Categories
онцлох-нийтлэл үндэсний-бөx

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүдийн цөм нь Сүүж ууланд бэлтгэлээ базааж байна DNN.mn

Энэ жилийн баяр наадмаар Төв цэнгэлдэхэд чуулж наадамчин олныг цэнгүүлэх хүчтэнүүдийн цөм нь “Сүүж уул”-ын амралт, сувиллын газарт бэлтгэлдээ гарчээ. Энд Ховд аймгийн “Ховд”, Завхан аймгийн “Даян” дэвжээ, Дорноговь аймгийн “Хутагтын хүчтэн”, Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” зэрэг дэвжээний 80 орчим залуус бэлтгэлдээ гараад байна. Биднийг очиход хамбан шар эмжээртэй шинэ гэр босгочихсон байсан нь Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын түрүү бөх улсын залуу аварга О.Хангайгийнх гэнэ. “Ховд” дэвжээний удирдлагууд шинэ аваргадаа зориулж зургадугаар сарын эхээр энд шинэ гэр босгожээ. Харин хамбан шар эмжээр нь аварга болохдоо өмссөн дээлний өнгөө бэлгэдсэн бололтой. Хажууханд нь байрлах хоёр гэрийн нэг нь улсын заан Б.Бат-Өлзийгийнх. Нөгөөд нь улсын заан Б.Пүрэвсайхан байрлаж буй гэнэ. “Ховд” дэвжээний манлай гурван хүчтэн энэ жил тусдаа гэр барьж бэлтгэлдээ гараад байна. Харин улсын наадмын цолны даваанд хоёр ч удаа очоод бүдэрсэн аймгийн арслан Д.Бадамгарав хэдэн залуусын хамт байшингийн үүдэнд хүчний бэлтгэлээ хийж байгаатай тааралдлаа. Тэд энэ сарын эхээр бэлтгэлдээ гарсан бөгөөд одоогоор өглөө, оройдоо хөнгөхөн мэхээ давтаад, хүчний бэлтгэлээ түлхүү хийж байгаа гэнэ. Өнөөдрөөс хөдөө, гадаа явсан бөхчүүд нь бэлтгэлдээ бүрэн нэгдэж барилдааны бэлтгэл жигдрэх гэнэ. Биднийг очиход бөхчүүдийн олонх нь амарч байв. Аймгийн цолтой цөөхөн хэд нь л хүчний бэлтгэлээ базааж байлаа. Тэднийг анзаарч байтал төд удалгүй улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох нэгдэв.

Наадмын дэвжээнд огцом бяр, тэсрэлтээ гайхуулдаг түүний бэлтгэлийг залуу хүчтэнүүд нүд салгалгүй, анхааралтай ажиглах. Нэг ч гэсэн зүйлийг нь сурч авахаар оролдож байгаа нь илт. Д.Цэрэнтогтохын тухайд улсын аварга П.Бүрэнтөгсөөр тав давж начин цол хүртсэн зоригтой, цог золбоотой барилддаг бөх. Наадмын дэвжээнд улсын аварга О.Хангайг давхар ачаад чулуудчихдаг ойгүй бяртай нэгэн. Энэ жил заал танхимын барилдаанд түрүүлж, шөвгөрч сайн барилдсан тэрбээр формоо хадгалахаар эртлэн бэлтгэлээ гараад байгаа нь энэ. Ямар ч бяртай эрийг малгай шиг дүүгүүрдээд чулуудчихдаг Цэрэнтогтох начингийн хүчний бэлтгэлийн үзүүлэлтийг харсан залуус толгой сэгсрэх юм билээ. Начин өсч яваа залуу бөхчүүдэд ч туршлагаасаа харамгүй хуваалцаж, зөвлөж байв.

Эдний урдхан талд байрлах намхан саарал байшинд “Аварга” сургуулийнхан байрласан талаар хэллээ. Дөхөөд очвол үүдэн дэх модон саравчинд чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах, гавьяат дасгалжуулагч Бямбажавын Баттулга, гавьяат багш Б.Адъяахүүгийн хамт сууж байх нь тэр. Тэдний голд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, медальт, гавьяат тамирчин, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл суух аж. Хоёр гавьяат багш, гавьяат тамирчин шавийнхаа бэлтгэлийн төлөвлөгөөг илүү нарийвчилж хоорондоо зөвлөж суугаа нь энэ бололтой. АХ-ын 100, 101 жилийн заан М.Лхагвагэрэлийг өнөө жил цолыг нь батлуулах, цаашлаад ахиулах, үүний тулд ямар бэлтгэл шаардлагатай талаар үндэсний бөх болон чөлөөт бөхийн энэ цагийн шилдэг багш нар тархиа гашилгаж сууна. Дэлхийд данстай бөх болохоо зарласан М.Лхагвагэрэл заан үндэсний бөхөөрөө ч оргилд нь гарахаар энд шамдаж байна. Түүний бэлтгэлийг хангахад “Аварга” сургуулийн оюутан хүүхдүүд гар бие оролцох бололтой. Бүгд далбаа, шуудгаа зэхээд ирцгээжээ. Энэ цагийн Дэлхийн шилдэг хүчтэний бэлтгэлийг хангалцаж, юм сураад авна гэдэг тэд ч хувьтай хүүхдүүд юм. Лхагвагэрэл заан том бөхчүүдтэй тулахаас илүү залуу бөхчүүдтэй цуваа барилдаанд орж бэлтгэлээ хангахыг илүүд үзэж байгаа бололтой. Түүний бэлтгэлийн ирийг гавьяат багш Б.Адъяахүү тааруулахаар алхам бүрийг нь л ажиглаж сууна. Сүүжийн бэлтгэлээс наадмын дээгүүр даваанд гарч барилдах залуусын тэргүүн эгнээнд М.Лхагвагэрэл зааныг бөхчүүд нэрлэж байв. Өнөөдөр тэр барилдааны бэлтгэлгүй, хөнгөхөн дасгал хийгээд амарч байгаа гэнэ.

Сүүж уул амралтын баруун хойд талын байшин ганцаараа тод шар өнгөтэй нь бусдаасаа содон юм. Энд бэлтгэлд гарсан залуусын хэлж байгаагаар тэр шар байшинд байрласан бөхчүүд цол ахидаг зүй тогтол байдаг гэнэ. Э.Оюунболд л гэхэд яг энэ байшинд байрлаж шууд улсын наадамд түрүүлж байжээ. Залуу бөхчүүд тийшээ орох их сонирхолтой ч том цолтой бөхчүүдийн өмнүүр хөндөлсөөд байж зүрхэлдэггүй бололтой. Байрласан бөх нь цол ахидаг зүй тогтолтой байшин руу дөхөж очвол өөдөөс улсын харцага Ганбатын Алтангэрэл хүүгээ хөтлөөд гарч ирэх нь тэр. Тэрбээр “Ховд” дэвжээний ахлах дасгалжуулагч юм. Өөрөөр хэлбэл шинэ аварга төрсөн дэвжээний ерөнхий бэлтгэлийг энэ хүн хариуцдаг. Зөрсөн залуус бөхөлзөж хүндлэл үзүүлэх түүнтэй хөөрөлдлөө.

-Таны хариуцдаг “Ховд” дэвжээний залуус өнгөрсөн жилийн наадмын өнгийг тодорхойлж шинэ аварга цолтон төрсөн. Энэ жилийн тухайд танай бөхчүүдийн өнгө ямар байна вэ?

-Хүн бүрийн хичээл зүтгэлийн үр дүнд бид өнгөрсөн жил шинэ аваргаа хүлээж авсан. Олон жилийн тууштай хөдөлмөрийн үр дүнд хүлээлт тайлагдсан. Энэ жилийн тухайд шинэ аварга О.Хангай, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий нар маань бүгд бэлтгэлдээ гараад байна. Одоогоор хараахан жигдрээгүй, хэн ямар байгааг нь шууд хэлэх боломж алга. Ойрд болсон заалны барилдаануудаас анзаарвал Б.Пүрэвсайхан заан энэ жил гойд сайн байна. Бөх сонирхогчид ч харж байгаа байлгүй дээ. Тун хий зайгүй байна шүү.

-Та шавь тус бүрдээ таарсан бэлтгэлийн төлөвлөгөө боловсруулдаг уу. Эсвэл ерөнхий бэлтгэлийн төлөвлөгөө гаргаад түүнийгээ мөрдөж байна уу?

-Хүн бүрийн бие организм, өөр хоорондоо харилцан адил биш. Нэг төлөвлөгөө баталж гаргачихаад түүнийгээ хүн бүрд туршаад байвал үр гарахгүй. Хүн бүр барилдааны онцлогтой. Тэр бүрийг нь илүү боловсруулахад анхаарч ажилладаг. Хамгийн гол нь гаргаж байгаа алдааг нь ойлгуулж хэлж өгдөг. Одоо тэгээд яг тэгж барилд, ингэж барилд гэдэг зөвлөгөө өгдөг цаг ард үлдсэн дээ. Барилдааны судалгаа өндөр хөгжсөн ийм үед алдаан дээр нь ажиллаад захиад явах нь илүү үр дүнтэй. Хажуугаар нь гол өрсөлдөгчидтэйгөө барилдах тактик боловсруулна.

-МЗХ-ны 100 жилийн баяр наадамд шөвгөрсөн найман бөхийн тэн хагас нь энэ дэвжээнээс байсан санагдаж байна. Тэр жил танайхны бэлтгэл гойд сайн байв уу?

-Тэр жил “Ховд” дэвжээ бүтэн багаараа мундаг ажилласан. Наадамдаа ч сайн барилдсан. Тухайн үедээ улсын цолны батламж олгосон ч өнөөдрийг хүртэл олгож өгөөгүй л явна. Шилний цаанаас чихэр долоолгож байгаа юм шиг хуураад. Шавь нарынхаа өмнөөс харамсах сэтгэл төрдөг л юм.

-Энд бэлтгэлд гарсан бөхчүүд наадамд өнгөлдөг зүй тогтол харагдаад байна л даа. 2019 болон 2022 оны наадмын түрүү яг эндээс тодорч. Ямар онцлог байна вэ?

-Яг судлаад гаргачихсан зүйл байхгүй л дээ. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан хангай. Ийм газарт бодол сэтгэлээ цэгцлээд наадамдаа очно гэдэг өөр. Бусад газруудтай харьцуулахад илүү өндөрлөг. Ийм газарт бэлтгэлийн ачаалал авсан хүн тэр доор очоод барилдахад ямар ч хүнд барилдааны ард нь гарна л гэж боддог. Энгийнээр тайлбарлахад онцлог нь ийм л байх.

-Таны энэ шар байшинд байрласан бөхчүүд сайхан нааддаг гэлцэх юм.

-Энэ үнэн шүү. Оюунболд энд байрлаад улсын аварга болж байлаа. Жилийн жилд эрт бэлтгэлдээ гардаг юм. Энэ жилийн тухайд тодорхой асуудлын улмаас ирэхгүй нь бололтой. Бэлтгэсэн бөхчүүдээс маань наадмын түрүү тодрох юм болов уу гээд л энд байрлалаа.

Бид ийн хөөрөлдлөө. Энд мөн Дорноговь аймгийн “Хутагтын хүчтэн” дэвжээний залуус байрлаж байна. Улсын цолд яригдах залуусаас М.Бямбадорж арслан харагдлаа. Мөн сонирхогчийн сумогийн Дэлхийн аварга хошой аварга, аймгийн заан Баасандоржийн Бадрал энд бэлтгэлээ базааж байна. Эдний хэн хэн нь л улсын аварга, арслангуудыг хазайлгадаг залуус.

Ингэж байтал өдрийн хоолны цаг нь болов. Аймгийн цөөхөн цолтнууд болон сумын заанууд л хоолонд орохоор заал руу орж байна. Улсын цолтнууд харагдсангүй. Тэд хувийн тогоочтой бэлтгэлд гардаг болжээ. Нийтийн хоолноос тэр бүр ам хүрдэггүй гэнэ. Улсын аварга О.Хангай л гэхэд дүүтэйгээ хамт байрласан бөгөөд дүүгийнхээ л гарын хоолыг идээд бэлтгэлээ хийнэ. Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан нарын заанууд ч мөн адил. Хамт дагуулж гарсан хүнийхээ хоолыг идээд л бэлтгэлээ хийдэг. Харин зааланд хооллох залуу бөхчүүдийн порц амрагчдынхаас арай ахиу. Амрагчид 400 граммын тавгаар шөл ууж байхад аймаг, цэргийн цолтнууд 500 граммын том цагаан тавгаар иднэ. Бөхчүүд бэлтгэлд гарахад тэдэнд зориулж ийм порц бий болгожээ.

Сонируулахад Улсын аварга О.Хангайтай бэлтгэл хийхээр зорьж очих бөхчүүд ч байдаг гэнэ. Хэд хоногийн өмнө улсын начин Э.Сумъяабат, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар ирээд хэсэг байж байгаад тус тусынхаа гал руу буцжээ.

Энд улсын цолд горилох хэд хэдэн залуус байна. Начны даваанд хоёр ч удаа тулж очоод бүдэрсэн Ховдын аймгийн арслан Б.Тайван өнөө жил тун өнгөтэй байгааг дасгалжуулагч нь онцлов. Мөн Д.Бадамгарав, Ж.Жавхан нарын залуус бэлтгэлээ базааж байв. Завханы “Даян” дэвжээнд ч наадмын шөвгийн даваанд босох залуус нэг биш бий. Шилүүстэйн Д.Батбаатар, Идэрийн А.Нармандах нарын аймгийн арслангууд эндээс улсын цолд горилж байна. Тэд бүгд л улс, аймгийн цолтнуудын барилдаанд шөвгөрчихсөн, бөхийн хүрээнд танигдсан улс. Сураар бол элдүүр нь ханачихсан гэж хэлж болно.

ЦАХИУР ХАГАЛАХ ЗАЛУУС ХААНА ЯМАР ГАЛД БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА ВЭ

Аймгийн цолтой залуу аварга, арслангуудыг нураагаад түрүүлдэг нь үндэсний бөхөд хэвийн үзэгдэл болсон. Өнөө жил ч ингэж цахиур хагалж, индэрт гарч мэдэх залуус хэд хэд байна. Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн начин М.Баяржавхлан өнөө жил Т.Өсөх-Ирээдүй харцагын удирдлагад баяр наадмын бэлтгэлээ базааж Н.Батсуурь, П.Бүрэнтөгс гээд энэ цагийн манлай аваргуудыг ч тэнгэр харуулдаг энэ залуу шууд улсын наадамд зодоглох бололтой. Улс, аймгийн цолтнуудын барилдаанд их шөвөгт шалгарсан амжилттай тэрбээр улсын заан Ц.Мягмарсүрэнгийн төрсөн ахынх нь хүү нь юм. Энэ жил улсын арслан Б.Орхонбаярын хамтаар “Алдар” спорт хороонд баяр наадмын бэлтгэлээ базааж байна.

Тэгвэл Сар шинийн барилдааны түрүү бөх, аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал “Бөх билэгт” дэвжээндээ Сүүж уулсын орчимд бэлтгэлдээ гараад байгаа гэнэ. Наадмын дэвжээнд дээгүүр даваанд харах бөх энэ залуу. Бэртэл гэмтэлгүй тун сайн байгааг нь бөхчүүд хэлж байна. Түүнчлэн цэргийн заан Ө.Батсуурийн бэлтгэл сургуулилалт гойд сайн байгаа ажээ. Эндээс гадна аймгийн хурц арслан О.Наранбаатар, Н.Өсөхбаяр, Э.Мөнхбаатар гээд тулаад гараад ирж мэдэх залуус олон байна.

Цэнгэлдэхэд чуулах хүчтэнүүдийн цөм нь цугладаг Сүүж уулын галын амралтын өдрийг товч зураглахад ийм. Анзаарахад бөхчүүд бэлтгэлд гарахдаа хувийн дасгалжуулагч, тогооч, эмчийг хамт дагуулж гардаг болжээ. Зөвхөн тухайн бөхийн биеийн онцлогт тохирсон хоолны жор гаргаж, бэлтгэлийн горимдоо тохируулж хооллоно. Нэг бөхийн ард бүтэн баг ажилладаг болж.

Сонирхол нэгтэй залуус бөхийн галд гарах нэрээр нийлж мах чанаж идэж байгаад наадамд барилддаг цаг ард хоцорсон байна. Бөхчүүд бэлтгэл хийхдээ илүү шинжлэх ухаанчаар, бүтээлч хандах болжээ. Хангай аваргын бэлтгэлийг л гэхэд Ц.Мягмарсүрэн хариуцаж байгаа бол Лхагвагэрэл зааны бэлтгэлийг гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат багш Б.Адъяахүү нар хамтдаа хариуцна. Харин Б.Пүрэвсайхан зааны бэлтгэлийн горимыг нь улсын заан Ч.Батзориг тохируулна. Гэх мэтчилэнгээр наадмын өндөр давааг харж байгаа бөхчүүд тус бүрдээ хувийн багш дасгалжуулагчтай бэлтгэлээ базааж байна.

Categories
спорт үндэсний-бөx

Допингийн эсрэг үндэсний зөвлөлийн хуралдаан болов DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-ын хэрэгжилтийг хангуулах, Монгол Улсад спорт дахь допингийн эсрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын талаар мэдээлэл солилцлоо.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

МҮБХ: Зургаан бөхөд ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргажээ DNN.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр болж, улсын харцага Ш.Уламбаяр, Төв аймгийн Баянцагаан сумын заан М.Баасан нарын барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Улсын харцага Ш.Уламбаярыг 2023 оны дөрөвдүгээр сарын наймны өдрийн барилдаанд учраа бөхөө нидэрсэн болон тухайн барилдааны жаяг дэгийн багийн гишүүдийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэн байна.

Сумын заан М.Баасанг учраа бөхөө мөргөсөн гэм буруугаа ухамсарлаж, тухайн барилдааны үеэр үзэгч олноос уучлал хүссэн байдал зэргийг харгалзан үзэж барилдах эрхийг түдгэлзүүлэхээр болжээ.

Харин учраа бөхөө цохисон, дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилсон, өөрийн барилдаанаа орхин, хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх ёс зүйгүй үйлдлийг санаатайгаар хийсэн гэж үзэн дөрвөн бөхийн барилдах эрхийг 1-2 жилийн хугацаагаар хасахаар болсныг МҮБХ-ноос мэдээлэв.

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурлаас гаргасан шийдвэр бүрэн эхээрээ:

  1. МҮБХ-ны дүрэмд заасны дагуу тэргүүлэгчдийн хуралдааны ирцийг Хяналтын зөвлөл хянан үзэж, зарим тэргүүлэгчдийг дараагийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцохгүй байвал чөлөөлөх,
  2. 2023 оны дөрөвдүгээр сарын наймны өдрийн барилдаанд учраа бөхөө нидэрсэн болон тухайн барилдааны жаяг дэгийн багийн гишүүдийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлээгүй, улсын харцага Ш.Уламбаярт МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх,
  3. 2023 оны тавдугаар сарын 20-ны өдрийн барилдаанд учраа бөхөө мөргөсөн Төв аймгийн Баянцагаан сумын заан М.Баасанг гэм буруугаа ухамсарлаж, тухайн барилдааны үеэр үзэгч олноос уучлал хүссэн байдал зэргийг харгалзан үзэж МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх,
  4. 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн барилдаанд өөрийн барилдаанаа орхин, хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх, ёс зүйгүй үйлдлийг санаатайгаар хийсэн Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн заан Т.Батсүрэнгийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хасах,
  5. 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохисон Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, аймгийн начин Д.Урианхайгийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хасах,
  6. 2023 оны тавдугаар сарын 21-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохисон Ховд аймгийн Үенч сумын харьяат, сумын заан Б.Мөнх-Эрдэнийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6, 7.6.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн хоёр жилийн хугацаагаар хасах,
  7. 2023 оны тавдугаар сарын 27-ны өдрийн барилдаанд жаяг дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн арслан Т.Сүрэнжавыг МҮБХ-ны “Барилдаанд өмсгөл шалгагч”-аар ажиллах эрхийг түдгэлзүүлж, МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг 1.5 жилийн хугацаагаар хасах шийдвэрүүдийг гаргав.

Дээрх шийдвэрүүдийг аймаг, сумын бөхийн салбар холбоод даган мөрдөх бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах бүх барилдаанд хариуцлага ногдуулсан хугацаанд бүртгэлд оруулахгүй байх, бүртгэж барилдаанд оруулсан тохиолдолд тухайн барилдаанд шөвгөрч, үзүүрлэж, түрүүлсэн бөхчүүдийн амжилтыг МҮБХ-ны албан ёсны эрэмбэд оруулахгүй.

Өөрийн гаргасан ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээсэн бөх хөдөө орон нутагт зохиогдох аливаа барилдаанд оролцвол хариуцлагын хугацааг нэмэгдүүлж тооцох болно.

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатрууд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн асан АН-ын даргын зөвлөх
С.Эрдэнэ “АН-ын маргаан эрх баригчдад том боломж олгож
байсан учраас зөв ч, буруу ч
үүнийг зогсооё гэсэндээ тамгаа
өгсөн” хэмээн ярилаа.

Түүх, социологийн
ухааны доктор Райнэр
Цитэлманн “Эдийн засгийг
хөгжүүлэх цорын ганц бодитой
шийдэл бол гадаадын хөрөнгө
оруулалтыг татах” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатрууд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай “70-100 ам.доллараар зарагдаж
байсан нүүрс бирж ажиллаж эхэлснээр
140-180 ам.долларын үнэтэй болсон” гэв.

Хуульч Б.Агар-Эрдэнэ “Олон нийтэд ил тод мэдээлсэн хэргүүд
хэрхэн шийдэгдсэнийг эргэж мэдээлэх нь зөв” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улсын арслан Э.Оюунболдын эгч Э.Саруулзаяа: Допинг гэхэд л миний дүү рүү массаараа хоморголон дайрч, ялладаг болж DNN.mn

МҮБХ-ны зүгээс Э.Оюунболд допинг хэрэглэсэн талаарх мэдээллийг хийв. Допингийн асуудлаар улсын аварга цолоо хураалгасан тэрбээр дахин допинг хэрэглэсэн гэх мэдээлэл шуугиан болж байна. Улсын арслан Э.Оюунболдын эгч Э.Саруулзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.


-Таны дүүтэй холбоотой допингийн асуудал дахиад л сөхөгдлөө. Арслантай өөртэй нь холбогдох гээд чадахгүй юм. Э.Оюунболд арслан хөдөө байна уу?

-Одоогоор хөдөө байгаа. Удахгүй орж ирэх байх. Сүлжээ орж гараад би ч тухтай холбогдоод ярилцаж амжихгүй л байна.

-Үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд та ямар тайлбар хэлэх вэ?

-Допингийн асуудал хөндөгдөхөд л миний дүүг урдаа барьж байгаад нь гомдолтой байна. Сая үүссэн асуудлын тухайд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав гурван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар хэлсэн. Зөвхөн Э.Оюунболдыг нэрлээд өнгөрлөө. Сэтгүүлч лавлаад асуухад нь хүний нэр төртэй холбоотой асуудал гээд чимээгүй өнгөрч байна лээ. Улсын наадамд хоёр удаа түрүүлсэн миний дүү нэр нүүргүй болж байна уу. Допинг гэхэд л шууд миний дүү рүү сүргээрээ дайрдаг муухай тогтолцоо бий болсон.

-Арслангийн шинжилгээний хариутай та танилцсан уу?

-Үгүй. Гэхдээ энэ шинжилгээ хууль бус гэдгийг онцлох нь зөв. Аль эрт хоёр сарын өмнө авсан допингийн шинжилгээний хариугаар эрх чөлөөнд халдана гэдэг хаана ч байхгүй завхрал.

-Хууль бус гэж үзэж байгаа үндэслэлээ та танилцуулахгүй юу?

-Эхний үндэслэлийг дээр хэллээ. Өөр нэг шалтгаан нь Э.Оюунболдын допингийн шинжилгээ ирэх замдаа задарсан. Журмаараа МҮБХ-ноос шинжилгээний хариуг зарлах учиртай. Гэтэл өнгөрсөн сард “NTV” телевизийн хуудсаар миний дүүгийн шинжилгээний хариу ил болсон. Ямар нэгэн байдлаар дундаа задарсан учраас л тухайн үед цацагдсан гэсэн үг шүү дээ. Олон улсын допингийн эсрэг журамд зааснаар шинжилгээний явцад нэг алдаа гарахад л тухайн шинжилгээ хүчингүй болдог. Энэ журмаараа шинжилгээ хууль бус болж байгаа юм.

-Магалжав тэргүүн удаа дараа дуудахад очоогүй гэж хэлж байна лээ. Энэ тухайд ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ талаар тодорхой мэдээлэл надад алга. Тухайн хүмүүсийн хоорондын харилцааг мэдэх боломжгүй шүү дээ.

-Таны дүү үнэхээр удаа дараа допинг хэрэглээд байдаг юм уу?

-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ багш миний дүүг байгалиасаа өгөгдөлтэй, авьяаслаг бөх гэж хэлсэн байдаг. Би ч дүүгээ ингэж л боддог. Энд нэг зүйлийг онцлоход Э.Оюунболдын гарт допинг хэрэглэсэн тухай баримт өгч байгаагүй. Чи допинг хэрэглэсэн гээд л эрхийг нь хасч, цолыг нь хураасан. Энэ допингийн шинжилгээ гэх ажил хөшигний ард хаалттай явагддаг нь анхаарал татсан юм. Шинжилгээ аваад хэдэн сарын дараа хэдэн хүний нэр хэлээд л туг тахиад өнгөрдөг. Монголын Үндэсний допингийн эсрэг төв гэх байгууллагын үйл ажиллагаа шилэн байх ёстой. Ямар луйвар явдаг болоод үйл ажиллагаа нь хаалттай байгаад байгааг ойлгодоггүй. Ноцтой асуудлууд дуулдаж л байдаг.

-Тухайлбал?

-Допингийн шинжилгээг авлигал өгч нуун дарагдуулдаг тухай. Энэ хэрэгт хоёр ч эмчийг холбогдуулан АТГ-аас шалгаж байгаад нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Прокурор дээр хаагдсан байдаг. Энд ямар нэгэн нөлөөлөл орсон гэж би харддаг. Шалгагдаж байсан эмч нь одоо боксын шигшээ багт ажиллаж байна лээ. Ил яригддаг асуудал нь 2009 оноос хойш шинжилгээг АТГ нягтлахад 38 бөхийн сорьц зөрчилтэй нь тогтоогдсон байдаг. МҮБХ энэ мэт бузар булайг цэвэрлэх талаар ажил огт хийхгүй байж Э.Оюунболд руу л дайраад байгаа нь цаанаа ямар нэгэн зорилготой гэж харагдаж байна. Магадгүй бөхийн дэвжээнээс бүр мөсөн явуулахыг ч төлөвлөж байж болно. Миний дүүг 2019 оноос хойш л янз бүрээр хэлж, нийгмээрээ яллалаа. Одоо болсон юм биш үү. Оюунболд чинь ч гэсэн хүн шүү дээ.

-Одоо яах вэ?

-Хүний эрхийг хамгаалах байгууллагуудад л хандах байх даа.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Залуучуудын байгууллагын ойн барилдаанд харцага Н.Золбоо түрүүлжээ DNN.mn

Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ой, “Оюут Групп” үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Хур харцага” дэвжээний бөх, улсын начин Эрдэнэбатын Даш үзүүрлэв.

Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нью Прогресс” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан нар шалгарлаа.
Долоод улсын гарди М.Бадарч, улсын заан Д.Анар, улсын начин Э.Батмагнай нар үлдэв.
Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардсан юм. Мөн жил бүрийн улсын баяр наадмаар Хамгийн залуу начнаар тодорч хурдан удмын даага хөтөлсөн бөхчүүдэд Монголын залуучуудын холбооноос хүндэтгэл үзүүллээ.
Ирэх долоо хоногийн бямба, ням гарагт буюу 06-р сарын 03, 04-ний өдрүүдэд Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн 4 барилдаан болж, Алтан цомын эзэн тодорно.

Categories
мэдээ үндэсний-бөx

Залуу бөхчүүдийн барилдаанд Сумын заан М.Баасанжав түрүүлэв DNN.mn

Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 608 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Мөнхбаярын Баасанжав анх удаагаа түрүүллээ. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, “Таван-Хан” дэвжээний бөх, сумын наадмын гурван түрүүтэй заан Амарсанаагийн Амархүү үзүүрлэсэн бол шөвгийн гуравт Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хүч спорт хороо, Завхан дэвжээний бөх, сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Ёндонгийн Гантулга шалгарлаа.

Ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 27-нд 12:00 цагаас МУГТ, улсын өсөх идэр начин А.Баатархүүгийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан, 28-нд 12:00 цагаас Монголын Залуучуудын холбооны ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд тус тус болно.
Categories
мэдээ үндэсний-бөx

Аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд Улсын начин Д.Цэрэнтогтох түрүүллээ DNN.mn

“Арвайн үндэс” компанийн нэрэмжит улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, улсын начин Д.Цэрэнтогтох түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий, Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва нар шалгарлаа. Харин шөвгийн долоод улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Д.Амаржаргал, Б.Түвшинтөгс нар үлдэв.

Тус барилдааны түрүү бөх тав, үзүүр бөх гурав, дөрөвт үлдсэн бөх тус бүр нэг сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

“Молига бүргэд” хэмээх улсын арслан П.Бат-Очирын нэрэмжит шагналыг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, аймгийн заан Б.Бадамдоржид арслангийн том хүү АБТА Б.Дагва, бага хүү, аймгийн арслан Б.Лхагвадорж нар гардуулсан бол “Уран барилдаан”-ы шагналыг Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, аймгийн арслан Ч.Алтангэрэлд “Арвайн үндэс” компаний удирдлагууд гардуулав.

Сонирхуулахад, энэ сарын 20-нд 12:00 цагаас эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх барилдаан, 21-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан тус тус болно.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Допинг ба спортын авлига” сэдэвт хэлэлцүүлэг болов DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсгээс зохион байгуулсан “Допинг ба спортын авлига” сэдэвт хэлэлцүүлэгт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүн Ц.Магалжав, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, Гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нар оролцож, зохион байгуулагчдын хүсэлтийн дагуу “Допингийн зөрчлүүд ба хор нөлөө тэдгээрийг хэрхэн багасгах” сэдвээр мэдээлэл өгөв.

Энэхүү хэлэлцүүлэгт:
– Хууль зүй, дотоод хэргийн яам
– Цахим хөгжил, харилцаа холбооны яам
– Авлигатай тэмцэх газар
– Монголын Үндэсний Олимпын хороо,
– Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр,
– Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын төлөөллүүд болон улс, аймгийн цолтой бөхчүүд оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Categories
мэдээ үндэсний-бөx

Аварга цолтны хүндэтгэлд улсын заан М.Лхагвагэрэл түрүүллээ DNN.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит улсын аварга цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК, “Даян” дэвжээний бөх, МУГТ, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүллээ.

Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Цэнхэр, сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

Наймд улсын харцага Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон, улсын начин Б.Бадамсүрэн, Б.Лхагвадорж нар үлдэв. Тус барилдаанд хүрэлцэн ирсэн аваргууд болон бусад аваргуудын гэр бүлд Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулсан Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм.

Ч.Бээжин аваргын нэрэмжит уламжлалт шагналыг улсын начин Д.Хүдэрбулгад аваргын охин Б.Хандсүрэн, зээ охин Н.Пагмадулам нар гардуулсан бол “Шихихутаг” Их сургуулийн нэрэмжит “Улсын цолд ойрхон” бөхийн шагналыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн өсөх, өрнөх начин Мягмарцэрэнгийн Гантулгад тус сургуулийн дэд захирал Л.Мөнхдэмбэрэл гардуулав. Уг шагналыг цаашид жил бүрийн “Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан”-д “Шихихутаг” их сургуулиас олгож байхаар шийдвэрлэжээ.

Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит шагналыг Увс аймгийн Хяргас сумын харьяат, аймгийн начин Ц.Билэгсайханд аваргын гэр бүлээс гардуулав. Маргааш Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин Содномын Эрхэмбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.