Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх талаар зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр холбогдох албан тушаалтанд даалгалаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах, шүүхийн шийдвэр шуурхай биелүүлэхгүй байгаа байдлыг таслан зогсоох чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах болон хяналт тавих эрх бүхий этгээд нотлох баримт, үндэслэлгүйгээр иргэнийг хорьж, мөрдөж байгаа явдлыг зогсоох зорилгоор Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, ирэх сард багтаан тус тус танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт даалгалаа.
Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувь нь геологи, уул уурхай, газрын тосны салбарт, 11 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, 17 хувь нь бусад салбарыг эзэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд шинээр хөрөнгө оруулалт татахаас гадна нэгэнт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, үүссэн асуудлыг хуулийн дагуу шуурхай шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх нь чухал. Олон улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын 50 орчим хувийг дахин хөрөнгө оруулалтын орлого бүрдүүлдэг байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Манай улс газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонн нөөцтэй DNN.mn

Монгол Улс газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тоннын нөөцтэй. Нийт зургаан орд илрүүлснээс 4 нь том, 2 нь жижиг юм.

Энэ эрдсийн баялгаараа манайд улс дэлхийд эхний 15-д ордог бөгөөд эдгээр ордыг бүрэн ашиглаж, цаашид боловсруулалтад шилжүүлэх шаардлагатайг “Эрдэнэс Монгол” компани мэдээлэв. Үүнд:

-Улаандөлийн 124.78 тоннын орд,

-Халзанбүрэгтэйн 1.511.6 мянган тоннын орд,

-Мушгиа худагийн 365.1 мянган тоннын орд

-Хотгорын 1,213.7 мянган тоннын нөөцтэй орд

-Цагаан чулуутын 274.55 тоннын орд,

-Лугийн голын 14.5 мянган тоннын орд тус тус багтаж байна.

Тэр дундаа Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын болон аж ахуйн нэгжүүдийн төсвөөр газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгээд байна. Газрын ховор элементийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол Улсын эдийн засагт маш чухал нэмэртэй бөгөөд хүдрийн баяжмал гаргаж авах, элемент тус бүрээр нь салгахад өндөр үнэтэй, нарийн технологи шаардлагатай аж.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ DNN.mn

Улсын Онцгой комисс өнөөдөр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Цаг уур, орчны шинжлгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал нар нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.

Энэ жил улсын хэмжээнд нийт 69.1 сая, толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн. Аймгуудын мэдээллээр 17.2 сая толгой малыг хэрэгцээлэхээр төлөвлөсөн нь 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувьтай тэнцүү байна.

Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүй нөөц бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлсэн.

Тус тогтоолын хүрээнд аймаг сумын аюулгүй нөөцөд нийт 20.2 мянган тн өвс, 8.0 мянган тн тэжээл бэлтгэж, өвс, тэжээл бэлтгэсэн бол малчдын түвшинд 1.2 сая тн хадлан, 118.5 мянган тн ногоон тэжээл, 61.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 48.1 мянган тн гар тэжээл, 18.6 мянган тн дарш, 81.4 мянган тн давс, хужир бэлтгэсэн нь шаардагдах өвс, тэжээлийн 92.3 хувийг хангаад байна. Мөн газар тариалангаас 111.0 мянган га талбайд тэжээлийн ургамал тариалж 240.0 мянган тн ногоон тэжээл хурааж авсан бөгөөд гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэгдэх 300.0 гаруй мянган тн улаан буудайнаас 80.0 мянган тн хүчит тэжээл үйлдвэрлэгдэж, 70.0 мянган тн буудай тэжээлийн будаа руу шилжиж 2023-2024 оны мал аж ахуйн салбарт 390.0 мянган тн тэжээл нийлүүлэгдэж байгаа нь шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахаар байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.

 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн алба

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Энэ онд 70 мянган тонн мах экспортолжээ DNN.mn

Манай улс энэ онд 70 мянган тонн мах экспортолжээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

Энэ жил манай улс бүх төрлийн малын махыг квотгүй экпортолж байна. Экспортод гаргаж буй мах, махан бүтээгдэхүүний дийлэнхийг БНХАУ-д гаргаж буй юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний нээлттэй сонсголын эхний үе шат ирэх сарын 04-08-ны өдрүүдэд болно DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.11.27) хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хянан шалгах түр хорооны хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр, 11 цаг 32 минутад эхэлж “Хянан шалгах түр хорооны сонсголыг товлон зарлах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Төслийн талаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулав. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төсөлд тусгажээ. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болох бөгөөд “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийх юм байна. Хоёр дахь үе шатыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төсөлд тусгасан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, охин болон хараат компаниудын хөрөнгө оруулалт, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийхээр Хянан шалгах түр хорооны тогтоолын төсөлд тусгасан байна.

Төслийн талаарх Б.Энхбаяр даргын дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Төслийг батлахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжин, “Хянан шалгах түр хорооны сонсголыг товлон зарлах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоол батлагдав.

Энэ өдрийн хуралдаанаар “Сонсголд гэрчээр дуудах тухай”, “Нотлох баримтыг шинжлэн судлах дараалал тогтоох тухай”, ““Нотлох баримтыг гаргуулах тухай” 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр нь Хянан шалгах түр хорооны дотоод асуудал учраас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Нээлттэй, хаалттай хуралдаан” гэсэн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Чуулганы хуралдааны нийтлэг журам” гэсэн 22 дугаар зүйлийн 22.2-т тус тус заасныг үндэслэн хуралдааныг хаалттай үргэлжлүүлэх горимын саналыг Б.Энхбаяр гаргав. Энэхүү горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул  Хянан шалгах түр хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт өнгөрсөн оноос 23 хувиар өсчээ DNN.mn

Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар “УБТЗ” ХНН-ээс тодрууллаа.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагын хүрээнд нефтийн бүтээгдэхүүн, дулааны цахилгааны станцуудын нүүрс зэрэг улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй тээврийг тасралтгүй шуурхай зохион байгуулахад онцгой анхааран ажилладаг.

Энэ хүрээнд ОХУ болон БНХАУ-аас импортоор орж ирж буй нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь хил гаалийн бүрдүүлэлт, ачаа тээврийн болон техникийн үзлэгийг технологит хугацаанаас богино хугацаанд гүйцэтгэж, хүрэх өртөөдөд нь шуурхай тээвэрлэн хүргэж байна.

2023 оны 11 дүгээр сарын 1-нээс 24-ний өдрийг дуусталх хугацаанд ОХУ болон БНХАУ-аас нийт 2390 цистерн вагон нефтийн бүтээгдэхүүн импортоор хүлээн авч, саатал тасалдалгүй 24 цагийн турш тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 551 вагоноор буюу 23 хувиар өсжээ. Тодруулбал, 2023 оны 11 дүгээр сард ОХУ-аас нийт 2226 цистерн вагон нефтийн бүтээгдэхүүн хүлээн авч тээвэрлэснээс АИ 92 бензин 708 вагон, АИ 95 бензин 30 вагон, дизелийн түлш 1280 вагон, ТС-1 онгоцны түлш 82 вагон, газ 39 вагон, керосин, бутан зэрэг бусад 87 вагоныг  хүлээн авч тээвэрлэв.

Мөн хугацаанд БНХАУ-аас нийт 164 цистерн вагон нефтийн бүтээгдэхүүн импортоор хүлээн авч тээвэрлэснээс бензин 29 вагон, дизелийн түлш 79 вагон, онгоцны түлш 56 вагон тус тус байна.

Тэрчлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс ОХУ-аас импортоор орж ирэх нефтийн бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэн Монгол Улсад оруулж ирэх асуудлаар “Оросын төмөр замууд” НХН-д албан бичиг хүсэлтээ хүргүүлж, байнгын холбоотой ажиллаж байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь нийгмийн хариуцлагын хүрээнд цаашид ч улс орны нийгэм, эдийн засагт онцгой үүрэгтэй нефтийн бүтээгдэхүүний тээврийг тасралтгүй, шуурхай, найдвартай тээвэрлэхэд онцгой анхааран ажиллах болно” гэж “УБТЗ” ХНН-ээс хариуллаа.

Categories
мэдээ эдийн-засаг

ЗТХЯ: Тээвэрлэж буй 8.2 сая тонн экспортын ачааг 80 сая тоннд хүргэнэ DNN.mn

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Тээврийн долоо хоног” арга хэмжээнд төмөр замын салбарт төрөөс баримталж буй бодлогын талаар танилцуулсан илтгэлээс онцолж байна.

Монгол Улсын төмөр замын салбарт баримталж буй бодлого, стратегийг бүрэн хэрэгжүүлснээр төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж 4 дахин өргөжинө.

Замын-Үүд-Алтанбулаг гэсэн эдийн засгийн ганцхан коридортой байсан бол Эрээнцав-Бичигтийн зүүн коридор, Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун коридоруудтай болж, нийт эдийн засгийн 3 коридортой болно.

Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав гэсэн төмөр замын 3 боомттой байгаа бол Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги боомтууд төмөр замаар холбогдож нийт 7 төмөр замын боомттой болно.

Энэхүү төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал 180 сая тонн буюу 5 дахин өснө.

Өнөөгийн байдлаар тээвэрлэж буй 3.4 сая тонн транзит ачааг 40 сая тоннд, тээвэрлэж буй 8,2 сая тонн экспортын ачааг 80 сая тонн-д хүргэнэ.

Мөн БНХАУ-ын зөвхөн Тяньжин боомтоор бус Хуанхуа, Цинхуандао, Жинжоу, Инкоу, Далянь, Дандун, Ляньюунганг зэрэг далайн боомтуудаар, ОХУ-ын Алс дорнодын Ванино, Восточный, Находка, Владивосток, Посьет, Зарубино зэрэг далайн боомтуудтай холбогдох боломж бүрдэх төдийгүй цаашлаад Энэтхэгийн далайн Карачи, Бандар Аббас далайн боомт, Турк улсын Истанбул боомтоор дамжин Европын улсуудын боомтод хүрэх боломжтой бүрдэх юм.

Үүний үр дүнд манай улсын нийт 13 аймаг төмөр замын дэд бүтцэд холбогдож, нийт 4680 км урт үндэсний төмөр замын сүлжээтэй болж, ашигт малтмалын 230 орчим орд газар эдийн засгийн эргэлтэд орох, төмөр замаар нийт 180 сая.тн хүртэлх ачаа тээвэрлэх, шинээр 13 мянган байнгын ажлын байр, 20-30 мянган түр ажлын байр бий болох, дэд бүтэц дагасан томоохон суурьшлын бүсүүд бий болж хөгжих олон талын ач холбогдолтой.

Тэгвэл бүс нутгийн хувьд Монгол Улсын баруун зүүн төмөр замын шинэ коридор бий болсноор жилд тус бүр нь 25-30 сая тонн ачаа тээвэрлэх бөгөөд үүний 10-15 сая тонн нь транзит ачаа тээвэр байх боломжтой гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

Шөнийн тарифын хөнгөлөлтөд 33 тэрбум төгрөг зарцуулна DNN.mn

Жил бүрийн 11 сарын 01-ний өдрөөс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгждэг.

Энэ оны шөнийн тарифын хөнгөлөлтөд 33 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгаж, Эрчим хүчний сайдын багцад суулгасан байна. Ирэх оны 04-р сар хүртэл үргэлжлэх уг хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 117 мянган айл өрх, орон нутгийн 72 мянган айл өрх хамрагдах тооцоолол гарчээ.

Шөнийн тарифын хөнгөлөлт 21:00-06:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд үйлчилдэг бөгөөд баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний үлдэгдэл төлбөргүй айл өрхүүд хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм.

Categories
эдийн-засаг

Нүүрсний экспортын хэмжээ 60 сая тоннд хүрчээ DNN.mn

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд 50 сая тонн нүүрс экспортлохоор тооцож байсан. Улмаар он дуусахаас 40 хоногийн өмнө нүүрсний экспортын хэмжээ нийт 60 сая тоннд хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 10 сая тонноор давсан үзүүлэлттэй байна.

Монгол Улс 2019 онд 36.7 сая тонн нүүрс экспортолж байсан нь түүхэн дээд үзүүлэлт байсан бол энэ жил анх удаа 60 сая тоннд хүрч түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ипотекийн 552.4 тэрбум төгрөгийн зээлийг 5266 зээлдэгчид олгожээ DNN.mn

Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд банкууд, Монголбанк болон өөрийн эх үүсвэрээр 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 552.4 тэрбум төгрөгийн зээлийг 5266 зээлдэгчид олгожээ. Үүнээс

  • Улаанбаатарт 398.7 тэрбум төгрөгийн зээлийг, 3332 өрхөд,
  • Орон нутагт 153.7 тэрбум төгрөгийн зээлийг 1934 өрхөд олгоод байна.

2022 оны мөн үед хөтөлбөрийн хүрээнд 532.4 тэрбум төгрөгийн зээлийг 5895 өрхөд олгосон бөгөөд үүнээс Улаанбаатарт 436.4 тэрбум төгрөгийн зээлийг 4422 өрхөд, орон нутагт 96.0 тэрбум төгрөгийн зээлийг 1473 өрхөд олгожээ.

Ипотекийн зээл олголт Улаанбаатарт 37.7 тэрбум төгрөгөөр буурч, орон нутагт олгосон зээл 57.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Орон нутгийн ипотекийн 3 хувийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийн хүрээнд 2023 оны эхнээс 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 32.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Урьдчилгаа төлбөрийн батлан даалтын сангийн хүрээнд нийт 7.9 тэрбум төгрөгийн, 97 өрхийн зээл олгож, 1.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна.