Categories
гадаад мэдээ

Том улсууд хоёр туйлд эрчимтэй шилжиж байна DNN.mn

Германы канцлер Олаф Шольц ОХУ-ыг тойрон нисэж, Японд айлчилж, ерөнхий сайд Кишида Фумиотой хэлэлцээ хийв. ОХУ-ын Украин руу довтолсон явдал, Хятад олон улсын худалдааны гол зам болох далайд үйл ажиллагаагаа нэмэгдүүлж байгаа асуудал Шольц болон Кишида нарын гол хэлэлцэх сэдэв болсон гэж ажиглагчид үзэж байна. Энэ хоёр улс зэвсэглэнэ гэдгээ ил тод зарлаад байгаа бөгөөд Европын холбоо Ази тивээс анхаарлаа салгаагүй гэдгээ харуулах мессэж гэж олон улсын судлаачид дүгнэж байна.

Олаф Шольц өнгөрсөн арванхоёрдугаар сард албан тушаалаа авснаас хойш анх удаа Азийн оронд хоёр өдрийн хугацаатай айлчилж буй нь энэ юм. Тэрбээр Ерөнхий сайд Кишидатай уулзсан бөгөөд Оросын түрэмгийллийн талаар ярилцаж, Германы удирдагч “G7”-г даргалах улсын хувьд тус байгууллагын Азийн цорын ганц гишүүн Япон улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэж байна гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Хоёр улсын тэргүүн Орос-Украины дайнаас гадна Хятад улсын дэлхий дахинд үзүүлэх нөлөөний талаар хэлэлцсэн гэж албаны хүмүүс мэдээлэв. Мөн Батлан хамгаалах чадвараа эрс сайжруулна гэж зарласан Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл ирэх сарын 21-ний өдөр Сөүл хотноо АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай дээд хэмжээний анхны уулзалтаа хийх гэж байна. Энэ уулзалтаар хоёр улсын хоорондын харилцаа, Хойд Солонгосын бодлого, эдийн засгийн аюулгүй байдал болон бусад олон улсын чанартай асуудлуудыг хэлэлцэнэ гэж мэдэгдлээ. Ерөнхийлөгч Жо Байден ирэх сарын 20-22-нд Өмнөд Солонгост айлчлах нь тодорхой болсон юм. Харин ерөнхийлөгч Юн Сук Ёл тавдугаар сарын 10-нд албан тушаалаа хүлээж авна.

Иймээс Юн албан тушаалаа хүлээж авч, тангараг өргөснөөс хойших анхны уулзалтаа ийнхүү хийх гэж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд ч мөн өнгөрсөн оны нэгдүгээр сард албан тушаалаа хүлээж авснаас нь хойших анхны Өмнөд Солонгосын айлчлал болох юм. “Энэ удаагийн уулзалт хоёр орны цаашдын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх түүхэн эргэлтийг бий болгоно” гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Бэе Хьюн Жин мэдэгдээд байна.

БНАСАУ тив алгасагч баллистик пуужингаа амжилттай харваж Солонгосын хойгт хурцадмал байдал үүсээд байгаа үед энэ уулзалт болох юм. Мөн өнгөрсөн долоо хоногийн эхээр Хойд Солонгос цэргийн парад зохион байгуулж, умардууд ямар ч дайнд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа билээ.

Хятад, Иран улс АНУ-ын шахалт улам ихэсч байгаа тул батлан хамгаалах салбар, цэргийн сургуулилтаа нэмэгдүүлэх талаар хэлэлцэн тохиров. Ираны Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Мохаммад Багери Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэтэй уулзан хоёр улс цэргийн сургуулилт, мэдлэг солилцох чиглэлээр хамтран ажиллана гэж мэдээлэв. Хятадын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, Вэй Фэнхэ Тегеранд айлчилж, ерөнхийлөгч Эбрахим Раиситэй уулзан, өнөө цагийн асуудлаар ярилцсан бөгөөд Вэй “Энэ удаагийн айлчлал нь Хятад, Ираны харилцааны ач холбогдлыг илэрхийлж, харилцан тууштай дэмжин хамтран ажиллах ахиц дэвшил гарсныг харуулж байна” гэсэн байна. Мөн “Хятадын арми Ираны талтай стратегийн харилцаа холбоогоо хадгалж, хамтын ажиллагааны механизмыг сайн ашиглаж, бодит хамтын ажиллагааг ахиулж, хоёр армийн харилцааг илүү өндөр түвшинд гаргахад бэлэн байна” гэв.

Украины нөхцөл байдлын талаар Хятад улс Оросыг буруушаахаас татгалзаж байгаа нь хүний эрх, худалдааны дайн, Өмнөд Хятадын тэнгис, Тайвань, Хонконг, Шинжааны асуудлаарх маргаан дээр нэмэгдэн Хятад, Америкийн хурцадмал байдлын шинэ шижүүр болж байгаа юм. Ийнхүү том улсууд яг л хүйтэн дайны үе шиг хоёр туйл руу ялгаран хуваагдах явдал улам эрчимжиж байна.

Монгол Улсын хувьд нэгдүгээрт, монголчуудын өнгөрсөн зуунд сонгож авсан Ардчилсан тогтолцоо. Энэ нь нэгдмэл нэг бас ардчилсан улс учир АНУ, Европын холбоо, Швейцарь, Австрали, Канад, Япон, Энэтхэг, БНСУ гэх мэт ардчилсан улсууд Монголд хэзээ ч тусална гэсэн үг. Хоёрдугаарт, Ардчилсан нэгдмэл нэг улсын хувьд НҮБ-ын 194 гишүүн улсын 193-тай дипломат, гол таван том улстай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж чадсан явдал. Үүнд нь бусад улстай газар нутгийн ямар нэг маргаангүй байдал чухал нөлөө үзүүлсэн. Гуравдугаарт, хоёр хөрш нь адил хүчтэй байхад монголчуудад ашигтай байдаг байсан уламжлалт нөхцөл АНУ ОХУ-ыг гол дайсан, БНХАУ-ыг гол өрсөлдөгч хэмээн албан ёсоор зарлан эдгээр улсыг ганцаардуулах бодлого эрчимтэй явуулж буй шинэ нөхцөл байдлаар солигдсон явдал. Дөрөвдүгээрт, Украин, Тайвань гэх зэвсэгт мөргөлдөөний цэг монголчуудын яг эсрэг тал руу чиглэж буй явдал. Тавдугаарт, монголчууд хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж чадах бүрэн боломжтой гэдгээр бусад улсаас ялгарч байна.

Энэ нь Монголын төр, засаг аль нэг туйл руу үсрээд орчихгүй бол аюул холуур өнгөрнө гэсэн үг. Харин Монголын иргэд аль талыг дэмжих нь тэдний бүрэн эрх юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Вьетнамд айлчлав DNN.mn

Японы Ерөнхий сайд Фумио Кишида ням гарагт Вьетнамд албан ёсны айлчлал хийж, Украин дахь цэрэг дайны ажиллагааг зогсоохын чухлыг цохон тэмдэглэлээ.

Тэрбээр Ханой хотноо Вьетнамын ерөнхий сайдтай уулзсаны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ, Украины тусгаар бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэх ёстой гэдгийг мэдэгдсэн байна. “Дэлхийн аливаа бүс нутгийн статусыг хүчээр өөрчлөх үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж Кишида хэлжээ.

Тэрбээр мөн, Өмнөд Хятадын тэнгисийн дундах харьяаллын маргаантай бүсэд барилгын ажил өрнүүлж, хиймэл арал дээрээ цэргийн байгууламжууд байгуулж байгаа Хятадын үйл ажиллагааг зэмлэн буруушаасан байна. Японы Ерөнхий сайдын Зүүн Өмнөд Ази болон Европын орнуудаар хийх 8 өдрийн айлчлалын хоёр дахь цэг нь Ханой байсан юм. Өмнө нь бямба гарагт Индонезод айлчилсан Кишида, Тайланд, Итали, Их Британи улсуудад мөн очихоор төлөвлөж байгаа аж.

Вьетнам, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы засгийн газрын тэргүүний энэ айлчлал болж байгаагаараа мөн онцлогтой. Вьетнам нь Японы засгийн газрын тусламж дэмжлэгийг хамгийн их хүртдэг улсын нэгд тооцогддог. Уулзалтын үеэр Вьетнамын Ерөнхий сайд Япон улсыг хэдийнээ тогтсон стратегийн түншлэлээ эрчимтэй гүнзгийрүүлж байгаа тэргүүн зэргийн түнш орнуудын нэг хэмээн үздэгээ тэмдэглэн хэлсэн байна.

Categories
гадаад мэдээ

​Филиппинд 80 байшин шатаж, 8 хүн амиа алджээ DNN.mn

Филиппиний нийслэл Манила хотын ойролцоо олон байшин шатаж, найман хүн нас баржээ. Үүний зургаа нь хүүхэд байсан гэж орон нутгийн албаныхан мэдэгдлээ.

Орон нутгийн цагаар даваа гаригийн өглөөний 05.00 цагийн орчимд (Ням гарагийн 22:00 цагт) эхэлсэн түймэр мөн 80 байшинг шатаажээ. Энэ явдал Кезон хотын Филиппиний их сургуулийн их сургуулийн хотхоны доторх хөл хөдөлгөөн ихтэй нэгэн байшингийн хоёрдугаар давхарт эхэлсэн аж. Галын шалтгаан тодорхойгүй байна.

Гал унтраах ангийн ахлах офицер Грег Бичайда AFP агентлагт хэлэхдээ “Галыг унтраахад бараг хоёр цаг зарцуулсан. Гал маш хурдан тархсан учир хохирсон иргэд гарч чадалгүй амиа алдсан. Амиа алдсан иргэдийн зургаа нь хүүхэд байсан” гэжээ. Гэхдээ тэдний насны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Шинэ Зеланд улс хилээ нээжээ DNN.mn

Коронавирусийн цар тахлын улмаас сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хилийн чанга хатуу хязгаарлалт тогтоогоод байсан Шинэ Зеланд улс өнөөдөр /2022.05.02/ хилээ нээж, 60 гаруй орны жуулчдыг дахин хүлээж авахаар болжээ.
Тус улсын иргэд өнгөрсөн 3 дугаар сараас хойш хилээр чөлөөтэй орж, гарах боломжтой болсон бол Австралийн иргэд 4 дүгээр сараас эхлэн нэвтрэх болсон билээ. Тэгвэл одоо цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан бөгөөд шинжилгээний хариу нь “Сөрөг” гарсан гадаад иргэд тус улсад аливаа хязгаарлалтгүй нэвтрэх боломжтой болсон байна.
Шинэ Зеланд улс 2020 оны 3 дугаар сард хилээ хаасан ба эх орондоо буцаж ирж буй иргэдийг хэдэн долоо хоногийн турш тусгаарлалтад оруулж байсан. Тус улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн тусгаарлалтын стратеги болон хөл хорио тогтоож, түргэвчилсэн шинжилгээ авах бодлогын ачаар коронавирусээс үүдэлтэй нас баралт бага бүртгэгдсэн гэж эрх баригчид үзэж байсан билээ.

Гэвч зарим иргэн хатуу хязгаарлалт, хөл хориог эсэргүүцэх болсон бөгөөд тусгаарлалтын байгууламжийн хязгаарлагдмал багтаамжийн улмаас эх орондоо буцаж ирэх хүсэлтэй иргэд удаан хугацааны турш хүлээх шаардлагатай болжээ. Түүнчлэн, олон нийтийн дунд “Дельта”, “Омикрон” хувилбар өргөн тархсаны дараа албаныхан цар тахлыг бүрэн устгах зорилгоо орхиж, коронавирустэй зохицон амьдрах бодлогод шилжсэн юм.
Шинэ Зеландын эдийн засаг аялал жуулчлал, олон улсын зочдоос ихээхэн хамааралтай байдаг тул орон нутгийн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа эргэн сэргээхийг тэсэн ядан хүлээж байгаагаа онцолсон байна.

Categories
гадаад мэдээ

“Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай бүр илүү эрхтэй” DNN.mn

В.Путин дэлхийнхэнд хүчээ үзүүлэхээр хөрш улсаа довтолсон нь орчин үеийн дайн гэдэг чинь технологи бас мөнгөтэй улсуудын хийдэг “тоглоом” болсон гэдгийг бидэнд ойлгуулж өгөв. Харин технологи бас мөнгө гэдэг нь оросуудад огтоос хамаагүй зөвхөн авлигатай тэмцэж чаддаг улсуудад л байдаг зүйл аж. Мөн оросуудын украинчуудын эсрэг хийж буй харгислал ОХУ сиричүүдийг яг яасныг дэлхий нийтэд ил тод болгож орхив. Иймээс АНУ-ийн ерөнхийлөгч Жо.Байден, Польшийн ерөнхийлөгч Анджэй Дуда, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нар болон Англи, Канадын ерөнхий сайд, Эстони, Латви, Канадын парламент Украинд геноцид үйлдсэн гэж ОХУ-ыг албан ёсоор буруутгаад байна.

Хүмүүнийг яс, үндсээр нь ялгаварлан санаатайгаар устгах гэсэн утга илэрхийлэх “геноцид” гэдэг үг дэлхийн II дайнд фашистууд жүүдүүдийг устгасан явдалтай холбогдон гарч ирсэн. Энэхүү еврейчүүдийг хоморголон устгасан явдал хүн төрөлхтний түүхэнд “үнсэн товорго болгох” гэсэн эртний грек үгнээс гаралтай Английн “holocaust” буюу “холокост” гэдэг үг болон үлдсэн билээ. Грекийн төрөл, садан гэх “genos”, алах гэсэн утгатай латиний “caedo” гэсэн үгсийг нийлүүлэн “геноцид” гэдэг үгийг польш-еврей гаралтай Рафаэль Лемкин 1943 онд анх гаргаж ирсэн тул энэ үгийг бусдад хялбар ойлгуулах гэж “холокост” гэх үг бий болсон түүхтэй. Рафаэль Лемкин нь ганц ахаасаа бусад эцэг, эх, өөрийн 49 төрөл төрөгсдөө фашистуудын гарт алдсан нэгэн юм. Дайны дараа Нюрнбергийн шүүх хурлаар нацистуудын удирдагчдыг буруутгахад Рафаэль Лемкиний бий болгосон энэхүү “геноцид” гэдэг үгийг анх хэрэглэсэн.

Лемкиний хичээл зүтгэлээр НҮБ-ын “Геноцидээс урьдчилан сэргийлэх, шийтгэл оногдуулах конвенц” 1951 оноос хэрэгжиж эхлэв. НҮБ-ын энэхүү конвенцийн хоёрдугаар хэсэгт “геноцид” гэдэг үгийн утгыг “яс, үндэс, арьс өнгө, гарал, шашин нэгтэй хүмүүсийг хоморголон болон хэсэг бүлгээр нь устгах гэсэн зорилго бүхий аливаа үйлдэл” гэж тодорхойлсон байдаг. Хамгийн гол нь энэхүү конвенцид геноцид үйлдсэн ямар ч албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Энэ нь үүнээс бусад хэрэгт холбогдсон төр, засгийн буюу иргэдээс сонгогдсон албан тушаалтанг суудлаасаа буусан үед нь л хэрэгт татдаг гэсэн үг.

Олон улсын гэмт хэргийн шүүх геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэргийг мөрдөн шалгах эрхтэй байдаг. Энэ шүүхийн дүрмээр геноцид үйлдэх шийдвэр гаргасан, шийдвэр гаргахад тусалсан, дэмжсэн ямар ч албан тушаалтанд хэрэг нээн мөрдөн шалгаж шүүн ял оноох эрхтэй. Харин улсууд бие биенийгээ геноцид үйлдсэн хэмээн маргаан үүсгэвэл энэ асуудлыг өөр нэг бие даасан шүүх болох Гааг хот дахь Олон улсын шүүх хариуцдаг. Тэгвэл Гаагийн шүүхийн олон улсын эрх зүйн шинжээч Валери Габард “Геноцид гэдэг нь хэр олон энгийн иргэнийг алсныг бус энэхүү геноцид гэх тодорхойлолтод яг таарах хэсэг хүнийг санаатайгаар утсгасан гэдгийг тогтоох шаардлагатай болдог. Үүнийг тогтооход маш хэцүү. Тогтоочихлоо гэхэд хэн ийм тушаал өгснийг батлах хэрэг гарна. Хэн ч би ийм тушаал өгсөн гэдэггүй учраас шууд бус дам нотлох баримт цуглуулахаас өөр аргагүй болдог. Гэтэл шүүх баталгаатай баримт дээр л шийдвэр гаргах дүрэмтэй. Дам баримтаар хэргийг батална гэдэг үнэндээ боломжгүй зүйл болчихдог. Энэ нь шүүх явц маш олон жил үргэлжилнэ гэсэн үг. Хэргийг нь батлаагүй байхад хэнийг ч хорих эрх шүүхэд байхгүй. Иймээс В.Путин болон түүний тойрон хүрээлэгчдийг геноцид үйлдсэн хэргээр шүүж яллах боломж маш хомс” гэсэн байна.

Үнэхээр ч өнгөрсөн онд АНУ, Канад, Нидерланд улсууд Хятадын төр, засгийг уйгаруудын эсрэг “геноцид үйлдсэн” гэж мэдэгдэж байсан. Удалгүй чимээгүй болсон. Мөн Холокостоос хойш олон улсын шүүх Руанда улсад 800 мянган тутси овгийнхныг утсгасан явдал, 1995 онд Боснийн Сребреницад явагдсан хядлага, 1970-аад онд улаан кхмерчүүд өөрийн улсын исламын шашинтнууд болон вьетнам, чам үндэсний цөөнхийг устгасан явдлыг л “геноцид” гэж батлан ял оноосон байх юм. Бас болоогүй сүүлийнх нь олон улсын шүүгчдийн дунд “мөн, биш” гэсэн бөөн маргаан дагуулсан гэж байгаа. Гурван сая хүн устгасан ч эд нар нь ганц бус шашин болон хоёр ч үндэстнээс бүрдсэн хоорондоо ялгаатай хүмүүс байсан учраас маргаан үүссэн аж. Энэ нь саяхан Украины Мариуполь хотын “Азовсталь” заводын хамгаалагчдыг “Дайрахаа зогсоож ялаа ч нисэж гарахгүй болтол нь бүслэн тэднийг өлсгөж, харангадуулж ал” гэсэн тушаал өгсөн В.Путин геноцид үйлдээгүй болж таарч байна гэсэн үг. Учир нь тэнд Украины цэргийнхэнтэй хамт энгийн иргэдээс гадна, гадаадын сайн дурын байлдагчид байгаа билээ.

Олон улсын гэмт хэргийн шүүх түүхэндээ нэг л удаа үндэстний цөөнхөө хоморголон устгаж геноцид үйлдсэн хэргээр 2008 онд Судан улсын ерөнхийлөгч Омар аль-Баширыг баривчлах шийдвэр гаргаж байжээ. Мөн олон улсын эрх зүйн асуудлаар дэлхийд алдаршсан Канадын нэрт эрдэмтэн, Английн Мидлсекск, Нидерландын Лейденскомын их сургуулийн профессор Уильям Шабас “Геноцид гэж яг юуг хэлэхийг заасан хуулийн маш тодорхой заалт бий. Иймээс Хятадад уйгаруудыг алж, хорьсон явдал, оросууд укрианчуудыг харгислаж байгаа явдлыг шүүх, хууль, эрх зүйн үүднээс геноцид гэж үзэх ямар ч боломжгүй” гэжээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет “Оросуудын өдөөсөн дайнд амь үрэгдсэн 2787, үүнээс 202 хүүхэд, шархадсан 3152 энгиийн иргэд болох украинчуудын овог, нэрийг тодруулаад байгааг саяхан мэдэгдсэн. Мөн Латвийн парламент болох сейм “Өнөөдөр Орос улс нийт украинчуудын эсрэг геноцид үйлдэж байна. Геноцид үйлдэж байгаа болох нь Оросын армийн Украины иргэдийг олноор нь алсан, тамласан, секс доромжлолд оруулсан гэх мэт маш олон харгис, хэрцгий, зэрлэг гэмт хэргүүдээр батлагдаж байна”, Эстони улсын парламент “ОХУ өөрийн түр эзлэн түрэмгийлсэн Буча, Бородянка, Гостомель, Ирпень болон Мариуполь хотод жирийн иргэдийг бөөнөөр нь харгислан геноцид үйлдсэн байна. Геноцид үйлдсэн гэдэг нь жирийн иргэдийг олноор нь алах, хулгайлах, өөрийн нутаг руу хүчээр зөөх, эрх чөлөөг нь хасах, тамлах, хүчиндэх, иргэдийн шарилыг доромжлох гэх мэт оросуудын хүн ёсноос гадуур хийсэн үйлдлүүдээр нотлогдоод байна” гэж албан ёсоор мэдэгдсэнийг болон ерөөс дэлхийн эрүүл ухаантай хүн болгон оросуудыг украинчуудын эсрэг геноцид үйлдсэн гэж үзэж байгааг яах болж байна гэсэн асуулт гарч ирнэ. Энэ бүхэн НҮБ өөрийн дүрэм, журмыг орчин үедээ тохируулан эрс шинэчлэх цаг болжээ гэсэн үг. Яаж ч бодсон XXI зуунд хэдэн мянга байтугай арван гэм зэмгүй иргэнийг алуулсан гэмт хэрэгтэн болгон хүн төрөлхтний эсрэг геноцид үйлдсэн алуурчин мөн. Алуурчин, авлигачид наранд бус нарсанд байх ёстой цаг үе ирчихээд байна!

Английн зохиолч Жорж Оруэллийн алдарт “Animal Farm” буюу “Амьтдын ферм” хошин романд гардаг “Амьтад тэгш эрхтэй, гахай бүр илүү эрхтэй” гэдэг шиг НҮБ-ын дүрэмд байгаа Аюулгүй байдлын байнгын зөвлөлийн “аюултай болсон байнгын гишүүн”-ийг хасахдаа “Нийт гишүүн улсын 2/3-оос дээш хувийн саналаас гадна тус зөвлөлийн байнгын гишүүн таван улс бүгд зөвшөөрсөн тохиолдолд хүчинтэй” гэсэн заалтын ардчилалд харш “таван гахай бүр ч илүү эрхтэй” гэх “байнгын гишүүн таван улс бүгд зөвшөөрсөн тохиолдолд хүчинтэй” гэсэн хэсгийг хасахаас энэ ажил эхлэх байх. Учир нь бид бус ирж буй цаг, үе ингэж шаардаж байгаа билээ.

Хамгийн сүүлд Лихтенштейн улсын оруулсан саналыг 60 орчим улс дэмжин өнгөрсөн сарын 26-нд НҮБ-ын бүх гишүүдийн чуулган авч хэлэлцэж Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн улсын “вето” гэх хориг тавих хугацаагүй үйлчилдэг байсан эрхийг 10 хоногийн хугацаатай болгож өөрчлөв. Энэ нь гишүүн улс болгоны саналыг ялгаваргүйгээр авч хэлэлцдэг болж буй хэрэг бөгөөд татвар төлөгчдийн асар их мөнгийг үрдэг ч жирийн иргэдэд мэдэгдэх үр дүн өгдөггүй энэ байгууллагыг япончуудын шаардаж байгаа шиг бүрэн өөрчлөх, өөрчлөгдөж чадахгүй аваас татан буулгаж, чаддаг байгууллагыг нь шинээр байгуулах ажил эхэлсэн гэсэн үг.



BBC. CNN. REU­TERS. DW. NHK. TASS. Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Монголын сагсан бөмбөгийн замналд анх удаа эмэгтэй легионертой боллоо DNN.mn

Үндэсний сагсан бөмбөгийн 3х3 төрөлд төдийгүй Монголын спортын замналд анх удаа эмэгтэй легионер буюу гадаадын тоглогчтой боллоо.

Канадын шигшээ багийн тоглогч Тимбилла Рашида энэ жилийн FIBA 3×3 Women’s Series буюу Дэлхийн Гран при-д Монголын мэргэжлийн клуб Улаанбаатар Амазонс-т тоглохоор гэрээгээ үзэглэжээ.

Түүнээс өмнө “Улаанбаатар ММС” эрэгтэй багт Канадын алдарт Стив Сер тоглох гэрээгээ хийсэн аж. Ийнхүү Монголын багууд анх удаа эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг легионер тоглогчтой ФИБА-гийн шинэ улиралд хүч үзэх нь ээ.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-д ковидын цар тахлын дэгдэлтийн улмаас хөл хөдөлгөөн хязгаарлагдмал байна

Урд хөршийн нийслэл Бээжин хотод коронавирусний тархалт нэмэгдсэн, мөн Шанхайд хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаагаас шалтгаалан 5 дугаар сарын эхээр болдог баяр амралтын өдрүүдэд аялагч жуулчдын хөл хөдөлгөөн нэлээд татруу байхаар байна.

Тодруулбал, 5 дугаар сарын баяр амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан Бээжин хотын эрх баригчдын зүгээс иргэдийг онц шаардлагагүй бол гадуур гарахгүй, бөөгнөрөл үүсгэхгүй, олноор цуглаж хоол унданд орохгүй байхыг анхааруулжээ. Мөн зугаа цэнгэлийн төвүүд, кинотеатр үзвэрийн газрууд, мөн хэсэг бүлгээр аялах зугаалах үйл ажиллагааг энэ амралтын өдрүүдэд бүрэн болон хэсэгчлэн зогсоосон байна.

Түүнээс гадна Бээжин хотод сургуулиудыг тодорхойгүй хугацаагаар хааж, нийслэлийн бүх 21 сая оршин суугчдыг энэ долоо хоногт багтаан гурван шатны цахим шинжилгээнд хамрагдахыг эрх баригчдаас үүрэг болгоод байна. Ляонин муж дахь Даньдун-Фусинь хурдны авто замд нийлж буй автомашины урсгал өдөрт 900 мянгад хүрэх төлөвтэй байгааг орон нутгийн телевизээр мэдээлжээ.

Шэньян хот руу орж байгаа бүх тээврийн хэрэгсэлд зорчигчдоос коронавирусний шинжилгээ авч, бусад баримт бичгийн шалгалт явагдаж байна. Мөн энэ баяр амралтын өдрүүдэд Чэндүгийн дорнын төмөр замын вокзалаар өдөрт 160 мянгаад зорчигч дамжин өнгөрөх төлөв ажиглагдаж байгаа аж.

Гэхдээ энэ жил зорчигчдын урсгал өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад багассан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар, Хятад улсын хэмжээнд коронавирусний 1410 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бол, 9000 гаруй шинж тэмдэггүй тохиолдол ихэвчлэн Шанхай хотод илэрсэн мэдээтэй байна.

Categories
гадаад мэдээ

Холливуудын од Анжелина Жоли Украинд очжээ DNN.mn

Жүжигчин, Холливүүдийн од Анжелина Жоли өнгөрсөн бямба гарагт Украины баруун хэсэгт орших Львов хотод очжээ. Улмаар дотуур байр, эмнэлгийн байгууллагад гэнэт зочилсон тухай Львов хотын бүс нутгийн цэргийн захиргааны дарга Максым Козыцкий мэдэгдсэн байна.

Тэрбээр “Анжелина Жоли Краматорскийн галт тэрэгний буудал дээр Оросын цэргийнхэн пуужингийн довтолгоонд өртөж хохирсон хүүхдүүдтэй уулзсан. Түүнийг зочилсонд хүүхдүүдийн сэтгэл маш их хөдөлсөн. Нэг охин хатагтай Жолид мөрөөдлөө хүртэл хэлсэн. Жоли мөн нүүлгэн шилжүүлсэн хүмүүс, хүмүүнлэгийн тусламж, зэвсгийн цэг болсон Львов дахь дотуур байранд зочилсон. Тэрбээр хүүхдүүдэд буцаж ирнэ гэж хэлсэн” гэжээ.

Түүнчлэн Украйны оршин суугчид тогтмол ирдэг Львовын төмөр замын вокзал дээр Жоли эрүүл мэндийн болон сэтгэлзүйн тусламж үзүүлж буй сайн дурын ажилтнуудтай ярилцсан байна.

Жоли бол НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн тусгай элч боловч НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын дэлхийн харилцааны албаны дарга Жун-а Гедини-Уильямс Жоли өөрийн биеэр тус бүс нутагт аялсан бөгөөд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссар энэ айлчлалд ямар ч оролцоогүй гэж мэдэгдсэн аж.

Бямба гаригийн үүрээр Жоли Львов дахь кофе шопоор зочилж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

Эх сурвалж: CNN

Categories
гадаад мэдээ

Туркменистаны ерөнхийлөгч шинэ хотынхаа нэрийг ард иргэдээрээ сонгуулахаар болжээ DNN.mn

Туркменистан улсын нийслэл Ашгабатын ойролцоо Ахал мужийн нутагт цоо шинэ хот байгуулагдаж байгаа юм.

$1.5 тэрбумын хөрөнгө оруулалттайгаар хэдэн жилийн өмнө эхэлж байсан шинэ хотын бүтээн байгуулалт дуусах дөхөөд байгаа ажээ.

Бүтээн байгуулалттай танилцсан Туркменистаны шинэ ерөнхийлөгч Сердар Бердымухамедов шинэ хотод нэр өгөх асуудлаар ард түмний дунд өргөн хүрээний хэлэлцүүлэг явуулахыг холбогдох албаныханд даалгасан тухай тус улсын төв хэвлэлд өчигдөр мэдээлсэн байна.

зураг

Олон хүн шинэ хотод өмнөх ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын нэрийг өгч магадгүй гэсэн хүлээлттэй байгаа.

Одоо 40 настай Сердар өнгөрсөн сард Туркменистаны ерөнхийлөгчийн тангараг өргөж, эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхээр болсон юм.

2006 оноос хойш ерөнхийлөгчийн албыг хашиж байсан эцэг Гурбангулы Бердымухамедовыг одоо ч төв хэвлэлүүд нь “Туркменистаны баатар, хамгаалагч” хэмээн өргөмжилсөөр байгаа.

Сердар Бердымухамедов 2019-2020 онд Ахал мужийн захирагчаар ажиллаж байхдаа шинэ хотын бүтээн байгуулалтыг гардан удирдаж байжээ.

Categories
гадаад мэдээ

Сөүл хотын төвд томоохон ногоон байгууламж нээгдэнэ DNN.mn

зураг

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын төвд олон нийтэд зориулсан томоохон ногоон байгууламж нээх шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Чунну-гy дүүргийн Сонхён-дон дахь 37,117 м.кв талбайтай газрын зарим хэсгийг Самсунг Группийн ерөнхийлөгч агсан И Кун Хэгийн хувийн цуглуулгад байсан урлагийн бүтээлүүдээр байгуулах музейд зориулахаар төлөвлөөд байгаа.

Гэхдээ 2027 онд нээхээр төлөвлөсөн уг музейн бүтээн байгуулалтын ажил эхлэх болоогүй юм байна.

Бүтээн байгуулалт эхлэх хүртэл уг газрыг бүхэлд нь Сөүлийн оршин суугчдын амралт, зугаалгын ногоон байгууламж болгож ашиглахаар хотын захиргаа шийдвэрлэжээ. Ногоон байгууламжийг энэ оны хоёрдугаар хагаст нээхээр төлөвлөсөн байна.

Сонхён-дон дахь энэ газар сүүлийн 110 жилийн турш олон нийтэд хаалттай бүс байсан юм. Эхлээд энд Жосон (1392-1910) улсын хааны гэр бүл амьдардаг байжээ. Дараа нь 1945-1997 онд АНУ-ын элчин сайдын яамны ажилчдын орон сууц байрлаж байв.

Сүүлд энэ газрыг Самсунгийн даатгалын компани, дараа нь Korean Air компани худалдан авч байжээ.

Харин 2020 оны зургаадугаар сард газрыг нийтийн эзэмшилд авч, арваннэгдүгээр сард нь И Кун Хэгийн музейг байгуулах шийдвэр гарсан байна.

Уг талбайг олон нийтэд нээлттэй амралтын бүс болгосноор Сөүл хотын ногоон байгууламжийн хэмжээ эрс нэмэгдэх юм. Шинэ байгууламж нь Сөүл хотын захиргааны дэргэд байдаг Сөүл Плаза талбайгаас гурав дахин том хэмжээтэй юм.