Categories
эдийн-засаг

Өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлын эхэнд нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн дүн, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцууллаа.

Өнгөрсөн өвлийн хувьд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1106 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, гүйцэтгэл 94 хувьтай байжээ. Хотын хэмжээнд 20 мянга гаруй аж ахуйн нэгж, 283 мянга орчим өрхийг дулаанаар хангасан байна. Мөн 455 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангасан. Төвлөрсөн дулаан хангамжийн суурилагдсан хүчин чадал 2318 Гкал/ц боловч 31.8 хувийн хэтрэлттэй байгаа юм. Өвөлжилтийн хугацаанд дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол дундах насжилтын хугацаа дууссан шугам сүлжээнд нийт 12 гэмтэл гарч, цаг тухайд нь засварлажээ.

Ирэх өвлийн бэлтгэл хангах хүрээнд 658 төсөл, арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 30 хувьтай байна. Тодруулбал, улс, нийслэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 19 байршилд дулааны 28.1 км шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах ажлууд хийж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хийж байгаагүй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болж байгаа юм.

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ орон сууцны хороолол доторх 1223.2 км инженерийн шугам сүлжээний ашиглалтыг хариуцан ажилладаг. Нийт шугам сүлжээний 60 хувь нь насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан бөгөөд 2023 оны зуны засвараар найман байршилд 3.6 км хос шугам сүлжээ болон бусад засварын ажлыг гүйцэтгэж байна. Өдгөө засварын ажил 34 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд угсармал 1077 блок орон сууцыг дулаалахаар төлөвлөсөн. Эхний ээлжид 375 блок барилгад есдүгээр сард багтаан дулаан хэмжих хэрэгсэл суурилуулахаар ажиллаж байна. Хөрөнгө оруулагч талаас оршин суугчид дулаалгын төлбөрийн тодорхой хувийг гаргах, тухайн орон сууц нь газар хөдлөлтөд тэсвэртэй байдлын дүгнэлттэй байх зэрэг үндсэн шаардлага тавьж байгааг хэлж байлаа.

Хотын хэмжээнд 8287 цахилгаан шат байгаагаас нийтийн зориулалттай орон сууцанд ашиглаж байгаа 800 шатны ашиглалтын хугацаа дуусаж байна. Үүнээс ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй 13- цахилгаан шатыг солих шаардлагатай байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн жил 160 мянга орчим өрхийг 523 мянга гаруй тонн сайжруулсан түлшээр хангасан. Энэ жил мөн тооны өрхийг 527 мянга орчим тонн түлшээр хангахаар төлөвлөж, 40 мянган орчим тонн түлш нөөцөлжээ.

Зөвлөлийн гишүүд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, нэн шаардлагатай бүтээн байгуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилт, дулаан холболтын ажлуудаа яаралтай хийх хэрэгтэйг онцолж байв

Categories
эдийн-засаг

Монголбанк: Бодлогын хүүг 13 хувь хэвээр үлдээв DNN.mn

Монголбанкнаас Мөнгөний бодлогын хорооны хурлын шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Хурлаар бодлогын хүүг 13 хувь хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Энэ талаархи Мөнгөний бодлогын хорооны мэдэгдлийг хүргэж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 5 дугаар сарын 31 болон 6 дугаар сарын 23-ны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Жилийн инфляц энэ оны 5 дугаар сард улсын хэмжээнд 11.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 10.8 хувьтай гарав. Нийлүүлэлтийн шалтгаанаас үүдэлтэй мах, махан бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад хүлээлтээс өндөр өссөн болон импортын барааны үнэ буурах хурд хүлээлтээс удаан байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляцын төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэн хэдий ч цаашид үргэлжлэн саарах хандлага хэвээр байна. Гэхдээ төсвийн тодотголтой холбоотойгоор ирэх улирлуудад төсвийн зардал, тэр дундаа цалин, тэтгэвэр тэтгэмж хүлээлтээс өндөр өсөхөөр байна.Эдийн засгийн өсөлт 2023 оны эхний улиралд хүлээлтээс өндөр гарахад уул уурхай болон түүнээс хамааралтай тээвэр, худалдааны салбаруудын идэвхжил нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Эдгээр салбарын өсөлт цаашид сайжрах хүлээлттэй байгаа хэдий ч цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалан ХАА, түүнийг дагасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурах, өрхийн хэрэглээ буурч, дотоод эрэлт агшсанаар үйлчилгээний салбарын өсөлт удааширч уул уурхайн бус салбарын идэвхжил буурах хүлээлттэй байна.

Улмаар хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг эдгээр салбаруудын өсөлт удаашрах нь хөдөлмөрийн зах зээл, цаашлаад өрхийн хэрэглээний төлөвийг муутгах эрсдэлтэй байна.

Гадаад эрэлтийн төлөв сайжирч, манай улсын экспортын гол нэрийн барааны үнийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдэв. Дэлхий дахинд нийлүүлэлтийн доголдол намжиж, газрын тосны үнэ буурсан нь улс орнуудад инфляцын түвшин саарах, эдийн засгийн идэвхжил сэргэхэд эергээр нөлөөллөө. Гэхдээ улс орнуудын хооронд үүсээд буй геополитикийн асуудал, АНУ, Европ зэрэг томоохон эдийн засагтай улсуудын банк, санхүүгийн зах зээлд үүсээд буй хүндрэл цаашид даамжрах эрсдэл зэрэг нь гадаад орчны тодорхой бус байдлын гол эх сурвалж болж, дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Гадаад эрсдэл, тодорхой бус байдал өндөр хэвээр, төсвийн зардал нэмэгдэхээр байгаа нь өнөөгийн нөхцөлд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах, төгрөгийн өгөөжийг хадгалахад эергээр нөлөөлнө.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлнэ. Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр 7 хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

Categories
онцлох-нийтлэл эдийн-засаг

Гурван том компанид зээл гаргасан Хөгжлийн банкны дэд захирал Я.Сод-Эрдэнээс бусад нь хариуцлага хүлээнэ DNN.mn

Хөгжлийн банкны гэх тодотголтой авлига, албан тушаалын томоохон гэмт хэргийн шүүх хурал 47 хоног үргэлжилсний эцэст өнгөрсөн лхагва гаригт завсарлаад байна. Шүүх бүрэлдэхүүн өчигдөр, өнөөдөр хоёр өдөр зөвлөлдөн, ирэх даваа гаригт шийдвэрээ танилцуулна. Шүүх байгууллагын түүхэнд хамгийн олон холбогдогчтой буюу дөрвөн аж ахуйн нэгж, 80 хүнийг буруутгаж шүүсэн уг шүүх хурлын шийдвэрээр хэн ямар авах нь удахгүй тодорхой болно.

Яллагдагчаар татагдсан 80 хүний дотор одоогийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар багтсан. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр ч татагдаж, шүүх танхимд хэдэнтээ мэдүүлэг өгөв.

Прокуророос Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарыг 22.1.3-т зааснаар ялласан бөгөөд уг заалтад “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасч таван жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Эрүүгийн хуулийн 22.1.2 буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар ялласан байна.

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 22.4.2 болон 22.10.2 гэсэн зүйд ангиудаар яллажээ. Уг зүйл ангиудаар бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасч, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм.

Төрийн өндөр албан тушаалтнуудын дараа эрэмбэлэгдэж буй Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд хэнд ямар ял төлөвлөсөн нь анхаарал татаж буй. Хөгжлийн банкны гэгдэх хэрэгт холбогдуулж шалгасан 80 хүний дунд Хөгжлийн банкны үе үеийн захирлууд, томоохон албан тушаалтай 37 хүн татагдсан байдаг. Тодруулбал, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр, дэд захирал Б.Чойжилжалбуу, Ч.Энхбат нарын 37 хүн багтжээ. Тэднийг ихэвчлэн Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар буруутган яллаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Н.Мөнхбат, Б.Батбаяр нар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх магадлалтай байна.

Сар хагас үргэлжилсэн энэ том шүүх хуралд яллагдагчаар татагдсан хүмүүсийн 50 орчим хувь нь Хөгжлийн банкны хариуцлагатай албан тушаалтнууд. Гэвч хуулийнхан гол буруутай этгээдийг сугалж үлдээснийгээ өнөөдөр хүртэл тайлбарлаагүй байгаа юм. Тэр бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ.

Я.Сод-Эрдэнэ нь Хөгжлийн банкны дэд захирлын албан тушаалыг хашиж байлаа. Түүнийг анх АТГ-аас “Бэрэн групп”, “Инжир”, “Баруун баян транс” компаниудын зээлтэй холбогдуулж Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг зарлаж байлаа. Гэвч Хөгжлийн банкны хэргийн шалгалт дуусах үеэр Я.Сод-Эрдэнийн хэргийг тусгаарлачихсан. Товчхондоо түүнийг энэ том хэргээс мулталчихсан гэсэн үг.

“Эрдэнэт” үйлдвэрт хэдэн тэрбумаар шахааны бизнес хийдэг, сүүлд Боловсролын сангийн зээлд хүүхдээ үнэ төлбөргүй сургасан зэргээр ёс зүйгүй үйлдлүүд ар араасаа хөвөрсөөр байгаа Я.Сод-Эрдэнээс бусад нь их, бага хэмжээгээр хариуцлага хүлээх нь тодорхой болж байна. Гагцхүү тэдний дунд зогсох ёстой хариуцлагатай албан тушаалтан байсан Я.Сод-Эрдэнэ дүүгийнхээ, намынхаа буянаар уснаас хуурай гарчихлаа гэж гэсэн холбогчид дунд, түүгээр зогсохгүй хуулийнхан, улс төрийн хүрээнд тархжээ.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ эдийн-засаг

​Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэнэ DNN.mn

Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй нээлттэй ярилцах зорилгоор “Усны тухай ярилцъя-3” ээлжит уулзалтаа энэ сарын 16-ны өдөр ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбайд зохион байгууллаа.

Уулзалтын хүрээнд Монголын МСС болон Америкийн Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний дагуу хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг бидэнд танилцуулсан юм. МСК нь АНУ-ын Засгийн газрын гадаад тусламжийн агентлаг юм. МСК эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд тодорхой шалгуурт нийцсэн бага, дунд орлоготой улс орнуудтай компакт гэрээ байгуулан, таван жилийн хугацаатай тэтгэлэг, буцалтгүй тусламж олгодог байна. Тус корпорац Монгол Улстай 2007 онд анхны компакт гэрээгээ байгуулсан.

Өдгөө хоёр дахь компакт гэрээний хүрээнд усны хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд, ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, хаягдал ус дахин боловсруулах төсөл, усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл зэрэг багтана. Эдгээр төслийг 2021.03.31-нээс 2026.03.31 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ: “Ус нь хүний эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хөгжлөөр зогсохгүй улс орны аюулгүй байдал, оршин тогтнохуйн асуудал мөн” гэж хэлснийг онцлон тэмдэглэмээр байна. Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн нэг бол “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл” юм. Төслийн захирлаар Б.Батсүх томилогдон ажиллаж байгаа аж. Уг төслийн хүрээнд Туул голын дагуу орших Биокомбинат, Шувуун фабрик орчмын хоёр байрлалд нийт 30 худаг бүхий газрын доорх усны эх үүсвэр шинээр байгуулснаар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх юм. Мөн энэхүү газрын доорх усны эх үүсвэрийн талбайгаас цуглуулсан усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн гүн цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг Улаанбаатар хотоос 20 гаруй километр зайд орших Сонгинохайрхан уулын зүүн бэлд байгуулж байна. 2023 оны 5 дугаар сарын байдлаар бүтээн байгуулалтын ажил ноцтой саатал хоцрогдолгүй, төлөвлөгөөний дагуу, 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2024 оны II улиралд дуусаж, туршилт тохируулгыг эхлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Тус үйлдвэрийг барьснаар ус хангамжийн системд жилд 50 сая м3 газрын доорх усыг нийлүүлэх бөгөөд энэ нь нийслэл хотын ус хангамжийн өнөөгийн хэмжээг ойролцоогоор 60 гаруй хувиар нэмэгдүүлэх юм. Энэхүү төслийн гүйцэтгэгч байгууллагыг олон улсын тендер зарлаж сонгон шалгаруулсан бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсын “Мапа Иншаат” компани шалгарчээ. МСС-ийн Нийгэм, жендерийн асуудал хариуцсан захирал А.Отгончимэг бидэнд ажилчдын талаар мэдээлэл өглөө. Тэрээр: “Компакт гэрээний хүрээнд нийт ажилчдын 30 хувь нь эмэгтэйчүүд байхыг зорьж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар энэ төсөл дээр 255 хүн ажиллаж байна. Бүх ажилчид мэргэжлийн хүмүүс. Тэдний 42 нь эмэгтэй ажилчид ба нийт ажилчдын 85 хувийг турк ажилчид бүрдүүлж байна. Монголчуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой гэсэн шаардлага тавьсны үндсэн дээр туслан гүйцэтгэгчээрээ монголчуудыг ажиллуулж байна. Тэдний 50 гаруй хувь нь эмэгтэй ажилчид.

Турк улсын барилгын салбарт эмэгтэйчүүд бараг ажилладаггүй бөгөөд турк ажилчид эмэгтэйчүүд барилгын салбарт ажиллах боломжтой юм байна гэдгийг монголд ирээд ойлгож авсан” гэсэн юм. Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн нийт санхүүжилт 461.76 сая ам.доллар. Үүний 350 сая ам.доллар нь МСК-ын буцалтгүй тусламж бол 111.76 сая ам.доллар нь Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт юм. Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал бидэнд санхүүжилт болон ажиллах хугацааны талаар мэдээлэл өглөө. “Санхүүжилтийн хувьд АНУ-ын талаас 350 сая ам.доллар нэг дор орж ирдэггүй. Тухайн улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаад, нэг улирлын өмнө санхүүжилтээ батлуулж авдаг. Ажиллах хугацааны хувьд 2024 оны II улиралд барилгын ажлаа дуусгахаар төлөвлөсөн. Монголд барилгын улирал маш богино. Тиймээс өвлийн улиралд барилгын доторх технологийн эд ангиудаа суурилуулна. Хүйтрэхээс өмнө цаг агаараас хамааралтай ажлуудаа дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Мөн төслийн нийт санхүүжилт болох 461.76 сая ам.долларын доллар нэг бүрийг хянаж ажиллаж байгаа ажээ. “Тийм ч учраас “Усны тухай ярилцъя-3” уулзалтад ирсэн сэтгүүлчдийн хоол цайг бэлтгэх тендер зарласан. Төслийн санхүүжилтээс нэг долларыг ч үүнд зарцуулаагүй харин ажилчдын хоолны газрын заалыг л ашиглаж байгаа” гэж тэд ярьж байлаа. Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин сууж, улсын хэмжээнд бүртгэлтэй нийт ААН-ийн дөрөвний гурав нь үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн гуравны хоёрыг дангаараа бүрдүүлдэг ач холбогдол бүхий газар юм. АНУ-ын МСК компакт гэрээний үр дүнд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлж, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.

Ө.АНХЗАЯА

Categories
эдийн-засаг

Эрчим хүчний эх үүсвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд ногдох албан татварыг хөнгөлөх хуулийг хэлэлцэв DNN.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцэж байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Цахилгаан эрчим хүчний таван МВт-аас дээш хүчин чадалтай, эсвэл дулааны эрчим хүчний 1.5 МВт-аас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөх тухай заалт нэмэхээр тусгасан байна. Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй байхаар, хуулийн дагаж мөрдөх үйлчлэх хугацааг 2029 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тусгажээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Үргэлжлүүлэн Гаалийн тариф, татварын тухай хуулийг хэлэлцэж, Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Уг хуулийн төсөлд Цахилгаан эрчим хүчний таван МВт-аас дээш хүчин чадалтай, эсвэл дулааны эрчим хүчний 1.5 МВт-аас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийн импортын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно гэж тусгасан байна.

Categories
онцлох-нийтлэл эдийн-засаг

Жолооч Ч.Эрдэнэбат: Төрийн байгууллагуудын хүнд суртал үнийн өсөлт, машин тэрэгний хомсдолыг бий болгож байна DNN.mn

Замын-Үүдийн ачаа тээврийн асуудлаар “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Танай нутгаар зуншлага хэр байна вэ?

-Зуншлага муу. Цагаанаараа эргэсэн, аймшигтай байна.

-Өнгөрсөн долоо хоногт манай сонинд Б.Пүрэвдорж гишүүн ярилцлага өгөхдөө ачаа тээврийн үнийн талаар ярьсан юм. Одоо ачаа тээврийн үнэ ханш ямар байгаа вэ?

-Ачаа тээврийн үнэ өсөөгүй. Хамгийн гол нь орж, гарах зохицуулалтуудаа төрийн байгууллагууд хийж чадахгүй байна. Би яг одоо очерт зогсож байна. Одоогоор миний нүдэнд харагдаж байгаа 1000-гаад машин байна.

-Өдөрт хэдэн машин гарч байгаа вэ?

-200 машин гарч байна.

-Хэд орж байгаа вэ?

-Бас л 200 орж ирж байгаа байх.

-Яагаад тийм олон машины дараалал үүсчихсэн юм бэ?

-Гааль, шалган, авто тээвэр, замын цагдаа гээд төрийн байгууллагууд нь бүгд тус тусдаа бүх машиныг хянаж шалгадаг, явуулдаггүй. Дээрээс нь Хятад талдаа бас хүнд сурталтай. Хоёр улс хоёр талдаа маш хүнд суртал гаргаад, машинууд нь явж өгөхгүй, ачаа бараа гацаад байгаа юм. Түүнээс зүгээр л урсгалаараа явчихвал ямар ч очер дараалал үүсэхгүй шүү дээ. Одоогоор ямар ч байсан 10 гаруй км үргэлжилсэн ачаа тээврийн машины очер байна. Өглөөнөөс хойш зогсоход ер урагшилсангүй.

-Замын-Үүдээс Эрээн рүү гарахад ямар үнэтэй байгаа вэ?

-Эрээн рүү гарахад үнэгүй шүү дээ. Ямар ачаа байхав дээ. Ямар ч ачаа байхгүй. Экспортоо наадуул чинь бүгдийг нь гаргахгүй байгаа шүү дээ.

-Орж ирэх үнэ ханш нь хэдтэй байна. Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл?

-Орохдоо Улаанбаатар руу дөрвөн сая төгрөгөөр л явж байгаа.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлээд байгаа үнийн өсөлт тэгэхээр худлаа болж таарав уу?

-Үнийн өсөлт хаана гараад байна гэхээр стандарт дээр л гараад байгаа. Авто тээврийн үндэсний төв нь аль дээр үеийн социализмийн үеийн стандартаа бариад тэгэхээр жижигхэн жижигхэн машин явж байгаа. Жишээ нь, нэг ачаад явах юмыг хоёр хувааж ачуулж байна. Одоо бүр 12 метртэй машин явуулна гээд солиотой юм яриад байгаа. Хятадууд нь тэгтэл 19, 20 метртэй машин явж байхад манайх жижгэсгэнэ гэдэг галзуу солиотой юм ярьж байдаг. Адилхан жин тонноо стандартаа бариад явмаар байгаа юм. Үүнтэй бид маш олон жил тэмцэж, хэлсээр л байгаа. Бидний явах дээд хурд 80 км/цаг. Ачаа тээврийн машины стандарт тусдаа. Монгол Улс өөрөө машин тэрэг үйлдвэрлэдэггүй. Тэгсэн мөртлөө Хятадаас орж ирсэн Хятадын стандартын машинаа орос стандартаар явуулна гэж авлига аваад гацаагаад байгаа байхгүй юу.

-Дөрвөн сая төгрөгөөр ачаа тээвэр зөөхөд ашиг гардаг уу. Техникийн элэгдэл хорогдол, эвдрэл гэмтэл гарвал яах вэ?

-Ашиг гарахгүй шүү дээ. Зүгээр л хоолны мөнгөө л олж байгаа. Ямар ч ашиг байхгүй. Одоо ингээд очер дараалал үүсээд эхлэхээр нөгөө ачааны чинь үнэ өсч эхэлж байгаа юм. Яагаад гэхээр юм ховордохоор машин олдохоо байчихна. Тэгээд очер маш их болж байна. 2-3 хоногийн өмнөөс үнэ өсөөд эхэлчихсэн. Урдаа машин олдохоо байчихсан. Наашаа бас буцаж гарахгүй. Өнөөдөр л гэхэд 2000-гаар ачиж байсан арматур,

цемент 3500 болчихсон. Яг нугарчихаж байгаа юм. Зах зээлийн эрэлт хэрэгцээ байхгүй юу. Зүгээр зарчмаар нь явуулахгүй төр дундуур нь орж ирээд л дампууруулчихлаа.

-Төр яаж оролцож байгаа вэ?

-Төрийн бүх байгууллага нь хянана, шалгана, торгоно, стандартад нийцэхгүй байна гэдэг. Тэгээд шалган дээр нь нэг ч машин байхгүй. Очер нь ерөөсөө урагшлахгүй тал өдөр болж байна. Хил гааль руугаа машинаа оруулахгүй. Өөрсдийнхөө танил талыг урдуураа оруулаад л биднийг болохоор ингээд л зогсоочихно. Төрийн энэ хүнд суртал, танил талаараа аргалдаг заваан зүйлийг арилгах хэрэгтэй. Тэгж байж юмны үнэ ханш унана, суларна. Албаар зохиомол машины хомсдол үүсгээд байна шүү дээ. Тээврийн хэрэгслийн зохиомол хомсдол үүсгэхээр тэртээ тэргүй үнэ өсөх нь тодорхой шүү дээ. Урд машин байхгүй юм чинь ачаа бараагаа авахын тулд машин хайна биз дээ. Үүнийг болиулаад Хятад руу чихээд өгөх хэрэгтэй. Хятадаас хэр машин гарч байна, тэр тоогоор нь чихээд өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, манай гадаад харилцааныхан Хятадын талтай машинуудаа аваач ээ, хурдан гаргаач ээ гэдэг тал дээр сайн ярих хэрэгтэй. Тэгэхгүйгээр урд талаасаа болохоор наашаа гарч байгаа машинуудыг бас хязгаарладаг. Урд талд Хятадын гаалийн бичгийг бүрдүүлчихээд, гарах гэж 3-4 хоног болж байна. Энэ болгон чинь зардал шүү дээ. Тэр хүмүүсийн буудал, хоол унд, машиндаа тос бензин үрж байна. Нэг хоногт зөвхөн тээврийн хэрэгсэлдээ 50 юань төлдөг. Тэгэхээр буудал хоол ундтайгаа нийлээд нэг хүнд хоногийн 200 юань чөлөөтэй алга болж байгаа. Өдрийн 100 мянган төгрөгний өртөгтэйгөөр Хятадад монгол тэрэг зогсож байна шүү дээ.

-Цаашаа гараад ачаагаа ачихад удах уу?

-Ачаагаа маш хурдан аччихдаг. Гэтэл наашаа гаалийн бүсээр гарах гэхээр хятадууд гаргахгүй. Хятадууд цаад талд монголчуудыг аль болох олон хонуулж мөнгө авах гээд байна шүү дээ. Ингээд албаар зогсоодог. Албаны хүмүүс биднийг гацааж зогсоохоос илүү тэдэнтэй ярилцаад, хурдан шуурхай оруулж гаргадаг болгомоор байгаа юм. Манайд барилгын эрчимтэй хугацаа чинь гуравхан сар шүү дээ. Яг л коронагийн үеийн байдал руугаа одоо буцаад орж байна. Хэд хоногийн өмнөөс эхлээд.

-Гарах орох машины хязгаар тогтоогоод байсан тэр хэвээрээ л байгаа юу. Нэмэгдсэн үү?

-Нэмэгдээгүй ээ. Өдөрт 200 машинаа арайчүү л оруулж, гаргаж байна. Гаалийн, хилийн цэргийн, авто тээврийн, төмөр замын хүнд суртал бүгд нөлөөлөөд энэ үнийн өсөлт, машин тэрэгний хомсдолыг бий болгож байна. Дандаа төрийн байгууллагуудтай холбоотой л үнийн өсөлт явагдаж байгаа. Ажлаа шуурхай хийгээд, зохион байгуулалтыг шуурхай гүйцэтгээд, хурдан нэвтрүүлээд өгөх юм бол үнэ өсөхгүй шүү дээ. Зах зээлийн үнэ нь буцаад л доошоо уначихна. Урагшаа Эрээн рүү машинуудаа бүгдийг нь чихээд өгөх юм бол нэг өдрийн дотор бүх ханш уначихдаг. Бариад хязгаарлаад байх тусам коронагийн үе шиг өсч эхэлж байна. Аргагүй шүү дээ. Машин олдохгүй болохоор өсөхөөс өөр аргагүй. Одоо энд 10 гаруй км цуваа үргэлжилж байхад нугарч өсөх нь аргагүй л дээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хяналт шалгалтад 637 барилга байгууламжийг хамруулжээ DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас төр захиргааны байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Хяналт шалгалтад 637 барилга байгууламжийг хамруулан 4428 зөрчлийг илрүүлж, 3055 зөрчлийг газар дээр нь арилгууллаа.

Гал түймрийн аюулын үнэлгээ хийлгээгүй, гал унтраагуурын нормын дагуу байрлуулаагүй, авралтын зам гарцыг аваарын үед ашиглах гэрэлтүүлгийн хэрэгслээр стандарт шаардлагын дагуу байрлуулаагүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл /галын сарай/ иж бүрдлийн дагуу байрлуулаагүй зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
эдийн-засаг

224 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолжээ DNN.mn

Өнгөрсөн сарын 26-наас энэ сарын эхэн хүртэлх хугацаанд экспортод 9 мянга гаруй автомашин нүүрс гарчээ. Мөн хугацаанд экспортод 950 чингэлэг, мөн мянга гаруй жолоочгүй, ухаалаг жолоодлогын AGV тээвэр хийгдсэн байна.

Дээрх тээврүүдээр 1,134.0 мянган тонн нүүрс гаргаад байна. Үүнийг өмнө оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 107 хувь өсжээ. Оны эхнээс 24,049.4 мянган тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 18,194.5 мянган тонноор буюу 3 дахин өссөн байна.

Зэсийн баяжмал: 384 автомашин, 224 чингэлэг тээврээр экспортолжээ. Оны эхнээс нийт 630.2 мянган тонныг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 2 хувиар өсжээ.

Төмрийн хүдэр, баяжмал: 27 автомашин, 1,830 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 2,232.6 мянган тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 130.8 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт: Дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 65.9 хувь, зэсийн баяжмал 45.1 хувь, төмөр 26.5 хувь, алт 28.3 хувь, газрын тос 30.6 хувь, цайр 83.6 хувь, хайлуур жонш 84.1 хувь тус тус байна.

Categories
эдийн-засаг

Дизель түлшний үнэ сүүлийн хоёр сард 200-300 төгрөгөөр буурчээ DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар сүүлийн хоёр сард дизель түлшний үнэ литр тутамд 200-300 төгрөгөөр буурсан гэв.

АМГТГ-аас мэдээлснээр дөрөвдүгээр сарын байдлаар 96881 тонн дизель түлшний үлдэгдэлтэй байжээ. Энэ нь 2022 оныхоос 40 орчим мянган тонноор илүү байна.

Гэвч үнэ өмнөх оноос 118 хувиар өсөж, улсын дундаж 4006 төгрөг байна. Өнгөрсөн онд дундаж нэг литр дизель түлшний үнэ 3369 төгрөг байжээ.

Categories
цаг-үе эдийн-засаг

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

 Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцуулав.

Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах үүргийг хэрэгжүүлэх, нисэхийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэний нисэхийн салбарын хөгжлийг төрөөс дэмжих, орон нутгийн алслагдсан бүс нутагт нийгмийн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг бодлогоор дэмжих зорилгоор төслийг боловсруулжээ. Түүнчлэн агаарын тээврийг өргөжүүлэн тогтворжуулахад чиглэсэн оновчтой, үр дүнтэй эдийн засгийн зохицуулалтыг бий болгох, агаарын навигацын хураамжийн тодорхой хувиар нисэхийн аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэх, иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын санхүүжилтийн зарчмыг тодорхой тусгах асуудлуудыг төсөлд тусгасан байна. Иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын болон үйлчилгээний чиг үүргийг тусгаарлах, агаарын навигацын, аэродромын болон аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг бие даасан аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх, шинжлэн шалгах ажиллагаа гүйцэтгэгч байгууллагыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагаас хараат бус байх зэрэг асуудлыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан “Иргэний нисэхийн загвар хууль”, стандарт шаардлага болон зөвлөмжид нийцүүлэхээр холбогдох зохицуулалтуудыг төсөлд тусгасан болохыг С.Бямбацогт сайд танилцуулав.

Эдийн засгийн байнгын хороо 2023 оны зургадугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Мөн хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа гэдгийг санал, дүгнэлтэд тэмдэглэв. Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, С.Ганбаатар нар асуулт асууж, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 51.4 хувь нь Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.