Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

О.Энх-Эрдэнэ: Жазз дуучин Дэлхийн тайзан дээр ч, жазз бааранд ч дуусаж магадгүй DNN.mn

Каунтри, жазз хөгжмийн урсгалыг монголчуудад түүчээлэн таниулж , “Mongol Country” төслийг баг хамт олонтойгоо эхлүүлээд байгаа дуучин О.Энх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьж байна вэ?

– “Амьдрал баян” цомог маань  “М Music” дээр цацагдсан байгаа. Цомог дотор нэг жазз дуу, бусад дуунууд маань каунтри урсгалын дуунууд байгаа. Цомог маань Цагаан сарын дараа хэвлэлтээс хүрээд ирнэ. Түүний дараа биет хэлбэрээр худалдаанд гарна. “Mongol Country” төслийг бага хамт олноороо хэрэгжүүлээд явж байгаа. Манай хөгжмийн продюсер Мөнхболд гэдэг хүн байгаа. “Амьдрал баян” цомгийн шүлгийг Батцэнгэл ах маань зохиосон. Манай төслийн зорилго бол Монгол соёл, ахуйгаа шингээсэн жазз, каунтри урсгалын дуу хийх. Нөгөө талаасаа амьд хөгжмийг илүү их дэлгэрүүлэх зорилготой. Энэ цомгийн бүх дуу амьд хөгжимтэй. Монгол хүн зохиосон учраас монгол соёл шингэсэн. Үүгээр зогсохгүй Монгол Улсаа бусад улс орнуудад өөрсдийнх нь мэдэх хөгжмийн урсгалаар дамжуулан таниулах оролдлого юм даа.

-“Авьяаслаг Америкчууд” шоунд орох шийдвэр яагаад гаргасан бэ. Хэр их бэлтгэл хийдэг вэ?

-Урилга ирсэн. Тэгээд миний хүлээх ёстой үүрэг хариуцлага мөн боломж минь байсан. Би дэлхийн хамгийн алдартай жааз дуучин болох мөрөөдөлтэй түүнийгээ шат шатаар биелүүлээд л явж байна. Жазз дуучин дэлхийн тайзан дээр ч, захын бааранд ч дуусаж болно гэхдээ миний хүсэл бол дуулсаар, аз жаргал түгээсээр байх. Аль нь ч байлаа, би мөрөөдлийнхөө төлөө ямар нэг зүйл хийх ёстой. Би хязгааргүй мөрөөддөг, төлөвлөгөөг бол хамгийн тааруухан байхаар төлөвлөдөг. Тэр мөрөөдөлд хүрэхийн төлөө маш их хугацаа, нүсэр хөдөлмөр зарцуулна. Яг одоо хийж байгаа зүйлээ  тууштай хийгээд, өөрийгөө илүү их хөгжүүлэхийг хүсч байна. Надад гүйгээд явсан өдрүүд байгаа, мөлхөөд ч явсан өдрүүд байгаа. Хамгийн гол нь зогсохгүй яваа маань чухал. Хүн хийсэн бүхнээсээ туршлага хуримтлуулаад явдаг. Алдсан бол суралцаад л явдаг. Бэлтгэлийн хувьд  дуулах дуртай болохоор цаг заадаггүй. Хамгийн багадаа хоёроос гурван цаг. Магадгүй түүнээс дээш. Хоолойгоо сөөх хүртэл дуулах үе ч байна.

-Өөр урсгалаар дуулаад үзэх бодол бий юу?

-Би дуртай дуугаа илүү дуулах дуртай. Бүх хүн трэйп сонсож байна гээд уран бүтээлч хүн хийдэг зүйлээ өөрчилөх нь утгагүй хэрэг л дээ. Каунтри хөгжим маань сонсоход илүү таатай урсгал. Харин эсрэгээрээ хүмүүст илүү танин мэдүүлэхийг зорьж байна. Сонгосон замдаа огт харамсдаггүй ээ. Нэг дуунаас авсан мэдрэмжээ бусадтай хуваалцах гэж бэлтгэл хийж, дуулдаг болохоор намайг сонсож байгаа хүмүүс жаргалтай байгаасай л гэж хүсдэг.

О.Энх-Эрдэнэ "America's Got Тalent" нэвтрүүлгийн хагас финалд шалгарчээ

Жазз клубтэй болох хүсэлтэй юу?

-Жазз урсгал нийгмийн цөөнх сонсдог урсгал. Миний бодлоор амьд хөгжимд бүх зүйл амьд байх хэрэгтэй. Бид нэг тоглолт хийлээ гэхэд тэр бүх хамтлагийн гишүүдийн, үзэгчдийн мэдрэмж амьд байж байдаг, тухай үедээ цор ганц. Тэр бүх амьд сэтгэл зүй, амьд мэдрэмжүүд хүмүүст илүү сайхан санагдах байх гэж найддаг. Хүмүүс бидний хөгжмийг сонсож, гоё мэдрэмж авч байна гэдэг л гол зүйл. Мэдээж жазз клубтэй болох бол жааз хөгжим сонсдог хүн бүрд байдаг хүсэл байх.

-Хүүхэд насаа хаана, хэрхэн өнгөрөөсөн бэ?

-Би айлын хоёр хүүхдийн бага, нэг эгчтэй. Аав маань Архангай нутгийн хүн, гэхдээ би хүүхэд насаа Эрдэнэт хотод өнгөрөөсөн. Гэртээ ганцаараа их үлддэг хүүхэд байлаа. Youtube миний хамгийн том багш байлаа. Тэндээс л анх жазз хөгжим олж сонссон. Миний хамгийн том бэлтгэл хийдэг газар гэр байсан. Хамгийн анхны том тайз бол “Авьяаслаг монголчууд” байсан. 14 настайгаасаа хойш тогтмол жазз, каунтри урсгалын хөгжим сонсоод, дуулаад явж байна.

-Гэр бүлийнхэн нь анх дуучин болох шийдвэрт хэрхэн хандсан бэ?

-Манай хамаатан садан дунд урлагийн хүн огт байхгүй. Аав ээж маань мөн урлагаас хол хүмүүс. Магадгүй надад багахан өгөгдөл байсан. Анх өөрөө хөгжим сонсоод, дурлаад дуулж эхэлсэн. Би чадаагүй зүйлээ чадчихсан юм шиг ярих дургүй. “Авьяаслаг монголчууд”-д орохдоо шилдэг 32-т шалгарчихаад гэрийхэндээ хэлж байсан. Америк руу тэмцээн рүү явахдаа хэнд ч  хэлээгүй шахам. Зөвхөн ойр дотны маань хүмүүс мэдэж байсан. Мөн миний үлгэр жишээ авдаг хүн бол Франк Синатра. Тэр хүний харизм, байгаа байдал, дуулах өнгө аяс маш их таалагддаг. Нэг үгээр бол ярьж дуулдаг хүн . Үлгэр уншиж байгаа юм шиг.

-Чөлөөт цагаа юу хийж өнгөрөөдөг вэ?

-Би 20 гаруй жил хөл бөмбөг үзэж байна. Зургаан настайгаасаа хойш хөл бөмбөг үзсэн. Real Madrid гэдэг суваг гардаг байсан. Тухайн үед Real Madrid-ын тухай гардаг, гоё тоглолтууд ч гардаг суваг байсан. Premier League-ээс Arsenal гэдэг багд дуртай. Үндсэн дэмждэж баг маань Real Madrid. Ямар баг үзүүштэй тоглолтуудын үзүүлж байна. Тэр багийг дэмжих үе ч байна.

 

 

 

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Улаанбаатарын өвлийн наадам” зохион байгуулна DNN.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг нэгдүгээр сарын 27, 28-нд “Скайрезорт” цанын бааз болон Цонжин болдогт байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус зохион байгуулах гэж байна.

Монголынхоо үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа юм.

Наадмын үеэр

  • Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Параглайдингийн /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулна.

Мөн

  • Шүхрийн үзүүлбэр
  • Шувуулахуйн үзүүлбэр
  • Снөүбоардын үзүүлэх тоглолт
  • Нохой чарганы үйлчилгээ
  • Хоол ундны үйлчилгээ
  • Цана, чарганы үйлчилгээ үзүүлэх юм.

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын Өвөр монгол, Шинжаан Уйгур, Бүгд найрамдах Тува улс гэх мэт Монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин оролцоно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Б.Солонгоо: Мэдээллийг шүүх, тунгаах чадвар нийгэмд маш их учир дутагдалтай байна DNN.mn

Өнөөгийн нийгэмд инфлүүнсер хүмүүс нийгэм болоод хүүхэд, залуу үед ямар нөлөөлөл үзүүлж буй тухай Олон улсын Franklincovey Mongolia LLC боловсролын байгууллагын гүйцэтгэх захирал Сэтгэлзүйч, Манлайлал, хандлага, харилцааны трэйнер, бизнес коуч Б.Солонгоотой ярилцлаа.


-Инфлүүнсер гэж хэнийг хэлэх вэ. Олон улсын ойлголттой бидний ойлголт ижил байна уу?

-Инфлүүнсер гэдэг бол нийгэм, олон нийтэд маш товч тодорхой, цэгцтэй, оюунлагаар мэдээлэл болон нийгэмд болж байгаа, болохгүй байгаа асуудлуудыг цахим орчинд илэрхийлдэг, тодорхойлдог, хуваалцдаг хүмүүсийг хэлнэ. Influencer буюу Нөлөөлөгч хүн гэж хэлж болно. Олон улсын хэмжээнд бол яг Influencer-ын тодорхойлолт бол зөв системээрээ, оюунлаг мэдлэг мэдээллээ нийгэмд зөв зүйтэйгээр түгээх, өөрийгөө илэрхийлэх юм. Монголд яг энэ хэм хэмжээ нь байна, оюунлаг Influencer-үүд ч байна. Төдий хэмжээндээ Influencer хүмүүс мэдлэг мэдээллээ хуваалцаж байна. Гэхдээ яг одоо манай Монголын нөхцөлд инфлүүнсер гэдэг маань ард иргэд юу сонсохыг хүсч байна, ард иргэдэд юу хэрэгтэй байна, ард иргэд өөрсдөө хэнийг дагаж байна гэдгээс шалтгаалан цаг үеэ дагаад өөр өөрөөр тодорхойлогдож байна. Хүссэн хүн бүр Influencer нэр зүүж байгаа нь анхаарах ёстой зүйл.

-Инфлүүнсер хүмүүс нийгэмд ямар үүрэг, хариуцлага хүлээдэг вэ?

-Мэдээллийг шүүх, тунгаах чадвар нийгэмд маш их учир дутагдалтай байна. Нийгмийн учир дутагдалаа дагаад олон нийтийн үг хэлэх эрх хязгаарлагдаж байна. Нийтийн зориг мохож байгаа учраас, аливаа асуудлуудыг айдасгүйгээр, хошин наргианаар шүүлтүүргүйгээр хуваалцаж, дамжуулж байгаа. Нийгэм болон олон нийтийн өмнө бусдын оюун санаа, эрүүл мэнд, эрх ашиг, нэр хүндэд халдсан, эрсдэл дагуулсан буюу сөргөөр нөлөөлсөн аливаа зүйлийг хийж болохгүй.

-Инфлүүнсер хүн зөвхөн цахим орчноор дамжуулж нөлөөлөл үзүүлэх ёстой юу?

-Заавал олон нийтийн орчинд нөлөөлөх хүрээлэл тодорхойлогдохгүй. Ажлын байрны хүрээлэл, албан харилцаа гэх мэт. Мөн гэр бүлийн хүрээнд зөв нөлөөлөл, зөв үлгэрлэл, сайн сайхныг түгээдэг бол мөн инфльюнсер юм. Инфлүүнсер хүн бүх хүнд танигдах албагүй юм.

-Өөрсдийн цахим хаягаар дамжуулж бараа бүтээгдэхүүн сурталчлах нь ёс зүйтэй үйлдэл үү?

-Нийгэмд өгөөж өндөр, цаг хугацаа, санхүүгийн хувьд олон нийтийн хэрэгцээ, амьдралд нийцэхүйц бол байх боломжтой, гол нь нийгмийн болон өөрийн эрх ашиг хоёр нь тэнцвэртэй байх нь маш чухал.

-Инфлүүнсер хүмүүс хүүхэд, залуу үеийнхэнд ямар нөлөөлөл үзүүлж байна вэ?

-Мэдээж сайн талаас ч, сөрөг талаас ч нөлөөлөл үзүүлж байна, гэвч сөрөг нь илүү хүчтэй үр дагавар дагуулж байгаа нь цахим орчинд илэрч байна. Салбар бүрийн удирдах түвшний нөлөөлөх хүн бүр л хүрээлэл бүрдээ зөв цэгцтэй мэдээлэл олгох, түгээх, үлгэрлэх оролдлогуудыг илүү их хүчтэй, идэвхтэй зохион байгуулах нь сөрөг үр дагавруудыг давамгайлах боломж олгож байна. Гэр бүлийн орчин л бүх үед зөвөөр нөлөөлдөг, гэр бүл бол маш том нөлөөтэй инфлүүнсерүүд юм. Хүн бүр л өөрийгөө соёлжуулж, мэдлэгжүүлж, зөв мэдээлэл олж авч сурах маш чухал. Ялангуяа өсвөр үеийн хүүхэд, залуучууд руу хандсан зөв нөлөөлөл хэрэгтэй. Оновчтой зөв мэдээлэл гэр бүл бүрд түгээгдэх хэрэгтэй.

-Хэт их мэдээллийн орчин нь мэдлэггүй иргэдийг төрүүлж байна?

-Нөлөөлөгч хүмүүс үнэ цэнэтэй мэдээллийг иргэдэд өгч чадаж байгаа. Бүх юм хоёр талтай байдаг. Influencer хүмүүс мэдлэг мэдээлэл өгч байна, мэдлэггүй хүмүүсийг мөн мэдлэгжүүлж байна.

Н.НАРВАНЧИН              

 

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Солонгосын алдарт дуучин, “F4” киноны жүжигчин Ким Хён Жун Монголд тоглолт хийнэ DNN.mn

Солонгосын алдарт дуучин, “F4” киноны жүжигчин Ким Хён Жун, MC Sniper, Bloo нар Монголд тоглолтоо хийхээр болжээ. 

Тодруулбал, тэд Чойжоо, Vandebo хамтлагтай хамтран Гэгээн валентины өдөрт зориулсан тоглолтоо хийх аж.

Солонгосын оддын тоглолт Монголд болно

Хоёрдугаар сарын 17-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох энэхүү тоглолт нь энэ жилийн Валентиний баярын хамгийн том фестиваль гэдгээрээ онцлог. Уг тоглолтыг Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд  зохион байгуулж байгаа аж. “Your Valentine” нэртэй уг тоглолтын тасалбар худалдаалагдаж эхэлжээ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“Монгол хаан”-төсөөллөөс хэтийдсэн жүжиг DNN.mn

 Урлаг соёлын сүүлийн үеийн мэдээллийн индэр “London review”-д нийтлэлч Вартика “Монгол Хаан” жүжгийн талаар шүүмж бичсэнийг хүргэж байна.


МОНГОЛ ХААН” – ТӨСӨӨЛЛӨӨС ХЭТИЙДСЭН ЖҮЖИГ

Урьд нь миний бие ийм жавхлан төгөлдөр бүтээл тайзнаа амилахыг харж байсан удаагүй. “Монгол Хаан” жүжиг бүхий л талаараа төсөөллөөс хэтийдсэн, нягт дэглэсэн, нүд баясгам үзүүштэй тоглолт байлаа. Лондонгийн хамгийн том театр Лондон Колизум л эл ер бусын жүжгийг толилуулах хамгийн тохиромжтой тайз мөн аж. Туульслаг жүжгүүдээрээ алдартай тус театрын цог жавхааг “Монгол Хаан” жүжиг улам чинагш асаан бадраажээ.

1998 онд тайзнаа анх тавигдсан “Тамгагүй төр” жүжгээс сэдэвлэн шинэчлэн найруулсан эл бүтээлийн сэтгэл догдлуулам үйл явдал нь үзэгчдийг өнө эртний Хүннү гүрэнд аваачиж, төр улсынхаа тусын тулд үнэн худлын ээдрээнд үхэл амьдралыг дэнсэлгэн шийтгэх хааны үйл хэргийг үзэж, нүдээр гэрчлэх үлгэрийн аянд зорчуулна.

Жүжигчин, дууч, бүжээч, уран нугараач, хүүхэлдэйн жүжигчид, нийт 70 гаруй уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүн ийнхүү үзэгчдийн мэлмийг баясгаж, ухааныг цэнгүүлсэн гарамгай тоглолтыг бүтээж чаджээ. Ур төгөлдөр дэглэсэн бүжиг, уянга найрсал яруу хөгжим, донж төгс дэгжин өмсгөл цугаар бүрдэх нь хараа булаам үзэсгэлэн юм. Монголын үндэсний бүжиг, угсаатны өвөрмөц бүрдвэрүүд нь жүжгийг сэргэлэн өрнүүн соёлын баялаг агуулгаар баяжуулсан байна.

“Монгол Хаан” жүжиг: түүхэн дэвшил

“Монгол Хаан” нь Монголын театр урлагийг Уэст-Эндийн тайзнаа анх удаа таниулан сурталчилж, түүхнээ шинэ хуудас нээн сийлсэн тэмдэглэлт явдал боллоо. Энэ чухал алхам нь үндэстний соёлын олон улс дахь сурталчилгаа болох төдийгүй Монголын театр урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирснээ зарлаж буй нь манай өрнөдийнхөнд Монгол соёлтой зурвас танилцах завшаан болов.

No description available.

Эл бүтээлийн хөгжим нь өрнийн хийгээд Монголын үндэсний найрал хөгжим, найрал дуу болон хүүхдийн найрал дууг багтаасан өргөн цар хүрээ, олон янз төрлийг агуулсан хөгжмийн томоохон бүтээл байна. Монгол хөгжмийн баялаг урын санг дэлхий даяарт хүргэхийг зорихдоо өрнийн сонгодог хөгжимтэй зохируулсан нь олон улсын үзэгч, сонсогчдын ая таацыг бодолцсон нь зүй.

“Херо” Баатарын машид няхуур найруулга бүхий энэ тайзны сод туурвил нь тайзан дээрх жүжгийн тоглолт төдийгөөс хальж, Монгол түүх цадигийг соёлтой нь сүлэн урлаж, урлагаар нь шигтгэн чимсэн гоц уран, гойд нандин сор бүтээлийг гийгүүлэн заах гэрэлт цамхаг мэт аж. Хувцас өмсгөл, хэрэгсэл заслын загвар хийцийг түүхэн нарийвчлал, бодит судалгаанд тулгуурлан бүтээсэн нягт онч, нямбай гүйцэтгэл нь “Монгол Хаан” жүжгийг Лондонгийн Колизумын алдарт тайзнаа Монгол өв соёлыг дуурьсган мөнхөлж, сонор мэлмийг мялааж, соёлоор гайхашруулсан тод томруун гарамгай тоглолт болгон мандуулж чаджээ.

Хүмүүний мөн чанарын тухай эргэцүүлэлд хөтлөх эрэлхийлэл

Эл жүжиг Монголын түүхнээ цолгорсон бодит дүрүүд бүхий түүхэн үйл явдлыг үзүүлнэ гэж олон хүмүүс хүлээж байсан байж болох ч, эсрэгээрээ зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн энэ зохиол нь уран сайхны зохиол юм. Сайн муу, сайхан муухай, хайр хорсол, хонзогнол ба эвлэрэл, аминч атгаг санаархал, аху төрийн зоригдол гээд хүмүүний оршихуйн түгээмэл учрал тохиолыг хамруулан өгүүлсэн энэ жүжиг суут Чингис хаан тодрохоос мянган оны тэртээ, эртний Хүннү гүрний үед өрнөн хүүрнэх нь түүхэн сурвалжийн дүрслэлээс ч үнэмшилтэй ажээ.

Хүмүүний мөн чанарын тухай эргэцүүлэлд хөтлөх энэ эрэлхийлэл нь эрин зуун, үндэс соёл эс хамааран эгнэгт тохиож байдаг эцэс төгсгөлгүй тэмцэл, ялалтын тухай уудлан өгүүлнэ. Хожим мандсан залгамж Монголын эзэнт гүрний алдар цууд ихэнхдээ дарагдан орхигддог Хүннү гүрэн нь эл жүжгээр язгуур өнгө төрх, яргам гүн утга агуулгаараа сэргэн тодорч, тайз төдийгөөс хэтийдэн нүднээ амилан өндийх нь ухаж бодоогүй өвөрмөц сэдлийг оюунд ургуулна.

“Монгол Хаан” жүжиг төр улсын түүх хийгээд хүмүүний сэтгэлийн нандин учгийг нийтгэн сүлжилдүүлсэн уран цэцэн, утга гүн хүүрнэл мөний учир үзэгчдийг улс гүрний сүр хүч, эр хүний жудаг зангараг, залгамж ёсны самуурал, ээдрээн тухай эрхгүй бодлогшрон эргэцүүлэхэд хүргэнэ.

“Херо” Баатарын найруулсан “Монгол Хаан” жүжиг үзэгч таныг нийслэл Лондон хотын хамгийн том театр Лондон Колизумд Монгол увидаст автуулах ховсдом аянд залж байна. 12 дугаар сарын 2-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болох тус театрын гоц бүтээл таныг алгаа дэлгэн угтан авч, соёлын хязгаарыг гэтлэн цаг хугацаагаар аялах туульсд аваачина. Үлэмж тансаг, үзэмж төгөлдөр дорнын эл жүжгээс Монголын эртний түүх, урлаг соёлын сүр жавхланг нүдээр үзэх боломжоо бүү алдагтун.

 

Эх сурвалж: “London review”

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Бидний араншин” киног энэ сарын 19-нөөс үзэгчдэд хүргэнэ DNN.mn

“F” студи, “Update” энтертайнмент хамтран дэлгэцийн ээлжит бүтээлээ “Бидний араншин” нэртэйгээр, комеди, драм төрлөөр бүтээжээ. Киног Ц.Амартүвшин найруулж, гол дүрүүдэд Ч.Төгөлдөр, Д.Дэлгэрсайхан, А.Бямбабаяр, С.Зоригт нар тоглосон байна.
          Өсөхөө, Нямаа, Хорлоо, Хуягаа дөрөв багын найзууд. Тэдний нөхөрлөлийн үнэ цэнийг Өсөхөөгийн бяцхан охин хүнд өвдсөнөөр амьдрал сорино. Нэгийнхээ гэр бүлийг элэг бүтэн авч үлдэхийн төлөө тэд чадах чинээгээрээ хичээж, дөрвөн ажил мэргэжилтэй ч хамтран ажиллахаар шийднэ. Гэсэн ч бүх зүйл дардан бүтэхгүй. Гэвч тэд бууж өгөхгүй. Учир нь энэ бол бидний, бас тэдний араншин. Бүх насныханд зориулсан “Бидний араншин” уран сайхны киног энэ сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгоно.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“Баавгай болохсон” киноны нээлтийг энэ сарын 12-нд хийхээр товложээ DNN.mn

Найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино энэ сарын 12-нд нээлтээ хийхээр болжээ.

Тус кино нь Каннын кино наадамд нэр дэвшсэн Монголын анхны кино юм. Өнгөрсөн намар “Улаанбаатар” олон улсын кино наадмаар монгол үзэгчид ганц удаа л “Баавгай болохсон”-той танилцсан юм. Харин албан ёсны нээлт энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 12-нд болохоор товложээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Алтан бөмбөрцөг” 81 дэх удаагийн наадмын шилдгүүд тодорлоо DNN.mn

81 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол боллоо. 

“Барби” хамгийн олон номинацид нэр дэвшсэн ч хоёр шагнал авчээ.

  • Шилдэг мюзикл/инээдмийн кино: “Poor Things”

  • Шилдэг драм кино: “Oppenheimer”

Golden Globes winners' list: Oppenheimer dominates, beating Barbie in  Barbenheimer showdown - The Mirror US

  • Шилдэг гадаад хэлээрх кино: “Anatomy of a Fall”

  • Шилдэг кино зохиол: “Anatomy of a Fall”

  • Шилдэг киноны дуу: “What Was I Made For?”-Билли Айлиш, Финнеас, “Barbie”

  • Шилдэг эрэгтэй туслах дүр: Роберт Дауни, “Oppenheimer”

  • Шилдэг эмэгтэй туслах дүр: Да’Вайн Жой Рэндольф, “The Holdovers”

  • Шилдэг хүүхэлдэйн кино: “The Boy and the Heron”

  • Мюзикл/инээдмийн киноны шилдэг эрэгтэй дүр: Пол Жаматти, “The Holdovers” Мюзикл/инээдмийн киноны шилдэг эмэгтэй дүр: Эмма Стоун, “Poor Things”

Oppenheimer' dominates Golden Globes, 'Poor Things' upsets 'Barbie' in  comedy

  • Драм киноны шилдэг эрэгтэй дүр: Киллиан Мерфи, “Oppenheimer”

  • Драм киноны шилдэг эмэгтэй дүр: Лили Гладстон, “Killers of the Flower Moon”

  • Шилдэг найруулагч: Кристофер Нолан, “Oppenheimer”

  • Кинонд зориулж бичсэн шилдэг хөгжим: Людвиг Йоранссон, “Oppenheimer”

  • Кино урлаг, бокс-оффисын шилдэг амжилт: “Barbie”

https://edition.cnn.com/2024/01/07/entertainment/winners-golden-globes/index.html

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Баавгай болохсон” кино Сан-Паулугийн олон улсын кино наадмаас шагнал хүртжээ DNN.mn

“Баавгай болохсон” уран сайхны кино 47 дахь удаагийн Сан-Паулугийн олон улсын кино наадмаас “Шүүгчдийн нэрэмжит” шагнал хүртжээ.

Уг кино наадмын залуу найруулагчдын уралдаант энэхүү хэсэгт нийт 117 кино өрсөлдсөн байна. 

Шүүгчдийн бүрэлдэхүүнийг алдарт Серби найруулагч Эмир Кустурица ахалжээ.

“Баавгай болохсон” уран сайхны кино энэ сарын 12-ноос бүх кино театруудын дэлгэцнээ гарна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хиймэл оюун ухаан хэзээ нас барахыг тань хэлж байна DNN.mn

Ямар ч хүний зан чанарыг маш нарийн гаргаж, тэр байтугай нас барах жилийг нь түүний намтарт үндэслэн тооцоолж чаддаг хиймэл оюун ухаан болох “life2­vec” өнгөрсөн сард Дани улсад нээлтээ хийжээ. Энэхүү алгоритмыг хэрхэн сурах, ажиллуулахыг түүний хөгжүүлэгчид өнгөрсөн сарын “Nature” сэтгүүлд дэлгэрэнгүй тайлбарласан юм байна.

Энэхүү программыг зохиогчид “Энд ид шид, уран зөгнөл байхгүй. Тооцоолол манай улсын зургаан сая оршин суугч бүрийн талаарх мэдэгдэж буй статистик асар их мэдээлэлд хийсэн компьютерын дүн шинжилгээний юм. Энд эмчлүүлсэн мэдээлэл гэх мэт Үндэсний статистикийн газрын мэдэлд байгаа бүх мэдээлэл багтсан. Энэ таамаглал бидний таамаглалын үнэн, зөв, буруу эсэхээс илүү, иргэдэд өөртөө анхаарах шинэ мэдлэг олгож эрүүл мэнддээ анхаарахад зориулагдаж байгаа юм” гэж хэлжээ.

Программ хөгжүүлэгчдийн нэг, Данийн Техникийн их сургуулийн профессор Суне Леман “Аливаа хүний амьдралын түүхийг түүнд дараалан тохиолдох үйл явдлын хэлхээ болгож болно. Учир нь сая сая ижил төстэй үйл явдлыг нэгтгэн дүгнэснээр хиймэл оюун ухаан хүний амьдралд давтагдаж буй үйл явдлууд, зарим хэв маягийн хоорондын уялдаа холбоог гаргаж, хүнд амьдралдаа өөрчлөлт хийдэг хамгийн чухал хүчин зүйл болох боловсролын түвшин, орлогын түвшин, архаг өвчин зэрэг гурван үндсэн хүчин зүйлийн ач холбогдлыг танд тодорхойлж өгөх боломжтой.

Илэрсэн шалтгаанууд хүний амьдралд яаж нөлөөлөх магадлал нь урьдчилан таамаглах суурь болдог. Ингэснээр хүн тодорхой насанд ямар шалтгааны улмаас нас барах магадлалыг үнэлэн тогтоох боломж бүрддэг. Тухайлбал, бидний үхэх эрсдэл өндөр гэж тодорхойлсон загвар өмсөгчдийн олонх нь аль хэдийнээ нас барсан бол харин автомашины осол гэх мэт шалтгаануудыг урьдчилан таамаглах бараг боломжгүй юм. Иймээс манай программын таамаглалаас хувийн дүгнэлт гаргалгүй, харин Данийн нийгмийн байдлыг бүхэлд нь харуулсан үзүүлэлт гэж үзэхийг уриалж байна.

Судалгааг өвөрмөц соёлтой, өөрийн гэсэн хууль, нийгмийн хэм хэмжээ бүхий улсад хийсэн гэдгийг ч танд сануулж байна. Иймээс энэ программыг бусад улсад шууд ашиглах нь тийм ч зөв зүйл биш байх болно” гэсэн байна хэмээн BBC мэдээлжээ.

 

Г.АМАРСАНАА