдрийг хүрлээ. Миний ялалт, ялагдал алинд ч хамт байсан даа багш минь.


-Аймгийн начин Г.Эрхэмбаяр улсын цолтнуудад “хатуу” ам болчихсон байсан.

-Заалны барилдаан бараг алгасалгүй зодоглодог байсан. Нэг, хоёрын даваанд аварга арслангуудын аманд гарна. Эхлээд ч гар хөлийн үзүүрт л унана. Тэр хэрээр л чангарч байдаг юм билээ. Сүүлдээ учраа олоод гайгүй барилдаг болсон байх. Би аймгийн начин цолтой хоёр жил барилдаад Дархан-Уул аймагт түрүүлж аймгийн арслан болж байлаа.

-Төд удалгүй дархан аварга Ж.Мөнхбатаар тав давж улсын начин цол хүртсэн. Аварга тухайн үед холыг харж л ам авч дээ.

-Аймгийн арслан цолтойгоо зургаа хоноод л улсын наадамдаа зодоглож дархан аварга Ж.Мөнхбатаар тав давж улсын начин цол хүртсэн. Би ч хувьдаа тэр их бөх холыг харж л намайг амласан болов уу гэж ойлгодог юм. Мөөеө багш тухайн үед Г.Элбэг харцагад хандаж “Энэ хүүхдийн бэлтгэлийн формыг тааруулаад зөв бэлдвэл улсын том цолонд хүрэх бололцоотой шүү” гэж захисан юм билээ. Надад биш, багш нарт маань хэлснийг нь сүүлд сонссон. Тэгэхээр улсын цолны даваанд намайг амлахдаа нэгийг бодож холыг харсан юм болов уу гэж ойлгодог юм.

-Улсын начин болоод заалны барилдаануудад дээгүүр барилдаж байсныг тань мэдэх юм. Наадмын дэвжээнд л бүтэлгүйтээд байлаа.Юу болохгүй байв?

-Начин болоод цолоо ахиулах гээд зүтгээд л байлаа. Заан цол бодоод л бэлтгэлээ яс хийнэ. Багш нартайгаа зөвлөнө. Төлөвлөгөө тактик боловсруулна. Наадмын дэвжээнд гарахаар л болж өгөхгүй. Олон жил доогуур даваанд унасан даа. Дотор харанхуйлаад л хэцүү шүү. Уйлаад л буцна. Гэлээ гээд ойр тойрныхон итгээд хүлээж байхад шантраад буцах эрхгүйгээ сайн ухамсарлаж байлаа. Нэг жилийн наадмаар доогуур даваанд унаад эргэхэд цэнгэлдэхэд сууж байсан нэгэн өвөө “Амьд дээрээ энэ хүүгийн цол ахихыг харчих юмсан” гээд нулимстай нүдээ шударч байсан гэдэг. Үүнийг сонсоод монгол түмэн үндэсний бөхдөө ямар их хайртайг илүү ойлгосон.

-Наадамчдын тэр их хүлээлт Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмаар л тайлагдсан байдаг.

-Начин болоод найман жилийн дараа цолоо ахиулсан минь тэр л дээ. Тэр хугацаанд улсын заан болчих юмсан гээд л бэлтгэлээ хийнэ. Та анзаарсан бол долоогийн даваанд Б.Сайнбаяр зааныг давчихаад илүү их баярлаж сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа нь харагдана. Олон жил зүтгэсэн цолоо авчихаар их баярладаг юм билээ. Улсын гарьд М.Баяржавхлан, Н.Ганбаатар нэг үеийн хүчтэнүүдтэй сайхан барилдаж улсын арслан болсон. Олон хүн чин сэтгэлээсээ баяр хүргэж байлаа. Цол ахихыг минь олон хүн хүлээж байж дээ гэх бодол тухайн үед төрж байсан. Энэ том цолыг хамгаалж барилдах том даалгавар ирж байгааг л юу юунаас илүү ухамсарласан даа.

-Аварга цолны төлөө С.Мөнхбаттай хийсэн барилдаан хормын төдийд л шийдэгдсэн. Ямар барилдаан төлөвлөж гараад тэгж амархан унасан юм бэ, та?

-Улсын заан цолд зорьж байсан хүн чинь арслан болчихлоор сэтгэл хөөрчихдөг юм билээ. Ерөнхийлөгчөөс арслан цолны үнэмлэхээ авчихаад бууж байхад зүүд зэрэглээ ч юм шиг санагдаад. Тэрхэн хоромд дараагийн даваанд хэнтэй барилдахаа ч мартчихсан байсан. Барилдаанаа багш нартайгаа төлөвлөж амжилгүй гараад л унасан. Гэхдээ тэр барилдаанд харамсах сэтгэл огт төрдөггүй юм. Инээд алдаад л тахимаа өгсөн.

-Тухайн барилдааны дараа Г.Элбэг багш сэтгэл дундуур байгаа нь анзаарагдаж байсан шүү.

-Би ч инээгээд л очсон. Харин багш нар маань сэтгэл дундуур байсан нь үнэн. Г.Элбэг багш “Чи ядаж золгоод барилдчихсан бол юу ч болоо билээ” гэдэг юм. Харин П.Сүхбат гарьд тухайн үед надад хандаж “Миний дүү сүүлд нь харамсдаг юм даа. Ах нь ч их сайн үедээ хайнга барилдаж унаад одоо ч гарьд цолтой л явж байна” гэж хэлсэн нь мартагддаггүй юм. Ж.Мөнхбат аваргатай баярын сэтгэгдлээ хуваалцахад “Авах цолоо цаг нь болохоор л авна. Цаг нь болоогүй бол яаж ч хичээгээд болохгүй. Бэлтгэлээ сайн хий. Цаг нь ирнэ” гэж билээ. Мөөеө аварга цаашаа ахих боломж байгааг анзаарсан юм болов уу даа гэж ойлгосон.

-Улсын арслан цолтой наадмын дэвжээнд гарахад өөр сэтгэл зүйтэй барилдана биз…

-Дараа жилийн наадамд нь улсын начин цолтой барилдаад ес давж болсон юм. Арслан цолтой ес давж болох байлгүй дээ л гээд зодоглосон. Тэр жил их шөвөгт шалгараад улсын аварга П.Бүрэнтөгсөд тахим буулгасан. Илүү сайн барилдахад барилдааны нарийн бэлтгэл шаардлагатайг ойлгосон. Ингээд самбо бөхийн олон улсын хэмжээний мастер О.Нарангэрэл, улсын харцага Г.Элбэг нарын багш нартайгаа бэлтгэлийн төлөвлөгөө боловсруулж барилдааны бэлтгэлээ базааж байлаа. Харин хүчний бэлтгэлээ “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Д.Энхтөр багштайгаа базаасан. Багш нар маань бүтэн жилийн бэлтгэлийн төлөвлөгөөг боловсруулаад л бэлдсэн дээ, намайг.

-Тэр бэлтгэлийн үр дүн 2013 онд гарсан даа. Сэлэнгэчүүд анхны аваргаа өлгийдсөн шүү дээ, тэр жил.

-Би 2011 онд улсын наадамд үзүүрлэж арслан цол хүртсэн. Дараа нь олон жил наадамд барилдлаа. Одоо нэг түрүүлчихье гээд л зорилго тавиад зүтгэсэн. 2013 оны зун ямар нэгэн бэртэл, гэмтэлгүй байсан юм. Багш нар маань бэлтгэлийн ирийг сайхан тааруулж өгсөн. Бэлтгэл сайн байхад сэтгэл зүй тайван байдаг юм билээ.Зөвхөн өмнөх барилдаандаа анхаараад л зорилгынхоо төлөө зүтгэсэн. Санаснаараа сайхан барилдаж түрүүлсэн. Миний тухайд бөхийн дэвжээнд хөл тавьсан цагаасаа л үе үеийн аваргуудыг хүндэлж, биширдэг байлаа. Тэр эрхэм цолыг хүртсэндээ их баярлаж явдаг юм. Энэ их цолны нэр хүндийг өндөрт өргөж явахыг алхам тутамдаа л хичээдэг. Дүү нар, шавь нартаа ч аль болох зөв үлгэрлэж энэ их соёлыг үлдээхийг боддог.

-Тэр жилийн наадмаар та таарсан өрсөлдөгч бүрээ сугадаж өргөөд л мушгиж унагаж байсан. Өмнө нь тэр бүр харагддаггүй байсан мэхийг үндэсний бөхөд нэвтрүүлсэн талаар бөхчүүд онцолж байсан.

-О.Нарангэрэл, Г.Элбэг багш нар маань хоорондоо зөвлөөд л энэ мэхийг миний барилдааны онцлогт таарна гэж үзсэн юм билээ. Ингээд хүчний Д.Энхтөр багштай зөвлөөд бүр төгөлдөржүүлсэн юм билээ. Д.Энхтөр багш маань намайг амжилтын замд хөтөлсөн хүн гэж ойлгодог юм. Багш маань одоо тэнгэрийн оронд бий.

-Улсын аварга Г.Эрхэмбаярын зүүн мөрнөөс адис авсан бөхчүүд аварга арслан цол хүртдэг зүй тогтол тогтсон гэхэд болно. Үүнийг та яаж хүлээж авдаг вэ?

-Харин мөрнөөс адис авах тохиолдол байдаг. 2015 оны хавар МҮБХ-ны ойн барилдаан Бөхийн өргөөнд болсон юм. 512 бөх барилдахад Э.Оюунболд арслан надтай үлдэж түрүүлсэн юм. Би уначихаад тахимаа өгөхдөө “Удахгүй наадам болох нь. Арслан болно шүү ахын дүү” гэж хэлтэл Э.Оюунболд маань адис аваад тугаа тойрсон юм. Тэр зунаа Оюунболд маань түрүүлж улсын арслан цол хүртсэн л дээ. Дараа нь надтай уулзахдаа “Ах аа, таны хэлсэн үг надад их урам өгсөн шүү” гэж хэлж байлаа. Одоо ч таарахаараа өнөөх үгээ л хэлдэг юм.

-Зэвсэгт хүчний ойн өдрөөр “Эрхэмбаяртай үдэш” цэнгүүн зохион байгуулагдах юм байна. Энэ арга хэмжээний талаар тодруулахгүй юу? -Миний тухайд 20 гаруй жил үндэсний бөхөөр барилджээ. Намайг дэмждэг хүмүүсийн зүгээс Зэвсэгт хүчний ойн баярын өдрийн оройг дуулж, хуурдаж хамт өнгөрүүлэх санаачилга гаргасан. Миний зүгээс ч энэ саналыг таатай хүлээж авсан. Гуравдугаар сарын 18-ны өдөр “Их наяд” ресторанд бөхөд дуртай олонтойгоо нэг үдшийг дуулж хуурдаж, нээлттэй ярилцаж өнгөрүүлэхээр болсон. Энэ арга хэмжээнд урлаг соёлынхон ч оролцоно. Арга хэмжээний орлогыг нийгэм рүү чиглэсэн арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, гамшиг ослын үед хэзээд бэлэн байдаг Онцгой байдлын алба хаагчдын төлөөлөл гурван аврагчид иж бүрэн гэр олгоно. Үүнээс гадна нэг алба хаагчид байрны урьдчилгаа олгохоор төлөвлөсөн.

-Арга хэмжээний үеэр олон сюрприз байгаа талаар зохион байгуулагчид онцолж байсан. Зах зухаас нь танилцуулахгүй юу?

-Олон сюрприз задарна л даа. Тухайн өдрөө ирээд үзвэл илүү сонирхолтой болов уу. Зах зухаас нь хэлэхэд, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмаар өмсөж барилдсан зодгоо ирсэн зочдын нэгэнд өгөхөөр төлөвлөсөн байгаа. Олон жилийн хөлс, хөдөлмөр шингэсэн зодог шуудаг маань тухайн өдрийн азтай зочинд хадгалагдах болно. Ямар замаар олгохоо тухайн үедээ шийдэх байх. Ямартаа ч ирсэн зочид маань хоёроос гурван цагийг сэтгэл дүүрэн өнгөрүүлэх болно гэдгийг энд онцолъё. Ярилцлагын сүүлд “Өдрийн сонин”-оор дамжуулж ОБЕГ-ын нийт бие бүрэлдэхүүн болоод эрчүүддээ Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье. Бүгдээрээ гуравдугаар сарын 18-ны өдөр 19:00 цагт “Их Наяд” плазад уулзъя. Та бүхнийг урьж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Цэргийн баярт зориулсан бөхийн барилдааны бүртгэл эхэллээ || DNN.mn

“Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг гуравдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Тасалбарыг https://www.ticket.mn/event/1157/ -ээс захиалан авах боломжтой.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

МҮБХ: Шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг барилдуулахгүй || DNN.mn

Цагаан сарын барилдаанд шуугиулах 6 бөх | Ublife

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Цэцдийн зөвлөл 2022 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хуралдаж, бөхийн өмсгөлийг дараах шаардлагад нийцсэн байна гэж үзэн баталсан юм. Хэрэв шаардлага хангаагүй өмсгөлтэй бол барилдуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Тодруулбал, бөхийн өмсгөл нь:

  • Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,
  • Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,
  • Элэг бүс 1.5 см голчоос багагүй байна,
  • Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,
  • Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй, 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),
  • Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,
  • Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),
  • Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,
  • Шуудагны уяа 0.8 см голчтой байх.
  • Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байна.

Дээрх шаардлагыг 2022 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн барилдаанаас эхлэн тавих бөгөөд 2022 он тавдугаар сарын 29-ний өдрийн барилдаанаар дуусгавар болгох аж.

Заагдсан хугацаанд шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг 2022 оны зургадугаар сарын 5-ны өдрөөс “Монгол бөхийн өргөө” болон аймаг сум, орон нутагт болох барилдаанд оролцуулах боломжгүйг МҮБХ-ноос анхаарууллаа.

Categories
мэдээ үндэсний-бөx

Хурц арслан Ө.Батзул анх удаагаа түрүүллээ || DNN.mn

Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Аврагч СХ, Үлэмж органик ХХК-ны бөх, аймгийн хурц арслан Өлзийсайханы Батзул түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, “Цагаан-Уулын Магнет” ХХК, “ДЦС-4” ТӨХК, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Алдар СХ, Алтанжолоо групп, Их монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Таван хур ХХК, Даян дэвжээний бөх, аймгийн арслан Доржготовын Батбаатар нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд а.х.а Ц.Мөнхбаяр, а.з Э.Батмагнай, а.н Д.Цэнд-Аюуш, с.з Ө.Батсуурь нар үлдэв.

May be an image of 2 people and people standing

Маргааш сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдах бөхийн тоо хязгааргүй. Бүртгэл тухайн өдрийн 09:00 цагаас эхэлнэ.Үзэгчид www.ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой.
Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Ц.Содномдорж арслан аавынхаа нэрэмжит барилдааныг зохион байгуулна || DNN.mn

Монгол Улсын арслан Ц.Содномдорж зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулан аав, сумын заан Цэвэгжавын Цэдэвийн нэрэмжит барилдаан зохион байгуулахаар болжээ. Ц.Цэдэв агсны нэрэмжит аймаг, сумын алдар цолтой 64 бөхийн барилдаан, насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болно.

Улсын арслан Ц.Содномдорж арван хүүхэдтэй айлын найм дахь нь. Таван эгч, хоёр ах, хоёр эмэгтэй дүүтэй. Ц.Цэдэв агсны нэрэмжит энэ тэмцээнийг түүний ах, эгч, дүү нар хамтран зохион байгуулж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Ц.Содномдорж: Миний зүгээс хэнийг ч допингийн шинжилгээнд хамруулах хүсэлт гаргаагүй. Надад тийм эрх байхгүй || DNN.mn

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Ц.Содномдоржийн зүгээс улсын даян аварга Н.Батсуурь, улсын гарьд М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, аймгийн заан Ц.Бямба-Отгон нарыг допингийн шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасан гэх мэдээлэл гараад буй ч тухайн мэдээллийг улсын арслан Ц.Содномдоржийн зүгээс эрс үгүйсгээд байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдлын талаар түүнээс тодруулга авлаа.


-Арслан сайхан хаваржиж байна уу?

-Сайхаан. Сайхан хаваржиж байна уу.

Бэлтгэл сургуулилт жигдэрч байна уу?

-Өнгөрсөн зун болсон наадмын үеэр хөлөө нэлээн хүнд бэртээсэн. Цаг тухайд нь эмчилгээ хийлгээд илааршиж байна. Цаашид заал танхимын барилдаануудад зодоглоод явах төлөвлөгөөтэй байгаа. Бэртэл гэмтлийн улмаас хэдэн сарын хугацаанд дэвжээнд гарсангүй. Энэ оны эхнээс л төлөвлөгөөт барилдаануудад оролцоод явж байна. Дэвжээгээ ч санасан байна. Надад бөх барилдах шиг аз жаргал байдаггүй юм шүү дээ.

Болж л өгвөл заалны барилдаанууддаа зодоглоод үзэгч олноо баясгаад явахыг хичээдэг юм. Үндэсний бөх амар биш спорт. Жижиг хэмжээний бэртэл гэмтэл авна. Тэр бүр тогтмол барилдахад төвөгтэй байх юм. Ямартаа ч барилдаан бүрт л зогсож байхыг боддог.

-Таны зүгээс Улсын даян аварга Н.Батсуурь, улсын гарьд М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, аймгийн заан Ц.Бямба-Отгон нарын бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасан гэх мэдээлэл нийтэд тараад байна. Та дээрх бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулж, зардлыг нь хувиасаа даана гэх хүсэлт гаргасан юм уу?

-Хэн, хаанаас ийм мэдээлэл цацсаныг нь мэдэхгүй юм. Би тийм хүсэлт гаргаагүй. Допингийн эсрэг үндэсний байгууллага дан ганц миний хүсэлтээр очоод бөхчүүдээс шинжилгээ авна гэж байхгүй шүү дээ. Надад тийм эрх ч байхгүй. Олон нийтийн зүгээс бол Ц.Содномдорж арслан л бөхчүүдийг шинжилгээнд хамруулах хүсэлт гаргаж гэх ойлголттой байх шиг. Албан ёсоор мэдэгдье. Миний зүгээс хэнийг ч шинжилгээнд хамруулах хүсэлт гаргаагүй. Нийтэд тараад буй мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг хүсье. МҮБХ-ны зүгээс л хүсэлт гаргаж бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах боломжтой гэх байр суурийг илэрхийлж байна.

Ц.Содномдорж арслангийн тухайд өнгөрсөн оны наймдугаар сард зохион байгуулагдсан МЗХ-ны 100 жилийн ойд зориулсан барилдааны гурвын даваанд улсын арслан Э.Оюунболдод амлуулж барилдах үеэрээ түүнийг допингийн шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасан байдаг. Улмаар Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрч МҮБХ-ны зүгээс барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэр гаргаад байгаа юм. Мөн улсын гарьд М.Бадарчийн зүгээс дээрх мэдээлэлтэй холбоотойгоор хувийн байр сууриа илэрхийлэхдээ “Миний зүгээс шинжилгээнд хамрагдахад татгалзах зүйл огт байхгүй. Допингийн шинжилгээ өгөхөд бэлэн байна” гэх байр суурийг илэрхийсэн.

Ц.Содномдорж Улсын даян аварга Н.Батсуурийг барилдахаар бүртгүүлсэн байхад нь удаа дараа эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ зарим асуудлыг шийдвэрлэлээ || DNN.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгчдийн хурал болж, зарим асуудлыг шийдвэрлэжээ.

Тус холбооноос мэдээлснээр “2022 оны хоёрдугаар сарын 19-нд болсон барилдааны тавын даваанд учраа бөхөө цохиж, дүрэм зөрчсөн Завхан аймгийн харьяат, сумын заан Д.Доржсүрэнгийн барилдах эрхийг гурван сараар хасах шийдвэр гаргасан байна.

2022 оны хоёрдугаар сарын 20-нд болсон барилдааны үед засуулын дүрэм журмыг зөрчсөн улсын ахлах засуул Т.Цэрэндаваа, О.Жанчивдорж, улсын засуул Б.Должинсүрэн нарын бөх засах эрхийг нэг сарын хугацаагаар хасах, мөн барилдааны талбайд бөх засаагүй үедээ зохисгүй байдал гаргасан улсын засуул С.Зэвэгт хатуу сануулах,

2022 оны хоёрдугаар сарын 27-нд болсон барилдааны тавын даваанд улсын начин Ж.Ням-Эрдэнэтэй барилдахдаа барьц халах үед цохих байдал гаргасан улсын харцага Б.Бат-Өлзийд сануулж, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг хатуу анхааруулах,

2022 оны гуравдугаар сарын тавны барилдааны хоёрын даваанд унасны дараа засуул, хөлийн цэцүүдийг зүй бус үгээр хэлж, шаардлага биелүүлэхгүй, дүрэм зөрчсөн Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираагийн барилдах эрхийг гурван сараар хасахаар болсон. Эдгээр шийдвэр нь тогтоол гарсан өдрөөс эхлэн хэрэгжинэ” гэв.

Аль ч төрлийн барилдааныг саатуулах, нийт бөхчүүдийн эрх ашгийг хөндсөн үйлдэл гаргасан бөхөд хатуу сануулах, давтан үйлдвэл барилдах эрхийг 10 сараар хасах, бөхийн тайлбарлагч нар дүрмээ биелүүлж, зохих зөвшөөрөлгүй хүнд микрофон шилжүүлэхгүй байх, шилжүүлбэл дүрмийн дагуу хариуцлага ногдуулах, микрофон авч, бусдыг уриалан дуудах үйлдэл гаргаж, бөхийн барилдаан саатуулсан бөхийн барилдах эрхийг нэг жилээр хасах, бөхчүүд, дэвжээд, аймгийн бөхийн холбоодоос ирсэн хүсэлтүүдийг “Үндэсний их баяр наадмын тухай хууль” шинэчлэн батлагдсаны дараа хэлэлцэн шийдвэрлэх, аливаа барилдааны /түрүү* үзүүрээс бусад үед/ элэг бүсээ тайлахгүйгээр Монгол бөхийн уламжилж ирсэн жаяг ёсыг гажуудуулж буй бөхийн барилдах эрхийг таван сараар хасах, МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын наймны өдрийн хурлаар шийдвэрлэсэн “Зөрчилтэй өмсгөлийг 2022 оны гуравдугаар сарын 15-ны дотор арилгахыг бөхчүүдэд үүрэг болгох (Үүнд: давхар ширсэн, зодогны ирмэгээр мяндсан утас гүйлгэж оёсон, нарийн элэг бүс бас шуудагны уяа гэх мэт)”-ийг хэрэгжүүлэх зэрэг шийдвэр гаргажээ.