Categories
гадаад мэдээ

​Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон огцрохоо мэдэгджээ DNN.mn

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Консерватив намын тэргүүн болон Ерөнхий сайдын албан тушаалаас огцрохоо мэдэгджээ. Гэвч нам нь шинэ тэргүүнээ сонготол тэрээр түр хугацаанд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх юм байна.

Жонсон 2020-2021 онд тус улсад хатуу хөл хорио тогтоосон үед Даунинг стритэд болсон үдэшлэгт оролцсон нь ил болсон юм. Харин энэ зургаадугаар сард болсон түүнд итгэл үзүүлэх тухай санал асуулгад тэрээр ялж, албан тушаалдаа үлдсэн.

Огцрохоор болсон тухайгаа мэдэгдэхдээ тэрээр өөрийг нь дэмждэг хүмүүст талархлаа илэрхийлж, дэлхийн хамгийн сайхан ажлаа орхиж байгаад сэтгэл дундуур үлдэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Украины ард түмэнд хандан түүнийг огцорсон ч танхим нь тус улсыг дэмжсээр байх болно гэв.

Их Британийн засгийн газарт Ерөнхий сайдад итгэх итгэлтэй холбоотой ноцтой хямрал хэдэн сарын турш үргэлжилж, энэ долоо хоногт дээд цэгтээ хүрсэн. Сүүлийн өдрүүдэд Жонсоны хамгийн ойрын дэмжигчид болох Риши Сунак, Эрүүл мэндийн сайд Сажид Жавид зэрэг 50 гаруй сайд, яамны өндөр албан тушаалтнууд ажлаа өгсөн байна. Дотоод хэргийн сайд Прити Пател, Тээврийн сайд Грант Шаппс нар мөн Ерөнхий сайдыг огцрохыг уриалсан билээ.

Эх сурвалж: ВВС

Categories
гадаад мэдээ нийгэм

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулж, эмнэлэгт хүргэгджээ DNN.mn

Япон улсын ерөнхий сайд асан Шинзо Абе өнөөдөр тус улсын баруун бүс нутагт сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байхдаа буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн тухай NHK суваг мэдээллээ.

Гэрчүүдийн мэдээлснээр Нара хотод болсон арга хэмжээний үеэр буун дуу хоёр удаа сонсогдсон байна. Абе энэ үед Ням гарагт санал хураалт нь болох парламентын дээд танхимын сонгуулийн үйл ажиллагаанд оролцож, намынхаа нэр дэвшигчийг дэмжсэн үг хэлж байжээ. Буун дуу гарсны дараа экс ерөнхий сайд газарт унаж, эмнэлэгт хүргэгдэхдээ ухаангүй байсан тухай мэдээлж байна.

Одоогоор Японы засгийн газар энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Одоо 67 настай Абе нь Япон улсын түүхэнд хамгийн удаан хугацаанд ерөнхий сайдаар ажилласан эрхэм юм. Тэрбээр эхлээд 2006-2007 онд, дараа нь 2012-2020 онд энэ албан тушаалыг хашиж байжээ.

2020 онд Абе Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорч байв.

Эх сурвалж: Associated Press

Categories
гадаад мэдээ

Финланд улс ОХУ-тай залгаа хилийнхээ шугам дагуу хаалт, бэхлэлт байгуулах шийдвэр гаргажээ DNN.mn

Өчигдөр буюу Пүрэв гаригт Финланд улсын парламент ОХУ-тай залгаа хилийнхээ шугам дагуу хаалт, бэхлэлт байгуулах шийдвэр гаргажээ.

Орос улстай 1,300 орчим километр шугамаар хиллэдэг тус улс олон жилийн турш эвсэлд үл нэгдэх гадаад бодлогыг тууштай сахиж байсан ч Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхэлсний улмаас НАТО-гийн цэргийн эвсэлд гишүүнээр элсэх шийдвэр гаргасан юм.

Парламентаас өгсөн зөвшөөрлийн дагуу Финландын засгийн газар хилийнхээ шугамын дагуу төмөр тортой хашаа зэрэг бусад хэлбэрийн хаалт, бэхлэлтийг байгуулах эрхтэй болж байна. Бас тус хилээр нэвтрэн ирсэн хүмүүст виз олгох нөхцөлийг чангалах шийдвэр гаргажээ.

Финланд улс дэлхийн хоёрдугаар дайны үеэр хоёр удаа Зөвлөлтийн эзлэн түрэмгийлэлд өртөж, газар нутгийнхаа 10 орчим хувийг алдаж байсан түүхтэй.

Финландаас гадна Швед улс мөн олон жил дагаж ирсэн гадаад бодлогоо эрс өөрчилж, НАТО-д элсэх өргөдлөө гаргаад байгаа. Хоёр улсыг гишүүнээр батламжлах үйл явц үргэлжилж байна.

Эх сурвалж: Reuters

Categories
гадаад мэдээ

Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ DNN.mn

Даваа гаригт АНУ-ын баруун дундад орших Иллинойс мужид Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр буутай этгээд гал нээж, зургаан хүн амиа алджээ. Хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг цагдаа нар баривчилсан байна.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр 20 гаруй хүн, тэр дундаа хүүхдүүд шархадсан байна. Чикаго хотоос хойд зүгт 40 км-ийн зайд орших Хайлэнд Паркт хэрэг гарчээ.

Цагдаагийнхан уг этгээдийг барилгын дээвэр дээрээс гал нээсэн байж болзошгүй гэж сэжиглэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Цагаан ордонд болсон тусгаар тогтнолын баярын үеэр уг хэрэгтэй холбогдуулан үг хэлжээ. Тэрбээр “Бидний ардчилалд, бидний амьдралд баталгаатай зүйл байхгүй гэдгийг өдөр бүр бидэнд сануулдаг. Бид үүнтэй тэмцэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-д гал нээж 6 хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ DNN.mn

АНУ-ын Иллинойс муж улсын Чикаго хотын “Highland” паркт долоодугаар сарын 4-ний өдрийн парадын үеэр гал нээсэн этгээдийг цагдаагийн ажилтнууд баривчилжээ.

Гэмт этгээдийг гал нээх үеэр зургаан хүн амиа алдаж, 31 хүн шархадсан бөгөөд амь эрсэдсэн хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна гэж холбогдох албаны төлөөлөгчид даваа гарагт мэдээлсэн байна.

Цагдаа нар эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны дүнд гэмт этгээд болох 22 настай Роберт И Кримог баривчилжээ. АНУ-д энэ он гарсаар галт зэвсэг ашиглан олон хүний амь насанд хүрсэн 308 хэрэг гарсан гэж “Gun Violence Archive” байгууллага мэдээлжээ.

Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден галт зэвсгийн хяналтыг чангатгах хуулинд гарын үсэг зурсан юм. Буффало хотод зэвсэглэсэн этгээд 10 хүний аминд хүрсэн хэрэг гарснаас хэдхэн долоо хоногийн дараа АНУ-ын хууль тогтоогчид зэвсэгт хяналт тавих хуулийг төслийг баталсан билээ.

АНУ-ыг өндөр орлоготой бусад орнуудтай харьцуулахад галт зэвсгээр хүний аминд хүрэх гэмт хэрэг их гардаг. Тухайлбал, 2019 онд Америкт галт зэвсэгт өртсөний улмаас амиа алдсан хүний тоо 100 мянган хүн тутамд 4.12 байсан бол Канадад энэ үзүүлэлт 0.5 байжээ.

Categories
гадаад мэдээ

Энэтхэг улс нэг удаагийн хэрэглээтэй хуванцар ашиглахыг хоригложээ DNN.mn

Энэтхэг улс хөрсний бохирдол, хог хаягдлаасаа ангижрахын тулд нэг удаагийн хэрэглээтэй хуванцар ашиглахыг хориглолоо. Энэхүү хориг нь эхний ээлжид хүнс, ундаа, өргөн хэрэглээний бараануудад хамаарахгүй аж.

Тус улс жилд 14 сая тонн хуванцар хэрэглэдэг боловч хуванцар хог хаягдлыг зохицуулах системтэй тогтолцоо байдаггүй. Шинээр хэрэгжиж хориг нь нэг удаагийн хутга, соруул, чихэвч, хүнсний уут, үлээдэг бөмбөлгийн иш, чихэр, зайрмаг, тамхины хайрцаг зэрэгт хамаарна.

Мөн зарим төрлийн гялгар уутыг дахин ашиглах боломжтой болгохын тулд зузааныг нь нэмэгдүүлэхийг шаардсан байна.

Эх сурвалж: CNN

Categories
гадаад мэдээ

Цар тахалтай амжилттай тэмцэж буй орнуудын жагсаалтыг БНСУ тэргүүлжээ DNN.mn

Цар тахалтай амжилттай тэмцэж буй орнуудын жагсаалтыг БНСУ тэргүүллээ.

2020 оны 11 дүгээр сараас хойш гаргасан энэхүү жагсаалт зургаадугаар сараар эцэслэгдэж байна. Энэ нь улс орнуудад цар тахлын нөхцөл байдал тогтворжиж, цаашид үнэлгээ хийх шаардлагагүй болсонтой холбоотой аж. Жагсаалтыг тэргүүлж буй улсууд иргэдээ вакцинд бүрэн хамруулж, эдийн засаг, нийгмийн орчин нөхцөл нь 2019 оны үетэй дөхөж ирсэн байна.

Харин СOVID-19-ийн халдварын тархалтын эсрэг хатуу бодлого баримталсаар буй Эх газрын Хятад болон Хонгконг сүүлийн тавд бичигдэж байна.

Э.Мишээлт

Categories
гадаад мэдээ

АНУ: Украинд 820 сая ам.долларын зэвсгийн тусламж үзүүлнэ DNN.mn

АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд аюулгүй байдлын нэмэлт тусламж болгон 820 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэж мэдэгдлээ.

Тусламжийн багцад “НАСАМС” гэгддэг үндэсний дэвшилтэт “газар-агаар” пуужингийн систем, өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн систем зэрэг зэвсэг багтаж буй юм байна.

Хоёрдугаар сарын сүүлчээр ОХУ-ын цэргийн дайралт эхэлснээс хойш АНУ Украинд аюулгүй байдлын чиглэлээр ойролцоогоор 6.9 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн тухай Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский баасан гарагт нийтэлсэн видео бичлэгээрээ АНУ-ын нэмэлт тусламжид талархаж байгаагаа илэрхийлээд, “НАСАМС” систем нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчийг ихээхэн бэхжүүлнэ. Мөн манай улс түншүүдээсээ бусад шинэ зэвсгийн талаар хэлэлцээ хийж байна” гэж мэдэгдсэн байна.

Энэ үеэр Володимир Зеленский Оросын баасан гарагийн үүрээр өгсөн пуужингийн цохилт өмнөд хэсгийн Одесса муж дахь есөн давхар орон сууцыг онож 21 хүн амиа алдсан гэж мэдэгдсэн. Тэрбээр энэ халдлагыг “санаатай, зорилготой үйлдэл” гэж тодорхойлж байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

ДЭМБ: Европт сармагчны цэцэг өвчний халдвар 3 дахин нэмэгдлээ DNN.mn

Сүүлийн хоёр долоо хоногт Европт дэгдсэн сармагчны цэцэг өвчний халдвар гурав дахин нэмэгдсэн хэмээн ДЭМБ-ын Европыг хариуцсан захирал Ханс Клюге мэдэгдлээ. Энэ талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ бичжээ.

Ханс Клюге Европын улс орнуудыг эл өвчний эсрэг тэмцэхийн тулд илүү их арга хэмжээ авахыг уриаллаа. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /CDC/-ийн мэдээлснээр, дэлхийн 51 оронд сармагчны цэцэг өвчний 5,000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Ханс Клюгегийн хэлснээр, Европт халдвар авсан хүмүүсийн тоо нийт хүн амын 90 орчим хувийг эзэлж байгаа бол сармагчны цэцэг өвчин Европын 31 улс оронд бүртгэгдсэн. Мөн нийт тохиолдлын 99 хувь нь эрэгтэйчүүд байгааг нэмж онцлов.

Сармагчны цэцэг өвчин нь салхин цэцэг өвчинтэй ижил төрлийн халдварт өвчин ба өвчний вирусийг анх 1950-иад онд илрүүлсэн ба Африк тивийн хүмүүст голчлон халдварладаг гэж үздэг.

Халдварын эхний шинж тэмдгүүд нь халуурах, толгой өвдөх, булчин болон ууц нуруугаар өвдөх, тунгалагийн булчирхай /зангилаа/ хавдах, жихүүдэс мэдрэх, ядарч сульдах зэрэг болно. Мөн тууралтаар илрэх ба ихэвчлэн нүүрэн дээр, дараа нь биеийн бусад хэсэгт тархдаг.

Categories
гадаад мэдээ

Сар руугаа нисэж эхлэв DNN.mn

АНУ-ын Агаарын нислэг, сансрыг шинжлэн судлах үндэсний төв буюу “NASA” мягмар гаригт “Capstone” сансрын төхөөрөмжөө сар луу хөөргөжээ.

Хөөргөх ажиллагааг “NASA” цахим хуудсаараа шууд дамжуулав.Сансрын төхөөрөмжийг АНУ-ын Зүүн эргийн цагаар 5 цаг 55 минутад Шинэ Зеландын Махия хойгийн сансрын буудлаас Америкийн “Rocket Lab” компанийн “Electron” зөөгч пуужингаар хөөргөжээ.

Анхны төлөвлөгөөний дагуу “Capstone” тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 22-ны хооронд даалгавраа эхлүүлэх ёстой байсан боловч нислэгт бэлтгэх нэмэлт ажил хийх шаардлагатай байсантай холбоотойгоор удаа дараа хойшилсон аж. “Capstone” төхөөрөмж нь ирээдүйн сарны станц “Gateway”-г байрлуулахад тохиромжтой тойрог замыг нарийн тооцоолоход туслах ёстой юм гэнэ. Уг төхөөрөмж 25 орчим кг жинтэй юм байна. “Cap­stone” сарны тойрог замд дор хаяж зургаан сар ажиллана гэж “NASA” үзэж байна.

“NASA” сарыг эзэмших хөтөлбөрөө 2019 оны хавар танилцуулжээ. “Ar­temis” хэмээн нэрлэсэн уг хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэх гэнэ. Эхний үе шатанд “Space Launch System” шинэ, хүнд хүчтэй пуужингаар “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийсний дараа дэлхий рүү буцаж ирнэ. 2023 онд товлосон хоёр дахь үе шат нь сар руу сансрын нисэгчид нисэх бол 2025 онд гурав дахь үе шатанд “NASA” сансрын нисэгчдээ саран дээр буулгаж, дараа нь 2030-аад оны дундуур Ангараг руу илгээхээр төлөвлөжээ.

Г.АМАРСАНАА