Америкчуудын дундаж наслалт сүүлийн 26 жилийн хамгийн доод түвшинд хүрч буурсныг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн тайлан мэдээлэл харууллаа.
Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвөөс танилцуулсан хоёр шинэ тайланд дурдсанаар, 2021 онд нас баралтын түвшин 100 мянган хүн тутамд 835.4-өөс 879.7-д хүрч, 5.3 хувиар өссөн байна.
Ингэснээр 2020 онд 77 жилд хүрч буураад байсан америкчуудын дундаж наслалт хоёр дахь жилдээ дараалан буурснаар 76.4 жилд хүрсэн нь 1996 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болжээ.
Хэдийгээр өнгөрсөн онд дундаж наслалт 0.6 жилээр буурсан нь бага үзүүлэлт биш боловч 2019-2020 оны хооронд 1.8 жилээр буурсантай харьцуулахад доогуур байна.
Судлаачид дундаж наслалт буурсныг “COVID-19” халдвар болон мансууруулах бодисын тун хэтрүүлсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоон үзүүлэлттэй холбон тайлбарлажээ.
Хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт ойролцоо хувь хэмжээгээр буурсан байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 2021 онд өмнөх оныхоос 0.7 жилээр буурч 74.2-т хүрсэн бол эмэгтэйчүүдийнх 0.6 жилээр бууран 79.3-т хүрчээ.
Арьс өнгө, үндэс угсааны хувьд ерөнхийдөө бүх бүлгийн нас баралтын түвшин өссөн байна. Харин нас баралтын тэргүүлэх 10 шалтгаан 2020 оныхоос нэг их өөрчлөгдөөгүй байна. Жагсаалтын эхэнд зүрхний өвчин дахин бичигдсэн бол хорт хавдар, “COVID-19” удаалжээ.
Энэ жагсаалтад цорын ганц өөрчлөлт гарсан нь элэгний архаг өвчин, элэгний хатуурал нас баралтын тэргүүлэх шалтгааны есдүгээрт орж, томуу, уушгины хатгалгаа байр ухарсан байна.
Тайланд дундаж наслалт буурахад нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйлээр “COVID-19”-ийг нэрлэжээ. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн 2022 оны дөрөвдүгээр сарын тайлан мэдээллээр, АНУ-д 2021 онд уг халдварын улмаас ойролцоогоор 460 мянган хүн нас барсан байна.
Мансууруулах бодисын тунг хэтрүүлэн хэрэглэх нь дундаж наслалт буурах өөр нэгэн шалтгаан болжээ. 2021 онд 106 699 хүн буюу 100 мянган хүн ам тутамд 32.4 хүн ийм шалтгаанаар нас барсан бол 2020 онд 91 799 хүн нас барсан байна.