Categories
мэдээ энтертаймент-ертөнц

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Сэтгэлийн Хөг” бие даасан тоглолтоо хийнэ DNN.mn

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Сэтгэлийн Хөг” бие даасан тоглолтоо  энэ сарын 20-нд хийхээр болжээ. 

Монголын орчин үеийн поп хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх авчирч, үнэтэй хувь нэмэр оруулсан МУГЖ, XX зууны манлай дуучин Батмөнхийн Сарантуяа жил бүрийн төрсөн өдрөөрөө сонсогч фенүүдтэйгээ учран золгож, хөг аялгуу түгээдэг билээ.

Энэ жилийн хувьд “Сэтгэлийн хөг” тоглолт дөрөвдүгээр 20-ны өдрийн 18:00 цагаас Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордоны “Концертын Их танхимд” болно.

Поп хатагтай Б.Сарантуяа 1994 онд анхны бие даасан “Сэтгэлийн хөг” тоглолтоо хийж байсан бөгөөд энэ жил анхны бие даасан тоглолтынхоо 30 жилийн ойн түүхэн мөчийг тохиолдуулан дахин “Сэтгэлийн Хөг” ижил нэрт тоглолтоо хийхээр болсноо онцоллоо.

May be a graphic of 1 person and text

МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд 1975 оноос хойш соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд өдгөө 49 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй газар юм. Эх хотын маань өнгөрсөн үеийн гайхамшигт түүхийн гэрч, архитектурын ур шингэсэн тус газрын “төгс” акустик дуугаралт бүхий их танхимд гайхамшигт уран бүтээлчийнхээ аялгуугаар урласан хөг эгшгээр мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа бүтээх нь байна.

Зочин уран бүтээлчдээр Киви хамтлаг, дуучин, продюсер Б.Ангирмаа, Болор хамтлагийн дуучин С.Оргил, дуучин Б.Маргалжингоо, The Compass хамтлагийн дуучин А.Билгүүн нар хүрэлцэн ирнэ.

Тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамааран энгийн тасалбар 120,000, 160,000, 200,000, VIP тасалбар 550,000 төгрөгийн үнэтэйгээр тус тус борлуулагдаж буй бөгөөд тасалбарыг www.ticketx.mn-ээс захиалан авах боломжтой.

16-хан насандаа урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлсэн дуучин Б.Сарантуяа Монголын рок поп урлагт анхны гэх тодотголтой олон шинэчлэлийг авчирч байжээ. Тэрбээр,

  • Хамгийн богино хугацаанд Зууны манлай дуучин болсон.
  • Монголд хамгийн олон цомог, хамгийн олон бие даасан тоглолт гаргасан
  • Эмэгтэйчүүдийн анхны шоуг 1991 оны III сарын 8-нд зохион байгуулсан. Энэхүү тоглолтын Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Хайдав найруулж байжээ.
  • Эх орноо зургаа удаа тойрч, бие даасан тоглолт зохион байгуулсан.
  • Эх орноо, Монгол Улсаа сурталчлах үйлст үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхийн 10 гаруй орны 20 орчим хотод аялан тоглолт хийсэн.
  • “Инээмтгий хүн” цомог гарсан даруйдаа маш олон хувиар борлогдож дээд амжилт тогтоож байсан.
  • Монголоос анх удаа Сингапурт CD-гээ бичүүлж Зүүдний Говь, Инээмтгий хүн, Аргагүй амраг, Хайрын зөрлөг бүрэн хэмжээний цомгуудаа бичүүлж байсан.
  • 1998 онд ХБНГУлсад “Эгэл сэтгэл” цомгоо бичүүлж байсан.
  • 2002 он ОХУлсын Москва “Мартъя” цомгоо бичүүлж байсан.
  • 1993-онд Казахстанд зохиогдсон дэлхийн 22 орны дуучин оролцсон “Азийн дуу хоолой” наадмаас гранпри шагнал хүртсэн нь монголчуудыг бахдуулсан үйл явдал болж байв.
  • Мөн Пентатоник Академийг санаачлан, Монголын рок попын хөгжмийн дээд шагнал олгох Пентатоник наадмын олон удаагийн шагналт.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хавтаст хэрэг“ ОАК-ны II бүлэг есдүгээр сард үзэгчдэд хүрнэ DNN.mn

Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан “Хавтаст хэрэг” олон ангит кино өнгөрсөн 2022 онд үзэгчдийн хүртээл болсон.

Уг бүтээлийн хоёрдугаар бүлгийн эхний анги ирэх есдүгээр сарын 16-аас үзэгчдийн хүртээл болох юм байна. Зураг авалт нь өчигдрөөс эхэлсэн бөгөөд зургаан сар гаруй хугацаанд үргэлжилнэ гэдгийг уран бүтээлчид онцолсон.

“Хавтаст хэрэг” олон ангит киноны хоёрдугаар бүлэг нь 16 ангитай. Киноны анги бүрт бодит гэмт хэргээс сэдэвлэн бүтээсэн хэргийг тусгах аж. Энэ бүтээлд цагдаагийн албаны ажил үүргийн онцлог, тэдний эр зоригийн тухай өгүүлдэг бөгөөд “Хүлэгү пикчерс” болон “Номадиа пикчерс” хамтран бүтээсэн юм.

 

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн байгалийн шилдэг гэрэл зургуудыг шалгаруулжээ DNN.mn

Шотландын Шетландын арлуудын ойролцоох усанд загас булаалцалдан тэмцэлдэж буй хоёр ганнет шувууг харуулсан гайхалтай зураг Дэлхийн байгалийн шилдэг гэрэл зургаар шалгарчээ.

Тухайн агшныг дурандаа буулгаж чадсан Их Британийн гэрэл зурагчин Трейси Лундын гэрэл зураг олон мянган бүтээлээс шалгарч, уран бүтээлч нь 1000 долларын шагнал хүртсэн байна. Тэрбээр амралтаараа завиар аялж явахдаа усны хамгаалалттай DSLR аппаратаараа уг гэрэл зургийг авчээ.

“Бидний дээгүүр олон мянган ганнет шувуу нисэж байгаад загас барихаар далайд шумбаж эхэлсэн. Энэ үед би гэрэл зураг аваад зогсохгүй гайхалтай үйл явдлын гэрч болж чадсан. Тэр өдөр би 1800 зураг авсан боловч хүмүүст үзүүлэх боломжтой нь хоёрхон байсан” гэж тэрбээр ярилаа.

Энэ оны шагнал гардуулах ёслолын үеэр мөн амьтдын хөрөг зураг, ургамал, мөөг, сээр нуруугүй амьтад, хоёр нутагтан болон хэвлээр явагчид, хөхтөн амьтдын төрлүүдэд шилдэг бүтээлүүдийг шалгаруулжээ. Тухайлбал, Италийн зурагчин Иван Педретти “Хар элстэй эргийн цаана Вестрахорн уул дүнхийн буйг” харуулсан Исландын Стокснес хотын өвлийн гайхалтай дүрслэл бүхий гэрэл зургаараа Дэлхийн ландшафт, хүрээлэн буй орчны төрөлд шалгарчээ.

Тэрбээр ярихдаа, цав цагаан уулс ба шар өвстэй хар манхан хоёрын хоорондох өнгөний ялгарал надад маш их таалагдсан гэв.

2020 оноос хойш зохион байгуулж буй Дэлхийн байгалийн шилдэг гэрэл зураг шалгаруулах ёслол /WNPA/ нь гэрэл зургийг сурталчлахаас гадна уралдаанд оролцохын тулд мод тарьсан байх болзол тавьснаар эх дэлхийдээ тусалъя гэсэн санааг агуулж байгаа юм. Тус байгууллага цахим хуудсандаа, гэрэл зураг нь хүмүүсийг дэлхий ертөнцийг өөр өнцгөөс харж, эх дэлхийнхээ сайн сайхны төлөө өөрсдийн зуршлыг өөрчлөхөд томоохон нөлөө үзүүлж чадна гэж онцлон тэмдэглэжээ.

WNPA-г үүсгэн байгуулагчдын нэг Адриан Динсдэйл 2024 оны шагнал гардуулах ёслолын тухайд хэлэхдээ, “Шалгарсан оролцогчид өөрсдийн авсан гайхалтай зургуудаараа биднийг дахин алмайруулж чадлаа. Өмнөх жилүүдийн адилаар олон оролцогч бүтээлээ ирүүлсэнд маш их баяртай байна” гэлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Пуужин Баяраа” тоглолтын тасалбар худалдаанд гарчээ DNN.mn

Реппер, найруулагч, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан есдүгээр сарын 14-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “ПУУЖИН БАЯРАА” нэртэй тоглолт хийх тухайгаа мэдэгдсэн билээ.

Түүний тоглолтын “Earle bird” тасалбар худалдаанд гарчээ. Нэг тасалбар 79,000 төгрөгөөр худалдаалагдаж буй юм байна.

Тоглолтын тасалбарын https://www.ticketx.mn сайтаар болон 7272-0022 дугаараар холбогдон захиалах боломжтой аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өнөөдөр дэлхийн театрын өдөр DNN.mn

1962 онд гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” хэмээн тунхагласнаас хойш энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Монгол Улсад 1990-ээд оноос энэ баярыг тэмдэглэдэг болсон байна.

Энэ өдрийг тохиолдуулан УДЭТ-т Дэлхийн театрын өдөрт зориулсан үйл ажиллагаа болох бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 12 театрын найруулагч, төлөөлөгч оролцох аж.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Н.Жанцанноров: Дэлхий бидний соёлын бүтээлийг сонсох гээд хүлээж байна DNN.mn

“Хүслийн төвөргөөн” тоглолтоо СТӨ-нд өчигдөр толилуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой цөөн хором ярилцлаа.


-Тоглолтыг “Хүслийн төвөргөөн” гэж нэрлэсний учир юу вэ?

-Хөгжимчин хүн миний хувьд монголчуудын урагш тэмүүлэх тэмүүлэл морьдын давхиагаар илэрхийлэгддэг. Тэр давхиан, төвөргөөн монголчуудыг аз жаргал, сайн сайхан өөд хөтөлдөг. Тиймээс “Хүслийн төвөргөөн” гэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хүрч очихыг хүсч байгаа зүйлсийнхээ төлөө бид довтлох хэрэгтэй гэсэн үг.

-Энэхүү тоглолтыг анх хэдэн онд хийж байсан бэ?

-1990 онд удирдаач Ч.Жамсранжавын за хиалгаар төрийн концертонд тоглосон санагдаж байна. Үндэсний их найрал хөгжимд 1990 онд би зөвлөх хөгжмийн зохиолчоор хоёр жил ажилласан. Тухайн үедээ хоёр концерт т олилуулж байлаа. 2001 онд Японы Куширо хотод их найрал хөгжим япон удирдаачтай энэхүү концертыг хөгжимдсөн. Үндэсний урлагийн их театр надад “Хүслийн төвөргөөн” гэдэг удиртгалаар жил бүрийн гуравдугаарын сарын 25-нд буюу төрсөн өдрөөр маань концерт хийх санал тавьсан.

-Жил бүр ижил дуунууд дуулагдах уу?

-Жил бүр тоглогдож байх нь сайн хэрэг. Учир 300 гаруй дууг давтагдахгүйгээр дуулвал 25 цаг дуулна. Нэг концертонд нэг цаг дуулахаар хуваарилбал 25 жил нэг ч дуу давтагдахгүй байх боломжтой. Мэдээж хөгжмийн бүтээлүүд оролцоно. Жишээлбэл, 30 гаруй киноны хөгжмийн зохиол байна. Зарим бүтээлийг давтаж тоглохгүй байхаар хийх нь нэг талаасаа дутагдалтай. Сайн бүтээлүүдээ давтах нь зөв. “Хүслийн төвөргөөн” гэх удиртгалаа тоглолтын төгсгөлд нь үргэлж тоглогдоно.

-Орчин үед залуус амьд хөгжим сонсох нь багасжээ. Энэ тухай таны бодол?

-Хохирч байна. Жинхэнэ, бодит хөгжмийн зэмсэг, хүний дуу хоолойг дэргэдээс нь үзэх нь амьд харилцаа үүсгэж байгаа юм. Амьд харилцаа үгүй болж байна гэсэн үг.

-Ирээдүйн хөгжимчид, хөгжмийн зохиолчдоос юуг хүлээж байна?

-Би хойч үедээ гүн итгэдэг. Тэд биднээс хоёроос гурав дахин чадвартай хөгжимчид болно. Үүний нэг шалтгаан нь бид дэлхийд нээлттэй болсон. Мөн дэлхий бидэнд нээлттэй байна. Гар утаснаасаа дэлхийн хамгийн шилдэг концерт хаана болж байна, хамгийн шилдэг хөгжим хаана гарч байна, хамгийн сод хөгжмийн зохиолч хаана байна, чадварлаг хөгжимчин яаж хөгжимдөж байна гэдгийг сонсож, тэдгээрээс суралцах боломжтой болсон байна. Бүх боломж нээлттэй. Бидний үед ийм боломж харьцангуй бага байсан. Мөн СУИС-ийн сургалтын чанар маш сайжирсан. Тиймээс бид 100 хувийн баталгаатай хойч үеэ гайхалтай байх болно гэдэгт итгэлтэй байдаг.

-Б.Шарав, Х.Билэг жаргал, Ц.Нацагдорж, Ц.Чинзориг … гэхчлэн олон томчуудын орой зай Монголын хөгжмийн урлагт үгүйлэгдэж байна уу?

-Мөнхөд үгүйлэгдэнэ. Тухайн үеийн нийгэм, соёлын хүрээнд гарч ирсэн сод авьяастнууд давтагдана гэж байхгүй. Энэ утгаараа эдгээр хүмүүсийн орон зай алга болохгүйгээр, Монголын хөгжмийн урлагт байсаар байх болно. Энэхүү орон зайг шинэ нийгмийн хөгжмийн зохиолчид нөхөж чадахгүй. Харин тэд өөр өөрийнхөө орой зайг бүтээнэ, бий болгоно. Үгүй болсон хүмүүс, тэдгээрийн орон зай байсаар байх болно.

-Тэгэхээр орой зай хоосрохгүй, алга болохгүй харин үлддэг байх нь?

-Хүний нийгэмд зарим уран бүтээлчид нийгмийн үзэл суртал, явуулж байгаа бодлогын төлөө дуу, хөгжим хийх үйлдэл байдаг. Авьяасаа үзэл сурталд зориулж гайхамшигтай бүтээл хийдэг. Эсрэгээрээ зарим нь өөрийн хүсэл эрмэлзэл, зүрх сэтгэлээ дагаж уран бүтээлээ хийдэг. Үүгээр ирээдүйд эзлэх тэдний орон зай өөрчлөгддөг. Жишээлбэл, ямар нэгэн үзэл сурталд зориулж хийсэн бүтээл тухайн үзэл санаатайгаа ижил наслана. Үзэл суртал намжихад дагаад тоглогдохгүй. Харин өөрийн зүрх сэтгэлээсээ хийсэн бүтээл мөнхөд өөрийн орон зайг эзлэх юм.

-Уран бүтээлчид нэгнээсээ илүү байх боломжтой юу?

-Үгүй ээ, хэн ч хэнээс илүү биш. Р.Чойном Б.Лхагвасүрэнгээс илүү юу. Б.Шарав Ц.Нацагдорж хоёрын хэн нь илүү мундаг вэ. Ийм асуулт байх ёсгүй. Тэднээс хэнийг ч хэнтэй ч харьцуулах нь утгагүй хэрэг. Тиймээс миний хэлэх гэсэн санаа бол илүү эсвэл дутуу гэж байхгүй. Тэд бүгдээрээ өөр өөр дахин давтагдашгүй ертөнцүүд.

-Даяаршлагдсан дэлхий ертөнцөд Монголын урлаг юугаараа онцгой вэ?

-Хэдий бид хотжоод, суурьшмал амьдарч байгаа ч гэсэн нүүдэлчин соёлоос хөндийрсөөр  байвал уран бүтээгчидын сэтгэлгээ хумигдана. Гэсэн хэдий ч ийм нөхцөлд хөгжмийн зохиолчдоос жинхэнэ монгол хөгжмийн зохиол ямар ч асуудалгүй төрнө. Тиймээс монгол хүний дэлхийд сонсгох аялгууны мессэж хэр зэрэг хүчтэй очих вэ гэдэг л сонирхолтой.

-Дэлхийд бидний дуу хоолойгоо, хөгжмөө хүргэх чухал уу?

-Мэдээж, энэ зөвхөн хөгжимчин, урлагийнхны бодох асуудал биш. Хаа хаанаа бодох хэрэгтэй.  Улс төрийн түвшинд ч анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, ерөнхийлөгч зарлиг гаргаад Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгосон нь сайн хэрэг. Дэлхий бидний соёлын бүтээлийг сонсч, үзэх гээд хүлээж буй. Учир нь Монголын урлаг бол эрүүл саруул, язгуур урлаг юм. Энэ бол маш том үнэт зүйл. Манжийн дарлалд байх 200 жилийн хугацаанд дэлхий бүх урлаг холилдоод, үндсэн мөн чанараасаа халиад даяаршиж байхад зөвхөн бидний өвөг дээдэс тэр хугацаанд өөрсдийн урлаг, сэтгэлгээг алдалгүй, хадгалан авч үлдсэн. Бид ийм л онцгой соёл, урлагтай. Тиймээс Монголын урлаг бол дэлхийд хүргэх ёстой үнэ цэнэ, үнэт өв юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Мөнгөн мод-2023” наадмын шилдгүүд энэ сарын 27-нд тодорно DNN.mn

Соёл, урлагийн салбарын 2023 оны шилдгийн шилдгүүдээ шалгаруулах уламжлалт “Мөнгөн мод-2023” наадмын цом гардуулах ёслол  УДБЭТ-т энэ сарын 27-нд болно.

“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон энэхүү наадмаар үндэсний болон сонгодог орчин үеийн урлагийн төрөл зүйлийг уран сайхан, дүрслэл, ур чадварын өндөр түвшинд бүтээн туурвисан шилдэг 13 бүтээл, тайз, дэлгэцийн бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, үзэгчдийн талархлыг хүлээсэн шилдэг 12 уран бүтээлчид Мөнгөн мод цомыг тус тус гардуулна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

“Сэр сэр салхи” киноны найруулагч П.Лхагвадулам: Нүдэнд үзэгддэг, эсвэл сэтгэлээс гардаггүй тийм мэдрэмжийг л үзэгчидтэй хуваалцахыг хүсдэг DNN.mn

Наадмын үеэр найруулагч П.Лхагвадуламтай ийнхүү хөөрөлдөв.


-Японд анх удаа ирээд Осакагийн кино наадамд оролцож байна. Ямар санагдаж байна?

Өнгөрсөн жилийн 9 дүгээр сард Венецийн Олон Улсын Кино Наадамд дэлхийн нээлтээ хийж удалгүй Торонто, Пусаны гээд томоохон наадмуудад шалгаран оролцлоо. Африк тивийн хамгийн том наадам Морокко улсад болдог Марракеш Олон Улсын Кино наадамд бас оролцлоо. Анх удаа Японд ирлээ. Азийн орны үзэгчдээс бас огт өөр мэдрэмж авлаа. Илүү хүлээцтэй, гүн тусгаж хүлээж авч байх шиг санагдаж байна. Гадаадын үзэгчдэд бол сонин содон санагдаж, сонирхон үзэж байгаа боловч яг утгыг нь мэдэрч, цаана орших философийг нь ухаж ойлгож үзэж байгаа нь азиуд болов уу. Нүдэнд харагдахгүй ч бидний дунд байгаа сүнслэг оршихуй, биет бус зүйлийн тухай азиудад их ойрхон ойлгогддог болов уу? Барууны болон Европын орнуудад монотеиз буюу нэг бурхантай гэсэн ойлголт илүү давамгай оршдог. Энэ амьдралдаа бус үхсэний дараа бурхантай уулзана гэдэг ч юм уу сүнсэн амьдрал дараагийн ертөнцөд бий гэсэн ойлголттой байхад Азид бол бидний дунд сүнсэн оршихуй бий гэж үздэг. Ертөнцийг харах өнцөг арай өөр өөр юм л даа.

-Монгол, Франц, Португал, Нидерланд, Герман, Катар улсын хамтарсан “Сэр сэр салхи” кино олон улсын хамтын уран бүтээл. Гадаадын уран бүтээлчидтэй ажиллахад ямар байдаг вэ?

-Шилүүс” гэдэг киноны зураглаач маань магистрт хамт сурч байсан энэтхэг хүн байсан. Бид хоёрын арга барил хамт сураад бие биенээ ойлгодог болчихсон байсан учраас ч тэр үү ажиллахад их амар байсан. Бүрэн хэмжээний кинондоо бол Португалын компаниас хөрөнгө оруулсан учир португал зураглаач ажилласан. Гайхамшигтай байсан. Гадаадаас хамтран ажиллах хүмүүсээ зүгээр нэг авьяастай, сайн гэдгээр нь сонгохгүй. Хэр гар нийлж, ажиллаж чадах уу гэдэг л хамгийн чухал байдаг. Авьяас бол мэдээж байх ёстой. Дээр нь олон улсын төсөл дээр ажилласан туршлагатай, португал зураглаач маань Африк болон Европын нэлээд олон орноор ажиллаж байсан, өөр хэл соёл, зан заншилтай хүмүүстэй ажиллаад сурчихсан, улс орон бүрийн киноны ажлын арга барил, дадал нь өөр, өөр байдаг гэдгийг ойлгоод тухайн хүмүүсийн аясаар ажиллаж бас тэднээс суралцаж, ажиллахыг мэддэг хүмүүстэй хамтарч ажиллах нь их чухал. Дууны оператор бас франц хүн. Их олон төсөл дээр, хамгийн сүүлд Киргиз улсад ажилласан туршлагатай мэргэжлийн улсууд байсан юм.

-Манай Монголын кино уран бүтээлчид тэднээс юугаараа давуу, эсвэл сул тал ч юм уу ер нь юу ажиглагддаг вэ?

-Монгол уран бүтээлчид үүрэг гүйцэтгэхдээ маш сайн. Ажлыг маш сайн хийдэг. Кино урлагт чин зүрх сэтгэлээсээ хайртай, бор зүрхээрээ, хувийн амьдралаа хаяад ч хамаагүй зүтгэдэг хүмүүс. Үнэхээр кино урлагт үлдэж, оршин байхыг тэд хүсдэг, ажил гэдэг утгаар нь ч биш, кинондоо дурлан, чин сэтгэлээсээ ажилладаг. Сэтгэх, бүтээлч байх тал дээр л жаахан учир дутагдалтай байдаг. Туршлага дутдаг гэх үү. Ихэнх найруулагч яг энийг, энийг гээд хэлээд, тушаагаад тогтчихдог. Тэрийг л багийнхан нь яс гүйцэтгэдэг байх жишээний. Миний арга барил бол багийн уран бүтээлчдээсээ нэг кадр авах боллоо гэхэд гурван өөр хувилбарын санал бодлыг сонсохыг хүсдэг. Би багийн уран бүтээлчдээсээ криэтив буюу бүтээлч сэтгэлгээ, санаа оноог нь хүсээд байна гэсэн үг л дээ. Найруулагч хүн бол мэдээж аль хувилбар гэдэг дээр эцсийн шийдээ өөрөө гаргана. Өөр өөр сэтгэсэн сонголтуудыг би аль болох сонсохыг хүсдэг л дээ. Магадгүй надтай ажиллахад энэ нь яршигтай санагдаж магад. /Инээв/ Мэргэжлийн хүний санааг нь сонсох гээд л тэднээс юм л хүлээгээд байдаг. Тэдний санаа оноон дээр тулгуурлаж би шийдээ гаргахыг хүсдэг.

-Гадаадын уран бүтээлчидтэй ажиллахад ямар бэрхшээл тохиолддог вэ?

-Тэдний арга барил нь огт өөр, цагийн хувиарлалт зэрэг зүйлүүд дээр зөрөлдөх тохиолдол гарч байсан л даа. Найруулагч хүн мэдээж боломжийнхоо хэрээр л зургаа авахыг хичээнэ. Гэхдээ би нэг тийм хийсвэр баримтлал, төлөвлөгөө, цагийн давчуу хөтөлбөрт баригдах дургүй л дээ. Цагийн төлөвлөгөө хэдэн долоо хоногийн өмнө гарчихна. Зураг авалт эхлэхэд гарцаагүй өөрчлөлт энэ тэр орох нь ойлгомжтой. Тэгэхэд хэдэн долоо хоногийн өмнө гаргачихсан төлөвлөгөөндөө амьд процессыг багтаах гээд байдаг яршигтай зан бас гадаад уран бүтээлчдэд байдаг. Уян хатан байдал жаахан дутагддаг гэх үү. Зураг авалтын талбай дээр гадаадын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах боломжийг Монголд илүү их болгомоор санагддаг юм. Маш их зүйлийг харилцан суралцдаг. Одоогоор бидэнд туршлага солилцох хамтын ажиллагаа их дутагдаж байна. Европт бол хил хязгаар нь ойрхон болоод ч тэр үү уран бүтээлчид нь их олон улсаар аялаад ажиллачихсан байдаг. Арга барил, мэдээлэл солилцоо, амьд хөгжил тэр уран бүтээлчдийн дунд халуунаар өрнөөд буцлаад байдаг. Харин монгол уран бүтээлчдэд минь олон улсын уран бүтээлч нартай хамтарч ажиллах нөхцөл бололцоо сайн бүрдэхгүй байна.

-Найруулагч гэдэг багын л мөрөөдөл байсан уу?

-Ээж шигээ эмч болъё гэж боддог байсан ч эцсийн сонголт минь найруулагчаар сурах болоод алс холын Турк улсад сурч төгсчихөөд хэдий аав ээждээ амласан эмч болоогүй ч хүний сэтгэлийг эмчилж, илааршуулах кино урлагт хөл тавьсандаа маш их баярлаж байсан юм. “Шилүүс” богино хэмжээний киногоо 2019 онд хийж, Каннын кино наадамд анх удаа дэлхийн нээлтээ хийж байсан. “Есдүгээр сарын цас” кино маань 2021 онд Венец, Торонто наадамд дэлхийн нээлтээ хийсэн. Киноны орчинд байж зураг авалтын талбайд ажиллана гэдэг жинхэнэ өөрийгөө мэдэрч, маш онцгой санагддаг юм л даа.

-Киногоо “Сэр сэр салхи” гэж нэрлэсний учир юу вэ?

-“Сэр сэр салхи” киноны зургаа гуч гаруй хоногт авсан. Кино дууны найруулгадаа эндээс тэнд хүртэлх нүдэнд үл үзэгдэх салхи сэвэлзэж байгаа амьд орчинг бүтээхийг хичээсэн. Салхи гэдэг бол харагддаггүй, агаарт хийн орчинд гарцаагүй орших байгалийн үзэгдэл. Бидний амь амьдралын эх үүсвэр хий агаар, орон зай. Гол утга санаа нь бидний дунд харагдахгүй ч гэсэн онгод тэнгэр, сахиус оршиж л байгаа гэдгийг үзүүлэх гэсэн юм. Сэр, сэр гэдэг үгэнд бас сэрч, сэхээрэх, босох гэсэн утгыг агуулж буй. Энэхүү киногоороо Монголын залуучууддаа хүч энерги өгөхийг хүссэн.

-Чухам юу тэдэнд дутагдаад байна?

-Орчин үед бие биенээ тогтож, чин сэтгэлээсээ харахаа байчихсан, зарим нь хүний нүд рүү эгц харахгүй, дальдчаад байдаг. Залуучууд бие биенээ тогтож харж, дотно сайхан харилцаа үүсгээсэй, кинон дахь өвөг дээдсийн онгод тэнгэртэй харьцаж байгаа бөөгийн зан үйл нь харагдахгүй, байхгүй хүмүүстэй холбоо үүсгэхийг хэлдэг шүү дээ. Түүнтэй адил бидний дунд ч сүнсэн харилцаа байгаа. Чин зүрх сэтгэлийн харилцаа ялангуяа хотын залуучуудад их дутагдаж байна гэдгийг киногоороо дамжуулан хэлэх гэсэн юм.

-Киноныхоо санааг хэрхэн олдог вэ?

-Зүгээр нэг гоё санаа олох бус өөрийн сайн мэддэг, холбоотой зүйлээ хийхийг хүсдэг. Киноны санаа надад бол дүрсээр бууж ирдэг. Саяны кино гэхэд нэг залуу хүүхэд бөөгийн нүүрний халхавчаа хуулаад зогсож буй дүрсээр түүнтэй холбоотой олон мэдрэмжүүд хамт орж ирсэн. Манай залуучууд их олон юманд санаа зовж, өөртөө ачаа үүрч, сэтгэлдээ их юм тээж явдаг. Гэтэл барууны залуучууд бодож санах юмгүй зүгээр хөгжиж баясаж, залуу насаа өнгөрөөдөг. Энэ бол бидний дүр төрх. Энэ олон мэдрэмжүүд ой санамжнаас миний оюун санааны гүнд бас сэтгэлд ч бууж ирдэг. Болоод өнгөрчихсөн зүйлийг эргэн санаж байгаа юм шиг санагдтал сэтгэлд ороод тогтсон юм шиг болдог. Түүнийг барьж авах ёстой юм байна гэж бодоод кино зохиолоо бичиж эхэлдэг. Киноны хэллэг өөрийн хэлэмжтэй. Зөвхөн кино урлагаар юуг илэрхийлж болох билээ? гэж үргэлж би өөрөөсөө асуудаг. Уран зохиол, уран зураг, бүжгээр илэрхийлж, өгүүлж болох зүйлийг би кино урлагаар хийхийг хүсэхгүй байна. Кино урлагт хамгийн чухал зүйлийн нэг цаг хугацаа. Мэдээж хөгжим бол байна. Кино олон урлагийн төрлийг агуулдаг болохоор хүний сэтгэлд их хүчтэй нөлөөлдөг.

-Цаг хугацаа гэдэг нь?

-Цаг хугацаа миний хувьд хувьсгалыг мэдрүүлдэг. Үгээр илэрхийлж болохгүй зүйлийг кино урлагаар хайж, эрэлхийлэхийг хүсдэг. Үгээр хэлэхгүй ч гэсэн киноныхоо үйл явцаар өгөх мэдрэмж, яг энэ юмны тухай гэж хэлэхэд хэцүү, гэхдээ дараа нь бодогддог. Нүдэнд үзэгддэг, эсвэл сэтгэлээс гардаггүй тийм мэдрэмжийг л үзэгчидтэй хуваалцахыг хүсдэг. Цаг хугацааг үндсэн элементээ болгосон. “Сэр сэр салхи” кинондоо өсвөр насны хүүхэд нэг өдөр босоод л нэг охиныг үнсээд л том хүн болчихгүй. Цаг хугацааны урсгалд олон зүйл тохиолдож, даван туулж байж том хүн болно. Тэрхүү хувьсалыг л харуулахыг зорьсон юм. Киноны эхэн дэх Зэ, төгсгөлд гарч буй Зэ хоёр тэс ондоо болчихсоныг үзэгчдэд өөрийн эрхгүй мэдрүүлэхэд л оршиж байгаа юм. Хүүхдээс том хүн болсон тэрхүү хувьслыг үгээр тайлбарлахад хэцүү зүйлийг л кинондоо илэрхийлж явахыг хүсдэг дээ.

Осака дахь манай сонины сурвалжлагч Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Тамгагүй төр” жүжгийг аравдугаар сард Сингапурт толилуулна DNN.mn

“Тамгагүй төр” жүжгийг Улаанбаатар хотод 152 удаа толилуулж, 85 мянган үзэгчдэд Лондон хотноо 17 удаа толилуулж, 40 мянган үзэгчдэд хүргэсэн. Одоогоор байдлаар нийт 125 мянган үзэгчдийн хүртээл болгоод буй.

Тэгвэл энэ удаад жилд 45 сая хүн зочилдог, дэлхийн аялал жуулчлалын чухал төвүүдийн нэг Марина Бэй Сэндс цогцолборт анх удаа уг жүжгийг толилуулахаар болжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жүжигчин, дуучин Д.Амартүвшингийн “Хөөрхөн төрөх албагүй” анхны бие даасан тоглолт болно DNN.mn

Жүжигчин, дуучин Д.Амартүвшингийн  “Хөөрхөн төрөх албагүй” анхны бие даасан тоглолт дөрөвдүгээр сарын 06-нд UB Place-ийн их танхимд болно.

Тоглолтонд урилгаар МУГЖ Л.Чаминчулуун, СТА, дуучин Э.Дашням, Б.Уранзаяа, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Лууяа, Ш.Саранхөхөө нар оролцох юм.