Categories
гадаад мэдээ

ДЭМБ: 20 оронд хүүхдийн элэгний өвчлөл гарч болзошгүй DNN.mn

Европын Холбоо болон АНУ-ын эмч нар хүүхдүүдийн дунд гепатит буюу элэгний халдварт өвчний тохиолдлууд ихсэж байгааг анхааруулжээ. Дэлхийн 20 оронд халдварын 228 тохиолдол бүртгэгдэж, нэг хүүхэд нас барсныг ДЭМБ мэдээллээ.

Одоогоор халдварын 50 орчим тохиолдлыг шалгаж эхэлсэн байна.

“Хүүхдийн дархлаа сулрахаас бусад тохиолдолд энэ өвчин богино хугацаанд үргэлжилдэг, хүнд өвчин биш. Гэсэн ч, эдгээр тохиолдлын шалтгаан нь үнэхээр аденовирус юм бол элэгний үрэвсэл үүсгэдэг шинэ хувилбар гарч ирсэн байх магадлалтай” хэмээн Малайзын Монашийн Их Сургуулийн Анагаах ухааны сургуулийн вирус судлаач Жеффри Чеа ярьсныг “Рёйтерз” мэдээлжээ.

Хүүхдүүдийн дунд халдварын анхны тохиолдол Их Британид бүртгэгдсэн аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр тус улсад 145 тохиолдол бүртгэгджээ. Насны ангилалаар нь авч үзвэл, 16-аас доош насны хүүхдүүд ихэвчлэн вирусийн халдвар авсан байна.

Шинэ өвчний халдварын шинж тэмдэг нь хэвлийгээр өвдөх, суулгах, дотор муухайрах, заримдаа халуурах зэрэг шинж тэмдгүүд юм. Эл өвчин нь ходоод гэдэсний үрэвсэлтэй тун төстэй. Анагаах ухааны судалгаагаар эрдэмтэд гепатит үүсгэдэг F41 гэх аденовирусийг илрүүлээд байгаа юм.

Элэг өвчлөх нэг шалтгаан нь коронавирусийн халдварын үр дагавар ч байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Ковид нь хүүхдийн дархлааны системд сөргөөр нөлөөлж, өөр вирустэй нэгдсэн байж болзошгүй байгаа аж.
Дөрөвдүгээр сарын 29-нд АНУ-д хүүхдүүдээс шалтгаан нь тодорхойгүй элэгний үрэвсэл илэрсэн тухай мэдээлж байсан. АНУ-д гепатитын халдвар авсан хамгийн багадаа дөрвөн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болжээ.

Дөрөвдүгээр сарын 27-нд Европын Холбооны 12 оронд үл мэдэгдэх шинж тэмдэг бүхий элэгний үрэвсэл илэрсэн талаар мэдээлсэн. Өвчин үүсгэгч, шалтгаан нөхцөлийг одоогоор идэвхтэй судалж эхлээд байна.

Эх сурвалж: Euronews

Categories
гадаад мэдээ

Владимир Зеленскийн ногоон футболк зарагдав DNN.mn

Лондон хотод Украины ард түмэнд тусламжийн мөнгө цуглуулах зорилгоор явагдсан дуудлага худалдаан дээр Украинаас Английн ерөнхий сайд Борис Жонсон өөрийн биеэр авчирсан Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн дэлхий нийтэд алдаршаад буй ногоон футболк 90 мянган фунт стерлинг буюу 110 мянган ам. доллараар зарагдав.

Энэхүү дуудлага худалдаан дээр Английн ерөнхий сайд Борис Жонсон өөрийн биеэр оролцож үг хэлсэн бөгөөд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өөртэй нь хамт Киевийн гудамжаар явган алхахдаа энэхүү ногоон футболкийг өмсөж байсан гэж хэлсэн байна.

Лондон хотын “Тейт Модерн” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдсан уг дуудлага худалдааны өмнө оролцогсдод зориулан Владимир Зеленский цахимаар холбогдон үг хэлжээ. Тэрээр Украинд байнгын тусламж үзүүлж буй англичууад ард түмнийхээ өмнөөс баяр талархал илэрхийлж, Киев хотод өөрийн биеэр айлчилсан Английн ерөнхий сайд Борис Жонсоныг “Зоригт Борис” гэж нэрлэсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Сибирийн түймэр нэн сүйтгэлтэй байна DNN.mn

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын баруун Сибирийн бүс нутагт ойн түймрийг хүчтэй салхи улам эрчимжүүлж, хэд хэдэн тосгон шатан 10 хүн амь үрэгдсэн тул Красноярск мужийн захиргаа онц байдал зарлаад байна. Красноярск хотоос 200 км зайтай оршдог Талашанка тосгон шатахад гурван хүн амь үрэгдсэний нэг нь хүүхэд байсныг Интерфакс агентлаг орон нутгийн онцгой байдлын алба тогтоогоод байна.

Красноярск хотоос баруун зүгт 300 км зайтай оршдог Никольск тосгон шатаж мөн хоёр хүн амиа алдсан байна. Бас Кемерово мужийн Тяжинский тосгонд 50 гаруй айлын сууц шатсан нурамнаас гурван хүний цогцос олджээ. Омск мужид бас хоёр хүн түймэрт өртөж нас барсан байна.

Секундэд 40 метрийн хурдтай салхи ойн түймрийг улам эрчимжүүлж, унтраахад хэцүү болгож байгааг Красноярск мужийн захирагч Александр Усс мэдээлжээ. Тус мужид 90 машинтай 300 гал сөнөөгч түймэртэй тэмцэж байгаа гэнэ. “Бид хөрш зэргэлдээ мужуудаас тусламж хүссэн ч хугацаа орохоор байна” гэж Александр Усс хэлсэн байна. Тус бүс нутагт түймэрт өртсөн иргэдийг байрлуулах түр байр нээж, эмч, сэтгэл зүйчдийг дайчилсан байна.

“Салхи хүчтэй байгаагаас түймэр унтраах ажилд нисэх онгоц ашиглах боломжгүй байна” гэж Красноярск мужийн онцгой байдлын алба Телеграмм хуудсандаа мэдээлжээ. ОХУ-ын Ойн Агентлаг цахилгааны шугамд гарсан богино холболт гал түймэр гарах шалтгаан болсон ба одоогоор нийтдээ 350 орчим байшин, барилга шатаад байгаа гэж мэдэгдэв.

Сүүлийн жилүүдэд ой, хөвчөөр бүрхэгдсэн Сибирийн бүс нутагт гал түймэр жил алгасалгүй гардаг болоод байгаа бөгөөд зөвхөн өнгөрсөн онд энэ нутагт гарсан түймрийн улмаас 16 сая тонн нүүрстөрөгчийн хий дэлхийн агаар мандалд цацагдсаныг Европын уур амьсгалын жил тутмын тайланд дурдсан байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

​Украины Херсон мужийн оршин суугчдад ОХУ-ын паспорт олгоно DNN.mn

Украины Херсон мужийн Цэрэг-иргэний захиргааны орлого дарга Кирилл Стремоусов ням гаригт тус мужийн оршин суугчдад ОХУ-ын паспорт олгож эхлэх талаар мэдээллээ.

ОХУ-д эзлэгдсэн Украины бүс нутгуудад орон нутгийн удирдлага буюу Цэрэг-иргэний захиргаа байгуулагдаж, Оросын телевиз, радио цацагдах болсон. Түүнчлэн Херсон мужид энэ сараас эхлэн төрийн албан хаагчдын цалин болон ахмад настнуудын тэтгэврийг рублиэр олгож эхэлсэн билээ. Улмаар ирэх саруудад Херсон мужийг рублийн бүс болгоно гэж мэдэгдсэн.

Тэгвэл Кирилл Стремоусовын мэдээлснээр энэ онд багтаан Херсоны ард иргэдэд ОХУ-ын паспорт олгох аж.

Украины өмнөд хэсгийн Херсон муж нь ойролцоогоор нэг сая гаруй хүн амтай. Урд талаараа Крымийн аралтай хил залгаа тус мужийн нийт хүн амын 82 хувь нь Украин, 14.1 хувь нь Орос, 0.5 хувь нь Татар гаралтай иргэд байдаг.

Киевийн Олон улсын социологийн хүрээлэнгээс 2014 оны арванхоёрдугаар сард хийсэн судалгаагаар Херсон мужийн хүн амын 90.9 хувь нь ОХУ-д нэгдэхийг эсэргүүцэж байсан бол ердөө нэг хувь нь дэмжиж байжээ.

Эх сурвалж: Ria Novosti, TASS

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Тэргүүн хатагтай Украины дүрвэгсэдтэй уулзжээ DNN.mn

АНУ-ын Тэргүүн хатагтай, Ерөнхийлөгч Жо Байдены эхнэр Жилл Байден Румын улсад айлчилж, Украины дүрвэгсэдтэй уулзжээ. Энэ талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээлэв.

Агентлагийн мэдээлснээр, Жилл Байден Румыны нийслэл Бухарест хотод байрлаж буй дайнаас дүрвэсэн украин хүүхдүүдийн сургалтын хуаранд зочилсон байна. Жилл Байдены хамт мөн Румыны Тэргүүн хатагтай Кармен Йоханнис байлцсан аж.

Тэрбээр Зүүн Европт хийж буй айлчлалынхаа хүрээнд ийнхүү Украины дүрвэгсэдтэй уулзсан байна. Одоогийн байдлаар 840 мянга гаруй украинууд Румын руу дүрвэж гарснаас 80 мянга орчим нь тус улсад үлдээд байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Кубын нийслэл дэх таван одтой зочид буудалд дэлбэрэлт болж, 18 хүн амиа алджээ DNN.mn

Кубын нийслэл Хавана хотод байрладаг Saratoga зочид буудалд дэлбэрэлт болсны улмаас 18 хүн амиа алдаж 60 хүн эмнэлэгт хүргэгджээ. Амиа алдсан иргэдийн дунд жирэмсэн эмэгтэй болон хүүхэд байсан аж. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн юм.

Дэлбэрэлт хийнээс үүдэлтэй байж болзошгүй гэсэн урьдчилсан таамгийг холбогдох албаны хүмүүс дэвшүүлжээ.

Хавана хотын түүхэн зочид буудал гэгддэг энэхүү таван одтой зочид буудал цар тахлын үед үүд хаалгаа барьж, улмаар дөрөв хоногийн дараа үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж байсан гэнэ. Харамсалтай нь ийм дэлбэрэлт болж, буудлын хананы ихэнх хэсэг нь нуржээ.

Categories
гадаад мэдээ

Зеленский: ОХУ цэргээ бүрэн татсан нөхцөлд энхийн гэрээ байгуулах боломжтой DNN.mn

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ 2 дугаар сарын 24-нд Украины нутагт орохоос өмнөх байршилдаа цэргээ эргүүлэн татсан нөхцөлд энхийн гэрээ байгуулах боломжтой гэж Москвад шинэ нөхцөл тавьжээ. Оростой энхийн гэрээ байгуулах эсэх нь Орос Украины газар нутгийг бүрэн орхиж гарахаас хамаарна гэж Киев байр сууриа шинэчлэлээ. Оросын арми 5 дугаар сарын 9-нөөс өмнө Украины зүүн өмнөд бүсийн Мариуполь хотыг бүхэлд нь хяналтдаа авахаар давшиж байна гэж Аль Жазира болон бусад олон улсын хэвлэлд мэдээлж байна.

Оросын армийн бүслэлтэд байгаа Мариуполь хотын гангийн үйлдвэрт Украины цэргүүд энгийн иргэдийн хамт байсаар байна. Мариуполь хотыг бүрэн эзлэвэл Оросын хувьд хоёр сар гаруйн хугацаанд хийж байгаа цэрэг дайны ажиллагаандаа том амжилт олохын зэрэгцээ 5 дугаар сарын 9-нд ялалтын баяраа тэмдэглэхэд нь Путинд баярын бэлэгтэй адил зүйл болно гэж Аль Жазирагийн мэдээнд онцолжээ. Энэ үеэр Зеленский Германы канцлер Олаф Шольцийг 5 дугаар сарын 9-нд Киевт айлчлахыг урьсан байна. Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германыг ялсан ялалтын баярын өдөр буюу 5 дугаар сарын 9-ний өдөр Германы удирдагч Украинд байна гэдэг өөрөө асар их зүйлийг өгүүлнэ гэж ажиглагчид үзэж байна.

Өмнө нь Германы эрх баригчид Москвад 9-нд болдог баярын үйл ажиллагаанд оролцсоор ирсэн. Энэ жил Оросын төр ялалтын баярт гаднын ямар ч улсын төр засгийн тэргүүнийг уриагүй гэдгээ саяхан мэдэгдсэн. Герман улс Украины цэрэг дайны байдалд Оростой харилцаагаа муутгахгүй байхыг эрмэлзэж байгаа нь Киев, Берлиний харилцаанд томоохон сорилт болж байгаа.

Германы эрх баригчид саяхныг хүртэл Украинд зэвсэг илгээхээс татгалзаж, Оросын эсрэг Европын холбооны эрчим хүчний импортын хоригт нэгдэхээс цааргалсаар байгаа юм. Украины ерөнхийлөгч Германы энэ байр суурийг шүүмжилсээр ирсэн. Энэ хооронд АНУ Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа 150 сая доллараар нэмэгдүүлж байгаагаа зарлалаа. Байдены шинээр илгээхээр төлөвлөсөн 150 сая ам.долларын тусламжид их бууны сум, сөрөх их бууны радар, саармагжуулах цахилгаан төхөөрөмж, бусад сэлбэг хэрэгсэл багтжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Украинд үзүүлж байгаа энэ тусламжийн санхүүжилт дуусаж байгаа учраас нэмэлт санхүүжилт олгохыг Конгрессдоо уриалж байна. АНУ мөн Украинд тагнуулын мэдээллээ өгч байгааг BBC-гийн мэдээнд онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Унгарын ерөнхий сайд ОХУ-ын газрын тосны импортод хориг тавихыг эсэргүүцэв DNN.mn

Унгарын ерөнхийлөгч сайд Виктор Орбан улс орных нь эдийн засагт асар их нөлөөлөл ирэх учраас Оросын газрын тосны салбарт хатуу хориг тавих Европын холбооны саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Оросын газрын тосыг хориглох санал Унгарын эдийн засагт цөмийн бөмбөг хаягтай адил хохиролтой учраас энэ саналыг хүлээж авах боломжгүй гэж Унгарын засгийн газар мэдэгдэж байна.

Тодруулбал, Европын комиссын ерөнхийлөгч Фон Дер Лайен Оросын газрын тосыг энэ оны эцэс гэхэд хориглох талаар нэгдсэн байр сууринд хүрэхийг сая лхагва гарагт гишүүн орнууддаа уриалсан юм. Европын холбооны зарим орнууд Оросоос авч байгаа газрын тосны импортыг зогсоосны дараа гарах үр дагавар, нөлөөлөлд ихээхэн санаа зовниж байгаа.

Тухайлбал, Оросоос авдаг газрын тос Унгарын газрын тосны импортын 65 хувийг бүрдүүлдэг. Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолойг шилжүүлэхэд наанадаж 5 жил зарцуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт татах шаардлагатай болно гэж Унгарын ерөнхий сайд мэдэгдэж байна.

Иймээс Унгар, Словак улсуудыг газрын тосны өөр эх үүсвэр бүрдүүлэхэд нь 2023 оны эцэс хүртэл хугацаа өгөх болов уу гэсэн хүлээлт байгаа юм байна. Унгар улс Европын холбоотой хамтран ажиллах, яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаа, гэхдээ энэ бол бидний ашиг сонирхлыг харгалзан үзсэн тохиолдолд л боломжтой зүйл гэж Виктор Орбан мэдэгдсэн байна.

Одоо Европын холбоо Оросын газрын тосны салбарт хориг арга хэмжээ хэрэгжүүлэхээр бол гишүүн бүх улс оронтойгоо тохиролцох шаардлага тулгарч байна.

Categories
гадаад мэдээ

“Nespresso” кофены үйлдвэрт хагас тонн хар тамхи илэрчээ DNN.mn

Швейцарын Ромонт хот дахь “Nespresso” кофены үйлдвэрт 500 кг хар тамхи илрүүлсэн байна.

Кофены шуудайд сэжиг бүхий цагаан өнгийн нунтаг байгаа тухай мэдээллийн дагуу Фрибург мужийн цагдаа шалгалт хийхэд 80 хувийн цэвэр кокаин хар тамхи илрүүлжээ. Үйлдвэрт нэгжлэг хийхэд хагас тонн хар тамхийг кофены шуудайд нуусан байхыг олжээ.

Урьдчилсан мэдээллээр, хууль бус бараа Бразилаас таван чингэлгээр орж иржээ. Ийм чанарын кокаин хар зах дээр 50 сая франк буюу 51 сая ам.долларт хүрэх гэнэ.

Хар тамхийг бусад ачаанаас тусад нь тээвэрлэсэн тул “Nespresso” үйлдвэрийн ашигладаг түүхий эд, бүтээгдэхүүнтэй холилдоогүй гэж хууль хүчнийхэн онцолсон байна. Хэргийг Швейцарын Холбооны прокурорын газар шалгаж байна.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины талаарх мэдэгдлийг 100 хувийн саналаар дэмжив DNN.mn

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлаар гаргасан Ерөнхий нарийн бичгийн даргынхаа мэдэгдэлтэй холбогдуулан гаргасан баримт бичгийг 100 хувийн саналаар баталжээ. Тодруулбал, ОХУ уг тогтоолыг батлахыг дэмжиж санал өгсөн байна. Энэ нь ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс /2022.II.24/ хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөл уг асуудалтай холбоотой баримт бичгийг 100 хувийн саналаар баталсан анхны тохиолдол болов. Аюулгүйн зөвлөлөөс 100 хувийн саналаар дэмжигдсэн баримт бичиг Украины аюулгүй байдалд гүнээ санаа зовсон, үүсээд буй асуудлыг энхийн замаар, олон улсын хэм хэмжээнд заасны дагуу шийдвэрлэх ёстойг сануулж, Ерөнхий нарийнм бичгийн дарга Антониу Гутерришийн гаргаж буй, “Мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх” хүчин чармайлтыг дэмжсэн агуулгатай байжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдэл нь Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүдийн оролцоотойгоор батлагддаг боловч тогтоолтой харьцуулбал нөлөө сул, заавал хэрэгжих албагүй байдаг. Гэсэн ч Украины асуудлыг энхийн замаар шийдэх ёстой гэдэгт гишүүд бүгд санал нэгтэй байгаа юм байна гэдэг ойлголт өгснөөрөө энэ баримт бичгийг батлах явц ач холбогдолтой байлаа. Дашрамд дурдахад, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг энэ сард АНУ даргална.