Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Наадмын төсөвт байсан допингийн шинжилгээний зардал хаачив?! DNN.mn


Монголын Үндэсний
допингийн эсрэг байгууллагын
зүгээс БНСУ дахь төв
лабораторитой байгуулсан
гэрээний хүрээнд жил
бүр 100 гаруй тамирчны
шинжилгээг үнэ төлбөргүй
хийдэг. Гэсэн ч баяр наадмын
төсөвт наадамд шөвгөрсөн
бөхчүүд болон харваачдыг
допингийн шинжилгээнд
хамруулах төсвийг суулгадаг
нь анхаарал татсан юм.
Тодруулбал, асуудлын ард
допингийн шинжилгээнд
суулгасан төсвийн мөнгө
эзэнгүйдэж байж болзошгүй
нөхцөл байдал харагдаж
байна. Өөрөөр хэлбэл,
гэрээний хүрээнд допингийн
шинжилгээг үнэ төлбөргүй
хийлгэчихээд төсвийг нь МҮОХ-ны удирдах албан
тушаалтнууд хувьдаа завшиж
байгаа дүр зураг анзаарагдаж
байна. Энэ асуудлын хүрээнд
мэргэжлийн хүмүүсээс
тодрууллаа.

Хуульч Ч.Бат-Эрдэнэ
нарын хүмүүс МҮОХ-ны
удирдлагуудыг шалгуулахаар АТГ-т хандаж
шалгалт оруулжээ. Дээрх
асуудлын хүрээнд түүнээс
тодруулга авлаа.


Тайлбар байхгүй.-МҮОХ-ны харьяа Монголын Үндэсний допингийн
эсрэг байгууллагыг та
бүхэн шалгуулахаар АТГ-т
хандаж байжээ. Энэ талаар
танаас тодруулах гэсэн
юм. Хуулийн байгууллагад
хандах үндэслэл нь юу
байв?

-Манайх Допингийн эсрэг
агентлагийн гишүүн орон.
Үүндээ тодорхой хэмжээний
татвар төлдөг. Улмаар
жилд 100 гаруй тамирчны шинжилгээг үнэ төлбөргүй
хийлгэдэг юм. Гэтэл жил
бүрийн баяр наадмын төсөвт
тамирчдыг допингийн шинжилгээнд хамруулах зардлыг
суулгадаг нь сонирхолтой.
Энэ төсвөөр тамирчдыг шинжилгээнд хамруулж байна уу
гэдэг асуудал. Хамгийн гол нь
төсвийн мөнгийг зарцуулсан
тайлангаа Монголын
Үндэсний допингийн эсрэг
байгууллагын зүгээс огт
тавьдаггүй. Сонин байгаа
биз. Энэ асуудлын хүрээнд
АТГ-т хандсан юм. Ингэхэд
ноцтой санхүүгийн зөрчлүүд
илэрсэн. Хэргийг шалгаж
байгаад ХУД-ийн цагдаагийн
газарт шилжүүлсэн. Ингэж
сунжирч яваад Допингийн
эсрэг байгууллагын гүйцэтгэх

захирал н.Баттулга гэж
эмэгтэй ял авсан. Ер нь
тэгээд мөнгө идэж байсан
дарга нар нэг эмэгтэйгээр туг
тахиад л өнгөрсөн асуудал
юм даа. Тухайн эмэгтэйн ялыг
хөнгөрүүлээд л хэрэг хаагдсан.
Эхнээсээ үгсэн тохирсон юм
уу даа гэж харсан. Цаанаа
үнэгүй шинжлүүлж байж
төсвөөс мөнгө аваад байж
болохгүй биз дээ. Нэг эмэгтэй
рүү чихээд л өөрсдөө уснаас
хуурай гараад явчихсан.

-Спортын мэргэжлийн
хүний тухайд тодруулж
байгаа юм. Зарим бөхчүүдийн төлөөлөл допингийн
шинжилгээг мөнгө угаах
хэрэгсэл болсон гэх юм.
Допинг илэрсэн бөхчүүдийг
шантаажлаад л мөнгө нэх­дэг, шинжилгээний хариуг
өөрчилдөг үйл явц хөшигний
ард явж байна уу?

-Хардах эрхийн хүрээнд
хэлэхэд ийм байх магадлал
өндөр шүү дээ. Үндэсний
бөхийн шинжилгээний хариу
яагаад ингэж уддаг юм бэ.
Үүний ард авлига явж байх
магадлалтай гэв.
Баяр наадамд шөвгөрсөн
бөхчүүд болон харваачдын
шинжилгээг гэрээний дагуу
үнэгүй хийлгэдэг атлаа
төсвөөс давхар мөнгө авдаг
МҮОХ-ны удирдлагуудыг
ХУД-ийн цагдаагийн
байгууллагаас шалгаж 20
орчим сая төгрөгийн зөрчил
илрүүлсэн байна.

Улмаар тухайн үеийн
Допингийн эсрэг үндэсний
төвийн гүйцэтгэх захирал
н.Баттулга гэх эмэгтэйд
хэргийг тохоод өнгөрсөн
байгаа юм.

Л.Цогтбаяр:
Допингийн
шинжилгээний
хариу 30 минутын
дотор л гарах
боломжтой. Ингэж
удаж байгаагийн ард
авлига бий
Допингийн шинжилгээтэй холбоотой асуудал
дагуулдаг өөр нэг зүйл нь
шинжилгээний хариу асар
удаж гардаг. Долдугаар
сарын 12-ны өдөр хийгдсэн
шинжилгээний хариу
өнөөдрийг хүртэл хэрхсэн
нь тодорхой бус байна.
Бид спортын анагаах ухааны мэргэжилтэн Л.Цогтбаяраас тодрууллаа..


-Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээний хариу ингэж уддаг
шалтгааныг та хэрхэн харж
байна вэ?

-Долдугаар сарын 12-
ны өдөр авсан шинжилгээ
есдүгээр сард ирдэг.Уул нь
итгэмжлэгдсэн лабораториуд
шинжилгээг 30 минутын
дотор л гаргах боломжтой
байдаг юм. Бусад тэмцээний
шинжилгээний хариу ч
ийм хугацаанд л гардаг.
Харин наадамд шөвгөрсөн
бөхчүүдийн шинжилгээг
долдугаар сарын 12-ны
өдөр авлаа, 13-нд БНСУруу илгээлээ, шинжлээд
буцаагаад явуулахад 4-5
хоногийн л ажил байгаа юм.

-Ингэж их цаг авдаг
шалтгаан нь юу вэ?

– Манайх БНСУ-ын
шинжилгээний лабораторитой байгуулсан гэрээний хүрээнд
100 орчим шинжилгээг үнэгүй
хийлгэдэг. Шуудхан хэлэхэд,
үүнтэй л холбоотой. Төлбөрөө
төлсөн тэмцээний шинжилгээг
тэр дор нь хийгээд л явуулна.
Харин манайх мэтийн төлбөр
мөнгөө өгдөггүй газруудын
шинжилгээний дараалал
хойшилно. Уул нь наадмын
төсөвт шинжилгээний зардлыг
суулгадаг. Өөр асуудлууд ч
бий.

-Нөгөө талд шинжилгээний хариу удаж байгааг
авлигатай холбож тайлбарлах бөхчүүд байдаг.
Тодруулбал, допинг
илэрсэн бөхчүүдээс мөнгө
нэхэж шинжилгээний хариуг
өөрчилдөг гэх мэтээр…

-Ийм асуудал байгаа. 2009-
2019 оны хооронд допингийн
шинжилгээнд хамрагдсан
бөхчүүдийг нягтлахад 38
нь зөрчил гаргасан гэж
тогтоогдсон шүү дээ. Үүнийг
өнөөдөр би ч хэлж байгаа
юм биш. АТГ-аас шалгаад
тогтоочихсон юм. Үүнтэй
холбоотойгоор Ч.Насанбат
нарын хоёр эмчид хэрэг
үүсгэсэн ч прокурорын шатанд
очоод замхарсан. Эндээс
допингийн шинжилгээ гэдэг
зүгээр мөнгө угаах хэрэгсэл
болсон нь харагдаж байгаа
биз.Нөгөө талд допингийн
хэрэглээ ч үндэсний бөхөд
хавтгайрчихсан. Хэн дуртайгаасаа шинжилгээ аваад л,
шантаажилдаг тогтолцоо бий
болчихсон.

Ардын хувьсгалын
100, 101 жилийн ойн
их баяр наадамд
шөвгөрсөн бөхчүүд
энэ өдрүүдэд
цолны мялаалга
наадмаа хийж
байна. Нутгийн
зөвлөлөөс нь байр,
машин, бэлэн
мөнгө өгөөд л…
Үүнийг допингийн
контролын
удирдлагууд
анхааралтай
ажиглаж байгаа.
Хэнд юу очихыг
харж байгаад
л допингийн
шинжилгээний
хариугаар нь
шантаажлаад
мөнгө нэхдэг.

Ардын хувьсгалын
100, 101 жилийн ойн
их баяр наадамд
шөвгөрсөн бөхчүүд
энэ өдрүүдэд
цолны мялаалга
наадмаа хийж
байна. Нутгийн
зөвлөлөөс нь байр,
машин, бэлэн
мөнгө өгөөд л…
Үүнийг допингийн
контролын
удирдлагууд
анхааралтай
ажиглаж байгаа.
Хэнд юу очихыг
харж байгаад
л допингийн
шинжилгээний
хариугаар нь
шантаажлаад
мөнгө нэхдэг.

Categories
мэдээ үндэсний-бөx

Б.Орхонбаярын цолны мялаалга наадамд Ц.Содномдорж арслан түрүүлэв DNN.mn

Ц.Содномдорж, Ө.Бат-Орших нар зургаа давлаа

Монгол Улсын залуу арслан Б.Орхонбаярын цолны мялаалга наадам өчигдөр/2022.08.05/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд боллоо. Өдгөө 24 настай түүний хувьд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор долоо, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм, даян аварга Н.Батсууриар ес даван үзүүрлэж “Монгол Улсын арслан« цол хүртсэн билээ.

Тэгвэл түүний цолыг мялааж, Сэлэнгэ нутгийн ард түмэн олон гайхалтай бэлэг, дурсгалын зүйл гардуулжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн 17 сумын иргэдээс 500 толгой хонь, “Ланд Круйзер-300” автомашиныг, “Өсөх зоос” компанийн эзэн Ч.Чинбат “Саруул шилтгээн” хотхонд гурван өрөө байр, УИХ-ын гишүүн Д.Өнөрбаяр дөрвөн өрөө байр, Б.Орхонбаярыг багш Т.Өсөх-Ирээдүй харцагын хамт Солонгост аялах эрх тус тус бэлэглэлээ.

Мөн Сэлэнгэ нутагт төрсөн бөхчүүд Б.Орхонбаяр арсланд хүндэтгэл үзүүлжээ. Хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, улсын гарьд М.Бадарч үзүүрлэжээ. Их шөвөгт улсын харцага Б.Одгэрэл үлдэв.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Бөхчүүд болон үзэгчдээс түргэвчилсэн шинжилгээ авч, Бөхийн өргөө рүү  нэвтрүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулагдах барилдааны хуваарийг зарласныг эрхэм уншигч танд хүргэж байна.

“Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 6, 7-нд Хүйн долоон худагт болно. Тус шашин, соёлын наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 6-ны 12:00 цагт эхэлнэ.

Нэг баг 3 бөх (улс, аймаг, сумын цолтон)-ийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багууд сугалаагаар хасагдах журмаар барилдана. Аймаг, дүүргүүдийн 1-6 дугаар байрт шалгарсан багуудад мөнгөн шагнал алт, мөнгө, хүрэл медаль шилжин явах цом гардуулна.

Наймдугаар сарын 14-нд “Нүүдэлчин Монгол соёлын наадам”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан Тэрэлжийн “Сайханы саравч” гэдэг газар болно. Тус барилдааны түрүү бөх гурван сая төгрөгийн бай шагнал гардах юм байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Даншигт барилдах бөхчүүдийг энэ сарын 6-нд бүртгэнэ DNN.mn

Улсын наадмын сорилго барилдаанд зодоглох бөхчүүд DNN.mn

Хүрээ цам, Даншиг наадам наймдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно. Тус наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан наймдугаар сарын 6-ны 12:00 цагаас цагаас эхлэх аж.

Харин Үндэсний спортын VII наадмын Үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно.

Тус наадамд 21 аймаг, 9 дүүргийг төлөөлсөн 30 багийн бөхчүүд оролцох ба нэг баг 3 бөхийн (улс, аймаг, сумын цолтон) бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багууд сугалаагаар хасагдах журмаар барилдана.

Аймаг, дүүргүүдийн 1-6-р байранд шалгарсан багуудад мөнгөн шагнал алт, мөнгө, хүрэл медаль шилжин явах цомыг гардуулна.

Наймдугаар сарын 14-нд “Нүүдэлчин монгол соёлын наадам”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан Тэрэлжийн Сайханы саравч гэдэг газар болно. Тус барилдааны түрүү бөх гурван сая төгрөгийн бай шагнал гардах ажээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ үндэсний-бөx

Сүхбаатар аймгийн 80 жилийн ойд даян аварга Н.Батсуурь түрүүллээ DNN.mn

Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2022 наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, даян аварга Н.Батсуурь тэргүүтэй 128 бөх зодоглолоо. Тус барилдаанд даян аварга Н.Батсуурь долоо даван түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэлээ.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, улсын начин Л.Батзориг, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаяр нар шалгарав.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Улсын харцага Г.Бадрах: Н.Батсуурь аваргатай төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадалгүй уналаа. Харамсалтай л байна DNN.mn

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат “Хилчин” спорт хороо, 0208 дугаар тусгай салбар, “ЭБЭГ” компанийн бөх Монгол Улсын харцага Ганцогтын Бадрахтай ярилцлаа. Түүний тухайд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадамд улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүүгээр зургаа давж улсын харцага цолны болзол биелүүлсэн юм.


-Их ойн жилийн баяр наадамд улсын харцага цол хүртсэн танд баяр хүргэе. Санасандаа хүртэл наадаж чадав уу, та?

-Миний тухайд их ойн жилээр улсын харцага цолны болзол хангасандаа сэтгэл дүүрэн, сайхан байна. Өмнөх жилүүдэд наадмын дэвжээнд биеэ бариад бэлдсэн барилдаанаа гаргаж чаддаггүй байлаа. Энэ жилийн тухайд тайван байж төлөвлөсөн барилдаанаа бүрэн гаргаж улсын наадамд зургаа давлаа. Санасан цолоо авлаа. Энэ том цолыг хамгаалж барилдах том хариуцлага надад ирлээ. Энэ их өв соёлыг тээж яваагийн тухайд олны хайр хүндэтгэлийг дааж, дараагийн үеийн залуустаа зөв үлгэрлэж явах хариуцлага давхар ирж байна. Энэ жилийн наадмын онцлог нь бөхийн дэвжээнд шинэ үе гарч ирж байгааг илэрхийрсэн явдал байлаа. Аварга, арслан, заанууд төрлөө. Шинэ мянганы төлөөлөл болсон залуус цахиур хагалсан сайн наадам боллоо шүү.

-Баяр наадмын бэлтгэлээ та хаана базаав?

-Энэ жилийн баяр наадмын бэлтгэлээ “Сүүж” ууланд улсын арслан Э.Оюунболдын удирдлагад базаалаа. Сүүж ууланд наадмын бэлтгэлээ базаасан бөхчүүд жил жилийн наадмын өнгийг тодорхойлдог жишиг бий. Тэр уламжлал энэ жил ч давтагдлаа. “Сүүж” ууланд галд гарсан бөхчүүдээс баяр наадмын түрүү бөх тодорлоо. М.Лхагвагэрэл улсын заан боллоо. Э.Батмагнай, Ө.Батзул гээд залуус сайн барилдаж улсын цол авлаа. Миний тухайд Э.Оюунболд арслантай сүүлийн хэдэн жилийн турш хамт бэлтгэл хийлээ. Ачаалалтай олон өдрийн бэлтгэлийн үр дүн сая гарлаа.

-Энэ жилийн баяр наадамд ямар зорилготой зодоглов?

-Энэ өдрүүдэд төрөлх нутаг Батширээт сумын минь түүхт 70 жилийн ой тохиож байгаа юм. Сумын ойдоо улсын цолтой очиж зон олноо баярлуулах юм шүү гэсэн зорилго тавиад л наадмын бэлтгэлдээ гарсан. Энэ улиралд бэлтгэл сургуулилт дажгүй сайн байсан. Сэргээлтийн бэлтгэлийн ир их сайхан таарсан. Бэлтгэл таарсан үед сэтгэлзүй тогтвортой, тайван байдаг юм билээ. Өмнөх жилүүдийнх шиг улсын цол бодож нервтээд байх нь гайгүй. Цол бодоод ирэхээр л барилдаан гарахгүй, биеэ барьчихдаг. Зарим өдөр нойр хүрэхгүй хонох ч тохиолдол бий. Харин энэ жил наадам дөхсөн өдрүүдэд маш сайн унтаж амарсан. Бэлтгэл сайн өөртөө итгэлтэй байсантай холбоотой болов уу.

-Одоо хоёулаа энэ жилийн баяр наадмаар хийсэн барилдаануудынх нь талаар ярилцъя. Улсын цолны төлөө зүтгэж буй залуусын том шалгуур нь дөрвийн даваа байдаг. Та энэ даваанд улсын начин Г.Ганжадтай оноолт таарч их удаан барилдсан шүү дээ. Тус барилдааны талаар асуумаар байна. Барилдахаар гарахад тань Э.Оюунболд арслан юу зөвлөв?

-Яарч хөдөлж хамаагүй мэх хийж болохгүй. Хүлээж байгаад давхар шуудагны барьцнаас барилдаанаа шийдэхийг дахин дахин анхааруулсан. Наадмын өмнө Г.Ганжад начинтай оноолт таарна гэж огт тооцоолоогүй юм. Өмнө нь ч таарч барилдаж үзээгүй. Арслан ахын зөвлөсний дагуу хүлээгээд л барилдсан. Их хүнд барилдаан болсон шүү. Бид хоёр 30 орчим минут барилдсан. Ингээд давхар шуудагны барьцанд хүрэхэд голлож түрж дайраад давсан. Наадмын бэлтгэлийн үеэр энэ мэхийг хэд хэд давтсан нь чухал барилдаанд хэрэг болсон шүү. Г.Ганжад начингийн бэлтгэл ч энэ жил гойд сайн, их бяртай байна лээ.

-Улсын цолны босгонд тулаад ирэхэд юу бодогдож байх юм.

-Харьцангүй тайван байсан. Наадмын өмнө начингийн даваанд босож барилдана гэсэн сэтгэлзүйтэй байсантай холбоотой болов уу. Наадмын хоёр дахь өдрийн өглөө аав минь нутгийн хайрхандаа гарч арц уугиулж уул, усаа аргаддаг юм. Чухал барилдааны өмнө нутгийн уул усандаа залбирч сэтгэлээ тайвшруулж байгаад л гарсан. Сүсэглэдэг хайрхныхаа зураг харж, дотроо залбираад гарахад дотор уужраад сайхан болдог юм билээ. Барилдаан эхлэхээс хэдхэн минутын өмнө багш нараасаа зөвлөгөө аваад л барилдахаар гарсан.

-Улсын цолны хариуцлагатай даваанд таныг улсын өсөх идэр начин Ч.Батчулуун амласан. Багш нар нь танд юу зөвлөв?

-Харцага цолтнууд юм уу, өсөх идэр начингуудын хэн нэг нь амлах болов уу гэж тооцоолж байсан маань зөрөөгүй. Ч.Батчулуун ахын тухайд барилдаан удаашрах тусам л бие нь илүү чангардаг онцлогтой бөх. Барилдаан удааширвал надад ашиггүй. Багш нар ч үүнийг тооцоолж шийдсэн барилдаан хийхийг зөвлөсөн юм. Ингээд бариа зөрүүн дээр модож дайраад л давсан. Анх сурсан мэх маань л энэ. Мэхний барьц, байрлал ороод ирэхэд л зөнгөөрөө хийчихсэн. Бөхийн бэлтгэлд анх ороод л сурсан мэхээ хийгээд улсын цолны босго алхлаа.

-Аав тань их баярласан байх.

-Тав даваад туг тойроход сэтгэл их хөдөлсөн шүү. Багш нар дараагийн даваа байгааг анхааруулж тэгж их хөөрсөн сэтгэлийг дарж, төвлөрүүлж өгсөн. Начин болчихоод аавынхаа залгахыг хүлээгээд л утсаа чагнаад байлаа. Гэтэл ааваас дуудлага орж ирдэггүй, таг чиг. Улсын цол авчихаад байхад залгадаггүй хачин юм даа гээд гайхаад л суугаад байсан. Сүүлд асуухад тав даваад туг тойроход аав минь уйлаад хоолой нь гарахгүй байсан юм билээ. Би тэрийг нь яаж мэдэх билээ. Аав минь тэгж их баярлаж л дээ. Миний аавыг Г.Ганцогт гэдэг. Намайг энэ зэрэгтэй бөх болгохын тулд энэ насны амьдралаа зориулж ирсэн хүн. Тэр их хичээл зүтгэлийг нь би үг, үйлдэл бүрээс нь мэдэрдэг юм. Үүнийгээ тэр бүр хэлээд байж чадахгүй л дээ. Аавдаа их талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Миний барилдаан бүрийг алгасалгүй үздэг. Барилдааны дараа утсаар холбогдоод л алдаа оноогоо ярилцана. Энэ том дэвжээнд дандаа давна гэж байхгүй. Сэтгэлдээ хүртэл барилдаж чадахгүй доогуур даваанд өвдөг шороодох үе бий. Тэр үед аавтайгаа яриад л сэтгэл онгойчихдог. Улсын цол хүртэж аавыгаа баярлууллаа. Ачийг нь бага боловч хариулсан болов уу гэж санахаас сэтгэл дүүрэн сайхан байна даа.

-Улсын харцага цолны хариуцлагатай даваанд өсөх идэр начин Б.Эрдэнэхүү таныг амлаж барилдсан. Тавын давааны дараах сэтгэл хөдлөлөө гүйцэд дарж амжилгүй л гарсан байх.

-Улсын цол хүртсэндээ их баярласан ч харцага цолны хариуцлагатай даваа хүлээж байгааг маш сайн ухамсарлаж байсан. Б.Эрдэнэхүү начин амласныг сонсоод ямартаа ч барилдаан таарах юм байна гэх бодол толгойд орж ирсэн. Э.Оюунболд арслан өнөөх мордоогоо хийгээд л давах боломжтойг зөвлөсөн. Барилдааны эхэнд Эрдэнэхүү ах шахаж татаад буцахад нь зөрүүлж мордоод л давсан. Барилдаан төлөвлөж байснаар өрнөж шийдэгдсэн. Туг тойроод ирэхэд улсын заан цол нүдэнд харагдаад л дараагийн давааны барилдаанаа тооцоолоод эхэлсэн.

-Даян аварга Н.Батсуурь таныг амлах талаар тооцоолж байв уу. Энэ цагийн манлай хүчтэнтэй ямар барилдаан төлөвлөж гарав?

-Аварга намайг амлана гэдгийг ерөнхийдөө мэдэж байсан. Яаж барилдах талаар хавь ойрын хүмүүстэйгээ зөвлөөд л. Нөгөө төвлөрсөн сэтгэлзүй нэг мэдэхэд хаашаа ч юм алга болчихсон. Барилдааны явцад талбайн захад маш анхааралтай барилдах ёстойг ойлгож байлаа. Гэсэн ч талбайн захад жаахан анхаарал алдаад л уначихсан. Уул нь давхар шуудганд хүрч барилдах төлөвлөгөөтэй байсан юм. Тооцоолсон барилдаанаа гаргаж чадаагүй. Жаахан харамссан. Н.Батсуурь аварга бага зэрэг сэрэмж алдахыг л алдалгүй ашигладаг юм билээ. Барилдааны талбайн захад дээд зэргийн анхааралтай байх ёстойг ухамсарлаж байсан ч бага зэрэг анхаарал алдаад л уначихсан. Жижиг алдаа гаргаад л барилдаанаа өндөрлүүлэхэд дотор харанхуйлаад эвгүй л санагдсан шүү. Гэхдээ улсын харцага гэх том цол хүртлээ.

-Таны тухайд цэргийн цол чимэг олгох бүх цэргийн баяр наадамд их сайн барилддаг шүү дээ. Бүх цэргийн наадамд сайн барилдсан улс цаашид цол ахидаг жишиг харагдаад байдаг.

-Тийм зүй тогтол анзаарагддаг шүү. Би 2017 онд сумын заан цолтойдоо бүх цэргийн наадамд шөвгөрч цэргийн начин цол хүртэж байлаа. Дараа нь хоёр ч удаа их шөвөгт шалгарсан. Шигшигдсэн хүчтэнүүд чуулдаг энэ барилдаанд үнэн хүчээ үзээд л барилддаг юм. Шалгарсан бөхчүүд нь дээшээ цол ахидаг зүй тогтол харагддаг. Тод жишээ нь Завханы М.Лхагвагэрэл байна. Сая улсын заан цол хүртлээ. Ч.Санжаадамба, С.Мөнхбат гээд аваргууд, улсын харцага А.Бямбажав гээд бөхчүүд цэргийн наадамд түрүүлээд л дараа, дараагийн цолоо авсан байдаг.

-Танд дараагийн цол хэр хол санагдаж байна вэ?

-Бэлтгэлээ сайн хийгээд бэртэл гэмтлээс хол явахад болох байх аа.

-Таны тухайд “Босоо” Самдан аваргын 120 насны ойн барилдаанд аймгийн заан цолтой гарч барилдаад түрүүлж байсан. Аймгийн заан цолтой залуу улсын цолтнуудыг даваад түрүүлсэн нь содон л харагдаж байлаа.

-Тийм шүү. “Босоо” Самдан аварга Сэцэн хан аймгийн хүн шүү дээ. Нутгийнхаа тэр их бөхийн ойн барилдаанд түрүүлчихээд их баярласан. Миний тухайд нутгийн уул усандаа өөрийгөө даатгаж, залбирч явдаг. Яг тэр барилдааны өмнө сумандаа очиж хэд хоног амраад л ирж барилдаад шууд түрүүлсэн. Унасан газар маань ивээж явдаг гэдэгт итгэдэг юм. Тухайн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяртай үлдэж түрүүлж байлаа. Тэр барилдаанаас их урам зориг авсан шүү.

-Таныг улсын начин Ш.Зоригт бөхийн замд хөтөлсөн гэх юм билээ. Багшийнхаа талаар ярихгүй юу?

-Тийм. Анх хөдөөнөөс орж ирээд л улсын начин Ш.Зоригтын удирдлагад бэлтгэл хийдэг байлаа. Үндэсний бөхийн спортын суурийг тэр хүн маш зөв тавьж өгсөн учраас энэ зэрэгтэй яваа болов уу гэж ойлгодог. Мөн миний амжилтын салшгүй нэг хэсэг бол “Хилчин” спорт хорооны хамт олон, улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар багш. Миний барилдааны арга техникийг хөгжүүлэх тал дээр маш сайн ажилласан хүн бол Бүрэнбаатар багш. Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын арслан Э.Оюунболд болон “Хан Хэнтий аварга” дэвжээний дасгалжуулагч аймгийн арслан Г.Ганцоож нарын удирдлагад бэлтгэл сургуулилтаа тааруулж байна. Э.Оюунболд арслангаас их зүйл сурсан. Баяр наадмын чухал даваанд гарахын өмнө түшиг тулгуур болж намайг дэмждэг ахдаа талархаж явдгаа илэрхийлье. Төрийн наадмын дээгүүр даваанд гарч барилдсан хүний зөвлөгөө хэрэгтэй байдаг юм билээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Буриад түмний “Алтаргана-2022” их наадамд Улсын заан Д.Анар үзүүрлэжээ DNN.mn

Буриад түмний олон улсын “Алтаргана-2022” их наадам ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын буриад тойрогт өчигдөр /2022.07.23/ эхэлж, ОХУ, Монгол, БНХАУ, Кыргызстан, Казахстан улсуудад тархан суурьшсан буриадууд хуран цуглажээ.

Харин буриад бөхийн барилдаан өчигдөр 60, 70, 80, -92, +92 кг гэсэн таван жингийн ангиллаар болсон байна. Улмаар +92 кг-ын жинд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар хоёрдугаар байр эзэлжээ. Тэрбээр ОХУ-ын Буриадын нэрт бөх Цыбик Максаровт маргаантай унаж үзүүрлэсэн байна. Улмаар Д.Анар “шилдэг бүргэд” бүжгийн үзүүлбэрийн эзэн болжээ.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Б.Орхонбаярын арслан цолны мялаалга наадмыг ирэх сард товложээ DNN.mn

Улсын арслан Б.Орхонбаярын талаарх таван баримт

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тод од нь Сэлэнгэ аймгийн шинэ залуу хүчтэн Баярсайханы Орхонбаяр байв. Тэрбээр бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж, Улсын арслан цол хүртсэн юм.

Шинэхэн арслангийн мялаалга наадмыг 08 сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн төвд зохион байгуулахаар товложээ.

Б.Орхонбаяр 21 насандаа улсын начин болж байсан бол 24 насандаа улсын арслан цолтны эгнээнд нэгдлээ. Домогт бөх Д.Данзан, Г.Эрхэмбаяр нарын залгамж Б.Орхонбаяр Сэлэнгэ нутгаас төрж буй гурав дахь арслан цолтон болж байна.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно DNN.mn

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.

Тус барилдааны үеэр

– Шүхэрчдийн үзүүлбэр,

– цагдаагийн тусгай тасгийн үзүүлбэр

– гардан тулааны үзүүлбэр

– нохой сургуулийн үзүүлбэр

– урлагийн тоглолт

– бусад үзвэрүүд болох аж.

Уг арга хэмжээ үзэгчдэд үнэ төлбөргүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Монгол Улсын аварга О.Хангай: Баярлаж байгаа аавыгаа хараад үнэхээр түрүүлчихлээ гэдэгтээ итгэж ядан төрийнхөө есөн хөлт цагаан тугаа тойрсон доо DNN.mn

Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 100, 101 жилийн тэгш ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд арав давж түрүүлсэн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Од” групп, “Их Монгол сан”, “Зорчигч тээврийн нэгтгэл” компани, “Аврагч” спорт хорооны бөх Монгол Улсын идэр залуу аварга Оргихын Хангайтай ярилцлаа.


-Түүхт ойн жилээ урамтай сайхан барилдаж, түмэн олныхоо хүслийг биелүүлэн Монгол бөхийн эрхэм дээд аварга цол хүртсэнд баяр хүргэе…

-За та бүхэндээ маш их баярлалаа. Ардын хувьсгалын энэ том ой дээр аварга цол хүртсэндээ баяртай байна. Ард түмэн минь сайхан наадацгаав уу?

-Гантай жил хур бороо орохыг хүлээдэг шиг ховдчууд аваргатай болохыг 100 жил хүлээсэн. Энэхүү хүлээлтийг, хүслийг биелүүлж өнөө жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх болж, аварга цол хүртлээ шүү дээ. Тиймээс энэ их хүлээлт, хүсэл, итгэлийг дааж чадсан сэтгэгдэл, Төрийнхөө есөн хөлт цагаан тугаа арвантаа тойрох үеийн мэдрэмж ямар байв даа?

-Миний гаргасан амжилтын ард Монголын ард түмэн, үргэлж тусалж дэмждэг аав, ээж, хань, үр хүүхэд, хамаатан садан, ах, эгч, багш, найз нөхөд, хамт олон минь байдаг. Тиймээс юуны өмнө эдгээр эрхэм нандин хүмүүстээ танай сониноор дамжуулаад чин сэтгэлийн талархлаа өргөн дэвшүүлье ээ. Та бүхэндээ хайртай шүү, баярлалаа гэж хэлье. Мэдээж үндэсний бөхөөр хичээллэдэг, барилддаг бөх бүрийн зорилго, мөрөөдөл нь төрийнхөө их баяр наадамд түрүүлэх, шинэ цолонд хүрч барилдах байдаг. Тэр утгаараа миний ч мөрөөдөл, зорилго энэ байсан. Би зорилго, мөрөөдөлдөө хүрч чадлаа. Мөрөөдөл, зорилго биелэх шиг сайхан зүйл хаана байх вэ. Үнэхээр их баяртай, бахархалтай байна. Ард түмэн, нутаг усныхаа итгэлийг дааж, хүлээлт, хүслийг биелүүлж аварга цол хүртлээ. Цаашид цолоо улам ахиулан барилдах, ард түмнийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээх болно. Нэг талаараа өөрийн зорьсон зорилгодоо хүрлээ. Нөгөө талаараа төр, түмний өгсөн энэхүү аварга хэмээх эрхэм алдрыг дааж явна гэдэг том үүрэг хариуцлага юм болов уу гэж бодож байна. Ховд аймгаас 82 жилийн өмнө алдарт Шаравын Ванчинхүү арслан төрийнхөө их баяр наадамд түрүүлж байсан түүхтэй.

Түүнээс хойш өнөөг хүртэл наадмын түрүү тодроогүй. Тиймээс энэ их олон жилийн хүлээт, хүсэл, зорилго, мөрөөдөл энэ их тэгш ойн жил биелэсэнд хувьдаа их билэгшээж, бахархаж байна.


-Ховдын хязгаар, Буянт голын хөвөөнөөс Монгол Улсын 47 дахь аварга төрлөө. Аварга цолтон төрөх тэр агшинд наадамчин олон бүгд “Тунгалаг Буянт” голыг дуулж, уухайлж байсан шүү дээ…

-Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадам цар тахлын дараа болж байгаа гэдэг утгаараа үнэхээр өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Энэхүү түүхэн ойгоороо аварга хэмээх цолтны эгнээнд багтаж чадсан гэдэгтээ өнөөдрийг хүртэл итгэж чадахгүй л явна. Яг наадмын үеэр, барилдааны явцад өөрийнхөө сэтгэл санааг тайвшруулах, барилдаандаа анхаарлаа төлөврүүлэх зорилгоор дотор хүнтэйгээ их ярьсан. Нүдээ аниад нутгийнхаа уулсыг сэтгэлдээ харж, тунгалаг Буянт голынхоо урсах чимээг чихэндээ сонсож, залбирч суусан. Нутгийн минь уул, ус түшлээ л гэж бодож байна. Мэдээж зорилгодоо хүрэхийн тулд бие болоод сэтгэлийн хүч тэгш, тогтвортой байж л амжилт гаргана. Мөн наадамчин олны уухайн дэмжлэг надад үнэхээр том урам зориг өгсөн. Намайг дэмжсэн түмэн олондоо үнэхээр их баярлалаа гэдгээ дахин илэрхийлье. Наадмын өмнө харцагуудын нэг шоу болсон. Тэр үеэр улсын засуул Б.Мөнхбаатар ахыг “Та намайг аварга болж байна гээд нэг сайхан аваргын цол дуудаад өгөөч” гэж гуйж аваргын цол дуудуулсан. Үүнийг би хувьдаа их бэлэгшээлтэй зүйл болсон болов уу гэж бодож байна. Тэрхүү сайхан бэлгэшээл, ерөөлөөр өдгөө би аварга цол хүртчихсэн явж байна.

-Танай галын бөхчүүд олон жил Сүүж хайрханд гарч бэлтгэл сургуулилалтаа хангаж ирсэн түүхтэй. Наадмын дараа бэлтгэл сургуулилалтаа хангасан дэвжээ, галаа эргэсэн үү?

-Хоёр хоногийн өмнө Сүүж хайрхандаа очиж галаа эргэж, дэвжээндээ мөргөчихөөд ирлээ. Энэ сайхан хайрхны өврөөс манай Ховдын олон сайхан улсын цолтой бөхчүүд төрөн гарсан түүхтэй. Бидний бэлтгэл сургуулилтыг хангахад гүн туслалцаа үзүүлдэг Сүүж амралтын газрын удирдлагууд болон хамт олонд маш их баярлалаа. Мөн Цагдаагийн бие бүрэлдэхүүн, хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид ч бид энэ сайхан хайрхныхаа өвөрт бэлтгэл сургуулилалтаа хийж, амжилтаа ахиулж, шинэ залуу бөхчүүд маань улсын цолонд хүрч барилдана. Өнөө жил энэ сайхан хайрхныхаа өвөрт галд гарсан бөхчүүддээ баярлалаа. Миний амжилт та бүхний хамтын хүч шүү. Өнөө жил энэ сайхан хайрхны өврөөс аварга, заан, начин цолтон төрлөө. Үнэхээр өгөөж буянтай, баян хангай даа. Монгол Улсын заан цол хүртсэн Б.Бат-Өлзий, улсын начин болсон Б.Сосорбарам нартаа баяр хүргэе. Намайг болон миний барилдааныг үргэлж хурцалж, ирэлж байдаг улсын залуу заан Б.Бат-Өлзийдөө баярлалаа. Ирэх жилийн наадмуудад цолоо улам ахиулан барилдаж, зорьсон зорилгодоо хүрээрэй гэж хэлье. Ховд бөхийн дэвжээний тэргүүн улсын заан Ч.Бат-Зориг, дасгалжуулагч багш улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Г.Алтангэрэл нартаа болон нутгийнхаа нийт бөхчүүдэд талархаж байгаагаа илэрхийлье.

-Хүчит бөхийн барилдааны түрүү булаалдах агшин буюу арвын давааны барилдааныхаа мэдрэмжийг ярихгүй юу. Барилдааны дундуур таны гарын шөрмөс татсан уу, их л зовуурьтай харагдаж байсан даа…

-Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Бүрэнтөгс аваргатайгаа есийн даваанд тунаж барилдаад давсан. Ес давчихаад аав дээрээ очлоо. Аав ч баярласан үгүй нь мэдэгдэхгүй их тайван хүлээн авлаа. Нутгийн бөхчүүд, ах нар маань ч за одоо ганцхан даваа шүү дээ Хангай минь л гэсэн. Өөр юм хэлсэнгүй. Ойр байгаа хүмүүсийн харц, сэтгэл санаа тайван байсныг ч хэлэх үү арвын давааны өмнө айхтар сандарсангүй. Ингээд арвын даваанд Б.Орхонбаяр дүүтэйгээ алгуурхан өрсөн дөө. Барилдааны явцад гэнэт баруун гарын шөрмөс зангирчихаад огт сулрахгүй байсан. Баруун гарын атгалт таг алга болчихсон, гараа огт тэнийлгэж болохгүй байлаа. Өөрөө гараа хөдөлгөж барьж нэлээд үзсэн боловч булчин нь огт суларч өгөхгүй байсан болохоор эмч рүү хандсан. Ингээд хөлийн цэц, эмч нараар жаахан бариулж, цохиулж байтал овоо гайгүй болж барилдаанаа үргэлжлүүлсэн.

-Б.Орхонбаярыг давчихаад хэсэг тайван босож ирснээ гэнэт баярлаад төрийнхөө есөн хөлт цагаан тугийн зүг гүйсэн шүү дээ. Тэр агшинд түрүүлсэндээ итгэж чадахгүй байв уу?

-Барилдаандаа хамаг анхаарлаа төлөврүүлчихсэн байсан үе л дээ. Хэдийн даваанд барилдаж байгаагаа ч тухайн үед мартчихсан байсан. Хамгийн гол зүйл нь энэ барилдаанаа маш хариуцлагатай алдаа хий гаргалгүй учраа бөхөө давах нь чухал шүү гэсэн бодол толгойд дүүрчихсэн байсан л даа. Тэгээд баруун талдаа мордох мэхээр давсан. Давчихаад босож ирээд дахиад даваа байхгүй ингээд түрүүлчихлээ гэж үү гэж бодсон. Өөртөө тухайн үед түрүүлчихсэн гэдэгтээ итгэж өгөхгүй л байсан л даа. Давчихаад сууж байтал аав үсэрч баярлаад над руу гүйж байсан. Баярлаж байгаа аавыгаа хараад үнэхээр түрүүлчихлээ гэдэгтээ итгэж ядан төрийнхөө есөн хөлт цагаан тугаа тойрсон доо.

-Та түрүү бөхийнхөө бай шагналыг хүүхдийн эмнэлэгт хандивласан. Таны гаргасан энэхүү үйлдэл бөхчүүдийн хувьд анхных болов уу даа. Цаашид ч ийм сайн жишиг тогтох эхлэл болж байна уу гэж харж байна?

-Цар тахлын үеэр эмнэлгүүдийн ачаалал ихэссэн. Тэр дундаа хүүхдийн эмнэлгийн ачаалал одоо ч их байгаа юм билээ. Тиймээс Монголынхоо ирээдүй болсон хүүхэд багачууд минь эрүүл саруул байг гэсэн үүднээс өөрийнхөө түрүү бөхийн шагналаа Эх нялхсын эмнэлэгт хандивласан байгаа. Төрийн баяр наадамд түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа эх, хүүхдийн сайн сайхны төлөө зориулж байгаадаа баяртай байна. Анхных нь уу гэдгийг мэдэхгүй. Ямартай ч өөрийнхөө хувьд нийгмийн сайн сайхны төлөө бага ч гэсэн хувь нэмэр болъё гэсэн санаа зорилгоор л хийсэн зүйл.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ирэх жилийн наадмуудад илүү их амжилт гаргаж, цолоо улам ахиулан барилдаж Монгол Улсын Дархан аварга цолтон болоорой гэж ерөөе.

-Баярлалаа, тэр сайхан ерөөл бат сайхан оршиг.


Ж.ОРГИХ: НААДМЫН ОДГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙСАН ХҮҮ МИНЬ ӨНӨӨ ЖИЛ МЯНГАН БӨХИЙН МАНЛАЙ БОЛЖ, АВАРГА ЦОЛТОН БОЛЛОО


-Та сайхан наадав уу. Таны хүү Монгол бөхийн эрхэм дээд аварга хэмээх цол хүртлээ. Энэ сайхан баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Миний сэтгэл үнэхээр үгээр хэлэмгүй өндөр, сайхан байна. Ах нь ганц хүүтэй, гурван охинтой хүн. Миний хүү багаасаа л сурлага сайтай, их зүтгэлтэй хүүхэд байсан. Сурлага номондоо сайн хүүхэд байснаас биш үнэндээ бөх болчихно гэж огт санаагүй, бодож байсангүй.

-Хэзээнээс бөх болохоор шийдсэн юм бэ?

-Арван жилээ төгсөөд их сургуульд орсон жилээсээ эхлээд би бөх болмоор байна гэж хэлээд л байнга барилдаж, бэтгэл сургуулилт хийдэг болсон. Хөдөө аж ахуйн их сургуульд сурч байгаад тэндээсээ гэнэт л барилдаад явчихсан даа. Ингээд л барилдаж эхэлсэн цагаасаа эхлээд миний хүүгийн гаргасан амжилт богино хугацаанд энэ их өндөр амжилтад хүрлээ гэж харж байна. 2012 оноос эхлээд л аймгийн наадмуудад зодоглож улмаар 2013 онд нутгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан болж байсан. Тухайн үед хүүгээрээ маш их бахархаж байсан. Анх улсын баяр наадамд зодоглоход нь хүүгээрээ их бахархсан. Тэр жил чинь 2017 он байсан шиг санагдаж байна. Тавын даваанд Э.Оюунболд арслангаар давж, зургаагийн даваанд сая улсын заан болсон Б.Сериктай тунан барилдаж харцага болж билээ. Ерөөсөө барилдсан жилээ сумын заан болж дараа дараагийн жилүүдэд тогтмол цолоо ахиулсаар өдийг хүрсэн дээ.

-Улсын харцага болсныхоо дараа дараагийн наадмуудад доор даваанд унаж, нэг үе наадмын одгүй бөх гэсэн хочтой явж ирсэн шүү дээ. Жил бүрийн наадмаар цолоо ахиулна гэж хардаг хүүгээ доор даваанд унахыг харах гунигтай л байсан байлгүй?

-Үнэхээр миний хүү наадамд жаахан од муутай л юм байна даа гэж бодож байсан. Гэтэл үгүй байж. Өнөөдөр Монгол Улсын аварга цолтон боллоо шүү дээ. Хүүгээрээ үнэхээр их бахархаж байна. Наадмын одгүй гэж бодож байсан хүү минь өнөө жил мянган бөхийн манлай болж чадлаа. Одгүй бөх гэж байдаггүй юм. Бэлтгэл сургуулиалтаа сайн хийж, зөв шударгаар барилдсан бөх л өнөөдөр амжилтад хүрдэг гэдгийг миний хүү надад болон ард түмэндээ нотлон харууллаа.

-О.Хангай аваргыг хоёр талаасаа бөхийн удамтай гэлцдэг. Яг ямар удам, судартай хүн бэ гэдгийг та л тодорхой хэлэх байх…

-Миний хүүгийн ээжийнх нь тал буюу миний ханийн ах, дүүс мундаг бөхийн удамтай. Ховдын анхны түрүү бөх улсын арслан Шаравын Ванчинхүү агсан миний ханийн хөгшин аавтай нь үеэлүүд байсан юм билээ. Тэгэхээр Хангайгийн нагац талын өвөг эцэгтэй нь ах дүүсийн хүүхдүүд байсан гэсэн үг л дээ. Мөн нагац талдаа аймгийн заан Даваасүрэн, Дамдинсүрэн гээд бөхчүүд бий. Ер нь ээжийнхээ талд их олон бөхтэй. Харин миний талд буюу аавынхаа талаас бөхийн удамтай. Миний хувьд Шаравын Батсуурь аваргын төрсөн нутаг болох Говь-Алтай аймгийн Жаргалант сумын хүн. Ш.Батсуурь аварга суманд манайхаар их ирдэг, аавтай минь байнга уулзаж, ярилцдаг хүн байлаа. Манай эмээг эгч ээ гэж дууддаг хүн байсан. Яг үнэндээ манайхтай хамаатан садан хүн байсныг би үнэхээр мэдэхгүй байна. Энэ жил их аваргын зуун жилийн ой болно. Энэ ойд оролцохдоо их аваргын үр хүүхэд, хамаатан садантай нь уулзана. Тэр үеэр яг ямар хамаатан садан болохыг нь нутгийн хөгшчүүл, Ш.Батсуурь аваргын үр хүүхэд, хамаатан саднаас нь сайн тодруулъя гэсэн бодолтой байгаа. Манай эмээг л эгч ээ гэдэг байсан санагдана. Нутгийн хөгшчүүл Ш.Батсуурь аварга танай эмээтэй хамаатан, ах дүүс байсан гэлцдэг юм. Гэхдээ яг одоогоор ямар хамаатан садан гэдгээ сайн хэлж мэдэхгүй л байна. Юм үнэнээрээ сайхан. Хамаатан биш байхад заавал хамаатан болох гэж яараад яахав. Хамаатан юм бол удам судраа хүн мэдэж, бахархаж явах нь чухал л гэж бодож байна даа.

-Энэ жилийн тухайд хүүгийнхээ барилдаан даваа болгоныг сэтгэл догдлон харж суусан байх. Даваа ахих тусам аав хүний хувьд хүүгийнхээ барилдааныг харах хэцүү байв уу?

-Энэ жил их сонин. Яагаад ч юм миний сэтгэл их тайван байсан. Өмнө ээ дээ уначих вий дээ, ээ дээ яана вэ гэж барилдаан болгоныг нь зүрхшээн харж суусан бол өнөө жил ёстой тайван байл аа. Өөрийгөө ч их гайхлаа. Энэ жилийн хувьд миний хүү их л өнгөтэй харагдаж байсан. Өөрөө ч барилдаандаа сэтгэл санаагаа бэлдэж, унтаж амарч байсан. Миний хүү гараад барилдаад даваад буцахад үзэгчид их баярлаж, уухайлж байсан. Би харин баярлаж, сэтгэл их хөөрсөн зүйлгүй их л тайван байсан даа. Гэхдээ наймын даваанд гарч барилдаад гарди цолны болзол хангачихсан чинь гэнэт дотор нэг сонин болж ирсэн шүү. Харин заан цолны болзол хангаж байхад нь болох ёстой юм болж л байна даа гэж бодсон. Гарди болчихоор нь энэ чинь юу билээ миний хүү чинь гарди болчихлоо гэж үү, за дахиад хэдхэн даваа үлдлээ миний хүү чинь ер нь түрүүлчихэж мэдэх юм биш үү гэсэн бодол орж ирсэн.

-Аваргын хань, таны бэр аль нутгийн хүн бэ. Танай ач, зээ нараас тань бөхөд сонирхолтой хүүхдүүд бий юу?

-Миний бэр Ховдын Манхан сумын хүн. Манай бэр бас бөхийн удамтай. Сая аймгийн наадамд үзүүрлэсэн Даваадалай заан манай бэртэй хамаатан. Ач, зээ нарын хувьд гэвэл миний том охин гурван залуутай. Бага охин нэг залуутай. Энэ дундаас удам залгасан бөх тодрох байлгүй. Ер нь манайхны удмын нэг онцлог байх шиг. Багаасаа сурлага, хичээлдээ сайн явж байгаад томорч ирээд бөх болчихдог. Энэ жишгээр үзэхэд одоохондоо бөх болчих хүүхэд тэр энэ гэж хэлэхэд хэцүү л байна. Хүүхдүүдийн минь өөрсдийнх нь сонголт шүү дээ. Бөх болж ард түмнээ баясгаж, улсын том цолонд хүрч барилдвал сайн л биз. Өөр мэргэжлээр яваад амьдрал ахуйгаа өнгөтэй, өөдтэй авч явж л байвал бөх болсонгүй гэх зүйл байхгүй шүү дээ. Тиймээс өөр өөрсдийнхөө сонирхсон, мэргэшсэн зүйлдээ л эзэн нь болж, салбар бүртээ л амжилт гаргаж явахыг хүсдэг дээ.