Ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байна.
Ирэх оны төсвийн орлогын төсөөллийг 27 их наяд байхаар оруулжээ.
Төсвийн төсөлд ирэх жилд нэг удаа зохион байгуулагдах арга хэмжээний төсвийг дараах байдлаар тусгасан байна.
Ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байна.
Ирэх оны төсвийн орлогын төсөөллийг 27 их наяд байхаар оруулжээ.
Төсвийн төсөлд ирэх жилд нэг удаа зохион байгуулагдах арга хэмжээний төсвийг дараах байдлаар тусгасан байна.
УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Гадаад орчны амаргүй нөхцөл байдал шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа хэдий ч манай улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 6.4 хувиар өссөн байна. Нүүрсний экспорт эрчимжиж, тээвэр, үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэл сайн байсан нь нийт өсөлтийг голлон тэтгэсэн аж. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг энэ онд уул уурхайн салбар голлон тэтгэж, өсөлт 6 орчим хувьтай байх, экспорт саадгүй үргэлжилбэл ирэх онд энэхүү өсөлтийг хадгалах бололцоотой гэсэн тооцоолол гарчээ. Инфляцыг дунд хугацаанд 6 хувийн интервалд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тус тогтоолд тусгажээ. Энэ нь Монгол Улсын эдийн засаг дунд хугацаанд тогтвортой өсөх, хувийн секторын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжих үндсэн хөшүүрэг болох юм. Цаашид Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг тодруулсан юм. Түүний асуултад Монголбанкны зүгээс “Ипотекийн зээлийн хөтөлбөр нь 2013 оноос эхлэн хэрэгжсэн. Өнгөрсөн хугацаанд 115 мянган өрхөд 7.2 их наяд төгрөгийн зээлийг олгосон байна. Үндэсний орон сууцны корпорацийг байгуулах хүртэл уг хөтөлбөрийг төв банк хэрэгжүүлж явах шийдэлд хүрсэн. Иймд УИХ-аас тус банканд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх олгосон тогтоол, түүнтэй адилтгах түвшний эрх зүйн шийдвэрийг гаргаж өгөх шаардлагатай.
Хэрэв тус шийдвэрийг гаргасан тохиолдолд төв банк ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой. Одоогийн байдлаар арилжааны банкуудад ойролцоогоор 17 мянга орчим зээлийн өргөдөл хүлээгдэж байна. Уг зээлийн хөтөлбөр хэвийн хэмжээнд хэрэгжсэн тохиолдолд нэг жилд 600-700 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдох юм. Ингэснээр нийгэмд үүсээд буй хүлээлт тодорхой хэмжээнд шийдэгдэх бололцоотой” гэсэн тайлбарыг өглөө.
НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяртай ярилцлаа.
-Ногоон автобусны дуулианаар богино хугацаанд асар олон үйл явдал болж өнгөрлөө. Нууц далд байдаг олон ноцтой зүйлийг монголчууд мэдэж авлаа. Ер нь таныхаар юу болоод өнгөрчихөв?
-Хүн намын бүлгийн хурал нийслэл дээр өнгөрсөн есдүгээр сарын 19-ний өдөр болсон юм. Тэр үеэр оюутнуудын зорчилтыг хөнгөлөх, сард 22 удаа үнэгүй зорчиж байсныг 44 болгож жилд 5.5 тэрбум төгрөгийг нэмж нийтийн тээвэрт нөхөн олговорт өгнө гэсэн асуудал орж ирсэн. Нийтийн тээвэр чинь дампуурч байгаа салбар. Өөрөө өөрийнхөө паркыг ч шинэчилж чаддаггүй, үргэлж улсын төсвөөс зүүгдэж ирсэн. 2014 оноос хойш нэг ч удаа тасалбарын үнийг нэмж чадаагүй. Ихэнх зорчигчид нь хөнгөлөлттэй, үнэгүй явдаг болоод хувирчихсан. Нийт зардлын 20-хон хувийг олдог. 80 хувийг нь улсаас авдаг. Нийтийн тээврийн 18 аж ахуйн нэгжийн 16 нь хувийн хэвшлийнх байдаг гэдэг. Сонин байгаа биз. 80 хувь нь улсаас татаас авдаг. Тэгэхээр тэнд ямар ч ашиг олъё, сайжруулъя гэсэн сонирхол байхгүй. Машин, цаг гэж мөнгө авдаг, нөхөн олговор авдаг, бас бус татаас авдаг салбар. Энэ асуудал хөндөгдөж байхад парк шинэчлэлийн асуудал яригдсан. Ногоон автобуснуудыг худалдаж авахыг нууцад хамруулсан гэж Хотын захиргаанаас мэдэгдсэн.
Нийслэлийн иргэдээс сонгогдсон төлөөлөгч бидний хувьд энэ бол хүлээн зөвшөөрч болохгүй асуудал. Асууж тодруулсан.Тэгэхэд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу тендерийн хуулийн 3.4-д байгаа заалтыг ашигласан гэсэн. “ТЕГ-аас зөвлөмж нь ирсэн учраас шууд худалдан авалт хийчихсэн юм аа” гэсэн. Бид эсэргүүцсэн. Татвар төлөгчдийн мөнгийг нууцад хамруулж байгаад идэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Саяхан нүүрсний асуудлаар 177.5 тэрбум төгрөгийг агаарт шатаана гэж оруулж ирсэн. Гэтэл одоо бүр 318 тэрбумыг далдалж байгаад идэх нь. Энэ асуудлыг хөндсөн биднийг “Нууцад хамруулсан асуудлаар та нар ингэж ярьж эхлэх юм бол нууцыг задруулсан гэдэг зүйлээр хариуцлагад татна” гэж ч үзсэн. Нэлээд ширүүхэн маргаан болсон.
-Хамгийн гол нь яагаад нууцад авав гэдэг асуудал өнөөдөр ч яригдаж байгаа шүү дээ?
-Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 3.4-т үндэсний аюулгүй байдалтай холбоотой тусгай галт зэвсэг, багаж төхөөрөмж зэргийг худалдан авах тохиолдолд энэ хуулийн заалтыг хэрэглэхгүй гэдэг. Тэгвэл нийтийн тээврийг яагаад төрийн нууцад авав. Ингээд судлаад үзэхээр 2017 онд хамгийн сүүлд авсан төрийн нууцын жагсаалт байдаг юм байна. Түүнийг харахаар ерөөсөө 2017 онд зам тээврийн салбарт авсан нэг нууц байгаа. Тэр нь төмөр зам. Цэргүүдээр төмөр зам бариулах асуудлыг нууцад авсан байсан. Тэр явдал өнөөдрийн автобусны схем хоёр адилхан болж эхэлсэн. Төмөр зам дээр гэхэд Улаанбаатарт 1000 төгрөгөөр зарагдаж байсан талх 20 мянган төгрөгөөр нийлүүлэгдэж байсан гэдэг.
-Хэдхэн хоногт өрнөсөн энэ үйл явдлаас бол сайд, Хотын дарга нар албан тушаалаа өгөхөд хүрлээ. Улаанбаатар хот өнөөдөр Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг том хот. Тэр утгаараа маш том эрх мэдэл, сонирхол байдаг болох нь батлагдаж байна, тийм үү?
-Хулгайн схем нь амь бөхтэй оршоод байна гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн нууцад оруулж байгаад төмөр зам барих нэрийдлээр ажилласан. Өнөөдөр автобус худалдаад ав гээд Засгийн газраас төсвийг нь шийдвэрлэж өгч байхад ажлыг нь ингэж хийлээ. Энэ бол өөрсдийгөө бяртай байна, эрх мэдэл бий гэсэн буруу үзлээс л үүдэлтэй.
Эрх мэдэл бол иргэдэд, ард түмэнд байдаг. Үүнийг Линкольн хэлчихсэн. Үүнийгээ л буруу харсан. Хоёрт, хулгайн схем руу яагаад гүйгээд байна вэ. Энэ бол сонгуультай холбоотой. Сонгуулиар дахин гарч ирж эрх мэдлээ дархлаажуулахыг хүсч байгаа гэсэн үг. Төсвөөс хулгай хийдэг схемээр 30 жил зовлоо. Анх удаа автобусны асуудал дээр ингэж хөдөллөө. Үүнээс ч том хулгай, схемүүд зөндөө байгаа. Өнөөдөр Д.Сумъяабазар өөрчлөгдөж болно. Дараа нэг нь ирээд энэ хулгайг ажиллуулж эхэлнэ. Тэгэхээр иргэдийн төлөөлөгч хүний, сөрөг хүчний үүрэг маш чухал гэж харж байгаа.
Ер нь Хотын Засаг дарга гэж хэн юм бэ. Энэ бол улс төрийн үүднээс харвал хүн амын тал хувь нь Улаанбаатарт байгаа учраас маш том эрх мэдэлтэй байх нь ойлгомжтой. Нөлөө бүхий хүн байх нь гарцаагүй. Тэгэхээр чадвал Үндсэн хуульд ч өөрчлөлт оруулж байгаад болов Нийслэлийн Засаг даргыг ард түмнээсээ сонгодог болгох нь хамгийн зөв шийдлийн нэг. Арга ядлаа гэхэд Нийслэлийн иргэдийг төлөөлж суугаа 45 хүнээс Засаг даргыг санал болгодог байх ёстой юм. Гэтэл манайд нийслэлийн төлөөлөгч хүн биш гаднаас зөвхөн шүхрээр УИХ-аас бууж ирдэг хачин жишиг тогтлоо.
-Засгийн газрын өнөөдрийн /өчигдрийн/ шийдвэр ч үүний үргэлжлэл юм биш үү. УИХ, Засгийн газрын гишүүн Хотын дарга болоод ороод ирлээ шүү дээ?
-Урьд нь УИХ-ын гишүүний суудлыг орхиод ирж байсан. Одоо бол УИХ-ын гишүүн, сайдынхаа суудлыг орхиж ирж байна. Уг нь Хууль зүй, дотоод хэргийн яам гэдэг үндсэн чиглэлийн яамдын нэг. Гэтэл тэр ажлаа орхиж ирж байна.
-Ямар сонирхол байна вэ?
-Энд МАН гэдэг том эрх мэдлийн машин ажиллаж байгаагийн илрэл. Ардын нам дотроо хамгийн хүчтэй бүлэг нь яахын аргагүй Нийслэлийн намын хороо. Д.Сумъяабазар Нийслэлийн намын хороогоо алдахыг хүсэхгүй байна. Шахаж байна. Өөрөөр хэлбэл, хэрэв би явсан тохиолдолд надтай адилхан Сонгинохайрхан дүүргээс гарсан миний цэрэг Х.Нямбаатарыг тавьсугай гэсэн л явдал. Эрх мэдлийн эх булгийн хувьд яах аргагүй МАН-ын нийслэлийн намын хороондоо учир нь байна.
Нийслэлийн 45 төлөөлөгчийн 34 нь МАН-ынх. Тэднийг ноомой мануухай гэж хэлэхээс өөр аргагүй. Юу ч дуугардаггүй. Бүгдийнх нь аманд албан тушаал цутгаад өгчихсөн. Энэ хүмүүс ядаж төлөөлөгчдөөсөө Хотын даргыг сонгооч гэж дуугарах ёстой. Урьд нь Э.Бат-Үүл гэж дарга байлаа. Алдаа бий, энэ хүнд. Э.Бат-Үүл өөрөө төлөөлөгч байсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоод АН-аа сонгуульд оруулж ялалт байгуулаад тэндээсээ өөрөө Засаг даргад нэр дэвшээд явсан. Түүнээс хойшхи нь дандаа шүхрээр буусан хүмүүс.
-Энэ хоёрын ялгаа юу юм бэ?
-Засаглалын эх сурвалжийн асуудал. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэдийн төлөөлөгч шиг болгож чи нийслэлд очиж энэ хотыг хөгжүүл, бидний асуудлыг шийдвэрлэж өг гэж явуулсан хүн Засаг дарга болох, Сонгинохайрхан дүүргээс “Чи УИХ-д очоод хуулиа цэгцэл, улс орны хэмжээний юм ярь, Сонгонохайрхан дүүргийн асуудлыг шийд” гэж явуулсан улстөрч хоёрын ялгаа. Иргэдийн хүлээж авах байдал гэсэн үг.
Ухаандаа 45 хүнээс 34-ийг ялуулж чадна гэдэг Д.Сумъяабазарын гавьяа. Энэ бол маш том ялалт. Хэрэв НИТХ-аас Д.Сумъяабазарыг огцруулахаар өргөн барьсан бол 15 төлөөлөгчийн гарын үсэг хэрэгтэй. АН-ын найм, ХҮН намын гурав нийлээд ч 15-д хүрэхгүй. Ийм хүчтэй суурь гэсэн үг. Хэзээ ч ганхахгүй хүчтэй эрх мэдэл. Үүн рүү л шунаж байгаа хэрэг. Улсын төсөв 20 их наяд, нийслэлийн төсөв хоёр их наяд. Энэ болгон дээр өөрийнхөө хүнийг тавина, түүгээр дамжуулж тендер авна. Нийслэлийн худалдан авалтын газрын юмыг ухвал айхавтар юм гарна. Энэ эрх мэдэл рүү л улайрцгааж байна.
Үүнийг тас цохиж чадах хүн ганц л байгаа. Тэр бол Монгол Улсад иргэн та өөрөө. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуулиар огцруулж болно, дахиад огцруулж болно. Дээр нь иргэдийн төлөөлөгчдийн хурлыг тарааж болно. Яах юм, мануухай шиг тооноор орж ирсэн хүнийг хүлээж аваад сууж байдаг. Өөрсдөө тарж болно. Ингээд сонгууль зарлаж болно. Үүн дээр иргэд өөрсдөө сонгуулиа хийх хэрэгтрэй. Улс төрийн хоёрдогч хүчин МАН биш гэдэг. Хулгай хийдэг схемийг байнга үргэлжлүүлдэг биш, эрүүлийг сонгоё. Ингээд ирвэл тас цохино. Тэр хүртэл хугацаа хэрэгтэй.
-Өнөөдөр Улаанбаатар хотод болж бүтэж байгаа зүйл тун ховор байна. Нийтийн тээвэр гэж ярьж ирсэн ч үсрэнгүй ганц ажил хийгдсэнгүй. Метротой болж чадсангүй. Ард түмэн ядуу, дорой, утаатай, түгжрэлтэй хэвээр л байсаар байна. Ийм байлгах сонирхол байдаг юм уу, эсвэл үүнээс илүүг сэтгэх оюун ухаан хүрдэггүй юм уу, бүр улс төрийн намаг балчигаасаа гарч чадахгүй шигдчихсэн үү?
-Метроны технологид Япон, Хятад хоёр л яригддаг. Хятадынх хямд, Японых үнэтэй юм билээ. Та бүхэн анзаарсан бол Зүүн Өмнөд Азид энэ хоёр улс л тулалдаж байгаа. Өмнөд Азид ч тэр. Метро, төмөр замын асуудал гараад ирэхэд олон улсын тендерүүд дээр Хятад, Японы компаниуд л орж ирдэг. Сонирхолтой нь энэ дайн Монголоос л гадна болоод байдаг. Манайх метро ч үгүй, төмөр замын үйлчилгээнд гардаггүй дэлхийн цорын ганц нийслэл хот болж хувирсан.
Манайх олон улсын систем руу орж чадаагүй байна. Үүн дээр мэдээж хөрөнгө мөнгөний дутагдал байх. Өндөр үнэтэй баригдсан метро, LRT хэзээ өөрийнхөө анхны хөрөнгө оруулалтыг нөхөх вэ, татвар төлөгчдөд хэр их дарамт болох вэ гэдэг асуудал бий. Гэхдээ Монголын эдийн засаг тэлж эхэлсэн. Урьд өмнө байгаагүйгээр нийслэлийн төсөв тэлсэн. Тэлсэн хэмжээгээр өөрсдөө хулгай хийчихлээ.
Хулгай байхгүй, засаглал нь шударга, ил тод болох, олон улсын өрсөлдөөн рүү Монгол Улс маш сайн геополитикийн тооцоотой орох хэрэгтэй. Уг нь Монголыг аль аль нь сонирхдог. Метро тавих сонирхол байгаа, санхүүгийн эх үүсвэр ч байгаа.
-Гэвч улстөрчид тас хорьчихдог байх аа?
-Яагаад тэд зогсоодог вэ гэхээр өнөөдрийн Улаанбаатар хот, хөдөө орон нутгийг оролцуулсан тойргийн систем бүгд можаритор. 50 тойрог нь Улаанбаатарын гадна байгаа. Их хэмжээний санхүүгийн эх үүсвэр хот руу татагдаж орж ирээд хөдөө орон нутаг хаягдана гэсэн айдас байгаа юм. Орон нутгийг усалдаг мөнгө нь байхгүй болно гэсэн тойргийн сэтгэлгээнд баригдчихаад байгаа юм.
Ирэх сонгуульд 126 гишүүнтэй, 48 нь тойргийн сэтгэлгээнд баригдахгүй хүмүүс орж ирнэ. Тэгэхээр энэ бодлого арай өөр орчныг авчрах байх.
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойших нэг жилийн хугацаанд гарсан үр дүн, 2024 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Тус тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Экспорт 2023 оны эхний есөн сарын байдлаар 11 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс хоёр тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Түүнчлэн нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшин буюу 47 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 28 сая тонноор өслөө.
Гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системийг нэвтрүүллээ. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд уул уурхайн биржийн тогтолцоог нэвтрүүлж, энэ сарын 02-ны байдлаар нийт 7.5 сая тонн нүүрс, 101 мянган тонн төмрийн баяжмал нээлттэй арилжлаа.
Тээвэрлэлт, экспортын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “C” зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд бүрэн шилжүүлээд байна.
Улмаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2023 оны есдүгээр сарын эцсийн байдлаар дөрвөн тэрбум 124 сая ам.долларт хүрч, 2022 оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар буюу 1.3 тэрбум ам.доллароор өслөө.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийх үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Ирэх онд 60 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсвийн төсөлд тусгасан, энэ зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллана” гэж Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдлээ.
Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар давсан талаар үүнтэй Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Гадаад валютын нөөц дөрвөн тэрбум 124 сая ам.долларт хүрчээ.
Жилийн өмнө улсын гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.долларт хүрч төгрөгийн ханш хэлбэлзэж байсан. Мөн нэг жилийн өмнө гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг танилцуулъя.
Түүнчлэн ашигт малтмалын борлуулалт хөрөнгө оруулалтын нууц гэрээнүүдийг ил болгож, оптик гэрээг хориглосон.
“Эрдэнэс Тавантолгой” ХК дээр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилуулан ажиллуулж байна. Ингэхдээ борлуулалт, олборлолт тус тус өссөн. Мөн уурхайн ам үнээр тээврийн гэрээ байгуулдгийг байдлыг бүрэн зогсоосон.
Тал талдаа хичээвэл ирэх онд 60 сая тонн нүүрс гаргах бүрэн боломжтой гэж үзэж төсөв дээр суулгасан. Мөн төмөр замын холболтын ажлуудын гэрээ хэлцэл хийгдэж байна” гэв.
Улсын хэмжээнд 7000 га-д жимс, жимсгэнэ тариалж байгаа ч дотоодын хэрэгцээнийхээ гурван хувийг л хангаж байна. Өөрөөр хэлбэл “97 хувийг нь импортоор авч, жилдээ 50-60 сая ам.доллар зарцуулж байна” гэж Монголын Жимс, жимсгэнийн үндэсний холбоо мэдээллээ.
Өнгөрсөн онд 40 гаруй мянган тонн жимс, жимсгэнэ импортоор авсан гэж ХХААХҮЯ онцолж байсан юм. Дотоодын 40 орчим үйлдвэр, цех жилдээ 2000-5000 тонн жимс, жимсгэнэ хураан авдаг бөгөөд үүнээс 2500 орчим тонн жимс, жимсгэнийг нь гар аргаар зарж борлуулдаг байна.
Орон нутаг дахь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн журамд дараах өөрчлөлтийг тусгалаа.
Монголбанкны эх үүсвэрээр орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 100.0 сая төгрөг байсныг 150.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэв.
Мөн Даатгалын тухай хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан орон нутагт орон сууц худалдан авч буй зээлдэгчийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт даатгалын байгууллагаас батлан даалт гаргах боломжийг нээлттэй боллоо.
Дэлхийн томоохон хотууд дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж, тулгамдсан асуудлаа шийдэх, хөгжлөө хурдасгахын тулд шаардлагатай санхүүжилтийг нь богино хугацаанд босгох санхүүгийн үр ашигтай хэрэгсэл эрэлхийлсээр иржээ.
Энэхүү асуудлыг хамгийн анх дэлхийн банк санхүүгийн төв гэгддэг Нью-Йорк хот шийдэж, 1812 онд бонд гаргаснаар орон нутгийн бондын (municipal bond) түүх эхэлсэн гэж үздэг.
АНУ-ын төв хэсэгт орших их нууруудыг Нью-Йорк хотоор урсаж, Атлантын далайд цутгадаг Хадсон голтой холбож, ачаа тээврийг хурдасгаж, зардлыг нь бууруулах, төвийн мужуудын хөгжлийг дэмжих санал XVIII зууны төгсгөл үеэс анхлан гарах болсон ч янз бүрийн эсэргүүцэл, санхүүгийн хязгаарлалтуудтай тулсаар XIX зууныг хүрчээ.
Энэ үед дэд бүтцийн томоохон төслүүд Нью-Йорк хотын төдийгүй нэгдсэн улсын ирээдүйг өөрчилж чадна гэдэгт итгэдэг ДеВитт Клинтон Нью-Йорк хотын захирагчаар сонгогдсоноор Америкийн түүхэн дэх хамгийн аварга бүтээн байгуулалтуудын нэг гэгддэг 565 км урттай Эри сувгийн ажил эхэлсэн байна. Нью-Йорк хотын захиргаа сувгийн санхүүжилтийн нийт өртөг болох тухайн үеийн 7.9 сая ам.долларын дийлэнх хэсгийг бонд гаргах замаар шийджээ.
Эри суваг ашиглалтад орсноор Нью-Йорк хотын татварын орлого үлэмж нэмэгдсэнээс гадна, төвийн мужуудын хүн ам нэмэгдэж, эдийн засгийн өсөлт нь хурдасжээ. Эри сувгаар дайран өнгөрөх ачаа тээвэр, татварын орлогоор 5-6 хувийн хүүтэй бонд амжилттай эргэн төлөгдсөн байна. Нью-Йорк хотын энэхүү амжилттай туршлагыг хожим дэлхийн олон арван хот хэрэгжүүлсэн.
Жишээлбэл, Калифорни муж өнөөдөр Сан-Франциско хотын таних тэмдэг болсон Алтан хаалга гүүрний бүтээн байгуулалтын зардал болох 35 сая ам.долларыг (одоогийн ханшаар 700 сая ам.доллар) бонд гарган санхүүжүүлж байв. Орон нутгийн бонд нь эдүгээ засгийн газрын бондын дараа орох найдвартай үнэт цаасанд тооцогддог.
Энэхүү жишгийн дагуу Улаанбаатар хот тулгамдсан асуудлуудаа өргөн хүрээнд даацтайгаар шийдэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор анх удаагаа бонд гаргаж байна. Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа аравдугаар сарын 2-4-нийг дуустал үргэлжлэх бөгөөд нийт 277.8 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэх юм. Татан төвлөрүүлэх хөрөнгөөр тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх аж. Ийм ч учраас нийслэлийн анхны бондыг тогтвортой хөгжлийн бонд хэмээн нэрлэж байна.
Улаанбаатар хотын бондын нэрлэсэн үнэ 100 мянган төгрөг, хугацаа 24 сар, жилийн хүү 17.2 хувь байх бөгөөд хагас жил тутамд хүү төлнө. Үүнээс гадна хүүгийн орлогын татвар нь 10 биш, 5 хувь байх юм.
Улаанбаатар хотын бонд Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдах тул нийслэлийн иргэд чөлөөтэй оролцож, төрөлх хотдоо хөрөнгө оруулан өгөөж хүртэх боломжтой. Улаанбаатар хотын бондын арилжаанд оролцохыг хүссэн хөрөнгө оруулагчид Хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудад данс нээлгэн арилжаанд оролцох боломжтой юм. Бондын анхдагч арилжаа нь захиалга дүүрсэн тохиолдолд хувьцааны анхдагч арилжаа шиг хувь тэнцүүлдэггүй, шууд арилжааг хаадаг. Ийм ч учраас үнэт цаасны компаниудын зүгээс Улаанбаатар хотын бонд эрэлт өндөртэй байгаагаас заавал анхдагч арилжаа эхлэх өдрийг хүлээлгүй урьдчилсан захиалга өгөхийг харилцагч нартаа зөвлөж байна.
Та Улаанбаатар хотын бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Тэргүүлэх андеррайтер Би Ди Сек ҮЦК: (976) 7555 1919
Дэд андеррайтер Ти Ди Би секьюритис ҮЦК: (976) 7010 0261, (976) 11 311944
Дэд андеррайтер Голомт Капитал ҮЦК: (976) 7012-1530 тус тус холбогдоорой.
ЗТХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, дэмжлээ. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг өнгөрсөн тавдугаар сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан.
“Төр, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу явуулсан тус сонгон шалгаруулалтад Хятадын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК шалгарч, гэрээний дагуу ТЭЗҮ, иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг энэ онд багтаан дуусгаж, барилга угсралтыг ирэх оны I улиралд эхлүүлэхээр төлөвлөж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын дэлгэмэл урт нь 32.7 км, нэгдүгээр зэрэглэлийн, хос болон дан замтай гүүрийн урт 9.1 км юм. Эстакадан гүүр нь мушгирсан төлөвлөлттэй, 32 метрийн Т дам нуруутай, газрын гадаргаас хамгийн ихдээ 31 метр өндөр, жилд 30 сая.тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.
Төслийн хүрээнд манай улсын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, БНХАУ-ын Ганцмод-Бугатын Ваньшуйчуань чиглэлийн төмөр замыг холбохын зэрэгцээ нарийн, өргөн хос царигийн гүүрэн байгууламжтай замаар хил нэвтрэх төмөр зам барьж байгаагаараа онцлог юм. Хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Гашуунсухайт-Ганцмод боомтод түшиглэсэн цогц төслүүд эдийн засгийг жилд 1.8-3.2 хувиар өсгөж, дунджаар 4.8-5.4 тэрбум ам.долларын нэмүү өртгийг үйлдвэрлэн, 5000 орчим шинэ ажлын байр, түүнийг дагасан 1800-3200 шууд бус хөдөлмөр эрхлэлтийг бий болгоно. Мөн нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж, нүүрс тээвэрлэлтийн өртөг хоёр дахин буурснаар урсгал тэнцлийн тээврийн үйлчилгээний одоогийн 700 тэрбум ам.долларын алдагдал багасаж, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, төгрөгийн худалдан авах чадвар сайжирна. Нийт бүтээмж өсөж, эдийн засгийн урт хугацааны өсөлт, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө гарахыг ЗТХЯ-наас мэдээллээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны нөөцийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр “Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ОХУ-ын Засгийн газраас дотоодын хэрэглээ болон үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд газрын тосны зарим бүтээгдэхүүн болон авто бензиний экспортыг тодорхой хугацаагаар хязгаарласан тогтоол шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын өргөн хэрэглээний АИ92 болон дизель түлшний тодорхой гаалийн кодоор хязгаарлалтад орсон мэдээллийг өгч байсан. Энэ өдрүүдэд ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Володин манай улсад айлчилсан. Айлчлалын үеэр Монгол Улс шатахууны хязгаарлалтад орохгүй гэдэг мэдээллийг өгсөн. Үүний хүрээнд УУХҮЯ-наас Роснефть компанитай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх талаар албан захидлыг ОХУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлээд байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дизель түлшний 40, АИ92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байгаа аж.