Categories
мэдээ эдийн-засаг

Орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 15.9 хувиар нэмэгджээ

Монголбанк, Тэнхлэг зууч, Актив зууч болон Монголиан Пропертиз компаниуд хамтран өнгөрөгч зургадугаар сарын орон сууцны үнийн индексийн судалгааг танилцуулсан юм. Судалгаагаар орон сууцны үнэ тавдугаар сартай харьцуулахад 2.9 хувиар буурсан бол өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 15.9 хувиар өссөн дүнтэй байна.

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач З.Хатанбаатар “Орон сууцны үнийн индекс гэдэг бол орон сууцны үнийн арифметик дундаж гэж андуурах хүмүүс их бий. Байршил, ашиглалтад орсон хугацаа, талбай, гадаад орчны тохижилт, давхар, машины зогсоолтой эсэхээс хамааран худалдах, худалдан авах үнээ тохирдог. Энэ мэт хуучин орон сууцны үнэд нөлөөлөгч 28, шинэ бол  32 хүчин зүйлсийн өртгийг оруулахгүйгээр үнийн өсөлтийг тооцдог юм. Чухам ингэснээр орон сууцны үнийн цэвэр өсөлт гарч ирдэг учраас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гажуудал болох үнийн хөөсрөл буюу үндэслэлгүй үнийн өсөлтөөс сэргийлэх давуу талтай. Нөгөө талаар орон сууцны үнийн индексийг эдийн засгийн өсөлтийн нэг үзүүлэлт гэж үздэг. Эдийн засаг хурдацтай өсч байвал орон сууцны үнэ нэмэгдэх хандлагатай байдаг бол орон сууцны үнэ буурсан тохиолдолд санхүүгийн орчин сайнгүй байгаагийн нотолгоо болдог. Орон сууцны үнийн индекст бодлого боловсруулагч, бизнес эрхлэгч нар ихээхэн ач холбогдол өгөх болсон. Индексийг тооцохдоо үнийн өсөлт, бууралтыг хувиар илэрхийлэхээс бус тоогоор дүгнэдэггүй. Өөрөөр хэлбэл тэдэн саяас төд болж өссөн эсвэл буурсан нь хувиар илэрхийлбэл ийм болж байна гэж тооцдоггүйд гол онцлог нь байгаа хэрэг” гэсэн юм.

Үндэсний Статистикийн хороо 2009 оноос орон сууцны үнийн индексийг улирал тутам тооцсоор ирсэн ч өнөө цагт сар бүр, улам нарийвчлалтайгаар индексийг гаргах шаардлага зүй ёсоор тулгарсан учраас ингэж сар бүр гаргах болжээ. Монголбанк, Тэнхлэг зууч компанийн байгуулсан гэрээ ёсоор энэ оныг дуустал сар бүр ийн орон сууцны үнийн индексийг тооцох юм байна.

М.УУГАН

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В2 болгон бууруулжээ

Олон улсын үнэлгээний Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл В1 байсныг бууруулж, В2 болгосон байна. Ийнхүү зээлжих зэрэглэл нэг пунктээр доошилсон ч хөрөнгө оруулахад эрсдэл багатай гэсэн ангилалд хэвээр үлджээ. Монгол Улсын үнэлгээг бууруулсан шалтгаанаа тус агентлаг гадаад валютын албан нөөц буурсан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларч байгаатай холбон тайлбарласан байна. Мөн төсөв болон мөнгөний бодлого эрэлтийг дэмжсэн байдалтай байгаа нь төлбөрийн тэнцэл, банкны системийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж үзжээ. Хэдийгээр Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан боловч “ING” банкны Азийн бүсийн судалгааны тэргүүн 10 жилийн хугацаатай бондын ханшийн талаар эерэг мэдэгдэл хийсэн байна. Тэрээр гадаад валютын нөөц буурч, 10 жилийн хугацаатай бондын үнэ 84.5 ам.долларын түвшинд хүрсэн нь худалдан авахад таатай ханш гэж үзжээ. Энэ дүгнэлтэд Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, Хятадын эдийн засгийн ерөнхий төлөв сайжирч байгаа зэрэг үзүүлэлт гол нөлөө үзүүлсэн гэж тус банкнаас мэдээлсэн байна. 

Categories
мэдээ эдийн-засаг

Олон хүүхэдтэй эхчүүдийн ажилласан жилийг нөхөн тооцно

Нийгмийн даатгалын сангаас иргэдийн ажилласан жилийг нөхөж тооцох ажил үргэлжилж байгаа юм. Тэгвэл энэ ажлын хүрээнд 1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд  ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжтой болсныг УИХ-ын эмэгтэй гишүүд онцлон хэллээ. Одоогоор 38-42 насандаа тэтгэвэрт гарсан 30 гаруй мянган эх байгаа бөгөөд тэд доод тэтгэвэрийг авч байга аж. Тиймээс энэ асуудлыг ХАНХЯ-нд хүсэлт гаргаж, шүүхэд нэхэмжлэл гарган шийдүүлж одоогоор 30 гаруй мянган эхчүүд ажилласан жилээ нөхөх боломжтой болжээ.  

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкны валютын нөөц буурчээ

Монголбанк дахь гадаад валютын улсын албан нөөц он гарсаар эхний таван сарын байдлаар 28.6 хувиар буурсан байна.

Нийт албан нөөц 1604.5 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Монголбанк гадаад валютын улсын албан нөөцийг өмнө нь гурван сарын хоцрогдолтойгоор нийтэд мэдээлдэг байсан бол долоодугаар сарын 1-нээс эхлэн нэг сарын хоцрогдолтойгоор нийтэд мэдээлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын мэдээлэл долоодугаар сарын сүүлчээр гарч байхаар болж байна. Гадаад валютын нөөц буурч байгаа нь валютын ханш чангарах нэг шалтгаан болж буй билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Оюутолгойн алт зэсийн баяжмалын агууламж өсчээ

 “Туркиз Хилл Ресурс” компани Оюутолгойн баяжмал дахь алт, зэсийн агууламжийг нэмэгдүүлсэн тухайгаа санхүүгийн тайландаа тусгасан байна. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар олборлосон нийт баяжмалын агууламжид 113 мянган унци алт, 36.2 мянган тонн зэс багтсан нь нэгдүгээр улиралтай харьцуулахад алтны хэмжээ 47 мянган унциар, зэсийн хэмжээ 10.9 мянган тонноор өссөн үзүүлэлттэй байна. Мөн хоёрдугаар улирлалын дүнгээр зэсийн борлуулалт дөрөв дахин, харин алтны борлуулалт 4.5 дахин өссөн дүнтэй гарсан байна. Оюутолгой компани хоёрдугаар улиралын дэлгэрэнгүй тайлангаа 08-р сарын 12-нд танилцуулахаар төлөвлөсөн байна. Энэ онд тус компани 135-160 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт бүхий баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 1838 төгрөгт хүрэв

Монголбанкны зарласнаар ам.долларын ханш 1838 төгрөгт хүрсэн байна. Ийнхүү эрчимтэй өсч буйг эдийн засагчид Монголын эдийн засагт “ноёлоод” буй хүндрэл валютын ханшийн савалгаанаас болсныг өгүүлж байна. Энэ оны эхний таван сарын гүйцэтгэлээр экспортын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс өсчээ. Өнгөрсөн онд 1.6 тэрбум ам.долларын экспорт хийж байсан бол энэ жил 1.9 болж 300 саяар өссөн үзүүлэлттэй байна. Энэ жилийн төсөвт ам.долларыг 1384 төгрөгөөр тооцсон нь маш том эрсдэлд хүргэсэн, ирэх оны төсвийн төсөөлөлд ам.долларыг 1600 төгрөгөөр тооцохоор болсныг шүүмжлэх хүн олон байна.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Ц.Элбэгдорж:Зол хийморь тань босоо сайхан наадаарай

-Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна-

Өргөн олон наадамчид аа,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо

Хүндэт зочид гийчид ээ,

Өнгөрснөөс өвлөж ирсэн, өнөөдрөөр дэвжин цэцэглэх, өрнөх ирээдүйд мандан босох гурван цагийн алтан аргамж, монгол наадмын хоймор, эх орныхоо голомт, улсын нийслэл Улаанбаатараас нийт иргэд, наадамчин олондоо Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Цэлмэг хөх тэнгэр, ноён оргил уулс, өргөн тал хөндий, хангай говь, мөрөн голууд хосолсон Монголын сайхан эх оронд маань өвсний шим жигдэрч, өнгөтэй сайхан дэлгэр цаг тохиож байна.

Газар газрын Монгол наадам хийморь бахархал дүүрэн эхэлж байна.

Үндэсний их баяр наадам бол Монгол түмний халуун түүх, гэгээн хүсэл, хамтын хүчийг илтгэсэн язгуур эрдэнэ билээ. Дэлхийд төрийн дэг, хуулийн засаглал, ёс журам тогтоож явсан өвөг дээдсийн маань харвасан сумны эрч хариагүй, унасан хүлгийнх нь шандас аргамаг, зоригт баатруудынх нь сүр хүч хэвээр байгааг энэ цагийн Монгол наадам уламжлан харуулдаг аа.

Монгол хүн байгаа газар бүрт Монгол наадмын өнгө гийж, уламжлал соёлоо дээдэлж, урагшлах золбоог илтгэсэн сайны билэгт яриа өрнөж байна.  Энэ мөчид эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист суугаа ард түмэндээ, мөн хилийн чанадад олон хэлийн оронд наадамлаж буй иргэддээ бүгдэд нь ажил хөдөлмөрийн амжилт, бүтээл туурвилын эрчим, сайн сайхны ерөөлийг өргөе.

Монгол төрийн их шүтээн, есөн хөлт цагаан тугийнхаа өмнө эрхий мэргэн харваачдын маань цэц мэргэн, аргамаг шандаст хүлгийн сойлго төгс, хүчит бөхүүдийн бяр даацтай, мэх уран, шагайн харвааны оноч дүүрэн байхыг ерөөе. Саяхан ард түмэндээ уламжилсан нэгэн уриалгыг энд давтан хэлье.

Морьтон Монголчуудаа морио унацгаая. Хурдыг эзэмшиж, адууны соёлын амьд дархлааг тээсээр яваа Монгол хүн бүр морьтон уламжлал соёлоороо бахархцгаая, гайхуулцгаая. Морио уная. Морио эдлэе. Морьтойгоо малаа хариулая. Морьтойгоо наадамлая. Морио уная Монголчуудаа. Морь бол Монгол түмэнд заяасан дээд хувь тавилан юм.

Мянга мянганыг улираан, хүн төрөлхтний түүхэнд онцгойрон мандсан Монгол түмний бахархал-Монгол наадам ийнхүү эхэлж байгааг даяар олноо дуурсган зарлая аа.

Зол хийморь тань босоо сайхан наадаарай.

Categories
мэдээ эдийн-засаг

“Хөрөнгө оруулалтын сан” байгуулна

Монгол Улсын Их Хурал Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 оны 10 дугаар сард баталсан бөгөөд цаашид хэрэгжилтийг хангаж ажиллах нь санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин, макро эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Мөн Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс эдийн засгийн үр ашигтай хөгжлийн санхүүжилт хийх “Хөрөнгө оруулалтын сан” үүсгэн байгуулах тухай зөвлөмж болгосон тул Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажлыг эхлүүлэхэд эхний ээлжинд Засгийн газар тус санд Хөгжлийн банкаар дамжуулан хөрөнгө оруулах урьдчилсан шийдвэр гаргах шаардлагатай гэж үзжээ.

Энэ шийдвэрийн үндсэн дээр анхдагч хөрөнгө оруулагчаар оролцуулж болох олон улсын хөгжлийн банкуудтай яриа хэлэлцээг эхлүүлэх юм. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын санд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээтэй адил дүнг бусад хөрөнгө оруулагч нар оруулах бөгөөд санг үүсгэн байгуулах үйл явц 3 сар орчим үргэлжилнэ гэж тооцоолж байна.

Хөрөнгө оруулалтын санг байгуулснаар Засгийн газраас оруулсан хөрөнгийн дүнг хөшүүрэг болгон ашиглаж бусад хөрөнгө оруулагч, хөгжлийн банкнаас хамгийн багадаа 5 дахин их хэмжээтэй тэнцэхүйц хөрөнгийг босгох боломжтой. Мөн хөрөнгийг зээлээр бус хөрөнгө оруулалт хэлбэрээр татах учраас өрийн таазны хувьд дарамт учрахгүй, ам.долларын дотогш чиглэсэн урсгал орж ирэх учраас төгрөгийн ханш чангарна, бүтээн байгуулалтын төслүүд санхүүжилтийн эх үүсвэртэй болно, санхүүгийн зах зээлийн зөв, тэнцвэртэй бүтэц бүрэлдэх боломж нээгдэнэ зэрэг олон эерэг үр дүн гарна.

Засгийн газрын өчигдрийн /VII.02/ хуралдаанаар “Хөрөнгө оруулалтын сан” үүсгэн байгуулах тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Үүнтэй холбогдуулан Олон улсын санхүүгийн байгууллагатай хэлэлцээр хийж хөрөнгө оруулалтын сангийн эхний үе шатыг хэрэгжүүлэх зорилгоор 100 сая ам.долларын хэмжээтэй санхүүгийн амлалт гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Эхний үе шатны ажлын хэрэгжилтийн үр дүнд олон улсын санхүүгийн байгууллагын санхүүгийн амлалтын хэмжээ 200 сая ам.долларын хэмжээнд хүрсэн тохиолдолд Засгийн газарт танилцуулж, санхүүгийн амлалтыг хэрэгжүүлэх эх үүсвэрийг батлуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулна

Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги боловсруулах” ажлын хэсэг байгуулах тухай А/547 захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги боловсруулах удирдах болон салбар хороодын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байна.  Ажлын хэсгийн чиг үүргийг уялдуулан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар, хороодын хурлыг зохион байгуулах, стратеги боловсруулах байнгын ажиллагааг хангаж ажиллахыг Ажлын хэсгийн ахлагч нарт үүрэг болголоо.  Улаанбаатар хотын эдийн засгийн стратегийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны дотор боловсруулж дуусган, 2015 оны төсөвт шаардлагатай зардлыг тусгуулахыг нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар, Ажлын хэсгийн ахлагч нарт үүрэгдсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс – ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт эхэллээ

Энэ сарын 2, 3-ны өдрүүдэд МҮХАҮТ дээр “Монгол Улс – ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2014” болно. Уг арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-аас Эрчим хүч, Зам тээвэр, Барилга, Уул уурхай, Хүнс, хөдөө аж ахуй, Харилцаа холбоо, Худалдаа, Банк санхүү, Байгаль орчины салбарын нийт 200 орчим хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөлөгчидийн өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн бөгөөд Монголын талаас 160 гаран компани аж ахуйн нэгжийн 200 гаран хөрөнгө оруулагчид оролцож байна.