Хувиараа бизнес эрхлэгч Т.Нэргүйтэй ярилцлаа.
-Гаалийн байгууллагын хүнд суртлаас болж хил дээрээс ном журмаар нь ачаа бараагаа татаж чадахгүй болсон гэсэн. Энэ тухай ярьж өгөхгүй юу?
-Би Замын-Үүдийн Хилийн цэргийн ангид олон жил ажиллаж, тэтгэвэртээ гарсан хүн. Ажилгүй болсон хүн чинь орлого олох шаардлагатай болно шүү дээ. Тиймээс өөрийн ах дүү, найз нөхөд, танил хүмүүсийн ачааг хилээр оруулж ирэх ажлыг сүүлийн найман сарын хугацаанд хийж байна. Нэг ёсондоо ачаа барааны бүрдүүлэлт хийгээд тэр хүмүүсээсээ цалинждаг, компанийнх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн үг. Ингээд ажиллаад эхлэхэд гаалийн байгууллагын хүнд суртал, авлигын сүлжээг өөрийн нүдээр харж, биеэр мэдэрч явна.
Уг нь Замын-Үүдийн боомт олон улсын боомт. Гэтэл ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, түүний эгч Р.Бурмаа нарын мөнгө угаадаг сүлжээ л болж гүйцсэн юм байна. Ачаагаа гаальд мэдүүлэхдээ Р.Бурмаад 500 мянган төгрөг өгөх ёстой. Хэрэв өгөхгүй бол ачаа явахгүй. Ийм л сүлжээ. Би үүнийг нь зөвшөөрөөгүй. Би нэг компаниас 200-300 мянган төгрөг харж хийж байгаа ажил. Тэр Р.Бурмаад нь ямар мөнгөө өгөх вэ дээ. Хариуд нь ачаагаа хилээр нэвтрүүлж чадахаа байсан. Ямар нэгэн шалтгаанаар зогсоочихдог. Тос тосолгооны материалыг химийн бодис гэж тайлбарлаад оруулахгүй байх жишээтэй. Хэрэв мөнгийг нь өгчихсөн байсан бол аль хэдийнээ бараагаа нэвтрүүлчих байсан. Би бодохдоо хэсэг бүлэг хүмүүст биш улсад өгөх ёстой татварыг өгөөд явна гээд зүтгэсэн. Өнөөдөр над шиг өндөр татвар төлөөд гаалиар бараагаа нэвтрүүлж байгаа хүн байхгүй.
-Өндөр гэдэг нь ямар дүнтэй татвар юм бол?
-Ачаанаасаа шалтгаалаад 12-30 сая төгрөг хүртэл төлдөг. Хэрэв Р.Бурмаагийн мафид оролцоод явчихвал тав, зургаан сая төгрөг төлөөд л зохицуулчих боломжтой.
-Ийм сүлжээ байдгийг та яаж мэдэв. Хүмүүс ярих юм уу, өөрийн нүдээр харав уу. Ямар баримт байна вэ?
-Би олон жил хилийн албанд Замын-Үүдийн боомт дээр ажиллаж байсан хүний хувьд гадарлахгүй яах вэ. Яг өөрийн биеэр ачаа бараа нэвтрүүлээд ирэхээр жинхэнэ бодитоор нь мэдэрч явна. Гаалийн 293 гэдэг зөрчил бий. Үүгээр л хүмүүсийн ачаа барааг зогсоож саатуулдаг гол зүйл энэ. Авлига өгөхгүй бол бараагаа ухуулна, нэг бүрчлэн задлуулна. Би өнгөрсөн хугацаанд 30 гаруй удаа ингэж ухуулсан. Энэ хугацаанд би эдийн засаг, сэтгэл санаа, ялгаварлан гадуурхалтыг биеэрээ амсаж ирлээ.
Олон улсын боомт гэдэг олон хүн ачаа бараагаа авахаар арзганаж байна биз дээ. Замын-Үүд дээр бол үгүй. Гарын 10 хуруунд багтах хүний гараар дамжихгүй бол ачаа гарахгүй. Сар болсон ч байж л байна. Наймаачид өдөр өдрийнхөө зээл татаасыг бодож цаг хугацаа алдахгүйн тулд нэхсэн мөнгийг нь өгөөд л явдаг юм билээ.
-Ачаа мэддэг 10-аад хүн гэдгийг тодруулаач?
-Надтай л ижилхэн төлөөлөгчид. Гэхдээ Гаалийн дарга О.Отгонжаргал, Эрдэнэболд, Зөрчлийн албаны дарга, Бүрдүүлэлтийн албаны дарга нарын гал хөл нь. Хэрэв тэр хүмүүстэй найзалчихвал ачаа гацахгүй. Шалгуулахгүй. Нэг ч ачаа тавцан дээр тавиулж буулгуулахгүй. Тэр чигээр нь нэвтрүүлнэ. Тэр ачаан дотор аюултай, хориглосон ямар бараа бүтээгдэхүүн байгааг мэдэхгүй. Жинхэнэ аюул тэнд л өрнөдөг.
-Р.Бурмаа гэж ямар хүн бэ. Гаальд ажилладаг хүн үү?
-Үгүй. Олон жил гаалийн ачаа тээврийг далдаас зохион байгуулж, мафи болгосон эмэгтэй. Захын хүн мэднэ дээ. Та нар асуугаарай. Эхэн үедээ Замын-Үүдэд байдаг байсан. Одоо бол доороо таван залуу ажиллуулдаг. Тэд гаалийн ачааны талаарх мэдээллийг Р.Бурмаад дамжуулдаг. Ингээд л авлигын сүлжээ нь ажиллаж байдаг.
-Та энэ талаар дээд албан тушаалтан, хариуцах хүмүүст хэлж байв уу?
-Хэлэлгүй яах вэ. Бодит баримт факттай нь цагдаа, прокурор, АТГ-аар явж байна. УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд, Ерөнхий сайд бүгдэд нь хандсан. Нэг нь ч хариу өгдөггүй. Гаальд Цагдаагийн дарга Р.Отгонжаргал ирснээс хойш энэ байгууллага цагдаажсан. Тиймдээ ч хүчний байгууллага халдаж чаддаггүй юм байна гэж дүгнэхэд хүрч байна. Асуудлыг илрүүлэхэд маш амархан шүү дээ. Би өөрөө энд ажиллаж байсан хүн. Хэдэн терминалын камер шүүхэд л тодорхой болно. Хэзээ ямар машин шалгалтгүй ордог, ямар нь шалгалтад ордог вэ гээд л хөврөөд гараад ирнэ.
Гааль дээрээс төвлөрч байгаа мөнгө улсын төсөв рүү биш, хэдэн хүний халаас руу урсаж байна шүү дээ.
-Гаалийн байгууллага энэ жил улсад 5.3 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч энэ үүргээ биелүүлэх боломжгүй. Ачаа татах вагон хүрэлцээгүй нөхцөл байдал үүссэн гэж дуулсан?
-Гааль уг нь татварын байгууллага биш. Бараа бүтээгдэхүүнд зохих ёсоор татвар ногдуулсан уу, хориглож хязгаарласан бараа бүтээгдэхүүн хилээр нэвтэрч байна уу гэдэгт хяналт тавьдаг субъект. Одоо бол тэр чигтээ татварын байгууллага болсон. Татвараа ядарсан хэдэн наймаачдаас л бүрдүүлдэг. Өөрсдийн хамсаатнуудаа хамгийн бага татвартайгаар л барааг нь оруулж ирдэг жишигтэй.
-Яаж?
-60, 70 тонн бараан дээр 5-6 сая төгрөгийн татвар авах жишээтэй. Хэрэв яг журмаараа бол ийм хэмжээтэй барааны татвар 25 саяас эхлэх ёстой. Өдөрт хилээр 400 машин ирж ирсэн гэж хил гаалийн дарга нар хэвлэлээр ярина лээ. Тэр жишгээр би чамд тайлбарлаж өгье. Тэдгээр 400 машины 100 нь ном журмаараа бүрдүүлэлтээ хийж байгаа. Тэгэхээс ч аргагүй. Том оврын техник хэрэгсэл, шинэ машинаас авлига авч чаддаггүй юм. Харин үлдсэн 300 машинд өргөн хэрэглээний бараа болон барилгын материалууд тээвэрлэгддэг. Дунджаар нэг машиныг нь 30 тонноор бодъё. Нийт 9000 тонн ачаа болно. Нэг тонн тутмаас 400 мянган төгрөгийн татвар хураамж авах ёстой гэдэг. Яг энэ журмаараа явбал өдөрт 3.6 тэрбум төгрөг улсад төвлөрөх нь. Улсын төсөв дороо бүрдэнэ. Гэвч ийм орлогыг дундаас нь хулгайлаад байгаа учраас орлогоо бүрдүүлж чадахгүйд хүрээ биз дээ.
Ерөөсөө Эрдэнэт, Таван толгойг саалийн үнээ гэдэг. Замын-Үүдийн гааль гэдэг чинь нууц саалийн үнээ гээд хэлчихэд болно. Энэ боомтоор ард иргэдийн ачаа тээвэр явж байгаа гэдэг нэрээр харанхуй орхичихсон. Гэтэл тэнд чинь жинхэнэ том хэмжээний мөнгө угаалт өрнөж байгаа шүү дээ. АНУ, Солонгос, Япон зэрэг бүх улс орноос ирж байгаа бараа бүтээгдэхүүн Замын-Үүдээр л дамждаг.
-Та олон жил хил дээр ажилласан гэлээ. Гааль дээр ийм нөхцөл байдал өмнө нь байсан уу?
-Өмнө нь байсан. Арай ч ийм байгаагүй. Би тухайн үед цөөн баримт хадгалж байсан. Өмнө нь Истана машинаар л иргэд бараагаа зөөдөг байлаа шүү дээ. Тэгэхэд хилээр бараа нь орж ирээгүй байхад өдрийн 15:00 гэхэд гаалийн бүрдүүлэлт хийгдээд дуусчихсан, ахлах байцаагч нь тамгаа дарчихсан байдаг. Бараа нь байхгүй. 16:00 цагт бараа нь орж ирэхэд шууд л штампаа даруулаад л гарчихдаг байсан. Уг нь ном журмаараа эхлээд хилийн шалганаар ороод штампаа даруулаад дараа нь хорио цээр дээр хянуулаад, татвараа төлөөд гааль дээрээс гарах ёстой байдаг. Тухайн үед би энэ ноцтой алдааг нь хэлж, дарга нарын дарамтад өртөж л явсан.
Харин ковид гараад том тэргээр ачаа орж ирдэг болсон. Ингэснээр авлига хээл хахууль гаарч, улсын төсвийн орлого бүрдүүлэлт хог дээр үсэрсэн. Ерөөсөө цагдаажсан удирдлага, хууль хүчний байгууллагын нөлөө шүү дээ. Шүгэл үлээгээд хэлэхээр хүчний байгууллагууд нь тоодоггүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс даяар авлигыг бууруулна, шүгэл үлээгээрэй гэж зарласан. Би шүгэл үлээе, надад баримт байна. Надад цаг гаргаад 10-хан минут уулзаад өгөөч, хүмүүсээ ажиллуулаад өгөөч гэхээр хэн ч тоодоггүй. Ийм бугшсан асуудлыг өргөн хэмжээний баг л шалгана. Цагдаа ганцаараа, тагнуул ганцаараа, гааль өөрийгөө шалгах боломжгүй.
Харин надтай ганц Б.Дэлгэрсайхан гишүүн л холбогдсон. “Наад асуудлыг чинь ойлголоо. Зохих байгууллагын хүмүүст дуулгаж өгье” гэсэн. Уг нь өвлийн хүйтэнд таавчигтай эх гарах төдийд хөдөлдөг Засгийн газар ийм ноцтой зүйл дээр анхаарлаа хандуулмаар юм.
-Замын-Үүд дээр олон мянган чингэлэг овоорсон. Вагон хүрэлцээгүй оруулж ирж чадахгүй байна гэсэн. Та энэ талаар дуулав уу?
-Юун вагон хүрэлцээгүй вэ. Өнөөдөр би төмөр замд 300 мянган төгрөг өгөөд л татуулчихаж болдог. Мөнгө өгөхгүй бол ингээд л овоороод л байна. Солонгосоос усан замаар 14 хоногт ирсэн ачаа Замын-Үүдээс сарын дараа Улаанбаатарт ирдэг хүнд суртал шүү дээ. Вагон хангалттай байгаа.
Б.ЭНХЗАЯА