Categories
гадаад мэдээ

Турк: Дүүжин тээвэрт осол гарсны улмаас нэг хүний амь үрэгдэж, долоон хүн бэртжээ DNN.mn

Туркийн аялал жуулчлалын хот Анталягийн ойролцоо агаарын дүүжин тээврийн систем гэмтсэний улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн бэртэж гэмтсэн байна.

Нийтдээ 200 орчим хүн агаарт дүүжлэгдэн гацжээ.

Агаарт гацсан хүмүүсийг аврахаар шөнийн дурангаар тоноглосон нисдэг тэрэгнүүдийг дуудсан тухай Анталя хотын захирагч Мухиттин Босек өчигдөр орой мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч Зеленский: Кремль хаа сайгүй өөрийн лобби бүлэгтэй DNN.mn

“The Washington Post” сонин Трамп Киевт шахалт үзүүлж, Украиныг Крым, Донбасс зэрэг газар нутгийнхаа зарим хэсгийг өгөхийг шаардахаар төлөвлөж байгааг мэдээлсэн юм. Тэгвэл Украины ерөнхийлөгч Зеленский “Politico” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Дональд Трампын Цагаан ордонд буцаж ирвэл Украин дахь Оросын дайныг хэрхэн зогсоох тухай санааг шүүмжилж “Газар нутгаа түрэмгийлэгчид зүгээр л өгөх ёстой гэдэг бол ямар ч утгагүй санаа юм. Надад маш хүчтэй шалтгаан хэрэгтэй байна. Надад гайхалтай санаа хэрэггүй, надад бодит санал хэрэгтэй, учир нь энэ бол хүмүүсийн хувь заяа, амь настай холбоотой асуудал. Дайсагналаа зогсоосны хариуд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд зүгээр л газар өгөх аливаа хэлэлцээр нь ирээдүйд Оросын байлдан дагуулах дайн хийх замыг л нээх болно. Иймээс хэлэлцээрээр тохиролцох энх тайван нь Путинд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ямар ч боломж олгох ёсгүй” гэж хэлжээ. Зеленский ярилцлагадаа барууны холбоотнууд цэргийн тусламжийг хангалттай хурдан үзүүлэхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, энэ нь Украин дайнд шинэ амжилт гаргахад хүчтэй дарамт шахалтад болж байгааг хүлээн зөвшөөрсөн гэж Po­litico бичжээ.

Сүүлийн долоо хоногт Украинд тусламж үзүүлэхийг дэмжиж буй Бүгд найрамдах намын хоёр хууль тогтоогч болох Охайо мужийн төлөөлөгч Майк Тернер, Техасын Майк Маккаул нар “Оросын суртал ухуулга Конгрессын зарим гишүүдийн сэтгэлгээнд гүн нэвтэрсэн байна” гэж мэдэгдсэн билээ. Зеленскийгээс энэ мэдэгдлийн талаар асуухад энэ нь ардчилсан АНУ-д Оросын нөлөөллийн асуудлыг бүрхэгдүүлсэн явдал гээд “Кремль АНУ, Европын Холбоо, Их Британи, Латин Америк, Африкт гэх мэт хаа сайгүй өөрийн лобби бүлэгтэй. Бид Конгрессын тухай ярихдаа Оросын суртал ухуулга АНУ-ын нийгэмд яаж нөлөөлж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Оросууд барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрсдийн бодлогыг сурталчилж байна. Гэтэл үүнийг гардан хийж буй хүмүүс нь Оросын иргэн эсвэл Оросын уугуул иргэд биш шүү дээ.

Эдгээр нь барууны хэвлэл мэдээллийн тодорхой бүлгүүдийн төлөөлөгчид, АНУ-ын иргэд юм. Тэд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох санаануудаа, заримдаа бүр шууд Оросын бодлогыг баримталсан мэдээлэл гаргадаг хүмүүс” гэж мэдэгдэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Хууль ёсны бизнесийг гэмт хэргийн халхавч болгож байна DNN.mn

“Европол” анх удаагаа Европын 821 гэмт бүлэглэлийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, гэмт хэрэгтнүүдийн үйл ажиллагааны арга барил, мөнгө угаах арга хэлбэрийг дэлгэсэн тайланг Олон улсын Гаагийн шүүхэд танилцуулснаа олон нийтэд зориулан нийтэлжээ. Тайланд дурдсанаар, Европт үйл ажиллагаа явуулж буй томоохон гэмт хэргийн бүлэглэлийн 86 орчим хувь нь барилга, үл хөдлөх хөрөнгө, ложистик, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа “хууль ёсны бизнесийн бүтэц” хэлбэрээр бүрдүүлж гэмт үйлдлийнхээ халхавч болгон ажилладаг аж. Эдгээр бүлэглэлийн гэмт хэргийн хамрах хүрээ нь мансууруулагч бодис худалдахаас эхлээд хүний наймаа хүртэл өргөн хүрээг хамарч байгааг харуулсан байна. Гэсэн хэдий ч ихэнх бүлэглэлийн гол үйл ажиллагаа нь хар тамхины наймаа бөгөөд гол “бай” нь Бельги, Герман, Итали, Нидерланд, Испани улсууд болдог байна. Үүний зэрэгцээ, Европоос бусад орнуудад үйл ажиллагаа өргөжүүлэх зорилгоор Дубай хотыг саяхан гэмт хэргийн бүлэглэлийн “зохицуулах төв” болгосон байна. Хууль ёсны бизнесийг гэмт хэргийн халхавч болгон ашиглах тухай “Европол”-ын тайланд дурдсанаар үл хөдлөх хөрөнгийн бизнесийг тэд мөнгө угаахад ашиглаж байгаа бөгөөд харин хүн худалдаалах, хар тамхи зарах, шантаажлах зэрэг нь ихэвчлэн шөнийн цэнгээний газруудын ажилтай холбоотой явагдаж байдаг аж.

“Европол”-ын цахим хуудсанд “Энэхүү тайлан гол нь Европын Холбооны Зөвлөлийн Бельги дэх Тэргүүлэгчдийн “Европол”-ын мөрдлөгийг тууштай дэмжсэн ажлын үр дүн юм. Энэхүү мөрдлөгийн судалгааны тайлан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх цаашдын ажилд чухал хэрэгсэл болох болно. Энэ нь Европын Комиссоос саяхан танилцуулсан “Замын газрын зураг”-д тусгагдсан Европын Холбооны нэн тэргүүний зорилтуудын нэг юм” гэж онцолжээ.

 

Г.АМАРСАНАА

 

Categories
гадаад мэдээ

Плагиатыг хуулиар зөвшөөрөв DNN.mn

ОХУ 2013 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, худалдаатай холбогдсон Оюуны өмчийн эрхийн талаар үүрэг хүлээснээс гадна бусад улстай адил Парисын конвенц, Олон улсын патентын гэрээ, Евразийн патентын конвенцыг дагаж мөрдөх ёстой билээ. Гэтэл Кремль Засгийн газрынхаа дэргэд “шаардлагатай тохиолдолд лиценз олгох” зорилготой Оюуны өмчийн шинэ байгууллага байгуулахаар болжээ. Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн хоёрдугаар сард ийм хороо байгуулж, ажиллах журмыг нь тодорхой болгох тушаал гаргасан юм байна. Энэ нь Оросын олон нийтийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлын үүднээс олон улсын оюуны эрхийн дүрэм журмыг зөрчих боломж олгох ОХУ-ын төрийн шийдвэр болох юм.

ОХУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжил, интеграцийн комиссын дэргэд энэ асуудлыг хариуцсан дэд хороо байгуулах болсон тухай “РБК” агентлаг болон Оросын хуульчдын холбооны “https://alrf.ru/news/” сайт мэдээлжээ. Уг дэд хороо нь патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гадаадын оюуны өмчийг Оросын иргэд болон байгууллага Оюуны өмчийн гэрчилгээ болгон өөрийн өмч мэт ашиглах зөвшөөрөл олгох эрхтэй болох аж. ОХУ-ын Засгийн газрын тогтоолд “Энэ нь хувьцааны дөрөвний гурваас доошгүй хувь нь төрийн болон ОХУ-ын иргэдийн шууд болон шууд бус өмчлөлд байгаа компаниудыг хамран онцгой тохиолдолд Оюуны өмчийн гэрчилгээ олгож буй явдал юм” гэж тэмдэглэжээ. Энэ тохиолдолд патент эзэмшигчээс уг шийдвэрийг эсэргүүцсэн нэхэмжлэл шүүхэд ирүүлэх, эсвэл тогтоосон хугацаанд нэхэмжлэл ирээгүй байх зэрэг шаардлагатай бүх асуудлыг энэ тогтоолыг дагаж гарсан албан ёсны журмаар зохицуулах гэнэ.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Оросын зах зээлийг орхисон найрсаг бус улс орнуудын компаниудад хамаарах улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн онцгой тохиолдолд шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэгтийг ашиглах зөвшөөрөл шаардлагатай болоод байгаа учир уг шийдвэр гарсан” гэж “РБК” агентлагт тайлбарлажээ. Тус агентлагийн онцолж буйгаар оюуны өмчийг аль нэг хэлбэрээр албадан тусгай зөвшөөрөл олгох механизмыг Оросын Иргэний хуульд тусгасан байдаг гэжээ.

Тухайлбал, “Төрийн батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой онцгой байдлын үед зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Засгийн газар оюуны өмчийн бүтээгдэхүүнийг ашиглах тухай шийдвэр гаргах эрхтэй” гэж заасан байдаг аж. Өмнө нь Оросын засгийн газар лицензийн албадлагыг ашиглах явдал ховор тохиолдож байв. Тухайлбал, Коронавирусийн тахлын үед Оросын засгийн газраас вирусийн эсрэг патентаар хамгаалагдсан шинэ бүтээл болох АНУ-ын ремдесивир эмийг үйлдвэрлэх ашиглах зөвшөөрлийг өөрийн үйлдвэрүүдэд олгосон тохиолдол гарч Америкийн “Gilead Sciences” компани энэ шийдвэрийг эсэргүүцсэн болов ч ОХУ-ын Дээд шүүх тэдний нэхэмжлэлийг хүлээн аваагүй билээ.

Оюуны өмч нь Аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд анх бий болж, өнөөдрийн бидний хөгжил дэвшлийн үндэс болсон, болсоор ч байгаа зүйл юм. Иймээс олон улсад плагиат гэх оюуны хулгайд онцгой анхаарал хандуулж НҮБ-ын болон Олон улсын тусгай гэрээнүүдээр зохицуулсан байдаг. Плагиат гэдэг нь, шинжлэх ухааны хэл болох латинаар plagiatus боловч францын plagiat буюу “хулгайлагдсан” гэсэн үгийг олон улсад амарчилж хэрэглэдэг. Гэтэл ОХУ оюуны өмчийн хулгайг хуулиар зөвшөөрсөн анхны улс болж дэлхийн түүхэнд үлдэх шийдвэр гаргав.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Дональд Трампын “Энхийн төлөвлөгөө” DNN.mn

” The Washington Post” сонин Трампын төлөвлөгөөг мэдэх эх сурвалжаас эш татан “АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Украины эрх баригчдыг Орост газар нутгаа өгөхийг албадах замаар Украины дайныг зогсоож чадна гэж хамтрагчиддаа ярьсан байна” гэж мэдээлэв. Цагаан ордны тэргүүн асан “Крым, Донбассыг Орост нэгтгэхийн тулд Киевт шахалт үзүүлэх болно” гээд Орос, Украин хоёулаа өнөөгийн нөхцөл байдлаас “нүүр бүтэн гарах” гарцыг хайж байгаа гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Украины зарим хэсгийн оршин суугчид Оросын нэг хэсэг байхад дургүйцэхгүй байна” гэж хэлсэн аж. Энэ хандлага нь Украинд цэргийн дэмжлэг үзүүлж, Оросын түрэмгийллийг эсэргүүцэхийг онцолсон АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байдены бодлоготой зөрчилдөж байна гэж тус сонин онцолжээ.

Украины зарим газар нутгийг Орост нэгтгэхийг хүлээн зөвшөөрөх нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дэглэмийн нөлөөллийн хүрээг өргөжүүлэх тул зарим дэмжигчид нь Трампыг энэ аргаас татгалзахыг ятгах гэж оролдсон гэж “The Washington Post” сонин мөн бичжээ. Тухайлбал, Бүгд найрамдах намын сенатор Линдси Грахамын хэлснээр тэрээр “Чөлөөт цагаа 100 хувь Трамптай Украины талаар ярихад зарцуулдаг” гэжээ. Грахам

“Путин төлбөрөө төлөх ёстой, тэр ялж чадахгүй” гэж үздэг байна. Түүний бодлоор Украин НАТО болон Европын холбоонд элссэнээр л дайныг зогсоож чадна, гэхдээ Трамп энэ талаар бага ярьдаг гэжээ.

Америкийн удирдагч агсны сонгуулийн штаб энэ нийтлэлийн талаарх сонины асуултад шууд хариулахаас татгалзсан байна. Харин Трампын сонгуулийн кампанит ажлын төлөөлөгч Каролин Левитт “Энэ бол ерөнхийлөгчийн төлөвлөгөөний талаар ямар ч ойлголтгүй, нэрээ нууцалсан эх сурвалжаас гаралтай мэдээлэл байна. Ерөнхийлөгч Трамп бол аллагыг зогсоох тухай ярьж байгаа ганц хүн” гэж хэлжээ.

Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялбал “Орос, Украины дайныг 24 цагийн дотор зогсоож, талуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгана” гэж нэг бус удаа мэдэгдэж байсан ч тэрээр үүнийг хэрхэн хийхээр төлөвлөж байгаагаа олон нийтэд хэлэхээс татгалзсаар ирсэн юм. Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Орост газар нутаг өгөх Трампын санааг болиулахын тулд Цагаан ордны тэргүүн асанд тус улсад айлчлан фронтын шугам руу явахыг санал болгон “24 цагийн дотор асуудлыг шийдэх боломжгүй гэж Трампыг итгүүлэхэд 24 минут хангалттай” гэж мэдэгдсэн Америкийн ерөнхийлөгч асанд “эхэлж бодоод дараа нь ярь” гэж зөвлөж байсан билээ.

Трампын гадаад бодлогын зөвлөхүүд болон стратегичид НАТО-г цаашид өргөжүүлэхийг эсэргүүцэн, үнэндээ Украиныг тус байгууллагад элсүүлэхийн эсрэг байгаа бөгөөд Вашингтон АНУ-ын ашиг сонирхолд Хятадаас ирж буй заналхийллийг саармагжуулж, ОХУ-ын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж үздэг гэдгийг “The Washing­ton Post” сонин мэдээлжээ.

Олон улсын нэртэй улс төр судлаачид бараг бүгдээрээ түрэмгийлэгчдэд буулт хийвэл юунд хүргэдгийг А.Гитлерийн туршлага бидэнд бэлхэн харуулж байгаа учир В.Путинд ямар нэгэн буулт хийж болохгүй гэж байгаа юм. “Сонгуулиас өмнө Трампын Кремлээс мөнгө авсан хэргүүд нь нийтэд ил болно”, “Трамп Бүгд найрамдах намыг мафийн аргаар удирдаж байна”, “Трамп бол Путины тавиул мөн”, “Трамп ерөнхийлөгч болохгүй гэдгээ мэдэж байгаа учир нэр дэвшигчийн боломжоо ашиглан Путинд тус болж байна”, “Трамп дарангуйлал тогтоохыг хүсэж байна”, “Шүүхийн шийдвэрүүд Трампын хувь заяаг шийднэ” гэх мэтээр янз бүрийн мэдэгдэл хийж байгаа ч Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол ардчилалд аюул учирна гэдэгт харин бүгд санал нэг байгаа юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Европол” тайлангаа нийтлэв DNN.mn

Украины Аюулгүй байдлын газрын хэвлэлийн алба “ОХУ-ын нутаг дэвсгэрт болсон террорист халдлагад Киев оролцсон тухай мөн манай Аюулгүй байдлын алба(СБУ)-ны дарга Василий Малюкийг баривчлахыг шаардсан ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэл нь ямар ч ёс суртахуунгүй, бүдүүлэг явдал” гэж мэдэгдэв.

Мөн уг мэдэгдэлд “ОХУ-ын ГХЯ Олон улсын эрх зүйн хэм хэмжээ, тухайлбал терроризмтой тэмцэх тухай олон улсын конвенцийг дурдахыг хичээж байгаа ч, ОХУ-ын ГХЯ уг конвенцийн заалтаар олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад орсон хүн бол Путин гэдгийг мартаж байна” гэж дурджээ.

Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын ерөнхийлөгчийг Украины нутаг дэвсгэрээс хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан гэж буруутгаж баривчлахыг шаардаж байгааг тус алба дахин сануулсан байна.

Мөн Украины Аюулгүй байдлын газрын хэвлэлийн алба “Оросын цэрэг олон зуун энгийн иргэдийн цогцос үлдээж, Буча хотоос цэргээ гаргасны ойг тохиолдуулан ОХУ-ын ГХЯ ийм мэдэгдлийг гаргаж байгаа нь өөрөө Олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж буй ямар ч ёс суртахуунгүй, бүдүүлэг үйлдэл. Иймээс ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэл нь ямар ч үнэ цэнэгүй зүйл юм” гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яам “Оросын талын явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаа Москвагийн ойролцоох “Crocus City Hall”-д болон террорист халдлагад Украин оролцсоныг тогтоосон.

Иймээс терроризмтой тэмцэх тухай олон улсын конвенцийн дагуу энэ халдлагад оролцсон хүмүүсээ нэн даруй баривчилж, манай талд шилжүүлэн өгөх ёстой. Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт болсон бусад халдлага болон Крымын гүүрийн террорист ажиллагааг зохион байгуулсан Украины Аюулгүй байдлын албаны дарга Василий Малюкийг баривчлан шилжүүлж өгөхийг Москва шаардаж байна” гэж мэдэгдээд байсан юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Сарны цаг DNN.mn

Цагаан ордон НАСА-д саран дээрх цагийг тооцоолох нэгдсэн стандарт болох Сарны цаг(LTC) бий болгохыг даалгажээ. Энэ нь дэлхий дээрх шиг цагийн бүсийн систем биш, харин Сарны өөрийнх нь цагийг хэмжих систем байх юм байна. Учир нь саран дээрх таталцлын хүч дэлхийнхээс бага бөгөөд цаг хугацаа тэнд илүү хурдан өнгөрдөг аж. Иймээс дэлхийн цагаас өдөрт 58.7 микросекундээр урагшлан зөрж байдаг юм байна.

Өөрөөр хэлбэл, 46-47 жилийн хугацаанд нэг секундын зөрүү хуримтлагддаг гэнэ. Өнгөц харахад энэ нь тийм ч их биш, гэхдээ сансрын нислэгт ийм ялгаа ч мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх болно. Энэ талаар Шотландын одон орон судлаач, профессор Кэтрин Хейманс ВВС-д өгсөн ярилцлагадаа “Манай орчлон ертөнц дэх таталцлын үндсэн онол чухал үр дагавар үзүүлж байдаг. Энэ нь цаг хугацаа орчлон ертөнцийн өөр өөр газар өөр өөр байдлаар урсдаг” гэж тайлбарлаад “Саран дээрх таталцлын хүч бага зэрэг сул, тэнд цаг дэлхийгээс өөрөөр ажилладаг” гэжээ.

Дэлхийн цагийг дэлхий даяар байрладаг хэдэн зуун атомын цаг хэмжиж байдаг бөгөөд тэд атомуудын энергийн өөрчлөлтийн дагуу нано секундын нарийвчлалтайгаар цагийг тогтоож байдаг гэнэ. Хэрэв эдгээр атомын цагийг саран дээр байрлуулсан бол хагас зуун жилийн дараа дэлхийнхээс нэг секундээр хурдан явж байх аж. НАСА-гийн Сансрын харилцаа холбоо, навигацийн албаны дарга Кевин Коггинс “Саран дээрх атомын цаг нь дэлхийн цагуудаас өөр хурдтай ажиллах болно. Тиймээс та өөр сансрын биет, жишээлбэл, Сар эсвэл Ангараг руу нисэх үед өөрийн гэсэн цагийг зөв тогтоосон лавлагаатай байх нь чухал зүйл юм” гэж хэлжээ.

НАСА сарны цагийг нэвтрүүлэх хүсэлтэй цорын ганц байгууллага биш юм. Европын Сансрын агентлаг мөн сарны цаг хэмжүүрийн системийг боловсруулж байгаа аж. Харин дэлхий сарны хооронд цагийн зөрүү хуримтлагдсаар сарны 30 хоног нь дэлхийн 29,5 хоногтой тэнцдэг билээ

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

НАТО-гийн 75 жилийн ой тохиож байна DNN.mn

Брюссельд НАТО-гийн 75 жилийн ойг тохиолдуулан гишүүн улсуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болов. Уг уулзалтаар Украинд урт хугацааны цэргийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон ч Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн зарласан таван жилийн хугацаатай 100 тэрбум еврогийн сан байгуулах санал нэлээд маргаан дагуулав.

Сайд нар шууд ийм сан байгуулах нь амаргүй гэдгийг хэлж байв. Харин Столтенберг тэдэнд “Бид дэмжлэгийнхээ үр дүнг өөрчлөх хэрэгтэй. Бид Украинд урт хугацаанд найдвартай, урьдчилан таамаглаж болох аюулгүй байдлын тусламж үзүүлэх ёстой. Богино хугацааны саналууд багасч, олон жилийн тууштай тусламж үр дүнг нэмэгдүүлнэ” гэж уриалав. Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто “Эвслийг Оростой дайтуулахад ойртуулах, эсвэл хамгаалах эвслээс довтлох эвсэлд шилжүүлэх НАТО-гийн аливаа саналыг Унгар дэмжихгүй” гэж мэдэгдэв.

Столтенберг НАТО илүү хүчирхэг бүтэцтэй байх нь эвслийн хамгаалалтын шинж чанарыг өөрчлөхгүй гэж хариулаад Унгарын байр суурьтай холбоотой асуудлыг ойрын долоо хоногт шийдэж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес хоёр талын тусламж бий болсноор Европын холбоо, НАТО-гийн тусламж давхардана гэж сэрэмжлүүлэв. Италийн Гадаад хэргийн сайд Антонио Тайаниз “Чөтгөр жижигхэн зүйлд нуугдаж байдаг” гээд “Энэ нь улс орон бүрт хэрхэн хэрэгжих, хэдэн хувийг хариуцаж чадахыг тодруулах хэрэгтэй. Иймээс бидэнд хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна. Энэ санал үнэхээр сэтгэл хөдөлгөм бөгөөд сонирхолтой боловч Украинд яг тодорхой тоо амлахаасаа өмнө хэрхэн, хэзээ, юу хийж болох, хэн юу хийх ёстойг үнэлж, судалж, ойлгох нь дээр” гэж хэлжээ.

Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок Германчууд Украинд 32 тэрбум еврогийн иргэний болон цэргийн дэмжлэг үзүүлээд байгааг тэмдэглээд “Бид үргэлжлүүлэн туслах нь тодорхой” гэж хэлэв. Мөн тэрээр уг санд төвлөрүүлэх төлбөр маргаантай хэвээр байгааг тэмдэглэв. Харин Анналена Бербок Украинд үзүүлэх тусламжийн зохицуулалтыг АНУ-аас НАТО-д шилжүүлэх тухай Столтенбергийн саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж “зөв зүйтэй явдал” гэсэн байна. Латвийн Гадаад хэргийн сайд Крисжанис Каринс ч сан байгуулах саналыг талархан хүлээн авч байна гээд шимтгэл нь гишүүн бүрийн ДНБ-ний тодорхой хувьтай тэнцэх боломжтой гэсэн санал гаргав. Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Брюссель хотноо НАТО-гийн холбоотнуудад хандан батлан хамгаалах, Украиныг дэмжихэд зарцуулах зардлаа нэмэгдүүлэхийг уриалав.

Тэрээр НАТО-гийн бүх орнууд ДНБ-ийхээ 2 хувиас илүүг батлан хамгаалахад зарцуулах ёстой гэж онцлоод “Орос түрэмгийлэл үргэлжилж, илүү аюул тулгараад байгаа энэ үед холбоотон орнууд батлан хамгаалахад хүчээ нэмж, илүү их мөнгө зарцуулах ёстой” гэжээ. Кэмерон холбоотнуудаас Украины зэвсэгт хүчинд зориулан НАТО-гийн стандартад нийцсэн пуужин, сум худалдан авах Их Британийн санаачилгыг дэмжихийг хүссэн байна.

Сайд нар Украинд үзүүлэх дэмжлэгээ эрчимжүүлэх ёстой гэдэгт санал нэгдэж, Европ, АНУ Украины өөрийгөө хамгаалах үйлсийг дэмжиж, 200 гаруй тэрбум еврогийн тусламж үзүүлсний гуравны хоёрыг Европын холбоо болон түүний гишүүн орнууд гаргасан гэдгийг сануулав. Сайд нар “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд ямар нэг байдлаар буулт хийж, найр тавих бодлого байх ёсгүй”-г онцолж Оросын цэрэг Украин руу довтолсон нь ийм бодлого “гэнэн байсныг нотолсон” гэж мэдэгдэв. Мөн сайд нар Европын холбоотнууд “НАТО-гийн хамтын ачааны зохих хувийг үүрэх ёстой” гэж мэдэгдээд “Европын батлан хамгаалахын төлөө илүү хариуцлага хүлээх хүсэлтэй байгаагаа бид харуулах ёстой” гэжээ.

Иймээс холбоотнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёроос доошгүй хувийг батлан хамгаалахад зарцуулж, зэвсэглэлээ тасралтгүй сайжруулах шаардлагатай бөгөөд үндэсний батлан хамгаалах компаниудтай засгийн газрууд заавал биелүүлэх урт хугацааны гэрээ хийн засгийн газраас тэдний бүтээгдэхүүнд худалдан авах баталгаа гаргаж өгч байхаар тохиролцов. Харин Москва “НАТО 75 жилийн ойгоо угтаж хүйтэн дайны үеийн сэтгэлгээндээ эргэн орлоо” гэж мэдэгдэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Олон улсын “Украины шударга ёсыг сэргээх нь” чуулган DNN.mn

Засгийн газар хоорондын 57 улс оролцсон “Украины шударга ёсыг сэргээх нь” чуулган энэ сарын 2-ны мягмар гаригт Нидерландын Гааг хотноо эхэллээ. Украины засгийн газар ОХУ-аас Украинд дайран орж дайн эхлүүлсний явцад үйлдсэн гэмт хэргийн мөрдөн байцаалтын эхний үр дүнг нэгтгэн дүгнэж, буруутай этгээдүүдийг яллах, энэ чиглэлээр олон улсын хүчин чармайлтыг уялдуулах ажил уг чуулганы эхний зорилт болж байна. Чуулганы хоёр дахь зорилт нь Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн дэвшүүлсэн “Энхтайвны томьёолол”-ыг цаашид ахиц дэвшилд хүргэх явдал юм. Киевийн хүсэлтийн дагуу Нидерланд улс энэ үйл явцад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Одоогийн байдлаар дэлхийн 24 улс орон уг дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг үндэсний хэмжээнд мөрдөн байцаах ажиллагаа явуулж, уг гэмт хэргийн олон улсын мөрдөн байцаах, яллах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа юм. Иймээс энэхүү дайны гэмт хэргийг мөрдөн шалгаж, хариуцлага хүлээлгэх ажлын хүрээнд Оросын цэрэг, улс төрийн удирдлагад зориулсан тусгай шүүх байгуулах тухай олон улсын хэлэлцүүлэг үргэлжилж байгаа аж.

Украины ГХЯ-ны сайд Дмитрий Кулеба энэ асуудлын тухай чуулганы өмнө “Энэ бол хэцүү сэдэв төдийгүй бодитой ахиц дэвшил гараагүй байгаа цорын ганц асуудал” гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Олон улсын хэлэлцүүлэгт оролцогчид ирээдүйн шүүх байгуулах асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй. Учир нь уг шүүх олон улсынх байх уу, эсвэл Украины хууль тогтоомжид үндэслэн гадаадын шүүгчдийн оролцоотой “эрлийз” шүүх байх уу гэдэг асуулт гарч ирж байна. Одоо Гааг дахь Украины эсрэг түрэмгийллийн гэмт хэргийг мөрдөн шалгах олон улсын шүүх Оросын үйлдсэн гэмт хэргийн нотлох баримт цуглуулах ажлыг үргэлжлүүлж байгаа ч энэ хэрэгт хэн нэхэмжлэл гаргах ньтодорхойгүй байгаа юм” гэж хэлжээ.

Мөн гуравдугаар сард Украины Ерөнхий прокурор Андрей Костин Брюссельд айлчлах үеэрээ “ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш Украин Оросын 81 дайны гэмт хэрэгтэнд ял оноогоод байна. Үүнээс 17 нь Украинд биечлэн шүүгдэж, хорих ял авсан. Бусад нь Оросын шүүгдэгчид эчнээ ялаар шийтгэгдсэн” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл Киевийн мэдээлснээр, Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш 123 мянга орчим Оросын цэргийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Мөн Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх Украины хүүхдүүдийг ОХУ-д албадан гаргасан асуудлыг шалгаж байгаа бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг энэ асуудалтай холбогдуулан баривчлах тушаал гаргаад байна.

Гааг хотод болж буй энэхүү чуулган Оросын цэргүүд Украинд учруулсан эд материалын хохирлыг барагдуулах хүсэлт гаргах үйл явц албан ёсоор нээгдэж байгааг зарлав. Тус чуулган “Тусгайлан байгуулж буй энэхүү олон улсын бүртгэл нь Оросоос нөхөн төлбөр авах, Украиныг сэргээн босгох эхний алхам юм” гэж мэдэгдэв. Эхний шатанд Орос Украин руу цэргийн хүчээр дайран орсны улмаас гэр орон нь сүйдсэн, төрөл төрөгсөд нь амь үрэгдсэн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэтээр янз бүрийн хохирол амссан Украины энгийн иргэд хохирлоо олон улсын энэхүү бүртгэлд бүртгүүлж эхлэх аж. Уг бүртгэлийн байгууллагын гүйцэтгэх захирал Маркиян Ключковский Украинд шударга ёсыг сэргээх асуудлаарх чуулганы үеэр“Энэ бол уг бүртгэлд заасан 44 ангиллын эхнийх нь юм. Үлдэж буй бусад ангилал энэ оны эцэс гэхэд өргөдөл гаргах боломжтой болно” гэж мэдэгдэв. Украины Хууль зүйн дэд сайд Ирина Мудра “Украины төрийн цахим үйлчилгээний “Дия” цахим вэб сайтыг ашиглан “хэдхэн товшилтоор” иргэд өргөдлөө гаргана. Гаргасан өргөдөл бүхэн шифрлэгдэн Гааг руу шууд очно. Украины эрх баригчид аль хэдийнэ найман сая орчим өргөдөл хүлээж аваад байгаа бөгөөд энэ бүртгэл нээгдсэнээр энэ тоо цаашид өсч бүх иргэдийг хамрах болно хэмээн таамаглаж байна” гэж хэлжээ. Харин уг бүртгэлийн байгууллагын гүйцэтгэх захирал Маркиян Ключковский “Орос улс Украины эсрэг хийсэн түрэмгийллийнхээ үр дагаврыг төлөх ёстой. Хохирлын бүртгэл нь хэмжээлшгүй их зовлон зүдгүүрийг амсаж буй Украины жирийн иргэдийн итгэл найдварын туяа юм” гэж хэлээд “Эдгээр хохирлыг бүрэн барагдуулахад олон жил шаардагдах болно” гэв.

Украинд учруулсан хохирлын олон улсын бүртгэлийн байгууллага бий болгох шийдвэрийг 2023 оны тавдугаар сарын 17-нд Рейкьявик хотноо болсон Европын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтаас гаргасан юм байна. Энэ нь Оросын түрэмгийллийн хохирогчдод нөхөн олговор олгох олон улсын механизмыг бий болгох анхны алхам юм. Энэхүү санаачилгад эхний ээлжинд 40 улс нэгдэж, Киевт уг бүртгэлийн газрыг нээжээ. Одоо уг бүртгэлийн газрын захирлуудын зөвлөл Оросын учруулсан хохирлыг барагдуулах хөрөнгийн эх үүсвэр бий болгох, нөхөн олговрын механизмын тухай гэрээ яаралтай байгуулахыг гишүүн улс орнуудад уриалсан байна.

Энэ зорилгоор барууны орнуудад битүүмжилсэн Оросын хөрөнгийн илүүдэл ашгийг ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд харин Украины тал эдгээр хөрөнгийг бүрэн хураахыг хүсэж байгаа юм.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас есөн хүн амь үрэгдэж, 900 гаруй хүн бэртжээ DNN.mn

Тайваньд өчигдөр /2024-04-03/ 1999 оноос хойш тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт болсон.

Энэ газар хөдлөлтийн улмаас одоогоор есөн хүн амь үрэгдэж, 900 гаруй хүн бэртээд байна.

Үүнээс гадна нурсан авто замын хонгил, байшин барилгад гацсан 127 хүнийг аврах ажил үргэлжилж байна.

Газар хөдөлсний дараа хөрш Япон, Филиппин улсуудын зарим арлуудад цүнамигийн түгшүүр зарласан ч сүүлд цуцлагдсан юм.