Categories
гадаад мэдээ

Гитлерийн зургууд өндөр үнэ хүрэв

Германы Нюрнберг хотын “Auktionshaus Wiedler” дуудлага худалдааны үеэр Адольф Гитлерийн 1908-1922 оны хооронд зурж байсан 14 зураг зарагдсан байна. Энэ тухай “BBC” агентлаг мэдээлэв. Гитлерийн зурсан бүтээлүүд 450 янган доллараар үнэлэгджээ. Хамгийн өндөр үнээр зарагдсан нь Баварийн Нойнвайнштайны цайзын зураг байв. Уг зургийг Хятадын нэгэн бизнесмен 110 мянган ногооноор авчээ.

Нюрнбергийн дуудлага худалдааны газар Гитлерийн бүтээлүүдийг хэд хэдэн удаа дуудлагаар зараад байна. Адольф Гитлер Нацист намаа байгуулахаа өмнө зураач болохыг мөрөөддөг байжээ.

Германд нацизмыг сурталчлахыг хуулиар хориглосон. Гэхдээ Гитлерийн зургуудыг худалдаж болно. Учир нь түүний уран зургийн бүтээлүүдэд Нацизмыг сурталчилсан ямар ч шинж тэмдэг байхгүй аж.

Categories
гадаад мэдээ

Сочид онц байдал зарлалаа

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Сочи
хотноо онц байдал зарласан тухай “TASS” агентлаг мэдээллэлээ. Сочи
хотноо хэдэн өдөр тасралтгүй орсон аадрын улмаас ихэнх барилга
байгууламж үерт автжээ. Зам, талбай усанд автаж, замын хөдөлгөөн
саатахад хүрээд буйг тус хотын дарга Анатолий Пахомов хэвлэлийнхэнд
мэдэгджээ.

Оршин суугчдын мэдээлснээр, Хоста,
Кудепста, Херота голууд үерлэсэн байна. Мөн өнөөдрөөс эхэлж олон улсын
нислэгийг хэсэг хугацаанд зогсоож, цахилгааны гэмтэл үүсээд буй
газруудад засвар хийхээр болсон байна. Зарим төрийн байгууллагын ажил
цахилгаанаас болж саатжээ.

Аврагчид Сочид усанд автсан машин, байр,
орон сууцнаас 1000 гаруй хүнийг аварсны дотор 270 хүүхэд байсан бөгөөд
тэднийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Эрэн хайх, аврах үйл ажиллагаанд
нийт 112 аврагч, 17 автомашин, 10 завь, Ми-8 нисдэг тэрэг оролцож буй юм
байна.

Categories
гадаад мэдээ

Вьетнамд үер болж, долоон хүн амь үрэгдэв

Далайн шуурганы улмаас Вьетнамын хойд хэсгийн нутагт үерийн гамшиг нүүрлэжээ. Үерт 20 гаруй өрхийн сууц урсаж, долоон хүн амь үрэгдсэн байна. Түүнчлэн дөрвөн хүн ор сураггүй алга болжээ.

“Кужира” нэртэй далайн шуурга Вьетнамын хойд эргийг дайран өнгөрчээ. Вьетнамд ойр ойрхон далайн шуурга, үер болдгоос жил бүр олон зуун хүн амь үрэгддэг аж.

Categories
гадаад мэдээ

Арменид эсэргүүцлийн цуглаан үргэлжилсээр байна

Арменийн нийслэл Ереван хотын төв болох Баграмяний өргөн чөлөөнд өнгөрсөн баасан гаригт эхэлсэн эсэргүүцлийн цуглаан үргэлжилсээр байна. Цахилгааны үнийг нэмснийг эсэргүүцэж буй хэдэн мянган жагсагчид тавьсан шаардлагыг нь биелүүлэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Байдлыг хэвийн болгохын тулд Арменийн эрх баригчид зохион байгуулагчдад хандан тус улсын Ерөнхийлөгчтэй уулзах санал тавьсан. Гэвч үүнийг хүлээж аваагүй гэсэн бөгөөд төрийн тэргүүн телевизээр мэдэгдэл хийж үнийг нэмэх шийдвэрийг хүчингүй хэмээн албан ёсоор мэдэгдэхийг шаардсан байна.

Categories
гадаад мэдээ

Ж.Царнаевт ялын дээд хэмжээ оноолоо

Бостоны марафоны үеэр алан хядах ажиллагаа зохион байгуулсан хэргээр ах дүү Царнаев баривчлагдсан билээ. Өчигдөр дүү буюу Жохар Царнаевт АНУ-ын Холбооны дээд шүүгч Жорж О‘Тул түүнд ялын дээд хэмжээ оноосон байна. Шүүх хуралдаанд уг дэлбэрэлтийн үеэр нас барсан хүмүүсийн ах дүү болох 20-иод хүн оролцжээ. Жохар Царнаев ах дүү шүүх хурал дээр үг хэлж нас барагсдын ар гэрийнхнээс хүлцэл өчсөн байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

“Samsung”-ийн өв залгамжлагч уучлал гуйв

Өмнөд Солонгосын толгой группуудын нэг “Samsung”-ийн өв залгамжлагч өнөөдөр телевизээр дамжуулан олон нийтээс уучлал гуйлаа.

Тодруулбал “Samsung
Electronics” компанийн дэд захирал Ли Жэ Ён тус группын байгуулсан
эмнэлэг титэм вирусын халдварын голомт болж олон нийтийн эрүүл мэндэд
эрсдэл учруулсанд уучлал гуйжээ.

Өмнөд
Солонгост титэм вирусаар 175 хүн өвчилсний бараг тал хувь нь “Samsung”
эрүүл мэндийн төвд халдвар авсан байна. Тиймээс өнөөдөр “Samsung Electronics” компанийн дэд захирал Ли Жэ Ён ийнхүү олон нийтээс уучлал гуйжээ.

Categories
гадаад мэдээ

Малайз, Филиппинд “МЕРС” бүртгэгджээ

Өмнөд Солонгос, Тайланд улсад бүртгэгдээд буй Ойрхи Дорнодын
амьсгалын хам шинж буюу “МЕРС” титэмт вирус Малайз, Филиппин улсад
бүртгэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Одоогоор гурван хүн
халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд тэд бүгд Саудын Араб улсад зорчоод
ирсэн байжээ. Тэдний биеийн байдал нь хэвийн байгаа гэдгийг ДЭМБ-ын
удирдлагууд мэдээлсэн байна.

Халдвар авсан хүмүүсийг тусгаарласан бөгөөд тусгай эмчилгээ хийж
байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 172 хүн “МЕРС”-ийн халдвар авч, 27 хүн
амиа алджээ.

Азийн орнуудад “МЕРС” тархах эрсдэлтэй байгааг АНУ-ын Эрүүл мэндийн
яамнаас мэдээлж байгаа бөгөөд халдвар авч, улмаар амиа алдсан хүмүүсийн
90 хувь нь архаг, хууч өвчтэй хүмүүс болохыг тогтоогоод байна. “МЕРС”
Өмнөд Солонгос, Тайланд, Малайз, Филиппин, Саудын Араб болон Ойрхи
Дорнодын ихэнх улсад бүртгэгджээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын виз олгоход асуудал үүсчээ

АНУ-ын төрийн департментын компьютерийн алдаанаас болж хоёр долоо
хоногийн турш аялагчдад виз олгоход асуудал үүсчээ. АНУ дунджаар өдөрт
50 мянган визний хүсэлт хүлээж авдаг аж.

Одоогоор биометрийн дататай холбоотой доголдлыг засахаар 100 гаруй
компьютерийн мэргэжилтэн ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ систем ирэх долоо
хоногоос нааш хэвийн байдалдаа орохгүй гэдгийг АНУ-ын төрийн
департментаас мэдээлжээ. Энэ алдаанаас үүдэн виз хүсэгчийн хурууны хээ,
гэрэл зурагний шилжүүлэлт саатсан байна.

Энэ хооронд АНУ-ын төрийн департмент хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн
шаардлагатай 1500 виз гаргасан ба Мексикийн хил дээр гацсан 1250
фермерийн визийг олгожээ.

Нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн долоо хоногт олон орны элчин сайдын
яам, консулын газрууд визний хүсэлтээ дахин төлөвлөсөн байна.

Categories
гадаад мэдээ

Д.Марадона FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Диего Марадона Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд
нэрээ дэвшүүлэхээр болжээ. Энэ тухай Уругвайн сэтгүүлч Викто Уго
Моралес анх мэдээлсэн байна. Тэрбээр “Ройтерс”-т өгсөн ярилцлагадаа “Би
түүнтэй утсаар ярьж эцгийнх нь биеийн байдлыг асуусан юм. Тэгэхэд
Марадона FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнээ надад
дуулгасан” хэмээн өгүүлжээ.

Categories
гадаад мэдээ

224 хүн хэт халуунд амиа алджээ

Пакистаны төвийн нутгуудад хэт халуун
өдрүүд үргэлжилж байна. Ихэнх нутгаар +45 хэмтэй байгаа бөгөөд наранд
цохиулж амиа алдсан хүмүүсийн тоо 224-д хүрч, 1500 орчим хүн эмнэлэгт
хүргэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн
ихэнх нь өндөр настан хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

Ганцхан өдрийн дотор амиа алдагсдын тоо
100-аар нэмэгдсэн нь эрх баригчдын санааг зовоож байна. Нийслэл Карачи
хотын ихэнх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа аж.
Иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, зах, худалдааны төвүүдийн
үйл ажиллагаагааг зогсоохоор төлөвлөсөн байна.

Хэт халуун ундны усны үнэд нөлөөлж
хувийн бизнес эрхлэгчид усыг өндөр үнээр борлуулж, ашиг олж эхэлжээ.
“Амьжиргаанаас доогуур орлоготой иргэд ундны ус худалдан авч
чадахгүйгээс болж, амиа алдагсдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа” хэмээн
НҮБ-ын дэргэдэх Хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ.