Есөн эрдэнийн нэг оюугаар овоглосон зэс төдийгүй үнэт эрдэнэс алт, мөнгө, молибден зэрэг мэргэжлийн бизнесмен бүхний сэтгэлийг татаж, хүслийг бадраасан арвин их нөөцтэй Оюу толгойн гайхамшигтай орд эх орны минь алтан шаргал говьд үүд хаалга, үүцээ нээж, Монголчууд төдийгүй дэлхийн сонорт хүрч, бид бүхний баярын магнай тэнийлгэсэн тэр мөчөөс хойш багагүй хугацаа ард үлджээ. Монгол түмэн их говьд Оюу толгойн уурхай ашиглалтад орсноор энэ зууны манлай үйлдвэр-Эрдэнэтийн уурхай шиг хот сүндэрлүүлж, хэдэн арван мянган хүн ажил амьдралтай золгож, улс орны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэж бэлэгшээж байсан билээ. Түмэн олны энэ бэлэгшээл мөрөөдөл хэрхэн биелэлээ олж байгаа талаар салбарын мэргэжилтний хувьд хуримтлуулсан судалгаандаа түшиглэн үзэл бодол, саналаа олон нийтэд товч боловч хүргэхийг хичээв.
Нэгэн зүйл: Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулагч гэгч этгээдтэй ямаршуухан гэрээ байгуулсан юм бэ?
Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн зэс, алт, мөнгөний бүлэг ордыг хамтран ашиглахаар Оюу толгойн талбайд хайгуул хийсэн Хөрөнгө оруулагч хэмээх манай улсад бүртгэлтэй Айвенхоу Майнз Монголия Инк компани(АММИ)-тай Хөрөнгө оруулалт(ХөОГ)-ын гэрээг, Айвенхоу Оюу толгой, Оюу толгой Нидерланд гэх оффшор компаниудтай Хувь нийлүүлэгчид(ХНГ)-ийн гэрээг 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан боловч энэ компаниуд нь Оюу толгойн зэс, алт, мөнгөний бүлэг ордыг Монголын Засгийн газартай хамтран ашиглах хөрөнгө санхүүгийн чадваргүй, техник, технологийн чадамжгүй, туршлагатай мэргэжлийн боловсон хүчний нөөцгүй байжээ.
Тухайн үед Монгол Улсад ач холбогдолгүй, харин ч дарамт болох хөрөнгө санхүүгийн чадваргүй АММИ(ОТХХК)-тай ХНГ байгуулах зайлшгүй шаардлага байгаагүй. Олон улсад баримталдаг нийтлэг зарчим бол ашигт малтмалын орд ашиглах Техник эдийн засгийн үндэслэл(ТЭЗҮ)-ийг боловсруулж, үүгээр уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах эсэх асуудлыг баталгаажуулсны дараа хамтын ажиллагааны хэлбэр, нөхцөлийг тохиролцож гэрээ байгуулдаг.
Монголын Засгийн газар ТЭЗҮ-ийг хүлээж аваагүй, түүнд шүүлт хийж тохиролцоогүй байхад гэрээ байгуулсан байна. ТЭЗҮ-ийг Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл(МЭБМЗ)-ийн 2010 оны 3-р сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, гаргасан протоколд ТЭЗҮ-ийг “ЗАСВАРТАЙ” гэсэн тайлбартай хүлээж авчээ. Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам ёсоор бол ТЭЗҮ-ийг хүлээн авах нөхцөл хангаагүй тохиолдолд засварыг шалгуур хангахуйцаар бүрэн гүйцэд хийж, залруулсны дараа түүнийг дахин хэлэлцэж шийдвэрлэдэг. ТЭЗҮ-ийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг бол Оюу толгойн уурхай дээр барьж байгуулах обьектуудын Техникийн ажлын зураг, төсөв юм. Гэтэл ил уурхай, далд уурхай, баяжуулах үйлдвэр, хаягдал хадгалах байгууламж, цахилгаан станц, уурхай дээрх дэд бүтэц зэргийн Техникийн ажлын зураг, төсвийг Монголын талд өнөөг хүртэл өгөөгүй байна. Оюу толгой ордын геологийн тайлан, эдийн засгийн тооцоонд 2006-2007 онд шүүлт хийх шинжээчдийн багт ажиллах үед хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах ордын гэрээг ил болон далд аргаар ашиглах орд тус бүрээр хийх санал гаргаж байсан билээ. Хэрэв ил аргаар ашиглах Оюутын орд, далд аргаар ашиглах Шивээ толгой(Хюго Даммет), Жавхлант(Херуга) ордуудаар тусдаа гэрээтэй байсан бол өнөөдөр Монголын Засгийн газар ил уурхайн үйл ажиллагааны үр дүнгээр улсын төсөвт орлогын албан татвар, ногдол ашиг авах нөхцөл бүрдэх байсан юм. Аливаа ажил үйлсийн цаашдын төлөв хандлагыг шоглож “мордохын хазгай” гэдэг шиг Оюу толгой төслийн эх суурь анх ингэж тавигдсан юм. Засгийн газар Хөрөнгө оруулагч хэмээх этгээдтэй гэрээг оролцогч талуудад харилцан ашигтай байх нөхцөлөөр байгуулж чадсан уу? гэсэн асуултад товчдоо үгүй гэж хариулахаар гэрээнүүдийн зүйл, заалтууд тод харуулж байгаа юм. Гэрээнүүдийн нөхцөл, түүний олон зүйл, заалтыг Хөрөнгө оруулагч, оффшор компаниудад ашигтай, тэдний эрх ашиг, сонирхол давамгайлсан байдлаар тохиролцсон байна. Үүнийг Хөрөнгө орууалтын гэрээний 1.4, 1.5-р зүйл, 2-р бүлэг, 3.5, 3.6, 3.7-р зүйл, 9 болон 15-р бүлэг, 16.19-р зүйл зэрэг олон зүйл заалт нотолж байгаа юм. Эдгээрээс төлөөлүүлэн заримыг дурдвал, Хөрөнгө оруулагч, Хувь нийлүүлэгчдэд зориулж Монгол Улсын татварын системийг бүхэлд нь 70 жилээр тогтворжуулах, татварын хөнгөлөлт үзүүлэх, ямар нэгэн зардлыг дараагийн жилд шилжүүлэн тооцож орлого, ашиг бууруулах замаар татвараас зайлсхийх боломж олгож, гэрээ байгуулахаас өмнөх үеийн хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагааны зардлыг зээл болгон хувиргаж, зээлийн хүүг нийлмэл хүү(хүүгээс хүү тооцох)-ийн аргаар тооцсон дүнгээр төлөх жишээтэй. Түүнчлэн Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад оролцож, манай нутаг дэвсгэрт орлого олсон гадаадын компаниудын орлогын албан татварыг Засгийн газрын өмнөөс Эрдэнэс Монгол компани хариуцан төлөхөөр гэрээнүүдэд заасан байна.
Оюу толгой компани зэсийн баяжмалын борлуулалтын бүх орлогоо гадаадын аль нэг улсын банкинд байршуулж, түүгээр дамжуулан үйлчилгээ авч байхаар тохиролцжээ. Ашигт малтмал, газрын тосны газар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед АММИ(ОТХХК)-д Оюу толгойн талбайд хайгуулын ажил нь дөнгөж эхлэлтийн төдий, орд илрүүлэх эсэх нь тодорхойгүй Манахт, Хөх хад нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна.
ХНГ-ний 16.10(а), (г) заалтын дагуу Монголын Засгийн газар эзэмшлийн хувиа 50 хувьд хүргэхийн тулд Оюу толгой компанийн 16 хувийг тухайн үеийн зах зээлийн үнээр худалдаж авах, эзэмшлийн хэмжээ тавин хувь хүрсэн ч компанийн Төлөөлөн удирдах зөвлөл(ТУЗ) дэх Монголын талын эрх мэдэл ахихгүй, харин ордын ашиглалтын бүх хугацаанд ТУЗ дэх ОТ ХХК, Рио Тинто компанийн одоогийн 66 хувийн давуу эрх мэдэл буурахгүй хэвээр байх юм. Засгийн газарт хуваарилагдах ногдол ашигт хатуу зарчим баримтлахаар байна. Хөрөнгө оруулалтын гэрээний эхний заалтаар Оюу толгой төслийн санхүүжилтийн үйл ажиллагаатай холбогдсон будлианы эх үүсвэр анхлан тавигдсан нь харагддаг юм. Жишээ нь: Хөрөнгө оруулалтын гэрээний оршлын хэсэгт: “Хөрөнгө оруулагч нь Айвенхоу Майнз Лимитэд болон Рио Тинтогийн санхүүжилтээр Оюу толгой төсөлд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийснийг тэмдэглэн ” гэж заагаад үүнийгээ улам баталгаажуулах зорилгоор гэрээний 16.19-р зүйлд: “хувь нийлүүлэгчийн одоогийн зээл” гэж Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхойлсон зээлийг ойлгох бөгөөд зээлийн дүнг энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөр Хөрөнгө оруулагч, Айвенхоу групп болон Рио Тинто групп ойролцоогоор 1 тэрбум ам.доллар (энэ зээлийн дүнг энэхүү Гэрээний 15.7.5-д заасны дагуу тодорхойлно) гэж тооцсон байхаар заажээ. Дээрх заалтаар 679.5 сая ам.доллар хүүгийн хамт 1.0 тэрбум гаруй ам. доллар болж, Оюу толгой компани зэсийн баяжмалын борлуулалтын орлогоос Рио Тинтод төлжээ.
Тухайн үеийн Засгийн газар онцгой үүрэг хариуцлагаа ингэтлээ умартаж, маш чухал ажил, асуудалд нэн хариуцлагагүй хандсанаас Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг тойрсон хэл ам тасрахгүй арван тав орчим жил сунжран үргэлжилсээр байна.Төр засаг энэ асуудалд анхаарч олон нийтийн зүгээс хүсэн хүлээж байгаа түвшинд хүртэл оновчтой шийдэлд хүргэж, монголын талын хохирлыг бүрэн шийдвэрлэж талуудын хоорондох маргааныг эцэслэн зогсоож чадахгүй байна.
Оюу толгой төсөл, түүний хэрэгжилттэй холбоо бүхий шийдлээ хүлээж буй хуримтлагдсан олон асуудлаас эхний ээлжинд Монгол Улсад өнөө ба ирээдүйд хор хохиролтой Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим зүйл, заалтыг бүрмөсөн хасах, бусад зүйл, заалтыг оролцогч талуудад харилцан ашигтай байхаар тохиролцож гэрээнүүдийн алдаа завхралыг засаж сайжруулахын зэрэгцээ ХөОГ болон ТЭЗҮ-д тооцож тохиролцсон төслийн нийт хөрөнгө оруулалтыг хэд дахин хэтрүүлсэн гэх явдлыг Монголын талын оролцоотойгоор хөндлөнгийн нэр хүндтэй гадаадын аудитын байгууллагаар хянуулж үнэн худлын алин болохыг магадлан тогтоох шаардлагатай. Хэрэв гэрээний зүйл заалт гэрээнд оролцогч аль нэг талын эрх ашигт нийцээгүй, харилцан ашигтай байх зарчмыг хангаж чадаагүй бол уг заалтыг авч үзэж, талуудын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэдэг зарчимтай. Гэтэл энэ зарчмын дагуу Монгол Улсын эрх ашигт нийцээгүй гэрээнүүдийн зүйл заалтуудыг өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд засаж залруулан сайжруулах талаар Монголын эрх бүхий байгууллагууд идэвх санаачлагатай ажиллаж чадсангүй. Ашигт малтмалын хуулийн орчинд хашигдаж Оюу толгой ордын хайгуул хийж, нөөц баялаг тогтоосон этгээд Айвенхоу Майнз Монголия Инк. компани(АММИ) буюу өнөөгийн Оюу толгой ХХК-тай хамтран Оюу толгой ордыг ашиглах шийдвэрт хүрсэн байна. Айвенхоу Майнз Монголия инк компани Оюу толгой төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн чадваргүй, хүч хүрэлцэхгүй байсан ийм тодорхой бодитой нөхцөл байдлыг харгалзан Оюу толгой ордыг хамтран ашиглахыг сонирхсон хөрөнгө оруулагчдад нээлттэй хандах сайхан боломж байсныг Монголын Засгийн газар анхаарч үзээгүй алдаа гаргаж, Оюу толгой төслийг удирдан зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх үүргийг Рио Тинто компанид бүрэн хариуцуулахаар гэрээнд оролцогч талууд шийдвэрлэсэн байна. Энэ боломжийн талаар Оюу толгой Аз уу?, Эз үү? нэртэй номдоо дэлгэрэнгүй тусгасан билээ.
Нэгэн зүйл. Оюу толгой төслийн хэрэгжилтийн хоцрогдлын үр дагавар юунд хүргэв
Монголын Засгийн газар Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш 13 жил болж байна. Оюу толгой ХХК 2013 оноос зэсийн баяжмал түүнд агуулагдах алт, мөнгийг экспортод нийлүүлж, орлого олж эхэлжээ. Өнгөрсөн 10 гаруй жилд 360.3 сая тонн хүдэр олборлож, дунджаар 23.0 хувийн агуулагатай 6.7 сая тонн зэсийн баяжмал боловсруулж, түүнд агуулагдах 1 сая 533.6 мянган тонн зэс, 98.8 тонн алт, 295.5 тонн мөнгө экспортод нийлүүлж, 13.6 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон байна. Энэ компани улсын төсөвт 2010-2022 онуудад гааль, НӨАТ, ашигт малтмалын нөөц ашигласны 5 хувийн төлбөр болон бусад хураамжид 2,634.6 сая ам.доллар төлжээ. Энэ татвар, төлбөр, хураамж бол Оюу толгой ордын зэс, алт, мөнгөний нөөц, баялгийн орлогоос Монголын Засгийн газар хүртэх ёстой орлогын албан татвар, ногдол ашиг биш юм. Гэтэл Оюу толгой компани 2013-2020 онуудад нэг долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулахад 1.46 ам. долларын зардал гаргаж, ил уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанаас 4 тэрбум 641.6 сая ам.долларын алдагдал(үүгээр ашгаа нуусан байж магадгүй)-тай ажилласан гэж Татварын албад тайлагнасан байна. ХөОГ, ХНГ-д Хөрөнгө оруулагчийн нэг талын ашиг сонирхол давамгайлсан зүйл заалт оруулж, элдэв хөнгөлөлт, чөлөөлөлт болон үйлдвэрлэл(зэсийн баяжмалын)-ийн зардалд бодит бус зардлыг тусгах зэрэг нөхцөл, бололцоо олгосныг ашиглан ОТ ХХК дээр дурдсан олон тэрбум ам.долларын алдагдал гэх дүнг санхүүгийн тайландаа харуулжээ гэж ойлгогдож байна.
Гэтэл Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалтаар Оюу толгой компаниас 20-23.1 хувь бага мөртлөө 2020-2022 онуудад нэг төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулахад 68.56-61.78 мөнгө зарцуулж, 2020-2021 онуудад орлогын албан татвар, ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөр, бусад хураамж, шимтгэлээр улсын төсөвт 2 их наяд (триллион) орчим, 2022 онд 1 их наяд 331.4 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна. Оюу толгой компани ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөрт 2021 онд 308.3 тэрбум төгрөг буюу 108.0 сая ам.доллар, 2022 онд 274 тэрбум төгрөг буюу 88 сая ам.доллар төсөвт төлсөн байхад Эрдэнэт үйлдвэр 2021 онд ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөрт 620.7 тэрбум төгрөг буюу 220.6 сая ам.доллар, 2022 онд 779.41 тэрбум буюу 248.2 сая ам.доллар төлж Оюу толгой компаниас 2.4 дахин их байна. Яг адилхан нэг төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг дотоод, гадаадын компани хуулийн тэгш бус орчинд ажиллах ёсгүй. Гэтэл үндэсний компанид хуулийн ялгавартай хүнд нөхцөл үйлчилж байна. Монгол Улсын хуулийн зарим орчин гадаадын компанийн эрх ашигт нийцсэн тэдэнд ээлтэй, харин үндэсний компаниудад эсрэгээрээ чанга нөхцөлтэй байгааг шийдвэр гаргадаг субьектүүд энэ асуудлыг авч үзэх нь зүйтэй байна.
Канадын Montreal хот дахь Туркойс Хилл компанийн 2020, 2021 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын материалаас харахад 2020 онд 1 тэрбум 78.2 сая, 2021 онд 1 тэрбум 971.0 сая ам.долларын орлого олж, татварын өмнөх ашиг 2020 онд 494.64 сая, 2021 онд 992.91 сая ам.доллараас Канад улсад 2021 онд 311.8 сая ам.долларын татвар төлж, 2020 онд хувьцаа эзэмшигчдэд 494.64 сая, 2021 онд 681.12 сая ам.долларын ногдол ашиг хуваарилахаар тайланд тусгасан байна. Оюу толгой төслийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хачирхалтай ойлгомжгүй байдлын талаар Оюу толгой ХХК-иас тодруулах зайлшгүй шаардлагатай юм. Учир юун гэвэл Монгол Улсын нутаг дэвсгэрт орших Оюу толгой ордын баялгийг ашиглаж Оюу толгой ХХК-ийн үйлдвэрлэсэн, борлуулсан бүтээгдэхүүн алдагдалтай байдаг, харин Оюу толгой төслийн 66 хувь(Рио Тинто 33.5%, Туркойс Хилл 32.5%)-ийг эзэмшдэг Канадад байршилтай Туркойс Хилл(Оюу толгой) компани олон зуун сая долларын ашигтай ажиллаж, Канад Улсад орлогын татвар төлж, хувьцаа эзэмшигчид нь ногдол ашиг хүртэхээр байгаа нь ихээхэн эргэлзээ хардлага төрүүлж байна.
Оюу толгойн уурхайн үйлдвэрлэлийн бүх хэсэг, технологийн дамжлага бүрт монгол инженер техникчид, мэргэжлийн ажилчид өндөр бүтээмжтэй ажиллаж Рио Тинто компанид их орлого ашиг оруулж байна. Ил уурхай, баяжуулах үйлдвэр, технологийн тээвэр зэрэг хэсгүүдэд монголчууд дангаараа ажиллаж байгаа нь нийт ажиллагчдын 97 хувь болж байгаа юм. Ийнхүү монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтээгдсэн үнэ цэнэтэй, эрэлт хэрэгцээ ихтэй байгалийн баялгийн орлого ашиг Монгол Улсын хилийн гадна бүхэлдээ захиран зарцуулагдаж байгаа нь Оюу толгой төслийг хамтран хэрэгжүүлэгч талуудын харилцан ашигтай байх зарчим, эрх ашигт нийцэхгүй байна.
Хөрөнгө оруулагч гэх Айвенхоу Майнз Монголия Инк компани(өнөөгийн Оюу толгой ХХК) Засгийн газартай тохиролцсон ёсоор бол Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын бүх ажлыг гардан гүйцэтгэх үүрэг хүлээсэн оператор компани Рио Тинто төслийн бүрэлдэхүүнд багтсан обьектуудыг бүрэн барьж байгуулан 2016 онд ашиглалтад өгөх ёстой байв. Хэрэв энэ тохиролцоо бүрэн хэрэгжсэн бол өнөөдөр Оюу толгой ХХК Монгол Улсад орлогын албан татвар, ногдол ашиг төлж байх учиртай юм. Энэ тохиролцоо одоо ямаршуухан янз байдалтай байгаа талаар товч боловч дурдах нь олон нийтэд Оюу толгой төслийн хэрэгжилтийн талаар бага боловч бодит мэдээлэл хүргэхэд тус дэм болох талтай.
Гэрээнд оролцогч талуудын тохиролцож товлосон хугацаанд Оюу толгой төслийн бүтээн байгуулалт бүрэн хэмжээгээр хэрэгжиж, уурхай ашиглалтад ороогүйн учир шалтгаантай холбогдсон асуудалд хэн үнэн бодитой хариулт өгөх ёстой юм?. Энэ асуултад Хөрөнгө оруулагч хэмээх Айвенхоу Майнз Монголия инк компани (өнөөгийн Оюу толгой ХХК), Монголын Засгийн газар, Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын бүх ажлыг гардан гүйцэтгэх үүрэг хүлээсэн оператор компани Рио Тинто үнэн магадтай бөгөөд бодитой хариу өгөх ёстой ажээ. Гэтэл манай олон нийт Оюу толгой төслийн хэрэгжилт олон жил сунжирч, далд уурхайг тохиролцсон хугацаанд ашиглалтад оруулаагүй шалтгааны талаар өнөөг хүртэл тодорхой мэдээлэлгүй шахам явж ирсэн байна. Олж авсан мэдээнд тулгуурлан хийсэн зарим судалгаанаас харахад Оюу толгой уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн хэмжээгээр дуусган ашиглалтад оруулах тохиролцсон хугацаа 6 гаруй жилээр хоцорч үйлдвэрлэлийн, тухайлбал далд уурхайн хүчин чадлыг бүрэн эзэмших үйл ажиллагаа олон жилээр хойшлогдож байна. Энэ байдал нь Оюу толгой төслөөс талуудын хүртэх үр ашиг, өгөөжид сөргөөр нөлөөлж байна. Үүнээс шалтгаалан байгаль эхээс төрмөл өндөр үр ашигтай Оюу толгойн ордын баялгаас Монголын талын хүртэх ашиг орлого урт хугацаанд хойшлогдож, хүсэн хүлээж байсан хүртэх ёстой үр ашиг, өгөөжийн тохиролцсон тэр хувь хэмжээ буурах буюу магадгүй баталгаагүй болохыг ч үгүйсгэхгүй. Оюу толгой компани ойрын жилүүдэд Монголын төсөвт гааль, үл хөдлөх хөрөнгийн татвар, зарим шимтгэл хурамж болон ашигт малтмал ашигласны нөөцийн багахан төлбөрөөс өөр, тухайлбал орлогын албан татвар, ногдол ашиг оруулах эсэх нь тодорхой бус байгаагаас харахад Оюу толгойн бүлэг ордын баялгаас монголчууд үр ашиг, өгөөж хүртэх асуудал маш бүрхэг ойлгомжгүй байна.
Оюу толгой компанийн Гүйцэтгэх захирал асан Армандо Торрес Оюу толгой төслийн хэрэгжилттэй холбогдуулан байр сууриа дараах байдлаар илэрхийлсэн байдаг.
-УИХ-ын тогтоол нь анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50- аас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан, УИХ-ын 57 дугаар тогтоол нь анхны хөрөнгө оруулалтаа “нөхмөгц” гэж заагаагүй юм. Түүнчлэн, тогтоол нь анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хэзээ хувьцааны хувь хэмжээг нэмэгдүүлэх тодорхой хугацааг заагаагүй;
-Оюу толгой компани анхны хөрөнгө оруулалтыг ХөОГ-ний эхний хугацаанд нөхөхөөр тооцоолж байгаа;
-ХөОГ болон Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ(НӨОДТХНГ)-ний дагуу гэрээний эхний хугацаа дууссаны дараа Монгол Улсын төр нь өөрийн эзэмшлийн хувьцааны хувь хэмжээг 50 хүртэл хувьд хүргэн нэмэгдүүлэх эрхтэй;
Энэ нь гэрээ анх байгуулагдсанаас хойшхи эхний 30 жилийн хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа нөхөж, дараа нь Монгол Улсын Засгийн газар нь төрийн эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх эсэх эрхээ эдэлнэ гэсэн үг юм.
–
Төрийн эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд 2041 он тохиромжтой хугацаа гэж үзэж байна. Учир нь тусгай зөвшөөрлийг сунгах хугацаа болсон байх болно, цаашлаад энэ нь ХөОГ-г сунгах нөхцөл болно. Энэ нь 2010 оны ТЭЗҮ дээр үндэслэсэн таамаглалаар “хөрөнгө оруулалтын анхны ашиг” (хамгийн багадаа буцаан нөхөх байдлаар) өгч эхэлсний дөнгөж дараахан тохиохоор байна. Энэ нь эрх олгогдсон хэлэлцээрийн үндсэн дээр хүрсэн үр дүн буюу харилцан тохиролцоо байсан гэдэг нь илүү чухал юм. Хэрвээ хөрөнгө оруулагчид нь оруулсан хөрөнгөө буцаан нөхөөд зогсохгүй өөрсдийн оруулсан хөрөнгө оруулалтдаа ашиг (ямар нэгэн хэмжээгээр ашиг) хүртэх эрхтэй байсан гэж үзвэл 2041 он Монгол Улсын төрд илүү таатай юм гэж Хөрөнгө оруулагч Айвенхоу Майнз Монголия Инк. буюу Оюу толгой компанийн удирдлага ийнхүү байр сууриа илэрхийлжээ.
Оюу толгой компанийн Гүйцэтгэх захирал асан Армандо Торресын илэрхийлсэн байр сууриас харахад Оюу толгой ордын баялгаас монголчууд хувь хүртэх эсэх нь Оюу толгой ХХК болон Рио Тинтод чухал бус, харин бид эхлээд төсөлд оруулсан хөрөнгөө нөхөж, бас ашиг хүртэх ёстой, үүний дараа юм үлдвэл монголчуудад амсуулна гэсэнтэй утга нэг байна. Яг ийм утга бүхий томъёолол бүхий заалтыг Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15.1-15.2 дугаар зүйлүүдэд тусгасан байдаг.
Оюу толгой компанийн баримталж буй зарчим, байр суурь, тэдний хийсэн тооцоолол 2041 он хүртэл Оюу толгой төслөөс Монголын тал орлогын албан татвар, ногдол ашиг хүртэх тухай мөрөөдөөд хэрэггүй гэж ойлгогдохоор байна.
Оюу толгой ордын нөөц, баялаг дахь Монголын төрийн эзэмшлийн хэмжээг 50 хувиас доошгүй нэмэгдүүлэх асуудалд мэдэн будилж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацааны талаарх ойлголтыг гажуудуулан тайлбарласан байна. Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтыг нөхөх хугацааг ТЭЗҮ-д тооцож тогтоосон байхад бодит баримтаас зайлсхийжээ.
Хэрэв Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт 30 жилийн дараа нөхөгдөж, гэрээний талууд, үүний дотор Засгийни газар орлогын албан татвар, ногдол ашиг авах эсэх нь тодорхойгүй байсан юм бол ийм ашиггүй төслийг яагаад хэрэгжүүлсэн бэ гэсэн асуулт тавигдах ёстой. Хэн ч байсан өөрийн хөрөнгө санхүүгээ 30 жилийн хугацаанд царцаахыг хүсэхгүй, Хөрөнгө оруулагч (Оюу толгой компани) ийм ямар ч утга учиргүй, үндэслэлгүй тайлбар хийсэн байна.
Рио Тинто ХөОГ байгуулахаас өмнөх үеийн Оюу толгой ордын хайгуулын үе шатад зарцуулсан хөрөнгөд суурилсан үнэн худал нь үл мэдэгдэх хэдэн зуун саяас тэрбум тэрбумаар тооцогдох зээл, санхүүжилтийн төрөл бүрийн хэлбэр, арга замаар өөртөө асар их хэмжээний ёс бус хожоо гарган ашиг орлого олж, хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан төсөлд өгсөн хүү өндөр, хүнд нөхцөлтэй зээлээ хэд дахин өсгөж аль эрт буцааж авсан байх магадлалтай. Оюу толгой ХХК бол үнэн хэрэгтээ Рио Тинто компаниас өгсөн чиглэл, үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлж, зөвхөн тэдний төлөө үйл ажиллагаа эрхэлдэг Монгол дахь салбар нэгж болох нь энэ компанийн өнгөрсөн хугацааны үйл ажиллагаа нотлон харуулж байна. Гэрээ ёсоор бол Монгол Улстай хамтран эзэмшихээр байгуулсан компани юм.
Түүнчлэн УИХ-ын тогтоолд багагүй шүүмжлэлтэй хандаж, зөвлөгөө өгсөн байх юм. Оюу толгой компанийн энэ байр суурь, тайлбар нь Монголын төрийн эрх барих дээд байгууллага, мөн Монголчуудад ёс зүйгүй ханджээ гэж харагдаж байна.
Дэлхийн хаана ч, олон улсад зөвхөн уул уурхайн төсөл төдийгүй, аливаа төслийн үндсэн гол зорилго, зарчим бол төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг байж болох нормативт хугацаанд нөхөх, ашиг(ногдол) хүртэхэд оршдог. Үүний зэрэгцээ мэдээж энэ хоёр үзүүлэлтээс гадна байгаль орчны нөлөөллийг онцгой анхаарах нь ойлгомжтой. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зорилго, зарчмыг баримтлан Оюу толгой ордыг ашиглах ТЭЗҮ2010-д зах зээл дээр тонн зэс 4320 ам.доллар, унц алт 875 ам.доллар, унц мөнгө 10.50 ам.доллар байх үнийн түвшинд төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг 4.7-5 жилд нөхөхөөр тооцсон нь Оюу толгой компанийн удирдлагын байр суурь, тайлбараар бол буруу, үндэслэлгүй байсан гэж үзэх үү?. Тэгвэл ОТХХК орд ашиглах ТЭЗҮ-ийг Канадын АМЕC, AUSENCO, SGS Lakefield Research Limited, SRK Consulting Ink., Австралийн GRD Мinproc Limited, Америкийн McIntosh Engineering Inc. зэрэг мэргэжлийн компаниар гүйцэтгүүлсэн байна. ТЭЗҮ-ийн тооцооллыг Оюу толгой ордын ашиглалтын 65 жилийн хугацааг хамааруулан хийсэн байна. Ингэж ТЭЗҮ-ийг хэдэн арван жилээр боловсруулах шаардлага байгаагүй, энэ нь Хөрөнгө оруулагч өөртөө ашигтай нөхцөл байдал бүрдүүлэх зорилгоор төслийг хамтран хэрэгжүүлэгч Монголын талын түншийнхээ сэтгэл зүй дээр тоглолт хийж, ийм нэгэн арга зам сонгосон байна. Рио Тинто компани гэрээнд оролцогч талуудын өмнө хүлээсэн үүргийн дагуу Оюу толгой төслийн бүрэлдэхүүнд баригдах ил уурхай, баяжуулах үйлдвэр, хаягдал хадгалах байгууламж, дулааны уурын зуух ( Цахилгаан станц барих ёстой), уурхай дээрх цахилгааны болон холбооны дэд бүтцүүдийг 2012 оны 4-р улиралд ашиглалтад оруулсны зэрэгцээ далд уурхайн хэвтээ малталтыг 15.7 км нэвтэрч, босоо ам-№ 1-ийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Төслийн бүтээн байгуулалтын эхний үе шатаас хоёрдугаар шатад үргэлжлүүлэн гүйцэтгэх далд уурхайн хэвтээ ба налуу малталт, уулын бусад ажлын нэвтрэлтийн болон босоо ам №2-ыг барьж байгуулах зэрэг ажил хэвийн үргэлжилж байжээ.
Гэтэл Далд уурхайн агааржуулалтын асуудлыг шийдвэрлэх зорилгоор босоо ам №1-ийн дэргэдэх 1300 метр гүнтэй цооногийн амсрыг ёроолоос дээш 6.7 м диаметртэй өргөтгөх явцад 40 метрийн түвшинд цооногт нуралт болж, түүнийг зогсоохын тулд урт удаан хугацаанд хөрөнгө хүч зарцуулж ажилласан боловч нуралтыг давж гарч чадаагүйн улмаас арга буюу цооногийг өргөтгөх ажлыг зогсоож хаасан байна. Ийнхүү далд уурхайн хамгийн чухал асуудал болох агааржуулалтын хэсгийг шийдвэрлэх зорилгоор 1300 метр гүнтэй 3 цооног өрөмдөж, тэдгээрийн амсрыг 6.7-11м диаметртэй өргөтгөж, агааржулалтын зориулалтаар ашиглахаар төлөвлөн тооцож байсан ажил бүтэлгүйтсэн учраас далд уурхайн бүтээн байгуулалтын хоёрдугаар шатны бүх ажлыг бүрэн зогсоох шийдвэрийг Рио Тинто компани 2013 оны 8 дугаар сард гаргасан байдаг.
Яг энэ үеэр Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал асан Сэм Уолш: “Бид далд уурхайн II шатны ажлыг сэргээж үргэлжлүүлэх талаар их яарахгүй байгаа” гэж мэдэгдэж байсан нь анхаарал татдаг. Дээр дурдсан нөхцөл байдлаас шалтгаалан гурван босоо ам(№3, №4, №5)-ыг зайлшгүй нэмж барих болсон байна. Далд уурхайн II шатны ажлыг зогсоох талаар Монголын Засгийн газартай хэлэлцэж тохиролцсон эсэх нь тодорхойгүй бөгөөд болсон явдал, бодит мэдээллийг нууцалсан байх магадлалтай. Монголын Засгийн газар тухайн үед Рио Тинто компани далд уурхайн II шатны ажлыг учир битүүлэг гэнэт зогсоосон явдлыг анхааран авч үзэлгүй хайхрамжгүй хандсан явдал өнөөдрийн хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх үнэн худал нь үлмэдэгдэх маргаантай асуудлын эхлэл тавигдсан юм. Дээр дурдсан Далд уурхайн II шатны ажлын доголдол саатлаас шалтгаалсан Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын олон сарын хоцрогдлын сөрөг үр дагавар болон их хэмжээний үргүй зардал зэрэг бүх хохирлыг Рио Тинто бүрэн хариуцах ёстой юм. Ийм бодитой, ноцтой асуудал олон жил үргэлжилсээр байхад улсын сан хөмрөгийн эзэн Сангийн яам, Татварын ерөнхий газар болон техник, технологитой холбогдсон асуудлыг хариуцаж удирдан зохион байгуулах үүрэгтэй УУХҮЯ, АМГТГ, Эрдэнэс Монгол компани, Эрдэнэс Оюу толгой компани үүнд онцгой анхаарч тодорхой бодитой арга хэмжээ авч ажиллах ёстой байтал энэ чухал асуудалд хайхрамжгүй хандаж байгаагаас Рио Тинто, Оюу толгой, Туркойс Хилл компаниуд Оюу толгой төслийн бүтээн байгуулалттай холбогдсон үйл ажиллагааны алдаа дутагдал, их хэмжээний үргүй зардлыг нуун дарагдуулж, өөрсдөдөө ашигтай нөхцөл байдал бий болгосоор байна. Энэ сөрөг үр дагавар бүхий бодит байдалд үндэслэн Монголын Засгийн газар Хөрөнгө оруулагч болон Рио Тинто компаниас Оюу толгой төслийн хэрэгжилтийн явцад алдагдсан их хэмжээний хохиролд зориулж нөхөн төлбөр авах хууль эрх зүйн үндэстэй юм. Энэ тухай Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм Засгийн газрын Ерөнхий сайдад 2021.12.13-ны өдөр илгээсэн захидлын
гуравдугаарт: ”Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд Засгийн газар өөрөө хөндлөнгийн аудит оруулах, тэрхүү дүгнэлтээр Монголын газар нутаг дээр зарцуулаагүй нөхцөл байдал үүсэх юм бол хариуцаж төлөхөд бэлэн байна” гэж тодорхой дурдсан байна. Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын хоёрдугаар үе шат болох Далд уурхайг барьж байгуулах ажилд гарсан ноцтой саатал хоцрогдол нь төсөл гардан гүйцэтгэгч Рио Тинто компанийн удирдлагын зохион байгуулалт, техник технологитой холбогдсон инженерийн шийдэл болон Шивээ толгой(Хойд Хюго)-н II давхарын нөөцийг олборлож ашиглах түвшинд бэлэн болгоогүйгээс шалтгаалсан байдал ажиглагддаг нэг талаас, нөгөө талаас Монголын Засгийн газар Хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулаад төслийн хэрэгжилтэд тавих хяналт, үүрэг хариуцлагаа умартсан явдалтай холбоотой гэж үзэхээр байна.
Зөвхөн цорын ганцхан үүрэг хариуцлага хүлээж буй бүхэл бүтэн Эрдэнэс Оюу толгой компани тун хариуцлагагүй ажилласан, өнгөрсөн 13 жилийн хугацаанд компанийн Гүйцэтгэх захирал 7 удаа солигдож, энэ албан тушаалд уул уурхай, геологийн мэргэжлийн хүнийг ганц удаа ч томилж ажиллуулаагүй нь Оюу толгой төслийн хэрэгжилтэд ихээхэн хор уршиг дагуулав. Төслийн бүтээн байгуулалтын явцад ийм олон хүнтэй компани байгуулах хэрэгцээ шаардлага огтхон ч байгаагүй, үүний оронд хийх ажлаа мэддэг уул уурхайн, геологийн, эдийн засгийн цөөхөн хэдэн мэргэжилтэн байхад л хангалттай. Одоо Эрдэнэс Оюу толгой компанийнхан Улаанбаатарт “МОННИС” цамхагт тухлан сууцгааж байна. Зүй нь Улаанбаатарт тухлан суух бус төслийн жинхэнэ обьект Ханбогд сумын нутагт орших Оюу толгой уурхайн ажлын байранд байнга ажиллах ёстой байв. Ингэж ажилласан бол Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын хэрэгжилтийн явцад гарсан алдаа эндэгдлийн талаар үндэслэл бүхий нотолгоотой бүрэн мэдээлэл, ойлголттой байхсан билээ. Тухайлбал, Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын эхний шатны болон II шатны хөрөнгө оруулалтын олон тэрбум ам.долларын хэтрэлт хийгээд Далд уурхайн хоёрдугаар шатны ажлын саатал доголдолтой холбоотой асуудал, ОТ ХХК-ийн үйл ажиллагааны 4.6 тэрбум гаруй ам.долларын алдагдал, Туркойс Хилл компанийн их хэмжээний долларын ашиг, ногдол ашгийн хуваарилалт зэрэг ээдрээтэй нэн чухал олон асуудлын талаар гарц, шийдлийг олж, тэдгээрийг цэгцлэж шийдвэрлэх боломжтой байсан юм.
Нэгэн зүйл. Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх асуудал бодитой юу?
Засгийн газар болон Хөрөнгө оруулагч хэмээх АММИ(ОТХХК), Рио Тинто компанийн хооронд далд уурхайн бүтээн байгуулалтын хоёрдугаар шатны ажлыг үргэлжлүүлэхтэй холбогдсон хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх маргаан гарч багагүй хугацаа өнгөрсөн боловч өнөөг хүртэл энэ асуудлыг талууд эцэслэн шийдвэрлэж чадаагүй байна. Хэрэг дээрээ АММИ(ОТХХК), Рио Тинто компани Монголын талын эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны алдааг ашиглаж, хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх маргаантай асуудлыг гаргаж ирсэн байдаг. Хөрөнгө оруулалт олон тэрбум ам.доллароор хэтэрсэн гэх асуудал зөвхөн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой төдийгүй төслийн эхний шатны бүтээн байгуулалттай ч бас холбоотой юм. Төслийн эхний үе шатад ашиглалтад оруулсан обьектуудын хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д тусгагдсан хэмжээнээс ойролцоогоор 3.8 дахин, мөн далд уурхайн бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй байхад хөрөнгө оруулалт нь урьдчилсан байдлаар 5.7 дахин тус тус хэтэрсэн байдалтай байна. Төслийн бүтээн байгуулалтын эхний шатад ХөОГ болон ТЭЗҮ-д тусгаж тохиролцсон хөрөнгө оруулалт хэд дахин хэтэрсэн байхад түүнийг хөндөхгүйгээр АММИ(ОТХХК), Рио Тинто зөвхөн далд уурхайн 2-р шатны хөрөнгө оруулалтын хэтрэлт гэгчийг авч үзсэн нь анхаарал татаж байна. Оюу толгой төслийн эхний шатны хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх асуудлын талаарх эдгээр компанийн мэдэн будилсан явдлыг манай Засгийн газрын хариуцлагатай албан тушаалтан илт дэмжиж хамгаалсан байр суурь илэрхиййлж хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байсан нь бас л тэдэнд ашигтай байв. Оюу толгойн орд ашиглах 2010 оны ТЭЗҮ-д тооцож тогтоосон хөрөнгө оруулалтыг Оюу толгой компанийн санхүүгийн тайланд тусгагдсан хөрөнгө оруулалтын дүнтэй харьцуулан үзвэл дараах байдалтай байна.
(Тэрбум ам.доллар, өссөн дүнгээр)
Эндээс харахад гэрээнд оролцогч талуудын ХөОГ болон ТЭЗҮ2010-д тооцож тохиролцсон Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт байнга хэтэрч байжээ.
ХөОГ, ХНГ-ний монголын талд хор хохирол учруулахуйц алдаатай зүйл заалтуудыг зайлшгүй засаж залруулах шаардлагатай байгааг, Оюу толгой төслийн бүтээн байгуулалт хэрэгжиж эхлээд дөнгөж хоёрхон жилийн дотор төслийн нийт хөрөнгө оруулалт 1.8 дахин хэтэрсэн, ТЭЗҮ-ийг баримталж ажиллаагүй зэрэг ноцтой асуудлыг Сангийн яам, Татварын өрөнхий газар, УУХҮЯ, АМГТГ, Эрдэнэс Оюу толгой компани, Эрдэнэс Монгол компани хэрхэн анхаарч ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна. Зүй ёсоор бол хэлэлцэн тохиролцогч этгээдүүдийн байгуулсан гэрээний нөхцөл болон орд ашиглах ТЭЗҮ-д тусгагдсан тоо чанарын үзүүлэлтийн хэмжээ хүрээнд заасны дагуу бүх обьектын ажил бүрэн хэрэгжиж, талууд үүрэг хариуцлагаа сахиж биелүүлэх ёстой юм. Олон улсад ийм журам зарчимтай, тэд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн энэ жишгийг дагаж мөрддөг байна. Рио Тинто, Оюу толгой компани Оюу толгой төслийг хэрэгжүүлэх явцад Монголын талын гаргасан алдааг ашиглаж, талуудын 2010 онд тохиролцсон ТЭЗҮ-д тусгагдсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор завсрын нэмэлт ТЭЗҮ боловсруулж, түүнийг манай эрх бүхий байгууллагуудад танилцуулж, баталгаажуулах оролдлого хийж байна. Энэ нь тогтсон дүрэм журам, зарчимд нийцэхгүй байхад Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Рио Тинто, Оюу толгой компанийн нэг талын, чухамдаа тэдний эрх ашгийг гүйцэлдүүлэх гэсэн саналыг дэмжсээр байна. Оюу толгой төслийн бүтээн байгуулалт бүрэн хэмжээгээр хэрэгжиж, төсөл дуусгавар болох хугацаанд гэрээнд оролцогч талуудын хэлэлцэн тохиролцож баталгаажуулсан 2010 оны ТЭЗҮ-ийг мөрдөж ажиллах ёстой. Одоо Рио Тинто, Оюу толгой компани урьдах туршлагаараа Далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдсон ТЭЗҮ-ийн нэмэлт гэх баримт материалыг дахин боловсруулж, түүнийг баталгаажуулахаар УУХҮЯ-д өгч, энэ материалд шүүлт хийх Шинжээчдийн багийг байгуулан ажиллуулж эхэлжээ. Хүчингүй болсон Дубайн урьдах гэрээ яг л ийм замаар явж маргаан үүсгэсэн, өнөөгийн энэ ТЭЗҮ ч Дубайн гэрээний шууд үргэлжлэл гэж ойлгогдож байна. УУХҮЯ-ны энэ шийдвэр зөв эсэх талаар Засгийн газар олон нийтэд хариу өгөх байх гэж бодож байна.
Хөрөнгө оруулагч хэмээх АММИ(ОТХХК), Рио Тинто компанийн зориуд сөхөж гаргаж ирсэн хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх олон тэрбум ам.доллар(арав гаруй)-ын асуудал нь зөвхөн цаасан дээр л бичээстэй болохоос энэ хэтрэлт бодитой юу, үгүй юү гэдгийг иж бүрэн шалгаж, нотолсон баримт материал гэрээнд оролцогч талуудын алинд ч байхгүй байна. Төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлт гэгчийг үндэслэлтэй юү, үгүй юү гэдгийг харьцуулан судалж нотлоход зайлшгүй ашиглах ёстой хамгаас чухал үндсэн баримт материал болох Оюу толгой уурхай дээр барьж байгуулах обьект тус бүрийн Техникийн ажлын зураг, төсвийг Рио Тинто, Оюу толгой ХХК өнөөг хүртэл Монголын талд өгөөгүй нь ноцтой асуудал мөн. Нөхцөл байдал ийм байхад гэрээнд оролцогч талуудын тохиролцсон хөрөнгө оруулалтын хэмжээг 1.9-6.5 дахин хэтрүүлсэн гэх тоо дүнг итгэж үнэмшихэд эргэлзээтэй, хардлага сэрдлэг төрүүлж байгаа юм. Туркойс Хилл компанийн 2021 оны санхүүгийн тайланд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтад 13.0 тэрбум доллар зарцуулсан гэх мэдээ байна.
Канад, Австрали, Америкийн мэргэжлийн компаниуд боловсруулсан Оюу толгойн бүлэг ордыг ашиглах ТЭЗҮ(2010)-д хөрөнгө оруулалт, үр ашгийн тооцоог 1.9-6.5 дахин алдаатай тооцсон гэхэд эрүүл саруул ухаантай хэн ч үнэмшихгүй. Орчин үеийн дээд зэргийн нарийвчлалтай программаар байж болох бүх хувилбараар энэ ТЭЗҮ(2010)-ийг шинжлэн судалж үзлээ гэхэд хэд дахин алдаатай тооцжээ гэж нотлохгүй нь ойлгомжтой. Хэрэв Рио Тинто болон Оюу толгой ХХК нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт материал болон аудитаар бүрэн нотлогдоогүй Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх олон тэрбум ам.долларын дүнг зөвтгөхийг оролдох аваас ТЭЗҮ(2010)-ийг үндсээр нь үгүйсгэж, Рио Тинто, ОТ ХХК хуурамч баримт бичиг бүрдүүлж, Монголын Засгийн газрыг үндэслэл, нотолгоогүй бодит бус мэдээллээр төөрөгдүүлэх замаар өөрийн зорилгоо биелүүлжээ гэж үзэх үндэстэй болох юм.
ТЭЗҮ-ийг Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (МЭБМЗ)-ийн хурлаар 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцэх явцад ХөОГ-ний 9.5 дугаар зүйлийг үндэс болгон протоколд төслийн нийт хөрөнгө оруулалтыг 4.4 тэрбум ам.доллар гэж бататган заасан байдаг. ХөОГ-ний 9.5 дугаар зүйлд: “Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 3.6-д заасан Техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан ойролцоогоор 4 тэрбум долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг Оюу толгой төсөлд хийхээр төлөвлөж байна. Тооцоолсон эхний хөрөнгө оруулалтыг 5 /тав/ жилийн хугацаанд хийх бөгөөд хөрөнгө оруулалтын зардлын энэ хуваарийг Техник, эдийн засгийн үндэслэлд тусгана.” гэж заасан байна.
Рио Тинто, ОТ ХХК Оюу толгой төслийн бүтээн байгуулалт эхлэхээс өмнө уурхай дээр баригдах обьектуудын Техникийн ажлын зураг, төсвийг боловсруулж бэлэн болгосон байх учиртай. Ашиглалтад 2012 оны 4 дүгээр улиралд оруулсан обьектуудыг зураг, төсөвгүй бариагүй нь ойлгомжтой. Гэтэл уг обьектууд ашиглалтад ороод арав гаруй жил өнгөрөхөд зураг, төсвийг Монголын талд өгөөгүй байхад энэ нэн чухал баримт материалгүйгээр Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлт гэгчид хяналт шалгалтыг бодитой хийх боломжгүй. ОТ ХХК энэ баримт материалыг ил болговол Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх олон тэрбум ам.долларын зээл, санхүүгийн будлиан илчлэгдэх учраас түүнийг зориуд нуун далдалж байгаа юм. ТЭЗҮ-д шүүлт хийх шинжээчдийн багт ОТ ХХК дээр ажиллах хугацаанд обьектуудын Техникийн ажлын зураг, төсөвтэй танилцах гэж хичээсэн боловч зөвхөн хятадаас уурхай руу тавьсан цахилгааны шугмын зураг, төсвийг харах боломж олдсон. Энэ ноцтой асуудал ийм тодорхой байхад Монгол Улсын үе үеийн Засгийн газар, түүний яамд уг баримт материалыг ОТ ХХК-иас авах талаар ямарч оролдлого хийгээгүй нь эргэлзээ төрүүлдэг. Монголын талд энэ Техникийн ажлын зураг, төсөв зэрэг баримт материалыг өгөх үүрэгтэйг ХөОГ-ний 15.31 дүгээр зүйлд заасан байдаг. Төслийн хөрөнгө оруулалт үндэслэл, нотолгоогүйгээр нэмэгдэхэд Монголын талын Оюу толгой төслөөс хүртэх үр ашиг, өгөөж буурах бөгөөд харин эсрэгээрээ Рио-Тинто компанид үзүүлэх бүх төрлийн хөнгөлөлт болон менежментийн зардал эрс өснө. Сангийн яамны тооцоогоор 2018 оны байдлаар татварын хөнгөлөлт 1.5 дахин, зардал буюу ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдал 12.8 дахин өссөн гэж үзжээ. ОТ ХХК-ийн 2010-2012 оны санхүүгийн тайланд тусгагдсан татварын хөнгөлөлтийн хуримтлагдсан дүн 646,3 сая ам.доллар, шилжүүлэн тооцох алдагдлын дүн 256,5 сая ам.долларыг Сангийн яам, Татварын ерөнхий газар зөвшөөрч баталгаажуулсан байна. Энэ дүн (902.8 сая ам.доллар)-г аудитын байгууллага шалгаж нягталсны дараа асуудлыг авч үзэж шийдвэрлэх ёстой байв. Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад оруулсан гэх хөрөнгө оруулалтын хэмжээ маргаантай байгаа үед татварын хөнгөлөлтийн хуримтлагдсан дүн 646,3 сая ам.долларыг хүлээн авсан нь эргэлзээтэй байна. Дээр дурдсан тоо баримт бол Оюу толгой төсөл хэрэгжүүлэх явцад богино хугацаатай зээлийн өндөр хүү (хүүгээс хүү тооцох арга) тогтоох, татварын хөнгөлөлт, шилжүүлэх зардал зэргээр Рио-Тинто компанийн Монгол улсад учруулж буй бодит дарамтуудын нэгээхэн л хэсэг нь юм.
Оюу толгой ХХК-ийн нэр дээр 2010-2012 онуудад монголын гаальд бүртгүүлэн 1.1 тэрбум ам.долларын үнэтэй бараа, машин, тоног төхөөрөмжийг Оюу толгой төслийн зориулалтаар оруулж ирсэн байна. Гэтэл ажил үйлчилгээний төлбөр, цалин хөлс, бусад зардалд 6.8 тэрбум ам. долларыг бүртгэж хөрөнгө оруулалтад тусгаж гэж Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хамтарсан шалгатын тайлан танилцуулгад дурджээ. Оюу толгой уурхай дээр Хятадын барилгын компанийн барьж ашиглалтад өгсөн барилгын нийт өртөг 1071.0 сая ам. доллар гэж танилцуулгад дурдсанаас үзэхэд 2010-2012 онуудад Оюу толгой төсөлд нийтдээ 2171.0 сая ам. долларын хөрөнгө бодитой оруулжээ гэж ойлгогдож байна. Төслийг хэрэгжүүлээд хоёр гаруйхан жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 7.9 тэрбум ам.долларт хүрч, батлагдсан хэмжээ 4.4 тэрбум ам. долларыг 1.8 дахин хэтрүүлсэн харагдаж байгаа нь ихээхэн эргэлзээтэй. Эндээс харахад төслийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл гэх 7.9 тэрбум ам.долларын дүнд үндсэн хөрөнгө оруулалт 2.2 тэрбум буюу 27.8 хувь, харин ажил үйлчилгээний төлбөр, цалин хөлс, бусад зардал 72.2 хувь эзэлж байгаа нь гэрээнд оролцогч талуудын ХөОГ-ээр баталгаажуулсан, ТЭЗҮ2010-д тооцож тусгасан хөрөнгө оруулалт үлэмжхэн хэмжээгээр хэтэрчээ гэхэд итгэл үнэмшил төрүүлэхгүй нь ойлгомжтой билээ. Сангийн яамаар ахлуулсан Засгийн газрын Ажлын хэсгээс төслийн хөрөнгө оруулалтын 2010-2012 оны гүйцэтгэлд 2013-2014 онуудад хийсэн шалгалт ихээхэн учир дутагдалтай байжээ. Энэ Ажлын хэсгийн алдаа нь Рио Тинто компанид Далд уурхайн ТЭЗҮ2015(Х-1,Х-2) гэсэн ямарч шаардлагагүй санхүү, эдийн засгийн сөрөг үр дагавар агуулсан баримт материал(Дубайн гэрээ) боловсруулах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байна.
Рио Тинто, Туркойс Хилл, Оюу толгой ХХК Далд уурхайн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Далд уурхайн Техник эдийн засгийн үндэслэл(ТЭЗҮ2015 Х1, Х2) гэх баримт материал боловсруулж, түүнийг батлуулахаар 2015 онд УУХҮЯ-д өгсөн байна. Энэ баримт материалд шүүлт хийх Шинжээчдийн багийг 14 хүний бүрэлдэхүүн(намайг оролцуулсан)-тэй байгуулж, түүнд санал дүгнэлт гаргуулж, Монголын Эрдэс бөялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2015 оны 7 дугаар сард хэлэлцэж протокол гаргасан. Уг баримт материалыг Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулснаар олон тэрбум ам.долларын дүнтэй хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх будлианыг улам ноцтой байдалд хүргэсэн юм. Рио Тинто, ОТ ХХК зээл санхүүгийн энэ будлианаа Далд уурхайн ТЭЗҮ2015(Х-1, Х-2) гэсэн баримт материал болон Дубайн гэрээгээр хэрэгжүүлсэн байна.
Хууль тогтоомж, журам дүрэм ёсоор бол Шинжээчдийн санал дүгнэлтийг үндэслэн Засгийн газар Оюу толгой төслийн Далд уурхайн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх, эсэх асуудлыг оновчтой зөв шийдвэрлэх ёстой байв. Гэтэл Засгийн газар, Эрдэнэс Монгол компани, Эрдэнэс Оюу толгой компанийн дээд удирдлагууд мэргэжлийн шинжээчдийн нэгдсэн дүгнэлт бүрэн эцэслэн гараагүй байхад 2015 оны тавдугаар сард Дубайд Рио Тинто, Туркойс Хилл, ОТ ХХК-тай Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө(ДУББСТ) буюу Дубайн гэх гэрээ байгуулж, Рио Тинто, Оюу толгой компанид зээл авахыг зөвшөөрч ноцтой алдаа гаргасан юм.
Шинжээчдийн багийн гишүүний хувиар Далд уурхайн ТЭЗҮ2015(Х-1, Х-2) гэсэн баримт материалыг хэлэлцсэн эхний өдрийн нэгдсэн хуралдаан дээр Рио Тинто, ОТ ХХК-ийн төслийн багийнхантай, мөн Монголын Эрдэс бөялгийн мэргэжлийн зөвлөл уг асуудлыг хэлэлцэх үед далд уурхайн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байхгүй талаар санал гаргаж, үндэслэлээ тайлбарласан боловч зөвлөлийн эрх мэдэлтэй гишүүд, хурал даргалагч анхааралдаа огтхон ч аваагүй юм. Рио Тинто, ОТ ХХК-ийн төслийн багийнхантай ТЭЗҮ-ийг шүүн хэлэлцэх явцад манай бусад 13 шинжээч миний саналыг бас дэмжээгүйгээр барахгүй шинжээчдийн багийн ахлагч дургүйцлээ илэрхийлж, таагүй хандлага гаргаж байв. Шинжээчдийн багт Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам. Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэнэс Оюу толгой компани зэрэг төр засгийн эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд ажиллаж байсан юм.
Энэ олон тэрбум ам.долларын асуудалд Сангийн яам, УУХҮЯ, АМГТГ, Эрдэнэс Оюу толгой компанийн төлөөлөл хайхрамжгүй хандаж байгааг хараад гайхширал төрж билээ. Оюу толгой төслийн батлагдсан хөрөнгө оруулалтыг 5.8 тэрбумам.доллароор нэмэгдүүлэх талаар Монголын Засгийн газарт Рио Тинто компанийн тавьсан саналыг хүлээж авах эдийн засаг, хууль эрх зүйн үндэслэл байгаагүй юм.
Хэрвээ хууль тогтоомж, ХөОГ болон ХНГ-ний зүйл заалтуудыг зөрчиж алдаатай, сөрөг үр дагавар дагуулсан баримт материалыг батлахгүй эзэд нь буцаачихсан бол өнөөдөр зөвхөн ХөОГ болон ХНГ-ний Монголын талд хор хохиролтой зүйл, заалттай холбогдсон асуудлыг Хөрөнгө оруулагч хэмээх АММИ(ОТХХК) болон Рио Тинто компанитай хэлэлцэж шийдвэрлэх байсан. Гэтэл одоо Оюу толгой төсөлтэй холбогдсон маргааныг улам бүр ноцтой байдалд хүргэж, зайлшгүй шийдвэрлэвэл зохих олон асуудал нээлттэй байна. Монгол улс зах зээлийн чөлөөт эдийн засгийн мөн чанар, арга ухаан, түүний давуу болон сөрөг талыг өөрийн орны өвөрмөц нөхцөлд зүгшрүүлэх гэж 30 гаруй жил түмэн олон хичээл зүтгэлтэй хөдөлмөрлөх явцад багагүй саад тотгор, зовлон бэрхшээлтэй тулгарч байна. Үүнд Монголын төр засгийн эрх мэдэлтэй хүмүүсийн төрийг жолоодох ур чадвар, ухаан, сэтгэл дутаж байгаа нь улс орны хөгжил дэвшил, ард түмний аж амьдралд төдийгүй Оюу толгой төслийн хэрэгжилтэд ч сөрөг нөлөө үзүүлж байна. Манай эрх бүхий хяналт шалгалтын болон аудитын байгууллага хөрөнгө оруулалтын хэтрэлт гэгчийг шалгаж нягтлаагүй байхад 2010 оны ТЭЗҮ-д тусгагдсан далд уурхайн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг Засгийн газар 2014 онд Рио Тинтод зөвшөөрсөн байдаг. Энэ нь бас л зөвхөн Рио Тинтод олз болж, Оюу толгой ордын нөөц, баялаг, компанийн хөрөнгө, орлого, тусгай зөвшөөрөл зэргийг олон улсын банк, санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж Дубайн гэрээгээр богино хугацаатай, хүү өндөр хүнд нөхцөлтэй зээл авах боломж олгосон байна. Үүнээс шалтгаалан өндөр үнэ цэнэ, үр ашигтай Оюу толгой ордын баялгаас Монгол Улс, монгол түмэн хүртэж чадахгүй өнөөг хүрлээ. Далд уурхайн ТЭЗҮ2015(Х-1,Х-2) гэсэн баримт материалыг хүлээн авч Дубайн гэрээ байгуулсан нь буруу байсныг нотолж, түүнийг УИХ-ын 2022 оны 103 дугаар тогтоолоор хүчингүй болгосон учир олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авсан 5.34 тэрбум ам.долларыг учир нь үлмэдэгдэх хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх дүнг(10 гаруй тэрбум ам.доллар)-ээс хасах ёстой, ингэснээр хөрөнгө оруулалтыг үндэслэлгүй нэмэгдүүлсэн 5.34 тэрбумаар төслийн үр ашигт эерэг нөлөөлнө.
Засгийн газар Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын өөрт ногдох 34 хувийн санхүүжилтэд зориулан Рио Тинто компаниар зуучлуулан зээл авсан нь анхаарал татдаг. Олон улсын банк, санхүүгийн байгууллагад Оюу толгой ордын нөөц, баялгаа барьцаанд тавиад урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олох боломж Засгийн газарт байсан нь ойлгомжтой.
ТЭЗҮ2015(Х-1,Х-2)-д тусгагдсан 5.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын үндэслэлийг тодотгох зорилгоор Далд уурхайн 2-р шатад газрын доор барьж байгуулах хэсгүүд болон уулын хэвтээ ба налуу малталтын нэвтрэлтийн үндсэн ба туслах ажлууд, босоо амны тоо хэмжээ, тэдгээрийн хөрөнгө оруулалтын нарийвчилсан тооцоо хийж өгөхийг миний бие Рио Тинто компанийн төслийн багаас хүсэхэд 2-р шатны нэмэгдэл хөрөнгө оруулалтад нийт 1342.2 сая ам. доллар, үүнээс капитал хөрөнгө оруулалт 323.3 сая ам. доллар, урсгал хөрөнгө оруулалт 1018.9 сая ам.доллар нэмж шаардагдана гэсэн тооцоог Рио Тинто компанийн Далд уурхайн асуудал хариуцсан Судалгаа болон төлөвлөлтийн менежер Трой Ньюман надад гаргаж өгсөн юм. Тухайн үед капитал хөрөнгө оруулалтад шаардагдах 323.3 сая ам.долларыг ОТ ХХК-ийн үндсэн хөрөнгийн элэгдлийн санд хуримтлагдсан 700.0 орчим сая ам.долларын эх үүсвэрээр санхүүжүүлэх бүрэн боломжтой байв. Харин урсгал хөрөнгө оруулалт төслийн бүтээн байгуулалтын шатад шаардлагагүй атал энэ асуудлыг манай талын алдааг ашиглан гаргаж тавьсан байдаг. Оюу толгой уурхай бүрэн хэмжээгээр ашиглалтад орж, үйл ажиллагаа эхэлснээс хойш багаар тооцоход 5-6 жилийн дараагаас ашиглалтаас гарах техник, тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгийг солих, шинэчлэхэд урсгал хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд хөрөнгийн эх үүсвэрийг элэгдлийн сангаар санхүүжүүлдэг нийтлэг зарчимтай. Үүнээс харахад Далд уурхайн 2-р шатад их хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдахгүй нь тодорхой байхад Дубайн гэрээгээр Монголын Засгийн газар болон Рио Тинто, Туркойс Хилл ресурс компаниуд төслийн санхүүжилтийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлжээ.
Рио-Тинто, Оюу толгой компаниуд манай төрийн захиргааны байгууллагуудын алдааг ашиглаж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байна. Тухайлбал 2010 онд Оюу толгойн бүлэг орд ашиглах ТЭЗҮ2010-ыг засвартайгаар хүлээн авсан тухай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын протоколд тусгасан байдаг. Оюу толгой төсөлтэй холбогдсон асуудлын талаар анхлан тавьсан алдааны энэ зам мөрөөс эх авч үргэлжилсэн дараа дараагийн алдаатай алхмуудын нэгээхэн тод жишээ бол ТЭЗҮ2015(Х-1, Х-2)-ыг хянасан нэр хэмээж, хүлээн авч МЭБМЗ баталгаажуулсан нь ноцтой алдаа болсон юм. Засгийн газар дэмжиж Оюу толгой компанийн ТУЗ-ийн сонгосон хөндлөнгийн шинжээчийн баг нэртэй гадаадынхан зөвхөн далд уурхайн II шатны хөрөнгө оруулалтын хэтрэлт гэгчийг хянаж тодруулсан гэх боловч үр дүн нь ихээхэн эргэлзээтэй. Зүй нь хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх асуудлыг Монголын талын эрх бүхий холбогдох байгууллагын оролцоотойгоор Оюу толгой төслийн нэг ба хоёрдугаар шатны бүтээн байгуулалтыг хамааруулан авч үзэх ёстой байв. Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын хэтрэлт гэгчийг гадаадын этгээдийн оролцоогүйгээр өөрсдөө нягтлан шалгаж, үнэн худлын алин болохыг тооцон тогтоох бүрэн боломжтой. Энэ асуудал бол хүний оюун ухаанаас давсан нарийн төвөгтэй танигдашгүй хүнд хэцүү зүйл огтхон ч биш билээ. Одоо цаасан дээрх олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэтрэлт гэгчид аудит хийж, үнэн худлын алин болохыг магадлан шалгаж тогтоох үүрэг Монголын Засгийн газарт ногдож байгаа юм.
Рио-Тинто, Оюу толгой компаниуд үндэслэл, нотолгоогүйгээр Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт хэтэрсэн гэх мэдээллийг монголын олон нийт, төр засгийн эрх бүхий байгууллага, өндөр албаны хүмүүст сурталчлан таниулах ажлыг зохион байгуулалттай хийсний ачаар боловсруулж, төлөвлөсөн зорилгоо хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Жишээ нь Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт 2 тэрбум 42.7 сая ам.доллароор хэтэрсэн тухай асуудлаар Монголын Засгийн газарт 2012 онд хандаж, үүнтэй холбоотойгоор Оюу толгой ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэл(ТЭЗҮ2010)-д тусгагдсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх санал тавьсан байдаг. Гэрээнд оролцогч талууд тохиролцож, Хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-д зааж тусгасан Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын хэмжээг бодитой үндэслэл, нотолгоогүйгээр хэтрүүлэх эрх талуудын алинд ч байх ёсгүй. Олон улсын практикт зөвхөн үйл ажиллагааны явцад давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед л тухайн төсөлтэй холбогдсон асуудлыг авч үзэж зохистой шийдвэрлэдэг. Ийм нөхцөл байдал Оюу толгой төслийг хэрэгжүүлэх явцад тохиолдоогүй байна. Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2 гаруй тэрбум ам.доллароор хэтэрсэн гэх асуудлыг Монголын эрх бүхий хяналт шалгалтын байгууллага нягтлан шалгаж, үндэслэл нотолгоог тогтоогоогүй байна. Монголын Засгийн газар итгэмжилж ОТ ХХК-ийн ТУЗ-д ээлж дараалан томилон ажиллуулсан 3 гишүүн Оюу толгой төслийн хэрэгжилтийн явцад хайхрамжгүй хандаж, тэдэнд тавигдсан шаардлага шалгуур хангаагүй, үүрэг хариуцлагаа зохих түвшинд бүрэн биелүүлээгүй явдал энэ төсөлтэй холбогдсон маргаантай асуудлыг улам бүр ноцтой байдалд хүргэж байгаа юм. Оюу толгой ХХК хөрөнгө оруулалтын 2010-2013 онуудын төсөв, төлөвлөгөөнд тусгаж, ТУЗ-ийн баталсан 7144.7 сая ам. долларыг, Монголын Засгийн газар Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан зардлын жинхэнэ бодит гүйцэтгэл гэж үзэж алдаа гаргажээ. Дээрх дүнд ХөОГ байгуулахаас өмнөх хугацаанд Айвенхоу болон Рио Тинто компанийн зардал гэж 677.0 сая долларыг оруулсан талаарх учир шалтгааныг өмнө тодорхой дурдсан билээ. Төслийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх бодитой бус тоо дүн бол Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн баталсан төлөвлөгөөт тоо хэмжээг ТЭЗҮ-д тусгагдсан тоо дүнтэй харьцуулан гаргасан нь тодорхой байхад Монголын талын эрх бүхий холбогдох байгууллагууд яагаад Рио-Тинто болон Оюу толгой ХХК-ийн худал хуурмаг тоо мэдээнд итгэж байна. Энэ нь ердөө төлөвлөгөөт болон тооцооны үзүүлэлтийн 2 тооны ялгавар болохоос нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангаар гарсан жинхэнэ бодит гүйцэтгэлийн дүн биш гэдэг нь тодорхой харагддаг.
Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн баталсан төсвийг 2010 оны ТЭЗҮ-д 2010-2013 онуудад тусгагдсан хөрөнгө оруулалтын дүнтэй зэрэгцүүлэн үзүүлбэл дараах байдалтай байна. Үүнд: (сая ам.доллар)
*Айвенхоу болон Рио Тинто Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч биш бөгөөд ХөОГ байгуулахаас өмнөх хугацаанд Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулаагүй, ямар хугацаанд, юунд зориулж хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болох нь тодорхойгүй, нотолж шалгаагүй байхад Монгол Улсад хамааралгүй зардлыг Засгийн газар зөвшөөрч, ХөОГ-д зааж оруулсны уршгаар 2014-2016 онуудад ОТ ХХК-ийн борлуулалтын орлогоос зээл, хүүд 1,001.1 сая ам.доллар(679.5*+321.6)-ыг Рио Тинто компанид төлсөн байна. Энэ дүнгээр Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ шууд нэмэгдэж байгаа бөгөөд түүнд монголын талд хамааралгүй 340.4 сая ам.доллар багтаж байгаа юм. Оюу толгой ордын хайгуулын ажлын зардлын эрсдэлийг Айвенхоу Майнз Монголия Инк. компани бүрэн хариуцаж, энэ зардлаа төслийн үр ашгийн үр дүнгээс хүртэх ногдол ашгаараа нөхөх ёстой.
Оюу толгойн зэс, алтны бүлэг орд ашиглах ТЭЗҮ(2010)-ийн VI ботийн бүлэг-1(1-6)-ийн 93 дугаар хуудасд: “… ашиглалтын зургаадахь жилд баяжуулах үйлдвэрийн хоёрдахь өргөтгөлийг хийж, хүчин чадлыг 58 сая тонн/жил (150000 тонн хоногт) хэмжээнд хүргэхээр төлөвлөсөн. Үйлдвэрлэлийн 2-р үе шатны энэхүү өргөтгөлөөр Өмнөд Оюу, Хойд Хюго ордууд болон Төв Оюу орд дээр шинээр нээгдэх уурхайн хүдэр олборлолтын хэмжээнд тохируулан нунтаглалтын гуравдахь шугам, флотацийн болон баяжмал боловсруулах тоног төхөөрөмжүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Тоног төхөөрөмжийн уг өргөтгөлийг төсөлд тусгаж өгсөн бөгөөд өргөтгөлийг хийхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг санхүүгийн шинжилгээнд тусгасан”…гэж заасан байна. Эндээс харахад Оюу толгой төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт хөрөнгө оруулалтыг ТЭЗҮ2010-д бүрэн тооцож тусгасан нь нотлогдож байгаа юм. Иймд Рио-Тинто компаниас төслийн хоёрдахь үе шатыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх талаар тавьсан асуудал үндэслэлгүй байжээ.
Өнгөрсөн арав гаруй жилд ОТ ХХК ил уурхайгаас өдөрт дунджаар 100 мянган тонн, жилд 40.0 сая тонн хүдэр олборлон боловсруулж байгаа бөгөөд цаашид энэ хүчин чадал тогтвортой хадгалагдана гэж мэдэгдэж байна. Гэтэл ТЭЗҮ2010-д тооцож тусгасан хүдэр олборлолт, боловсруулалтын жилийн хүчин чадал 31.0 хувь буурч байна. Үүнтэй уялдан төслийн тооцоолсон хөрөнгө оруулалт ч буурч хэмнэгдэх ёстой атал хөрөнгө оруулалт олон тэрбумаар хэтэрсэн гэдгийг ойлгоход бэрхтэй юм.
Хэрэв Хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрын үзүүлж байгаа татварын хөнгөлөлт, зардал болон алдагдлын шилжүүлэлт, ашигт малтмал ашигласны нөөцийн өсгөн нэмэгдүүлэх төлбөр төлөхгүй байгаа хийгээд үндсэн хөрөнгө болон үйл ажиллагааны зардлын нийт дүнгээс 6 хувиар менежментийн төлбөр (30-70 жил) өгч буй зэрэг нэн тааламжтай нөхцөлийг оролцуулан тооцвол Оюу толгой төслийн үр ашгаас талуудад ногдох хувь хэмжээ Хөрөнгө оруулагчид 70-75 орчим хувь ногдох магадлалтай. Иймд энэ тооцоог бодит байдалд тулгуурлан нарийвчлан гаргах зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн Далд уурхай ашиглалтад орох үеэс баяжуулах үйлдвэрт жил тутам боловсруулах хүдрийн хэмжээг тооцохдоо ил уурхайгаас олборлох хүдрийг жилд 5 сая тонноос хэтрүүлэхгүй байхаар тооцож, (одоо ил уурхайгаас жилд дунджаар 40.0 сая тонн хүдэр олборлож байгаа) харин далд уурхайгаас жилд 35 сая тонн олборлохоор тооцсон явдал ордын ашиглалтын хугацааг уртасгах бус богиносохоор байна. Энэ нь Оюу толгой ордын ил аргаар ашиглах их хэмжээний хүдрийн нөөцийг ашиглахгүйгээр орхиж, зэс, алтны агуулга өндөр хүдрийг сорьчилж ашиглахаар тооцсон явдал ихээхэн сөрөг үр дагавартай бөгөөд Монгол Улсын эдийн засгийн эрх ашигт хохирол учруулахаар байна. Хайгуулын судалгаанаас харахад Жавхлант(Херуга) ордын хүдэр дэх зэсийн агуулга 0.41%, алт 0.39% байгаа нөхцөлд 1500- 1600 метрийн гүнд орших 1.6 тэрбум хүдрийн нөөцийг өнөөгийн зах зээлийн үнийн түвшинд далд аргаар ашиглахад үр ашиггүй юм. Жавхлант ордын нөөц нь Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 28.1 хувьтай тэнцэж байна. Энэ тохиолдолд Оюу толгой ордын нөөцийн 36 хувийг ил аргаар, 64 хувийг далд аргаар ашиглах төлөвтэй байна. Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 65.5% таамаг нөөцийн ангилалд, харин олборлож баяжуулахад бэлтгэгдсэн нөөц 22.0% байгаагаас харахад Шивээ толгой(Хойд Хюго)-н хойд хэсгийн II давхар, Өмнөд Шивээ толгойн (Өмнөд Хюго Даммет) хүдрийн нөөцийг олборлолт, ашиглалтад бэлтгэх талаар Рио Тинто, ОТ ХХК-ийн баримталж буй бодлого чиглэл нууцлагдмал байгаа нь эргэлзээ төрүүлж байна.
Өнөөдөр Оюу толгой төслийн Хөрөнгө оруулагч чухам хэн гэгч этгээд байгаа нь ойлгомжгүй болсон байна. Хөрөнгө оруулалтын гэрээ ёсоор бол Айвенхоу Майнз Монголии Инк буюу Оюу толгой ХХК болон Монголын Засгийн газар Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч мөн юм.
Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний олон зүйл, заалт нь Монгол Улсын үндэсний эрх ашигт өнөө болон ирээдүйд хор хохирол учруулахуйц байгаа талаар Монголын олон нийтийн зүгээс гаргасан санал, дүгнэлтэд хариу өгөх зорилгоор Рио Тинто, Айвенхоу компаниуд Монголын Засгийн газартай Оюу толгой төслийн талаар хамтарсан мэдэгдэл 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр гаргасан билээ. Энэ хамтарсан мэдэгдэл гарсантай холбогдуулан Монголын Засгийн газар Оюу толгой төслийн үр ашиг, өгөөжийн 71 гаруй хувийг хүртэнэ гэж нийслэл хотын Энх тайвны өргөн чөлөөнд томоос том ухуулах самбар байрлуулж, манай олон нийтийн сэтгэл зүйд Рио Тинто, Оюу толгой компани нөлөөлж, өөрсдийн зохисгүй үйл ажиллагаагаа нуун далдалж хаацайлахыг оролдсон сурталчилгаа хийсэн.
Айвенхоу Майнз Монголия Инк компани хөрөнгө санхүүгийн боломжгүйгээс Оюу толгой ордын хайгуулын ажилд Антре гоулд компанийг туслан гүйцэтгэгчээр оролцуулсны төлбөрт Жавхлант буюу Херуга ордын нөөцийг бараг бүхэлд нь, Шивээ толгой буюу Хойд Хюго хэсгийн үргэлжлэлийн нөөцийн тодорхой хувийг түүнд эзэмшүүлэхээр Рио Тинто, Айвенхоу компани нэгэн цагт тохиролцож баримт бичиг үйлдсэн байдаг. Энэ асуудлыг Монголын Засгийн газартай тохиролцож, албажуулсан баримт байгаа эсэх нь тодорхойгүй байна. Антре гоулд компанийн эзэмшилд байгаа ордын нөөцийн хэмжээ, үр ашгийн тооцоонд Монголын талын хувь эзэмшилд хамаарах асуудлыг цэгцлэх, чухам яагаад энэ хэрэг явдал ийм нууцлагдмал байдалтай өнөөг хүрсэн шалтгааныг шалгаж тогтоох нь зүйтэй юм.
Оюу толгойн ордын баялгийн эзэн Монголын Засгийн газар Оюу толгой компанийн үйлдвэрлэсэн зэсийн баяжмалын 34 хувийг биет байдлаар худалдан авч чадаагүй байхад Антре гоулд, Sandstorm компаниуд далд уурхай ашиглалтад орсон эхний цаг мөчөөс зэсийн баяжмалыг биет байдлаар зах зээлийн үнээс хямдаар худалдан авахаар тохиролцож 2005, 2013, 2016 онуудад гэрээ байгуулсан байна. Ийм бусармаг үйл ажиллагааг Засгийн газар харсаар зүгээр өнгөрөөхгүй байх гэж бодож байна. Өнөөгийн Засгийн газар сүүлийн жилүүдэд Рио Тинто компанитай Оюу толгой төслийн маргаантай асуудлуудаар хэлэлцээ хийж байгаа мэдээ байдаг. Гэвч энэ хэлэлцээний явц, чухам ямар асуудал хэлэлцэж байгаа талаар олон нийтэд тодорхой мэдээлэл бараг байхгүй. Энэ асуудал нууцын зэрэглэлд холбогдолгүй, хамаарахгүй баймаар харагддаг. Оюу толгой төслийн хэрэгжилтийн явц, хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх маргаан хийгээд гэрээ байгуулах үе шатад гаргасан алдаа дутагдалтай холбоотой зэрэг олон асуудлыг хэлэлцэх учиртай гэж таамаглаж байна. Уг чанартаа Оюу толгой төслийн хэрэгжилт болон ОТ ХХК-ийн үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон олон асуудал далд, явцуу хүрээнд яригдаад удаж байгаа юм. Монголчууд эх орныхоо байгалийн баялгийн жинхэнэ эзэн юм бол хэрхэвч ийм байж болохгүй, Оюу толгой төслийн хэрэгжилттэй холбогдсон бүх асуудал ил тод байх ёстой. Харин хэлэлцээ явагдаж байгаа үед талуудын баримталж буй бодлого, арга тактик, зарим асуудал нууц байх нь ойлгомжтой билээ.
Үе үеийн Засгийн газар Оюу толгой төсөл, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар алдаа гаргаж, түүнийг засаж залруулах гэж төр засаг удаа дараа шийдвэр гаргасаар байгаа боловч дорвитой алхам хийж, энэ төслийг тойрсон маргааныг эцэслэн шийдвэрлэж бас л чадахгүй байна.
Оюу толгой төсөлд оруулсан нийт хөрөнгө оруулалтын Монголын талын 34.0 хувьд ногдох өр, зээл одоогийн байдлаар (нийлмэл хүүгийн хамт) 2.3 тэрбум орчим ам.доллар гэж Х.Нямбаатар (2021.8.31) хэллээ. Тэгвэл 66.0 хувийг эзэмшигч Рио Тинто (33.5%), Туркойс Хилл (32.5%) компаниуд Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад өнөөг хүртэл хөрөнгө оруулалтад хэд хичнээн ам.доллар оруулсныг бас олон нтйтэд мэдээлэх ёстой биздээ. Зөвхөн монголын талын төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг зарлаад хөрөнгө оруулагч(АММИ буюу ОТХХК)-ийн талынх нууцлагдмал байгаа нь ямар учиртай юм. Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад өнгөрсөн хугацаанд оруулсан нийт хөрөнгө оруулалтын дүн мэдээ аудитаар баталгаажуулсан бодит хэмжээ байх ёстой. Гэрээнд оролцогч талууд эрх зүйн чадамжтай ХөОГ, ХНГ, ТЭЗҮ2010 баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэж, алдаа оноогоо тодорхойлж тохиролцох, үүний үндсэн дээр хөрөнгө оруулагч талын эрх ашиг давамгайлсан байдлаар байгуулагдсан гэрээнүүдийн холбогдох зүйл заалтуудыг талуудад харилцан эрх тэгш, үр ашигтай байх зарчим, нөхцөлийг хангахуйцаар өөрчлөн сайжруулах ёстой юм.
Өнөөгийн Засгийн газрын хэлэлцээ хийж буй явцыг ажиглахад нөгөө л урьдын Хөрөнгө оруулагч талын эрх ашиг давамгайлсан нөхцөл байдал давтагдах шинжтэй. Рио Тинто, ОТ ХХК-тай хэлэлцээ хийж байгаа Засгийн газрын Ажлын хэсгийн зарим мэдээллээс харахад Оюу толгой төсөлтэй холбогдсон шийдвэрлэвэл зохих үндсэн асуудлаас зайлсхийж, зөвхөн ОТ ХХК-ийн татварын маргаанд анхаарч буй нь харагддаг.
Татварын хэдэн тэрбум төгрөгийн маргааныг, шалгаж нягтлаагүй үнэн худал нь үлмэдэгдэх олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэтрэлт гэдэгтэй дүйцүүлж үзэх нь утгагүй асуудал мөн. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах урьдал нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газарт 2009 онд хоёр удаа 150.0 болон 250.0 сая долларын зээл богино хугацаатай олгосон туршлага нөгөө талд байдаг. Рио Тинто одоо урьдын нэгэн адил янз бүрийн арга зам хэрэглэх төлөвтэй. Тухайлбал, Рио Тинто Засгийн газарт илгээсэн захидалдаа нэг удаа 350 сая ам.долларыг улсын төсөвт төлөх боломжтойг онцолсноос гадна Оюу толгой ордын нөөц, баялаг дахь Засгийн газрын эзэмшлийн 34 хувийг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг илэрхийлсэн нь танай эзэмшлийг бид авах сонирхолтой гэдгээ дурджээ гэж ойлгогдож байна. Энэ бол манайхны хэрд тохируулж янз үзэж байгаа хэрэг.
Өнөөгийн Засгийн газар Оюу толгой төсөлтэй холбогдсон урьдах Засгийн газруудын алдааг бүү үргэлжлүүлээсэй билээ.
Монгол Улсыг монголчууд бид өөрсдөө л хөгжүүлнэ, гадаадаас хэн ч ирээд хөгжүүлэхгүй, биднийг хэн ч өмөөрч хамгаалахгүй, бид л өөрсдийгөө өмөөрч хамгаална. Энэ бол маргашгүй бодит үнэн юм. Харин гадаадын хөрөнгө оруулагчийн бодитой дэмжлэгийг зөв чиглэлд, оновчтой, ухаалаг авах нь чухал. Өнөөгийнх шиг зээл зуучлагч, мөнгө хүүлэгчид хөтлөгдөж, элдэв арга мэхэнд нь орж байгалийн баялгаа үнэгүйдүүлэн тавьж туугаад байж хэрхэвч болохгүй. Аль ч улсын бизнесмен олз ашиг олох гэж цаг ямагт зах зээл эрж хайж, судалж байдаг, бид ч мөн нэгэн адил олз ашгийн төлөө л явна шүү дээ. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Рио Тинто, Оюу толгой компани монголын талын алдаан дээр дөрөөлөн тоглолт хийж, тэд өөрсдөдөө ашигтай удаа дараагийн алхмуудаа Оюу толгой төсөлд хэрэгжүүлсээр байгаагийн уршгаар Монгол Улс, монголын ард түмэн Оюу толгой гэдэг гайхамшигтай ордын зэс, алт, мөнгөний нөөц, баялгийн үр шимээс хүртэх итгэл найдвар улам бүр алсарсаар байна.
Нэгэн зүйл. Өр тэглэснээр Дубайн гэрээний бодит үр дүн юу болов
Монголын Засгийн газар 2021 оны эцсийн байдлаар Оюу толгой төсөл дэх өөрийн эзэмшлийн 34 хувийн хөрөнгө оруулалтад зориулж 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг Рио Тинто 2021 оны 12-р сард зөвшөөрч баталгаажуулсан. Энэ нь Рио Тинто зуучилж олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авсан хүү өндөр, хүүгээс хүү тооцох , богино хугацаатай, хүнд нөхцөлтэй зээл юм. Энэ зээлийн дүнд Рио Тинто компанийн зуучлалын хөлс хэдэн зуун сая ам.доллар нэмэгдсэн байна. Хэрэв Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтад Монголын Засгийн газар өөрийн эзэмшлийн 34 хувьд 2.3 тэрбум ам.доллар оруулсан бол Хөрөнгө оруулагч гэх Айвенхоу Майнз Монголиа Инк буюу ОТ ХХК өөрийн эзэмшлийн 66.0 хувь(Рио Тинто 33.5%, Туркойс Хилл 32.5%)-д хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийснийг баталгаажуулах ёстой. Энэ нь ойролцоо тооцоогоор 4.46 тэрбум ам.доллар байж болох юм.Тэгэхдээ энэ дүн бол бодит байдлаас хэтийдсэн их гэдгийг анхаарч, бодолцож үзэх ёстой. Монголын Засгийн газар Оюу толгой төсөл дэх өөрийн эзэмшлийн 34 хувийн хөрөнгө оруулалтад зориулж авсан 2.3 тэрбум ам.долларын зээл, хүүгийн өрийг хүчингүй болгож тэглэх тухай баримт бичгийг Эрдэнэс Оюу толгой ХХК болон Оюу толгой Нидерланд Би Ви-ийн хооронд байгуулж, Оюу толгой Нидерланд Би Ви-ийн нэрийн өмнөөс нэр нь тодорхойгүй хүн гарын үсэг зурсныг хэн гээч нэртэй, ямар эрх мэдэл, албан тушаалтай этгээд болохыг энэ хавсралтаас харах боломжгүй байна. Харин Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн нэрийн өмнөөс энэ компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат уг батламжийн хавсралтад гарын үсэг зурсан байна. Уг нь энэ баримт бичигт ХөОГ, ХНГ-ний зүйл заалтын дагуу Засгийн газрын өмчлөлийг төлөөлөх учиртай Эрдэнэс Монгол компанийн эрх мэдэл бүхий этгээд гарын үсэг зурах ёстой байв.
Манай төр засгийн ой санамж нэг иймэрхүү янз байдалтай урт удаан хугацаанд үргэлжилж байгаа юм.
Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд хэрхэн, ямар замаар оролцсон, одоо оролцож байгаа эсэх нь тодорхойгүй нэгэн нууцлагдмал этгээд Оюу толгой Нидерланд Би Ви(ОТН)-тэй өр тэглэх батламж байгуулсан нь ихээхэн эргэлзээтэй. Энэ батламжийг хөрөнгө оруулагч Айвенхоу Майнз Монголия Инк буюу ОТ ХХК-тай байгуулах ёстой бишүү?. Өр тэглэх тухай батламжийн хавсралтад: “Өрийг хүчингүй болгосон болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай батламж” гэж заагаад Зээлийн гэрчилгээ №1-№50 (аливаа нэмэлт өөрчлөлтийн хамт), тэдгээрийн дагуу санхүүжүүлсэн дүн 2,363,002,090 ам.доллар гэжээ. Эндээс дараах байдал ойлгогдож байна. Үүнд:
1.Дээрх санхүүжүүлсэн дүн 2,363,002,090 ам.долларын бүтэц бүрэлдэхүүн тодорхойгүй байна.
2. Мөн ……”.одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай батламж” гэж заасан нь Оюу толгой төслийг бүрэн хэрэгжүүлж, ашиглалтад өгөх хүртэлх зардлыг Монголын тал хариуцахгүй гэсэн баталгаа харагдахгүй байна. Үүнээс гадна өр тэглэх хүртэлх хугацаанд зээл, хүүгийн өрд төлбөр хийж байжээ гэж ойлгогдож байна. Тэгэхээр 2.3 тэрбум ам.доллароос бага дүнтэй өрийг тэглэсэн харагдаж байна.
3.Зээлийн гэрчилгээ №1-№50 (аливаа нэмэлт өөрчлөлтийн хамт) гэж заасан нь тодорхой бус юм. Аливаа зээлийн үндсэн баримт бол гэрчилгээ бус гэрээ байдаг, яагаад зээлийн гэрээг төлөөлүүлж, гэрчилгээ гэж нэрлэж байгаа нь эргэлзээ, хардлага төрүүлж байгаа бөгөөд ийм нэр томъёо Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хэрэглэсэн байдаг.
4.Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авсан 5.34 тэрбум ам.доллар учир нь үлмэдэгдэх хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх дүнг(10 гаруй тэрбум ам.доллар)-ээс хасагдах ёстой.
5.Батламжид заасан 2.3 тэрбум ам.долларыг хэн гээч этгээдээс ямар нөхцөлтэй авч, хэний дансанд шилжүүлж оруулсан, энэ зээлийн хэдэн хувь Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад хэрхэн зориулагдсан зэрэг асуудлыг нарийвчилан шалгаж баталгаажуулсны дараа дээрх дүнг тохиролцсон тухай батламж байгуулсан бол Засгийн газарт ээлтэй байхсан билээ.
Рио Тинто Оюу толгой ордын нөөц, баялгийг 100 хувь эзэмших туйлын ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн төлөө тэдний байр суурь, сонирхлыг дэмждэг эрх мэдэлтэй, нөлөө бүхий манай зарим хүмүүс, бас Оюу толгой төслийн агуулга, мөн чанарыг ойлгоогүй юм уу, огт мэдэхгүй аялдан дагагчдыг урхидан, тэднийг ашиглан олон нийтэд буруу суртал явуулах хандлага газар авсны ачаар Рио Тинто зорьсон зорилгоо биелүүлж одоо Оюу толгой ордыг эзэмшил эрхэндээ бүрэн оруулж чадлаа.
Рио-Тинто компанийн Гүйцэтгэх захирал асан Жан Себасьтян Жак 2019 онд Блуумберг ТВ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө: Рио Тинто компани Оюу толгой ордод 40 орчим жил үйл ажииллагаа явуулахаар тооцоолж байгаа тухайгаа дурдсан байдаг. Мөн одоогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм 2021 оны эцсээр Жакийн дээрх байр суурийг нотолж бид Оюу толгой ордын ашиглалтыг 40 жил үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Энэ бол шийдвэр гаргах түвшиний эрх мэдэл бүхий дээд удирдах хүмүүсийн, бүр тодруулбал Оюу толгой ордыг цаашид хэрхэн ашиглах талаарх Рио Тинто компанийн бодлого, байр суурь гэж үзэж болох юм. Иймд Монголын Засгийн газар үүнд онцгой анхаарч, Оюу толгой ордыг Рио Тинто, Оюу толгой ХХК-тай хамтран ашиглах хамтын ажиллагааны цаашдын чиглэл, зорилгод бодитой хандаж, дүгнэлт хийх нь чухал юм. Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад оролцож байгаа монголын ханган нийлүлэгчдийн үйл ажиллагааны үр дүн нь Рио Тинто, ОТ ХХК-ийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Үүнийг Рио Тинто, ОТ ХХК-ийн удирдлагууд монголын талыни эрх мэдэлтэй хүмүүсийн сэтгэлийг огшоож, өөрсдийнхөө гавьяа мэтээр сурталчилж, Оюу толгой төслийн алдаа эндэгдлийг хамгаалж өнгөлөн далдалж, олон нийтэд бодит байдлын эсрэг сурталчилгаа байнга хийж байна. Уг чанартаа аливаа төсөл хэрэгжүүлэхэд хаана ч байдаг ханган нийлүүлэлтийн ердийн л үйл ажиллагаа юм. Хэрэв монголын тал гадаадын аль нэг оронд, тухайлбал Америк, Канад, Австрал ч юмуу, тэнд хөрөнгө оруулж үйлдвэр обьект барьж байгуулбал тухайн орноос л ханган нийлүүлэлтээ хийнэ. Энэ бол Рио Тинто, ОТ ХХК шиг сүр бадруулаад байх зүйл огт биш, хаана ч байдаг жирийн л нэгэн үйл ажиллагаа юм. Харин ч өрнө дорнын зах зээлтэй жишихэд манай зах зээлээс хэрэгцээ шаардлага хангахуйц хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа нь ОТ ХХК-д их ашиг тустай.
Рио Тинто, ОТ ХХК-ийн итгэл үнэмшилгүй, худрагагүй ухуулгад хууртаж дуусашгүй, тэд дэлхийд зэс үйлдвэрлэлтээр Оюу толгойн уурхай 3 дахь том уурхай болно ч гэх шиг, тэгвэл дэлхийн зэс үйлдвэрлэлтийн 2022 оны мэдээнээс харахад топ 10 үйлдвэрлэгчийн 9 дүгээрт Рио Тинто 521.0 мянган тонн зэс үйлдвэрлэж эрэмбэлэгдсэн байх юм. Оюу толгой уурхай ашиглалтад орохоор Монголын эдийн засаг хэд дахин өснө гэж хөөрч, хөөрцөглөх хэрэггүй юмсан. Өнөөдөр тэдний манайхныг хөөргөж, сэтгэлийг огшоож байгаа “сайхан тоо дүнг” аяндаа улирах цаг хугацаа нотлон харуулна.
Гадаадын хөрөнгө оруулалт татах нэрээр өндөр үр ашиг, өгөөжтэй ордын баялгаа хөрөнгө оруулагч хэмээгчээр халхавч хийсэн зээл зуучлагч, мөнгө хүүлэгчдэд ээлтэй хуулийн орчин бий болгох, зүй бус янз бүрийн арга хэлбэр, үйлдэл, үйл ажиллагаагаар тэдний эрхшээлд татагдан орох үүд хаалга, зам мөрийг хааж, эрдсийн баялгаа үнэгүйдүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд төр засгийн бодлого чиглэгдэх ёстойсон.
Геологи, уул уурхайн эдийн засагч Т.Балжинням