Categories
гадаад мэдээ

Тэмээний ханиад өвчин газар аваад байна

Ойрхи Дорнодын орнуудад MERS-CoV  буюу тэмээний ханиад хэмээх аюултай өвчин  газар аваад байгаа билээ. Анагаах ухааны түүхэнд урьд өмнө  ийм өвчин гарч байгаагүй бөгөөд маш аюултай хэмээн ДЭМБ-аас анхааруулж буй. Гэтэл Индонезийн Хойд Суматра мужид тэмээний ханиад өвчний халдвар авсан байж болзошгүй нэг хүн нас барсан тухай мэдээллээ. Тэрээр саяхан Саудын Аравид очиж мөргөл үйлдээд ирсэн бөгөөд хэдэн хоногийн туршид халуурч, хоолой нь боож амьсгалж чадахгүй гэхчлэн тэмээний ханиад өвчний бүх л шинж тэмдэг илэрсэн аж. Түүнд нарийн шинжилгээ хийх гэсэн боловч гэр бүлийнхэн нь зөвшөөрөөгүй гэнэ. Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт мөн Саудын Арави яваад ирсэн 50 настай эмэгтэй эмчлүүлж байгаа. Түүнийг мөн тэмээний ханиадны халдвар авсан байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Моника Левински Б.Клинтоны талаар ярьжээ

1998 онд Цагаан ордонд дадлага хийж байхдаа Ерөнхийлөгч Билл Клинтонтой учир ургуулж дуулиан тарьж байсан Моника Левински хэмээх бүсгүй олон жилийн дараа ам нээлээ. Өдгөө 40 настай тэрээр Америкийн “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тухайн үеийн дуулиант амьдралынхаа талаар дурсжээ.  М.Левински “Энэ харьцаа амьдралд маань сайн зүйл авчраагүй. Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой нэр холбогдсондоо харамсч явдаг. Бид хоёрын хувьд харилцан тохиролцсоны үндэс дээр дотнын харилцаанд орсон. Учир нь аль аль нь үүнийг хүсэж байсан. Гэхдээ Б.Клинтон бид хоёрын хооронд болсон явдалд би одоо ч харамсаж явдаг” гэжээ. Уг явдлаас хойш өнөөдрийг хүртэл түүнийг гутаан доромжилж ирсэн гэнэ. Билл Клинтон өөрийгөө хамгаалахын тулд хүнлэг бус загнасан гэдгийг ч хэлжээ. Учир нь экс төрийн тэргүүний удирдлага дор ажиллаж байсан хэвлэл мэдээллийнхэн, шүүх прокурорын газраас бүх бурууг өөрт нь тохсон агаад  амьдралд нь хар толбо үлдээсэн байна. М.Левински энэ явдлаас болж олон жил ажилгүй байснаас гадна гадаа гудамжинд явж байхад нь хүмүүс өөрийг нь таньж, гар хуруугаараа чичилдэг байжээ. Мөн шар хэвлэлийнхэн  түүний талаар байнга бичдэг зэрэг нь өөрийнх нь амьдралд сөргөөр нөлөөлсөн гэв. Моника Левински “Vanity Fair”-т өгсөн ярилцлагадаа олон жилийн дараа Б.Клинтонтой холбогдсон явдлын талаар ярих болсноо “Над шиг ийм байдалд орж, доромжлуулсан олон хүнд  энэ нь тус болж магадгүй” хэмээн тайлбарлажээ. Мөн зарим сонин энэ талаар мэдээлэл өгснийх нь төлөө 10 сая ам.доллар амлаж байсан ч татгалзаж байснаа өгүүлжээ. Мөн тэрээр Ерөнхийлөгч асантай учир ургуулсан нь олон нийтэд ил болсны дараа нэг бус удаа амиа хорлохыг завдаж байсан гэнэ. 

Categories
гадаад мэдээ

В.Путин хараал хэлэхийг хоригложээ

ОХУ-ын Ерөнхийлөгч ээлжит содон
алхмаа хийж, олон нийтийн анхаарлыг татлаа. Шийтгэл нь хатуу ч гэлээ энэхүү
алхам нь цаг үеэ олсон, ашиг тустай хууль гэж зарим хэвлэл магтан сайшааж буй
юм. Владимир Путин өчигдөр хэвлэлийнхэн, зохиолчид, уран бүтээлчдийг харааж
ерөөхийг хориглож, хараалын нэг л үг хэрэглэсэн тохиолдолд өндөр хэмжээний
мөнгөн торгууль ногдуулах хараалын эсрэг шинэ хуульд гарын үсэг зуржээ. Уг
хуульд зааснаар зөрчил гаргасан аж ахуйн нэг, албан байгууллагыг 1400
ам.доллар, харин хувь хүнийг 70 ам.доллараар торгох байна.
Хэрэв давтан зөрчил гаргавал ААН болон албан байгууллагуудын үйл ажиллагааг
гурван сараар хаах, харин иргэнийг ижил хугацаанд торны цаана суух шийтгэл
онооно гэж СиЭнЭн мэдээлэв. Мөн кино, хөгжим, олон нийтийн уран бүтээлчид ч гэсэн
эл хуульд хамрагдах бөгөөд аливаа уран бүтээлд нь хараалын үг агуулсан бол
заавал анхааруулга байх ёстойг хуульчлан заасан байна. Кремлийн зүгээс шинэ
хуулийг илүү сайн боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй хэлний
соёлыг хөгжүүлэх хамгаалах зорилгын төлөөх уг хуульд олон нийтийн газар болон
бусдад хэлж үл болох хараалыг үгсийг тодорхойлох аж.

 

Categories
гадаад мэдээ

“Sewol” хөлгийн осол ачааны бэхэлгээ суларсантай холбоотой болохыг тогтоожээ

Өмнөд Солонгосын
усан онгоцны осол ачааны даац хэтрүүлсэнтэй холбоотой гэж хэргийг мөрдөн шалгаж
байгаа цагдаа, прокурорын хамтарсан баг мэдэгдлээ. 300 орчим хүний амь насыг хохироосон “Sewol” хөлгийг эзэмшигч “Cheonghaejin Marine” компанийн
дөрвөн ажилтанд ял оноохоор шийдвэрлэсэн байна. Хөлөгт стандартад зааснаас хоёр
дахин их ачаа тээвэрлэж явжээ. Түүнчлэн зөөвөрлөсөн ачаагаа сайтар бэхлээгүй нь
усан онгоц хөмрөгдөхөд нөлөөлсөн хэмээн ахлах прокурор Ян Жүн Жин мэдэгдсэн
байна. “Бэхэлгээний хэрэгсэлд ачааг хөдөлгөөнгүй тогтоох ёстой. Энэ хэрэгслийг
яаж зөв ашиглахыг хөлгийн багийнхан мэддэггүй байсан” хэмээн Ян прокурор нэмж
хэлэв. Мөрдөгчид хүнд ачаа хөлөгт ачаалал үүсгэж, тэнцвэрээ алдахад нөлөөлсөн
учир осолдсон гэсэн дүгнэл гаргаад байна. “Cheonghaejin Marine” компани өмнө нь
хэд хэдэн удаа даац хэтрүүлж байсан аж.

 

Categories
гадаад мэдээ

Чан Сон Тхэкийг цаазлаагүй гэв

Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны  дотны нөхөр гэгддэг
Америкийн нэрт сагсан бөмбөгч Деннис Родман “DuJour” сэтгүүлд
ярилцлага өгчээ. Тэрбээр
ярилцлагадаа Ким Чен Ун хүргэн ах Чан Сун Тэкийг
цаазлаагүй гэсэн нь олныг
шуугиулаад байна. “Би Чан Сун Тэкийг нүдээр харсан. Тэр миний хажууд зогсч
байсан” гэжээ. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ оны нэгдүгээр
сард өөрийн авга эгчийн нөхөр Чан Сун Тэкийг хэрцгийгээр цаазалсан мэдээ олон
улсын хэвлэл мэдээллээр хэсэгтээ шуугиулсан билээ. Умардын Засгийн газрын мэдээллийн агентлаг ч эл мэдээллийг албан ёсоор зарласан.
Мөн түүнийг Засгийн газрын ордноос баривчлаад явж буй зургийг ч нийтэлж байсан.
Ким Чен Ун хүргэн ахаа 100 гаруй өлсгөлөн нохдод бариулсан гэдэг. Харин энэ
бүгдийг сагсан бөмбөгчин Д.Родман няцаажээ. Мөн үүний зэрэгцээ тэрээр Пхеньянд хамт очсон “NBA”-ийн тоглогчид  тус бүр
30,000-35,000 ам.долларыг Хойд Солонгост төлсөн гэдгийг ч мэдээлжээ.

Э.Номин 

Categories
гадаад мэдээ

Одесст болсон хэрэг явдлыг Украины эрх баригчид шалгаж байна

Өнгөрсөн баасан гаригт Одесс хотын төв талбай дээр Украины эрх баригчдыг
дэмжигчид цуглаан зохион байгуулсан билээ. Гэтэл Оросыг дэмжигчид тэдэн рүү дайрахад
хөлбөмбөгийн “Черноморц”, “Металлист” багийн шүтэн бишрэгчид жагсагчдыг хамгаалан
халз тулсан байна. Ийнхүү хэдэн зуун хүн оролцсон мөргөлдөөн гарсан юм. Энэ үеэр
Оросын талыг дэмжигчдийн эзэлж авсан Үйлдвэрчний эвлэлийн байр руу тэсрэх бодис
шидсэнээс түймэр гарч, дотор нь байсан хүмүүс түлэгдэж нас баржээ. Одесст үүссэн
эмх замбараагүй байдлын улмаас нийтдээ 46 хүн нас барж, 200-гаад хүн шархадсан гэнэ.
Ийнхүү байдал нэлээд ээдрээтэй байгаа тул Украины парламентаас  Ерөнхий сайд А.Яценюкийг Одесс руу явуулж нөхцөл
байдалтай газар дээр нь танилцахыг үүрэг болгожээ.

Засгийн газрын тэргүүн уржигдар тус хотод хүрэлцэн очиж албаны хүмүүстэй
ярилцаж хэргийн байдалтай танилцав. Тэрээр ийм явдал болсонд хамгийн түрүүнд хүчний
байгууллагыг буруутгаад мөргөлдөөнийг таслан зогсоохын тулд ямар ч арга хэмжээ аваагүй
хэмээн шүүмжлэв.  Хамгийн гол нь Оросын талыг
дэмжигчид энэ бүхнийг өдөөн хатгасан гэдгийг ч онцолсон байна. Засгийн газрын тэргүүн
уг хэргийг шалгах тусгай ажлын хэсэг байгуулж, Одесс хотын хүчний байгууллага болон
Дотоод хэргийн газрын удирдлагуудыг ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан хэмээн огцруулах
шийдвэр гаргажээ. Түүнээс гадна энэ бүхнийг зохион байгуулахад оролцсон  хүмүүсийг олж тогтоохыг үүрэг болгосон байна.

Украины эрх баригчид уг хэргийг шалгах ажлыг  эхлүүлчихээд байгаа юм.  Аюулгүй байдлын албанаас энэ хэрэгт холбогдсон
127 хүнийг баривчилсан байна. Гэтэл уржигдар тус хотын Цагдаагийн газрын үүдэнд
Оросыг дэмжигч болох хэдэн зуун хүн эсэргүүцлээ илэрхийлэхээр цугларчээ. Цагдаа
нар дахин эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэн баривчлагдсан 67 хүнийг сулласан
байна.   Хотын цагдаагийн газраас Прокурорын
газраас зөвшөөрсний дагуу эдгээр хүмүүсийг сулласан хэмээн мэдэгджээ. Гэвч Прокурорын
газраас ямар ч зөвшөөрөл олгоогүй гэсэн тайлбар өгсөн. Украины Дотоод хэргийн сайд
А.Аваков энэ бүхэнд Одесс хотын Прокурорын газрыг буруутгаж байгаа юм. Эрх баригчид
нөхцөл байдлыг хяналтдаа байлгахын тулд өчигдөр Одесс руу “Киев-1” тусгай ангийг
илгээсэн байна.

Ийнхүү тус улсын зүүн нутагт байдал ээдрээтэй хэвээр байна. Сүүлийн
өдрүүдэд зөвхөн Одесст төдийгүй хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал үүсээд байгаа.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр Славянск хотноо ойрын хэдэн цагт дахин цэргийн тусгай
ажиллагаа явуулж Оросын талын дэмжигчдээс цэвэрлэх гэнэ. 

Categories
гадаад мэдээ

Украинд 100 сая ам.долларын тусламж үзүүлэх гэнэ

Сенатын гишүүн Жон
Маккейн АНУ-аас Укрианд 100 сая ам.долларын тусламж үзүүлэхээр ажиллаж
байгаа тухай
мэдэгдсэн байна. АНУ-ын Сенатын гишүүн үүнтэй холбогдуулан тусгай хууль
боловсруулж өргөн барихаар ажиллаж байгаа гэнэ. 
Ийнхүү Украины батлан хамгаалах салбарыг дэмжих аж.  Ж.Маккейн энэ
талаар ярихдаа “Ингэснээр  ОХУ Украин зүүн эсвэл өмнөд нутгийг эзлэхийг
завдваас хариуг барих болно гэдгийг В.Путинд харуулах юм” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Оклахома түймэрт автаад байна

АНУ-ын Оклахома мужийн
газар нутагт нэлээд хэдэн газар ойн түймэр гарчээ. Үүний улмаас хэдэн арван
байшин шатаж нийтдээ 1.5 мянган га газарт шатаж байгаа гэнэ. Гатри хотын
ойролцоох ойн түймэр хүчтэй салхитай байгаагаас хурдтай тархаж байгаа тухай
мэдээллээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Нас барагсдын тоо 242-т хүрлээ

Өмнөд Солонгосын “Sewol”
хөлөг онгоцы осолдсоы улмаас нас барагсдын оо 242-т хүрээд байна.  Тус улсын Засгий газрын дэргэдэх шуурхай
штабаас мэдэгдсэнээр өчигдөр шумбагчид усан онгоц дотроос зургаас хүний цогцсыг
гаргаж ирсэн байна. Ийнхүү нас барагсдын тоо 242-т хүрлээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Украинд зэвсэгт мөргөлдөөний улмаас 40 хүн амиа алдав

Украины өмнөд хэсгийн Одесс хотод орон нутгийн цагаар энэ сарын 2-ны өдөр Киевийг дэмжигчид болон Оросыг дэмжигч иргэдийн хооронд мөргөлдөөн гарч 40 гаруй хүн амиа алдсан тухай ОХУ-ын “ИТАР-ТАСС” агентлаг уламжлав. 

Энэ өдөр Украины Үндэсний үзэлт “Правийн сектор” бүлэглэлийн гишүүд Одесс хотын төвд Оросыг дэмжигч, салан тусгаарлах үзэлтэн иргэдийн байрлаж байсан “Үйлдвэрчний эвлэл”-ийн байрыг галдан шатаасны улмаас Оросыг дэмжигч 38 иргэн амиа алдсан байна. Тус улсын Дотоод хэргийн яам болон Одесс хотын захиргаанаас мэдээлж буйгаар 30 хүн утаанд хордож, найман хүн цонхоор үсрэн амь үрэгдсэн аж. Мөн цагдаагийн 50 гаруй ажилтан гэмтэж бэртэв. Цагдаа болон Дотоод хэргийн яамнаас амь үрэгдэгсдийн тоог харилцан зөрүүтэй мэдэгдэж байгаа юм. Засгийн газрыг дэмжигч иргэд “Үйлдвэрчний эвлэл”-ийн барилга руу шатамхай бодис бүхий лонх шидсэн нь гал гарах эх үүсвэр болсон гэж “ИТАР-ТАСС” агентлаг мэдээлж байна. Гал гарахаас өмнө буюу мөн өдрийн үд дунд Одесс хотын төвд Киевийн Засгийн газрыг дэмжигч болон Оросыг дэмжигч иргэдийн хооронд мөргөлдөөн болж дөрвөн хүн амиа алдаж 30 гаруй хүн шархадсан юм. Дөрвөн хүн амь үрэгдсэний гурав нь бууны суманд амиа алдсан аж.