Categories
мэдээ эдийн-засаг

Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд 7.4 хувиар өсчээ

Үндэсний статистикийн
хорооноос энэ оны нэгдүгээр улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн
хэмжээг тооцон гаргажээ. Ингэхдээ эдийн засгийн бодит өсөлтийг харуулахын тулд
суурь үнийг ашигладаг бөгөөд энэ үнийг таван жил тутамд шинэчилдэг билээ.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2005 оны зэрэгцүүлэх үнээр 1148.1
тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувиар өслөө. Үүнд хөдөө аж
ахуйн салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 18.4 хувь, аж үйлдвэр, барилгын
салбарынх 15.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.  Дотоодын нийт бүтээгдэхүүн оны үнээр энэ оны
нэгдүгээр улирлын урьдчилсан гүйцэтгэл 3439.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх
үеийнхээс 18.3 хувиар өслөө. Энэ нь өмнөх улирлынхаас 2.2 хувиар өссөн дүн аж. 

Нэгдүгээр улиралд дотооддоо үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүн, үйлчилгээ нэгдүгээр улиралд 3753.6 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь
өмнөх оны мөн үеийнхээс оны үнээр 738.2 тэрбум төгрөг буюу 24.5 хувь,
зэрэгцүүлэх үнээр 79.7 тэрбум төгрөг буюу 7.4 хувиар өслөө.
ДНБ-д эцсийн хэрэглээ  72.6 хувь, хөрөнгийн
нийт хуримтлал 35.2 хувь, цэвэр экспорт -7.8 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх
оны мөн үеийнхээс эцсийн хэрэглээ 6.5 пункт, хөрөнгийн нийт хуримтлал 12
пунктээр  тус тус буурсан хэдий ч цэвэр экспорт 18.5 пунктээр өссөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банкийг Монголд төлөөлөхөөр 30 хүн өрсөлджээ

Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч энэ сард тодорно хэмээн ноён Клаус Роланд мэдэгдлээ.

Дэлхийн банк хамтын ажиллагаатай улс бүртээ Суурин төлөөлөгч, Төлөөлөгчийн газраа ажиллуулдаг. Манай оронд өнгөрсөн дөрвөн жил ажилласан хатагтай Корали Геверсын томилолтын хугацаа дуусч, энэ гуравдугаар сард буцсан билээ. Харин дараагийн хүн хэн байх талаар тус банкны Монгол, БНСУ, БНХАУ-ыг хариуцсан дарга ноён Клаус Роланд Ноён “Дэлхийн банкны Суурин төлөөлөгч шалгаруулах явц хэвийн үргэлжилж байгаа. Нийт 30 хүн өрсөлдсөн” гэв.

Суурин төлөөлөгчөөр ажиллах хүсэлт томилогдох улсаас шууд хамаардаг бөгөөд ийм тооны хүмүүс өрсөлдсөн тохиолдол Дэлхийн банкинд ховор байдаг гэнэ. Ямартай ч тэдгээр 30 хүнээс эхний шалгаруулалтаар найм нь үлдэж, сүүлийн шатны ярилцлагад 3 хүн оролцохоор болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдийг шалгаруулна

Нийслэлийн Засаг даргын
Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Татвар төлөгчдийн
өдрүүдийг зохион байгуулах тухай” А/342 дугаар захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд татвар төлөгчдийн өдрүүдийг энэ сарын
5-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Энэ үеэр нийслэл дүүргүүдийн
бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан тэргүүний татвар төлөгч, аж
ахуйн нэгж байгууллага, иргэдийг шалгаруулж, сурталчилах юм. Нийслэлийн Засаг
даргын үүргийн дагуу тус өдөрлөгийг зохион байгуулах үйл ажиллагааны болон
тэргүүний татвар төлөгчдийг урамшуулах, сурталчилгааны ажилд шаардагдах зардал
болох 12 523 000 төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргах юм байна.