Categories
гадаад мэдээ

Шри-Ланкийн ерөнхийлөгчид хариуцлага тооцно DNN.mn

Шри-Ланкийн эдийн засгийн хямралын улмаас тус улс албан ёсоор дефолт зарласан. Тэгвэл шинэ ерөнхий сайд Ранил Викрамасингхе ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүдэд хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна гэж мэдэгдэв. Энэ ажилд зориулан парламентын хяналт, санхүүгийн асуудлыг мөрдөн шалгах арав гаруй бие даасан хороод байгуулагдана гэв.

Цар тахал, нефтийн үнийн өсөлт, инфляцийн огцом өсөлт, хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэснээс ерөнхий сайд асан Махинда Ражапаксын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Махинда Ражапакса нь одоогийн ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн төрсөн ах юм. Тэд 2020 онд засгийн эрхэнд гарсныхаа дараа өмнөх засгийн газрын хэрэгжүүлж байсан сонгууль, цагдаа, санхүүгийн хэд хэдэн шинэчлэлийг хүчингүй болгож байв.

Шинэ ерөнхий сайд Ранилын засгийн газрын санал болгож буй шинэ тогтолцооны дагуу ерөнхийлөгч парламентын өмнө хариуцлага хүлээх болж байгаа аж. Сайд нарын танхим ч мөн парламентын өмнө хариуцлага хүлээх болно гэж Ранил Викрамасингхе мэдэгджээ. Уг саналыг Засгийн газар болон дээд шүүх хүлээж авсны дараа батлагдахад хэдэн долоо хоног шаардагдах аж. Харин шүүмжлэгчид шинэ ерөнхий сайдын дэвшүүлсэн улс төрийн шинэчлэлийг хүлээлтээс доогуур байна гэж үзэж байна. Учир нь ерөнхийлөгчийн гүйцэтгэх эрх мэдлийг хүчингүй болгох зэрэг жагсагчдын гол шаардлагыг биелүүлээгүй байна гэж үзжээ. “Засгийн газраас дэвшүүлсэн санал нь ерөнхийлөгчид маш их эрх мэдэл олгосон хэвээр байна” гэж тэд үзсэн байна.

Шри Ланкад нүүрлээд буй эдийн засаг, улс төрийн хямралыг зохицуулахаар санхүүгийн таван хороо, хяналтын 10 хороог байгуулах гэнэ. Одоогоор Улсын санхүүгийн асуудал эрхэлсэн хороо, Аудитын хороо, Төрийн өмчийн хороо гэсэн гурван хороо нь төрийн санхүүгийн асуудлыг хариуцаж байгаа бөгөөд шинэ хороодыг нэмэлтээр байгуулна гэж шинэ ерөнхий сайд хэлсэн байна.

“Залуучууд одоогийн тогтолцоог өөрчлөхийг уриалж байгаагаас гадна тулгамдаж буй асуудлуудын талаар үнэнийг мэдэхийг хүсч байгаа. Иймээс 15 хороо тус бүрд залуусын дөрвөн төлөөллийг оруулах саналтай байна” гэж тэрээр нэмж мэдэгджээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Зүсээ хувиргасан этгээд Мона Лизагийн хөрөг рүү бялуу шиджээ DNN.mn

Парис хотын Луврийн музейд хадгалагддаг сэргэн мандалтын үеийн суут бүтээлд халдсан хэрэг Ням гарагт гарчээ.

Тэргэнцэртэй, настай эмэгтэйн дүрд хувирсан эрэгтэй Леонардо Да Винчигийн бүтээл болох Мона Лизагийн хөрөг рүү бялуу шидсэн байна.

Халдлагын үеэр бүтээлд ямар нэг гэмтэл гараагүй ба хамгаалалтын шилэн хорго бялууны кремээр бохирлогджээ.

Хамгаалалтын албаныхан хиймэл үс зүүж, уруулаа будсан 36 настай эрэгтэйг музейгээс авч явсан байна.

Түүнийг Парис хотын цагдаагийн газарт саатуулж, урлагийн бүтээлд хохирол учруулсан хэргээр шалгаж эхэлжээ.

Баригдагч этгээд өмнө нь бас Луврийн музейд ийм үйлдэл гаргаж байсан тул энэ удаа зүсээ хувиргаж нэвтэрсэн юм байна.

Тэрбээр баривчлагдаад явахдаа “Хүмүүс эх дэлхийгээ сүйтгэж байна. Энэ талаар бодоцгоо. Уран бүтээлчид дэлхийгээ хайрла гэж та нарт хэлсэн. Би үүнийг сануулах гэж ингэсэн юм” хэмээн хашхирч байжээ.

Мона Лизагийн хөрөг рүү хүчил цацсан хэрэг 1950-аад онд гарч байсан юм. Үүний дараа бүтээлийг шилэн хоргонд байрлуулах болсон байна.

Эх сурвалж: BBC

Categories
гадаад мэдээ цаг-үе

Их Британи: Дэлхийн топ 50 их сургуулийн төгсөгчдөд ажлын виз олгоно DNN.mn

Их Британи улсын засгийн газар дэлхийн топ 50 их сургуулийг төгсөгчдөд ажлын виз олгох болсноо Даваа гаригт зарлажээ.

Энэ нь шилдэг мэргэжилтнүүдийг татах бодлогын хүрээнд гарсан шийдвэр юм байна.

Шийдвэр ёсоор дэлхийн шилдэг 50 их сургуулийг бакалавр, магистр зэрэгтэй төгссөн гадаадын иргэд хоёр жилийн хугацаатай ажлын виз авах боломжтой болжээ.

Докторын зэрэгтэй бол гурван жилийн хугацаатай виз авах боломж нээгдсэн байна.

Уг хөтөлбөрт хамрагдсан хүмүүс гэр бүлийнхээ хамт Их Британид суурьшиж, цаашдаа визээ урт хугацааны визээр сольж болох гэнэ.

Гэхдээ виз хүсэгчид сургуулиа төгссөнөөс хойших хугацаа таван жилээс хэтрээгүй байх ёстой юм байна.

Төгссөн сургууль нь Times Higher Education, Academic Ranking of World Universities, Quacquarelli Symonds гэсэн шилдэг их сургуулийн жагсаалтуудын ядаж хоёрт нь багтсан байх шаардлага тавьжээ.

Их Британийн засгийн газраас зарласан шилдэг их сургуулиудын жагсаалтад АНУ, Канад, Япон, Герман, Хятад, Сингапур, Франц, Шведийн сургуулиуд багтсан байна.

Виз хүсэгчид гэмт хэрэг, аюулгүй байдлын шалгалтаар орох ба англи хэлний ярих, унших, бичих чадвар “intermediate” түвшинд байх ёстой ажээ.

Эх сурвалж: Aljazeera

Categories
гадаад мэдээ

Япон улс ирэх сарын 10-наас Монгол жуулчдад виз олгож эхэлнэ DNN.mn

Япон Улсын Засгийн газар 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн аялал жуулчлалын компанийн шугамаар ирэх бүлэг жуулчдад аялал жуулчлалын виз олгохоор шийдвэрлэв. Эхний ээлжинд Монгол, АНУ, БНСУ зэрэг 98 улсын бүлэг жуулчдад аялал жуулчлалын виз олгох бөгөөд аялал жуулчлалын компаниар дамжаагүй хувийн шугамаар ирэх гадаадын жуулчдад виз олгохгүй юм.

Тус улс 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэг өдөрт хүлээн авах гадаадын иргэдийн хязгаарыг 10 мянгаас 20 мянга болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлээд байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

НҮБ: 220 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ DNN.mn

Украины дайнаас үүдэлтэй хүнсний бүтээгдэхүүний хомсдолын улмаас дэлхий даяар өлсгөлөн, хагас өлсгөлөн хүний тоо 220 сая хүртэл өснө гэж НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллагын дэд захирал Маурицио Мартина мэдэгджээ.

Хямралаас өмнө 2021 онд өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо дэлхийн 53 оронд бараг 200 сая хүрээд байсан юм. Цаашид нөхцөл байдал улам муудна гэж тэр сануулав.

Маурицио Мартина “Corriere della sera” сонинд ярилцлага өгөхдөө “Өнөөгийн байдал өлсгөлөнгийн асуудлыг улам хүндрүүлнэ. Бидний гаргасан анхны тооцоогоор өлсгөлөн хүмүүсийн тоо дахин 18 саяар нэмэгдэж магадгүй. Хэрэг явдлын өрнөлөөс л цаашдын асуудал тавигдана” хэмээн ярьжээ.

Одоогоор Украины боомтуудад зургаан сая тонн үр тариа, 14 сая тонн эрдэнэ шиш хуримтлагдаад байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Францын Гадаад хэргийн сайд Киевт айлчилж байна DNN.mn

Францын Гадаад хэргийн сайд Катрин Колонна Киевт айлчилж байгаа талаараа Твиттер хуудсандаа бичжээ. Тэрбээр Киевт Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба болон Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай уулзах юм.

Энэхүү айлчлалаараа “Франц улс Украины ард түмэнтэй эв санаа нэг, Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр бүрнээ шийдсэн гэдгийг харуулах” зорилготой гэнэ.

Катрин Колонна айлчлалынхаа хүрээнд Киев дэх Францын Элчин сайдын яамны төлөөлөлтэй уулзахындээр хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж буй, Украины үр тарианы экспортын гацааг шийдвэрлэх арга замуудын талаар Дмитрий Кулебатай хэлэлцэх аж.

Орос улс хоёрдугаар сарын 24-ний өдрөөс Украинд дайн эхлүүлсэн. Улмаар Украины гол боомтууд хаагдсанаар эдгээрт 25 сая тонн гаруй үр тариа хуримтлагдсан байна. Дэлхийн улаан буудайн нийлүүлэлтийн 10 хувийг хангадаг Украинд үүссэн энэ асуудлыг шийдвэрлэж, үр тариан нийлүүлэлтийг хэвийн байдалд оруулахгүй бол олон улс орон өлсгөлөнгийн ирмэг дээр очно гэж НҮБ анхааруулж байв.

Categories
гадаад мэдээ

Орос нь үгүй Давосын чуулган DNN.mn

Цар тахлын улмаас хоёр жил дараалан хойшлогдсон Дэлхийн эдийн засгийн ээлжит 52 дугаар чуулга уулзалт тавдугаар сарын 22–26-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж өндөрлөв. Давосын гэж нэрлэж хэвшсэн Дэлхийн Эдийн Засгийн Чуулга уулзалт 1971 оноос хойш жил бүрийн нэгдүгээр сард болдог уламжлалтай бол энэ жил анх удаа тавдугаар сард зохион байгуулагдаж бас улс төр, бизнесийн ганц ч орос төлөөлөгч оролцоогүй нь онцлог болов. Энэ удаагийн чуулга уулзалт “Түүхэн эргэлтийн цэг: Засгийн газрын бодлого ба бизнесийн стратеги” сэдвийн хүрээнд болж нийт 306 үндсэн болон салбар хуралдаанд улс төр, эдийн засаг, бизнес, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагуудын 2500 орчим төлөөлөгч оролцон хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Төр, засгийн тэргүүний түвшинд 50 гаруй улс, засгийн газруудын төлөөлөл болсон 300 гаруй төлөөлөгч дэлхийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийлсэн бол хувийн хэвшлийн 1250 гаруй төлөөлөгч хамгийн ирээдүйтэй технологи, бизнес гараа болон бусад шинэлэг санаачилгуудыг танилцуулсан байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй манай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тавдугаар сарын 23-ны өдөр болсон “Аялал жуулчлалын талаар дахин бодож, сэргээх нь”, “Эмзэг зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх нь”, “Ардчиллын ирээдүй” зэрэг хуралдаануудад оролцов.

Энэ удаагийн чуулганы уур амьсгалыг Украины дайны асуудал бүрэн эзлэв. Пакистаны ерөнхий сайд “Та нар Украин, Украин л гээд байх юм. Дэлхий ганц Украин биш шүү дээ. Азид асуудал их байна” гэж хэлээд ч тусыг эс олов. Чуулганд үндсэн илтгэлийг Еврокомиссын дарга Урсула фон дер Ляйен, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг болон бусад улсын төрийн тэргүүнүүд тавьж хэлэлцүүлэв.

Урсула фон дер Ляйен Оросын нефть, хийн эсрэг Европын холбооны хориг холбооны улсуудыг эрчим хүчний “ногоон шугамд” ороход тусална гэдэгт итгэлтэй байна гээд хэдийгээр Унгар, Словак, Чех улсууд эсэргүүцэж байгаа ч удахгүй Оросын эсрэг эрчим хүчний зургаа дахь хориг арга хэмжээ авагдах болно гэж мэдэгдэв. Мөн тэрээр Орос үр тариа болон эрчим хүчний хангамжийг зэвсэг болгон ашиглаж байгааг эрс шүүмжлэв. Урсула фон дер Ляйен Оросын шантажийн эсрэг Украины үр тариаг зөөвөрлөх “хамтарсан маршрут” гэх тээврийн шинэ зам нээх гэж буйг мэдэгдэн бид Оросын нефть, хийн занганаас гараагүй байж үр тарианы занганд орж болохгүй гэсэн юм. Мөн тэрээр Европын холбооны түүхэнд байгаагүй 10 тэрбум еврогийн тусламжийг гурав дахь улс болох Украинд үзүүлэх болсныг зарлан Орос “стратегийн уналтад” орж харин Украин Европын холбоонд элсэн улсаа хамтын хүчээр шинээр сэргээн босгож, энэ улс хууль дээдэлсэн, хараат бус шүүхийн тогтолцоотой болж авлига, олигархиас үүрд ангижирна гэдэгт итгэлтэй байна хэмээн үгээ өндөрлөв.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Эрх чөлөө чөлөөт худалдаанаас чухал. Үнэт зүйлээ хамгаалах нь ашиг орлогоос чухал” гээд бид урт удаан хугацааны амар амгалан байдлаа түр зуурын эдийн засгийн ашгаар солих ёсгүй гэж мэдэгдэв. Тэрээр Орос, Хятад гэх мэт авторитар улсууд эдийн засгийн давуу талаа хэрхэн зэвсэг болгож буйг анхааруулаад эдгээр улсад өндөр технологи олгохгүй байх ёстой гэж анхааруулав. Йенс Столтенберг бид НАТО-гийн гишүүн улсуудын алга дарам газрыг ч хамгаалах болно гээд өнөөдөр тус эвслийн 100 мянган цэрэг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байгааг сонордуулж Украины дайн бол олон улсын дэг журмыг шинэчлэх “шийдвэрлэх мөч” гэж хэлэв. Мөн Финлянд болон Швед улсууд НАТО-д элсэх гэж буй нь Европын аюулгүй байдал хүчээр айлган сүрдүүлэх явдлын эсрэг зогсож чадаж буйн илэрхийлэл гэж мэдэгдэв.

Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки “Владимир Путин Украины ургацыг дэлхий дахинд шантаажлах зэвсэг болгож байна.1933 онд Сталин яг ийм үйлдэл хийсэн” гэж мэдэгдэв. Украин үр тариагаа экспортолж чадахгүй байгаа нь дэлхийн зах зээлд хүнсний үнэ өсөхөд хүргэсэн. Энэ нь экспортоос хамааралтай улс орнуудад өлсгөлөнд нэрвэгдэх төлөв бий болгоод байгаа юм. Моравецкий Путин санаатайгаар хүнсний үнэ, тээвэрлэлтэд нөлөөлж, Африкийн хойд хэсэгт өлсгөлөн үүсгэн дэлхийд өөрийн хүчээ мэдрүүлэх гэсэн түүний стратегийн үйл ажиллагаа гэж мэдэгдэв.

Давосын чуулганд Германы канцлер Олаф Шольцын тавьсан илтгэл Киевын талын эрс шүүмжлэлийн бай болов. ХБНГУ-д суугаа Украины элчин сайд Андрей Мельник “Энэ илтгэл Герман улс бидэнд хүнд зэвсэг нийлүүлэх байх гэсэн том горьдлогыг хөсөрдүүллээ. Өнөөдөр зэвсэггүйгээс украинчууд их хохирол амсаж, үхэж үрэгдэж байхад Олаф Шольцод улстөрчийн манлайлал, эр зориг дутлаа” гэж мэдэгдэн өөрийн твиттер хуудсанд сум ачсан эмгэн хумсны фото зургийг “Украинд ирж буй Германы зэвсгийн тусламж” гэсэн тайлбарын хамт нийтлэв. Эмгэн хумс гэснээс энэ чуулганы үеэр оросууд Донбасст хятадууд Солонгосын дайнд хэрэглэж байсан “болжморын дайн” явуулсан юм. Болжморын дайн гэдэг нь өдөр шөнө алгасалгүй, цаг минут ч зогсохгүй цэргийн хүчээр дайрч эсрэг талаа өөрийн цэргийнхээ хүүрээр дарж ялахыг хэлдэг. Оросууд тэрэгний гол хийх гээд шүдний чигчлүүртэй үлддэг модчины үлгэр шиг 1800 км фронтоо 10 км болгон багасгаж, Украины Донбасс мужийг бус Севердонецк хот орчмын буюу эмгэн хумс мэт цүлхэн газарт Украины армийн хэдэн мянган цэргийг бүслэх гэж бүхэл бүтэн долоо хоног завсар зайгүй довтолж өөрийн цэргүүдийг хиаруулан “одоохон бүслэх гэж байна” гэж зогсоо зайгүй сурталдсан ч зорьсондоо хүрч чадсангүй. Хайран залуус. Хайран ч цэрэг эрс. Оросууд яагаад ингэж өөрийн цэргээр “махан овоо” босгоод байсан нь Давосын уулзалтын явцад тодорхой болов. Учир нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, энх тайвны Нобелийн шагналт, 99 настай Хенри Киссинжер энэхүү чуулганд цахимаар оролцож “Оросуудыг бүү буланд шах. Ингэвэл оросууд хятадуудтай тас тэврэлдэхээс өөр аргагүй байдалд орно. Бидэнд урт хугацааны энх тайван хэрэгтэй. Үүний тулд барууны улсууд Оросыг дайнд ялагдуулах зорилгоосоо татгалзаж, Украин төвийг сахисан “гүүр” улс болж Оростой хэлэлцээ явуулан маргаантай газар нутгийн асуудлаа энхийн замаар шийдэх ёстой” гэж уриалсан юм. Украины Оросуудад түр зуур хүчээр булаагдаад буй газар нутгийг жүүд Хенри Киссинжер “маргаантай газар нутаг” гэсэн нь зарим улстөрчдийг төдийгүй улс төр судлаачдыг галзууруулах шахав. Тухайлбал, нэрт математикч эрдэмтэн, улс төр судлаач, нийтлэлч Андрей Пионтковский “Оросуудын мөнгөөр 30 жил тэжээгдсэн Киссинжер бүр зөнөчихөж. Оросын төлөөлөл болсон Франц, Герман, Италийн улстөрчид үнэн нүүр царайгаа таниулж байна. Дэлхийн II дайны дараа Сталины хүсэлтээр Германы офицеруудад янхны газар байгуулж өгөхөөс өөр олигтой зүйл хийгээгүй Францыг ялагч улсын тоонд АНУ, Англи тун ч дургүй оруулсан. Үүнээс хойш францууд “аугаа улс” болж Оросын хатгаасаар АНУ, Англид дандаа гай болж ирсэн. Украины дайны дараа АНУ, Англи, Украин гурав дэлхийг “дахин хуваахад” голлох үүрэг гүйцэтгэн Франц, Герман, Итали гурав гортигны гадна үлдэх учраас ингэж нохойтож байна” гэж мэдэгдэв. Энэ ч харин худлаа шүү. Учир нь манай ерөнхий сайд асан С.Баярын хэлсэнчлэн өнөөдөр Украинд болж буй дайн бол дэлхийн дэг журмын өчигдөр, маргааш хоёр халз тулж, өнгөрсөн, ирээдүй хоёр дайтаж байгаа явдал. Бүхнийг хүчээр шийддэг, том нь жижгээ дээрэлхэж ирсэн өчигдөр. Бүхнийг хуулийн дагуу шийддэг, том жижиг гэлтгүй бүгд ижил тэгш эрхтэй байх гэсэн маргааш. Энэ хоёр эсрэг тэсрэг зарчим, хандлага Украины газар нутаг дээр өнөөдөр үхэх сэхэхээ үзэн тулалдаж байна. Энэ дайн дарангуйллыг системийн хувьд устгаж бүх улс тэгш эрхтэй болно. Тэгвэл яагаад Франц, Герман, Итали улсууд дайныг зогсоож, Украиныг Оростой энхийн гэрээ хийх ёстой гэж гэнэт уриалаад Путинтэй утсаар яриад унав?

Энэ гурван улс ингэж Оросын “хөлд сууж” байж гацаад байсан үр тариа, ургамлын тосыг Хар далайн боомтуудаас гаргуулж байгаа юм. Эдгээр тээврийн онгоцны ихэнх нь энэ гурван улсынх. Гэхдээ энэ тийм чухал зүйл биш. Хамгийн гол нь эдгээр үр тариа, ургамлын тос гацаанаас гарснаар Африк болон Исламын ядуу улсууд өлсгөлөнгөөс аврагдана. Эдгээр улсад өлсгөлөн нүүрлэвэл цагаачид энэ гурван улс руу цутгаж одоогийн удирдлага нь ээлжит бус сонгуулиар мулт үсэрнэ. Бас цаг алдалгүй, хүйтрэхээс өмнө хэрэгцээт хийн нөөцөө Оросоос авах боломжтой болж байгаа юм. Цаад үнэн учир нь энэ. Яаж ч уриалаад Украин Оростой хэлэлцээ хийж газар нутгаа өгөхгүй нь тодорхой. Иймээс Франц, Герман, Итали улсууд болон 99 настай жүүд Хенри Киссинжерийн түмэн зөв. Харин Германаас Украинд өгөх хүнд зэвсэг нийлүүлэх ажил удааширч буй нь үнэн. Угаасаа Герман, Япон хоёр Үндсэн хуулиараа өөр улсад зэвсэг нийлүүлэх ёсгүй байсан. Энэ хоёр улс Украинд өнөөдөр тусалж байгаа нь өөрөө маш том дэвшил. Германчууд бусад улсад бөөнөөр нь зэвсэг нийлүүлж байсан ямар ч туршлага ерөөс байхгүй учраас ингэж янз бүрийн саад үүсээд байгаа хэрэг. Украин Оростой энхийн хэлэлцээ хийх тухайд Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон “Чиний хөлийг зууж, талыг нь залгичихаад байгаа матартай хэлэлцээ хийх ямар ч боломжгүй. Ийм “нөхөр /Путин/”-т яасан ч итгэж болохгүй” гэж мэдэгдэв.

Украины ерөнхийлөгч Зеленский Давосын чуулга уулзалтад цахимаар оролцож өлсгөлөнг таслан зогсоохын тулд хүнс экспортлогч ардчилсан улсуудын хамтарсан, хүний эрхийг дээдэлж, олон улсын худалдааны дүрмийг удирдлага болгосон шинэ байгууллага байгуулахыг санал болгов. Мөн тэрээр дайны дараа Украины сэргээн босголтод оролцохыг бүх улсад уриалж Оросын эсрэг бүрэн хориг арга хэмжээ авахыг бас уриалав.

Ерөнхийлөгч Зеленскийг үг хэлсний дараа чуулганд оролцогсод бүгд босон алга ташихад ганцхан Хятадын төлөөлөгчид алга ташихгүй сууж байсан. Энэ бол Хятадын төр, засаг Украиныг эсэргүүцэж Оросыг дэмжиж буйн илэрхийлэл гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдах намын төлөөлөгч Майкл Маккол мэдэгдэв.

Давос хотод оршдог “Оросын сурталчилгааны төв” гэж нэрлэгддэг байшинд энэ удаагийн чуулганы үеэр Украинд орос цэргүүдийн үйлдсэн гэмт хэргүүдийг харуулсан фото зургийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэв. Ийнхүү Орос улс оролцоогүй Дэлхийн эдийн засгийн ээлжит 52 дугаар чуулга уулзалт дуулиан шуугиантайхан болж өндөрлөв.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Жонни Депп, Амбер Херд нарын шүүх хурал дууслаа DNN.mn

Lawyers Warn Johnny Depp-Amber Heard Trial Will Get Ugly | Crime News

Жонни Депп, Амбер Херд нарын шүүх хурлын эцсийн өдөр өнгөрсөн Пүрэв гаригт байлаа. Хоёр тал Виржиниа мужийн Фэйрфакс дахь тойргийн шүүх дээр сүүлчийн үгээ хэлжээ.

Хоёр тал болон гэрчүүдээс долоо хоногийн турш мэдүүлэг авч дууслаа. Одоо тангарагтны бүрэлдэхүүн хэргийг хэлэлцэж эхлэх юм байна.

Шүүх хурал тавдугаар сарын 19-ний Пүрэв гаригт дуусахаар товлогдоод байсан. Гэсэн хэдий ч чухал нотлох баримт болон мэдээллийг бүрэн үнэлэхийн тулд нэмэлт цаг өгчээ. Ийнхүү шинээр товлогдсон эцсийн хугацаа тавдугаар сарын 27-нд болсон. Гэвч нэг өдрийн өмнө буюу энэ сарын 26-нд шүүх хурал дуусчээ.

Шүүгчид ирэх долоо хоногт шийдвэрээ гаргах төлөвтэй байна. Шүүгчид ихэвчлэн Даваа гаригт хуралдаж, санал бодлоо солилцдог. Гэхдээ Мягмар гаригт тэмдэглэлт өдөр таарч буй тул ирэх долоо хоногийн сүүлээр үр дүнг танилцуулна гэж таамаглаж байна.

Categories
гадаад мэдээ

Вьетнам, Герман улс руу зорчих иргэдийн анхааралд DNN.mn

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдыг коронавируст халдвар /Ковид-19/-ын бх-ПГУ шинжилгээнд хамрагдсан байх шаардлагаас чөлөөлөв.

Түүнчлэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдыг коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдсан байх, коронавируст халдвараар өвдөөд эдгэснээ нотлох, бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагаас чөлөөлөв.

Categories
гадаад мэдээ

Латин Америкт сармагчны цэцэг өвчний хоёр тохиолдол илэрчээ DNN.mn

Латин Америкаас сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрчээ. Саяхан Испаниас ирсэн 2 эрэгтэйгээс энэ өвчний вирус илэрсэн тухай Аргентины эрүүл мэндийн яамны сайд мэдээлсэн байна. Сармагчны цэцэг өвчний халдвар одоогоор дэлхийн 20 орчим улсад 300 орчим тохиолдол батлагдсан байна.

Аргентинд илэрсэн эхний сэжигтэй тохиолдол PCR шинжилгээний хариугаар баталгаажсан, Буэнос-Айрес мужид амьдардаг тухайн өвчтөний биеийн байдал сайн байгаа гэж сайд мэдээлжээ. Хоёр дахь тохиолдол нь Лхагва гарагт Аргентинд ирсэн Испанийн иргэн, түүний биеийн ерөнхий байдал хэвийн, тусгаарлалтад оруулж, шинж тэмдгийн эмчилгээ хийж байгаа юм байна.

Үүний зэрэгцээ дээрх өвчтөнүүдтэй ойр харьцсан хүмүүст клиник болон тархвар судлалын арга хэмжээ авсан, одоогоор шинж тэмдэг илрээгүй юм байна. Өмнө илэрч байгаагүй 20орчим улсад сармагчны цэцэг өвчин газар авч тархаж байгаа нь олон улсын анхаарлын төвд ороод байгаа.

Европт энэ өвчний нэг том голомт болоод байгаа Испани улсад баасан гарагийн байдлаар, нийт тохиолдлын тоо 98-д хүрчээ. Их Британид 106 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бол, Португалид сармагчны цэцэг өвчнөөр өвдсөн хүний тоо 74 болж нэмэгдээд байна.

Түүнээс гадна Герман, Франц, Итали, АНУ, Канад болон Австралид өвчлөл бүртгэгдээд байгаа юм байна. Ийнхүү Европ, АНУ, Австралид гэнэт дэгдсэн сармагчны цэцэг өвчин Баруун болон Төв Африкийн орнуудаас гаралтай, энэ бүс нутагт зонхилон тохиолддог өвчлөл юм. Тиймээс ч энэ удаагийн дэгдэлт эмч мэргэжилтнүүдийг гайхшруулсан, гэхдээ Эбола эсвэл МЕРС буюу Ойрхи Дорнодын амьсгалын цочмог хам шинж өвчнүүдтэй харьцуулахад сармагчны цэцэг өвчин харьцангуй энгийн эмчилгээнд дарагддаг давуу талтай байна.

Европ болон АНУ-д энэ өвчин туссан хүмүүст саяхнаас туршилтаар вирусний эсрэг эм олгож эхлээд байна. Гэхдээ энэ төрлийн эм эмчилгээ хамгийн ихээр шаардлагатай байгаа Африкт дээрх эм бэлдмэлийг өргөн цар хүрээтэй турших ажил илүү амаргүй зорилт болж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.